БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ
Сүүлийн үеийн пиарчид самуун дэгдээх сэдэв нь дуусаад ирсэн үү, нийгмийн ухамсарт сорвижин үлдсэн бэлэн зэхээний шархыг сэдрээдэг болж байх шиг байна.
Социализм өөрөө дарангуйлагч бүхий л тогтоцын нэгэн адил нийгмийг айдсаар барьж байсан. Шударга бус бүхий л үйлдлээ айдсаар хаацайлна. “Ардын дайсан бидний дотор нуугдаж байгаад нэг л шөнө сүйд хийх гэж байхад, империалистууд хэзээ маргаашгүй биднийг залгихаар амаа ангайж байхад, хятадууд гамин цэргээ илгээн Улаанбаатарыг өнөө маргаашгүй эзлэх гэж байхад, сайн нүх ухаж бэлдэж байхгүй бол атомын бөмбөг унах гэж байхад чиний эрх ашиг, эрх чөлөө юу юм бэ!” гэж тулгана.
Монголчууд айдсын дэглэмээсээ салаад 25 жил өнгөрсөн ч айдсын үзэл суртал нийгмийн сэтгэл санааг эзэмдсэн хэвээр байна. Үгүйдээ л айдсыг эсэргүүцэх дархлаа, мэдээллийг хянан эргэлзэх чадвар суугаагүй нийгмийг сайн цочооход айж сандран юуг ч зөвтгөхөд, хүлээн зөвшөөрөхөд бэлэн болох ажгуу.
Үүний жишээ болж, Америкийг зүхэх социализмын үеийн дон сүүлийн үед хүчтэй сэдэрлээ. Ардчилагч нь ч, архаг коммунист нь ч, биеэ даасан өлсөгч суугч, нарийн мэргэжлийн цуглаанчин, гаршсан жагсаалчин, хэвлэлийн хурлын туршлагажсан одууд ч ам уралдан зүхэх аж. Тэдний ярианд үнэмших юм бол америкчууд Монголын төрийн бодлогыг тодорхойлон уруу татаж, өнөөдөр өлсөж үхэхтэй шахан өлбөрч байгаа хорон үйлдлийг гардан удирдаж байгаа гэнэ. Дарга нарт нь мөнгө өгөөд л “алив улсаа алаадах, дуусгачихаар чинь дэлхийд хаана ч байхгүй баялгийг чинь бид хувхайлах гэсэн юм” гэдэг гэнэ шүү. Бүр улайм цайм тэгдэг гэж “харсан гэрч” нар нь нотлох аж. Манай Монголын бүх юм Америкийн мөнгө заавар хоёроор явж байгаа юм байна. Тэд монголчуудыг Хятадын колони, Солонгосын дарлалд аваачиж хийж байгаад хамаг баялгийг нь Америк руугаа зөөх гэсэн далд бодлоготойг нь манай эх оронч сүрхий гарууд соргогоор олж мэдэж аваад ард түмнээ сэрэмжлүүлэх нь сонсоход ч сонин, бахархмаар. Байчихаад Монголын ГЯЯ-ны сайд депутат болохын тулд Америкийн эсрэг суртал нэвтрүүлгийг толгойлж байв.
Бид ийм донгоор бүтэн хоёр үеийн турш өвчилсөн улс. Социализмыг бүрэн төгс ялуулах гэж мурчийж байх үед байнга л жагсана, цуглана, мэдэгдэл гаргана. Тэр нь энх тайвны төлөө нэртэй. Мэдээллийн бүх хэрэгсэл, урлаг утга зохиол, яруу найраг маань гол нь Америкийг зүхэхэд чиглээтэй. “Тоншуул”, “Матар”, ”Хүмүүжил жигшил” сэтгүүлийн дугаар болгоны хавтаст бортгон малгайтай, унжуу хамартай нэг хүнийг цаасан мөнгө идэж байгаа, пуужин харваж байгаагаар матарлан дүрслээд түүнийгээ манай сайхан амьдралд саад болж байгаа нөгөө америк чинь энэ шүү гэж тайлбарлана. Хүүхдийн дуунд хүртэл: “Дайсан биднээс далдуур, Дарь хүхрээ бэлдэж байна, Алаг үрсийн минь толгой дээгүүр, Атомын бөмбөг эргэлдэж байна” хэмээн айлгана. Параной өвчин байсан юм болов уу? Гэтэл Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үйлст тус болсных нь төлөө 1945 онд маршал Чойбалсан Монголын тэнгэрт Америкийн далбааг нэг бус удаа мандуулж байсан юм шүү.
