Categories
мэдээ цаг-үе

Ц.Шаравдорж: Намайг мэргэжлийн хяналтад байлгахгүй нь зарим хүнд ашигтай байж магадгүй юм

МХЕГын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдоржтой ярилцлаа.

АТГ танд хаягласан сануулга явуулсан байна лээ. Шуудхан хэлэхэд халаа сэлгээндээ ашиг сонирхлын зөрчилтэй хандаж болохгүй шүү гэсэн анхааруулга гэмээр бичиг харагдсан. Тэр бичгийг хүлээж аваад ямар бодол төрөв?

-Тэр бичгийг хараад л сууж байна. Үнэнийг хэлэхэд АТГавлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх гэсэн үндсэн чиг үүрэгтэй. Хууль харахаар АТГ-ын чиг үүрэгт байгууллагын дотоод ажилд оролцох, тэр дундаа боловсон хүчний халаа сэлгээ, томилгоотой холбоотой асуудал байдаггүй. Энэ албан бичгийг би хувьдаа гайхаж байгаа. АТГажил хэргийнхээ шугамаар маш олон албан бичиг гаргадаг байлгүй. Гэтэл надад явуулсан бичгээ л сайтдаа байрлуулаад хэвлэл мэдээллээр шуугиулаад байгаа нь ямар учиртай юм бол доо. 2015 онд 460 гаруй хүнийг халсан байна лээ. Энэ он гарсаар 40 гаруй хүнийг халж өөрчилсөн гэсэн тоо бий. Би МХЕГ-ын даргын ажлыг нэгдүгээр сарын 21-нээс авсан. Үүнээс хойш зургаа, долоон хүний ажлын асуудлыг шийдэж байгаа. Гэхдээ ажлаас үндэсгүй халагдсан, шүүхийн гурван шатны шийдвэр гарчихсан хүмүүсийг ажилд нь эргүүлж авсан. Миний өөрчилж, томилж буй хүний асуудал арвын дотор эргэлдэнэ. Өмнөх асуудлыг үнэнийг хэлэхэд мэдэхгүй юм. Хэрвээ АТГэнэ асуудалд тэгж их санаа зовж байгаа бол өнгөрсөн жил 460 гаруй хүн халж сольж байхад юу хийж байсан юм бэ. Тэр үеийн удирдлагад хандсан юм байдаг болов уу. Ийм бодол төрж байна. Сүүлийн үед над руу сошиал ертөнцийнхөн, хэвлэл мэдээллийнхэн анхаарлаа их хандуулж байх шиг. Санаа зовж, сандарч мэгдэх зүйл алга. Хийдэг ажлаа хийж явна. Мэргэжлийн хяналтын ажлыг аль болох голдрилоор нь явуулахын төлөө зүтгэж байна. Надад хэн ч саад болж чадахгүй. Би хийдгээ л хийнэ, байгууллагаа удирдана. Манай хамт олон хяналт шалгалтынхаа үүргийг гүйцэтгээд явах бүрэн боломжтой. Ганц хоёрхон хүний хийж байгаа ажил нэг их газар авахгүй байх. Дашрамд хэлэх`эд АТГч бай, хэвлэл мэдээллийнхэн ч бай энэ асуудлыг бичихийн өмнө надтай ирээд уулзсан бол бодит тайлбар сонсох л байсан.

Таныг халаа сэлгээ хийж багаа бүрдүүлж байна гэсэн шүүмжлэл яваад байх юм. Дэлгэрэнгүй тайлбар өгөх боломж байна уу?

-Юун баг бүрдүүлэх байхав дээ. Түүнтэй манатай л байна. Намайг ажлаа хүлээж авахад МХЕГ-ын төв аппаратад 20, НМХГ-т 20 нийт 40 хүн батлагдсан орон тооноос илүү ажиллаж байсан. Үүнээс гадна ажлаас үндэслэлгүй халагдсан тул гурван шатны шүүхийн шийдвэр гарч, ажилд нь эргүүлэн томилох учиртай арваад хүн байна. Цаана нь ч ийм үндэслэлээр нэлээд хүн шүүхээр явж байгаа дуулдана. Энэ асуудлыг зохицуулах гэж л хамаг цагаа барж байна. Илүү орон тоон дээр байгаа хүмүүст учрыг нь ойлгуулан хэлж чөлөөлөхийг нь чөлөөлж, заримынх нь ажлыг зохицуулах гэж оролдож байна. Өнгөрөгч хоёрдугаар сард Төрийн албаны зөвлөлөөс манайд хийсэн шалгалтаар “МХЕГорон тооны дээд хязгаарыг 129 албан хаагчаар тогтоосон байхад 20 албан хаагч хэтрүүлсэн” гэсэн. Энэ нь Засгийн газрын 387 дугаар тогтоолоор баталсан орон тооны хязгаарыг зөрчсөн гэсэн үг. МХЕГөөрөө хууль зөрчихгүй байх ёстой.

Халгаа сэлгээ ярьсных нэмж тодруулах зүйл байна. МХЕГын дэд дарга Б.БатЭрдэнэ, захиргаа удирдлагын газрын дарга Л.Бямбасүрэнг халж оронд нь өөрийнхөө хүмүүсийг тавьсан, аймаг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрууд халгаа солионд өртөж байна, цагаан сарын үеэр аймаг нийслэлийн МХГын дарга нарыг дуудан ирүүлж ажлаа өгөхөд бэлтгэхийг шаардсан гэх мэдээлэл цацагдсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу?

-Цагаан сар аль хэдийнэ өнгөрсөн биз дээ. Ахмадуудаа хүндэтгэж золголт хийсэн. Энэ арга хэмжээнд аймаг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нар ирээгүй, тэднийг дуудаа ч үгүй. Ийм үндэсгүй юм бичүүлээд байгаа нөхдийг мэдэж байгаа. Тэр байтугай над руу янз бүрийн мессэж бичиж, заналхийлэх маягийн юм гаргаж л байна. Б.Бат-Эрдэнийн хувьд удаан хугацааны сургалтад явах хүсэлтээ гаргасан юм. Харин Л.Бямбасүрэнгийн хувьд урьд ажиллаж байсан хүн нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж гурван шатны шүүхийн шийдвэр гарсан тул түнийг чөлөөлж шүүхийн шийдвэрийг л биелүүлсэн.

