Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр томоохон зах худалдааны төвүүд амарна

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ үеэр зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн зохион байгуулалтыгн арга хэмжээ авах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Захирамжийн дагуу 4 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүд амрах бөгөөд эдгээр өдрүүдээс хойш ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зохицуулалтад хамрагдах томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарийн өөрчлөлт
Худалдааны төвүүдийн нэр Аж ахуйн нэгжийн нэр Байршил Зохицуулалт хийх өдрүүд
04/21 04/22
Пүрэв Баасан
1 Нарантуул ОУХТөв Нарантуул ХХК Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Амарна Амарна
2 Өгөөмөр техникийн зах Даймонд ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
3 Бөмбөгөр- 1
Худалдааны төв
Юмт бөмбөгөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
4 Бөмбөгөр- 2 худалдааны төв Эрдэнэбулган ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
5 Алтжин бөмбөгөр худалдааны төв Даян Өндөр ХХК Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Амарна Амарна
6 Дүнжингарав худалдааны төв Дүнжингарав ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
7 Сандэй худалдааны төв Сандэй плаза ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
8 Шөнийн зах Нармон ХХК Баянзүрх дүүргийн
14 дүгээр хороо
Амарна Амарна
Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Б.Булганы хоригдож буй орчныг хараад би шууд цочирдсон

УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар уржигдар Төв аймгийн цагдан хорих газарт ажиллажээ. Энэ үеэр С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгагдаж буй Б.Булгантай уулзсан байна. Тэр талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Та Б.Булганыг эргээд иржээ. Нэлээд урт хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээ авахуулан хоригдож байна. Газар дээр очоод байдалтай нь танилцсаны хувьд ямар байна?

-Юуны өмнө хэлэхэд Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн төсөл одоо УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Үүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг нь ямар байгууллага байх юм. Тэр байгууллагад ямар эрх хэмжээ өгөх, статус, үйл ажиллагаа явуулах дэг журам нь ямар байх юм гэдгийг одоо хууль болгож батална. Энэ хуулийг батлахын өмнө одоогийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нөхцөл байдал ямар байгааг харах зорилготой хорих газруудаар явсан. Ялангуяа Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөлд Тахарын албыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт харьяалуулахаар байсан эдгээр байгууллагууд зохицож ажиллаж чадах эсэхийг үзэх зорилготой хариуцах обьектуудаар нь явж үзсэн юм. Бид гурав, дөрвөн обьектоор явахаар төлөвлөсөн байсан боловч ажлын шаардлагаас болоод эмэгтэйчүүдийн хорихоор орж чадаагүй. Төв аймгийн хорихыг үзээд орой болсон тул буцсан байгаа.

Төв аймгийн хориход очих маршрут гарсан учраас тэнд хоригдож байгаа иргэн Б.Булганы асуудлаар ээжээс нь ирсэн гомдлын дагуу түүнтэй уулзах гэсэн. Төв аймгийн хориход хоёр өөр коридороор явж, хоёр өөр газар хоригдож байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай танилцсан. Яг ний нуугүй хэлэхэд Төв аймгийн хорих бол иргэний ардчилсан оронд байдаг жирийн нэгэн хорих биш болчихож. Энэ бол дээр үеийн НАХЯ-ны шорон тийм байдаг байх гэмээр их өөр дэг журам, дарамт, нөхцөл байдалтай газар байсан. Мөн өөр байгууллагын харьяаны обьект болчихож.

-Өөр байгууллагын харьяаны обьект болчихож гэдгээ тодруулбал?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын обьект биш болжээ. Тагнуулын ерөнхий газрын харьяаны обьект болсон байна. Тэнд үүдний харуулаас эхлээд хийж байгаа бүх ажил өөр байна. Бидэнтэй хамт ШШГЕГ-ын дэд дарга явсан. Түүнийг хариуцсан обьектдоо ажлаа хийгээд явж байхад бидний бүх үйл ажиллагааг Тагнуулын ерөнхий газраас бичлэг хийж байсан. Дээрээс нь биднийг Б.Булгантай уулзуулахгүй гээд коридорт гурван хүн нуруугаа үүрээд хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад зогсчихож байна. “Маш нууц, таныг нэвтрүүлэхгүй” гэж байгаа юм. Хэрэг нь л маш нууц байдаг юм байгаа биз. Хүн нь маш нууц болно гэж байхгүй шүү дээ. Хэзээ ч Монгол Улсын иргэн хүн маш нууцад орох ёсгүй байхгүй юу. Яагаад гэвэл тэр хүний ил амьдрах эрх, нийгэмд байх эрх гэж байдаг. Б.Булган гэдэг хүн нь өөрөө маш нууцын обьект болчихсон байна. Энэ нь хамгийн аймшигтай. Би хараад л цочирдсон. Монгол Улсын иргэн хүн маш нууц зүйл болж болохгүй. Иргэн хүн хэлье гэсэн үгээ ил тод хэлж, гаргая гэсэн өргөдлөө гаргах ёстой. Хоригдож байсан ч тэр иргэн хэвээрээ л байгаа. Тэр тусмаа шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй хүнийг бол ямар ч гэм буруугүй гэсэн өнцгөөс бид хандах ёстой. Гэтэл улсын маш нууцын зэрэглэлийн обьект мэт хүн нэвтрүүлэхгүй байдалд байлгаж байгаа юм. Тэгэхээр нь би эсэргүүцлээ илэрхийлсэн. “Уучлаарай, УИХ-ын гишүүний хувьд үзье, харъя гэсэн юмаа үзээд хараад гарна. Таныг намайг битгий оруул гэсэн дарга байдаг юм бол тэр дарга нар руугаа утасдаад зөвшөөрлөө аваад ир. Тэр зөвшөөрлийг иртэл би сууж байя” гээд шалан дээр нь суучихсан юм.

-Таны шалан дээр нь сууж байгаа зураг цахим орчинд харагдаж байсан нь тийм учиртай байх нь. Тэгээд яаж зөвшөөрөл авсан юм бэ?

-20 гаруй минут суусан. Түүний дараа зөвшөөрөл нь утсаар ирсэн. Утсаар зөвшөөрөл авсныхаа дараа нэвтрүүлсэн. Тэгээд Б.Булгантай уулзаад шууд ярилцсан. Би эмэгтэй хүний нүдээр харахад бол тэнд эмэгтэй хүний нандин, эрхэмсэг байдлыг яаж алдагдуулах вэ гэсэн байдлаар л хорьсон байна лээ. Хоригдож байгаа жигүүрт нь дандаа эрэгтэй хүмүүс байна. Мөн тэнд хоригдогсод бүгдээрээ төмөр сараалжин хаалгатай тасалгаануудад байгаа юм. Тэд гаднаас нь бүх зүйлийг нь харж байна. Гэтэл Б.Булганы өрөө байнгын тогтмол тод гэрэлтэй. Бусдаас олон бас илүү хурц гэрэлтэй учраас тэнд жоомоо ч нуухын аргагүй. Тийм л байнгын хяналт дор ил тод байна даа, тэр хүний амьдрал.

