Categories
мэдээ нийгэм

Дахин нэг Батаарын ясыг буцаахаар болжээ

Өнгөрсөн 2015 оны арванхоёрдугаар сарын дундуур АНУ-ын Цагаачлалын болон Гаалийн албанаас тус улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оруулж ирэн 2007 онд дуудлага худалдаагаар зарсан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монгол Улсад буцаах шийдвэр гаргасан билээ. 67 сая жилийн настай уг үлэг гүрвэлийн араг яс нь эхэндээ хэний эзэмшилд байсан нь тодорхойгүй байсан бөгөөд сүүлд Холливудын жүжигчин Николас Кейж уг олдворыг Беверли Хиллз дэх дуудлага худалдаанаас 276 мянган ам.доллараар худалдаж авсан болох нь тухайн үед илэрсэн юм. Түүнээс Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг хураан авч Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх шийдвэр гарсныг Николас Кейж хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл Нью-Йорк хотын Прокурорын газраас 2016 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн араг ясыг Монголын талд хүлээлгэн өгөх шийдвэрийг эцэслэн гаргасан байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын нэхэмжлэлтэй хэрэг юм. “Энэхүү олдвор нь хууль ёсны өмчлөгчөөсөө хулгайлагдсан соёлын болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой зүйл юм” хэмээн АНУ-ын прокурор Прийт Бхарара мэдэгдсэн байна. Үлэг гүрвэлийн олдворыг ирэх дөрөвдүгээр сарын 4-нөөс өмнө Николас Кейжээс авч Монголд буцаан өгөх шийдвэрийг мөн прокуророос гаргажээ.

Хууль бусаар гадагш гаргасан Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворуудыг Монголд буцаан авах үйл ажиллагаа 2012 оны зунаас эхэлсэн билээ. Энэ үйл ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын соёлын өв олон жил гадагш хулгайн замаар гарсан байх магадлалтай. Хэрвээ Монголынх бол хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн үзэж АНУ-ын Техас мужийн хуулийн пүүст хандсан анх эхэлсэн түүхтэй. Ингэснээр Тираннозавр Батаар төрлийн олон үлэг гүрюэлийн олдворыг Монголд буцаан ирүүлэх боломж нээгдсэн байдаг. АНУ-ын палеонтологич Эрик Прокопи нь Монголын говиос чулуужсан араг яснууд болон жүжигчин Николас Кейжээс хураагдсан энэхүү Тираннозавр Батаарын араг ясыг хууль бусаар авч ашиг олох зорилгоор худалдан борлуулсан буруугаа хүлээсний дараа буюу 2012 оны арванхоёрдугаар сард гурван сарын турш хоригдох ялаар шийтгүүлж байв. Шүүхээр буруутай нь тогтоогдсоны дараа Эрик Прокопи нь АНУ-ын албаныханд 20 гаруй бусад олдворыг буцаан авахад тусалсан байдаг.

Categories
мэдээ нийгэм

Семминталь үүлдрийн үхэр үржүүлнэ

Мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн үр нийлүүлэх гэрээг Монгол-Герман улсын Хүнс Хөдөө аж ахуйн сайд нар өнгөрсөн онд баталгаажуулжээ. Гэрээний дагуу бэлэглэлийн журмаар мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн дөрвөн бухны 2000 тун гүн хөлдөөсөн үр нийлүүлэх аж. Тэгвэл Герман улсын Bayern Genetik GMBH компаниас 2000 ширхэг гүн хөлдөөсөн үрийг илгээснийг ХХАА-н сайд Р.Бурмаад Ханнс–Зайделийн сан ба Монголын төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа гардуулан өгчээ.

Энэхүү гүн хөлдөөсөн үрийг Малын удмын сангийн үндэсний төв хүлээн авч, орон нутгийн үржлийн техникч нарыг давтан сургалтаар сургаснаар хөдөөгийн малчид болон Семминталь үүлдрийг үржүүлэгчдэд олгох аж.

Өндөр ашиг шимт үүлдрийн бухны үрээр хээлтүүлэг хийснээр малын чанар сайжран, ашиг шимийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг бодит үр дүн гарах ач холбогдолтой юм. Өмнө нь манай улс Германаас Хар тарлан үхрийн үүлдрийг импортлон оруулж ирж нутагшуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Ил задгай хог хаясан байгууллагуудтай ажиллажээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн Шуурхай хуралдаан боллоо. Хуралдаанаар инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагууд мэдээлэл хийв.

Баянгол, Сонгинохайрхан дүүргийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн үйлчилгээнд хяналт тавьж буй “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ынхан ил задгай хог хаяж орчныг бохирдуулж байгаа 24 Сууц өмчлөгчдийн холбоо, 48 аж ахуйн нэгж, 28 түргэн үйлчилгээний цэг нийт 108 байгууллагад мэдэгдэх хуудас хүргүүлж, зөрчлийг арилгуулсан.
“Баянгол шинэ өргөө” тээвэрлэлт үйлчилгээний компани хог ачилтын хуваарийг хороо бүрийн онцлогт тохируулан плакат хэлбэрээр хэвлэн оршин суугчдад тараасан нь ил задгай хог хаягдлыг багасгасан үр дүнтэй ажил болсныг онцоллоо.

Харин Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийг хариуцсан “Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн” Чингэлтэй дүүрэг нийтийн эргүүл ажиллуулснаар хог хаягдалтай холбоотой мэдээлэл цаг алдалгүй холбогдох байгууллагуудад хүрч арга хэмжээ авч ажиллан иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж ил задгай хог хаядаг сэтгэхүйг нь өөрчлөхөд анхаарч ажиллаж байгаа гэв.

