“Өдрийн сонин”-ы www.admin.dnn.mn вэб сайтын “Шинэ долоо хоногийн зочин” булан ээлжит дугаараа хүргэж байна. Бид энэ удаа Холбооны бүгд найрамдах Герман улсын Бавари мужийн иргэдийн төлөөлөгч, CSU (Christian Social Union) намын гишүүн Н.Солонготой холбогдон ярилцлаа.
-Монгол бүсгүй Германы Бундестагийн ордонд ажилладаг гэдгийг дуулаад холбогдож байна. Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би Дархан хотынх, тэнд төрж өссөн. Миний Герман улстай холбогдсон түүх нэлээд эртнээс эхэлсэн л дээ. Дарханы герман хэлний төрөлжсөн 19 дүгээр сургуульд сурч байсан юм. Герман хэлийг сурахад бас тийм амаргүй, гэхдээ эх орондоо байхдаа төгс эзэмшсэн гэж өөрийгөө жаахан тоодог. Тухайн үед улсын олимпиадад түрүүлж, сурагчийн солилцоогоор аравдугаар ангидаа энд ирж байсан, түүний өмнө 11 настай байхдаа анх ирж үзсэн юм. Герман айлд амьдарч, герман хүүхдүүдтэй цуг сургуульд явж гурван сар болсон. Тэгээд дунд сургууль, их сургуулиа Монголдоо төгсөөд, Сонгуулийн ерөнхий хороо гэх мэт олон газар ёстой янз янзын ажил хийсэн дээ. Бас Өмнөд Солонгост ч хэдэн жил ажиллаж, амьдарсан. Тэнд арьс ширний үйлдвэрт технологичоор ажиллаж, хажуугаар нь Солонгос дахь Германы Элчин сайдын яамны хүмүүст тусалдаг байв. Харин дараа нь Германд ирэхээр нэг мөр шийдсэн юм. Энд суурьшаад найман жил болж байна. Одоо Бавари мужийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байна, намын гишүүн болсон.
-Яагаад өөр оронд улс төрийн ажил эрхлэхээр шийдэв?
-Энд Монголын улс төрийн системээс өөр. Анх намайг хүмүүс шоолох маягтай хандсан. Энэ ази охин гэж хараад л… Насаараа улс төрөөр явчихсан зарим хүмүүст маш сонин санагдаж байсан байх. Би тэрэнд нь жаахан сүрдээд, чадах болов уу гэж бодсон. Гэхдээ монгол хүн байна даа, хичээгээд зүтгэе гэж шийдсэн. Ер нь эндхийн улс төрд орно гэдэг нь цалин мөнгө олно, улс төрийн ашиг хонжоо харна гэсэн үг огт биш. Бүх зүйл асар өндөр хяналт дор байдаг, шударга үнэнийг эрхэмлэдэг газар.
Би анх ирээд эндхийн гадаад хүмүүс, бас дүрвэгчдэд герман хэл заадаг байсан юм. Хажуугаар нь анагаахын чиглэлээр сурч үзсэн, тэрийгээ орхиод нэгэн шүдний эмнэлэгт хэсэг ажиллаж байв. Их л олон ажилд өөрийгөө сорьж үзсэн дээ. Тэгж явахдаа “Монгол орон” гэсэн цуврал илтгэлийг Бавари мужид зөвхөн германчуудад тавьж эхэлсэн юм. Сүүл рүүгээ илтгэлийг маань сонсдог, сонирхдог хүмүүс аяндаа нэмэгдсэн. Эндхийн монголчууд маань ч ирдэг болсон. Биднийг тал нутагтаа тэмээгээ унаад л, махаа зулгааж иддэг гэх шахуу төсөөлж байсан хүмүүст шинэ ойлголтыг өгөхөөр шийдсэн юм. Тэр илтгэл тавьж явсан ажлууд маань хөгжиж өргөжсөөр нөлөөлсөн байх. Эхлээд хотын даргын сонгуулийн сурталчилгаанд явсан. Тэгж явахдаа намынхныхаа анхааралд хүрсэн байх. Тэгээд л намаас надад санал тавьсан юм. Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Бундестагт гишүүний туслахаар ажиллаж байна.
-Бундестагийн гишүүний туслахад их өндөр хариуцлага оногддог байх?
-Анх яг л вакуум орчинд орчихсон юм шиг санагдсан. Өглөө зургаагаас эхлээд үдэш хүртэл тоймгүй ажилтай явна. Цай кофе уух завдал тохиохгүй үе гарна. Ажлын хэсгийн багууд салбар бүрээрээ уулзалдаж хуралдана гээд л. Би гурван гишүүнтэй хамааралтай ажилладаг, Бавариас Берлин рүү ирж очин байдаг юм.
