Categories
мэдээ спорт

Манай гурван тамирчин олимпийн эрхийн төлөө өрсөлдөнө

Олимпийн эрх олгох “Рио-2016” тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд Азийн аварга Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 75 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамичин О.Бурмаа нар олимпийн эрхийн төлөө барилдана.

Categories
мэдээ нийгэм

Сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын хүрээнд хэд хэдэн уулзалт болох юм. Өчигдрөөс АСЕМ-ийн хүрээнд зохиогдох уулзлат эхлээд байгаа. Эдгээр зочид төлөөлөгчид нь нэгдүгээр зэргийн хамгаалалттай зорчдог журамтай бөгөөд энэ өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Өнөөдөр буюу 4 дүгээр сарын 22-ний баасан гарагт сондгой тогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.Энэ өдрүүдэд дугаарын хязгаарлалтын үндсэн бүсээс гадна Наадамчдын гудамж, Дүнжингаравын гудамжны Төв аймаг руу салдаг уулзвараас Их тэнгэрийн уулзвар хүртэлх замдуудад 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлалтад орсон дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох “Рио-2016” тэмцээн эхэллээ

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance” тэмцээн маргааш “Буянт Ухаа” спортын цогцолборт эхэлнэ. Манай улсад анх удаа болж буй олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 80 орны 650 гаруй бөх 48 эрхийн төлөө өрсөлдөнө. Тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт нээлтээ хийх бөгөөд сонгомол барилдаануудын аваргуудыг тодруулж олимпийн эрх олгох бол бямба, ням гаригуудад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн жин тус бүрийн аваргуудыг тодруулах юм байна.

Бямба гариг /IV.23/

  • 9.00-15.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 58, 63, 69, 75 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
  • Ням гариг /IV.24/

  • 9.00-15.00 Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74, 86, 97, 125 кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
  • 18.00-20.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
  • Categories
    мэдээ цаг-үе

    Л.Гантөмөр: Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна

    УИХын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

    Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Түүнд ямар агуулга тусгасан бэ?

    -Төрөөс боловсролын талаар баримтлах 10 жилийн бодлогоо шинэчлээд баталсан байгаа. Ингэхдээ Монгол орны эдийн засгийн хөгжил 2026 онд ямар байх, үүнд боловсрол ямар үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхой хийж өгсөн. Монгол мэдлэгийн эдийн засагтай, шинжлэх ухааны орон болно. Энэ нь уул уурхай, хөдөө аж ахуйгаас татгалзана гэсэн үг биш. Мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эдийн засагт эзлэх жинг огцом нэмэгдүүлнэ. Түүнийг бүтээх ард түмэн, залуу үеийг бий болгоход боловсрол өөрийн зорилгыг чиглүүлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа. Мэдлэгийн эдийн засагтай буюу зөвхөн нүүрснээс хамааралтай эдийн засагтай орон биш байх энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд сургуулийн өмнөх боловсролын зорилтыг маш тодорхой зааж өгсөн. Энэ бол хүний насан туршдаа хөгжих хөгжлийн суурь үе юм. Мөн бага боловсрол бол өөрийгөө илэрхийлэх, сэтгэн бодох чадвар гэх мэт хүний хөгжлийн чадваруудыг эзэмших суурь үе. Суурь боловсролоо мэдлэг эзэмшихийн хажуугаар суралцах арга барилуудыг эзэмшсэн, шийдвэр гаргахад суралцсан, аливаад зөв хандах байдлуудыг эзэмшсэн байх зорилго агуулна гээд тодорхой зааж өгсөн л дөө. Түүнчлэн ахлах боловсролын гурван жилд бие дааж суралцах чадварыг олгоно. Мэдлэгийн эдийн засагтай орон болохын тулд насан туршийн боловсрол эзэмшдэг тийм Монголын ард түмэнтэй, боловсролын тогтолцоотой болох юм. Иймэрхүү байдлаар зорилгууд их тодорхой болсон байгаа. Дээд боловсролын дөрвөн жилийн хугацаанд тухайн мэргэжлийг өөрийн мэдлэг болгохоос гадна мэдлэгээ шингээж өөрөөр хэлбэл сэтгэн боддог, шинээр төлөвлөдөг. Сургууль төгсөөд гарахдаа өөрийн бизнесээ эхлүүлж чаддаг. Тэр бизнесээ эхлүүлэхэд төр нь дэмжлэг үзүүлдэг байх зорилтуудыг дэвшүүлсэн. Сургууль болоод бусад байгууллагуудынхаа шинжлэх ухааны чадамжийг нь өргөжүүлнэ. Шинжлэх ухааны үнэ цэн, зардлын хэмжээг нэмэгдүүлнэ. Ажиллах орчныг нь бүрдүүлж өгнө. Тухайлбал, их сургуулийн багш нар хичээл заахын хажуугаар судалгаа хийдэг цагтай, судалгааны ажлын орлоготой байдаг. Цаашдаа ажлынхаа үр дүнгээр эхлэлийн компани байгуулах юм бол тухайн компанийн үйл ажиллагааг дэмжсэн орчин бүрдүүлдэг болно. Бид саяхнаас хоёр ч шинжлэх ухааны паркийн үйл ажиллагааг эхлүүлээд байна шүү дээ. Нэг нь хуучнаар Технологи инновацийн төв байсан бол одоо МУИС, ШУТИС-ийн дэргэдэх шинжлэх ухааны парк болж байна. Ийм цогц боловсролын шинэ бодлогыг УИХ баталсан.

    Бодлогын баримт бичигтэйгээ уялдуулаад Боловсролын тухай хуулиудын хэлэлцүүлэг явж байна. Үүнд орж буй өөрчлөлтийн талаар?

    -Хуульд өөрчлөлтөө оруулаад эцсийн хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна. Хуулийн өөрчлөлт дээр мэдээж сургуулийн өмнөх боловсролыг олгоход дээр хэлдэг хөгжлийн суурь үеийг хангахын тулд зайлшгүй хийгдэх тодорхой тодотголууд хийж байна. Бага боловсролоо дэмжсэн маш тодорхой бодлогууд орж байгаа. Жишээ нь, сумын сургуулийн сургалтын зардал дээр итгэлцүүр тогтоогоод тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх хууль батлагдаж байна. Мөн малчны хүүхдийн нэгдүгээр ангийн боловсролыг заримд нь зайны сургалтын хэлбэрээр олгох боломжийг бүрдүүлэх санал хууль дээр дэмжигдээд явж байна. Дээд боловсролын байгууллагуудыг бие даалгах, хараат бус болгох маш тодорхой санал санаачилгууд гарч ирж байгаа. Ялангуяа удирдах зөвлөл рүү эрх мэдлийг шилжүүлж байна. Удирдах зөвлөл нь хараат бус байх эрхийг нь хуульчилсан. Ашгийн төлөө ажиллах боломжийг нь гаргаж өгч байгаа. Нэг үгээр судалгааны ажлуудаар дамжуулаад дэргэдээ компани байгуулах, эдийн засгийг солонгоруулах боломж дээд боловсролын байгууллагуудад байна. Тийм учраас эрхийг нь шилжүүлж өгье гэж байгаа.