Баянзүрх дүүргийг хариуцсан “Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо” ТББ тус дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн өргөн чөлөө, Баянзүрхийн гүүрний авто зогсоол, Хужирбулангийн 25-р гудамж, 8 дугаар хорооны Авто тээврийн вокзал, 19 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн урд, 22 дугаар хороо Алдар спорт хорооны зүүн талд иргэд хог их хаяж байна. Эдгээр байршлуудыг хогийг багасгахад анхаарч ажиллаж байна. Иргэдэд таны хаясан хог орчныг бохируулж агаар хөрсөөр дамжин бидний эрүүл мэндэд хор хөнөөл учруулж байгааг ойлгуулахад анхаарч ажиллаж байна” гэв. Энэ үеэр хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагууд иргэдийн бүлэг ажиллаж байхад ил задгай хог хаягдал багассан бөгөөд дахин иргэдийн бүлэг ажиллуулах шаардлагатай байна гэсэн хүсэлт тависан талаар Нийслэлийн захирагчийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Өдөр шөнө тэнцэх өдөр

Жил бүрийн гуравдугаар сардын 22-нд өдөр шөнө тэнцдэг. Маргаашнаас эхлээд өдөр уртасч, шөнө богиносох юм. Үүнтэй холбоотойгоор цагийн тооллыг зуны цагийн тоололд шилжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ сарын 25-26 буюу баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Монгол Улс даяар зуны цагийн тоололд шилжих юм.

Categories
мэдээ нийгэм

Казахчууд баяраа тэмдэглэж байна

Өнөөдөр казах түмний Наурызын баярын өдөр. Наурыз нь иран хэлний Ноу-“Шинэ”, Руз-“Өдөр” гэдэг үгээс бүтсэн гэгддэг. Монголчилбол хаврын эхний өдөр гэж хөрвүүлж болно. Наурызын баярын өглөө казах эрчүүд гартаа хүрз, жоотуу авч гол горхи, булгийн эхийг нээж, мод, цэцэг суулдаг уламжлалтай бол , эмэгтэйчүүд сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахад мэндчилдэг ажээ. Казахын ард түмэн Наурыз тохиож буй энэ өдрийг “Улыстын Улы Күны” гэж нэрлэдэг нь нийтээрээ хүндэтгэх тэнгэрийн ивээлт өдөр буюу “Зон олны алдарт өдөр” гэсэн утга илэрхийлдэг юм байна.

Энэ өдрийн зоогны орцонд заавал долоон төрлийн хоолны бүтээгдэхүүн орсон байх учиртай аж. Үүнд ус, мах, давс, гурил, үр тарианы төрөл, сүү, өөх тос болно. Эдгээр долоон бүтээгдэхүүн амьдралын доорх долоон өнгө, утгыг илэрхийлдэг гэж үздэг. Тодруулбал, баяр баясгалан, аз жаргал, амьдралын ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгаалах юм. Түүнчлэн заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой. Үүний учир нь жилийн турш гэдэс өлсөхгүй, цатгалан амьдрахыг бэлэгшээдэгт байдаг аж.

Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авчээ. 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн Наурыз баярыг өргөн тэмдэглэн өнгөрүүлдэг аж. Харин Улаанбаатарт 13 мянган казакууд Наурызын баяр тэмдэглэдэг тухай статистик мэдээлэл бий.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн усны өдөр

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон,жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэж байхааршийдвэрлэсэн ба НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж ирлээ.

Энэ жил “Ус ба ажлын байр” уриан дор усны өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байна. Усны салбарын хөдөлгөгч хүч болсон төр болон хувийн хэвшилд ажиллагч инженер, техникч, эрдэмтэн, багш нар, салбарын хөгжилд сэтгэл оюунаа зориулан хөдөлмөрлөсөн үе үеийн ахмадууд та бүхэндээ дэлхийн усны өдрийн мэндийг дэвшүүлж, талархал илэрхийлье.

Ус бол усны салбарын олон хүнийг ажилтай болгодог. Усны хайгуул, судалгаа хийж нөөцийг тогтоохоос эхлээд усыг хуримтлуулах, тохируулах, олборлох, дамжуулах, хадгалах, түгээх, ариутгах, цэвэрлэх, чанарыг сайжруулах, усны үер гамшгаас хамгаалах зэрэг үйл ажиллагаанд маш олон хүний хүчний хамтын ажиллагаа шаардлагатай байдаг.

Хүн ам, эдийн засгийн салбаруудаа хүрэлцээтэй, найдвартай усны эх үүсвэртэй болгохын зэрэгцээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалж, ногоон хөгжлийн бодлогыг төрийн эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Бид “Ус” үндэсний хөтөлбөр болон Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасны дагуу гадаргын усны нөөцөө түлхүү ашиглах зорилгоор Туул, Орхон гол болон Сэлэнгэ мөрний усыг хуримтлуулан ашиглах томоохон төслийн ажлуудыг эхлүүлээд байгаа ба үүний тулд усны салбарын мэргэжилтэй боловсон хүчнүүдээ мэргэшүүлэх, усны салбарын мэргэжилтнүүдийгбодлоготойгоорбэлтгэж, тэднийг усны барилга байгууламжийн эдгээр томоохон төслийн ажилд татан оролцуулах шаардлагатай байна.

Стратегийн үнэт баялаг болсон усны нөөцөө дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал болох усны нөөцийн нэгдсэн менежментийн тулгуур болох усны сав газрын хүрээнд менежмент хийх бодлого баримталж байна. Иймээс усны сав газруудын менежментийг бэхжүүлэх, усны ашиглах боломжит нөөцийг сав газар бүрээр тогтоож зохистой ашиглах, хамгаалах, хянах, нөхөн сэргээх явдал чухал байна.

