Categories
мэдээ улс-төр

Чуулган хаалттай хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх болсонтой холбоотойгоор хаалттай горимд шилжүүлэв. Уг хууль нь улсын нууцад хамаарч байгаа учраас чуулганыг ийн хаалттай үргэлжлүүлж байна.

Үүний өмнө УИХ-аар Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ улс-төр

АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын буухиаг Монгол Улсын Их Хуралд дамжуулан өгч буйгаа илэрхийлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Итали Улс /БНИУ/-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд урилгыг нь хүлээн авч Монгол Улсад айлчилж байгаад нь БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассод талархал илэрхийлж, Монгол Улсад тавтай зочлохыг урив. Мөн тэрбээр Монгол Улсад зохион байгуулагдаж буй Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад БНИУ-ын талаас өндөр ач холбогдол өгч оролцож байгаад талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлэхдээ, 800 жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Италийн иргэн Марко Поло Их Монгол Улсын хаан Хубилайн ордонд 20 гаруй жил амьдарч, Торгоны замын дагуу худалдаа, арилжаа хийж байсан нь түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. 800 жилийн өмнө манай хоёр орон хамтран, идэвхтэй ажиллаж байсан бөгөөд цаашид бид харилцааны түвшингээ тэр үеийнхээс ахиулах боломж байгааг онцлон тэмдэглэлээ. Тухайлбал, манай хоёр орон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүд. Энэ хүрээнд Ази, Европ хоорондын харилцаа илүү ойртон нягтарших юм. Мөн Монголын түүхий ноолуур болон Италийн ноолуур боловсруулах технологийг нэгтгэх зэргээр харилцан нэгнийгээ нөхөж, хамтран ажиллах боломж их бий гэв.
БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьж элэгсэг дотноор хүлээн авч буйд нь Улсын Их Хурлын дарга З.Энхболдод хариу талархал илэрхийлээд, Итали Улсад зохион байгуулагдсан АЕПТ-ийн 8 дугаар уулзалтын буухиаг Монгол Улсын Их Хуралд албан ёсоор дамжуулан өгөхөөр хүрэлцэн ирлээ гэв. Мөн хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНИУ-ын Элчин сайдын яамыг Монгол Улсад байгуулах ажилтай танилцах зэрэг чухал зорилготой ирлээ. Монгол Улс, БНИУ-ын харилцаа, хамтын ажиллагаа нь олон жилийн түүхэн уламжлалтай бөгөөд Итали, Монгол хоёр орны 800 жилийн өмнөх дипломат харилцааны тэрхүү түвшинг өнөөдөр сэргээх, түүнээс илүү гүнзгий харилцааг тогтоох боломж бий гэдэгт итгэдэг. Манай хоёр орон 800 жилийн өмнө “Торгоны зам”-ыг бодитоор ажил хэрэг болгож байсан шиг боломжууд өнөөдөр олон байгаа гэдгийг БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо онцлон тэмдэглэлээ.
Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Италийн парламентын бүлэг үйл ажиллагаа явуулдагийг хэлээд тус бүлгийн дарга Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж уулзалтад оролцож байгааг танилцуулав. БНИУ-ын парламентын Сенатын танхимд үүнтэй адил бүлэг байгуулагдвал парламентын түвшний харилцаа хөгжиж, хамтын ажиллагаа өргөжих боломжтойг тэмдэглэн хэлсэн юм.
БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо, БНИУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад Элчин сайдын яам байгуулах зарлиг гарган, энэ үүргийг туршлагатай дипломат ажилтан гүйцэтгэх болсон нь манай талаас хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байгаагийн бодит илрэл мөн. Маргааш болох Ази Епропын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ чиглэлийг нээнэ гэдэгт найдаж байна хэмээн хэлэв. Парламентын түвшний харилцааны хүрээнд цаашид Монгол Улс, БНИУ-ын хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хоёр тал санал солилцлоо.
БНИУ-ын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо АЕПТ-ийн 9 дүгээр уулзалтын арга хэмжээг зохион байгуулах буухиаг Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод албан ёсоор дамжуулан өгөхөө илэрхийлсэн уулзалтад хоёр талын албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Categories
мэдээ нийгэм

Наадмын арга хэмжээний найруулагчийг сонгон шалгаруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай тогтоол гаргалаа.