Та нийслэлийн Мэргэжлийн хяналтынханд төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө ажиллахаа болих тухай үүрэг өгсөн гэх юм. Уг нь дарга нар төсөв бүрдүүл гэж шахмаар юм…?

-Хяналт шалгалтын хуулиар мэргэжлийн хяналтын байгууллагыг төсвийн орлого бүрдүүлж ажиллахыг хориглосон. Гэтэл нийслэлийн удирдлагаас төсвийн орлого бүрдүүлэх үүргийг НМХГ-т өгсөн байна. Ингэснээр Мэргэжлийн хяналтын газрыг хууль зөрчиж ажиллахыг шаардсан гэж ойлгож болно. Хэрэв энэ үүргийг биелүүлнэ гэвэл зориудаар торгууль ногдуулж, иргэд, аж ахуйн нэгжийг хохирооно гэсэн үг. Тиймээс “Хуулийн дагуу ажиллахаас биш, төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө ажиллаж болохгүй” гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтынхандаа үүрэг өгсөн. Учир нь ердөө л энэ.

Мэргэжлийн хяналтын ихэнх ажил шалгах хянах байсан бол одоо зөвлөх урьдчилан сэргийлэхэд анхаарна гэж байгаа. Та ийм чигээр ажиллах уу?

-Урьд нь ч одоо ч мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтад голчлон анхаараад, урьдчилан сэргийлэх, зөвлөх, туслах ажлаа хоёрдугаар зэрэгт тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл, нийт ажлын 70 хувийг хяналт шалгалтад, 30 хувийг зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулдаг байсан юм. Харин одоо 70 хувийг зөвлөн туслах, урьдчилан сэргийлэхэд, 30 хувийг хянаж шалгахад чиглүүлнэ. Мэргэжлийн хяналтын байгууллагад иргэд, аж ахуйн нэгж, үйлчлүүлэгч итгэж ирдэг, зөвлөгөө авдаг, итгэлтэй түнш нь байх ёстой. Илэрхий хууль, норм стандарт зөрчсөн, санаатай үйлдлийн улмаас хор хохирол учруулж байгаа бол төрийн олгогдсон бүрэн эрхийн дагуу хянаж, шалгаж хариуцлага тооцоохоос өөр арга байхгүй.

Өвлийн морин уралдааныг хориглох асуудалд МХЕГ нэлээд хатуу байр суурьтай байх шиг байна. Амтай бүхэн л буруу гэдэг ч бодитой ажил хийдэггүй. Бодитой, мэдрэгдэхээр ажил хийх бодол байгаа юу?

-Монголчуудын хувьд хурдан морин уралдаан нь уламжлалт сайхан наадам. Гэхдээ мориндоо хайртай монголчууд өвөл хаврын хахир хүйтэнд морь урлдуулдаг ёс заншил байсан уу. Хамгийн гол аюул нь цастай мөстэй, газар хатуурч хөлдсөн үед уралдааныг явуулж байгаагаас хүүхэд унаж бэртэх, морь малд ч халгаатай ноцтой үр дагавар гардаг юм байна. Монголчууд сүүлийн үед зугаа цэнгэлд хэт их анхаарч, гарч болох эрсдэлийг тооцоолж, хор хохирлоос сургамж авах нь бага байх шиг. 2014 онд морин уралдааны үед 466 хүүхэд мориноос унаж, 28 нь хүнд, 438 нь хөнгөн гэмтсэн байдаг. 2015 онд гэхэд 319 хүүхэд мориноос унаж, нэг хүүхэд нас барж, 12 нь хүнд, 91 нь хөнгөн гэмтсэн гэх тоо баримт бий. Үүнээс гадна стандартын хамгаалалтын хувцас хэрэглэл өмсүүлэхгүйгээр хүүхдийг уралдуулж байгаа нь элбэг. Энэ бүхэн өвөл хаврын цагт морин уралдаан хийхийн хор уршгийг хэлээд байгаа юм. МХЕГ-аас Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байх, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн. Аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллахыг хатуу сануулж, удаа дараа зөвлөсөөр байхад хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болгосон байгаа.

Нийслэлийн болон МХЕГ төв аппаратын ажилтнуудтай уулзалт хийхдээМХЕГ дарга агентлаг байж болохгүй, улсын ахлах байцаагчдын агентлаг баймааргүй байнагэж хэлсэн чинь их содон сонсогдсон. Яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Засгийн газрын 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн талаар авах арга хэмжээнүүдийн тухай” 387 дугаар тогтоол бий. Үүнд “…. агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийг орлогч даргагүй, газар нь дотроо хэлтэсгүй, хэлтэс нь дотроо тасаг албагүй, газар хэлтэс нь орлогч даргагүй, нэгжийн орон тоог долоогоос доошгүй байх чиглэл баримтлах, Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийг нэгж, ажилтны чиг үүргийг хариуцах ажил нь давхардалгүй байх” гээд заачихсан. Энэ тогтоолыг л бид биелүүлж ажиллах ёстой. Гэтэл манай агентлагийн төв болон нийслэлийн аппаратын хувьд үнэнийг хэлэхэд хэт олон хэлтэстэй байна. Үүнийг дагаад хэлтсийн дарга гэж олон орон тоо, ажлын давхардал үүссэн. Ийм учраас л дарга агентлаг болж харагдмааргүй байна гэсэн юм. Гуравхан хүнтэй хэлтэс, нэг хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч, улсын байцаагч байх хэрэггүй биз дээ. “Улсын ахлах байцаагчдын агентлаг”баймааргүй байна гэсний хувьд улсын ахлах байцаагчийн эрхийг шагналын журмаар өгөхгүй гэсэн санаагаар хэлсэн юм. Бид дотроо бодож цэгцлэх асуудал нэлээд байна.

Та антибиотикийн эмийн зохиостой хэрэглээ үндсэндээ алдагдаж, монголчууд антибиотикт живж байна гэж мэдэгдсэн. Үүнийг та ямар үндэслэлээр хэлэв. Засч залруулахад МХЕГ юу хийх вэ?