Усны салбарын эрдэм шинжилгээ, хайгуул судалгаа, хяналт-шинжилгээний ажлыг өргөжүүлж, усны нөөцөө хүн ард, эдийн засгийн хөгжлийг хангахад зориулан хуримтлуулах, шилжүүлэн ашиглах, арвилан хэмнэх, бохирдохоос хамгаалах ажлыг хамдаа хийх хэрэгтэй байна.

Монголчууд бид хүн ардын сайн сайхан амьдрал, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэдэг ба энэ хоёрхон үгэнд ус үнэ цэнэтэй, юугаар ч орлуулшгүй баялаг гэсэн агуу гүн ухаан багтаж байгаа юм.

Эх орны өнцөг булан бүрт суугаа усны салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан, ажиллаж буй хүн бүрт дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны нэрийн өмнөөс болон хувиасаа ажил хөдөлмөрийн ариун үйлст тань амжилт хүсч, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин,
Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг

Categories
мэдээ нийгэм

Автобусны ослын улмаас нэг хүн амиа алджээ

Улаанбаатараас Налайх явах чиглэлийн замд өчигдөр ноцтой осол гарсан. Тодруулбал, Хьюндай Соната маркийн автомашин Налайх-Дүнжингарав чиглэлийн “Морь барьдаг” компанийн автобустай мөргөлдөж замын хажуу руу унасан ноцтой осол гарсан. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, 14 хүн бэртэж гэмтсэн байна. Тэд ГССҮТ-д эмчлүүлж байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Уул уурхайн компаниуд бодлого, журмаа танилцуулна

Эдийн засаг хямралтай байгаа ч “Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсгэсэн билээ.

Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн “Miner & Supplier” 2016 форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд гурван сарын 25-нд зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү форумыг “Эрдэнэс Монгол” компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур”,” Шивээ овоо” зэрэг компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулах юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гүррагчаа: Хиймэл дагуултай болчихвол түрээсийн асар их төлбөрөөс ангижирна

1981 оны гуравдугаар сарын 22-нд анх удаа монгол хүн сансарт нисч байлаа. Тэгвэл тэр түүхэн өдрийн 35 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн байранд өчигдөр эрдэм шинжилгээний хурал болсон юм. Тус хуралд сансар судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид болон Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг зэрэг олон хүндэт зочид ирсэн байлаа. Түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер Ж.Ган-Очир, академич, доктор (Sc.D) профессор Д.Амарсайхан, астрофизикч, (PH.D) профессор Ч.Лхагважав зэрэг хэд хэдэн эрдэмтэн, судлаачид илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлийг уг уузалтын хүрээнд авч хэлэлцээд шилдэг илтгэлийг тодруулж, ОХУ-ын Сансрын нисгэгчдийн холбооны дээд шагнал болох “Ю.А.Гагарин” медалийг гардуулав. Энэхүү шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны салбарын эрдэмтэн Ш.Амаржаргал “Дэлхийг хэмжиж ажиглах сансрын геодезийн судалгааны дэвшил” илтгэлээрээ хүртсэн юм. Энэ үеэр сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд монгол хүн анх сансарт ниссэний 35 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ойтой холбогдуулан хийж буй анхны арга хэмжээ энэхүү эрдэм шинжилгээний хурал болов уу?

-Баярлалаа. Сансрын хамтарсан нислэг болоод 35 жил өнгөрч байна. Сансрын хамтарсан нислэгийн 10, 15, 20, 25, 30 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэж ирсэн. Төр засаг өнөөдрийн байдлаар 35 жилийн ойг урьдынх шиг хэмжээний тэмдэглэх чадваргүй байх шиг байна. Мөнгө төгрөг ч муутай, хүсэл сонирхол багатай ч юм уу ямар нэг байдлаар дэмжье тусалъя, ингэе, тэгье гэсэн юм алга. Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад сансарт ниссэн ойгоо тэмдэглэж байна. Олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Манай ШУА-ийн хүрээлэнгүүд, МУИС хамтраад их өргөн сэдэвтэй, гэхдээ оносон хурал зохион байгууллаа.

-Хүн төрөлхтөн сансар судлалыг олон талаас нь судалж, туршилт хийж байна. Монгол Улс энэ салбарт ахиц дэвшилттэй ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Сансрыг сонирхох сонирхол буурах ёсгүй. Үргэлж өсч байх ёстой. Хүн төрөлхтөн сансрын аппарат хэрэгсэлгүйгээр, мэдээлэлгүйгээр нэг минут ч амьдарч чадахаа больсон цаг. Бидний хэрэглэж буй гар утас, телевиз гээд бүхий л аргаар сансраас мэдээлэл авч дамжуулдаг болсон. Энэ боломжийг бид алдалгүй зөв ашиглах ёстой. Энэ хөгжлөөс хоцрохгүй байх хэрэгтэй. Сансрын тухай бодлогыг явуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Монгол Улсад сансар судлалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага ч алга. Энэ бол манай төр засаг дутуу харж байгаагийн шинж. Бидний зүгээс хэд хэдэн оронтой хамтран ажиллахаар туршлага солилцож, уулзалт хийж байгаа.

-ЗХУ-ын баатар, хөлгийн дарга В.А.Жанибековтой хэр холбоотой байна. Ер нь бусад сансрын нисгэгчидтэй хэр харилцаатай байдаг вэ?

-Оросын сансрын нисгэгч нартай холбоотой байгаа. Тэр тусмаа В.А.Жанибековтой холбоотой байдаг.