-Эвгүй юм аа…

-Эвгүй шүү дээ. Манаач, харуул, тагнуулын ажилтнууд, хоригдож байгаа хүмүүс бүгдээрээ эрэгтэй. Тийм нөхцөлд тэнд ганц эмэгтэй байж байгаа юм. Хамгийн өрөвдмөөр нь тэр жижигхэн дөрвөлжин дотор бие засах өнцөг булан гэж байна шүү дээ. Бүх өрөөний бие засах хэсэг нь харанхуйдуу, өрөөнийхөө хойд буланд байгаа юм. Харин Б.Булганы бие засах өнцөг нь яг үүдэндээ, яг сараалжныхаа хажууд байсан. Өөрөөр хэлбэл тэр хүн одоо хүндэрсэн ч, хөнгөрсөн ч, ариун цэвэр сахиж өөртөө угаалга арчилгаа хийсэн ч яг эрчүүдийн нүдэн дээр байгаа байхгүй юу. Тийм байдлаар хүний эрхэмсэг оршихыг үнэхээр дордуулсан нөхцөл, залхаан цээрлүүлэх хэлбэр ажиглагдаж байна лээ.

-Та эрх бүхий хүмүүст албан бичиг явуулсан байна лээ. Түүндээ энэ талаар дурдсан уу?

-Сая дээр дурдсан бие засах хэсгийн талаар бол албан бичигтээ дурдаагүй. Гэхдээ би өнөөдөр (өчигдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гуравт хандаад, УИХ-ын гишүүддээ хувийг нь явуулаад хүний эрхийн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээллийг албан бичгээр хийж хүргүүлсэн. Энэ албан бичигтээ Л.Болд гишүүн бид хоёр хамт гарын үсгээ зураад хоёр зүйлийг эрх баригчдынхаа анхааралд шуурхай хүргэе гэж шийдсэн. Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр биелүүлэх газар маань өөрөө Тагнуулын ерөнхий газрын дарамт дор ажилладаг болсон байна гэдгийг бодитойгоор нөхцөл байдлыг нь танилцуулж бичсэн. Хоёрдугаарт, хүний эрхийн байдал үнэхээр дордсон байна. Ялангуяа Б.Булганы эрх бол олон талаас зөрчигдөж байна. Хүний эрхийг ингэж их зөрчдөг ардчилсан улс байж болохгүй. Ямар нэгэн байдлаар хүний эрхийг ингэж дордуулж, ингэж доош нь авчрах юм бол Монгол Улсын ардчилсан хүний эрхийн үнэ цэн огт байхгүй болно.

Талийгаач нөхрийнхөө байлдаж авчирч өгсөн. Байлдана гэдэг ур дүй, сэтгэл, зүтгэлийг хэлж байна шүү дээ. Талийгаач С.Зоригийнхоо ард түмэндээ тайван замаар авчирч өгсөн эрх чөлөөний өчүүхэн хэсгийг л Б.Булган эдэлж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан хувьсгалын анхдагчид бидэнд хүний эрх, эрх чөлөөг авчирлаа гэж бид баярладаг. Түүний дараа улс төрийн хэлмэгдэл зогслоо гэж бид ярьдаг. Ардчилсан Үндсэн хуулийнхаа буянаар бид үг хэлэх, өргөдөл гаргах, шударга шүүхээр шүүлгэх, өмгөөлүүлэх гээд бүх төрлийн иргэний улс төрийн эрхтэй болсон. Энэ эрхүүдийн өчүүхэн төдий нь ч Б.Булганд үйлчлэхгүй байна. Зүгээр нөхрийнхөө авчирч өгсөн зүйлээс эхнэр хүн хүртдэг дээ. Аавын өсгөсөн малыг хүүхэд нь үржүүлдэг биз дээ. Аавын өсгөсөн адуу юм чинь миний сайхан адуу гэдэг. Ээж, аавынхаа буян гэр орныг хүүхдүүд нь өмчлөөд үлддэг. Яг түүнтэй ижил С.Зориг агсан Б.Булганд их баялаг үлдээгээгүй байж магадгүй. Гэхдээ бүгдээрэнд маань, ард түмэнд маань эрх чөлөө үлдээсэн байхгүй юу. Түүний өчүүхэн хэсгийг эдлэх эрх эхнэрт нь байхгүй байна гэдгийг харахад бол үнэхээр хоолой зангирмаар байна лээ. Гэхдээ тэнд хоолой нь зангирах эрх ч хөөрхий Булганд алга. Яагаад гэвэл тэр хүний бүх амьдрал, минут тутам нь камерт бичигдэж байна. Төв аймгийн хорихын бүх өрөөг камержуулсан байсан.

-Б.Булган яг ямар байдалтай харагдаж байв. Уулзахад юу хэлж байна?

-Був буурал үстэй, 60 настай, нүднийх нь гал бөхөөгүй. Тэгсэн мөртлөө бясалгал хийж, өөрөө өөрийгөө тэр хүнд хэцүү нөхцөлд ганцаардлаас аварч, аль болохоор оюун ухааны хувьд нийгэмтэйгээ холбогдохыг хүсч байгаа тийм л хүний дүр төрх харагдаж байна лээ. Яагаад гэвэл тэр хүнийг аль болох нийгмээс таслах, маш нууцын зэрэглэлд байлгах, нийгэмд муухай харагдуулах бүхий л зүйлийг маш сайн хийж байгаа юм байна. Тэр олон ханыг нэвтэлж Б.Булган гэдэг Монгол Улсын жирийн нэгэн иргэн би энд байна шүү, би хэвээрээ байна шүү гэж хүний эрхэмсэг байдлаа хадгалж үлдэх гэж маш их хичээж байгаа нь харагдаж байсан. Яагаад гэвэл тэр хүн бясалгал хийж, ном уншиж байгаа юм билээ. Одоо хэрэг нь үнэн мөнөөрөө шийдэгдэнэ. Би бол хохирогч хүн, гэрч хүн. Би ямар ч байсан энэ хэргийг зохион байгуулаагүй, хийгээгүй, захиалаагүй. Тийм учраас хэрэг нь үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэсэн итгэл нь бөхөөгүй тийм л хүн байсан.