Дөнгөж ХХ зууны эхэнд л Америк Монголын харилцаа гараагаа авчээ. Сүртэй ч юм байхгүй л дээ, тэдний ноос ноолуур, арьс цуглуулж худалдаалдаг хоёр пүүс Улиастайд хаалгаа нээж. Эзэн нь жүүд хүн байсан учир Унгерний цагаан цэргүүд тоноод хаясан байна. Дараа нь Ардын засгаас үлдсэнийг нь хураагаад авчихжээ. Америкийн консул гомдол нэхсэн боловч тоосонгүй. “Монголор” хэмээх алтны компани ажиллаж байгаад гамин бароны самуунаар хаалгаа бариад пүүсээ Америкийн нэг компанид заржээ. Түүнийг нь худалдаж авсан “Пэкин Монголор” компани ажлаа эхлүүлж чадахгүй хэсэг байсны дараа Ардын засагт төсвийн мөнгө хэрэг болоод америкчуудаас компаниа дахин ажиллуулж татвар өгөхийг гуйжээ. Үүнийг олж мэдсэн Шумяцкий Зөвлөлт Оросын ГЯЯ-ны удирдагч Чечерин рүү захидал бичиж, монголчууд гаараад одоо бүр Америктай худалдаа хийх гэж байгаа учир яаралтай арга хэмжээ авахыг сануулав. Арга хэмжээг дор нь авсан учир Америкийн пүүс хохироод үлдсэн. 1928 онд Монголд буй гадаадын бүх иргэд болох хоёр мянга гаруй хүн болон тэдний эрхэлж байсан бизнесийн хэдэн арван компани пүүс байгууллагыг үлдэн хөөхөд дотор нь АНУ-ын нэлээд хэдэн компани багтсан.
1944 онд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Вэльсийн Монголд айлчилсан гол зорилго нь Гадаад Монгол тусгаар тогтноход бэлэн байна уу гэдгийг шалгах үүргийг Ерөнхийлөгч Рүзвэлтээс авчээ. Тэрээр буцаж очоод Монголд тун элгэмсэг тайлан бичиж өгчээ. Ялтын гэрээний үеэр “Гадаад Монголын статус квог хэвээр хадгалах” гэсэн Сталины саналд Чөрчилл дургүй байсан боловч чухам Ерөнхийлөгч Рүзвэлт дэмжсэний хүчинд хүлээн авагдсан билээ. Энэ бол Вэльсийн тайлангийн л буян.
1945 оны долдугаар сарын 1-нд Москвад эхэлж бүтэн 45 хоног үргэлжлэн маргалдсан ЗХУ-Хятадын гэрээ айхавтар драмтай байсан. БНМАУ-ыг Зөвлөлтөөс Хятад, Японыг тусгаарласан жийргэвч бүсийн үүрэгтэй тусгаар тогтносон улс болгоно гэсэн Сталины саналыг гоминданы хятадууд эсэргүүцээд хөдөлж өгдөггүй. Ялтын гэрээ ёсоор “статус квог хадгална” гэсэн болохоор 1915 оны Гурван улсын гэрээ, 1924 оны Зөвлөлт-Хятадын гэрээний дагуу Гадаад Монгол нь одоо хүлээн зөвшөөрөгдөөд хүчин төгөлдөр байгаачлан Хятадын сюзерин бүхий Зөвлөлтийн нөлөөт улс хэвээр байх ёстой гэж тэд маргав. “Статус квог хадгална” гэсэн тодорхойгүй үгийг хятадуудад тайлбарлуулахын тулд Сталин АНУ-ын Ерөнхийлөгч Трүмэнийг хань татжээ. Америкийн дипломатууд нэгэн дуугаар Сталиныг дэмжиж, Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж Чан Кайшиг удаа дараа шахсан юм. Тэр үед АНУ-ын Гоминданд нөлөөлөх нөлөө маш хүчтэй байлаа. Чухам энэ шахалтын хүчээр хятадууд америкчуудын үгэнд орж 1945 оны наймдугаар сарын 14-нд гэрээнд гарын үсэг зурсан ба …монголчууд өөрийн тусгаар тогтнолоо хамгаалах хүсэлтэйгээ санал асуулгаар илэрхийлэх юм бол… гэсэн болзол нэмж тусгажээ.