    Мөн сургуулиудын чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой алхам хийлээ. Сүүлийн хоёр жил бид магадлан итгэмжлэлийн байгууллагыг хөл дээр нь зогсоохын тулд олон улсын магадлан итгэмжлэлийн бүхий л байгууллагуудтай хамтарч ажиллалаа. Магадлан итгэмжлэлийн байгууллага нь хянадаг байхаас гадна хөгжүүлдэг энэ чадамжийг бид хийж өгсөн. Хуулиар бодитой магадлан итгэмжлэлээр орж байж хөтөлбөрөө батлуулдаг, сургалтын эрхээ авдаг магадлан итгэмжлэл нь тухайн байгууллагын хөгжлийг тодорхойлдог, хаадаг, нээдэг эрхтэй бие даасан байгууллага гаргаж өгч байгаагаар том давуу талтай. Хувийн сургууль зөвхөн үүсгэн байгуулагчийн эрх мэдэлд байдаг биш хувийн сургууль ч хараат бус удирдах зөвлөлтэй. Удирдах зөвлөл сургуулийнхаа хөгжлийг тодорхойлдог болно. Өөрөөр хэлбэл сургалтын байгууллага нэг хүнийх биш олон нийтийн байгууллага болж хөгжих шаардлагууд шинэ хуульд сууж байгаагаараа ач холбогдолтой.

    Малчны хүүхдийг заавал зургаан настайд нь сургуульд элсүүлэхгүй байж болох тухай асуудал олны анхаарлыг их татаж байгаа. Хэрэв малчдын хүүхэд сургууль завсардах эрхтэй болчихвол үеийнхнээсээ орхигдох, ингэснээр гадуурхагдаж малчин хэвээрээ үлдэх юм биш үү?

    -Ер нь бол зургаан настайгаасаа сургуульд орж эхэлдэг зарчим өөрчлөгдөөгүй. Хуулиар зургаан настайгаасаа сургуульд орно. Үнэхээр амьдралын шаардлагаар долоон настайд нь оруулъя гэвэл зургаан настайд нь зайны сургалтад хамруулдаг байх юм. Зайны сургалтыг бид Архангай, Өвөрхангай аймгуудад туршиж үзсэн. Олон улсын байгууллагуудтай хамтраад туршилтын ажил хийчихлээ. Болж байна. Хүүхдийн хөгжил гэрийн нөхцөлд яаж хийгдэх вэ. Яаж үлгэр ном зохиолтой танилцах ажлыг хийж болох вэ гэдэг ажлуудыг өнгөрсөн хоёр жил бид сургуулийн өмнөх боловсролыг хувилбарт сургалтаар малчдын хүүхдүүдийг сургах ажлыг зохион байгуулаад үр дүнд хүрчихлээ. Одоо тэр нэгдүгээр ангидаа үнэхээр дотуур байранд байж чадахгүй. Нөгөө талаар сургуульд сурч чадахгүй хүүхдүүдийн талаар тодорхой шийдлийг сургуулийн зөвлөлд эрхийг нь олгож байгаа. Сургуулийн зөвлөлд багш, эцэг эх, төгсөгч, сум орон нутгийн удирдлагуудын төлөөлөл бий. Тэр улсууд ярилцаад зайны сургалтад хамруулах уу, дотуур байрандаа байлгах уу гэдгийг шийднэ. Ер нь бол бид энэ дотуур байрны нөхцөл боломжийг сайжруулах бодлогыг хуульд хийж байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, хувьсах зардлыг сумын сургууль дээр нэмж өгч байгаагийн цаад шалтгаан дотуур байрны нэгдүгээр ангийн хүүхдийн асрагч багш гэдэг орон тоог бий болгоё гэж байгаа. Хэрвээ асрагч багштай болчих юм бол нэг сумын дотуур байранд 7-10 нэгдүгээр ангийн хүүхэд байгаа юм. Тэгэхээр тэдэнд зориулсан бүтэн өдөр ажилладаг багш байна гэдэг бол заавал зайны сургалтад хамрагдахгүй байх боломж бүрдэнэ гэсэн үг. Тийм учраас бид уян хатан, нэг хоёр хүүхэд дээр асуудал гарвал шийдэж чаддаг байя гэж байгаа. Түүнээс биш хавтгайрсан зүйл бол аль ч түвшиндээ явахгүй. Манай малчдын нэгдүгээр ангид орж байгаа хүүхдийн тоо 10 мянга орчим байгаа. Үүнээс 600 гаруй нь долоон настайдаа ороод байгаа. Яг одоо тэгж ороод байгаа үзэгдэл байгаа байхгүй юу. Энэ байгаа нөхцөл байдлыг бид илүү хүүхдийн ая тух, хүмүүжилд сөргөөр нөлөөлөхгүй байх талаас нь харгалзсан, амьдралд нийцсэн байдлаар зохиох шаардлага байна. Бид хувилбарт сонголтуудыг бий болгож өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Түүнээс долоон настай оруул гэсэн хууль биш шүү дээ.

    Хүмүүсийн дунд аль нэг сайд гарч ирээд боловсролын бодлогыг өөрчлөөд байгаа мэт ойлголт байдаг. Хүүхэд бүрийг тэгш хамруулах хөтөлбөрийг та эхлүүлсэн. Энэ цаашдаа хэр тогтвортой байх бол?

    -Монголын боловсролын хөгжил бол улс орныхоо нийгмийн хөгжлийг тодорхойлж ирсэн л дээ. Одоо нийгмийнхээ хөгжлийг харахад манай улсад гарцаагүй мэдлэгт суурилсан нийгэм байгуулагдана. Мэдлэгт суурилсан нийгэм Монголд байгуулагдах юм бол энэ нийгмийг байгуулах улсууд нь хүн бүр хүн талаасаа хөгжсөн байх хэрэгтэй. Тухайн нийгмийг авч явах хүмүүсийг гаргаж ирэх, тэр нийгмийг бий болгох эздийг гаргаж ирэхийн тулд хүн бүрээ хөгжүүлэх шаардлагатай. Ингээд хүүхэд төвтэй сургалт руу ухрахгүйгээр урагшиллаа шүү дээ. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого нь өмнөх бодлогуудаас тэс өөр зүйл биш. Манай багш нар үнэхээр хичээж ажиллаж байсан. Цаашдаа ч хичээж ажиллах болно. Харин төрийн бодлого нь өөрөө багш бүрийн, хүүхэд бүрийн хөгжлийг дэмждэг ийм төрийн бодлого байх хэрэгтэй. Энэ бол цаг үе нь өөрөө шаардсан шаардлага юм л даа. Мэдээлэлжсэн нийгэм бий боллоо. Хэдхэн жилийн өмнө гар утас гэж ямар юм байлаа. Компьютер юу байлаа. Маргаашийн гар утас, интернэтийн хурдыг төсөөлөөд үз. Маргаашийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл барилгын ажлыг төсөөлөөд үз. Барилга, автомашины стандарт бүгд хувьсан өөрчлөгдөнө. Япон, Сингапур, Америк 2030 онд хөдөлмөрийн зах зээлээ харах юм бол үйлдвэрлэлийн салбар ихэнхдээ автоматжих юм байна гэж байна. Тийм учраас энэ ард түмэн маань ямар ажил хийх вэ. Гарцаагүй дулаарлаас болоод хөдөө аж ахуй өөрчлөгдөнө. Монголын барилгажилтын ажил технологийн шинэчлэлээ дагаад өөрчлөгдөнө. Үйлдвэрлэл автоматжина. Тийм учраас Монголын ирээдүй яаж амьдрах вэ гээд харах юм бол цоо шинэ мэдлэг үйлдвэрлэдэг л ард түмэн болно. Нэг үгээр хэлбэл өөрөө өөрийнхөө амьдрах орон зайг тодорхойлж чаддаг болно. Үүнийг гаргаж ирэхийн тулд хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого гарцаагүй цаашаа үргэлжлэнэ. Өнөөдөр дөрвөн жил яваад үр дүнгээ өгчихөж байгаа гэж болохгүй. Энэ бол урт хугацааны бодлого. Бид үүнд зориулж багш нараа бэлдэж байна.