-Өөрөө ингэж хэлсэн үү?

-Өөрөө тэгж хэлж байна лээ. “Би бол үнэн мөн нь олдох байх гэж найдаж байна. Та нар үнэн мөнийг нь олдог болгож энэ хуулийнхаа байгууллагыг ажиллуулах байлгүй. Би бол өгдөг бүх л мэдээллээ өгч байгаа. Гэхдээ надад ямар ч эрх гэдэг юм байхгүй байна шүү” гэж байсан.

-Ер нь хүнтэй уулзуулахгүй нэлээд удаж байгаа шүү дээ. Ар гэртээ ч юм уу үг дайж байх юм уу?

-“Ээж минь өндөр настай учраас би ийм байдалд байгаагаа ээждээ харуулаад яахав дээ” гэж байх шиг байна лээ. Бид Төв аймгийн хорих дээр очихоосоо өмнө 461 дүгээр анги дээр очсон л доо. Сая өршөөлийн хуулийн дараа 461 дүгээр ангийн хоригдогсдын тал хувь нь гараад одоо маш олон өрөө суларсан юм байна. Тэр олон өрөө суларч байхад Төв аймгийн хорихоос нэг ч хүнийг тийш нь аваачаагүй юм шиг байгаа юм. Б.Булганыг 461 дүгээр ангид олон сул өрөө байсаар байтал заавал залхаан цээрлүүлсэн байдалтайгаар Төв аймагт хорьж байгаа нь өөрөө маш ойлгомжгүй санагдсан. Ер нь цаашдаа Төв аймгийн хорихыг хаах хэрэгтэй газар байна лээ. Тийм нууц байдалд Монгол Улсын иргэнийг яаж байгаа нь мэдэгдэхгүй алга болгодог. Тав, зургаан сараар ямар ч эрхийг нь, яаж ч зөрчиж болдог тийм нүх сүв Монгол Улсад байх ёсгүй. Үнэхээр бусдын адил эрх эдэлж чадахгүй, бусдын адил өмгөөлүүлж чадахгүй тэр байтугай бусдын адил унтаж чадахгүй байна гэдэг чинь өөрөө залхаан цээрлүүлэлт шүү дээ. Тэгэхээр бид шүүхийн шийдвэр биелүүлэх хуулийнхаа төсөлд энэ бүхнийг оруулна, ярина. Энэ хууль дээр ямар санаа оруулах вэ гэдгийг л судлах гэж сая биечлэн очиж үзлээ. Ингэж явахдаа бид Монгол Улсад сүүлийн 25 жил байгаагүй, би л лав сүүлийн 25 жил олж хараагүй тийм зүйлийг олж харлаа. Тэнд тэс өөр систем, дэглэмийн дэг журмыг амилуулчихсан байна шүү дээ. Тэгэхээр энэ амилуулсан зүйлийг бид яавч үргэлжлүүлж болохгүй, таслан зогсоох хэрэгтэй гэж бодогдож байсан. Хүнийг байцааж, мөрдөж болно. Гэхдээ хэргийг тэгж мөрдөхийг ардчилсан орон зөвшөөрч болохгүй шүү дээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

10 настайдаа Ази тивийн аварга болсон охин

Өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотноо өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ удаагийн тэмцээнд Монголоос нэлээд хэдэн залуу шатарчин амжилттай оролцжээ. Тэдний нэг нь 10 насны ангилалд Ази тивийн аварга болж, алтан медаль хүртсэн Даваахүүгийн Мөнхзул. Тэрээр нийслэлийн 33 дугаар сургуулийн сурагч. Аавынх нь ярьснаар Мөнхзул таван настайгаасаа эхэлж шатар тоглосон гэнэ. Түүнд хэн ч зааж өгөөгүй. Эгч, аав хоёрынхоо тоглож байгааг харж суудаг байсан жаахан охин нэг л өдөр тоглоод эхэлжээ. Ийнхүү таван жил шатар тоглохдоо Д.Мөнхзул нэлээд амжилтад хүрсэн. 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотноо болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож охидын найман насны ангилалдаа түрүүлж аварга болжээ. Уг тэмцээнд 90 орны 8-18 насны 1000 шатарчин хүчээ сорьсон. Үүний дараахан 2014 онд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хоёр медаль авчээ. Рафит төрөлд алт, блиц төрөлд мөнгө авч, стандарт төрөлд дөрөвдүгээр байрт шалгарсан. Дараа жил нь буюу 2015 онд Тайландын Паттайя арал дээр болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авчирсан. Хамгийн сүүлд энэ долоо хоногт Улаанбаатар хотноо болж өнгөрсөн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 10 насны ангилалд түрүүлж алтан медаль хүртсэн юм.

Ийнхүү Д.Мөнхзул охин хэдхэн жилийн хугацаанд олон улсын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож Монголын нэрийг дэлхийн дэвжээнд мандуулжээ. Байнга бэлтгэл сургууль хийдэг тул хичээл нь нэлээд тасардаг хэмээн аав нь ярьсан юм. Гэсэн ч ангийнхнаасаа хоцордоггүй онц сурдаг гэнэ. Хамгийн сүүлд гэхэд бэлтгэл сургууль гээд гуравдугаар сараас хойш хичээлдээ яваагүй. Тэмцээнээ дуусгаад саяхнаас сургуульдаа явж эхэлсэн байна. “Хичээл нь ямар байна” гэж асуухад “Нөгөө л юмаа үзэж байна лээ” гэсэн хэмээн ярихдаа аав нь өөрийн эрхгүй инээж байлаа. Мөнхзул охин удахгүй дахиад л бэлтгэлдээ гарна. Ирэх аравдугаар сард Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

10 настайдаа Ази тивийн аварга болсон охин жаахандаа нэлээд нүүрэмгий, сэргэлэн охин байжээ. Цэцэрлэгт байхдаа дуулж, бүжиглэж янз бүрийн тэмцээнд оролцож, таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээний “Фото мисс”-ээр шалгарч байсан удаатай. Харин шатар тоглодог болсноосоо хойш их өөр болсон хэмээн аав нь ярив. Одоо бол юм асуухад нэлээд бодож байж хариулдаг болсон гэнэ. Шатрын спорт хүүхдийг төлөвшүүлчихдэг.