Тайвань нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гол таван орны нэг байсан тул БНМАУ-ыг энэ байгууллагад элсэхэд удаа дараалан хориг тавьсаар ирсэн. Чухам Ерөнхийлөгч Кэннэдигийн хүчтэй шахалтын үр дүнд 1961 онд Монгол Улс НҮБ-ын гишүүнд элсчээ. Монголыг НҮБ-д элсүүлэх гэлээ хэмээн Цагаан ордны өмнө цагаач хятадууд жагсан, Тайванийн Засгийн газраас АНУ-ын төрд байнга гомдол мэдүүлж байлаа. Америкчууд гоминданыхантай ярилцан шахаж байж л гишүүн элсүүлэх хуралд тайваньчууд “тамхи татахаар” гарч эзгүй байя гэж зөвшөөрсөн юм.
Америкчууд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоох саналыг анхлан 1961 онд тавьсан боловч зөвлөлтүүд зөвшөөрөөгүй. 1972 онд Төрийн нарийн бичгийн дарга Киссинжэр НҮБ-д суух төлөөлөгч Пунцагноровтой уулзан хоёр орон дипломат харилцаатай болъё, өөрөө даруй Улаанбаатарт айлчилъя гэж гуйжээ. Энэ нь Москвагийн тас эсэргүүцэлтэй тулж ах нартаа баахан загнуулаад үлдсэн тухай ахмад дипломатч, сайд Ёндон гуай энэ талаар тодорхой өгүүлсэн дурсамжаа саяхан хэвлүүлжээ. Зөвлөлтийн ГЯЯ-ны сайд Громыко ажлаасаа чөлөөлөгдөж оронд нь сайд болсон Швернадзе Монголд айлчлахдаа зөвшөөрсний үндсэн дээр л дөнгөж 1987 онд Монгол нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн АНУ-тай дипломат харилцаа тогтоосон.
1990 он бол орчин цагийн Монголын түүхэнд гарсан хамгийн хүнд үе байлаа. Улсын орлого зарлагынхаа 70 хувийг Зөвлөлтөөс зээлж амьдраад сурчихсан улс гэнэт тэжээгчээ алдав. Дэлгүүрийн лангуунд давснаас өөр юм үлдсэнгүй. Ерөнхий сайдын орлогч асан Бямбасүрэн гуай АНУ явлаа. “Бид социализмын мүзэй болж үлдэхийг хүсэхгүй байна” гэж тэрээр америкчуудад хэлсэн юм. Энэ үг тэдний сэтгэлийг хичнээн их хөдөлгөсөн гэж санана. Монголыг дэмжиж тэр дор нь ОУВС, Дэлхийн банкны жинхэнэ гишүүн болгосон. Хоёр хөрш маань энэ байгууллагад элсэх гэж 10-15 жил уйгагүй хөөцөлдсөн юм шүү дээ.
ОУВС газар зүйн хуваарилалттай байдаг. Европчууд Африкийг, АНУ нь Латин Америкийг, Япончууд Азийг эдийн засгийн хувьд дэмжин хариуцдаг. Шадар сайд Ганболд тэжээгчээ алдсан Монголыг төлөөлж Японд очлоо. Монголыг ядарсан үед нь дэмжих үүрэг Японд ноогдож буй нь тэр. Уулзалтад АНУ-ын төрийн нарийны орлогч иржээ. Япончууд болохоор тусламж үзүүлэх хөтөлбөрийг судлах хэрэгтэй гэв. Гэтэл өнөө Америк чинь агсам тавьж ”Япончууд та нар дандаа ингэж чулуун бөгс гаргадаг. Бид та нарыг ядарч явах үед чинь босгосон. Батлан хамгаалах зардлыг чинь бид л даадаг. Хөөрхий Монгол одоо ингээд ядарч байхад та нар шууд туслахын оронд судалъя барья гэж юугаа донгосоод байгаа юм бэ!”. ОУВС гол төлөв Японоор дамжуулан эхний 10 жилд Монголын үндэсний нийт орлого зарлагын 40 хувийг даасан юм шүү. Хэрэв тэр тусламж байгаагүй бол бид нүднээс гарах байсан даа.