    Багшаар суралцвал сургалтын төлбөрөөс хөнгөлдөг хөнгөлөлтөөр үү?

    -Сүүлийн дөрвөн жил бид өндөр оноотой элсэгч буюу сайн сурдаг залуучуудаа үнэгүй сургалаа шүү дээ. Энэ залуус багш болж ажлын байран дээрээ очоод дахиад хөгжинө. Арынх нь залуучуудыг бид бас багш болгоно. Сургуулийн удирдлагын менежмент өөрчлөгдөж байна. Цахим засаглал бий болчихлоо. Ингээд энэ юм цаашаагаа хөгжинө. Хөгжихдөө нэр томьёоны хувьд өөрчлөгдөж болно. Би дахиад хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлого үргэлжлээд явахдаа нийгэмд илүү нээлттэй боловсрол болж хөгжинө гэж харж байгаа. Нийгмийн илүү оролцоотой болно гэж харж байна. Аймаг орон нутгийн удирдлагууд оролцдог, музей номын сан сургалтын нэг хэсэг болж оролцдог болно. Дээд сургуулийн байгууллагатай Засгийн газар хамтраад асуудлаа шийддэг. Өөрөөр хэлбэл илүү нээлттэй, нийгмийг урагшлуулсан бодлого болж дараагийн 2020 оноос хойш тийм хөгжил биднийг хүлээж байгаа.

    Жишээлбэл, Дэлхийд өрсөлдөх монгол хүн хөтөлбөрийн хүрээнд дэлхийн шилдэг сургуульд суралцаж байгаа бодлого улам л хүрээгээ тэлнэ. Урьд нь манайхаас жилд гурав дөрөвхөн хүүхэд дэлхийн шилдэг 100 сургуульд явдаг байсан бол саяын дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 350 хүрэх гэж байна шүү дээ. Энэ бол гайхамшиг. Дараагийн дөрвөн жилд 350 чинь 1000 хүрнэ. Тэрний дараагийн жилүүдэд 2000 хүрнэ. Тэр залуучууд Монголдоо ирэхээрээ цоо шинэ зүйлийг хийнэ. 1000 инженер төсөл дуусахад 2000 инженер болж гарч ирнэ. 1000 инженер төслийн хүрээнд бид дэлхийн шаардлага хангасан 400 гаруй багштай болно. Дэлхийн шаардлагад тохирсон тэргүүлсэн инженерийн сургалтын хөтөлбөртэй болох юм. Одоо анагаахын их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэгт дэлхийн хүмүүс ирж сурдаг, судалгаа хийдэг төв болно. Тэгээд юм гэдэг урагшаа хөгжөөд л байна.

    Танай газрын даргатай холбоотой Мүүний шашны талаар нэг хэсэг шуугилаа. Түүнээс шалтгаалаад ажлаас халагдах өргөдлөө өгч, мэдээлэл хийсэн. Энэ үйл явдлыг юу гэж үзэж байна вэ?

    -Хүүхдүүд чинь биднээс илүү болчихсон. Илүү байгаа нь мэдэгдээд байна. Жишээлбэл MIT-д дөрвөн жил тасралтгүй хүүхэд элслээ. Дэлхийн шилдэг 20 сургуульд тасралтгүй 50-60-аараа тэнцэж байна. Энэ чинь тэр их том том хүн амтай оронд ч олдоод байдаггүй чадвар шүү дээ. Мөн багш нараа муулдгаа боль. Ямар хичээл заахаа багш нар мэдэж байгаа. Тэд чинь боловсролтой хүмүүс шүү дээ. Ганц нэг дутагдал байж болно. Түүнийг нь 40, 50 мянган хүнд нялзааж ярьдгаа болих хэрэгтэй. Багш нараа хүндэлдэг, хайрладаг болох хэрэгтэй. Тэд ар гэрээ хаяад зүтгэж байгаа шүү дээ. Тэд Л.Гантөмөр үүнийг заа гэхээр заадаг юм биш. Сургууль бол шинжлэх ухааны мэдлэг өгдөг газар. Энэ ямар ч шашинтай холбоотой байх үндэс байхгүй. Шинжлэх ухаан шашин хоёр чинь тусдаа зүйл. Шинжлэх ухаан бол батлагдсан нотлогдсон ажлыг ажил хэрэг болгодог. Шашин бол төсөөлөл шүү. Баталгаа байхгүй. Дахин хэлэхэд боловсрол бол шинжлэх ухаан. Одоо сонгууль дөхөхөөр янз бүрийн дайралт зөндөөн ирэх байх. Боловсролын салбарыг ч тойрохгүй. Гэхдээ дөрвөн жилийн турш боловсролын салбарын тухай юу ч яриагүй хэрнээ одоо шүүмжилж байгаа хүмүүс бол улстөржиж л байгаа хэрэг шүү дээ. Буруу байвал цаг тухайд нь анхааруулж байх хэрэгтэй биз дээ. Би тэр улстөржихийг хүсч байгаа хүмүүст зориулаад танай сониноор ганцхан үг хэлмээр байна. Монголын хүүхдүүд рүүгээ битгий нулимаарай. Монголынхоо багш нар руу битгий нулимаарай. Монголын боловсрол чинь 90 жилийн түүхтэй юм. Цаашаа улам хөгжиж, шинэчлэгдэнэ. Шинэчлэл, чанар, хөгжил гэдэг үгнээс битгий ай. Энэ чинь хийгдэх ажил. Өөрчлөлт гэдэг үгнээс битгий ай. Бүх хүн төрөлхтөн өөрчлөгддөг юм. Тийм учраас урагшаа харъя, хөгжил рүүгээ явъя гэж хэлмээр байна. Хөгжлийг авчрах тэр ард түмнийг төрүүлье. Түүний төлөө л бид явах ёстой. Тэгж байж л энэ гүрэн үнэхээр сайхан амьдардаг ард түмэнтэй болно. Бусад юмаар улс төрөө хийцгээ. Боловсролоор улс төр хийх бол гэмт хэрэг шүү гэж хэлмээр байна. Монголын хүүхдүүд улс төрийн талбар болж болохгүй. Өнөөдөр чаддаг юм бол энэ асуудлуудаа шийд л дээ. Байгалиа хамгаал л даа, уул уурхайгаа хөгжүүл л дээ, эдийн засгаа босго л доо. Тэр дээрээ маргалд.