-МХЕГ-аас зохиож байгаа “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны нээлтээр хэлсэн үг л дээ. Манай улсад эмийн үндэсний бодлого үндсэндээ алдагдчихаад байна. Дэлхийн бусад орнуудад антибиотикийг эмчийн хяналт дор туйлын болгоомжтой хэрэглэдэг бол монголчууд дуртай эмийн сангаасаа аль болох хүчтэй антибиотикийг хүссэнээрээ авч хэрэглэдэг. Манай эмийн сангийн ажилтнууд ч хэлснээр нь эм олгоод сурчихсан. Эмээ л борлуулж, орлого олж байвал цаад хор хөнөөлийг нь тоохгүй байна. Антибиотикийг болгоомжтой хэрэглэх нь нянд тэсвэртэй, хоруу чанар, өндөр дархлаа үүсэхээс сэргийлэх чухал нөхцөл юм. Тиймээс МХЕГ “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хяналт шалгалтын болон урьдчилан сэргийлэх нэлээд ажлыг хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Монгол Улсад нийт 33 улсын 58 нэр төрлийн 802 янзын антибиотик эм эмийн бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Энэ бүгдийг зохистой хэрэглэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхэд эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сан, мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллах ёстой.

Монгол Улсаас мах махан бүтээгдэхүүн экспортлохын төлөө авч явуулж байгаа арга хэмжээнд аж ахуйн нэгжүүд ам сайтай байна. Энэ тал дээр МХЕГ ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Бургастайн боомтоор БНХАУ руу малын мах экспортлох шийдвэр гарч, тодорхой арга хэмжээ авагдаж, зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд малын махаа гаргаад эхэлчихсэн. Цаашид ийм аж ахуйн нэгжийн тоог нэмэх боломж бий. МХЕГ болон БНХАУ-ын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын аюулгүй байдлын газрын даргын түвшний ажлын хэсгийн уулзалтаар Монгол Улсаас БНХАУ-д адууны ясны гурил болон адууны махан бүтээгдэхүүн (адууны махан бууз, банш) экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээрийн хамтын ажиллагааны протоколуудад гарын үсэг зурж баталгаажуулсан. Хоёр тал идэвхтэй ажилласны үр дүнд 2015 оны арваннэгдүгээр дүгээр сард Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Монгол Улсаас БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг ариун цэврийн гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулснаар экспорт хийх боломж бүрдлээ.

Мөн БНСВУ-ын хөдөө аж ахуй, хөдөөг хөгжүүлэх яамны мэргэжилтнүүд гүйцэд боловсруулсан болон гүн хөлдөөсөн бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүний 20 үйлдвэрт МХЕГ-тай хамтарсан хянан магадлагаа хийснээс дөрвөн аж ахуйн нэгж хиам, лаазалсан болон гүйцэд боловсруулсан бүтээгдэхүүнийг вьетнамчууд экспортлох, дөрвөн аж ахуйн нэгжид Вьетнамын талаас шалгаж, олж илрүүлсэн дутагдлыг засан, НАССР, эсвэл ISO 2200 стандартыг нэвтрүүлсэн тохиолдолд гүн хөлдөөлтийн аргаар боловсруулсан хонь, ямааны махыг экспортлох эрхийг тус тус олгосон.Энэ бүгдэд Монголын тал анхаарч ажиллах, дамжин өнгөрөх асуудал шийдэгдсэнээр мах махан бүтээгдэхүүн БНСВУ-д экспортлогдож эхлэх юм.

Та МХЕГт ирээд удаагүй байна. Энэ байгууллагыг удирдах хугацаандаа заавал хийнэ гэж төлөвлөсөн ажил гэвэл юуг онцлох вэ?

-Үнэнийг хэлэхэд МХЕГ-т ажиллагсдын нийгмийн асуудал сайн биш. Одоогоор шийдвэрлэгдсэн байдал адил түвшинд мөр зэрэгцэн ажиллаж байгаа гааль, хилийн болон бусад агентлагуудаас нэлээн хоцорсон байдалтай байна. Хяналт шалгалт хийхийг шахаж шаардах, юм болгонд “мэргэжлийн хяналт” ийм тийм байх ёстой гэж нэхэх, шаардахаас биш төрийн зүгээс шийдвэрлэсэн зүйл, анхаарал халамж сул байна. Хилийн боомтод ажиллаж байгаа ажилтнуудын дүрэмт хувцасны норм хэдэн жилийн өмнө дууссан. 4-5 жил хувцсаа сольж чадахгүй байгаагаас манай ажилтнууд арга буюу хувийнхаа мөнгөөр дүрэмт хувцсаа захиалж өмсөөд явж байна. Тэр ч байтугай улсын байцаагчийн тамгаа өөрсдийн мөнгөөрөө хийлгэсээр өдийг хүрчээ. Энэ мэт яривал зовлон их байна. Улс орны эдийн засгийн чадал, боломж сул байгааг бид ойлгож, төрийн өмнө хүлээсэн үүрэгт ажлаа шат шатандаа сайн хийж, гүйцэтгэхийг хичээн ажиллаж байна. Гэхдээ бодит байдлыг ойлгож шийдвэрлэх хэрэгтэй байгааг Засгийн газар, УИХ анхаараасай гэж хүсч байна.

МАХНаас нэр дэвшээд ялалт байгуулах өндөр магадлалтай, УИХд арваад жил гишүүн байсан хүн нэр дэвшихгүй ийм хэл амтай албанд ирсэнд гайхаж л байна. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-Намайг мэргэжлийн хяналтад байлгахгүй нь зарим хүнд ашигтай байж магадгүй л юм (инээв). Хүн ямар ч албан тушаал хашиж болно. Тэр дундаа улс төрөөс ёс зүй цэвэр гарч чаддаг байх ёстой. Би 16 жил УИХ-ын гишүүн явлаа. Улс төрд ёстой тоосон дунд нь явсан хүн.Одоо болно оо.

Ийм учраас л яагаад гэж асуугаад байна л даа?

-Цөөхөн хүн ингэж бодож байж магадгүй. Ер нь намайг улс төрөөс яваасай гэж боддог нь олон байх. Улс төрд надад орон зай бий. Гэхдээ улс төрөөс толгой өндөр, нэр цэвэр, зай барьж чаддаг байх ёстой. Тийм учраас намынхаа нөхдөд ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ хэлсэн.