ЗХУ хараахан задраагүй байсан 1990 онд зөвлөлтүүд Монголд нийлүүлдэг шатахуунаа таслан зогсоолоо. Социализмаас урвалаа гэсэндээ ч биш, ерөөсөө л дотоод нөхцөл нь ийм байдалд хүргэсэн юм. Ерөнхий сайд Бямбасүрэн гуай шинэ анд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Бэйкэртэй ярьж оросуудад нөлөөлж өгөхийг хүсэхэд зогссон байсан нефтийн импорт илбэтэй юм шиг маргаашаас нь нааш урсаж эхэлсэн. Оросын нефтьгүйгээр Монголын амьдрал зогсох байсан үе шүү.
Манай хоёр орны сүүлийн хорин жилийн харилцаа ерөнхийдөө ёс төдий, бараг л амьсгаагүй байгаа. Тэртэй тэргүй урьд нь нэг их амьсгаатай ч байсан биш. Америкчууд бол прагматик ард түмэн. Худалдаа арилжаа, хөрөнгө оруулалт нь аль зэрэг байгаагаас хамаарч алив улс орны үнэ цэнийг хэмждэг. Энэ бол ямар ч “империализм” биш, хэний ч мөрддөг амьдралын үнэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Олбрайт Монголд айлчлахдаа “АНУ-ын Монгол дахь эрх ашиг бол хүн төрөлхтний нийтлэг эрх ашиг болсон ардчилсан тогтолцоог монголчууд дэмжин талархаж байгаа эсэхээр л гагцхүү хэмжигдэнэ” гэж хэлсэн. Үнэндээ америкчуудын эрх ашиг гэж Монголд үхсэн сүүж нь ч байх юм билээ дээ.
1990 онд Америкийн эрдэмтэд Монголын газар дор зургаан тэрбум шоо баррелийн хөндий байгааг сансраас илрүүллээ гэсээр ирсэн. Манайхан элэг нь хатаж үхэн, нэгэнт оросууд юу ч байхгүй гээд байхад юугаа донгосоод байна гэж шоолж байв. Тэдний багашаархан компани орж ирэн дор нь Тамсагийн талд нефть байгааг илрүүлж өгсөн билээ. Тэгэнгүүт 2000 онд монголчууд хайгуул хийх талбайн төлбөрийг гэнэт 20 дахин нэмсэн учир тэд гараад л явчихсан. АНУ-ын коксжих нүүрсний хамгийн том компани “Пибоди” Улаанбаатарт төлөөлөгчөө байрлуулан есөн жилийн турш Таван толгойг эзэмших эрхийг гуйсан. Империалистуудад юу ч долоолгохгүй гэсэн Монголын төрийн хатуу бодлогын шалтгаанаар тэд 2014 онд Монголыг бүр мөсөн хаяад явсан. Монголд өдгөө Америкийн хөрөнгө оруулалт гэж юу ч байхгүй. Харин бид Америкийн империализмыг хараасаар л үлдлээ.
Улаанбаатарт АНУ-ын Элчин сайдын яам байдаг нь үнэн боловч тэдний зүгээс Монголын төрийг удирдаад байгаа факт баримт ер олдохгүй байна. Тэд биднийг нэг их тоож бариад л, төрийн хэрэгт нь оролцоод байгаа юм бий болов уу даа, чааваас? Паранойтой хүний нүдэнд янз янзын л юм харагддаг шүү дээ. Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсон учир Монголын ардчиллыг дэмжих зорилгоор Монголоос АНУ руу явах гэсэн иргэдийн хүсэлтэд онц нааштай хандах болсон тухай сонссон. Урьд нь тийш зорчих гэсэн хүсэлт гаргасан иргэдийн 25 хувь нь виз авдаг байсан бол энэ үзүүлэлт одоо 80 хувьд хүрчээ. Өдгөө АНУ-д Монголын 30 гаруй мянган иргэн ажиллаж амьдарч, сурч байна. Эх орончдын хувьд энэ үзүүлэлт нь, муусайн америкчууд монголчуудыг нутаг руугаа бүгдийг нь зөөн гаргаж цөлөөд эзэнгүй болгож байгаад хоосон үлдсэн нутгийнх нь баялгийг цөлмөн далай давуулан зөөх гэсэн нууц муу санаа л байх л даа. Яасан ч салж өгдөггүй, тодорхой хэсэгт хишиг буянаа хайрлаж дуусдаггүй өчигдөр, айдас хоёр гээч вэ?