-Бундестагийн ордны онцлог нь юу вэ?
-Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь Бундестагийн байр байсан. Архитектурын өвөрмөц хийцтэй шилэн байр бий. Шилэн барилгыг тойроод манай нэг дүүргийн хэмжээний газар байдаг. Тэр олон гишүүдийн туслахууд, ажилтнууд тэндээ ажиллана, сургууль цэцэрлэг гээд бүх үйлчилгээтэй. Бундестагт бие биедээ маш хүндэтгэлтэй хандана. Иргэд нь хүсвэл Бундестагийн ордонд ороод гишүүдийн юу хийж байгааг хянах, харах боломжтой. Шилэн барилгын дээрээс доод давхарт буй Бундестагийн гишүүд хэрхэн ажиллаж байгааг хараад л байж байдаг юм. Энд Бундестагийн номын санд Монголтой холбоотой 201 бүтээл байдаг юм билээ.
-Гаднын улстөрчидтэй ажиллахад ямар шаардлагыг илүү тавьдаг вэ?
-Энд нэг л зүйл чухал байдаг. Худлаа ярихгүй байх. Худлаа яривал үнэхээр хол явахгүй, богино хөлтэй, дороо баригддаг. Үнэнч шударга, ажилдаа чин хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй байдаг.
-Германд эрүүл мэндийн салбарынхан их өндөр цалинтай байдгийг дуулсан. Шүдний эмнэлэгт яагаад үлдээгүй юм бэ?
-Надад нэг тийм утгагүй санагдсан юм. Яагаад гэхээр өдөр тутмын ажлаа хийгээд цалингаа аваад явах нь мэдээж сайхан. Тэгээд яваад байвал яваад л байхаар. Гэтэл зөвхөн өөрөө л болж бүтлээ гээд тэрэндээ сэтгэл ханамгүй санагдсан юм. Хүүхдүүдэд юмуу, хэн нэгэнд туслаад явах нь илүү сайхан байсан. Тэдний нүдний гал гэрэлтэж байхыг харах сайхан шүү дээ. Түүнээс уг нь тэр эмнэлэг гаднын орноос хүмүүс ирж үйлчлүүлдэг том эмнэлэг байсан. Гэнэт л би тэгээд тэр ажлаа орхичихсон. Хүн чинь өөрийгөө олох, би л хийхгүй бол надаас өөр хэн хийх билээ гэж бодох тийм юм байдаг. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд гарсан.
Бундестагийн гишүүн Gerda Hasselfeldt-тай хамт
-Залуу хүн ажил шилэлгүй хийж, өөрийгөө юм юманд сориод үзчих нь эргээд давуу тал болдог байх. Монгол хүний манлайлах чадвар нэг л илүү байдаг гэцгээдэг?
-Хүн итгэхгүй байх вий дээ, 11 настайдаа сургуулийнхаа хичээлээс хоцрогдолтой хүүхдүүдэд хичээл зааж, цалин авдаг, түүгээрээ дэвтэр номоо авчихдаг сурагч байлаа. Мөн Дарханы 26 дугаар баазад урлагийн хамтлагтай, цалинтай. Ах эгч нарыг дагаад хөдөө аймгуудаар явж тоглолт хийдэг байсан. Тэр үеийн нэг зургийг маань Польшийн сэтгүүлч авсан байдаг юм. “Уран сайханч” гэсэн зураг бий. Миний хүүхэд нас, оюутан үе бүгд ямар ч завгүй өнгөрсөн. Хар багаасаа тэгж хөдөлмөрөө үнэлүүлж сурсан гэх юм уу даа. Солонго гэдэг хувь хүний тал дээр өөрийгөө бүх талаар сорьж үзсэн. Тэгэхдээ Солонгоо биш монгол хүн гэж дуудуулж чадаж байгаадаа үргэлж бахархдаг. Монгол хүний нэг онцлог байдаг. Хаана ч явсан амархан дасан зохицдог. Ази, Европын олон орны залуус энд ажиллаж байна. Би тэднээс юугаар илүү, юугаар дутуу байна гэж өөрийгөө харахыг хүсдэг. Бусад улсын залуустай нэг түвшинд өрсөлдөх нөөцтэй байхыг хүсдэг. Өөрийгөө бас зөв хор шартай гэж боддог ш дээ.
-Зөв хор шар юманд хүргэдэг тал бий. Манайхан ер нь юугаар хоцорсон байна вэ. Сүүлийн үед залуус бас мундаг болоод л байгаа?
-Монгол хүнтэй хамтарч ажиллахад айдаггүй байх тэр итгэлийг бий болгочиход л болно. За гэчихээд маргааш болъё гэдэг нь ялангуяа герман хүмүүсийг их залхаасан байдаг. Сүүлийн үед бидний үеийн залуус амжилт их дуулгах болсон. Бавари мужид гэхэд монголчууд их мундаг явдаг ш дээ, мундаг эмч нар байна, мундаг хуульчид байна.