-Ойн хүрээнд өөр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Энэ сарын 22-ны өдөр шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамтраад үзэсгэлэн гаргах гэж байна. Сансар, нисэх рүү чиглэсэн үзэсгэлэн. Сансрын хамтарсан нислэгт оролцсон төлөөллийн уулзалт гээд арга хэмжээ болно. Мөн Ю.А.Гагарины хөшөө босгож байгаа. Зургадугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэ нээлтийн ажиллагаанд Зөвлөлтийн сансрын нисгэгчдийг урина. В.А.Жанибековоос эхлээд олон сайхан төлөөллийг урих болно.

-Монгол хүн анх удаа сансарт нисчихсэн. Үүний дараа сансарт нисэх хүсэл мөрөөдөлтэй маш олон хүн тантай холбогдсон биз?

-1980-аад оны хүүхдүүдийн ихэнх нь сансарт нисэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан нь үнэн. Орчин үеийн хүүхдүүд харин өөр бодолтой болсон байх. Сонголт ч өргөн болж. Нөгөө талаар нүд тайлна гэдэг шиг газар газрын хүмүүстэй явж, уулзсан учраас арай өөр сэтгэхүйтэй байна. Тэр үе шиг бүх нийтээрээ сансарт ниснэ гэсэн юм бол одоо байхгүй байх.

-Та сансарт нисэхийн тулд маш нарийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэсэн. Тухайн үед та ямар хөтөлбөр боловсруулж байв. Та сансарт нисээд зогсохгүй эх орондоо хэрэгтэй маш олон туршилтыг хийсэн байдаг?

– Сансарт нисэхийн ач холбогдол бол сансрын тойрог замд эрдэм шинжилгээний том ажил явуулах. Хөтөлбөр бэлэн болгох ёстой. Хөтөлбөр бэлэн болсон цагт хүн нисгэж болно шүү дээ.

Монголчуудын хэлдэг сайхан үг бий. Мянга сонсохоор нэг үз гэж. Үүнтэй адил өөрийн гараараа хийсэн сорилт туршилт гэдэг бол хамгийн их үр дүнгээ өгдөг. Тоног төхөөрөмж, сансрын аппаратаар хийдэг туршилт нь маш олон байдаг. Тийм болохоор судалгаануудыг саран дээр ч хийдэг, бусад гаригуудад ч хийсээр байна. Гэхдээ хүн төрөлхтөн өөрийн биеэр хүрэлцэн очиж гараараа хийсэн судалгаа маш их үр өгөөжөө өгдөг. Тийм учраас монголчууд ч гэсэн монгол хүнийг сансарт нисгэж, дахин судалгаа явуулах зорилтыг тавих хэрэгтэй. Төр засгийг ч үүнд анхаарал хандуулах байх гэж бодож байна. Сансарт нисэх дараагийн хүний талаар бид үргэлж бие биедээ санал тавьж байдаг. Одоогоос 35 жилийн өмнө сансрын хамтарсан нислэгийн үед бид гуч гаруй нэр төрлийн судалгааны ажил явуулсан. Ерөнхийд нь гурван чиглэлд хуваан ойлгож болно. Эмнэлэг биологийн, байгаль орчны, технологийн гэсэн ийм гурван чиглэлээр бид судалгаа явуулсан юм. Сансрын нисгэгчид сансрын аппарат хэрэгсэл дээр сууж сансрын хөлгийг жолоодож яваа ч гэсэн сансрын нисгэгч бол өөрөө туршилтын туулай байдаг. Тийм учраас сансрын нисгэгчдийн бие дээр өчнөөн олон туршилт хийдэг. Монгол хүний хувьд ч, үндэстний онцлогийг гаргахын тулд өөр дээрээ судалгаа хийх шаардлага гарч байсан. Монгол хүний идэж хэрэглэдэг хоол хүнс, амьсгалдаг агаар, уух ус, амьдардаг орчин бол нэлээн өвөрмөц. Европын орнуудтай харьцуулбал малын гаралтай түүхий эдүүдийг өргөн хэрэглэдэг. Сүү, цагаан идээг их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ бүхэн чинь нэг талаараа бэлтгэл байдаг юм байна. Морь унаад давхисан хүн тэнцвэрийн хувьд бусад улс орнуудын суурин ард түмнийхээс илүү сайн байх жишээтэй. Монголчуудын идэж хэрэглэдэг хүнс, сүү цагаан идээ бол хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Үүнтэй холбоотой олон судалгаа хийсэн. Цусны эргэлтийн талаар судалгаа явуулсан. Гэх мэтчилэн харах, баримжаалах энэ бүх юм сансрын тойрог зам жингүйдлийн орчин нөхцөлд яаж өөрчлөгдөх гэдэг нь бас сонин. Тийм учраас ийм чиглэлийн эмнэлэг биологийн судалгаануудыг хийсэн.

-Байгалийн чиглэлийн судалгааг тодруулахгүй юу?