Дашрамд Д.Мөнхзул айлын дундах охин. Эгч Д.Хонгорзул, дүү Д.Өнөрзул нь мөн л шатар тоглодог. Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнд Г.Даваахүүгийн гурван охин гурвуулаа оролцжээ. Хүүхдүүд нь бүгд шатарчин болохоор аав нь ч тоглодог байж таарна. Гэвч Г.Даваахүү өөрийгөө сонирхогч хэмээн ихэд даруухнаар тодорхойлсон юм. Тэрээр Өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн дарга, Монголын шатарчдын удирдах зөвлөлийн гишүүн. Саяхан Улаанбаатар хотод болсон Ази тивийн өсвөрийн шатарчдын тэмцээнийг зохион байгуулах хорооны даргаар ажилласан байна.

Даваахүүгийн Мөнхзул 2014 онд “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарч Ерөнхий сайдаас шагналаа гардан авсан. Залуу аварга Д.Мөнхзул маань Гүржид болох Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс ганзага дүүрэн ирж монголчуудаа баярлуулна гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Categories
мэдээ цаг-үе

Одоо л үндэсний бөхөөр амжилт гаргах цаг гэж бодож байна

Архангай аймгийн Булган
сумын харьяат, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын начин Чагнаадоржийн Ганзоригтой
ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн наадмаар улсын цолны болзол хангасан бөгөөд зөвхөн
үндэсний бөх гэлтгүй чөлөөтөөр хичээллэж тивийн аварга болж байсан удаатай. Ингээд
түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Бэлтгэлээ хаана хийж байна?

-“Алдар” спорт хорооны
зааланд “Бөх билэгт” дэвжээний бөхчүүдтэйгээ хамт хийж байгаа.

-Ямар бөхчүүдтэй бэлтгэл хангах вэ?

-Д.Рагчаа гарьд, Ч.Санжаадамба
заан, Р.Пүрэвдагва начин, Б.Амарзаяа начин гээд манай Архангай аймгийн бөхчүүд хамт
бэлтгэлээ хийдэг. Рагчаа гарьд, бид хоёр дасгалжуулагчаар ажиллаж байгаа.

-Багшлахын хажуугаар өөрийнхөө бэлтгэлийг
хангаад байна уу?

-Өөрийнхөө бэлтгэлийг
хийгээд залуучуудынхаа бэлтгэлийг хангаад л явж байна.

-Бэлтгэлийг яаж хийвэл илүү үр дүнтэй байдаг
вэ?

-Алдаа оноо дээрээ ярилцана.
Сайн хийж чаддаг мэхээ давтана. Мэхээ л сайн уйгагүй давтаж байж сайн барилдана
гэж боддог. Аль болох бэлтгэлээ сайн хийгээд явбал цол нэмэх байх гэж боддог.

-Та ямар мэхээ түлхүү чамбайруулж байна?

-Хөлд орох мэхээ л байнга
давтдаг даа. Олон жил чөлөөтөөр барилдаж байна. Чөлөөтийн төрөл чинь хөлд л сайн
орж барилддаг болохоор.

-Халз барилдаанд орох уу?

-Орохгүй.

-Яагаад?

-Дэмий биз дээ. Бага
зэрэг бэртлийн асуудалтай байна.

-Бэртэлтэй гэж сонссон. Өөр шалтгаан байгаа
юм уу?

-Энэ жил миний хувьд
бага зэрэг бэртэлтэй байсан учраас барилдаануудад нэг их зодоглоод байсангүй. Намар
бэртэлтэй байж байгаад өвлөөс л барилдсан. Харин саяхан Сонгинохайрхан дүүргийн
хишиг барилдаанд зодоглож үзүүрлэлээ.

-Барилдаан их алгасч байгаа гэхэд бэлтгэл
сайн харагдаж байсан. Гэхдээ Монгол Улсын харцага Ц.Содномдоржид өвдөг шороодчихсон?

-Бэлтгэл сайн байгаа.
Содномдорж харцагатай үзүүр түрүү булаацалдаад сайхан унасан даа (инээв).

-Монгол Улсын харцага Ц.Содномдоржтой хэр
барилдаан таардаг вэ. Бас л энэ цагийн хүчтэнүүдийн нэг шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Сайхан
залуу бөхчүүд сүүлийн жилүүдэд хүч түрж орж ирж байна. Ц.Содномдорж ч гэсэн тэдний
төлөөлөл. Түүний барилдааныг үзэх дуртай олон мянган бөхийн хорхойтнууд байна. Бид
хоёрын хувьд нэг их таарч барилдаад байдаггүй. Хэдэн жилийн өмнө барилдаж байсан.
Тэр үетэй харьцуулахад харцага их бяртай болсон байна лээ.

-Таныг бярдаад мэхээ гүйцээх боломж олгохгүй
байна гэж үү?

-(инээв). Би дийлэхгүй
байна лээ.

-Та цолныхоо найрыг аймагтаа өргөн сайхан
тэмдэглэсэн. Бөхийн барилдаанд Монгол Улсын начин Р.Пүрэвдагва түрүүлсэн байгаа.
Өмнө нь бусдын цолны найранд очиж барилддаг байсан хүн өөрийнхөө нэрэмжит барилдааныг
хийхээр ямар санагддаг юм байна?

-Нутагтаа очиж уул усаа
баясгаад, нутгийн зон олноо баясгаад л их сайхан байдаг юм байна. Нутагтаа сайхан
наадам хийж хийморио сэргээчихээд ирсэн дээ. Ах, дүү, хамаатан садан, найз нөхөд
гээд олон ч хүн цугласан.

-Улсын цолонд хүрэхээр танд ямар өөрчлөлт
мэдрэгдэж байна. Олон ч жил улсын цол мөрөөссөн байлгүй?

-Бөхийн спортоор 17 жил
хичээллэсэн. Өнгөрсөн мөч хором бүрийг бөхийн барилдаанаас салгаж ойлгохын аргагүй
зүтгэсэн байна. Энэ олон жилийн хүсч мөрөөдсөн цол бол Монгол Улсын начин хэмээх
эрхэм цол юм. Тиймээс үнэхээр сайхан санагдаж байгаа шүү. Улсын цол хүртчихээр чинь
хүмүүсийн харилцаа хүртэл сайхан болчихдог юм байна. Гэрт ирсэн зочид “За начин”
гэж ирээд л их хүндэтгэлтэй хандах юм. Улсын цол дагаж хариуцлага, хүндэтгэл ирдэг
юм байна. Хүндэтгэлээс илүү хариуцлагаа ухамсарлаж л явах нь чухал юм шиг.

