Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист ажилллаж, амьдарч буй казах ард иргэд ээ!
Мөнх хөх тэнгэрийг эзэгнэсэн хийморлог жигүүртэнтэй нөхөрлөж, аялгуут домборын эгшигээр уламжлалт баяраа тэмдэглэж буй Та бүхэнд Наурыз баярын мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын хөгжлийн үе шат бүрт казак иргэд Та бүхэн үнэтэй хувь нэмэр оруулж, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, үйлдвэр, аж ахуй, бүтээн байгуулалтын бүхий л салбарт шаргуу хөдөлмөрлөж ирсэнийг төр засаг өндрөөр үнэлж байдаг билээ.
Эв эеийг эрхэмлэсэн ажилсаг, хөдөлмөрч казак иргэд маань өнгөрсөн хугацаанд орон нутагтаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг ид өрнүүлж, хөдөлмөр бүтээлийн арвин их амжилтыг үзүүллээ. Аймгийн түүхэнд анх удаагаа малынхаа тоог 2 саяаас давуулж, 123,1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Төр засгийн зүгээс ч Монгол орныхоо баруун хязгаарт амьдарч буй ард иргэдийн сурч боловсрох, эрүүл энх, сайн сайхан аж төрөх асуудалд байнга анхаарч ирлээ. Тухайлбал, Засгийн газраас 2016 онд малчдын зээлийг хүүг бууруулах шийдвэр гаргаснаар Баян-Өлгий аймгийн 1023 малчны Төрийн банкнаас жилийн 26,4-31,2 хувийн хүүтэйгээр авсан 1,4 тэрбум төгрөгийн зээлийн хүү 18 хувь болон буурч, улмаар жилд 171,6 сая төгрөг хэмнэх боломж бүрдсэн юм. Мөн ипотекийн зээлийн хүүг 5 хувь руу буулгаснаар тус аймгийн 277 өрх 8 хувиар авсан өмнөх зээлийнхээ хүүг 5 хувьд шилжүүлж байна.
Ардчилсан намаас дэвшүүлсэн бүх аймгуудын төвийг нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд Толбо-Ховд, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 189,7 км зам барих ажил энэ жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх болно. Цаашдаа ч энэхүү уламжлалт хөдөлмөр бүтээлийн ажил үйлсийг улам эрчимтэй үргэлжлүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
Эрхэм хүндэт казах иргэд ээ! Та бүхэн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн ёс жаягаа дээдэлж, өнгөрсөн оныхоо ололт амжилтаа улам бататгаж, ирэх цагийн өнгийг сайн сайхнаар төсөөлөн бэлэгшээж, хотол олноороо сайхан шинэлээрэй!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
2016.03.22