-Хоёрдугаар чиглэлийн судалгаа бол байгаль судлалын чиглэлийнх. Энэ чиглэлээр бид ихээхэн хэмжээний зураг хөргийг авсан. Монгол орон бол сансрын хөлгийн нислэгийн маршрут дагуу байдаг. Монгол өөрөө их нарлаг орон. Үүл, сүүдэр багатай. Өөрөөр хэлбэл газрын гадаргууг халхлах саад бага. Энэ утгаараа эх орныхоо газрын зургийг сансраас нэлээд авсан. Бид хамтарсан нислэгийн зургаан бүс тусгай аппаратаар Монгол орныхоо газар нутгийг бүрэн хамарсан зураг авсан. Сансрын нислэгийн хоёр жилийн дараа энэ бүхнээрээ сэдэвчилсэн карт хийсэн юм. Тэр картыг төрөл бүрээр ашиглаж болно. Карт гэдэг нь зөвхөн зам харгуй, уул ус тэмдэглэсэн карт биш. Олон бүсчлэлийн аппаратаар авсан учраас түүндээ боловсруулалт хийж газар доорх зүйлүүдийг хүртэл тодорхойлох хүчин чадалтай, ямар нэгэн хэмжээгээр манай мэргэжлийн байгууллагууд ашиглаж байна. Жирийн аппаратаар авах зурагнууд ч байдаг. Үүнд газрын гадаргуу дээр байгаа бүтцүүд, уул усны тогтолцоо, цагариган бүтцүүд, Монгол орны нутаг дэвсгэр дээр оршиж буй томоохон хагарлуудыг олж цэгийг тогтооно гэдэг бол их чухал. Тэр цэгүүд дээр ямар нэг байдлаар ашигт малтмал, орд газар байх нь элбэг тохиолддог. Тийм учраас энэ цэгүүдийг олж илрүүлэхэд илүү анхаарал тавьдаг. Технологийн “Эрдэнэт” гэж туршилтууд хийсэн. Жингүйдлийн орчин нөхцөлд кристалл үүсэх процессыг ажиглах явдал юм. Жингүйдлийн нөхцөлд үүссэн кристаллууд хамгийн цэвэр кристалл байдаг. Түүнийг гаргаж авах зорилгоор “Эрдэнэт” гэдэг туршилтыг хийсэн байдаг. Харин технологийн туршилтууд болох “Алтай- 1”, “Алтай-2” гэх туршилтыг хийсэн. Энэ бол хоёр өөр хувийн жинтэй металлууд юм. Хайлуулаад дараа нь нэгдсэн хайлш болгохдоо хамгийн гол нь жигд хайлш болж чаддаг. Газар дээр хийхэд хүнд жинтэй нь дээр ороод хөнгөн жинтэй нь доор ордог. Хайлах процесс өөрөө ганцхан секундэд явагддаг. Тийм болохоор газрын татах хүч ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг. Ийм учраас жингүйдэл гаргаж авахад хамгийн цэвэр хайлш гардаг. Ийм замаар гаргаж авсан кристаллууд эмнэхүйн шинжлэх ухаанд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

-Монгол Улс дараагийн хүнээ сансарт нисэх гарцыг хаанаас хайх вэ?

-Хүнээ нисгэхийн тулд эхлээд хөтөлбөрөө хийх хэрэгтэй. Ямар туршилтаас ямархуу үр дүнг хүлээж байна вэ гэдэг нь хамгийн чухал болохоос нэг хүн сансар руу яваад ирэх нь чухал биш юм. Тийм учраас ирээдүйд бид боловсон хүчин бэлтгэхдээ шинжлэх ухааны хөтөлбөрөө бэлэн болгосон байх ёстой. Үүнд судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжилтнүүд гол үүрэгтэй. Хамтарсан нислэгийн гол чухал зүйл нь мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах. Сансрын хамтарсан нислэгийг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн туршлага бидэнд байна. Ийм зүйлээс ийм үр дүнг хүлээх ёстой гэх мэтчилэн туршлага монголчуудад байна. Нэг үгээр хэлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна.

-Мэдээж эрдэмтэд байж болох боломжуудыг эрдэм шинжилгээний хурлаар гаргах байх. Харин нэн түрүүнд хийх бидний алхам юу вэ?

-Төрийн бодлого бий болгохын тулд үндэсний зөвлөлтэй болох хэрэгтэй. Монгол Улсын сансрын бодлогыг гаргах хэрэгтэй. 2020 он гэхэд бид ийм зүйл хийсэн байх болно, 2030 он гэхэд үүний үр шимийг мэдэрчихсэн байх болно гэх мэтчилэн системчилсэн төлөвлөгөө бидэнд хэрэгтэй байна. Сансар судлалын талаар төрөөс барих бодлоготой байх хэрэгтэй. Бид заавал сансрын том агентлаг бий болгоод олон хүнд ажлын хүнд ачаа өгөөд байх шаардлагагүй. Гэхдээ үндэсний зөвлөл байгуулаад Ерөнхий сайд юм уу Шадар сайдаар ахлуулаад ажиллахад өнөөдөр бидэнд боломж бүрэн бий.

-Манай улс хиймэл дагуултай болох боломж бий юу?

-Хиймэл дагуул барих талаар яриад нэлээд удаж байна. Монгол Улсад холбооны төдийгүй дэлхийн зайнаас тандан судлах хиймэл дагуул хэрэгтэй. Байгаль орчин судалгааны хиймэл дагуул хэрэгтэй. Хиймэл дагуулын хэрэгцээ шаардлага манайд бүрэн хэмжээгээр бий болчихсон. Өнөөдрийн сансрын төхөөрөмжийг ашиглах байгууллага бүрэн холбооны хиймэл дагуултай байхад бид өөрсдөө ашиглах боломжтой байгаа юм. Энэ салбарт ажиллаж байгаа байгууллагууд бүгд гадны хиймэл дагуулыг ашиглаж төлбөр, түрээсийг нь өгч байна. Хиймэл дагуул бүтээхэд мэдээж өндөр зардал шаардагдана. Ганцхан удаа ийм зардал гаргаад хиймэл дагуултай болчихвол түрээсийн асар их төлбөрөөс ангижирна. Хиймэл дагуулыг харж, ажиллуулж байх, удирдах мэргэжилтэн хэрэгтэй болно. Мэргэжлийн хүмүүстэй болно, энэ нь улс орны хувьд том алхам, амжилт болж байгаа юм. Ийм алхмууд руу урагшилж байгаа гэдэгт би итгэж байгаа. Хиймэл дагуулыг хийхийн тулд гадаадын сансрын технологи өндөр хөгжсөн улс орнуудтай хамтрах ёстой. Сансар судлалын ажил нь нэг улсаас хамаарахгүй. Олон улсаас хамаардаг хамтын ажиллагааг холбож өгдөг гэж хэлж болно.