    Б.Насанбаяр өргөдлөө өгч байгаагаа мэдэгдэж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?

    -Тэр өргөдлийг надад өгдөг зүйл биш шүү дээ. Төрийн албаны хуулиараа яамны төрийн албаны салбар зөвлөлд өгдөг. Төрийн албаны салбар зөвлөл нь асуудлаа шийддэг. Мэдээж тэр ажил хийж байсан хүн гэнэт ажил өгөхөд хүрвэл ажлаа хүлээлцэх, зарим нэг зүйлээ эзэнтэй болгох гээд процессууд явагдах л байх.

    Та нийслэлээс сонгогдсон УИХын гишүүдийн нэг. Сонгууль дөхсөн энэ үед Сонгуулийн хуульд янз бүрийн өөрчлөлт оруулах санал гарч байна. Үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

    -Ирээдүйн Монголын хөгжлийг яаж хийх вэ гэдгийг бодож, үүний араас явдаг хүмүүс бол нэг, хоёр удаагийн сонгуулийг үнэхээр анзаардаггүй юм байна. Яг үнэнийг хэлье. Сонгуулийн хуулийн талаар анзаарч байгаа юм надад юу ч алга. Дахиад жаахан хугацаа байна. Энэ ахлах ангийн хөтөлбөрийг дуусгамаар байна. Бүтээлч оюутны тэтгэлгээ өгчихмөөр байна. Би бол энэ сонгуульд ямар хэмжээнд оролцож чадахаа мэдэхгүй байна. Үнэхээр анхаарахгүй байгаа. Тэр талаар бодох зав гарахгүй байна.

    Та ирэх сонгуулиар Сүхбаатар дүүрэгтээ өрсөлдөх үү?

    -Ардчилсан нам өрсөлд гэвэл өрсөлдөнө. Боль гэвэл болино. Бид чинь намынхаа даалгавраар л явж ирсэн хүмүүс шүү дээ. Миний улстөрийн амьдрал тодорхой болсон. Би мэдлэгийн эдийн засгийг Монголдоо бий болгохын төлөө бүх амьдралаа зориулна. Хүмүүс мөрөөдлөө гаргаад түүндээ улс төрийн олж авсан боломж бололцоогоо дайчлах нь надад зөв санагддаг. Юм болгон руу ороод зөв буруугийн талаар бодоод судлаад байх тийм цаг хэнд ч байхгүй. Тийм учраас нам яв гэвэл явна. Гэхдээ би хүүхэд нэг бүрийг хөгжүүлдэг бодлогоо улам эрчийг нь авхуулахын төлөө улс төрийн үйл ажиллагаанаас ухрахгүй. Улс төр гэдэг дотор зөвхөн Их хурал ч юм уу нэг намын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Хэдэн мянган багш, эрдэмтэнтэйгээ хамтраад хийж байсан ажлаа улам өндөр түвшинд гаргахын төлөө зүтгэнэ.

    Ж.БАЯРСАЙХАН

    Categories
    мэдээ цаг-үе

    Ч.Галсан: Энэ төхөөрөмжийг би биш Вилхелм Райх бүтээсэн

    Зохиолч Ч.Галсан бороо оруулдаг нэгэн төхөөрөмж бүтээсэн байна. Түүнийг нь өчигдөр ДарханУул аймагт болох нэгэн үзэсгэлэнд тавихаар авч явжээ. Ингээд бороо оруулагчийн талаар бид Ч.Галсан гуайгаас өөрөөс нь тодруулсныг сонирхуулъя.

    Та маргааш Герман явах гэж байгаа гэсэн. Аль хотод очих вэ. Бодвол уншигчидтайгаа уулзах байх?

    -Штуттгарт хот орно. Энэ удаад би Туркээр дамжиж явна. Эхлээд Киргизийн нийслэл Бишкек, дараа нь Туркийн Истанбул орно. Тэндээсээ онгоцоо солиод маргааш оройдоо Штуттгартын онгоцны буудалд буух санаатай байна. Штуттгартын ойролцоо Нюртинген гэдэг жижигхэн хотод менежер маань амьдардаг. Тэр намайг тосч авах юм. Ирэх сард хийх ажлаа танилцуулна. Би бол менежерийнхээ ажилд ерөөсөө оролцдоггүй, хэрэгтэй үедээ надад юмаа танилцуулдаг. Би их ажилтай байдаг тул тэр болгон мэдээлэл аваад байхыг хүсдэггүй. Менежер маань олон жил надтай ажиллаж байгаа, туршлагатай ч болсон. Би энэ удаад Швейцарь, Австри, бас Германы хэд хэдэн хотоор орох ажилтай.

    Таныг бороо оруулдаг төхөөрөмж хийсэн гэж сонслоо. Энэ төхөөрөмжөө танилцуулбал манай уншигчдад сонин байх болов уу?

    -Төхөөрөмжийн тухай яриагаа холоос эхэлье. Би бол өөрийгөө оточ хүн гэж боддог. Оточ эмч гэхээр надад диплом байхгүй. Би бүр багаасаа багшийгаа дагаж хүн эмчлэхийг заалгасан. Таван настайгаасаа эхлээд. Хуянтай хөгшчүүлийг барьж, иллэг хийж тайвшруулна. Малын өвчнийг ихэнхдээ эмчилчихнэ. Адуу, хонь, ямаа, үхэр дөрөвдөө бол гайгүй. Тэмээ сайн мэдэхгүй. Гэхдээ тэмээтэй ноцолдсон. Ингээд нэг удаа бодож байсан чинь дэлхий ээж маань бүр болохоо байжээ. Бид чинь дэлхий ээж гэж ярьдаг шүү дээ. Монгол орныг өөрийнх нь үр хүүхдүүд алж, тонож байна, тиймээс үүнийг эмчлэх хэрэгтэй юм байна. Ингэхийн тулд би юу хийж чадах вэ гэж бодлоо. Нөгөө уулын модыг бүгдийг нь хөрөөдөөд байхад би түүнийх нь оронд шинэ мод тарьж байна. Би нэг сая модыг өөрийн хөрөнгөөр тарьж ургуулна гээд үүрэг авчихсан. Одоогийн байдлаар 550 мянган мод тарьчихаад байгаа. Гэхдээ зөвхөн газрыг эмчлээд нэмэргүй. Газар тэнгэр хоёр чинь нэг гэр бүл, эхнэр нөхөр, аав ээж хоёр шиг гэсэн үг шүү дээ. Тэнгэрт маань их зовлон байна. Юу гэвэл Монгол орны зовлон ган гачгаас болж байна. Яаж ган гачгийг давах вэ гэж бодлоо. Шинжлэх ухааны арга, шүтлэгийн аргаар аль алинаар нь бодсон үүнийг давах арга байна. Ингээд эрээд явж байтал задач гэж хүмүүс байсныг олж мэдлээ. Зад гэж хүн төрөлхтний хамгийн эртний шинжлэх ухаан. Одон орны ухаантай яг зэрэг гарч ирсэн. Түүнийг хийж байсан хүмүүс нь дуусаад үг нь үлдчихсэн. Тэнгэр задарвал яах вэ. Зав авна, зад тавина гэдэг. Шувууны зад гэж сонссон уу. Нүүдлийн шувуу ирж буцахад тэнгэр эвгүйтдэг. Нүүдлийн шувуу ирсний дараа хур тунадас ордог. Манай баруун Алтайд бол цас л ордог юм. Задын цас ч гэж ярьдаг. Холаш гэж нэг өвөө байлаа. Тэр санаанд маань орлоо. Зун халж бороо орохгүй өвс ногоо хатаад ирэхээр “Холаш өвөөг нэг залж авчирна байгаа” гэдэг байсан. Жаахан хар өвгөн ирээд сүү, архи, цайныхаа дээжийг авчир гэнэ. Сан тавьчих гээд арц асааж амандаа юм бувтнаж дом хийгээд за одоо болно биз дээ гээд явчихдаг. Тэр шөнөдөө, маргааш нь, удлаа гэхэд нөгөөдөр нь заавал бороо орно. Ийм хүмүүс байжээ. Бусад орны ардын аман зохиол, хүмүүсийн яриаг сонсож байхад хүмүүс тэнгэртэй шууд харьцдаг байж. Шинжлэх ухаан техник хөгжихийн хэрээр хүмүүс тэр чадвараа алдсан. Зун халуу шатаад ирэхээр хөгшчүүл шүдтэй хүүхдүүд гараад исгэр гэдэг байсан. Исгэрэхэд салхи сэвэлзээд л ирдэг. Хавар бол тэнгэр задраана гээд исгэрүүлдэггүй. Социализмын үед Майн баярыг хөдөө хүртэл тэмдэглэдэг байсан. Дөрөвдүгээр сарын сүүлээр хүмүүс чинь салхи хөдлөхөөс өмнө амжуулъя гээд туг далбаагаа хийсгэдэг байлаа. Энэ бүхнийг бодоод үзэхэд манайхан тэнгэртэй харьцдагаа мартаагүй. Ядахдаа салхи хэрэгтэй бол исгэрдэг. Зун гэрт ороод ирэхэд зуухны яндан хүүгэж байдаг даа. Нэг соролт явагдаад байна. Энэ бүхнийг бодож үзсэний эцэст нэг арга байна гэж бодлоо. Шинжлэх ухаан талаас нь хайхад Вилхелм Райх гэдэг хүний нэр гараад ирсэн. Тэр бол 1897 онд Австрид төрсөн еврей хүн юм. Тэр хүн бол гоц ухаантай хүн байсан. Бас жаахан шизофрин маягийн юмтай. Их ухаантай учир академийнхаа нөхөдтэй таарамж муутай байж л дээ. Тэр хүн маш их нээлт хийсэн. Нобелийн шагналыг хоёр удаа авдаг байсан бол энэ хүн л авах ёстой байсан. Европын эрдэмтэд түүнийг ихэд гадуурхсан. Яагаад гэхээр тэр нэг элементийг нээжээ. Тэр нь оргон. Хагд өвсийг (үхчихсэн өвс) усанд хийчихээд хэд хонуулжээ. Усыг нь шинжлүүлэхэд амьд биетүүд байсан гэдэг. Тэрнийг оргон гэж нэрлэсэн. Вилхелм Райхын сургаалыг малчны хүү би нэг үгээр орчуулж ойлгосон. Юу гэвэл тэнгэр нүдтэй, тэмээ шүдтэй гэж. Тувачууд ингэж хэлдэг юм. Вилхелм Райх үүнийг л нотолсон. Юу гэхээр газар дээр болж байгаа бүхнийг тэнгэр мэдэж байдаг. Тэнгэр өөрийн гэсэн ухамсартай. Сайн юм болоход сайнаар хариулдаг. Муу юмыг муугаар нь дарж өгдөг. Европ эрдэмтэд үүнийг мухар сүсэг гээд хүлээн зөвшөөрөөгүй. Вилхелм Райхын ярьж байгаа энэ зүйлс бол сүм хийдийн эсрэг гэж буруутгаж байсан. Тэр хүн шал өөр юм яриад байж л дээ. В.Райх Америк руу гарсан. Гэтэл бас л түүнийг ойлгоогүй, түүнийг шоронд хийж зүйл дууссан. Энэ бол 1951 оны явдал. Түүнийг Америк ч хүлээн зөвшөөрөөгүй бүх номыг нь шатаасан байдаг. Ингээд нэг хэсэг чимээгүй байж байхад Европт үлдсэн шавь нар нь түүний номнуудыг цуглуулж дахин хэвлүүлсэн.

    Тэгэхээр Вилхелм Райхын хийсэн судалгаан дээр үндэслэн та энэ төхөөрөмжийг хийсэн гэсэн үг үү?

    -Тийм. Би энэ төхөөрөмжийг бүтээсэн юм биш. Хүмүүс буруу ойлгосон байна лээ. Түүнийг бүтээсэн хүн бол Вилхелм Райх. Амьд байхдаа 1945-1947 онд шүү дээ. АНУ-ын Невадад элсэн цөлд цөмийн бөмбөг туршиж юу ч үгүй болгосон. Тэр цөлийг дахин юм ургуулж ногооруулж өгсөн ачтай хүн.

    Энэ төхөөрөмжийг Арабын орнуудад аль хэдийнэ хэрэглэж байгаа гэсэн?

    -Бараг 15 жилийн өмнөөс. Арабын орнууд бүгд ийм төхөөрөмжтэй. Нэрийг нь “Cloudbuster” гэдэг. Үүл бутлагч гэж орчуулах юм уу даа. Гэхдээ нэр нь оноогүй. Үүл бутлагч биш үүл бий болгогч гэсэн үг. Вильхелм Райхын энэ төхөөрөмжийг дэлхийн олон орон хэрэглэж байгаа. Газрын дундад тэнгисийг тойрсон орнууд.

    Элсэн цөлтэй газруудад гэсэн үг үү?

    -Бороо ордоггүй газар. Ердөө л бороо оруулахын тулд. Үүл гаргах, гарсныг нь доош нь татах.

    Энэ төхөөрөмж яаж ажилладаг юм бэ?