-Наадмын өглөө Төв цэнгэлдэхийг зорихдоо
чухам юу тунгаан боддог вэ?

-Өглөө уул, усандаа залбираад
л гэрээсээ гардаг. Наадмын өглөө сэтгэл сэргээд нэг их сайхан болчихдог. Ялангуяа
энэ жилийн наадмаар гэрээсээ гарахад л гойд сайхан санагдаж, гэрэл гэгээ бүхэн зөвхөн
над дээр тусч байгаа юм шиг л, цол авчих юм шиг л мэдрэмж төрж байсан. Бэлтгэл сайн
байсан болохоор өөртөө итгэлтэй байсан юм болов уу даа. Яг л санаснаар минь болж
улсын цолонд хүрчихсэн шүү.

-Танд цолоо ахиулах боломж ч байсан шүү
дээ. Тийм үү?

-Үндэсний их баяр наадмаар
Аймгийн арслан Одгэрэлтэй тунаж барилдаад гишгэгдэл жаахан алдчих шиг болсон. Барьц
халахдаа хайнга хандчихав уу даа.

-Ялихгүй зүйлээс болж цол ахих боломжийг
алдана гэдэг бөхчүүдийн хувьд харамсаад барахгүй явдал байх?

-Тухайн үед харамсах
сэтгэл бол төрж л байсан.Ялих ялихгүй юмнаас л болж бөх хүн чинь өвдөг шорооддог
байхгүй юу. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг үг байдаг шүү дээ. Гэхдээ тав даваад өөрийнхөө
хүчээр улсын цолонд хүрэх шиг сайхан юм байхгүй. Одгэрэл бид хоёрын хувьд хамт олон
жил их спортод зүтгэсэн. Барилдааны үед сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байсан.
Заавал би давах ёстой, давчихвал цаана нь цол байгаа гэж хараад хэт их улайрах юм
бол баригдчихдаг. Өөрийгөө бодлоороо хэт хүлчихдэг. Тиймээс бодож санасан зүйлээ
хийгээд л барилдсан даа.

-Наадмын дэвжээнд шийдвэрлэх барилдаанд
гарах үед танд хэн гол заавар, зөвлөгөөг өгч байв?

-Гарьд Рагчаа ах хамгийн
ойрхон байсан. Мөн Пүрэвдагва начин, М.Батжаргал харцага хажуугаас зөвлөсөн дөө.
Рагчаа ах “Чи энэ байтугай дэлхийн дэвжээнд гарч барилддаг хүн. Заалны жижиг барилдаан
гэж бодоод л тайван барилдаарай” гэж хэлсэн.

-Энэ жилийн наадмын учраа бөхчүүд хэр чанга
байв?

-Ер нь наадмын учраа
бөхчүүд хоёрын даваанаас эхлээд чангардаг. Энэ жил би хоёрын даваанд Ховд аймгийн
арслан Н.Батсайхан, гурвын даваанд Баянхонгор аймгийн арслан Ө.Бат-Оршихтой барилдсан.
Бас л энэ цагийн хүчтэй аймгийн арслангууд. Дөрвийн даваанд М.Өсөхбаяр заантай таарсан.
Тавын даваанд аймгийн арслан Хангайтай барилдан давж начин цолны болзол хангасан.
Бүгд л хүчтэй, барилдаан сайтай бөхчүүд байсан.

-Адилхан аймгийн арслан цолтой бөхтэй барилдаад
өвдөг шороодуулж цааш цолонд ахина гэдэг сэтгэл зүйн хувьд хүнд биз. Хойтон жилийн
наадмыг хүлээгээд хоцорч буй бөхчүүдийн дунд таны үй зайгүй найз ч яваа гэж бодохоор…?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр
хүнд байдаг юм билээ.Адилхан цолтой бөхчүүд чинь хэн хэнийгээ мэднэ, танина. Бүгд
л цол нэмэх тухай ярилцана. Алдаа оноогоо хуваалцана. Гэвч спорт бол спорт. Давсан
нь өндөр даваа өөд мацаж, унасан нь дараагийн барилдааныг хүлээдэг жамтай.

-Та хичнээн удаа хойтон жилийн наадам хурдан
болоосой гэж бодон хоцорч байв?

-Би улсын наадамд дөрвөн
удаа зодоглосон. Өнгөрсөн жил гэхэд л хоёрын даваанд өвдөг шороодоод хойтон жилийн
наадмаар заавал цол авна даа гэж өөртөө ам өгч л байлаа. Тэр амлалт харин намайг
их хурцалсан юм шүү.

-Чөлөөт бөхөөр чамгүй олон жил барилдсан.
Харин сүүлийн үед томоохон тэмцээнд нэг их харагдахгүй байх шиг?

-2006 онд чөлөөт бөхийн
Азийн аварга болсон. Хоёр, гурван жилийн өмнөөс олон улсын тэмцээнээс өөрийгөө татаж
байна. Монголдоо болсон тэмцээнд оролцчихоод л бэлтгэлээ хийгээд явж байна.

-Улсын аваргад хичнээн жил оролцсон бэ.
Зургаан удаа улсын аварга болсон байдаг юм билээ?

-Өнгөрсөн хугацаанд улсын
аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд зургаан удаа түрүүлж, хоёр мөнгө, гурван
хүрэл медаль авсан, 84 кг-д. Миний барилдаж байсан жинд одоо О.Үйтүмэн гээд залуу
барилдаж байна. Саяхан олон улсын нээлттэй тэмцээнээс олимпийн эрхээ аваад байгаа.
Өмнөх олимпод бас гайгүй сайн барилдаж байсан залуу. Би одоо 96, 120 кг-д барилдаж
байгаа.

-Таны өндөр, жин хэдтэй байна?

-Өндөр 182, жин 104 кг
байна.

-Танд олон улсын тэмцээнд, цаашлаад олимпод
орох бодол байсангүй юу. Бэлтгэл сайн байгаа юм чинь боломж гарч байгаагүй гэж үү?

-Одоо болно биз дээ.
Олон жил чөлөөтөөр хичээллэлээ. Тэгээд ч насаа бодохоор үндэсний бөхөд илүү ач холбогдол
өгч барилдах нь зүйтэй гэж бодоод байгаа. Одоо л үндэсний бөхөөр амжилт гаргах цаг
гэж бодож байна.

-Таны удамд олон сайхан бөх бий. Аав тань бас аймгийн цолтой
хүн. Тэгэхээр бөх л болох хувь төөрөгтэй байжээ?