“Шпигель” сэтгүүлийн редактор Петр Вэнсиэрскийтэй хамт
-Та Баварийнханд бол хуучин хүн юм билээ. Ярилцлага хийхийн өмнө таны тухай мэдээлэл нэлээдийг харлаа?
-Намайг монгол хүн гэдэг тодотгол л үргэлж дагаж байдаг. Энд уран зохиол, шүлэг яруу найраг сонирхдог хүмүүсийн үдэшлэгт Австрийн нэг яруу найрагч хүн намайг урьсан юм. Гэтэл би зүгээр л нэг сайхан шүлэг, яруу найрагт дуртай төдий болохоос бичдэг барьдаг хүн биш. Тэгээд “Эрдэнэзуу” хийдийн лам Х.Баасансүрэнгийн “Зүгээр л чамайгаа хайрлая” гэдэг шүлэг байсан. Энэ бол хайр дурлалын тухай биш, бүх л ертөнцийн хайр энэрлийг өгүүлсэн шүлэг байсан. Үүнийг орчуулаад уншиж өгтөл хүмүүс урмын үг цухуйлгаж байна. Бүр надаас Монголын тухай ном, сонин асууж сурагласан. Эндээс надад нэгэн санаа төрж, О.Дашбалбар гуайн “Амьддаа бие биеэ хайрла”, “Тэнгэр шиг бай”, Б.Энхтуяа яруу найрагчийн “Охин үрээ хайрла”, Х.Баасансүрэн ламын “Зүгээр л чамайгаа хайрлая” шүлгүүдийг нэгтэн Монголынхоо авьяаслаг залуустай хамтраад нэг цомог гаргасан юм. Албан ёсны зөвшөөрөлтэй. Яруу найргийн орчуулга бол синхрон орчуулгаас ч юмуу шал өөр. Гэхдээ өөрийгөө шавхаж сурсан герман хэл байна даа гээд эдгээр шүлгийг зориг гарган орчуулж, “Амьд” нэртэй CD болгосон. Тэгээд энэ цомгоо бараг Канцлер А.Меркельд л хүргэж чадаагүй байх. Бусад улстөрчдөд ер нь л өгч амжсан.
Мөн алдарт “Шпигель” сэтгүүлийн редактор, зохиолч Петр Вэнсиэрскийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн номын нээлтийг энд зохион байгуулсан юм. Хоёр Герман хаалттай байх үед залуухан хосууд Орос, Монголоор дайраад баруун Герман руу гарах гэж явж л дээ. 1987 оны үед тэгж явахдаа Монголтой холбоотой 3000 маш ховор сонин зураг авсан байсан. Тэр сонирхолтой түүхээс сэдэвлэн бүтээсэн ном юм. Номын гол баатар эмэгтэй ирж нээлтэд оролцон сонин түүхүүдийг ярьж өгч байсан. Иймэрхүү ажлууд маань тодорхой хэмжээнд хүмүүст бас хүрсэн байдаг болов уу.
-Канцлер А.Меркельтэй таарах боломж гараагүй юу?
-Канцлер А.Меркелийг олон удаа харж байсан, амьдаараа телевиз, сониноор гардгаасаа их царайлаг хүн байна лээ. Германы Хөдөө аж ахуй, зам тээврийн сайд Кристиан Шмидттэй уулзаж байхад Монголд очиход маань морь бэлэглэсэн, нааш нь авчирч чадахгүй болохоор орхиод ирсэн. Морио их санаж байна гэж яриад их инээж байсан. Мөн Бундестагийн гишүүн Төв Азийн орны парламентын асуудлыг хариуцдаг ажлын хэсгийн ерөнхийлөгч Манфрэнд Грундтай уулзаж байхад өрөөнд нь монгол морин хуур залаастай байхыг харах элгэмсүү байсан шүү.
Алдарт хөлбөмбөгчин Мариа Гетцё
-Баварт байгаа хүн хөлбөмбөг сонирхохгүй байна гэж үгүй байх?
-Бавари мужийн цаг агаар нутгийг минь санагдуулдаг. Тайван сайхан газар. Хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа алдарт Марио Гетцётой тааралдсан. Дэлхийн аваргаар финалын тоглолтыг нь үзэж, нөгөө алдарт ганц гоолыг оруулж байхыг нь зурагтаар харсан. Таараад, та Марио Гетцё мөн үү гэсэн мөн гэж байна. Бие хамгаалагчидтайгаа явж байсан. Тантай зургаа авахуулж болох уу, манай Монголд таны фэнүүд их байдаг, найзууддаа үзүүлье гээд хамт зураг татуулсан. Миний хөлбөмбөгтэй холбоотой хамгийн сонирхолтой түүх гэвэл энэ л байх, түүнээс би тэгтлээ унаж тусан улаан фанат болж үзээд байх завгүй байдаг.