    -1945 онд Казахстаны Семипалатинскт оросууд цөмийн зэвсгээ анх ил дэлбэлж эхэлсэн. Оросууд Семпалатинскт надад мэдэгдэж байгаагаар 470 удаа цөмийн бөмбөг туршсан байдаг. Үүний тоос шороо, хог нь Монголд орж ирсэн. Монголын салхи дандаа баруун хойноос шүү дээ. Ингэж биднийг хордуулсан. Хятадын Лоб нуурт цөмийн туршилтын талбай байдаг. Монголын бараг хил дээр шүү дээ. Хятадууд өмнө зүгээс салхитай өдрөө туршилтаа хийдэг. Ингээд Монголын нөгөө талаас бас хор орж ирж байна. Монголын Мардайгаас уран олдчихсон гэж байна. Ингээд Төв Азийн өндөрлөг газрыг хаагаад нүдэнд үл үзэгдэх бүслэлт бий болчихсон. Тэр хана нь гадаад далайн үүлийг нэвтрүүлдэггүй. Үүл ойртохын аргагүй битүү хана босчихож. Тийм учраас ган болж байна. Өөрөөр хэлбэл бид том цөмийн бөмбөлөг дотор сууж байна гэсэн үг. Миний багажийн онцлог нь гэвэл тэр 20 том трубаны арав нь усан дотор, арав нь босоо байрлалтай. Таван метрийн диаметртэй бассейнд байгаа. Нэг талаас нь ус ороод гарахад эргүүлэг үүснэ. Энэ бол усны эргүүлгийг ашиглаж байгаа хэрэг. Үүнд цахилгаан, зай энэ тэр хэрэггүй. Байгалийн хуулийг ашиглаж байгаа юм. 20 ган труба гэдэг бол маш хүчтэй. Ганц гэрийн яндан яаж хүнгэнэдэг билээ. Түүн шиг 20 труба зэрэг сороход тэр битүү ханыг цоо сорно. Түүнийг цоолоход нураад эхэлнэ дээ. Ингээд л гадаад далайгаас хаагдаад байсан чийг ороод ирнэ. Тэр чийгийг л энд татаж буулгана. Энэ багажийг ажиллуулаад эхэлмэгц маш хүчтэй салхи гардаг. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр бид анх энэ төхөөрөмжийг ажиллуулахад хүчтэй салхи дэгдсэн. Уржигдар бас салхи дэгдсэн. Тэр чинь энэ багажтай шууд холбоотой. Уржигдар бид багажаа нэлээд ажиллуулсан юм. Орой нь жаахан цас орсон доо, 2014 онд мөн л ингэсэн. Тэр өдөр агаарын хэм дөрвөөр доошилж хүйтэрсэн. 2012, 2013, 2014 онуудад бороо их орсон. Гэтэл 2015 онд ороогүй. Би өнгөрсөн жил энэ төхөөрөмжийг ажиллуулахад нь Германд байсан. Гэтэл бороо ордоггүй. Энд ирээд харахад салхинд эвдрэх гээд байна гээд троссоор хүлээд хаячихсан байсан. Тэгэхлээр яаж ажиллах билээ. Арван труба чинь чөлөөтэй хөдөлж байх ёстой. 180 градусын чөлөөт хөдөлгөөнд байх ёстой л доо.

    Энэ төхөөрөмжийг хийхэд аль зэрэг их хугацаа зарцуулсан бэ?

    -Бэлтгэл ажлаа их удаан хийсэн. Трубануудаа Германаас авчруулсан. Бавариас жинхэнэ дээд зэргийн ган труба захиалж авчруулсан. Урт нь дөрвөн метр. Би энэ төхөөрөмжөө нэг газар таван жил туршъя гэж бодсон юм. Энэ бол тэнгэр лүү буудахаас огт өөр. Үүл буудахад маш үнэтэй шүү дээ. Тэгээд ч тэнгэр рүү буудна гэдэг нүүдэлчин хүний сэтгэлд нэг л буухгүй байгаа юм. Бид бол залбирч авч байгаа. Эхлээд бид ёслол үйлддэг.

    Төхөөрөмжөө ажиллуулж эхлэхээсээ өмнө гэсэн үг үү?

    -Тийм. Сүү, цайныхаа дээжийг өргөж, тэнгэрээсээ гуйна.

    -2012 онд бүтээсэн гэдэг чинь та дөрвөн жил туршсан юм байна шүү дээ. Үр дүн нь харагдсан гэсэн үг үү?

    -Миний хувьд харагдсан. Надаас олон хүн энэ төхөөрөмжөө өгөөч гэж гуйсан. Намайг их л баян хүн гэж боддог юм шиг байна. Үүнийг бүтээхэд би 50 сая төгрөг зарцуулсан. Алжирийн Мажид Адель Азиз гэдэг хүнийг урьж авчирч ажиллуулсан. 12 хоног шүү дээ. Ингэхдээ нэг цагийн 100 еврогоор хөлсөлсөн. Энэ хүн “Диваажин” гэдэг гайхамшигтай цэцэрлэг байгуулсан.

    Тэгэхээр олон газар очиж энэ төхөөрөмжийг хийж өгсөн гэж та ярилаа. Тэр газар болгонд нь бороо ороод ган гачиггүй байгаа гэсэн үг үү?

    -Янз бүр гэсэн. Газрын дундад тэнгисийг тойрсон орнуудад бүгдэд очиж түүнийг хийж өгсөн. Тэнгисийн хажууд оршдог орнуудад ган болж байна гэхээр сонин байгаа биз. Тэр орнуудад нэг хэсэг ямаа их өссөн гэсэн. Ямаа өсөөд өвсийг үндсээр нь зулгаажээ. Ингээд ямаагаа цөөрүүлсэн байдаг. Энэ төхөөрөмж Грект ажиллаагүй гэсэн. Гэхдээ хойтон жил нь ажилласан гэж ярьж байна лээ. Би саяхан Атлантын тэнгисийн голд байдаг арал дээр очсон. Тэнд ган болчихсон байсан. Ган болохдоо хүрвэл хаана ч болдог юм билээ.

    Categories
    мэдээ цаг-үе

    “Талийгаачийн тэтгэврийн мөнгийг төрийн алба хаагчид хууль бусаар авдаг байсан нь илэрсэн байна лээ”

    Нас бараад хоёр жил болж байгаа хүний тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг байжээ. Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар иргэн Дтай ярилцлаа.

    Нас бараад хоёр жил болж байгаа нөхрийн тань тэтгэврийн мөнгийг халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг байсан нь илэрсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

    -Үнэхээр хүний санаанд багтамгүй харамсалтай зүйл болсон байна. Нөхөр маань хоёр жилийн өмнө бурхан болсон юм. Ингээд хоёр жил гаруй хугацаа өнгөрч байтал гэнэт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс утсаар залгаж “Ирж мэдүүлэг өг” гэж хэлсэн. Юунаас болоод мэдүүлэг авах гэж байгаа талаар асууж тодруулсан юм. Гэтэл нөхрийн тань асуудлаар шалгагдаж байгаа хэрэг байна гэж хэлсэн. Ингээд цагдаагийн газарт яваад очтол Баянгол дүүргийн нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай холбоотой их зузаан хавтаст хэрэг танилцуулсан. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн ажилтан хэргийн байгаа талаар тайлбар мэдээлэл өгсөн. Нас барсан хүний тэтгэврийг хууль бусаар хувьдаа завшдаг сүлжээ бүхий томоохон гэмт хэрэг шалгагдаж байгаа гэсэн. Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгал, халамжийн ажилтнуудтай холбоотой олон мянган хуудастай хавтаст хэрэг байна лээ. Баянгол дүүрэгт гэхэд надаас өмнө арав гаруй хүн орж ирсэн гэсэн. Надаас хойш олон хүний асуудал байгаа гэж байна лээ.

    Яг яаж тэтгэврийг хувьдаа завшдаг байсан юм бол?