О.Баасанхүүгийн элдэв үйлдэл мэдэгдэл, Г.Шийлэгдамбын сүүлд хийсэн алхам гээд харахаар МАХНын даргатай холбоотой таагүй шүүмжлэлүүд өрнөөд байдаг. МАХН тойрсон элдэв яриаг та яаж хүлээж авдаг вэ?

-Би МХЕГ-ын дарга. Улс төрөөс түдгэлзсэн албан тушаалтан. Тэгэхээр нэг улс төрийн намын талаар яримааргүй байна. Хэлбэл олон зүйл бий. Хөндөж яривал та нарын сонирхол татсан асуудлыг ч хөндөж магадгүй. Гэхдээ яриад хэрэггүйг ойлгох биз ээ.

Тэгвэл намынхаа даргын тухай бодож явдгаа хэлээч?

-Н.Энхбаяр даргын тухайд бол цөөн үг хэлж болох юм. Нэг намын тухай биш, Монгол орны хөгжил, Монголын ард түмний сайн сайхны төлөө юу ярьж хэлээд байгааг хараа биз ээ. Өнөөгийн улстөрчдөөс хувь илүү, толгой дээгүүр хүн юм даа гэж боддог. Саявтар хоёр намын хамтарсан хурал болсон доо. Тэр үед тавьсан илтгэлээс харахад л андашгүй байсан. МАН-ын даргын хэлсэн үгнээс хэд дахин илүү өндөр ач холбогдолтой үг хэлнэ лээ.

МАНын зүгээс МАХН хүсвэл нэгдэхэд асуудалгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа. Хоёр намын нэгдэл дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Намын гишүүн байсан хүний хувьд гэж яривал, дунд болон доод шатанд энэ хоёр намыг хамтарч сонгуульд ороосой гэсэн хүсэл байдаг юм билээ. Бараг зуун хувь. Үүнийг олж харах мэдрэмж дээд түвшинд хэр байгаагаас л шалтгаалах болов уу. Түүнээс биш би ингэх, тэгэх ёстой гэж хэлэх хүн биш.

Categories
мэдээ цаг-үе

Г.Батбаяр: Энэ сайхан хайр хүндлэлийг үеийн үед дааж явах юмсан гэж боддог

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батбаяр тоглолтын бэлтгэл хийгээд тун завгүй байхад нь уулзахаар очсон юм. Морины хэмээн олноо алдаршсан дуучин маань саяхан хөдөө орон нутагт тоглолтоо хийгээд ирсэн тухайгаа ярив. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсаныг сонирхуулъя.

Ямар концертод оролцох гэж байна?

-Манай Цэргийн дуу бүжгийн чуулгын 95 жилийн ойн концерт болох гэж байна. Мөн манай зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 95 жилийн ойд зориулсан тоглолт юм. Энэ концертод “Тогтохоо болилоо”, “Хардэл бэйсийн унага” гэсэн хоёр дуугаараа оролцож, хоортой цуг дуулна. Өнөөдрөөс эхлээд нэмэх хэмд ороод гадаа их сайхан байна. Дулаарч байна. Миний хувьд хамгийн гоё улирал бол хавар. Юм болгон цэцэглэж дэлгэрч байгаа болохоор их сайхан байдаг. Хаврыг би ер нь дандаа маш гоёор төсөөлж бодож явдаг хүн.

Та саяхан хөдөө орон нутагт тоглоод ирсэн гэсэн. Аль аймгаар явав?

-Хөвсгөлд тоглоод ирлээ. Дундговийн хэд хэдэн суманд очиж үзэгчдэдээ уран бүтээлээ хүргэсэн. Ирээд Мартын 8-ны тоглолтод оролцлоо.

Үзэгчид маань таныг их сайхан хүлээж авсан биз дээ?

-Миний ард түмэн хайрлая, сонсъё гэсэн уран бүтээлчээ үеийн үед дээдэлсээр ирсэн. Мөн үеийн үед тусалж дэмжиж явдаг ард түмэн. Их сэтгэлтэй тул би олон түмэндээ баярлаж явдаг дуучин. Яагаад гэхээр автомашины осолд орж үнэхээр хэцүү байсан үед миний Монголын ард түмэн намайг орхиогүй. Өнөөдрийг хүртэл уран бүтээлийг маань шимтэн сонсож “Тэр дуучин яасан бол оо. Хөл нь гайгүй болсон болов уу. Бие нь гайгүй болов уу. Яагаад дуугаа дуулахгүй байна?” гэж үргэлж асууж сураглан тусалж дэмждэг. Үүний хүчинд би өнөөдрийг хүртэл мориныхоо уран бүтээлийг өргөн бариад явж байгаа.

-“Хардэл бэйсийн унагабол таны брэнд дуу гэж болно. Яаж яваад энэ дууг дуулахаар болсон түүхээсээ уншигчдадаа сонирхуулаач?

-Миний брэнд нэлээд олон дуу бий. Соёлын тэргүүний ажилтан Батцэрэнгийн ая, яруу найрагч Ж.Саруулбуянгийн үг “Ээжээ зорьё”, “Хардэл бэйсийн унага”, “Төрийн минь магнай”, “Адуучны жаргал” гээд. “Хардэл бэйсийн унага” дууны хувьд гэвэл би чинь анх Хилийн цэргийн ансамблиас гараагаа эхэлсэн дуучин. Анх морины уран бүтээлд хөтлөн оруулсан дуу бол “Гал шаргын унага”. Уг ансамбльд байхдаа Ж.Саруулбуян гуайгаас “Хардэл бэйсийн унага” дууны үгийг нэлээд олон хоног хөөцөлдөж байж авсан. Түүнд Соёлын тэргүүний ажилтан Батцэрэн аялгуу хийсэн. Би шүлгийг нь авчирч өгчихөөд Халх гол руу яваад ирэхэд Батцэрэн гуай аяыг нь хийгээд бэлэн болгочихсон байсан. Хөдөөнөөс ирэхэд Батцэрэн гуай намайг хүлээгээд байж байсан. Төгөлдөр хуур дээр тоглоод “Нэг ийм дуу боллоо” гэж билээ. Сонсоод болох юм байна гэсэн бодол төрсөн. Ингээд Монголын радиод бичүүлж энэ дуу нийтэд түгсэн байгаа юм.

Анх сонсонгуут л сэтгэлд тань буусан гэсэн үг үү?