-Та цахим хуудастаа нэр бүхий хүмүүст хандан “Монгол залуучуудыг хөгжих боломж олгох төслийг минь дэмжээч, Монголын залуу улстөрчид Германд ирэх үүд хаалга нээгдэж байна” гэх утгатай үг бичсэн байсан?
-Энэ долдугаар сард Германы залуу улстөрчид Монголд очих юм. Эргээд есдүгээр сард Монголын улстөрч залуус Германд ирэх ийм төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энд ирсэн залуу улстөрчдийг манай намаас албан ёсоор хүлээж авах юм. Үүн дээр бодит дэмжлэг үзүүлэхийг Л.Болд, Д.Тэрбишдагва гишүүн болон “Голомт”-ын Д.Баясгалан нарын эрхмүүдээс хүссэн юм л даа. Энэ эрхмүүдэд тухайн үед аав минь тусалж ивээн тэтгэж байсан болохоор монгол залуусаа дэмжих болов уу хэмээн найдаад ингэж хүсч байна.
-Энэ ямар зорилготой төсөл юм бэ?
-ХБНГУ, Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил болж байгаа. Анх 1926 онд Германыг монгол залуус зорьж байсан түүх байдаг. Тэгвэл одоо Монголын маань улстөрч залуус Германыг зорьж, нөхөрсөг солилцоог хийх гэж байна. Бундестагийн гишүүд хүлээж авч, бага хурлын гишүүд, намын гишүүдтэй уулзах юм. Ил тод байдлыг эрхэмлэдэг, шударга, хийж хэрэгжүүлэх ажил нь тодорхой 30 монгол шилдэг залууг шалгаруулж энд авчирна. Ингэснээр хоёр орны улстөрч залуус мэдээлэл солилцох, намын бүтэц тогтолцоотой танилцах, жинхэнэ ардчилал хөгждөг туршлагыг судлах зорилготой юм.
Бундестагийн гишүүн Манфрэнд Грундтай
-Холоос ч гэсэн эх орондоо хэрэгтэй зүйл хийж болно. Монгол руу чиглэсэн өөр ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Герман, Монголын хамтарсан “Отгонбаяр” санг байгуулсан юм. Миний нагац ах Отгонбаяр гэж мундаг хүн байсан. Ахынхаа үйл хэргийг дурсах, үргэлжлүүлэх зорилгоор энэ хамтарсан санг байгуулсан юм. Сангийнхаа шугамаар Бавари мужийн гурван том эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтарч ажиллаад Монгол руу нэлээд хэдэн удаагийн тусламж үзүүлж байсан. Элэгний хавдартай хүмүүст тусалдаг “Батчулуун” сан, хорих анги, асрамжийн газрын хүүхдүүд, Шарын гол, Хонгор сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусламжаа хүргэсэн. Одоо бэлгийн дарамтад өртсөн хүүхдүүдэд туслах ажлыг өрнүүлж байна. Яаж өөрсдийгөө хамгаалах вэ гэдгийг нь хэлж өгөхийг зорьж байна. Энэ мэтчилэн 20 гаруй том ажлыг зохион байгуулсан. Герман, Монголын хамтарсан сан учраас өөр даацтай ажлууд үргэлжилнэ.
-Монголдоо хэзээ ирэх вэ?
-Жил бүр эх орондоо очдог. Одоо бид долдугаар сард Германы улстөрч залуустай хамт очно. Яг үндэсний баяр наадмын үеэр таарч байгаад баяртай байгаа.
-Аав ээж тань Дарханы хүмүүс үү?
-Миний аавыг Нацагдорж гэдэг, аав маань анх л жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж явсан тухайн үеийнхээр сэхээтэн хүн байлаа. Дарханд ардчиллыг анх үүсгэлцэж явсан анхдагчдын нэг гэдгийг анд нөхөд нь хэлэх болов уу. Харин ээж минь насаараа Дарханы нэгдсэн эмнэлэгт ажилласан, хүндэт донор хүн бий. Аавыг маань тухайн үед яг л цахиур хагалж явсан, Дарханыхан андахгүй дээ. Германчуудтай хамтарч ажиллаж байсан болохоор ч тэр үү, аавын нүд нээгдсэн байх, намайг герман хэл сургаж, тэр буянаар нь ингэж явна даа.
Хөдөө аж ахуй, зам тээврийн сайд Кристиан Шмидт
Бундестагийн гишүүн Хансёорг Дурцын хамт
Ц.БАЯРЖАРГАЛ