    -Энэ талаар надад нарийн мэдээлэл байхгүй. Ямар ч байсан нас барсан гээд бичиг баримтыг нь бүрдүүлээд өгсөн. Талийгаач маань 400 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. Гэтэл таван сар гаруй хугацаанд сард 350 гаруй мянган төгрөг авсан нь тогтоогдсон. Цагдаа нар та бүхэн тэтгэврийн янз бүрийн зээл авч байсан уу гэж асуусан. Бид амьдралын боломж тааруу биш. Тэтгэврийн мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Тэгсэн таны талийгаач болсон нөхрийн тань нэр дээр сар бүр тэтгэврийн мөнгө хууль бусаар авч байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж мөрдөн байцаагч хэлж байна лээ. Одоогоор хоёр сая гаруй төгрөг авсан гэдэг нь эд мөрийн баримтаар тодорхой болсон байсан. Уг нь тэтгэврийн мөнгө авах чинь их төвөгтэй шүү дээ. Тухайн хүн өөрийн биеэр заавал очих ёстой. Бүр ойр тойрны хүмүүс нь батлан даагч болж авдаг биз дээ. Гэтэл Төрийн сангаас дансанд орсон мөнгийг банкнаас яаж авч байсан юм бэ гэдэг нь сонин байгаа юм. Миний хардаж байгаагаар халамжийнхан, банкны ажилтнууд гээд сүлжээ гэмт хэрэг байх.

    Хэргийн мөрдөн байцаалт дуусаж байгаа болов уу. Танд энэ талаар мэдээлэл байгаа юу?

    -Мөрдөн байцаалт хийгдэж байгаа гэсэн. Нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд энэ хэрэгтэй холбоотой гэж байна лээ. Монголд бурхан болсон хүнд мөнгө хэрэг болж байгааг Монголын халамжийн ажилтнууд мэддэг болчихсон юм уу. Төрийн албан хаагч ийм ёс зүйтэй байна гэдэг гутамшиг биз дээ. Тэдэнд үхсэн хүнийг дахин амилуулж мөнгөтэй болох нь чухал юм байна. Хүний сэтгэл, ёс зүй тэдэнд үнэхээр алга байгаад харамсаж байна. Бас гомдолтой байна гэв.

    Нас барсанарав гаруй мянганиргэний тэтгэврийг хууль бусаар авч байсанхэрэг шалгагдаж байна

    Бид талийгаач болсон хүмүүсийг дахин “амилуулж” тэтгэврийн мөнгийг нийгмийн даатгал, халамжийн ажилтнууд хувьдаа завшдаг хэргийн талаар албаны эх сурвалжуудаас тодруулсан юм. Цагдаагийн байгууллагаас “Ийм хэрэг шалгагдаж байгаа нь үнэн. Маш том гэмт хэрэг гэдэг нь тодорхой болсон. Дүүрэг, хороо, аймаг, сумын маш олон төрийн албан хаагч нас барсан хүний тэтгэврийн мөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн хувьдаа завшдаг байсан болохыг илрүүлсэн. Их хэмжээний хохирол улсад учруулсан болох нь тогтоогдсон. Мөрдөн байцаалтын ажил хийгдэж байгаа. Одоогоор тэтгэвэр авч байгаад бурхан болсон арван мянга гаруй хүнийг амьд мэтээр хуурамч баримт бүрдүүлж, батлан даагчийн нэрийг сольж, өөр хүмүүс бичиг баримт бүрдүүлэн авдаг байсан нь тогтоогдоод байгаа. Мөн талийгаач нас барахын өмнө зээл авсан. Тэрийг нь эргүүлэн төлөх нэрийдлээр улсаас онц их хэмжээний мөнгө завшиж байсан байдаг. Хэрэг цар хүрээгээ улам тэлж байгаа. Төрийн албан хаагч нараас гадна салбар бүрийн банкны ажилтнууд төдийгүй батлан даагч хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн мөнгө авдаг иргэд ч гарч ирсэн. Одоогоор 40 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа” гэв.

    Энэхүү гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 болон 148.4 заалтад хамааруулан шалгаж байгаа аж. Уг заалтад “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан. Мөн энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсэн заалттай байдаг юм байна.

    Э.Баатар

    Categories
    онцлох-нийтлэл туслах-ангилал

    Хаврын дуу

    Цонхон цаагуур цасан бударна. Хаа тэртээ үлдсэн он жилүүдийн нэгэнд чихний хажуугаар нисээд өнгөрсөн “молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөн…” гэсэн өгүүлбэр сонсогдоод өнгөрөв. Самбар дээгүүр багшийн шохой тогшин гүйх шиг. Тэгснээ самбартай, юутай хээтэйгээ будраад арилах ч шиг. Сэхээрэн харвал хэн ч юу ч яриагүй бөгөөд тээр жил багшийн амнаас гараад бидний чих рүү ч ороогүй, эргэж ч хариагүй тэр өгүүлбэр жаахан санаа зовсон шинжтэй хулган сууж байна. Эв дүйгүй хадаж, эв дүйгүй будсан ширээн дээр нэгэн шүлэг суугаад өөрөө өөрийгөө бичиж харагдана. Өөрөө өөрийгөө үлээх гээд ядчихсан нялх салхины хажууд тэрний ажил хавьгүй бүтэмжтэй.

    Цармын цасанд суусан

    Царцуу туулай зурсан

    Цаадах нь айгаад хярсан

    Цаас нь цайгаад үлдсэн

    Цасны наагуур цонх бударна. Хариулж амжаагүй бүхнийхээ хариултыг бид мэддэг байсан. Андуурч байхдаа ч таньж байсан. Төөрч байхдаа ч зүгээ алдаагүй байсан. Андуурал гэдэг бол сонголт болохоос алдаа биш. Төөрөгдөл бол чиг баримжаа болохоос гажуудал бус. Төөрөгдөл бүхнээ хайрланам. Тэр л намайг дагуулж яваагүй бол шидэт ойн гүнд одож, нисдэг бугыг харахгүй байсан. Андуурал болгоноо дээдэлнэм. Тэр байгаагүй бол би хэзээ ч Хималайн орой дээр дуртай цагтаа нисч очоод ирэхгүй, бурхантай нэг дор амьдрахгүй байсан.

    Цантай цонхон дээр цасан ширхэг будран бууна. Хамгийн түрүүнд буусан нь хамгийн түрүүнд хайлна. Цонхон завсар өвөлжсөн ноднингийн ялаа үүнийг хэлнэ. Түрүүлсэн болгоны аз нь шовойдоггүй. Олныг дагуулж явах бахтай байж болох ч олныг тууж явах нь заримдаа өлзийтэй.

    Хамгийн сүүлийн цас хамгийн сүүлд хайлна

    Хацар үнсэж буусан ч байг, хар шороон дээр суусан ч байг

    Хаяавчлан шагайх нарны халирсан ягаан туяаг

    Хажууханд шивнэн ургах хаврын эхний яргуйг

    Хамгийн удаан харсан нь, хамгийн сүүлд харсан нь

    Хамгаас азтай цас мөн, хавьгүй хувьтай цас ч мөн.