-Тийм ээ. Сонсонгуут л буусан. Анх бичүүлэхдээ дээд нотыг яаж авах вэ гэж жаахан бодсон. Бүтэн хоолойгоороо дуулах уу гээд нэлээд эргэлзэж байхад Хаянхярваа гуай бүтнээр нь авсан нь дээр гэж зөвлөсөн. Нэлээд хөдөлмөр гаргасны эцэст сайхан уран бүтээл болсон. Түүнээс хойш бараг өдөр алгасалгүй энэ дуугаа дуулж явна.

-“Гал шарын унагабол бас л таны брэнд дуу. Яагаад дуулах болсон түүхээсээ хуваалцаач?

-Тэрбишийн хөгжим, Ардын уран зохиоч П.Бадарчийн шүлэг. Бас их сонин түүхтэй. Хилийн цэргийн ансамбльд манай дарга Урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Төмөрбат гэж байсан. “Цэнхэр хангайн нутаг” гээд дуугаа би гайгүй дуулсныг Тэрбиш гуай сонссон юм байлгүй. Манай Хилийн цэргийн ансамбль дээр дуугаа барьж ирээд “Г.Батбаяр гэдэг залуу дуучнаар дуулуулмаар байна. Шинэ уран бүтээлдээ оруулж өгөөч ээ” гэж хэлсэн. Ингэж л олны хүртээл болсон түүхтэй.

Сүүлийн үед ямар шинэ уран бүтээл туурвиж байна?

-Сүүлийн үед нэлээд шинэ уран бүтээл хийж байгаа. Том охин маань дуулаад эхэлчихсэн. Сонгуулийн өдөр төрсөн болохоор Сонгууль гэдэг нэртэй. Охин маань зууны манлай дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасангийн шавь. Хүргэн маань Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгад дуучин Дөлбадрах . Х.Үнэнхүү багшийн шавь. Саяхан охин, хүргэн хоёр маань надтай хамтран “Монголдоо би хайртай” гэдэг уран бүтээлээ хийсэн. Одоо тус тусдаа бүтээлээ туурвиж байгаа. “Тэмүүлэл”, “Зүүдний өнтэй нутаг” зэрэг дуунуудыг дуулсан. Охины маань дуулсан “Зүүдний өнтэй нутаг” нь TV 10-ийн “Гоё” гэдэг хит парадыг гурван удаа тэргүүлчихээд байгаа. Би өөрийнхөөсөө гадна хүүхдүүдийнхээ бүтээл дээр нэлээд ажиллаж байна. Тэднийгээ сайхан ард түмний хайртай дуучин болгочих юмсан гээд л хичээж явна. Аавынх нь хувьд тус дэм болох гээд л. Миний хувьд гэвэл морины тухай шинэ уран бүтээлүүд гарсан. Хүн бол эх орон, ард түмэн, хань ижил, үр хүүхдээрээ баян байдаг. Хамгийн сүүлд “Монголоороо би баян” гэдэг дуу дууллаа. Бас их сонин сэдэв. Хүмүүс мөнгөтэй бол баян гэж ойлгодог. Гавьяат Ч.Бат-Эрдэнийн ая “Суман хүрэн” гэж шинэ дууг дууллаа. Ноднин жил дуулсан “Егзгөр хээр” гэдэг дуу маань одоо яг хүмүүсийн дуулуулах дуртай дуу болоод байна. Миний уран бүтээлийг радиогоор явуулах эсвэл фэйсбүүкт тавихад өөрийн эрхгүй хүмүүс өлгийдөж аваад явчихдаг. Ийм сонин уран бүтээл хийдэг хүн л дээ. Би чадалтайдаа биш, ард түмэн маань маш сайн сонсдог гэсэн үг.

Таны охин Б.Сонгууль тань Ардын жүжигчин Х.Уртнасангийн шавь гэж та ярилаа. Дуурийн дуучнаар сурдаг юм уу?

-Охин маань сургуулиа төгсөөд бараг хоёр жил болж байна. Хүүхэдтэй болсон.

Ойрын үеийн уран бүтээлийнхээ төлөвлөгөөнөөс сонирхуулаач?

-Цэргийн баярт зориулсан тоглолтод оролцсоны дараа хийх ажил их бий. Янз бүрийн концертууд байгаа. Миний дуунуудын клипний чанар муудчихаад байгаа. Тиймээс морины тухай уран бүтээлээ шинэчлэх ажилдаа орно. “Хардэл бэйсийн унага”, “Гал шарын унага”, “Адуучин миний жаргал” зэрэг дууныхаа клипийг шинэчилнэ. Энэ ажлаа эхлүүлнэ. Хүүхдүүдийнхээ уран бүтээлийг түлхүү явуулна. Ирэх аравдугаар сард хүүхдүүдтэйгээ хамтран CD гаргах гэж байгаа.

Шинэ дуу дуулуулах санал их ирж байна уу?

-Тэгэлгүй яахав. Саяхан Соёлын тэргүүний ажилтан Дашзэвэг морины тухай шинэ дуу өгсөн байгаа. Өчигдөр очиж нотыг нь авсан. Ойрын өдрүүдэд дуулна. Морины уран бүтээлүүд надад түлхүү ирдэг. Морины тухай сайхан дуу дуулдаг болохоор өглөө босохдоо ч их цоглог байхаас өөр арга байдаггүй. Ард түмэндээ ийм сайхан бүтээлүүд хүргэсэндээ маш их омогшиж явдаг.

Бие тань их сайн байгаа бололтой, та их сайхан харагдаж байна.

-Баярлалаа. Энэ бол миний уран бүтээлийн хүч, миний ард түмний хүч. Үеийн үед л хайрлаж хүндэлж байдаг. Эмнэлэг дээр яваад очсон ч Батбаяр гуай яасан туслах юмсан гэдэг. Би ийм л сайхан хайр, хүндлэлд умбаж явдаг хүн дээ. Тиймээс энэ сайхан хайр, хүндлэлийг үеийн үед дааж явах юмсан гэж боддог.

Categories
мэдээ цаг-үе

Удирдагчдад нийтлэг чанар байдаг уу?

Сэтгүүлчид биднийг хүнтэй ярилцдаг ажилтай хүмүүс гэж тодорхойлж болно. Жолоочоос жолоодогчийг хүртэл олон хүнтэй өнгөрсөн хугацаанд хөөрөлджээ. Мэдээж хүний сэтгэлийн гүнд нэвтрэхийг хичээнэ, амжилтад хүрсэн нууцыг олох гэж хайгуул хийнэ.

Салбар бүрийн удирдагчидтай уулзана. Амжилтад хүрсэн хүмүүс ямар зан чанартай байдаг тухай сэтгэл зүйчид, мэргэжилтнүүдийн зөвлөгөөг бишгүй уншсан санагдана. Үнэндээ удирдагчид хэн нь хэн болохыг хамгийн сайн мэддэг хүмүүс сэтгүүлчид шүү дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй ч олонтоо уулзжээ. Нэг удаа өөртөө ийм асуулт тавьсан юм. “Удирдагчдад нийтлэг чанар байдаг уу” гэж. Бодож үзээд өөртөө ингэж хариуллаа. Амжилтад хүрсэн удирдагчид хүнтэй харилцах чадвар сайтай байдаг гэж. Энгийн сонсогдож байгаа биз. Удирдагчдыг боловсролоор нь аль эсвэл нас гэх мэт өөр онцлогоор нэгтгэх хэцүү л дээ.

Зарим нь өчнөөн олон мундаг сургууль төгссөн байхад өөр бусад нь төгссөн сургууль топ биш ч амьдралын хар ухаан сайтай байх нь бий. Шижигнэсэн залуу удирдагчид ч бий, насны нар хэвийж буй хүмүүс ч бий. Нийгмийн угсаа гарлаар нь “сорт”-лох ч хэцүү. Нэртэй хүний зүстэй хүү байхад жирийн малчин айлын боловсрол нимгэн ээжээс олныг оройлсон удирдагчид төрсөн байх жишээтэй. Тэгээд л харилцааны чадварыг онцолсон хэрэг. Жинхэнэ том удирдагчид бол хүнийг ангилж, голж шилдэггүй. Хүүхдэрхүү гэнэн ч гэмээр хүмүүс байх нь элбэг. Хүнтэй ярьж, хүний сэтгэлд нэвтэрч чаддаг хүмүүс байх нь олонтоо. Хурган дарга нарын дунд бол өөрийгөө том гэж бодоод, харилцагчаа жижиг мэтээр харьцдаг хүмүүс цөөнгүй л дээ. Харин хүнтэй харилцах чадвар тааруу том удирдагчтай ер нь л таарч байсангүй дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан нам УИХ-д 50 суудал авч байж л таван хувийн зээл амжилттай үргэлжилнэ

Хөгжингүй орнуудыг анзаараад байх нь ээ дундчууд нь нийгмийн давхаргынх нь дийлэнх хувийг эзэлсэн байдаг. Байртай, машинтай, дажгүй ажилтай дундчууд нийгмийг авч явдаг, өндөр хөгжлийн шалтгаан болдог гэх гээд байна л даа. Америк, Англи, Герман гээд хөгжлөөрөө түүчээлсэн гүрнүүд гэхэд л дундчууд олонтой, төр засгаас нь дундчуудаа дэмжсэн бодлогод хүчтэй анхаарч чаддаг. Дэлхийн том гүрнүүдийн нэг, ганц намын тогтолцоотой Хятад ч хүчирхэг нийгмийг үгээгүй хоосон ажилчин тариачин биш дажгүй орлоготой, үл хөдлөх хөрөнгөтэй дундчууд авч явдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Урд хөршид ядуу тариачид нь багасч дундчуудын хүрээ жилээс жилд өргөжиж байгаа. Дундаж давхаргынхан нэмэгдэх хэрээр эрэлт ихэсдэг, эрэлт ихсэхээр зах зээл нь дагаад хөгждөг жамтай. Хятадын дундчуудын буянаар Ази энэ зууны хагас гэхэд Америкийн өмнө гишгэнэ гэж олон улсын шинжээчид онцолж буй. Хөгжилтэй улсуудын төр засаг дундчуудаа дэмждэг нь ийм учиртай. Манай улсад ч 2012 оны сонгуулийн дараагаас дундчуудаа дэмжих бодлого хүчтэй хэрэгжээд эхэлчихсэн.

АН-ын засгийн эрх аваад хийсэн үлдэцтэй ажлын нэг нь яах аргагүй найман хувийн орон сууцны зээлийн хөтөлбөр. Хямд хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжсэнээр 50 орчим мянган айл үл хөдлөх хөрөнгөтэй болсон. Найман хувийн зээлээр байранд амьдарч байгаа нийт өрх гэвэл наян мянга дөхнө. Өмнө нь арилжааны банкны зээлийн багцын ихэнхийг гар утас, хивс, цахилгаан бараа гээд тансаг хэрэглээний зээл эзэлж байсан бол өдгөө байдал эрс өөрчлөгдсөн. Саяас дээш орлоготой өчнөөн айл найман хувийн зээлд хамрагдаж, дэмий зүйлд мөнгөө зарахаа больсон гэдэг бол том үр дүн. Үл хөдлөх хөрөнгөтэй дундчуудын эгнээ ингэж тэлж эхэлсэн нь найман хувийн орон сууцны зээлийн өгөөж гэх гээд байна л даа.

Найман хувийн орон сууцны зээлийн хүү саявтар таван хувь болоод буурчихлаа. Эцсийн дүндээ хөгжил авчирдаг дундчуудын хүрээ дахиад тэлнэ гэсэн үг. Энэ бол том олзуурхал. Гэхдээ сүүлийн үед нэг зүйл их тод анзаарагдах боллоо. МАН-ын зүгээс аль хэдийнэ шүүмжлэл үнэртсэн бор шувууд нисэлдээд эхэлсэн. Уг нь МАН бага хүүтэй орон сууцны зээлийг иргэдэд хэрэгтэй, эдийн засагт ахиц авчрах шийдэл гэж мэдэж байгаа. Харамсалтай нь АН санаачилж эхлүүлсэн болохоор тэд таван хувийн зээлд заяа нь таатай хандахгүй. Ирэх сонгуульд парламентад овоо хэдэн суудал авчихвал хэрэгжүүлэхгүй гээд түмэн шалтаг тоочоод гэдийчихэж мэдэх өндөр магадлалтай. Өндөр магадлалтай ч биш юм байна, ер нь тэгнэ. Тэгэхээр та бидний амьдралыг сайжруулах, алсдаа Монголыг хөгжилтэй улс болгох нэг гарц болсон таван хувийн зээл цаашид амжилттай хэрэгжих нэг л зам бий. Тэр нь АН ирэх сонгуулиар ялах. УИХ-д ядаж л 50 суудал авах. Ингэж байж тэд санаачилж эхлүүлсэн таван хувийн орон сууцны зээлээ амжилттай хэрэгжүүлнэ.

Таван хувийн орон сууцны зээл одоогоор тодорхой хязгаартай хэрэгжиж байгаа. Санаачилсан нөхөд нь үргэлжлүүлээд хэрэгжүүлэх эрх дархтай болчихвол хязгаар босго нь намсаж, бүх л хүн таван хувийн хүүтэй зээл авч байртай болох боломж нээгдэх нь тодорхой асуудал. Түүх сөхөөд үзэхээр хямд хүүтэй байрны зээл, иргэдээ орон сууцжуулах бодлогын эхлэл суурийг АН тавьсан байдаг. Наад захын жишээ нь дөчин мянган айлын орон сууц хөтөлбөр. Тэр үед МАН үлгэр гэж шүүмжилж байсан. Үлгэр биш бодит амьдрал дээр хэрэгжсэнийг өдгөө бултаараа харцгааж байна. Таван хувийн зээл ч ялгаагүй үлгэр биш, хэрэгжүүлэхээс аргагүй бодитой үндэслэлтэй шийдвэр.

Ипотекийн таван хувийн зээлийг улс төрийн шоу, урт хугацаатай санхүүжилтийн эх үүсвэр байхгүй тул улсаараа сонгуулийн дараа эдийн засгийн дампууралд хүрнэ гэж АН-аас бусад нь шүүмжлээд эхэлчихлээ. Тэд 2009 онд тохиосон АНУ-ын ипотекийн хямралыг дурдаж ирээд л шүүмжилж байна. Үнэндээ Монгол Улсын ипотекийн тогтолцоо АНУ-ынхаас тэс ондоо. Малайзын Чагамасын моделоос үүдэлтэй гэдгийг захын эдийн засагч тайлбарлаад хэлчихнэ. АНУ-ын орон сууцны зээлийн хямралын гол шалтгаан нь subprime буюу стандарт бус ангиллын ипотекээр баталгаажсан үнэт цааснаас үүдэлтэй. Стандарт орон сууцны зээл ихэвчлэн урьдчилгаа төлбөртэй, 30 хүртэлх жилийн хугацаатай, тогтмол хүүтэй байдаг. Хямралд хөтөлсөн ипотекийн зээлийн шалгуурыг харахад л манайхаас тэс өөр нь мэдэгдэнэ. Зээлдэгчид сарын зээлийн төлбөрийнхөө хэмжээг өөрчлөх боломжтой, төлбөр барагдуулах хугацаа нь 30 жилээс урт, бүр цаашлаад яривал бичиг баримтгүй зээл олгож байсан эрсдэл хүртэл анзаарагддаг. АНУ-ын хямралын гол шалтгаан болсон моргэйжийн зээл ид хэрэгжиж байхад орон сууцны зээлийн сурталчилгаанд нь “бичиг баримтгүй олгох зээл”, “100 хувийн санхүүжилт”, “зөвхөн хүү төлөх зээл”, “нийлмэл зээл” гэсэн үгнүүд түгээмэл ашиглагдаж байсан гэдэг.

Дахин хэлэхэд манай улсад хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн тухайд урьдчилгаа төлбөртэй, 30 хүртэл жилийн хугацаатай, тогтмол хүүтэй гэдгээрээ АНУ-ын зээлээс ялгарч байгаа. Өөрөөр хэлбэл стандарт зээл гэсэн үг. Тэгэхээр зарим улстөрчдийн яриад шүүмжлээд байгаа шиг бэрхшээл эдийн засаг талаасаа лав алга. Эдийн засаг талаасаа эрсдэлгүй гэхээр таван хувийн зээлд эргэлзээд байх шалтгаан харагдахгүй байна.

Таван хувийн орон сууцны зээлийн хөтөлбөрийн нийгэмд үзүүлэх өгөөж нь ч бодитой. Нийслэлийн иргэдийн 60 хувь нь гэр хороололд, 40 хувь нь орон сууцанд амьдарч байгаа. Утаа үйлдвэрлэдэг 60 хувийг орон сууцжуулж байж л агаарын бохирдолд баяртай гэж хэлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр наад зах нь Улаанбаатарын утааг элдэв мөнгө зарахгүйгээр баталгаатай арилгах ганц хөтөлбөр болж таарч байна. Элдэв өвчний шалтгаан болсон хөрсний бохирдлоос ч зовлонгүй салах аятайхан боломж. Зөвхөн утаа, хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх гэж улсын төсвөөс 2011 оноос хойш 74 орчим тэрбум төгрөг зарцуулсан гэсэн статистик бий. АН-ын хувьд ийм их хэмжээний мөнгийг зарахгүйгээр асуудлаа шийдчихье, далимд нь иргэдээ үл хөдлөх хөрөнгөтэй болгоод авъя гээд байгаа л хэрэг. Ийм хэрэгтэй хөтөлбөрийг эсэргүүцээд байгаа шалтгаан нь ямар ч үндэслэлгүй, бага хүүтэй орон сууцны зээл дэлхийн улсуудад нэгэнт хэрэгжээд өгөөжөө өгсөн гэдгийг өмнө онцолсон учраас дахиж нуршаад яахав.

Харамсалтай мөртлөө бултах аргагүй гашуун үнэн гэвэл таван хувийн ипотекийн зээл яаж ч бодсон АН-д дургүй популист улстөрчдөд болон МАН-д таалагдахгүй. Тэд хэзээд ямар нэг шалтгаан бодож олоод шүүмжилсээр суух нь ойлгомжтой. Тэгэхээр хямд хүүтэй байрны зээлийг үргэлжлээсэй гэж хүсч байгаа иргэдийн хувьд энэ ажлыг эхлүүлсэн АН ирэх сонгуулиар УИХ-д тавин суудал аваасай гэж найдах л үлдэж байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-оос “Гэр шилбэл шинээс нь гишүүд сонговол хуучнаас нь” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар өглөөний нартай уралдан гарч, уншигчдадаа хүрч байна.

Өнөөдрийн дугаарын тэргүүн нүүрэнд Танайд өнжье булан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатарын ярилцлагыг онцлон хүргэж байна. Энэ удаад Д.Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн Чойжилсүрэнгийн Жачингийнд өнжсөн байна. Энэ талаар дэлгэрэнгүйг арванхоёр, арвангуравдугаар нүүрнээс уншаарай.

Мөн “Малчны хотонд төлийн дуу цангинах тал нутгийн хавар” буюу манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатарын сурвалжлагыг уншаарай.

Харин УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй хийсэн ярилцлага болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн казах түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээг хоёрдугаар нүүрнээс уншаарай. А.Бакейгийн ярилцлагын үргэлжлэлийг тавдугаар нүүрт нийтэллээ.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлогч “Баримт үзэл бодол” булангаас “Гэр шилбэл шинээс нь гишүүд сонговол хуучнаас нь” нийтлэлийг сонирхоно уу. УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Түвшинжаргалыг баривчилсан тухай мэдээлэл манай сонины өмнөх дугаарт гарч байсан. Энэ талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг зургаа, долдугаар нүүрээс сонирхоно уу.

Мөн хийлч Ч.Дэлгэрцэцэг болон жүжигчин Ж.Баясгалан нарын сонирхолтой ярилцлага энэ дугаарт нийтлэгдлээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас хүлээн авч уншина уу.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Зохиомлоор элэг ургуулжээ

Японы
Йокогама их сургуулийн судлаачдын баг хүний элэгний үйл ажиллагааг бүрэн
гуйцэтгэж чадахуйц хэдхэн миллиметрийн хэмжээтэй жижигхэн элгийг
амжилттай ургуулж чадсан байна.

Мэргэжилтнүүд
уг элгийг дотор эрхтэнүүд үүсч боловсрох үйл явцад хувирч чаддаг үр
хөврөлийн бус үүдэл эсийг ашиглаж ургуулсан тухай телевизийн
“Эн-Эйч-Кей” суваг мэдээлжээ.

Ургуулан
гаргаж авсан жижигхэн элэг нь яг л хүний жинхэнэ элэг шиг хорт бодисыг
маш үр дүнтйгээр хоргүй болгож гадагшлуулдаг аж. Судлаачдын багийн
ахлагч, профессор Хидэки Танигути цусанд шаардлагатай уургийг уг элэг
ялгаруулж чаддаг хэмээн ярьжээ. Японы судлаачид ургуулсан элэгнийхээ
клиникийн туршилтыг 2019 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Уг элгийг хүнд өвчтэй хүмүүсийн элэгний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд шилжүүлэн суулгах бодолтой байгаа ажээ.

Categories
гадаад мэдээ

Өнөөдөр олон улсын “Аз жаргал”-ын өдөр

2012 онд НҮБ манай гаригийн бүхий л
хүмүүсийн нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн
санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.

Анх энэ санаачлагыг Үндэсний нийт аз жаргалын үзүүлэлтээр тэргүүлдэг Бутаны вант улс гаргаж байсан бөгөөд НҮБ-ын 193 гишүүн орны төлөөлөгчид шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ.
Энэ өдрийг тунхагласан нь хүн төрөлхтний гол зорилгуудын нэг аз жаргал юм гэдгийг харуулахад чиглэгдсэн гэнэ.

Үүнтэй холбоотойгоор НҮБ-аас дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн
таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан
юм. Түүнчлэн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд,
иргэний нийгэмд хандан Олон улсын аз жаргалын өдрийг соён гэгээрүүлэх
арга хэмжээ явуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байв.

Categories
мэдээ соёл-урлаг

Н.Жанцанноров уран бүтээлийн чуулбар тоглолтоо хийнэ

Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин хөгжмийнзохиолч Н.Жанцаноровын уран бүтээлийн “Говь, Тал” чуулбар тоглолт гуравдугаар сарын 28-ны 19цагт Соёлын төв өргөөнд болно.

Концертоор сүүлд гарсан “Дорнодын ЦэнхэрАялгуу”, “Оюу-Эрдэнийн говь” хоёр шинэ цомогтоо оруулсан уран бүтээлүүдээ сонсогчдодоо хүргэх зорилготой аж.Хоёр цомогт Монголын үзэсгэлэнт говь, нүд алдам цэлгэр талыг бахдан дүрсэлсэн дан хөгжмийн бүтээлүүд оржээ.

Тоглолтод МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Ө.Төрмандах, МУСТА Д.Отгонжаргал,
МоринхуурчР.Амарбаяр, Х.Батзаяа, Улсын Филармонийн Симфони Найрал
Хөгжмийн Үлээвэр хөгжмийн хэсэг болон Виолончелийн чуулгын уран
бүтээлчид, МУСТА Д.Түвшинсайхан нар оролцох аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Apple” компани маргааш шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна

appleГуравдугаар сарын 21-нд буюу маргааш жижиг хэмжээтэй, хямд
үнэтэй “iPhone 5SE” мөн “iPad” таблет компьютерийн шинэ хувилбарыг ч танилцуулж
магадгүй байна.Шинэ гар утас нь “iPhone 5” болон “iPhone 5S”-ийн адил 4 инчийн
дэлгэцтэй байх ч хүчин чадлын хувьд “A9” чипийг ашиглажээ. “Apple”
компани хэрэглэгчдийнхээ хүсэлтийн дагуу дээрх загваруудыг гаргаж байгаагаа
албан ёсоор мэдэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт зуны цагийн хуваарьт шилжинэ

Энэ сарын 25-26-нд шилжих шөнө Монгол Улс зуны цагийн хуваарьт шилжинэ.

Иргэд 26-ны
шөнийн 02 цагт цагаа нэг цагаар урагшлуулах буюу 03 цаг болгоно гэсэн
үг. Харин есдүгээр сард эргээд өвлийн цагийн хуваарьт шилжих юм.

Дашрамд
өгүүлэхэд 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын XIV
ээлжит хуралдаанаар Монгол Улсад зуны цагийн хуваарьт шилжих тухай
хэлэлцэж баталсан. Энэ тогтоолд:

Жил бүрийн
гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн баасан гарагаас бямба гарагт
шилжих шөнийн 02 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн
баасан гарагаас бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд
Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил,
үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон юм.