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Манай намынхан хуулиа сахиад хэтэрхий нам гүм байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн төслийг өргөн барих гэж байна. Сонгууль дөхчихсөн байхад Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломж байгаа юу?

-Сонгуулийн хуульд ойр ойрхон өөрчлөлт оруулаад байх боломжгүй. Үндсэн хуулиараа улс төрийн намууд болон нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлөөр хангагдах ёстой. Эрх барьж байгаа хүчин өөрсдөдөө тааруулж хуулиа өөрчилсөөр байгаад сонгуульд орчихдог байх юм бол тэр хүмүүсийн сонгох, сонгогдох эрх хангагдахгүй, тэгш байх зарчим алдагдана. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд авч үзэх юм бол сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гээд заачихсан. УИХ-аас тогтоолоор баталсан Хүний эрхийн хөтөлбөр гэж бий. Сонгуулийн хуульд энэ заалт ороогүй хэдий ч уг хөтөлбөрөөс эхлээд олон хуульд сонгуулиас зургаан сарын дотор өөрчлөлт оруулахыг хаачихсан байгаа юм.

-Уг нэмэлт өөрчлөлтөөр жагсаалтын 28 мандатыг зургаагаар цөөлж нийслэл дээр нэмнэ гэж байгаа. Орон нутгийн мандатыг цөөлөөгүй болохоор жагсаалтаас цөөлөхийг дэмжих боломжтой юм биш үү?

-Сонгуулийн мандатын тоог тогтоохдоо хүн амын тооноос гадна нутаг дэвсгэрийн зарчмыг баримтлах нь зүйтэй. Ялангуяа манай орон шиг уудам нутагт тархан амьдарч байгаа цөөхөн монголчуудын хувьд цаашдаа төр дэх төлөөллөө хангахын тулд энэ зарчмыг тэнцүү авч үзэж байх хэрэгтэй гэж боддог. Сонгуулийн хууль гэдэг бол сонгогчдын эрх ашгийг юун түрүүнд дээдлэх ёстой. Сонгогчид сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг нь хуулийн хүрээнд зөв шударга хийж өгөх шаардлагатай. Сүүлийн үед өөрсдөдөө тааруулах гэж, улс төрийн намд нийцүүлэх гэсэн агуулгаар Сонгуулийн хуулийг харж байгаа нь буруу.

-Сүүлийн үед МҮҮНгээч шашны урсгалын талаарх яриа газар авч байна. Таныг ч мөн МҮҮН-ийн хүн гээд нэр ус тань гараад эхэллээ. Та ямар холбоотой юм бэ?

-Тодорхой бүлэг хүмүүс улс төрийн зорилготойгоор нийгмийн сэтгэл зүй, анхаарлыг өөр зүйлд хандуулах пиарын чиглэлийн зүйл явж байна. Ямар агуулгаар юм мэдэхгүй намайг МҮҮН операцитай холбосон байна лээ. Миний хувьд шашны энэ урсгалын талаар ойлголт багатай хүн. Яагаад холбосон талаар нь нэвтрүүлэг хийж цацаад байгаа хүмүүсээс нь холбогдож асуусан.

-Тэгээд яг яасан юм?

-Нэлээд хэдэн жилийн өмнө У.Хүрэлсүх дарга, Гандантэгчинлэн хийдийн хамбатай хамт БНСУ-д арга хэмжээнд оролцохоор очсон. Тэр үед Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар Д.Гэрэл гэдэг хүн ажиллаж байсан. Элчин сайд Д.Гэрэл биднийг хоёр орны найрамдалт арга хэмжээнд орооч гэсэн юм. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд биднийг урьсан болохоор оролцсон. Гэхдээ тэр арга хэмжээнд Гандантэгчинлэн хийдийн хамбатай оролцсон болохоор ямар нэг шашны арга хэмжээнд оролцсон гэж бодохгүй байгаа. Шашны арга хэмжээнд оролцоо ч үгүй.

-Монголоос очихдоо ямар арга хэмжээнд оролцох зорилготой байсан юм?

-Албан ажлаар очсон. Элчин сайд урьсан болохоор оролцсон. Тийм болохоор У.Хүрэлсүх дарга, хамба, бид гурвыг ямар нэгэн шашны арга хэмжээтэй холбох шаардлагагүй. Би бурханы шашинтай. Өвөө маань дөрвөн настайгаасаа Эрдэнэзуугийн хийдэд шавилан сууж, 1990 онд хийдийн хурал номонд гол үүрэгтэй оролцдог байсан хүн. Миний дүү лам хүн байдаг. Монголд сүүлийн хэдэн жил бурханы шашны нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлээр хийж байгаа ажилд би идэвхтэй оролцдог. Залуучуудын холбоонд ажиллаж байхдаа У.Хүрэлсүх дарга бид Далай багшийг урьж авч ирэн залуучуудад анх удаа лекц уншуулж байлаа.

Хамгийн сүүлд гэхэд Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулах санаачилгыг би Засгийн газарт гаргаж байсан. Ингэснээр бүтэн жилийн турш үндэсний өв соёл, шашныг сурталчлах олон арга хэмжээг зохион байгуулсан. Намайг МҮҮН-ийн шашинтай холбоход маш гайхаж хүлээж авсан.

-Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юм тараагаад байна гэж дуулдах юм. Таныг орон нутгаар явж байхад уур амьсгал мэдрэгдэж байна уу?