    Өвгөн цох цэцгийн тоос цуглуулж ядраад амарч байна. Түүнд “цэцэг өөрөө цох цуглуулдаг байсан бол амар бус уу” гэвэл

    -Цэцэг хэзээ ч ургадаггүй. Цэцэг ерөөсөө ч байхгүй. Чи андуурч байгаа болоод л тэр ургаж, оршиж байгаа юм. Нар гэж хэзээ ч, хаана ч байгаагүй. Нар байдаг гэж төөрөлдөж байгаа болоод л мандаж, шингэж байгаа юм гэнэ.

    Шөнө болсон юм биш ээ, нарыг би өвөртөлчихсөн юм

    Шөнө өө больсон юм биш ээ, нарыг чам руу явуулсан юм

    Шөнөөр болсон юм биш ээ, нарны эзгүйд болсон юм

    Шөнөгүй болсон юм биш ээ, нар явахгүй байсан юм

    Цасан бударна. Эс бөгөөс үл хөдлөх цасан ертөнцийн зай завсраар хорвоо ертөнц будран сарних адил. Цасан ширхгүүд өнцөглөсөн харцаар биднийг шохоорхон ажиглаж “хөөрхий ертөнц будраад л, будраад л…” гэлцэх шиг.

    Аргамаг хүлэг морь уяан дээр үүрсэнэ. Аль хэдийнэ мордоод одвол ч одох байсан. Харин “Цайгаа уучихаад морио эмээллэх үү”, “Морио эмээллэчихээд цайгаа уух уу” гэдгээ шийдэж чадахгүй хүлээсээр. Цай уух гэхээр морио эмээллээгүй байж яаж болох билээ гэж эргэлзэнэ. Морио эмээллэх гэхээр цайгаа уугаагүй байж яаж болох билээ хэмээн тээнэгэлзэнэ. Арга барагдаад сууж байтал төрөөгүй гэж бодож явсан хүн хаваржааны хөлд аргал хормойлоод сууж харагдана. Хэдэн үг солих гэтэл бие нь нэгэнт төрж амжаагүй тул дуу нь ч төрөөгүй, үг нь ч төрөөгүй ажаам.

    Буцаад өвөл болох гэж байгаад болих мэт, эргээд газар хөлдөх гэж ирээд болих мэт хавар нэвчин ирж байна. Гол ус эргээд хөлдөх гэснээ болих мэт, усны шувууд буцан алдсанаа болих мэт хавар нэвчин ирж байна. Намар хүйтэрсэн нь худлаа байсан, өвөл хөлдсөн нь худлаа байсан хэмээн хавар ирж байна. Замаасаа буцаж сур, хийснээ дутуу орхиж сур, бууж өгч сур, бэрхшээлийн өмнө сөхөрч сур, хэлснээсээ буцаж сур хэмээн хавар ирж байна. Эс тэгвэл чи хэзээ ч буруу замаасаа эргэж ирэхгүй, мухар нүхнээс буцаж гарахгүй, давахгүй даваанд авирахаа болихгүй, буруу нөхөрлөлийг гэтлэхгүй хэмээнэ.

    Будрах цасан дундуур хавар нэвчиж ирнэ. Нүүр нүдгүй цасан шуургыг, гөлгөн нахиаг царцааж хонох жаврыг нэвчиж ирнэ. Ирүүлэхгүй гэж хаасан болгоныг, наашлуулахгүй гэж хөндөлссөн болгоныг нэвчиж ирнэ.

    Хавар бол чи өөрөө юм. Одоо намайг танив уу!

    2014 оны тавдугаар сарын 14

    Categories
    онцлох-нийтлэл туслах-ангилал

    “Тугалган цагдаагаар юугаа хамгаалуулах вэ” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

    “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарын ярилцлага, нийтлэл, сурвалжлагаас тоймлон хүргэе.

    Ерөнхий сайд асан С.Баярын ярилцлагыг өнөөдрийн дугаараас унших боломжтой. Тэрбээр энэ удаад улс төр гэлтгүй энгийн сайхан яриа өгчээ. Ярилцлагыг нэг, дөрөв, тавдугаар нүүрээс уншаарай.
    Манай сонин өмнө нь тархины саажилт гэсэн оноштой ой таван сартай О.Сувд охины ээж М.Наранмандахын “Миний бяцхан охин хөл дээрээ зогсоно” нэртэй ярилцлага сурвалжлагыг уншигчдадаа хүргэж байсан билээ. Охиноо эмчлүүлэхийн төлөө энэ гэр бүл хэрхэн зүтгэж байгаа болон эмчилгээний зардлаа олох гэж шөнө хугаслан босч шүрээр машины дугаар хэлхдэг ээжийн яриа олон хүнд нэгийг бодогдуулаа биз ээ. Түүнтэй бид дахин ярилцлаа. М.Наранмандахын “Хийе гэсэн хүнд арга олддог, хийхгүй гэсэн хүнд шалтаг олддог” ярилцлагыг нэг, 13 дугаар нүүрт хэвлэлээ.
    “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлдог, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар болдог, алдарт гуравдугаар нүүрт “Тугалган цагдаагаар юугаа хамгаалуулах вэ” нийтлэл хэвлэгдлээ.

    “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу, худалдан авах ямар ч боломжгүй юм байна. Сүүлийн өдрүүдэд иргэд хувьцаагаа арилжаалж байна гэсэн мэдээлэл тараад байсан. Тэгвэл ийм боломжгүй гэдгийг албаны эх сурвалж онцолж байна. Энэ тухай нэг, 11 дүгээр нүүрээс уншаарай.

    Эдгээрээс гадна “Соёл, урлаг” булангаас поп хатагтай Б.Сарантуяагийн тоглолтын тухай, “Дэлхийн спорт” булангаас флей офф-ийн шуугианаас, “Улаанбаатар амьдрал” зэрэг буланг уншиж сонирхоорой.

    Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

    “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

    “ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

    Categories
    онцлох-нийтлэл туслах-ангилал

    ФОТО: АЕПТ-ийн IX уулзалт Улаанбаатарт эхэллээ

    Ази Европын Парламентын Түншлэлийн Есдүгээр уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна. АSEP-ын уулзалтын хүрээнд 32 улс болон Европын парламентаас нийт 150 гаруй төлөөлөгч бүртгүүлснээс Энэтхэг, Итали, Тайланд, Пакистаны парламентын дарга нар мөн Австрали, Итали, Индонези, Финланд, Унгар, Польш, Вьетнам, Испаниас 11 дэд дарга нар оролцохоор болсон. Энэхүү уулзалтын хүрээнд Төрийн ордон, төв талбай нэгэн өдөр өнгө засав.

    Гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна. Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


    Categories
    мэдээ нийгэм

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Мишээл экспо”, “Драгон”-д ажиллаж эхэллээ

    NEGDSEN TOVНийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Дүнжингарав” худалдааны төвд энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр байгуулж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тэгвэл салбаруудыг нь энэ сарын 18-ны өдрөөс эхлэн “Мишээл экспо”, “Драгон” төвд нээж, Нийслэлийн татварын газраас татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мөн адил үйлчилгээг үзүүлж байгаа аж.