Тус тогтлоолоорүндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалшгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон, төсөл сонгон шалгаруулах ажлын удирдамжыг тус тус баталлаа. Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт төслөө битүүмжлэн ирүүлнэ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан тавьсан үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжилах юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТ, ХААЛТ,ТӨРИЙН
ХҮНДЭТГЭЛИЙН КОНЦЕРТИЙН НАЙРУУЛГА, ХӨТӨЛБӨРИЙН
ТӨСЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

2016 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Үндэсний их баяр наадмын соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төслийг нээлттэй сонгон шалгаруулна.

Нэг. Зорилго

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагаа, Төрийн хүндэтгэлийн концертыг төрөө хүндэтгэн, түүх, соёл, уламжлалаараа бахархах, наадамчин олны сэтгэлд нийцэхүйцээр зохион байгуулахад оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Монгол улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.

Гурав. Төсөл хүлээн авах хугацаа

Сонгон шалгаруулалтад оролцогч нь төслөө битүүмжлэн ирүүлэх ба төслийг 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл Нийслэлийн Соёл урлагийн газарт бүртгэж хүлээн авна.

Дөрөв. Төсөлд тавигдах ерөнхий шаардлага

“Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

  • Төслийн утга санаа, зохион байгуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, төрийн ёслол хүндэтгэлийн дэг журамд нийцүүлсэн байх;
  • Монгол төрийн түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлал, бахархалыг агуулсан байх;
  • Нээлт болон хаалтын үйл ажиллагаа нь уялдаа холбоо бүхий төгс шийдэлтэй байх;
  • Утга агуулга, зохион байгуулалтын хувьд өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээний найруулга, утга санаа, арга хэлбэрийг хуулбарлаагүй, шинэлэг байх, мөн уран бүтээлчид, үзэгч иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангасан байхаар төлөвлөсөн байх;
  • Найруулга утга санааг тухайн орон зай, цаг хугацаанд нийцүүлэн тодорхой шийдэлтэйгээр төлөвлөсөн байх
  • Орчин үеийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;
  • Баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үргэлжлэх хугацаа 40-45 минут байхаар төлөвлөсөн байх;
  • Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

Төрийн “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

  • Төсөл нь монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлэгдлийг агуулсан байх
  • Уран бүтээлчдийн сонголтыг концертийн найруулга, зохиолд нийцүүлэн олны танил, нэр хүнд бүхий мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байх;
  • Найруулага зохиомж, цаг хугацааг нарийн төлөвлөж, тайз декорацийг шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх
  • Тоглолтын үргэлжлэх хугацаа 60-80 минут байхаар төлөвлөсөн байх;
  • Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

Тав. Төслийн шалгаруулалт
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг ил тод, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан дээрх үндсэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжилна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулахыг хүсэв

Улаанбаатарт нээлтээ хийж буй АСЕП буюу Ази-Номхон далайн парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор ирсэн Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочинд АСЕП-ийн уулазлтад хүрэлцэн ирсэнд баяр хүргэж тавтай морилохыг урилаа. Тэрээр бас Итали нь Европын холбооны гишүүн орны хувьд Монгол Улсын зүгээс гаргасан санал санаачлагуудыг олон улсын түвшинд дэмжин ажилладагт талархал илэрхийлсэн юм.

Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол-Италийн харилцаа маш бат бэх бөгөөд олон улсын хэмжээнд болон НҮБ-ын хүрээнд бие биеэ дэмжин ажилладагт талархалтай байдгаа хариу илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүний өмнөх АСЕП-ийн 8 дугаар уулзалтыг эх орондоо, Милан хотод хийлгэж байсан эрхэм Пьетро Грассо энэ удаа Улаанбаатарт хүрэлцэн ирж туршлагаа хуваалцаж байгаад баярлаж буйгаа мөн хэллээ.

Италийн Сенатын танхимын Ерөнхийлөгч хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд гаргасан Ерөнхийлөгч таны гавьяаг би өндрөөр үнэлдэг. Би 43 жилийн турш шүүгчээр ажиллахдаа авлигын эсрэг ажилласан. Одоо ч гэсэн ажиллаж байна. Саяхан мөнгө угаах болон санхүүгийн хуурамч тайлан, баланс гаргахын эсрэх хууль, тогтоомжийн төслийг өргөн барьсан. АСЕМ, АСЕП-ийн уулзалтыг Монголд хийж байгаа нь Ази-Европыг холбох, түүний дотор Монгол-Италийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм” гэлээ.

Тэрээр мөн “Итали Улс нь Монгол Улстай арьс боловсруулах, хүнсний аюулгүй байдал, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, аюулгүй түгээлт, уул уурхай, харилцаа холбоо, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах боломжтой. Марко Пологийн үеийн торгоны замыг бодитоор сэргээж, Ази-Европ, Итали-Монголыг холбох боломжтой. Итали нь Европдоо ногоон эрчим хүчний чиглэлээр тэргүүн байр эзэлдэг. Нар, салхины эрчим хүчийг ашиглах чиглэлээр хамтарч ажиллах боломж нээлттэй харагдаж байна.

Мөн соёл, боловсролын талаар хамтран ажиллах боломжтойгоо Монгол Улсын Гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ илэрхийлсэн. Монголоос олдсон олдворуудыг музейд байршуулах, тэдгээрээс Италийн иргэдэд үзүүлж сонирхуулах, олон нийтэд дэлгэх талаар хамтарч ажиллах боломжтой. Монголын дуурийн дуучдыг Италид бэлтгэх чиглэлээр Соёлын яамд хооронд тохиролцоонд хүрсэн. Италийн жуулчдыг Монголд визгүй зорчуулах боломжийг нээж өгөхийг хүсч байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд “Хоёр орны харилцааг бэхжүүлэх талаар таны хэлсэн зүйлүүдтэй санал нэг байна. Бидний зүгээс АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад Италийн Ерөнхий сайд ирж оролцоно гэж хүлээж байгаа. Миний халуун дотно мэндчилгээг Италийн Ерөнхийлөгч Сержио Маттареллад дамжуулж өгөхийг хүсье. Монголд тавтай морилохыг дахин ерөөе” гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Булганыг цагдан хорих 461 рүү шилжүүлжээ

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр саатуулан баривчилж, сэжигтнээр тооцон цагдан хорьсон билээ. Б.Булганыг ямар нөхцөл байдалд цагдан хорьж байгаа, түүнийг ар гэрийнхэнтэй нь хууль журмын дагуу уулзуулахгүй байгаа гэх гомдол удаа дараа гарсан. Ингээд УИХ-ын гишүүн Лу.Болд, Ц.Оюунгэрэл нар Төв аймгийн хорих ангид очиж, Б.Булганы хоригдож байгаа нөхцөл байдалтай нь танилцсан. Улмаар УИХ-ын гишүүд Б.Булганыг цагдан хорихдоо цагдаагийн байгууллагаас эрхийг нь зөрчиж байгаа талаар мэдээлэл хийсэн.

Мөн өмгөөлөгч нь “Б.Булганы биеийн байдал маш хүнд байгаа. Гурав дахь шатлалын эмнэлэгт үзүүлж, оношилгоо хийлгэх шаардлагтай” талаар прокурорт өргөдөл гаргасан. Дээрх хүсэлтийг дагуу Улсын ерөнхий прокурорын газраас хүлээн авч Б.Булганыг өчигдөр цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлжээ.

Э.Баатар

Categories
мэдээ улс-төр

Чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан Үндэсний аюулгүй байдлын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаарх хэлэлцүүлгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй юм.

Харин үүний дараа Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураах болоход гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үдээс хойших чуулган санал хураалтаар эхлэхээр боллоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Зарчмын хувьд дэмжиж байна. Хэлэлцэх явцад анхаарах хэд хэдэн зүйл байна. Дэлхийн хүчний хуваарилалтыг харах ёстой. Мөнхийн хоёр хөрштэйгөө батлан хамгаалах салбарт ямар байдлаар хамтран ажиллах гэх мэт асуудалд анхаарах ёстой.

УИХ-ын дэд дарга Л.Цог: УИХ өөрөө батлан хамгаалах салбарын үндсийг баталсан учраас Батлан хамгаалах тухай хуулийг шинэчилж байна. Үүнд буруу байхгүй заавал хэлэлцэх ёстой. Батлан хамгаалах салбарын бодлого нягт нямбай байх ёстой, үүнийг анхаараарай. Ингээд хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:Монгол Улсын эрх ашиг гэж байдаг бол онцгой эрх ашиг нь батлан хамгаалах салбар юм. Энэ эрхэм зүйлийг хэлэлцэж байгаа парламентын байдлыг би эсэргүүцэж байна. Чуулганы танхимд есөн гишүүн сууж байна. Ийм байдалтай энэ чухал хуулийн төслийг хэлэлцэж болохгүй. УИХ-ын дарга нь “эхлээд хэлэлцэх эсэхийг шийдчих дараагийн парламент хаяна” гэж ярьж байна. Дараагийн парламент хаях юм бол бид хэлэлцэх шаардлага байхгүй. Үүрэг хүлээгээд эрхээ хасуулсан мянга мянган хүний эрх зүйн байдал, нийгмийн хамгаалал олон зүйл Батлан хамгаалах тухай хууль батлагдсанаар шийдэгдэнэ. Тиймээс яаралтай дэгээр хэлэлцээд батлаад явахгүй бол болохгүй. Тиймээс ирцээ бүрдүүлээд санал хураах хэрэгтэй.

Үдээс хойших чуулганаар Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтаар эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“ДЦС-3” -т гарсан гэмтлийн талаар тайлбар өгөв

Өчигдөр төвийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “ДЦС-3” ТӨХК-д ноцтой осол гарсан мэтээр мэдээллүүд гарсан. Үүнд “ДЦС-3” ТӨХК-ний зүгээс дараах тайлбарыг албан ёсоор өглөө.

Уг тайлбарт“2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 00.15 цагт “ДЦС-3” ТӨХК-ний 9 дүгээр зуухны хяналт удирдлагын системийн тэжээлийн блок гэмтсэний улмаас зуухны хэмжих хэрэгслүүд ажилгүй болсон тул үзлэг шалгалт хийхээр уг зуухыг 00.30 цагт зогсоосон. 01.35 цагт хяналт удирдлагын системийн тэжээлийн блокийг шинээр сольж, хэмжих хэрэгслүүдийг ажилд оруулан 9 дүгээр зуухыг галлаж, тээрмийн салхилуур “А”-г ажилд залгах үед зогсож байсан тээрмийн салхилуур “Б”-д огцом үлээлт явагдаж, тоноглолын тоосон системийн хамгаалах клапангууд нээгдсэн тул зуухны галлагааг зогсоон 04.20 цагт хамгаалах клапангуудыг хэвийн ажиллагаанд орууллаа” гэж дурджээ.

Дашрамд дурдахад урд орой нь буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн 22.00 цагийн үед тус станцын ойролцоох орон сууцны байрны орчимд барилгын хогийн цэгт барилгын хог шатах үед их дуу чимээ гарсныг оршин суугчид анзаарч нийтийн мэдээллийн сүлжээнд янз бүрээр таамаг дэвшүүлж мэдээлснээс олон нийтэд ташаа ойлголт өгөхөд хүрчээ.

Categories
мэдээ улс-төр

Г.Уянгын нам МНН-тай хамтран ”Нэгдмэл Монгол” эвслийг байгуулжээ

УИХ-ын гишүүн Г.Уянгын удирддаг Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намтай хамтран “Нэгдмэл Монгол” эвслийг өчигдөр байгуулжээ. Эвслийн баримт бичгийг Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга Г.Уянга, Монголын Ногоон Намын дарга О.Бум-Ялагч нар гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Тус эвсэл “Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр” гэсэн чиглэлтэй мөрийн хөтөлбөр боловсруулж, Аудитын Үндэсний Газарт хянуулахаар хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гурван хүн түймэрт өртөж амиа алджээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Баян-Уул багийн “Жаргалантын-Энгэр” гэдэг газар гарсан хээрийн түймэр тус аймгийн Булган сум, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт тархан шатжээ. Түймэрт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Тэмээн толгой” гэдэг газар мотоцикльтой зорчиж явсан дөрвөн иргэн хайрагдан түлэгдсэн байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин 10-15 настай 2 хүүхэд, 1 том хүн нийт 3 хүн түймэрт өртөж нас барсан бөгөөд одоогоор нэр, нас нь тодорхойгүй байгаа аж.

Ихэнх нутгаар салхи, шуурга ихтэй байгаа тул ард иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, ой хээрт ил задгай гал түлэхгүй байх, айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж занших, насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

ФОТО: Италийн парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо айлчилж байна

Өнөөдөр манай улсад Итали улсын парламентын Сенатын танхимын ерөнхийлөгч Пьетро Грассо айлчилж байна. Түүнийг өнөө өглөө УИХ-ын дарга З.Энхболд Чингисийн талбайд угтан авсан юм. Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөн бараалхлаа.

Ноён Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлэх юм.

Айлчлалын гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН