Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдана

НӨАТ-ын Урамшууллын систем хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хонжворт сугалаа орон даяар явуулж байгаа билээ. НӨАТ-ын урамшууллын сугалааны зургаа дахь тохирол өнөөдөр явагдана. Энэ сарын сугалааны хонжворын сан 675900000 төгрөг болсон байна.

Өмнө нь сугалааны тохирол таван удаа явагдсан бөгөөд гурван иргэн 20 сая, 21 иргэн 4 сая, тут тус хожсон билээ.

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Үхрийн махан Калбижим

Орц:

Үхрийн ястай мах-500 гр

Лууван, төмс, цагаан манжин, улаан чавга, мөөг гэх мэт хачирлах ногоо хүссэн хэмжээгээрээ бэлдэнэ

Солонгос цуу-таван халбага

Элсэн чихэр (шингэн)- гурван халбага

Нухсан сармис-хоёр халбага

Чамгирим буюу гүнжидийн тос –нэг халбага

Гучүгару-тал халбага

Хийх арга:

Жижиглэн хуваасан үхрийн хавиргаа нэг цаг зөөлөн гал дээр чанана. Удаан буцлаад хөөсрөхөд нь хөөсийг нь авах хэрэгтэй. Махаа чанасныхаа дараа усаа нэлээн хасаад махтайгаа хачирлах ногоонуудаа том том хэрчээд махан дээрээсээ нэмж хийнэ. Дээр нь амтлагчуудаа холин ширгэтэл нь буцалгана. Болох дөхөөд ирэхдээ бараг шөлгүй болсон байх ёстойг анхаараарай. Ингээд л үхрийн махан калбижим бэлэн болно.

Гадил зөгийн балны Смүүти

Орц: (Хоёр хүн)

Гадил-нэг ширхэг

Зөгийн бал-хоёр хоолны халбага

Самрын тос-хоёр хоолны халбага

Мөс-500 гр

Зөөхий- 280 мл

Хийх арга:

Гадил, зөгийн бал, самрын тосоо миксерт хийж 30 секунд орчим миксердэнэ. Дараа нь зөөхий болон мөсөө нэмж хийгээд ахин миксердэнэ. Ингэхдээ мөсөө ямар ч ширхэггүй болгох хэрэгтэй. Яг л тараг шиг өтгөн болсон байх ёстой. Ингээд аягалаад бэлэн болно. Аягалахдаа өөрт таалагдсан жимсээр чимэглэж болно.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Гэгээн муза” 2016 наадмын шалгаруулалт эхэллээ

Тайзны урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам энэ жил 13 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ наадам жил бүр хүрээгээ тэлж, аймаг орон нутгийн театрын бүтээлүүдийг сорихоос гадна олон улсын хэмжээнд зохион байгуулагдах болсон юм.

“Гэгээн муза” наадам хоёр жилийн өмнөөс хүүхдийн жүжгийн төрлөөр шалгаруулалтаа нэмсэн. Ингэснээр орон нутгийн хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид идэвхтэй оролцож, бүтээлүүдийнхээ чансааг сайжруулсаар байгаа. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадмын зохион байгуулагчид Орхон аймгийн хүүхэд залуучуудын театраас шалгаруулалтаа эхэлж байна.

Одоогоос 16 жилийн өмнө драмын жүжигчдийн сурч боловсрох, мэргэжлийн өрсөлдөөнийг бий болгох зорилготой “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” байгуулагдаж байсан. Энэ төв байгуулагдаснаар оны шилдэг жүжигчдийг шалгаруулах, алдаршуулах “Гэгээн муза” наадмыг зохион байгуулж эхэлсэн түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Луйвардуулаад 11 жил болж байгаа мөнгийг нь өгөөч дээ

Өндөр настан Д.Дашдаваа

2000-аад оны эхээр шинэ тутам байгуулагдсан
хадгаламж зээлийн хоршоод(ХЗХ) хадгаламж эзэмшигчдэдээ өндөр хүү өгч, тэдэндээ таалагдаж,
банкуудаас ч илүү үр бүтээлтэй ажиллах болсон билээ. Зарим нэг муу, луйварчин хүмүүс
байсныг үгүйсгэхгүй. Хаа ч, юунд ч саар, муу юмнууд бишгүй л байдаг. Үүнийг ашиглан,
төрийн нэр барьсан тодорхой этгээдүүд ХЗХ-д руу довтолж, сайн ХЗХ-дын хөгжлийг зогсоох,
гол нь, хуримтлуулсан хөрөнгийг нь булааж идэх зорилгоор, 2006 оны хавар топ голдуу
26 тооны ХЗХ-г зориуд дампууруулж билээ. ХЗХ-дын жирийн хадгаламж эзэмшигч иргэд
үүнд огтхон ч буруугүй, тэд огт хохирох ч ёсгүй, тэднийг хохироохгүй байх боломжууд
ч бүрэн байлаа. Гэтэл төрийн уг ажилтнууд ХЗХ-дын хөрөнгийг идэж завшихын тулд,
иргэдийн болон ХЗХ-дын санал, санаачилгуудыг зориуд хүлээж авалгүй, боломжуудыг
ашиглалгүй, ХЗХ-дыг зохион байгуулалттайгаар дампууруулсан юм. Ингэж “төр” ХЗХ-дыг
зохиомлоор дампууруулж, тэдгээр ХЗХ-дын 8301 тооны хадгаламж эзэмшигч иргэний хөрөнгө
болох 72,4 тэрбум төгрөгийн эд хөрөнгө, бусад зүйлийг улсын үнэлгээний мэргэжлийн
комиссоор үнэлүүлж байгаад, ХЗХ-дын хөрөнгийг бүрэн, бүтэн бөгөөд баттайгаар хүлээн
авсан сан. Харин дараа нь төрийнхөн ХЗХ-дыг “трактор” гэж нэг муу сэг, “эксел” машин
гэж ганц эвдэрхий хаалга төрд өгсөн гэж гүтгэн, өөрсдийнхөө хийсэн хулгайг цайруулсан,
булзааруулсан ухуулгуудыг мэдээллийн хэрэгслүүдээр болон төрийн индрээс явуулж,
учрыг мэдэхгүй бусад иргэдийн тархийг эргүүлж, харин ХЗХ-дын хадгаламж эзэмшигчдийг
бол шуналтайгаасаа болж, ХЗХ-дын түр зуурын өндөр хүүд нь хууртаж, хамаг мөнгөө
ХЗХ-дод өгсөн гэж доромжлон, мэдэхгүй хүмүүсийн тархийг угаах ажиллагаа зориуд явуулсныг
нь хүмүүс одоо ч санаж байгаа байх. ХЗХ-дод мөнгөө хадгалуулсан гэмгүй энгийн иргэдийг
11 жилийн турш хохироож байна.

Ядахдаа өрх толгойлсон эмэгтэйчүүд,
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өвчин, зовлонтой, ядарч байгаа иргэд, 70, 80 настай
ахмадуудын мөнгийг нь даруйхан бүрэн өгчихөөч дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүчирхийлэгчид гэр бүл рүүгээ ойртох үед нь дохиолол өгдөг чип суулгана

Нийгэмд хүлээлт үүсгэж байгаа хуулиудын нэг бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сүүлийн дөрвөн жил орчим хугацаанд 50 гаруй хүн амь насаа алдсан бол 2015 онд 968 хүн гэмтсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үздэг ч үүнийг хуулийн хэмжээнд аваачин үзэж, буруутай этгээдэд нь зохих ял оноох нь цөөн. Гэр бүлийн доторх асуудал хэмээн орхигдуулсаар ирсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлсээр байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 89 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн өмнө манай эмэгтэйчүүдийн байгууллагууд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг яаралтай батлахыг уриалж, энэ талаар дуу хоолойгоо нэгтгэдэг. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын 21 дүгээрт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх байсан ч батлагдсангүй, дахин хойшилсон.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдан хэрэгжсэнээс хойш олон жил өнгөрсөн ч хэрэглэхэд түвэгтэй, доголон хууль болсон нь гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаагаас харагдаж байгаа юм. Хохирогчдын хамгаалал муу, хүчирхийллээс шууд тусгаарлаж чаддаггүй, хуулийн хариуцлага хангалтгүй учир энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд манайд байнга сануулдаг. Тиймээс 2014 оноос эхлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа юм. Мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуулиудад гэр бүлийн хүчирхийллийн талаар багагүй зохицуулалт оруулж өгөөд буй. Хэрэв шинэчилсэн хууль батлагдвал гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид зан үйлээ өөрчлөх, хохирогчид дахин аюул учруулахгүй байхад чиглэсэн ял шийтгэлийн өвөрмөц төрөл, албадлагын арга хэмжээ цогцоороо хэрэгжих юм.

Хүчирхийлэгчийн зан төлөвийг өөрчлөх албадан сургалтад хамруулах, цаашлаад хүчирхийлэл үйлдэгчийн зорчих эрхийг хязгаарлаж, хохирогчид ойртох үед дохиолол өгдөг чип суулгах, хохирогчоос тусгаарлах зэрэг бодит арга хэмжээ авах боломжтой болно. Иймээс энэ хуулийг яаралтай хэлэлцэж батлах шаардлагатай байгааг УИХ-ын эмэгтэй гишүүд онцолдог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлоход чиглэгдэж байгааг өөрчилж, хохирогч, гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтыг шинээр нэмж томьёолж байгаагаараа онцлог. Шүүхээс гаргасан эрх хязгаарлах шийдвэрийг хэн, яаж гүйцэтгэх, зөрчигдсөн тохиолдолд хэрхэх нь тодорхойгүй байгааг өөрчилж, Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын үүргийг тодорхойлох бөгөөд эрх хязгаарлах шийдвэрийг зөрчсөн тохиолдолд гэмт хэрэг гэж тооцох зохицуулалтыг холбогдох хуулиудаар зохицуулах боломжийг бий болгож байгаа юм байна. Түүнчлэн хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх цогц үйлчилгээний зохицуулалтуудыг томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулж өгчээ. Хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлагын шатлал бүхий цогц тогтолцоог бий болгоно. Гэр бүлийн хүчирхийллийг жижиг зөрчлийн хэмжээнд авч үзэж байсныг өөрчилж, гэмт хэрэг, зөрчлийн хүрээнд багтаасан холимог зохицуулалтыг хуульчилжээ.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах төрийн бүтэц, механизм, байгууллага, албан тушаалтнуудын оролцоо, гүйцэтгэх үүрэг, эрх хэмжээ, тэдгээрийн үйл ажиллагааны уялдаа холбоог нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зохицуулалт энэ хуулиас гадна эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдаж байгаа бусад хуулийн зохицуулалтаар давхар хангагдах боломжтой болж байгаа аж. Жишээ нь, хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор цагдаагийн ажилтнаас эрх хэмжээгээ хэрэгжүүлэх үндэслэл, журам, хэргийн бодит байдлыг шалган тогтоохтой холбоотой зохицуулалтыг Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар, хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх хариуцлагын төрлийг Гэмт хэргийн тухай хуулиар, шүүхээс оноосон ялыг хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг Ял эдлүүлэх, нийгэмшүүлэх тухай хуулиар гэх мэтчилэн цогц байдлаар тусгажээ.

Ингэхээр хүчирхийлэл үйлдсэн этгээд ямар нэг байдлаар ялаас мултрах асуудал дахин гарахгүй гэсэн үг.

Д.САРУУЛ

Categories
мэдээ спорт

Дэлхийн хөлбөмбөгийн шинэ “босс” Инфантино

Бүтэн жилийн туршид дэлхийн хэвлэл мэдээллийн төвд байж хэрүүл маргаан шүүх цагдаа хөшигний ар дахь хуйвалдаан зэрэг түмэн бэрхшээлийг туулсны эцэст Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (ОУХХ) шинэ ерөнхийлөгчтэй боллоо. Итали гаралтай, Швейцарийн иргэн 45 настай Жанни Инфантино хоёр дахь тойргийн сонгуулиар 115 сонгогчийн санал авч ОУХХ-ын ес дэх удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдон 2019 он дуустал дэлхийн хамгийн баян олон нийтийн байгууллагыг удирдах эрхтэй боллоо.

Жанни Инфантино Швейцарьд 1970 оны гуравдугаар сард төрсөн, эхнэр гурван хүүхэдтэй, өмгөөлөгч мэргэжилтэй, итали, испани, франц, англи, герман, араб хэлээр чөлөөтэй харьцдаг, 2000 онд Европын хөлбөмбөгийн холбооноо ажилд орж шат ахисаар хамгийн сүүлд холбооныхоо ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад нэр дэвшсэн, “бөөрөнхий” хочтой халзан эр билээ. Хөлбөмбөг сонирхогчид санаж байгаа бол Европын элдэв төрлийн томоохон тэмцээнүүд эхлэхийн өмнөх сугалааг энэ нөхөр тогтмол удирдаж явуулдаг байсан шүү дээ. Цэцэн цэлмэг үг хэллэгтэй, сугалаанд оролцож байгаа бүх хүнтэй өөрийнх нь хэлээр түгдрэлгүй ярьсан “панийлтай” эр л харагддаг байж билээ. Инфантиногийн хувьд Европын холбооноос нэр дэвшүүлсэн, элдэв хахууль авлигад нэр нь холбогдож байгаагүй харьцангүй цэвэрхэн “мөртэй”, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь энгийн бөгөөд бүгдэд ойлгомжтой байсан гэх мэт чанарууд нь ялах үндэслэл боллоо.

Эхний шатанд нэр дэвшсэн таван хүнээс 50-иас дээш хувийн санал авах хүн гарсангүй. Инфантино 88, Бахрейны шейх Салман 85 хүний санал авсан нь үлдсэн гурваасаа харьцангүй илүү байсан тул тэр хоёрын дунд хоёр дахь шатны санал хураалт зарлажээ. Уг нь хууль ёсоороо бол санал өгөх эрхтэй 207 холбооны талаас илүүгийнх нь эерэг хариуг авсан нь ялагч болох ёстой юм. Ингээд хоёр дахь санал хураалтаар Жанни Инфантино 115 оноо авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Санал хураалтын өмнөх саруудад ялах магадлал өндөртэйгөөр нь Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч шейх Салманыг нэрлэж байсан. Гэвч тэр сонгуулийн явцад хэд хэдэн алдаа гаргасан нь саналаа алдах нөхцөл боллоо гэж үзэж байна. Эдгээрт сонгуулийн үеэр нисч эхэлсэн элдэв цуурхлууд, тухайлбал Английн хэвлэлүүдээр нэлдээ цацагдсан мэдээнүүд буюу Бахрейны ардчилсан үзэлтэй тамирчдыг гадуурхаж шоглодог байсан гэх цуурхлууд, тохиролцооны тэмцээнүүдийг ивээн тэтгэсэн гэх мэт асуудлууд нь хэдий худал ч гэлээ зарим нэг хүний саналыг урвууллаа. Хамгийн гол алдаа нь түүний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр бөгөөд түүнд нь хөлбөмбөгийн тоглох цагийг 90-ээс 60 минут болгон багасгах, сүүлийн үеийн шинэ технологийг бүрэн дүүрэн ашиглах, ОУХХ-ын дотоод бүтцийг огцом өөрчлөх гэх мэт хэтэрхий амбиц дагуулсан асуудлууд байсан нь тэртэй тэргүй өөрчлөлтөд дургүй ОУХХ-ы хөгшчүүл 20 жил хаанчилсан ерөнхийлөгчөө сольж “гэгээрээд” байхад дахиад цаашилсан, “шунасан” алхам болж харагдаж байлаа. Харин Инфантино тэгсэнгүй. Түүний мөрийн хөтөлбөр тун энгийн ойлгомжтойгоос гадна хүрэх цэг нь харагдаж байсан нь гишүүдийг татсан гэх юм.

Тэрэн дотроос манай Монголд хамаарагдах хэсэг ч байна. Жишээ нь өөрийгөө санхүүжүүлж чаддаггүй ядуу буурай холбоодууд жилдээ 250 мянган ам.долларыг замын зардалд нэхэж авах эрхтэй болох нь. Дөрвөн жилд нэг удаа таван сая ам долларыг ийм холбоонууд авахаас гадна тивийнхээ конфедерацид хуваарилагдах 40 сая ам.доллараас ч гэлээ өөрт оногдох хэсгээ “гуйж” болох боломжтой болж байгаа ажээ.

Хамгийн гол нь тэр ДАШТ-ий шигшээд шалгарах багийн тоог 32-оос 40 болгон нэмэх болно гэсэн нь хүмүүст их таалагдсан гэх юм. Ингэснээр үзэгч жуулчдын тоо нэмэгдэж зар сурталчилгаанаас олох орлого нэмэгдэнэ гэж тайлбарлав. Түүний тооцоолж байгаагаар дээрх 40 “суудал”-ыг Европт 14, Африкд долоо, Азид зургаа, Өмнөд Америкт тав, талбайн эзэнд нэг, Далайн орнуудад нэг, КОНКАКАФ-д тав гээд үлдсэн нэг эрхийг нь үзүүлсэн амжилтаас нь шалтгаалан “хэн нэгэнд бэлэглэх” юм байна.

Анхандаа огтхон ч ерөнхийлөгчийн сэнтий рүү “мөлхөж” байгаагүй Инфантино өөрийнхөө босс Мишель Платиниг хахуулийн хэрэгт орооцолдон найман жилийн туршид хөлбөмбөгийн үйл хэрэгт оролцох эрхээ хасуулснаас хойш өөрөө “хаан” болохоор шийдэн богино хугацаанд тэмцсэн нь ийнхүү үр дүнгээ өглөө. “2020 он гэхэд би ерөнхийлөгч хэвээрээ байх уу үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Хэлж чадах зүйл маань тэр хүртэл дэлхий даяар хөлбөмбөгийг цэцгэлэн хөгжүүлэхэд чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулна, тэгээд дараачийн сонгуульд өрсөлдөнө гэдэг санаа минь билээ. Намайг нэр дэвшиж ялалт байгуулахад дэмжсэн, боломж олгосон, ер нь миний төлөө хийсэн бүхнийх нь төлөө Платинид баярлалаа. Гэхдээ намайг Европоос дэвшсэн энэ тивийн хүн гэж битгий ойлгоорой. Би бүх дэлхийд өөрийгөө Европоос бус хөлбөмбөгөөс нэр дэвшсэн хүн гэдгээ батлан харуулах болно” хэмээн тэр ерөнхийлөгчийн сонгуульд ялж индэр дээр гаран ОУХХ-ы жинхэнэ “босс” болсон анхны мөчдөө хэллээ.

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ спорт

“Mongolia Open”-д Г.Мандахнаран тав дахиа түрүүлэв

“Mongolia Open 2016” тэмцээнд Г.Мандахнаран 5 дахь, Д.Хүдэрбулга 3 дахь удаа түрүүлэв

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57, 65, 74, 97, эмэгтэй 48, 55, 60, 69 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарч өрсөлдлөө.


Тав дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Т.Мөнхтуяа, Н.Ням-Очир, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Ц.Энхжаргал, ДАШТ-ний медальт Б.Номин, Д.Отгонцэцэг, дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг, Э.Даваачимэг, азийн аварга Ч.Ганзориг, Д.Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, З.Занабазар, Н.Лхамгармаа, Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг, Ж.Чулуунбат, Б.Шоовдор нар гээд манай зуу гаруй бөхчүүд зодоглож байна.

Энэ тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөрмөнголын өөртөө засах орон, Индонези, Казахстан, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улс, Калининград, Кемерово мужууд, Пермь хотын зэрэг гадаадын 6 орны нийт 96 гадаадын бөх бөх хүрэлцэн ирж барилдаж байна. Тэдний дотор якутын бөх, дэлхийн хошой аварга Виктор Лебедев, якутын бөх, Дэлхийн цомын тэмцээний аварга Владимир Флегонтов, дэлхийн залуучуудын аварга Александр Рассадин, буриадын бөх, Залуучуудын олимпийн наадмын аварга Алдар Балжиннимаев, Европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОХУ-ын 3 удаагийн аварга Марина Александровна Вильмова, казахстаны бөх, Азийн наадмын мөнгө, азийн аварга, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Расул Калиев, азийн залуучуудын аварга Булат Сакаев нар байна.

Якутын багийн дасгалжуулагчаар 2001 оны ДАШТ-ний 65 кг-ын жинд Беларусь улсын нэрийн өмнөөс орж түрүүлсэн Герман Контоев, Казахстан улсын багийн дасгалжуулагчаар тус улсын залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, Төв аймгийн Баянцогт суманд төрсөн Эсентай нар оролцож байна.

Тэмцээнийг ДБНХ-ны техникийн төлөөлөгч, олон улсын шүүгч ноён Исао Окияма удирдаж байна. Тэмцээнд гадаадын 7, манай 21 олон улсын шүүгч ажиллаж байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр ажиллаж байна. Тэмцээн дүрэм ёсоор 3 дэвжээн дээр явагдаж байна. Тэмцээнд жин тус бүрт түрүүлсэн бөхөд 1 мянга, хоёрдугаар байр эзэлсэн бөхөд 700, гуравдугаар байр эзлэсэн бөхөд 400 ам.долларын шагнал олгож байна.

Эхний өдрийн барилдаанд 7 жинд нь Монголын, 1 жинд нь Казахстаны бөхчүүд алтан медаль хүртлээ.

Эрэгтэй 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Мандахнаран, олон улсын хэмжээний мастер Б.Номин нарын барилдаан чөлөөт бөхийн урлагийг харуулж Б.Номин өрсөлдөгчөө мушгиж бүхэл 4 оноо авсан ч дараа нь шуналтаж сугадаж дайраад хариу мэхэнд орж цэвэр ялагдлаа. Ийнхүү Гавьяат тамирчин Г.Мандахнаран 5 дахь удаа, олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга 3 дахь удаа, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер Э.Даваачимэг нар 2 дахь удаа, Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, олон улсын хэмжээний мастер Б.Нямгэрэл, Ш.Түмэнцэцэг нар анх удаа түрүүлэв.

48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал алтан медалийн төлөө олон улсын хэмжээний мастер Б.Дөлгөөнтэй барилдахдаа туршлага зааж өрсөлдөгчдөө оноо авах ямар ч боломж олгосонгүй ялав. 69 кг-ын жинд хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Ш.Түмэнцэцэг нар өрсөлдөж Ш.Түмэнцэцэг нь 5:2 онооны харьцаагаар ялж сүүлийн 3 тэмцээнд дараалан яллаа. Тэмцээний эрэгтэй 57 кг-ын жинд хурц ширүүн барилдаан болно гэж үзэгчид хүлээж байсан ч олон улсын хэмжээний мастер Д.Цогтбаатар бэртлийн улмаас барилдсангүй, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр түрүүлсэн. Энэ жилийн улсын аварга олон улсын хэмжээний мастер О.Оюунтуяа мөнгө, С.Батболд хүрэл медаль авч олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, Г.Отгонжаргал нар медальд хүрсэнгүй.

Улсын шүүгч Г.Амархүү өнгөрсөн жил Казахстан улсын Астана хотод болсон тус улсын Ерөнхийлөгчийн цомын төлөө тэмцээнд шалгалт өгч тэнцсэн учир түүнд олгосон олон улсын шүүгчийн үнэмлэхийг түүнд МЧБХ-ны Шүүгчдийн зөвөллийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр гардуулж баяр хүргэлээ. Манай отгон олон улсын шүүгч маань 1985 онд төрсөн, олон улсын хэмжээний мастер хийгээд 2014 онд улсын шүүгч болж байжээ.

Тэмцээний эхний өдрийн дүн

Эрэгтэй:

57 кг:

1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн болон нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-нйй хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, тивийн аварга/
2. Дамдинбазарын Цогтбаатар /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Х.Дондуков /ОХУ/

Энэ жинд 27 бөх барилджээ.

65 кг:

1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын аварга/
2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, насанд хүрэгчдийн болон залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт/
3. Амандук Бакеев /Казахстан/
3. Виктор Степанов /ОХУ/

Энэ жинд 18 бөх өрсөлджээ.

74 кг:

1. Сакен Айжанов /Казахстан/
2. Берик Аринов /Казахстан/
3. Данирь Кайсанов /Казахстан/
3. Бат-Эрдэнийн Бямбадорж /”Алдар” спорт хороо/
Энэ жинд 7 бөх барилджээ.

97 кг:

1. Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, азийн аварга/
2. Евгений Королец /ОХУ/
3. Чагнаадоржийн Ганзориг /”Мандал-Оюут” дэвжээ, азийн аварга/
3. Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/
Энэ жинд 13 бөх барилджээ.

Эмэгтэй

48 кг:

1. Цогтбазарын Энхжаргал /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт, азийн хошой аварга/
2. Болормаагийн Дөлгөөн /Налайх дүүрэг, Залуучуудын олимпийн наадмын мөнгөн медальт/
3. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/
3. Саяна Цыбыкова /ОХУ/
Энэ жинд 9 бөх барилджээ.

55 кг:

1. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга/
2. Марина Вильмова /ОХУ, европийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Нина Менконова /ОХУ/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/
Энэ жинд 8 бөх барилджээ.

60 кг:

1.Бүрнээбаатарын Нямгэрэл /“Алдар” спорт хороо/
2. Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо, Азийн аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд
сургууль/
3. Сандагдоржийн Наранцэцэг /ҮБТДС/
Энэ жинд 8 бөх барилджээ.

69 кг:

1. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо, Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/
2. Чаян Фан /БНХАУ/
3. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо, “Алтай констракш” компанийн бөх, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний 3 хүрэл медальт, Азийн аварга/
3. Мөнхбатын Хишигмаа /”Арслан” клуб /
Энэ жинд 7 бөх барилджээ.

Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэй 53 кг, 58 кг, 63 кг, 75 кг, эрэгтэй 61 кг, 70 кг, 86 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болно.

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар явган шуургатай, хүйтэн байна

-ӨНӨӨДӨР УЛААНБААТАРТ 11 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА-

Баруун аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Идэрийн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Өнөөдөр үүлэрхэг. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын эх, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Өнөөдөр солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Өнөөдөр үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 градус, бусад хэсгээр 18-20 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

-ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАРИМ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРНА-

Энэ сарын 7-8-нд буюу ирэх даваа, мягмар гаригт нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхи нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Завхан голын эхээр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Гэрэлт-Од: Сонгуулийн хуулийг одоо хөндвөл иргэд сонгуульд итгэхгүй болж, нийгмийн сэтгэлзүйд маш их хохирол учирна

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Улс төрийн багш, доктор, судлаач Э.Гэрэлт-Одтой ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуулийг зөрчсөн гээд буй. Хэрэв үүнийг Үндсэн хуулийн Цэц хүлээж авч, Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзвэл Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүснэ гэсэн үг үү?

-Үүнийг би хууль зүйн талаас нь хэлж мэдэхгүй нь. Энэ асуудал маргаан үүсгээд хэцүү болчихоод байна.

-Сонгуулийн тухай хуульд сонгууль болохоос зургаан сарын өмнө өөрчлөлт оруулж болохгүй гэх заалтыг уг хуулийг батлах үеэр орхигдуулсан. Та судлаач хүний хувьд ямар учраас энэ заалтыг орхигдуулсан гэж үзэж байгаа вэ?

