Categories
мэдээ нийгэм

Банк дээрэмдсэн ах дүүсийг шүүх хурал үргэлжилж байна

Сонгинохайрхан
дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Таван шард байрлах
Худалдаа хөгжлийн банкинд төрсөн ах, дүүс болох сэжигтэн Э, Б нар нь
халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн билээ. Тэднийг Сонгинохайрхан
дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст 147, 147.3-аар эрүү үүсгэн шалгаж
байгаа юм.

Тэгвэл тэднийг шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Хэргийг эргэн санавал,

Хэрэгтэн Э, Б
нар нь 1985, 1992 онд мэндэлсэн, төрсөн ах дүү хоёр байжээ. Тэд нийт
424 сая төгрөг дээрэмдсэн бөгөөд автомашинаас нь 394 саяыг, мөн
ломбардад тавьсан автомашинд нуусан 30 сая төгрөгийг хураан авч банкинд
хүлээлгэн өгч хохиролгүй болгосон байдаг. Тэд өмнө нь найман нэрийн
хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ч тэр нь дампуурч, их хэмжээний өрөнд
орсон тул дээрэм хийсэн. Мөн цахим хуудсанд байршуулсан зараар
“Дробинк” маркийн буу худалдан авч, банк дээрэмдсэнийхээ дараа гол руу
шидсэн байдаг.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга
Зандаахүүгийн Энхболдод Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.04.22/ Ерөнхийлөгчийн Хүний эрх,
хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн мэдүүллээ. Улсын Их Хурлаар
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг
шинэчлэн баталсан. Энэхүү хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг
тогтоож, хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг Монгол Улсын шүүхийн
тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан нутаг
дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан
тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг маргааны тоог харгалзан засаг захиргаа,
нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны
зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.

Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь
хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4
дэх заалтуудыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд Шүүх байгуулах
тухай хуулийн дээрх зүйл заалттай холбогдон үүсч буй асуудлыг нэг мөр
шийдвэрлэх зорилгоор хуулийн төсөл боловсруулсан болохыг Улсын Их Хурлын
даргад танилцуулав.

Хуулийн төсөлд одоо үйл ажиллагаа явуулж
буй давж заалдах шатны 19 шүүхийг 26, дүүргийн 8 шүүх 16 болгох,
ингэснээр шинээр 15 шүүх байгуулагдахаар тусгажээ. Шинээр 13 аймагт
байгуулагдах давж заалдах шатны шүүхийн шүүн таслах хэвийн ажиллагааг
хангахад шаардлагатай давж заалдах шатны шүүгч, шүүхийн захиргааны
ажилтны орон тоо, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах техник,
зохион байгуулалтын ажилд нийтдээ 10.4 тэрбум төгрөг шаардагдах талаар
хуулийн төслийн танилцуулгад дурдсан байна. Хуулийн хэрэгжилтийг
оновчтой зохион байгуулснаар төсөвт хүндрэл учруулахгүйн зэрэгцээ Шүүх
байгуулах тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх
боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. Улмаар давж заалдах шатны
шүүхийг иргэдэд ойртуулж, шударга шүүхээр шүүлгэх иргэний үндсэн эрхийг
баталгаатай эдлүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах Үндсэн
хуулийн суурь зарчим хангагдах нөхцөл бүрдэнэ гэжээ хэмээн Улсын Их
Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс
мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Олимпийн эрх олгох тэмцээний зохион байгуулалтад сайн дурын сурагч, оюутнууд ажиллаж байна

“Буянт-Ухаа” спортын ордонд болж буй тус тэмцээнд 80 орны 600 гаруй тамирчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Тэмцээнд ерөнхий боловсролын 14, 23, 52, Орос 14, Сант, Орчлон, Эрдмийн өргөө сургуулийн сурагчид болон их, дээд сургуулийн оюутнууд нийт 50 гаруй сайн дурын ажилтнууд ажиллаж байгаа юм байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр сонгомол бөхийн барилдаан болж, РИО-г зорих тамирчид тодрох юм. Энэ удаагийн тэмцээн гурван дэвжээн дээр явагдаж байгаа бөгөөд “А” дэвжээний барилдааныг “МҮОНТ”, “Б” дэвжээний барилдааныг “НТВ”, “С” дэвжээний барилдааныг “Сүлд” зурагтаар шууд дамжуулж үзүүлж байна

Categories
мэдээ соёл-урлаг

“Зангараг” кино олон улсын наадмын шилдэг бүтээлээр тодорчээ

“Детектив фест” олон улсын наадам энэ сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо болж буй. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уг наадамд анх удаа монгол уран бүтээлчдийн бүтээл, “Зангараг” кино өрсөлдсөн.Өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээлээс шилдэг 35-д тунаж, шилдгээр шалгарсан байна.

Киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, МУГЖ Ц.Төмөрхуяг, дүрүүдэд Д.Дэлгэрсайхан, Т.Анар, Б.Баярмагнай, Д.Бямбацогт, Г.Золбоот, МУГЖ Ц.Төмөрбаатар, Е.Баярмагнай, Т.Мөнх-Эрдэнэ буюу реппер Gее нар тус тус тогложээ.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа” спорт цогцолбор руу үнэгүй автобусаар үйлчилнэ

“Буянт-Ухаа” спорт цогцолборт олимпийн эрх олгох дэлхийн нэгдүгээр шатны тэмцээн болж байна.Өнөөдөр сонгомол төрлийн барилдаанууд болох бөгөөд тэмцээний нээлт 17.30 цагаас болно.Үүнтэй холбоотойгоор Спортын төв ордны үүднээс спорт цогцолбор руу үнэгүй автобусаар үйлчлэх юм байна. Иргэдэд үйлчлэх автобус 15.00, 16.00, 17.00 цагаас тус тус явах аж.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурханы вакцинд 300 мянган хүнийг хамруулахаар болжээ

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд боллоо. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн 9 орны тоонд орсон бөгөөд эх хүүхдийн эндэглийг бууруулах, ХДХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх гэсэн ЭМ-ийн зорилтуудын хүрээнд 1000 амьд төрөлтөд ногдох нэг хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 63,4 байсан бол 2015 онд 15,3 болж 4,1 дахин, 1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 онд 87,5 байсан бол 2015 онд 18,4 болж 4,7 дахин, эхийн эндэгдэл 2015 онд 100 000 амьд төрөлтөд 26 болж 1990 оны түвшинээс 7,6 дахин буурсан байна. Улсын хэмжээнд он гарсаар 15540 тохиолдол бүртгэгдсний 7808 /50,2 хувь/ нийслэл хотод бүртгэгдсэн байна. Тав хүртэлх насны 491 хүүхдийн эндэгдэл бүртгэгдсний 427 буюу 87 хувь нь нэг хүртэлх насанд эндсэн байна.

Харин Улаанбурхан өвчлөл, нас баралтын мэдээллийг өнгөрсөн жилүүдтэй харьцуулж танилцуулвал

2001 онд өвчлөл-10677, нас баралт-7

2002 онд өвчлөл-2015, нас баралт-3

2003 онд өвчлөл-18, нас баралт-0

2004-2005 өвчлөл-0, нас баралт-0

2006-2009 өвчлөл-72, нас баралт-0

2010-2014 өвчлөл-0, нас баралт-0

2015 онд өвчлөл-23464, нас баралт-8

2016 он /04 сарын эхний долоо хоног хүртэл/ өвчлөл 15540, нас баралт-62 /0,3 хувь/

Салбар яам, газар, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд болон ажилтан, албан хаагчид шаардлагатай, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Одоогоор халдварын дэгдэлт тогтворжсон гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат мэдээллээ. Өвчлөгсдийн насны байдлыг харвал их, дээд сургуулийн оюутан, бага насны, нярай хүүхдүүд өвчлөх тохиолдол их байна. Олон Улсын жишгээс Улаанбурхан халдвар дэглэлтийн үед хорио цээр тогтоодоггүй, тус өвчний халдварыг дархлаажуулалт, вакцинаар урьдчилан сэргийлж, эмчилдэг байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дутагдалтай тоног төхөөрөмж, дархлаажуулалтын вакцин нийлүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан саналын дагуу тохиолдол өндөртэй байгаа их, сургуулийн оюутан, бага насны хүүхэд зэрэг 300 мянга гаруй иргэнийг сайн дурын вакцинд хамруулах ажил 5 дугаар сард явагдана. Тиймээс их, дээд сургуулийн захиргаанаас суралцагсдыг сайн дурын вакцинд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг хэллээ. Вакцин хийх тусгай цэгүүдийг нийслэлийн нутаг дэвсгэрт байгуулах бөгөөд байршлууд ирэх долоо хоногт тодорхой болох байна.

Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Жирэмсэн болон нярай хүүхэдтэй эхчүүд дархлаагаа сайжруулж, хүүхдээ хөхний сүүгээр хооллох”-ыг зөвлөж байна. Ингэснээр 0-6 сартай хүүхдүүд ямар нэгэн халдварт өвчнөөр өвчлөхгүй байх магадлал өндөр болно гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Бид эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд шаардлагатай төсвийг шийдвэрлэж ирсэн. Цаашдаа ч энэ бодлогоо үргэлжлүүлж ажиллана” гэдгийг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт нээлтээ хийлээ

АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдож буй Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Их Танхимд боллоо.

Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад түнш 32 орон болон Европын парламентаас 170 төлөөлөгч оролцож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд уулзалтыг нээж хэлсэн үгэндээ, өнгөрсөн түүхэнд болон даяарчлалын өнөө үед Ази, Европын хооронд нэгэн гүүр болж ирсэн Монгол Улсад зохиогдож буй Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад уригдан ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргээд, манай улсад тавтай зочлохыг хүсье. Энэхүү уулзалт нь 7 дугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болон түүнийг угтан зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн салхийг хагалж, түүчээ болж байгаагаараа онцлог юм.
Ази, Европ хоёр тивийн улс орнууд олон зуун жилийн тэртээгээс хамтран ажиллаж ирсэн түүхтэй гэдгийг бид мэднэ. Тухайлбал, одоогоос 800-аад жилийн өмнө Монгол, Итали улсууд одоогийн АСЕМ шиг Ази, Европыг холбосон үйл ажиллагаа явуулж байсан, Италийн иргэн Пиан Де Карпини 1246 онд Монголын Их Хаан Гүегт Ромын Папын захидлыг гардуулсан. Мөн Италийн иргэн Марко Поло 800-аад жилийн өмнө Монголын Их Хаан Хубилайн ордонд 20 гаруй жил шадарлан сууж байсан, энэ үедээ Монголын Их Эзэнт Гүрэн Ази, Европыг холбосон “Торгоны их зам”-ыг ивээлдээ авч Ази, Европын худалдаа, иргэд хоорондын харилцааг хөгжүүлж байсан гээд олон түүхийг хэлж болно. Энэ нь 800 гаруй жилийн өмнө Ази, Европ тивийн улсууд ийм идэвхтэй харилцаатай байсныг гэрчилж байгаа төдийгүй бие биеээсээ хамааралтай нэг дэлхийд, түүний дотор Ази, Европ хоёр тивийн улсууд үеийн үед харилцан ашигтай, хамтдаа хөгжих ёстой гэсэн хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг өвөг дээдэс минь бидэнд гэрээсэлж үлдээсэн гэж би хувьдаа үзэж байна.
Бид өнөөдөр тэрхүү харилцааг нэр хүндтэй үргэлжлүүлж байгаагийн хамгийн энгийн жишээ Ази, Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаа БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Пьетро Грассо 2 жилийн өмнө Итали Улсад зохиогдсон Ази, Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиагаа Монгол Улсад шилжүүлэхээр хүрэлцэн ирээд байна гэлээ.
Мөн тэрээр Монгол Улсын Их Хурал дэлхийн улс орнуудын хууль тогтоох байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэлтэй бөгөөд бүс нутгийн болон олон улсын парламентын байгууллагуудын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг зорьдог болохыг тэмдэглэн хэлээд Ази Европын Парламентын Түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуулан уулзалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, уулзалтын ажиллагаанд амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг нээж үг хэллээ. Тэрээр, аливаа парламентын хурал, парламентын төлөөллийн хурал бол маш чухал хурал. Парламентын гишүүд бол чухал үүрэг, нэр хүндтэй, хариуцлагатай албыг авч явдаг. Ази, Европын парламентыг төлөөлсөн нэр хүндтэй, хариуцлагатай элч төлөөлөгчид манай оронд айлчлан ирсэнд бид тун их баяртай байгаа. Ази, Европ хоёр тивийн хувьд бие биенээсээ суралцах, ярилцах, хуваалцах зүйл асар их бий гэж бодож байна. АСЕМ бол манай хоёр тивийг холбосон яриа хэлцэлийн хамгийн чухал механизм. Учир нь энэ уулзалтын хүрээнд 100 гаруй сэдэв яригддаг. Мөн зөвхөн удирдагчид төдийгүй ниймгийн бүх төлөөлөл, ашиг сонирхолын төлөөлөл оролцдогоороо давуу талтай. Эдгээрийн манлайд парламентчдын уулзалт байдгийг онцлон хэлье. Дэлхийн нийт хүн амын 58 хувь манай хоёр тивд ногддог болохоор эдийн засаг хүн ам талаасаа дэлхийд тулгамдаж буй хамгийн том асуудлуудыг манай хоёр тивийн хүрээнд ярьж ойлголцож чадах юм бол дэлхий нийтийн хөгжил, энх тайван, тогтвортой хөгжилд их чухал үүрэгтэй гэж бодож байна.
Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний уулзалт, мөн цуврал уулзалтуудыг эх орондоо хүлээн авч байгаадаа туйлын их баяртай байгаа бөгөөд ард нийтээрээ өндөр ач холбогдол өгч байгааг хэлмээр байна. Энэ жил АСЕМ-ын 20 жилийн ой болж буйгаараа онцлогтой. Өнгөрсөн 10 жилээ дүгнэж, ирэх 10 жилээ төлөвлөх учраас 7 дугаар сард болох Дээд түвшний уулзалт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна гэлээ. Мөн Ерөнхийлөгч, Монгол Улсын газар нутгийн байршлын давуу талыг ашиглаад, Улаанбаатар хотноо АСЕМ center байгуулан, дараа дараагийн хурлуудыг зохион байгуулах улс орнуудад мэдээллийн дэмжлэг үзүүлдэг байх санаачилга гаргаж буйгаа дуулгалаа. Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтаас гаргах Тунхаглал АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулагдах бөгөөд Ази, Европын парламентчдын санал санаачилгыг Дээд түвшний уулзалтад оролцогчдод хүргэхэд Монгол Улсын зүгээс онцгой анхаарал тавих болно гэдгийг онцолсон юм.
Нээлтийн арга хэмжээнд Ази Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтыг зохион байгуулсан БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо үг хэлэв. Тэрээр, уулзалтын арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж буй Монгол Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өөрийн зүгээс талархалаа илэрхийлье. Энхүү өөрийн оролцоогоор Ром хотноо 2014 оны 02 дугаар сард зохион байгуулагдсан Ази Европын парламентын түншлэлийн 8 дугаар уулзалтын буухиаг дамжуулж, ирэх 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Засгийн газар хоорондын чуулга уулзалтын хүрээнд 2014 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон чуулганы үр дүнг парламентын түвшинд ярилцах, хэлэлцүүлэгт оролцохыг зорьсон болно гэв. Тэрээр Ром хотно батлагдсан Тунхаглал нь хамтын ажиллагааны үндсэн хоёр салбарын онцлон авч үзсэн талаар дурдав. Нэгдүгээрт, эдийн засаг санхүүгийн удирдлага зохион байгуулалт, хоёрдугаарт, тогтвортой хөгжил болон хүнсний аюулгүй байдлын асуудал. Энэхүү хоёр салбар дахь Засгийн газрын улс төрийн зорилго нь ард иргэдийн шаардлага, хэрэгцээтэй нийцэж байгаа эсэхийг батлах, ил тод байдлыг хангах хэрэгслийн хувьд ард иргэдийг төлөөлөх үүрэг хүлээсэн байгууллагуудын хувьд парламент хоорондын яриа хэлэлцээний үнэ цэнийг чухалчилсан болохоо тэрээр онцлов. Эдийн засгийн хямрал, нэмэгдэж буй тэгш бус байдал нь бидний амьдарч буй өнөө цагийн түгшүүрт үзэгдлүүд болж байна хэмээгээд “Энэ хүрээнд Ром хотноо гишүүд эдийн засгийн өсөлтийг сэргээхэд бүсийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдсэн. Нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэдэг гурван чиглэлд тогтвортой хөгжлийн нэмэгдүүлэхийн сацуу нийгмийн оролцоог нэмэгдүүлэхийг Засгийн газруудад уриалсан. Парламент хооронд хэлэлцсэн олон чухал сэдвийг Милан хотноо болсон АСЕМ-ийн уулзалтын дээд түвшний чуулга уулзалтаар дэлгэрэнгүй ярилцсан. Эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжил, ядуурлыг арилгах, цаг уурын өөрчлөлт, хүнс, ус, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг дэлхий нийтийг хамарсан томоохон асуудуудлын талаар нэгдсэн шийдэлд хүрсэн. Тус уулзалт урд байгаагүй нээлттэй, хамтын ажиллагааны уур амьсгалын дунд болсныг хэлмээр байна. Терроризм, далайн аюулгүй байдал, Ойрхи Дорнод дахь зөрчилдөөн зэрэг олон улсын томоохон асуудлууд, тэр дундаа өнөөгийн Европын өмнөө эн тэргүүнд тавьж буй асуудлуудын талаар үр дүнтэй харилцан ярилцах нөхцлийг бүрдүүлсэн” гэв.
Нээлтийн ажиллагааны төгсгөлд нь БНИУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Пьетро Грассо, энэ удаагийн АСЕМ-ын 20 жилийн ойгоор Засгийн газар болон иргэний нийгмийн төлөөлөгчдийн илүү үр дүнтэй ойлголцолд хүрэх замыг парламентчид чиглүүлж, цөөнх болон эмзэг бүлгийн эрх ашгийн төлөөлж чадна гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлээд уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Нээлтийн арга хэмжээний дараа Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтын нийт төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа.
Уулзалтын нэгдсэн салбар хуралдаан Төрийн ордны Их танхимд болох бөгөөд хэлэлцэх асуудлуудыг баталсан ба “Үр дүнтэй олон талт харилцаа, хамтын ажиллагаа”, “Ирээдүйн төлөөх түншлэл” сэдэвт хуралдаануудаар үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Categories
мэдээ улс-төр

Чуулган 14.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 67.3 хувийн саналаар дэмжин баталлаа. Мөн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг гишүүдийн 74.5 хувийн саналаар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.3 хувиар дэмжин, тус тус батлав. УИХ-аас дээрх хуулийг баталснаар эмнэлэг бие даан шийдвэрээ гаргаж, хөгжих бололцоо нь нээгдэж байгаа. Ингэснээр төрийн болон орон нутгийн өмчит мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөх удирдах зөвлөлөөс удирдлагыг санал болгон томилох болж байна. Мөн төсөв, цалинтай холбоотой бүх асуудлуудыг эмнэлгийн байгууллага өөрсдөө шийдэх бололцоо бүрдэж байна. Ингээд чуулганы хуралдаан завсарлаж 14.00 цагаас эргэн хуралдана.

Categories
мэдээ улс-төр

Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Өглөө 9.30 цагт эхэлсэн Үндсэн хуудийн Цэцийн дунд суудлын хуралдаан дуусч дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Сонгуулийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Categories
гадаад мэдээ

“Лалын улс”-ын хэт даврагчид 250 эмэгтэйг цаазалсан байна

“Лалын улс” алан хядагчдын бүлэглэлийн хэт даврагчид Мосулд 250 эмэгтэйг секс боол болохоос татгалзсаны улмаас цаазалсан байна. Энэ талаар “The Daily Mail” Иракийн Курдистаны төлөөлөгч Саид Мамузини мэдэгджээ. Тэд охид, бүсгүйчүүдийг террористуудтай түр хугацаанд гэрлэхийг тушааж, улмаар эсэргүүцэгсдийг гэр бүлийнх нь хамт цаазалдаг аж. Өмнө нь ч Мосулд ийм аймшигт хэргүүд олонтаа гарчээ.

“Лалын улс” бүлэглэлийн босогчид Мосул хотыг хяналтдаа авснаас хойш тус хотын охид, эмэгтэйчүүдээс сонгож, тэднийг террористуудтай гэрлэхийг шаарддаг бөгөөд үүнийгээ түр хугацааны гэрлэлт гэж нэрлэдэг байна. Хэрвээ охид, эмэгтэйчүүд энэ гэрлэлтээс татгалзвал цаазлуулдаг гэж Курдын Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Саид Мамузини ярьжээ. Тэрбээр “Одоогийн байдлаар бэлгийн боолчлолыг эсэргүүцсэн 250 охидыг “Лалын улс” бүлэглэлийнхэн цаазаар аваад байгаа бөгөөд зарим үед тэднийг гэр бүлийнхэнтэй нь хүртэл цаазалдаг” гэж мэдэгдсэн байна.