-Миний аав аймгийн начин
цолтой хүн байсан. Аавын дүү мөн аймгийн начин Б.Ганболд гэж хүн бий. Аавын талд
Гарьд Рагчаа ах, харцага Батжаргал ах, начин Пүрэвдагва, М.Бат-Отгон арслан, ээжийн
талд улсын начин Батбаатар гээд олон сайхан бөх ах нар байна.

-Таныг бөхөд уруу татсан зүйл бол яах аргагүй
ах нарын тань амжилт байсан болов уу?

-Үнэн үнэн. Рагчаа, Батжаргал
ах нараас эхлээд бөх болно гэж яваад амжилт гаргаад улсын цолонд хүрээд ирэхээр
манай хамаатан садны үе тэнгийн хөвгүүд их хорхойсно. Энэ хэд шиг ингэж сайхан барилдаж
олонд хүндлэгдсэн, нэр алдартай бөх болох юмсан гэж бодоод л. Ах нар нутагтаа хааяа
ирэхээрээ дүү нартайгаа ноцолдож гарынхаа чилээг гаргаж бэлтгэл хийнэ шүү дээ. Би
Рагчаа, Батжаргал ах нарынхаа бэлтгэл хангагч хийдэг байлаа. Бодвол надаас жаахан
юм олж харсан юм байлгүй. Батжаргал ахдаа “Би бөх болмоор байна” гэж хэлээд дагаад
Улаанбаатарт ирж байлаа. Батжаргал ах, Отгоо ахыгаа дагаад бэлтгэл хийж, орой гэртээ
хамт ирээд гэр орны бага сага ажил хийж аминдаа тал засна (инээв). Хааяа л даа.
Батжаргал ахаас барилдахыг ч, амьдрахыг ч сурсан даа. Одоо ч ах нар маань хамгийн
ойр дотнын зөвлөгчид байдаг. Заримдаа их ачаалалтай бэлтгэл хийхээр шантраад “Яах
гэж ингэж биеэ зовоов доо” гэж бодож л байсан.

-Рагчаа гарьд танд барилдааны нууцаасаа
хуваалцаж байна уу?

-Сүүлийн хоёр, гурван
жил тасралтгүй Рагчаа ахыг дагаж бэлтгэл хийж байна. Их гоё, гоё мэх зааж өгдөг.
Өөрөө сайн барилдаантай учраас их мэхний тал дээр уран сэтгэмжтэй. Гол багш нь өөрийнх
нь хадам аав Д.Цэрэнтогтох аварга болохоор тэр агуу хүнээс авч үлдсэн олон сайхан
зүйл Рагчаа ахад шингэсэн байдаг. Бид ч гэсэн тэр мэхний уурхайгаас суралцахыг чармайж
байна.

-Наадмын бэлтгэлдээ хэзээ гарах гэж байна?

-Одоохондоо шийд гараагүй
байгаа.

-Бөхчүүд наадмын бэлтгэлд гарчихаараа бараг
эхнэр рүүгээ дөхдөггүй ч гэх шиг явган яриа бий. Ер нь цээрлэх зүйлсийг ягштал биелүүлнэ
биз?

-Байлгүй яахав. Бидний
өвөг дээдсээс цээрлэж ирсэн зүйлүүд бий. Ямар сайндаа л наадам дөхөөд ирэхээр үсээ
задгай тавьсан эмэгтэй хүний салхин доогуур гарч болдоггүй гэдэг. Жилдээ ганц болдог
наадамд бүгд л сайн барилдахын тулд их чамбайрна шүү. Бэлтгэлийн үеэр бас хамаагүй
хүнд зүйл өргөж барихгүй байхыг хичээдэг.

-Танай нутагт дээр үеийн нэртэй бөхчүүдийн
домог агуулсан чулуу, мод байдаг гэдэг. Өргөж үзсэн үү?

-Манай Булган суманд
бөх мод, бөх чулуу гэж байдаг. Бөх чулууг хэдэн жилийн өмнө өргөж дийлдэггүй байсан.
Саяхан харин дажгүй өргөчихсөн шүү. Дажгүй ээ, өөрийнхөө хэмжээнд. Мод нь дэвж байгаа
бөх шиг. Баянхонгор манай аймаг хоёрын заагт ургасан. Олон жилийн өмнө тэр модыг
хоёр аймаг булаацалддаг байсан гэсэн. Тэгээд хөгшрөөд, хазайгаад унахдаа аль тал
руу унана тэр аймаг нь авна гэж. Бас тэр аймгаас нэртэй, хүч чадалтай бөх төрнө
гэж бэлгэшээдэг байсан юм байна. Тэгсэн манай сумын нутаг руу хазайж унасан байдаг.
Тэр цагаас хойш Д.Мөнх-Эрдэнэ арслангаас эхлээд олон сайхан бөхчүүд төрсөн гэдэг.

-Багш нарын тухайд…?

-Би олон мундаг багштай.
Хамгийн бага нь спортын мастер. Спортын мастер Б.Болдбаатар, олон улсын хэмжээний
мастер Буян, гавьяат дасгалжуулагч Х.Намшир, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар,
гавьяат тамирчин Дүвчин гээд сайн багш нарын гараар дамжсан. Одоо З.Дүвчин багшийн
удирдлага дор явж байна.

-Таны хоёр хүүд барилдах ирээдүй байна уу?

-Миний хоёр хүү арай
л бага байна. Хоёр аварга бол байнга гэртээ ноцолдоно. “Хөөе болиоч ээ та хоёр”
гээд л том дуугараад, заримдаа хамт ноцолдож салхилгагүйтээд л сууж байна.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойг С.Баяр хурааж аваагүйсэн бол ийм хэрүүл болохгүй байх байлаа

Ерөнхий сайд байсан С.Баярын том гавьяа бол Оюу толгойг хөдөлгөсөн. Энүүгээр нь бид амьдарч байгаа. Том төслийг хөдөлгөсөн гавьяа үнэхээр олон жилдээ ингэж гарч ирдэг юм байна. Гэхдээ бас нэг зүйл байна. Гай ч бий, гавьяа ч бий гэдэгчлэн түүнд бас тарьсан гай гэж байна. Тэр нь өнөөдрийн энэ их талцал хэрүүлийн үрийг тарьсан Таван толгойг зогсоосон явдал. Таван толгой дээр гаргасан түүний шийдвэр буруу байв.

Одоо олон амьтны хэрүүлийн үр болсон Таван толгойн талаар түүх сөхье. Таван толгой нийтдээ 6.5 тэрбум тоннын нөөцтэй, таван толгойгоор нь хуваахад найман зуугаас 900 мянгаар бараг тэгш хуваагддаг.

Улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарган 1957 онд анх хайгуулыг нь хийж, 1980-аад оны үед нөөцөө батлуулж, дараа нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж тэр үеийн социалист блокын орнууд багтдаг зөвлөлд хөрөнгө оруулалт хүсэн санал тавьсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулах улс олдоогүй. Тэгж байтал манай улс ардчилал зах зээлд шилжиж, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарсны дараа Австралийн BHP компани тусгай зөвшөөрлийг нь эзэмших болж улмаар эдийн засгийн үр ашиггүй байна гэж үзээд 1998 онд лицензийг буцааж өгсөн. Учир нь тэр үед коксжих нүүрсний үнэ тонн нь дөнгөж 40 доллар байсан үе. Мөн дэд бүтэц, ус, цахилгаан огт байхгүй болохоор эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн. Ингээд дөнгөж зургаахан сарын дараа л лицензээ буцаахад нь “Mine info” хэмээх Монголын компани авч, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг уг компанийн эзэн Батсайхан “Алтай трейдинг” компани буюу бидний мэдэх Сү.Батболдод санал тавьж, ингээд өргөжин нийт арван дөрвөн компани нэгдэн консорциум болохоор ярьсан байдаг. Сү.Батболдыг Монголын томоохон ордыг эзэмшлээ гэж шүүмжлэхэд “Өмнөх эзэмшигч нь гадны компанид лицензээ өгч болох байсан, харин ч монгол хүн Монголдоо авч үлдсэнээрээ улсынхаа өмнө гавьяа байгуулсан гэж тайлбарлах нь ч бий. Өнгөц харахад тийм. За тэр ч яахав. Ямартай ч Таван толгойн түүх ингэж л эхэлсэн. Г.Батхүү, Ц.Цэнгэл, Сү.Батболд, Ж.Оджаргал, Батж.Батбаяр, П.Очирбат, М.Энхсайхан, Д.Идэвхтэн, Ж.Оюунгэрэл нарын арван дөрвөн компани буюу арван дөрвөн айл эзэмших болсон нь ийм учиртай. Энэ хэдэн айл Таван толгойг өөрийн болгоод байж байтал өнөө хэдэн айлын заримыг нь айлгаж, шантаажинд оруулж, төрийн нэрээр сүрдүүлж байгаад дээрэмдээд авчихсан. Яг үнэндээ намаа гоё харагдуулах гэж иргэдээс оноо авах гэсэн л арга гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн өөрсдийн хувиа С.Баярын шахалтаар төрд булаалгасан хүмүүс одоо ч толгойгоо шааж, харамсч суудаг юм билээ. Таван толгойн нэлээд хэсгийг нь төрийн болгож С.Баяр төрд авсан гэдгээ зарласнаар тухайн үед “Монгол ардын нам ард түмэндээ хэдэн баячуудааас баялгийг нь булааж авч өгч байна” гэж ойлгогдохоор, сонгогчдыг татах үнэхээр том сценари болсон. Нэг үгээр ард түмэнд өгнө гээд булаагаад авахаар булаалгасан хүмүүст муухай ч “Биднийх боллоо, хувь хувьцаа эзэмших нь” гэж ард иргэд баярласан. Гэвч өнөөг хүртэл үр шимийг нь хүртээгүй, яагаад Таван толгойгоос болоод хэрүүл тэмцэл тасрахгүй байгааг огт ойлгоогүй нь олон. Ингэж л төр нэг хэсгийг нь булааж авсан үеэс Таван толгойн хэрүүл эхэлсэн. Өнгөц харахад төр ард түмэндээ хувааж өгнө гэдэг нь их гоё сонсогддог. Төр бол гурван сая хүний төлөөлөл. Яг жинхэнэдээ төр бол эзэн биегүй. Төрийн өмч гэдэг тухайн үед төрд байгаа хэдэн хүний л өмч болдог. Төр, хувийн хэвшил хоёрын ялгаа Ухаа худаг, Эрдэнэс Таван толгой хоёрын байгаа байдлаас л шууд харагддаг. Ухаа худаг баяжуулах үйлдвэртэй, хил хүртэл зам тавьчихсан, Эрдэнэс Таван толгой шороо манаруулсан хэвээрээ баяжуулах ч үйлдвэргүй л байж байна.

Ийм их үнэ цэнтэй асар их баялгийг түмэн амьтны дунд ширээн дээр дэлгээд тавиад үз л дээ. Хэн түрүүлж шүүрсэн нь авдаг. Үүн шиг энэ асар их баялгийг авах гэсэн болгон булаалдаж байна. Энэ хэрүүлийн үрийг л С.Баяр тавьчихсан хэрэг. Таван толгойг одоо төр барьж байсан хэдэн хүн л булаалдаж байна. “Би авна, танайх авбал бидэнд дийлдэхгүй, бид авбал та нарт дийлдэхгүй” гэсэн хэрүүлээр үргэлжилж, эцэстээ энэ хэрүүл Монголын нийгмийг хуваах хэмжээнд хүрлээ. Угтаа хэдхэн айлын, хэдхэн том улстөрчийн хэрүүл шүү дээ. Тэр эзэн суучихсан байсан арав гаруй айл өөрсдөө аваад Таван толгойг ажиллуулж байсан бол одоо хагартлаа баяжсан байх ёстой. Өдийд дэлхийн хэмжээний овоо хэдэн тэрбумтантай болчихсон байх байв. Мөнгөтэй болсон хүн эхний хэдэн жил баруун солгойгүй тансаглана л биз. Эцсийн дүндээ тэр их мөнгийг хадгалаад хадгалах газар ч байхгүй. Тиймээс тэнэг л биш бол их мөнгөтэй болохоороо хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг. Юу ч юм барьж бүтээдэг. Өдийд өнөөх хэд маань дэлхийн дайны баячуул болчихсон бол Toyota-ийн салбар үйлдвэрийг Монголд нээчихсэн, тэнд нь зуун мянган хүн ажиллаж байх байлаа. Энэ бол ердөө л жишээ шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Хувхай хоосон хэвээрээ өөрөө ч баяжсан юмгүй, өрөөлийг ч баяжуулсан юмгүй алаагүй баавгайн арьсыг хувааж авах хэрүүлээ хийсээр л өнөөдрийг хүрчихлээ. Өнөөх арван хэдэн айл дээр дахиад арван хэдэн айл нэмэгдэг л дээ. Та хэд хорин хэдүүлээ Таван толгойг аваад баяжицгаа. Хамаа алга. Тэгээд зуун мянга, хоёр зуун мянган монголоо ажиллуул, хоолтой нь залгуул, амьдралаа өөд татах боломжийг нь олго. Тэдний цаана хэдэн ам бүл байгаа билээ. Олон монгол хүн ажилтай, орлоготой болно. Хэрэлдэж талцаад байхаар ийм нэг шийдэл байна. Ширээ тойроод нэг ярилц. Түүнээс биш ард түмэнд энийг ашиглуулаад бид тэрнээс хувь хүртээд бид баяжитлаа өдий байх шиг байна. Энэ итгэл аль хэдийнэ алдарчихлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт 3 хэм дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, шөнөдөө секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Өдөр нь үл мэдэгдэх түүхт ой” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар уншигчдын гарт хүрлээ. Зэс, нүүрсний үнэ таагүй хэвээр үргэлжилж буй энэ өдрүүдэд “Оюу толгой” тойрсон гэгээлэг мэдээ хөвөрсөөр байна. Тус компаниас өчигдөр 2016 оны эхний улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулсан юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэргүүн нүүрэнд онцоллоо. Үргэлжлэлийг 11 дүгээр нүүрээс уншина уу. Улс төрийн эргэн тойронд өрнөсөн мэдээ мэдээллийг хоёрдугаар нүүрнээс унших боломжтой, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн ярилцлагыг мөн энэ буланд нийтэллээ. “Баримт, үзэл бодол” булангаас манай сонины Орлогч эрхлэгч, Төрийн шагналт зохиолч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Өдөр нь үл мэдэгдэх түүхт ой” нийтлэлийг сонирхоно уу.

МҮОНТ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлгийн дөрөвдүгээр сарын 19-ний дугаарт М-Си-Эс группын захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал оролцжээ. Түүний ярилцлагыг манай сонин уламжлан хүргэж байна. Ярилцлагыг нэг, тав болон зургадугаар нүүрнээс уншаарай.

Дэлхий дахинаа өрнөсөн цаг үеийн мэдээ мэдээллийг есдүгээр нүүрнээс тольдоорой. Монгол Улсын эдийн засгийн хүрээнд өрнөж буй цаг үеийн мэдээ мэдээллийг 11 дүгээр нүүрт хэвлэлээ.

Монголын үндэсний бөхийн холбооноос шилдэг залуу хүчтэнүүдийн барилдааныг энэ сарын 30-нд зохион байгуулахаар болсон. Тус барилдаанд өрсөлдөх 16 шилдэг залуу бөхчүүдийн халз барилдааны талаарх мэдээллийг 13 дугаар нүүрнээс унших боломжтой.

Өсвөр насны ээжүүдийн жирэмслэлтийн талаарх цаг үеийн мэдээлэл, ЭЕШ-ийн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 17 дугаар нүүрийг сөхнө үү.

Залуу жүжигчин П.Чимэдцэеэгийн сонирхолтой ярилцлагыг 19 дүгээр нүүрнээс сонирхоорой. Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Уул уурхай салбарын бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжлээ

Уул уурхайн салбарын бүхийл мэдээллийг багтаасан мэдээллийн нэгдсэн сан нээлээ. Энэ талаар өнөөдөр Уул уурхайн яамнаас мэдээлэл хийсэн юм.

“Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр, Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техник туслалцаатайгаар “Монгол Улсын Интерактив” ХХК 2014-2015 онд гүйцэтгэж, системийг ашиглалтанд орууллаа.

Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив, дэмжлэг зэрэг өргөн цар хүрээний мэдээлэл нэг дор төвлөрчээ. Энэ мэдээллийг иргэн, байгууллагын хэн ч, хаанаас ч авах боломжтой аж.

Цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаарх дэлгэрэнгүйг www.eitimongolia.mn авах боломжтой.

Дэлхийн байгалийн баялаг арвин 50 гаруй улсад хэрэгжиж байгаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь баялгаас бий болсон орлогыг олон нийтэд ил тод болгож, түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн юм. Монгол Улс энэхүү санаачилгад 2006 онд нэгдсэн бөгөөд төр, компани, иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг байгуулан ажиллуулж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Үндэсний зөвлөлийн даргаар, орлогч даргаар Уул уурхайн сайд ажилладаг бөгөөд 2006-2015 онд Монгол Улс ОҮИТБС-ын нийтдээ 9 жилийн тайланг хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгожээ. Энэ хугацаанд тайланг давхардсан тоогоор уул уурхай, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж гаргаж, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив, дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газар давхардсан тоогоор 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын шалгалтыг дараахь хуваарийн дагуу авна

Жил бүр бага, дунд, ахлах ангиа төгссөн сурагчид шалгалт өгдөг. 2015-2016 оны хичээлийн жилийн улсын шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулах юм.

Анги

Шалгалтын нэр

Шалгалт авах өдөр, эхлэх цаг

5-р анги

Байгаль шинжлэл

6-р сарын 2-нд 1300 цагт

Математик

5-р сарын 31-нд 1300 цагт

Монгол хэл

5-р сарын 26-нд 1300 цагт

9-р анги

Монгол хэл

5-р сарын 27-нд 1000 цагт

Нийгмийн ухаан

6-р сарын 2-нд 1000 цагт

Байгалийн ухаан

5-р сарын 31-нд 1000 цагт

Математик

5-р сарын 30-нд 1000 цагт

12-р анги

Гадаад хэл

5-р сарын 27-нд 1000 цагт

Сонгосон агуулга

5-р сарын 30-нд 1000 цагт

Математик

5-р сарын 26-нд 1000 цагт

Монгол хэл

5-р сарын 25-нд 1000 цагт

Categories
мэдээ нийгэм

Шаардлага хангаагүй 249 нийтийн тээвэр байна

Улаанбаатар хотын зургаан дүүргийн найман цэгт замын хөдөлгөөнд оролцож байгаа автотээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтын шаардлагад хяналт тавих хамтарсан шалгалтыг явуулж байна.

2016 оны гуравдугаар сарын 20-ноос дөрөв дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 16 хоногийн явцад 4244 тээврийн хэрэгсэл шалгагдснаас “ЕС” зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцсон 708, Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглаагүй 22, Автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт шаардлагыг хангаагүй 249, нийт 979 тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж Автотээврийн тухай хуулийн дагуу 11,202,000 төгрөгийн арга хэмжээ авчээ. Мөн үеэр “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр олгох журам”-ыг шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн ажилтан, жолооч нарт танилцуулж хууль тогтоомж зөрчихөөс урьдчилан сэргийлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.