-Санаатай, санамсаргүй гэдгийг би хэлж чадахгүй байна. Хэрвээ санаатайгаар ийм байдалд оруулсан бол хууль зүйн хувьд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхгүй, нөгөө талаас Сонгуулийн тухай хууль чинь ойлгомжтой, сонгууль, улс төрийн өрсөлдөөнийг шударга, нээлттэй ил тод болгосон хууль шүү дээ. Хэрвээ энэ хууль байхгүй бол сонгууль шударга бус, ил тод биш болно. Яавал иргэдийн итгэлийг даах вэ, тэрэнд улс төрийн намууд ямар бэлтгэл, хариуцлагатай байх вэ гэдэг асуудал бүхэлдээ Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдаж байгаа юм. Энэ утгаар нь авч үзвэл улс төрийн намууд Сонгуулийн хуулийн зарим заалтыг санаатайгаар үлдээгээд, тэрийгээ өнөөдөр хөндөх гэж оролдвол эргээд иргэдийн сонгуульд итгэх итгэл үгүй болно. Сонгуулийн дараа төрд итгэх итгэл байхгүй болно. Энэ нь өөрөө нийгмийн сэтгэлзүйд маш хор хохиролтой. Улс төрийн намууд арай ч ийм үйлдэл хийхгүй болов уу гэж бодож байна.

-Сонгуулийн хуульд хэзээ ч хамаагүй өөрчлөлт оруулж мэдэхээр нөхцөл байдал үүсчихээд байна?

-Харин, тийм л болж харагдаад байна. Бүр гайхаад байна. Яагаад гэвэл улстөрчид, улс төрийн намууд тоглоомын дүрмээ санаатайгаар, хүссэн үедээ өөрчлөх хэмжээнд аваачиж байна. Улс төр бужигнах нь маш их хор хохиролтой л гэж харж байна.

-Дэлхийн улс орнуудын жишгийг харахад сонгууль болохоос хэдий хэрийн хугацааны өмнөөс Сонгуулийн хуулиа оролдохыг хориглодог юм бэ?

-Улс төрийн өрсөлдөөн болохоос тодорхой хугацааны өмнө Сонгуулийн хуулийг хөндөхгүй байх нь өөрөө улс төрийн өрсөлдөгчдийн болон хууль эрхзүйн хувьд эрхзүйт ёсыг дагаж мөрдөх маш хүчтэй дархлаа болдог тогтолцоо л доо. Энэ утгаар нь аваад үзвэл хуулийг дагаж мөрдөх, улстөрчдийг хариуцлагатай байлгах, улс төрийн намуудыг төлөвшүүлэх нэг хөшүүрэг нь яалт ч үгүй Сонгуулийн хуульд хүссэн үедээ халдаж болохгүй байх хуулийн дархлааны асуудал. Энэ талаас нь харвал манайх маш том алдаа гаргачихаад байж байна. Судлаачийн хувьд гаднын улс орнуудыг аваад үзэхээр улс төр нь илүү соёлтой, тогтчихсон улсад энэ нэг их асуудал үүсгэхгүй. Яагаад гэвэл сонгуулийн өрсөлдөөн нь тогтчихсон байдаг, уг өрсөлдөөн нь нээлттэй, шударга, ил тод байхын төлөөх бүх процесс нь явж байгаа учраас Сонгуулийн тухай хуулиа байнга ингэж өөрчлөөд байдаг улс манайхаас өөр алга.

Түүхээ сөхвөл, 1992 онд УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлангуутаа энэ хуулийг өөрчлөхгүй бол болохгүй юм байна гэдэг дүгнэлтийг хийгээд 1995 онд дахин өөрчилсөн. 1996 оны сонгуулийн үр дүнг хараад уг хуулийг дахин өөрчилье гэдэг улстөрчдийн яриа, нийгмийн захиалга гээд аль аль нь л байсан байх. 2000 оны сонгуулийн өмнө уг хуулийг өөрчлөх гэж оролдсон ч чадаагүй. 2004 оны арванхоёрдугаар сард өөрчилсөн. Тэгэхдээ энэ хуулиа ашиглахгүй байж байгаад 2008 оны арванхоёрдугаар сард дахин өөрчлөөд зарим зүйл заалтыг нь унагаад цуцалсан. Ялангуяа үүн дээр бид эмэгтэйчүүдийн квотын тухай асуудлыг хөндөх ёстой. Хуулийг баталчихаад түүнийгээ хэрэглэхгүйгээр хүссэнээрээ өөрчлөөд байдаг практик манайд 2008 оноос хойш үүссэн. Одоо тэр практик үргэлжлээд л явж байна гэсэн үг л дээ.

-Манай улсын хувьд 2015 он гэхэд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэнэ гэж Мянганы хөгжлийн зорилтдоо зорилго тавьсан. Хэрэв үүнийг бид биелүүлэх юм бол олон улсад амласан амлалтаа биелүүлэх байлаа?

-2000 онд Мянганы хөгжлийн найман зорилт дээр ес дэх зорилтыг Монгол Улс өөрийн санаачилгаар баталсан. Энэ зорилт нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжих ёстой гэдэг үүднээс хоёр төрлийн амлалт авсан юм, олон улсын түвшинд. Нэгдүгээрт, эмэгтэйчүүдийг нийт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувьд нь байлгая. Хоёрдугаарт, парламентэд эзлэх хувийг нь 30-аас доошгүй хувьд хүргэе гэж. Харамсалтай нь эхнийх нь амлалтыг дөнгөж биелүүлэх гэж хоёр ч удаа бүдэрч байна шүү дээ. Хуулиараа 30 хувийг баталсан ч уг хуулиа хэрэглэхгүй явсаар 2007 оны арванхоёрдугаар сард цуцалж байсан. 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Сонгуулийн тухай хуулиар арай гэж 20 хувийг батлуулж чадаж байсан. Гэтэл өнөөдөр бид илүү боломжийн хууль гарлаа, дэвшил гарлаа гэж бодоод явж байтал 30 хувийн квотоо эргээд цуцлах тухай ярьж байна гэдэг нь улс төрийн намууд санаачилгагүй байна, манлайлах хүсэлгүй байна, нийгэмд шударга ёс, үнэт зүйлсийг түгээх хүсэл эрмэлзэлгүй байна гэж харагдаж байна. Улс төрийн намууд маш хариуцлагагүй байна.

-Манай эмэгтэйчүүдийн улс төрд эзлэх хувийг гаднын орнуудтай харьцуулбал ямар байна вэ?

-Өнөөдөр дэлхий дээр парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо дунджаар 22.7 хувьтай буюу таван хүн тутмын нэг нь эмэгтэй. Гэтэл манайд энэ хувь 14.5 байна. Дэлхийн дунджаас доогуур байна. Азийн улс орнуудын дундаж 19.3 хувьтай байна. Дэлхийн улс орнуудад ялангуяа жендер, хүний эрхийн асуудал нь орчин үеийн ардчиллын үнэт зүйлийн нэг хэлбэр болчихоод байна. Бид хүйсийн тэгш байдлыг хангах зарчмаар төлөөллийн оролцоо хангасан ардчллын ийм механизмыг төлөвшүүлж чадахгүй юм бол хэзээ ч Монголын улс төр эрүүлжихгүй.

-Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудал хурцаар тавигдаж байна. Сонгууль дөхөхөөр намууд элдэв мөнгө босгох гэж авлига, хээл хахууль гээд янз бүрийн асуудалд холбогдож эхлэх юм?

-Улс төрийн намууд өмнө нь төрөөс санхүүжилт авч байсан. Одоо ч авч байгаа. Цаашид ч авна. Гэхдээ ямар зарчмаар яаж авах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал. Ямар ч тохиолдолд бид шударга, зөв зарчим дээр тулгуурлаж санхүүжилтийг олгох хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, өнөөдрийг хүртэл байгаа намууд санхүүжилтээ хэрхэн босгож, яаж зарцуулснаа тайлагнаж байсан туршлага манайд байхгүй. Өнгөрсөн 25 жилийн түүхэнд огт байхгүй. Хэлбэр төдий байдлаар сонгуулийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд өгч байсан юм шиг байна лээ. 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан хуулиар бол улс төрийн намууд жил болгон санхүүдээ аудит оруулж тайлангаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байх ёстой. Харамсалтай нь манайд намууд ганц ч удаа ингэж зарлаж байгаагүй. Улс төрийн намуудад нэг байгууллага хяналт тавихгүй бол тэд хэзээ ч сайн дураараа тэр бүхнээ ил болгохгүй. Дэлхийн улс орнуудыг харахаар улс төрийн намуудыг хянадаг, зохицуулдаг, шалгадаг байгууллагууд байдаг. Манайд яагаад тэгэхгүй байна гэхээр үнэндээ улс төрийн намууд өмнө нь сул хуультай байсан. Тэр сул хуулийнхаа цоорхойгоор шантаажныхаа улс төрийг хийж ирсэн. Шантаажны тэр улс төрөө цаашид ч хийхийг хүсч байна. Эцсийн үр дүндээ тэд хуульд захирагдахыг л хүсэхгүй байгаа юм. Асуудлын гол нь үүнд байгаа юм. Хамгийн гол юм бол улс төрийн намуудын санхүүжилт. Санхүүжилтийг нь ил болгоод төрөөс олгосон санхүүжилтээ яаж зарцуулсныг хянадаг, тодорхой болгочихвол улс төрийн намууд хүссэн хүсээгүй энэ үүргээ биелүүлнэ.

-Аливаа намын санхүүжилтийг сөхөхөөр “Манай намын дотоод асуудал” гэдэг?

-Нам бол хэдийгээр хамтын удирдлагын байгууллага ч гэлээ улс төрд очоод, сонгуульд өрсөлдөж шийдвэр гаргаад, олонхын саналыг авч бидний амьдралыг удирдаж байгаа учраас улс төрийн намуудын дотоод ардчиллын асуудал тэдний асуудал юм шиг боловч нөгөө талаасаа нийт иргэдийн асуудал. Сонгогчид улс төрийн намуудад дотоод ардчилал байна уу, үгүй уу, санхүүжилт нь ил тод байна уу, шийдвэр гаргах түвшинд оролцоо, төлөөлөл яаж хангагдаж байна, дарга цэргээ яаж сонгож байна. Дотоод өрсөлдөөн нь ямар байна гээд бүгдийг нь хянаж байж тухайн намд итгэж болох уу, үгүй юу гэдгээ шийднэ. Тухайн нам миний итгэлийг даахгүй, дотоод ардчилалгүй зарчмаар “Энэ бол манай асуудал” гээд хэн нэгнийг томилж, тэрийг нь бид “Тийм ээ, энэ танай дотоод асуудал” гэж орхих юм бол бид төрөө хэсэг бүлэг хүмүүст булаалгаж байгаа гэсэн үг байхгүй юу. Тийм учраас намын дотоод ардчилал намын дотоод асуудал мөн боловч бүх сонгогчдод чухал асуудал. Үүнийг харамсалтай нь манай улстөрчид, улс төрийн намууд, сонгогчид энэ өнцгөөс нь хараахан ойлгодоггүй. Гэтэл тэр намын дотоод асуудал гээд байгаа зүйл чинь бидний амьдралыг шийдэх гээд байгаа байхгүй юу.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

У.Уранчимэг: “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа Америкт гарах зөвшөөрлийг авсан

“Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино энэ сарын 5-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбоотойгоор тус киноны уран бүтээлчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэгтэй ярилцлаа.

-“Атганд үлдсэн эрдэнэ” кино гадаадын тэр тусмаа Америкийн кино театруудад гарна гэж ойлгоод байгаа?

-Зарим зүйл дээр хүмүүс их андуурч ойлгож байна. Мэдээж манай продакшны хувьд Монголын уран бүтээлчдээс анх удаа дэлхийн стандартад нийцэх техник технологийг ашиглан мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллалаа. Гол нь Монголынхоо үзэгчдэд дэлхийд гарч буй киноны стандарт, техник технологийн шаардлагад нийцсэн бүтээлийг хүргэх юмсан гэсэн чин хүсэл байсан юм. Зургийн найруулагч Д.Ангарагийн санаачилгаар гаднын мэргэжлийн багтай хамтарч ажиллах боломж, нөхцөл бидэнд бүрдсэн юм. Олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байгааг зарим хүн дэлхийд нээлтээ хийх гэж байна, цаашаа ингэх гээд байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ бол бидний дараагийн ажил. Мэдээж бид ийм том чин хүслийг өвөртлөөд явж байгаагийн хувьд тэр зам руу, тэр шат руу ахихыг хичээнэ. Үүний тулд нэг хоёр жилийн зохион байгуулалтын ажиллагаа шаардана. Харин өнөөдөр эхний шатыг давчихсан гэсэн үг. Цаашдаа яаж ажиллах вэ гэдэг нь одоо гэрээ хэлэлцээрийн түвшинд яригдаж байгаа.

-“Хувьсал” продакшн Монголын кино урлагийнхныг Холливудад гарах гарцыг нээж өгсөн гэж хэлэх гээд байна уу?

-Ойлгомжтой. “Хувьсал” продакшн Холливудад гарах цааш цаашдын кино бүтээлүүдийн жимийг гаргаж анхдагч болсондоо баяртай байна. Хоёр, гурав дахь Холливудын түвшинд хийгдэх кино, өөр кино продакшнтай ажиллах эхний төлөвлөгөө гараад эхэлсэн байна. Үүнд би маш их баяртай байгаа.

-Мэдээж дэлхийн стандарт бариад эхлэхээр их ажиллагаатай юм уу?

-Бидний дөрөв дэх уран бүтээл яг нэг жилийнхээ ой дээр нээлтээ хийх гэж байна. Өнгөрсөн жил киноны зохиол ерөнхийдөө гарчихсан, засварын ажил явагдаж байсан. Энэ хооронд киноны зургийн найруулагчаар ажилласан Д.Ангарагтай Америк руу холбогдсон. Зохиол хэдий бичсэн байсан ч холливудын заавал ийм байх ёстой гэсэн хэлбэрт оруулах ёстой болсон. Ангараг зохиол дээр санаа оноогоо ярилцаад задаргаа хийгээд зохиол дээр ажилласаар байгаад зураг авалт зургадугаар сарын эхээр эхлэх байсан бол нэг сар гаруй хугацаанд хойшилсон. Зуны сайхан ногоон өнгө хэрэгтэй гээд байгалийн өнгөө хүлээх гээд бэлтгэл ажил явсаар байгаад зургаан сарын сүүлээр зураг авалт эхэлсэн. Үндсэндээ хоёр сарын хугацаанд зураг авсан.

-Киноны сурталчилгаанаас харахад байгалийн их сайхан үзэсгэлэнт газруудыг сонгосон санагдсан?

-Мэдээж байгалийн үзэсгэлэнт газруудыг сонгох хэрэгтэй. Конины гол үйл явдал Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өрнөж байгаа. Сүхбаатар аймгийн Дарьганга, Төв аймгийн Эрдэнэ суманд, хамгийн сүүлийн зураг авалтыг Говь- Алтай аймгийн Шарга суманд хийсэн. Улаанбаатар хотоос 1000 гаруй километрийн зайтай газарт очиж үлдсэн зургаа авсан. Харин хаалтын зургийг хотын захад гэр барьж авсан байгаа.

-Зөвхөн кинонд зориулж том агуй бүтээсэн гэсэн. Үнэн үү?

-Монголын түүхэн болон хөдөөгийн ахуй байдлыг харуулсан кинонд хад, агуй харагдаж л байдаг. Харин зөвхөн энэ кинонд зориулаад сар гаруй хугацаанд ерөнхий зураач Хүрэлбаатар урт нь долоон метр, өргөн нь таван метр том агуйг бүтээсэн. Яагаад гэхээр киноны үндсэн үйл явдлын ихэнх зураг авалт агуй дотроос хийгдэх байсан учраас зураачдын баг сар гаруй ажиллаж зориуд агуй барьсан.

-Тэгэхээр кино зураг авалтаа дуусгаад дөрвөн сарын турш Америкт нэг ёсондоо шалгалт өгсөн байх нь ээ?

-Дөрвөн сарын хугацаанд өнгө шүүлт, color correc­tion, sound-ийн ажлууд зэрэг явагдсан байгаа. Ганчимэг бид хоёрын хувьд 45 хоногийн хугацаанд Америкт байрлаж ажиллаад ирсэн. Үлдсэн ажлыг зургийн найруулагч Ангараг, эвлүүлэгч Гантулга, орчуулагч Сант-Амар нар нэг баг болж киногоо хийж дуусгасан байгаа. Одоо эцсийн шатны ажил нь явагдаж байна. Кино үзлэг маргааш хийгдэнэ. Түүний дараа гуравдугаар сарын 5-нд Монголынхоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байна.

-Гаднын компаниуд танай киног сонирхож Америкт гаргах тал дээр холбогдож байна уу?

-Байлгүй яахав. Хэд хэдэн газар сонирхъё, үзье гэж санал тавьсан. Яг одоогийн байдлаар “Mongus pictures”-ийн Л.Нямжаргал Америкт энэ чиглэлээр ажиллаж байна. “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ” кино анх удаа АНУ-д гаргах зөвшөөрлийг авсан. Энэ зөвшөөрлийг авахад тодорхой стандарт, шаардлага, бичиг баримтын асуудлууд гарч ирсэн. Энэ асуудлыг зургийн найруулагч Д.Ангараг бүрэн хариуцаж ажилласан. Үндсэндээ хүүхдийн насны зэрэглэл, уг кино гарч болох юм уу, болохгүй юм уу гээд бүгдийг нь шалгадаг байгууллагад нь шалгуулаад албан ёсны зөвшөөрлийг нь авсан. Клип, трэйлерийн өмнө мэдээлэл бүхий ногоон дүрс гарч байгаа. Тэр бол заавал тавигдах ёстой стандарт юм билээ. Үүний дараа дистрибютерийн ажлыг “Mongus pictures” болон АНУ-ын Кино зураглаачдын холбооны тойргийн дарга Сауле Молино хариуцаж ажиллаад цаашдаа энэ ажил эхэлнэ. Түүнээс биш зэрэг нээлтээ хийх гээд байна гэж ойлгоод байх шиг байна лээ. Аливаа зүйл чинь шат дараалалтай явагддаг. Цаг хугацаа их шаардана. Энэ бол дараагийн асуудал. Юун түрүүнд бид монголчууддаа хүргэе.

-Зураг авалтын үед М15 хэмээх сүүлийн үеийн технологийг ашигласан болохыг уран бүтээлчид ярьсан. Энэ технологийн талаар тодруулахгүй юу?

-Манай кино он дамжиж бүтээгдлээ. Яг киноны ажил эхлэх үеэр гэсэн үг. 2015 онд Америкийн Кино зураглаачдын холбоонд дөнгөж танилцуулагдаад байсан М15 технологийг кинондоо ашиглаж байсан. Монголд Movie running гэж нэрлэгддэг технологийг уран бүтээлчид кинонд ашигладаг. Дөрвөн талаас нь хөдөлгөөнийг удирддаг. Энэхүү шинэ технологи найман талт хөдөлгөөнөөр удирдагдана. Үүгээрээ технологийн маш том дэвшлийг уг бүтээлд ашиглалаа. Нэгэнт л киногоо Холливудын хэмжээнд хийнэ гэж байгаа бол анхнаасаа ийм техникээр зургаа авах шаардлагатай байна гэдгийг Д.Ангараг хэлсэн. Ингээд бид ярилцаад Сауле Молиногоор дамжуулж тус загварыг худалдаанд гарахаас нь өмнө захиалж авсан.

-Киноны сэдэв сошиалд их яригдаж байна. Шүүмжилсэн хандалтууд ч ажиглагдсан. Найруулагчийн өнцгөөс тайлбар өгөөч?

-Трэйлер, клип гарсны дараа хүмүүсийн сэтгэл хөдлөл, хандалт янз бүр байгаа. Зарим нь киног бүтэн үзээгүй, нээлтээ ч хийгээгүй байхад үзэл бодлоо илэрхийлж байна. Хүчирхийллийг өөгшүүллээ гэдэг ч юм уу. Кино гэдэг өөрөө бие даасан маш том урлаг. Кино өөрөө дотроо маш олон том задаргаатай. Маш олон төрөл жанр, урсгал, өнгө аястай. Түүнийгээ дагаад найруулагч нар нь хүртэл өөрсдийн гэсэн хэв маяг, өнгө, өөрсдийн хардаг өнцөгтэй. Аливаа кино найруулагч хүний эмзэглэл дээрээс бүтдэг. Инээдмийн кино хийдэг найруулагч байхад над шиг илүү драмын төрөлд өөрийгөө сорих гэсэн найруулагч бас байна. Хүний өөрийнх нь харах өнцөг, найруулагч хүний мэдрэмж кино бүтэхэд хамгийн түрүүнд тавигддаг.