-Энэ талаар иргэдтэй уулзаж байхад асууж байсан. Улс төрийн намууд чинь сонгуулийн сурталчилгаагаа эхлээд мөнгөн амлалтуудаар эхлүүлчихлээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр “10 жилийн дотор дэлхийн тэргүүлэх хөгжилтэй 10 орны нэг болгоно. Гаднаас мөнгө оруулж ирээд баяжина. АН-ын дарга өрөөндөө хүмүүс цуглуулаад бүх зээлийн хүүг буулгах чиглэлээр тодорхой салбарт мөнгөн амлалтууд өгөөд эхэллээ” гэж байна. Энэ нь өөрөө Сонгуулийн хуулиа зөрчиж байгаа хэлбэр. Ийм асуудлуудаар хууль хүчний байгууллагуудад асуудлаа тавих нь зүйтэй гэдгийг иргэдэд хэлсэн. Зарим улс төрийн хүчин хуулиа мөрдөөд зарим нь хуулиа зөрчиж байна. Баталсан хуулиа зөрчөөд явж байна гэдэг чинь тухайн улстөрчийн болон улс төрийн намын ёс зүйтэй холбоотой.

-Танай нам яаж байгаа юм. Бас л амлалтууд хэлэх байх?

-Манай намынхан хуулиа сахиад хэтэрхий нам гүмхэн байна гэж харж байгаа. Энэ удаагийн Сонгуулийн хуульд нэг зовлон бий.

Өмнөх Сонгуулийн хуулиар Сонгуулийн хуульд хориглосон зүйлийг хийж болохгүй. Бусдыг нь хийж болно гэж заасан байсан. Харин энэ удаагийн хуулиар зөвхөн Сонгуулийн хуулиар хориглоогүй зүйлийг хийж болно. Бусад нь бүгд хориглогдсон гээд заачихсан. Эсрэг агуулгатай ийм л хуулийг бид баталсан. Тэгэхээр энэ удаагийн Сонгуулийн хууль нэлээд хатуу гарсан гэж ойлгох хэрэгтэй.

-Таныг орон нутгаар ажиллаж байгаа гэж дуулсан. Иргэд юуг захиж байна?

-Намрын чуулганы завсарлагаанаар батлагдсан хуулиудын талаар иргэдэд танилцуулга, мэдээлэл хийж байна. Уулзалтад ирсэн иргэдээс тавьж буй саналуудыг багцлаад үзвэл үндсэндээ дөрвөн агуулгад хувааж болохоор байгаа юм. Нэгдүгээрт, малын гаралтай түүхий эдийн ханш буурснаас үүдэж иргэдийн худалдан авах чадвар муудаж байна.Тиймээс малын гаралтай түүхий эдийн ханшийг өсгөх тал дээр анхаарал хандуулж ажиллаач ээ гэж байсан. Үнэндээ иргэдийн гар дээр бэлэн мөнгө алга. Хоёрдугаарт, үүнтэй уялдан иргэд, малчид зээлийн гинжин хэлхээнд орсон байна л даа. Орон нутагт зээлгүй хүн гэж алга. Төрийн албан хаагчид нь цалингийн, хөгшчүүл нь тэтгэврийн, малчид нь малчны зээлд хамрагдсан байна. Бизнес эрхлэгчид нь бизнесийн зээл аваад ажлаа явуулах гээд чардайж байгаа нь харагдлаа. Үнэндээ иргэд авсан зээлээ төлж чадахгүй хэцүү байна. Үүнтэй уялдан зээлийн гинжин хэлхээг хэрхэн тайлах вэ гэдэг дээр санаа зовцгоож байсан. Өнгөрсөн хаврын чуулганаар МАН-ын бүлгийн зүгээс зээлийн хүүг бууруулах чиглэлээр тодорхой санал санаачилга гаргаж байсан юм. Үүнд, ипотек, тэтгэврийн зээлийн хүүгээс эхлээд нэлээд хэдэн зээлийн хүүг бууруулах ийм боломж байна гээд саналаа хэлж байсныг санаж байгаа байх.

Төсвийн мөнгөний бодлого хэлэлцэх хүрээнд Монголбанкинд Ц.Нямдорж нарын гишүүдийн санаачилсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Он гарсны дараа малчны зээлийн хүү буурах тодорхой алхмууд хийгдэж байна. Гуравдугаарт, хөдөө орон нутаг дахь төсөвт байгууллагууд бүгд өрөнд орсон. Халаалт, захиргааны зардал, бензин шатахуун, үдийн цай, багш нарын урамшуулал, тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэмжийн өртэй байна лээ. Эрүүл мэндийн салбарт гэхэд энэ оны нэгдүгээр улирал дуусч байхад эмийн тендер нь ирээгүй байх жишээтэй. Төсөвт байгууллагууд нь мөн л ингээд өрийн гинжин хэлхээнд орчихсон. Дөрөвдүгээрт, улстөрчдийн ёс зүйтэй холбоотой асуудлыг иргэд хөндөж байна лээ. Ард иргэдийн итгэлийг хүлээж манлайлал нь болж явах ёстой хүмүүс янз бүрийн үйлдэл гаргах юм.

Улс төрийн намууд дотор авлига хүчээ авч байна. Шударга ёсыг эрхэмлэх, тогтоох асуудлууд дээр маш олон санал хэлцгээсэн.

Өвөрхангай аймгийн хувьд өвлийг өнөтэй давлаа. Харин хаврын энэ өдрүүдэд зүүн болон зүүн хойд сумдаар нэлээд цас уналаа. Тэнд уулзалттай явж байсан болохоор аймгийн онцгой комиссыг хуралдуулж арга хэмжээ авсан. Нэмж цас орохгүй бол малчид зутрахгүй байх.