Монголын бүхий л бодлогыг манж нар Бээжингээс хоёр зуун жил тодорхойлсоор ирсэн. Сүүлийн зуун жил энэ үүргийг Санкт-Петербург, Москва хариуцсаар ирсэн. Энэ үнэн. Харин сүүлийн 25 жил монголчууд өөрөө төрөө барьж яваа. Муу бол бидний л байгаа царай, сайн бол бидний гялалзсан ухаан. Гэхдээ мэдээж “бидний л байгаа царай” нь илт давамгайлсаар ирсэн. Сайн санаалж хэлсэн хэний ч үгийг авахгүй, аваагүйгээ эх орноо хамгаалсан болгож цээжээ шалбартал нүддэг нь бидний л орон нутгийн онцлогтой өвчин. Биднийг хэн ч албадаагүй, бусдаар албадуулаад байх юу ч бидэнд байхгүй. Чингис хаан нас бараад 800 жил өнгөрсөн учир тэр бидэнд цалин тавьж чадахгүй. Ийм энгийн үнэнтэй бид эвлэрч чаддаггүй. Төр гэдэг бол хоосон нэр, үнэндээ төрийн шийдвэрийг хүмүүс л гаргадаг. Тэр хүмүүсийг бид өөрсдөө сонгодог. Хэнийг сонгохыг бид өөрсдөө л мэддэг болохоос хэн нь ямар сонголт хийх талаар бидний чамархайд хэн ч буу тулгаагүй. Үгүйдээ л тэгсэн гэх баримт ерөөсөө олдохгүй байна. Бид өөрсдийн хийсэн үйлийн үрээ л үүрч яваа болохоос бидний байгаа байхгүйг хөршүүдээс өөр хэн ч огт анзаарахгүй байгаа. Чили, Парагвай, Мозамбик, Папуа Гвинэй, Шри Ланка, Исланд… энд ямар ч буруугүй. Америк ч ялгаагүй.
Вьетнамчууд Америктай хэдэн жил байлдсан, зориг зүрхийг нь нийтээр шагшин гайхаж байв. Америкийг ялсан баатарлаг ард түмэн! Өнөөдөр Хятадын санаархлаас Вьетнамыг хамгаалах ганц газар нь Америк. Америкийн ганц сайн түнш, ухаалаг вьетнамчууд! Америкийг “империализм бол цаасан бар мөн” гэж харааж байсан Мао үхсэний дараа хаалгаа чөлөөтэй нээсэн Хятад орон 30 жилийн дотор тэдний хөрөнгө оруулалтын буянаар дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж чадлаа. Япон, Солонгос, Тайвань, Сингапур… дайны дараахь Европ нь Америкийн хөрөнгө оруулалтын буянаар л боссон. Прагматик америкчууд хөрөнгө оруулалт хийснээр өөрсдийгөө ч, өрөөлийг ч баяжуулдаг, босгодог… Зүгээр л болоод өнгөрсөн түүхийн үнэн явдлыг хэлж байна. Америк өөрийн эрх ашиг байхгүй газрыг тоодог ч үгүй. Анзаардаггүй л байхгүй юу даа. Нүдэнд нь өртөхгүй юм чинь. Гэхдээ тэдэнд нэг зарчим буй нь, энэ жижигхэн дэлхийд бүх ард түмэн эрх чөлөөт, ардчилсан нийгэмд амьдрах ёстой. Учир нь ийм тохиолдолд л Америкийн эрх ашиг хангагдана. Энэхүү өөрийн эрх ашгийн төлөө тэд харин үзэж тардаг юм даа.
ЖИЧ: Нэгэн жижиг хотод циркчид аялан тоглолт хийхээр айлчилжээ. Циркийн үзүүлбэрт заан байдаг учир хотод орж ирэхдээ сүрлэг заан гудамжаар аажуухан алхсаар ирлээ. Моська хэмээх жижигхэн хав зааныг хараад тойрон хуцаж баахан сүрийг үзүүлэв. Харин заан Моськаг огт олж харсангүй. Тоосонгүйдээ ч биш, ерөөсөө л тэр өчүүхэн амьтан аварга зааны нүдэнд өртсөнгүй. Харин Моська үүнээс хойш ихэд биеэ тоон, зааныг хуцан айлгасан тухайгаа баруун солгойгүй ярьсан төдийгүй “Заан бид хоёр” хэмээх дурсамжийн ном бичсэн гэж байгаа. Энэ бол Оросын алдарт шооч Крыловын бичсэн ёгт үлгэр шүү.
2016.3.14