-Тэгэхээр та бүхэн хүний эрх, хүчирхийллийн асуудлыг тусгасан бүтээлээр Холливудад гарах нь илүү ач холбогдолтой гэж харжээ?

-Энэ кино бол цэвэр хүчирхийллийн эсрэг, хүний эрхийн сэдэвтэй бүтээл. Энэ киног олон улсад гаргахад сэдэв нь өөрөө маш далайцтай. Хүчирхийллийн эсрэг хүний эрхийн талаар гэхээр ямархуу сэдэвтэйг нь клип, трэйлэрийг хараад үзэгчид ойлгосон байх. Үүнд битгий эмзэглэ. Энэ бол уран сайхны бүтээл, уран сайхны зохиомж. Романтик, гэгээлэг сайхан уран бүтээл хийдэг мундаг уран бүтээлчид байна. Тэднийг үздэг нь үзнэ.Миний, “Хувьсал” продакшны сонголтыг үздэг хэсэг нь мөн л үзнэ. Дэлхий ертөнц өөрөө тийм юм шаардаж байна.

-Кино зохиолыг та өөрөө бичсэн юм уу. Эмэгтэй хэрнээ эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг, ийм маягаар амьдардаг дүр таарч л байдаг. Харин таны барьж авсан өнцөг арай өөр юм?

-Би өөрөө тийм сайн зохиол бичдэг хүн биш. Ер нь киноны зохиолд “Хувьсал” продакшн багаараа оролцдог. Эхний анатац зохиолчоос гарна. Тэгээд судалгаа хийсний үндсэн дээр олон хүний санаа орж байж зохиол бүтдэг. Зохиол гэдэг өөрөө дүрэм журамтай. Тусдаа мэргэжил шүү дээ. Зохиолын санаа эртнээс бодогдож байсан. Энэ зохиол бичигдсэнээсээ хойших эцсийн байдлаар 14,15 удаагийн засвар орсон байдаг. Явцын дунд бидний амьдарч буй нийгэмд нөхөр нь эхнэрээ зодож, хүүхдээ ингэж гэмтээж, тэнд цэцэрлэгийн багш хүүхэд зодож гэсэн сөрөг мэдээллүүд их гарч байсан. Яагаад хүнээс ийм үйлдэл гардаг юм бол. Амьтан хүртэл үр хүүхдээ яаж хамгаалдаг билээ. Тэгэхэд хүнээс яаж ийм хүний санаанд багтамгүй үйлдлүүд гардаг юм бэ гэж бодохоор л зохиолч, найруулагчийн хувьд эмзэглэл ороод ирнэ. Кино зохиолтой холбогдсон өнцгүүд өөрийн эрхгүй төрнө. Дээрээс нь энэ бол баримтат кино биш, уран сайхны бүтээл. Уран сайхны кино гэдэг нь байгаа юмыг байхгүй болгож, байхгүй юмыг бий болгодог. Үүнийг бас үзэгчид тунгааж хүлээж авах нь зүйтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүний дүрд тоглосон аш олон Холливудын, Монголын олон сэдэв санаа байдаг. Энд би нэг их мундаг болоод анх удаа сэтгээд гэж яримааргүй байна. Гол нь уран сайхны зохиомж нь ямар өнцгөөс, яаж бичигдсэн, яг юуг хэлэх гээд байна вэ гэдэг нь миний хувьд чухал. Нөгөө талаар Монголын өв соёл гээд байхаас илүү орчин цагт болж байгаа үйл явц энэ кинонд гарна. Үнэхээр орчин цагийн хүмүүс хөдөө ахуйгаа мэддэг үү? Өв соёлоо мэддэг үү? Хадгалж үлдэж чадсан уу? Ингээд задлаад яривал их юм байна.

-Дараагийн уран бүтээлдээ орчихсон уу?

-“Атганд үлдсэн эрдэнэ” киноны үлдсэн ажлыг Ганчимэг болон маркетингийн ажилчид хийж байна. Миний хувьд Ганцэцэгтэй хамт дараагийн уран бүтээлийн сюжет дээр ажиллаад эхэлчихсэн. Зураг авалт энэ зун Улаанбаатар хотод хийгдэнэ. Гол дүрийн жүжигчдийн тухайд “Хувьсал” продакшн анх удаа хөндлөнгийн найруулагч авч ажиллах гэж байна. Дараа дараагийн удаа бид баг, бүрэлдэхүүнээ сольж өөрсдөө хөгжиж байх хэрэгтэй. Бүх юм сайн болно гэж байхгүй. Дандаа сайжруулах гэж дараа дараагийн асуудал, эрсдэл зэргийг тооцох хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрсдөө уран бүтээл хийгээд сайн муу болоод байгаагаа мэдэхгүй яваад байж болохгүй.

-Таныг Улсын драмын эрдмийн театраас гарснаас хойш ямар нэг дүрийн санал ирж байна уу. Өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрийнхөө продакшны бүтээлд л ажиллалаа?

-Миний ааш авиртай холбоотой юм шиг санагддаг. Яг үнэндээ би уран бүтээлд их амбицтай хүн. Юунд орох ёстой, юунд орохгүй байх ёстой юм. Бүх зүйлд ороод яваад байх нь ер нь зөв юм уу. Би өөрөө бүхэл бүтэн продакшн хариуцаж ажиллаж байгаа болохоор өөр юм хийх завгүй байдаг. Яг одоо энэхүү киногоо нээгээд удаагүй байхад дараагийн киноны зураг авалтын бэлтгэл эхэлнэ. Бэлтгэл ажилд ямар их хүч хөдөлмөр ордгийг энгийн үзэгчид маань тэр бүр мэддэггүй. Бэлтгэл ажил хамгийн чухал байдаг. Энэ мэтчилэн завгүй явна.

-Залуу жүжигчин А.Ганчимэг гол дүрийг бүтээхийн сацуу хоёр дүрд хувирсан. Кино нээлтээ хийгээгүй байхад л түүний ур чадвар үзэгчдийг их татаж байх шиг?

-Энэ бүтээлийг гаднын мэргэжилтнүүд яаж хүлээж авч мэдэрч байна гэдгийг бид анзаарч байгаа. Миний хувьд хоёр зүйлийг итгэлтэй хэлнэ. Мэргэжлийн мундаг хүмүүс нь А.Ганчимэгийг сайн тоглосон байна гэж хэлсэн. Д.Ангараг зураглаачийг үнэхээр гайхалтай зураг авалтыг гүйцэтгэсэн байна гэсэн. Мэдээж тэр орчин нөхцөлд манай кинотой хамт өнгө шүүлтэд ороод нээлтээ хийхэд бэлэн болсон Холливудын бүтээлүүд байсан. Дөрвөн сарын хугацаанд яг мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажиллаад манай эвлүүлгийн найруулагч их зүйл сурсан гэж ойлгож байна.