-Намрын чуулганыг юу гэж дүгнэх бол. Ирэх хаврын чуулганаар ямар хуулиудыг даруйхан шийдэх ёстой гэж үзэж байгаа вэ. Хаврын чуулганаар ямар асуудлуудыг амжуулах шаардлагатай байна?

-Өнгөрөгч намрын чуулганаар төсөв мөнгөний бодлогоо хэлэлцсэн. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг зарим гишүүд өргөн барьсан. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлж эдийн засгийн уналт үргэлжилж байна, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлууд нь ард түмэнд хүрэхгүй байна гээд хариуцлагын асуудал хөндөгдсөн. Намрын чуулганаар мөн хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй нэлээд асуудал орж ирсэн. Ямартай ч Сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиудыг хэлэлцэн Сонгуулийн хуулиа баталсан.

Энэ бүрэн эрхийн хугацааны хамгийн сүүлчийн хаврын чуулган удахгүй эхэлнэ. Харьцангуй хугацаа бага байх тул асуудлуудаа гацаалгүй хэлэлцээд явчих хэрэгтэй. Миний зүгээс ажлын хэсэгт нь орж ажилласан дөрвөн ч хуулийн төслийг хэлэлцэнэ. Тухайлбал, Татварын шинэчлэлийн багц хууль бий. Хэн ихийг олж байна тэр нь их татвар төлдөг тийм зарчим руу шилжих ёстой. Тэгэхгүй бол манай улсад баян хоосны ялгаа асар их болж байна. Энэ утгаараа иргэдийн орлогыг тэнцвэржүүлэх үүднээс татварын бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум хүртэл бол нэг хувийн татвартай байх хуулийн төслийг өргөн барьсан. Татварын шинэчлэлийн багц хуулийн хүрээнд энэ асуудал яригдана.

Нөгөө нэг хууль нь Боловсролын багц хуулиудын хэлэлцүүлэг явж байгаа. Тиймээс Боловсролын хууль дээр олон жил яригдсан хэд хэдэн заалтыг нэмж тусгах ёстой. Нэгдүгээрт, малчдын зургаан настай хүүхдийг сургуульд оруулж байгаа асуудлыг уян хатан байдлаар хуульд тусгаасай гэж ажлын хэсгийн гишүүний хувьд хүсч байна. Уян хатан болгож өгснөөр сургуулийн захиргаа энэ асуудлыг шийдвэрлэж байх юм.

Хоёрдугаарт, боловсролын байгууллагуудыг хариуцлагатай болгож, сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн чанарт анхаардаг болох хэрэгтэй.

-Сүүлийн үед боловсролын салбарыг тойрсон шүүмжлэл их байх шиг байна?

-Яг үнэн. Бид мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх чиглэлд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан Боловсролын хуулийг явуулах ёстой. Тиймээс энэ чиглэлд хууль гарах хэрэгтэй байна. Хуучин наймдугаар анги төгссөн хүүхдүүдийг улаан шугам татаж жагсаадаг байсан. Түүн шиг есдүгээр анги төгссөн хүүхдүүдээс цаашаа суралцах хүүхдүүд дээр тодорхой кредит тавих ёстой гэж байгаа юм. Ингэснээрээ мэргэжилтэй боловсон хүчнийг бэлдэх нөхцөл бүрдэнэ. Эртхэн есдүгээр анги төгссөн хүүхдүүдийг мэргэжилтэй болоход анхаарал хандуулах шаардлагатай. Шаталсан сургалтын системээр дамжуулан сургадаг мэргэжилтэй боловсон хүчин буюу ажилтан ангийг сэргээхгүй бол эдийн засаг сэргээд ирэх үед мэргэжилтэй боловсон хүчин бидэнд дутагдана. Малчин болох гэж байгаа хүүхдийг заавал арванхоёрдугаар анги төгсгөх шаардлагагүй. Аль болох эртхэн тухайн салбартайгаа танилцах нь тэр хүндээ хэрэгтэй. Хөдөөгийн иргэдтэй уулзаж байхад хамгийн их тулгамдсан асуудал энэ байсан. Хүүхдээ ерөнхий боловсролын сургууль төгсгөөд хувийн ч хамаагүй дээд сургуульд зээл авч байгаад сургадаг. Гэтэл хүүхэд нь төгсөөд ажлын байргүй болчихдог. Тэгэхээр энэ буруу тогтолцоог засах шаардлага байна.

Сүүлийн 25 жилд хориннэгдүгээр зууны хүн болон төлөвших боловсролын салбартаа анхаарч чадаагүй. Хүүхэд байхаас нь ёс зүйтэй, хүн байх ухаанд сургах, хүний нийгмийн харилцааны чиглэлд алдсан болохоор одоо энэ тал дээрээ анхаарах хэрэгтэй.

Сурах бичгийн агуулга дотор ч гэсэн түүхээ үгүйсгэсэн, зөрчилдүүлсэн зүйлс гарсан байна. Энэ чиглэлд Боловсролын хуулийн өөрчлөлтүүд хийгдэх ёстой. Боловсролын байгууллага аль болох улс төрөөс ангид, улс төрийн оролцоо багатай, тогтвортой байх нь зүйтэй.

Мөн хаврын чуулганаар Органик хүнсний тухай хуулиа батлах нь цаг үеэ олсон зөв алхам байх болно. Олон улсын зах зээлд органик хүнсээрээ өрсөлдөхгүй бол бусад орнуудын адил хүнс гаргаад өрсөлдөх боломж байхгүй. Мөн малчдын нийгмийн асуудлыг шийдэх ёстой. 2014 онд Д.Оюунхорол нарын бидний гишүүдийн өргөн барьсан багц таван хуулийг хэлэлцэх хэрэгтэй байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН