Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах уралдаан болно

Монголын урлагийн ажилтны холбоо, Төв аймгийн засаг даргын тамгын газартай хамтран “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ. Уралдаан энэ сарын 25-наас дөрөвдүгээр сарын 1-ний өдрүүдэд Төв аймаг болон Улаанбаатар хотноо гурван үе шаттайгаар явагдах юм байна. Зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн санаачлагаар 1990 оноос хойш дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагдах болсон уг уралдаан өдгөө долоо дахь удаагаа болох гэж буй юм. Уралдаанд орон нутгийн мэргэжлийн театр, чуулгуудын болон Оросын холбооны Буриад улсын театрын жүжигчид, дуучид төдийгүй мэргэжлийн их дээд сургуулиудын төгсөх дамжааны оюутнуудаас бүрдсэн 60 гаруй уран бүтээлчид бүртгүүлээд байгаа аж. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад хурлын үеэр хэлэхдээ “Б.Дамдинсүрэн, П.Нацагдорж нарын “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан нь уран бүтээлчдийн ур чадварыг ахиулах, жүжиглэн дуулах авъяасыг илрүүлэхэд чиглэсэн, залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын тэмцээн уралдаанд оролцох туршлагатай болгох зорилготой. Зохион байгуулагдсанаас хойш нийт 400 гаруй уран бүтээлч хамрагдаж, авъяас чадалтай олон дуучин, жүжигчид төрөн гарсан” гэв.

Э.ОТГОНТУЯА

Categories
гадаад мэдээ

Солонгост зика вирусын тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд болон Хойд Америкийн орнуудад энэ оны нэгдүгээр сараас эхлэн зика вирусын халдвар тархаж, өдгөө дэлхийн арав гаруй улсад тархаад байна. Энэхүү вирус нь жирэмсэн эхэд халдварласан тохиолдолд ургийн гавлын яс жижгэрч, оюун ухааны хомсдол, хараа, сонсгол муутай хүүхэд төрөхөд хүргэдэг. Хамгийн сүүлд л гэхэд манай хойд хөрш болох ОХУ, урд хөрш болох БНХАУ-д энэхүү вирусын халдвар тархаад буй. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр БНСУ-д зика вирусын анхны тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөд Солонгос улсын 43 настай иргэн Ким “Зика” вирусийн халдвар авсан тус улсын анхны иргэн болж бүртгэгджээ.

Өмнөд Солонгос улсын 43 настай иргэн Ким “Зика” вирусийн халдвар авсан тус улсын анхны иргэн болж бүртгэгджээ.

Тэрбээр ажлын томилолтоор Бразил улсад 22 хоног ажиллаад энэ сарын 11-ний өдөр эх орондоо ирсэн гэнэ. Ингээд гэртээ ирсэнээс хойш тав хоногийн дараа Ким гэнэт халууран эмнэлэгт үзүүлсэн боловч түүнээс ямар нэгэн халдварт вирусын шинж тэмдэг илрээгүй аж. Гэвч түүний үе мөч өвдөж байсан учраас дахин тав хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд зика вирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Зика вирусын халдвар нь хүн ялаа, шумууланд хазуулсанаас 2-14 хоногийн дараа илэрдэг ба түүнийг эмчлах ямар нэгэн эм тариа байхгүй ч эмнэлгийн хяналтанд байж өвчнийг эдгээх ёстой ажээ. Иргэн Ким хэлэхдээ “Бразил улсад байхдаа ялаа, шумууланд хазуулахгүй байхыг хичээж байсан боловч хэд хэдэн удаа ялаанд хазуулсан” хэмээн хэлсэн байна. Эдүгээ түүнийг тусгаарлан эмчилж байгаа талаар тус улсын хэвлэл онцолжээ.

Categories
гадаад мэдээ

Бельгид дэлбэрэлт болж, олон хүн амиа алджээ

Бельгийн нийслэл Брюсселийн “Завентем” нисэх онгоцны буудалд өнөөдөр хоёр дэлбэрэлт болсон тухай BBC агентлаг мэдээллээ. Одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна хэмээн тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Мөн хэн ямар зорилгоор халдлага үйлдсэнийг ч илрүүлээгүй байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар тус барилгаас одоо ч өтгөн утаа гарч байгаа аж. Одоогийн байдлаар аврах багийнхан 17 хүний цогцсыг олсон бөгөөд шархадаж, бэртсэн хүмүүсч их байгаа аж. Хэргийн газар Белгийн цагдан сэргийлэх байгууллага, түргэн тусламж, онцгой байдлын албаныхан ажиллаж байна.

Уг дэлбэрэлт арваннэгдүгээр сард болсон Парисын халдлагын гол сэжигтнийг барьснаас дөрвөн өдрийн дараа болсон нь олон хүнд хардлага төрүүлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нойтон цас орно

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, 23-нд төв болон говийн нутгаар ахиухан
хэмжээний нойтон цас орохыг анхаарууллаа. 23-нд төвийн нутаг, говийн нутгийн
зарим газраар, 24-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 26-нд нутгийн хойд хэсгээр хур
тунадас, нойтон цас орно.

Салхи 23-нд зүүн зүгийн нутгаар, 26-нд зарим газраар секундэд 12-14
метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр,
Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг
нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн,
өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр
шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Харин гуравдугаар сарын
сүүлчээр дулаарна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас
мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин хоёр “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” ашиглалтад орно

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д боллоо. Хуралдаанаар Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлын гүйцэтгэлийг сайжруулах, нэгдсэн хяналтын тогтолцоонд шилжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газруудын гүйцэтгэгч байгууллагуудтай харилцах үйл ажиллагааг “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-д төвлөрүүлэн Нийслэлийн худалдан авах ажиллагааны танхим байгуулах, Эзэнгүй нохой, муур устгалын ажлын зардлыг шинэчлэх асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд “Нийслэлийн худалдан авах ажиллагааны танхим”-ыг байгуулснаар Худалдан авах ажиллагаа, Хөрөнгө оруулалт, Авто замын газар гүйцэтгэгч байгууллагуудтай төсөл, хөтөлбөр дээр хамтран ажиллахдаа хүсэлт хүлээж авахаас эхлээд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах хүртэл худалдан авах ажиллагааны бүх үйл явц тус танхимд нээлттэй явагдах юм. Тус үйл явцыг хуульд нийцүүлэн зохион байгуулахаар холбогдох журам гаргаж, ирэх даваа гарагийн нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Журамд холбогдох газруудын үйл ажиллагааг дэлгэрэнгүй тусгана.

Харин эзэнгүй нохой, муур устгалын ажлын зардлыг шинэчлэх асуудлыг лхагва гарагт 11 цагаас болох нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг дарга нартай хийх удирдлагын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас одоо мөрдөж буй 7500 төгрөгийг 11 800 төгрөг болгох хүсэлтэй байгаа юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв ажиллаж эхэлсэнээс хойш /2016.01.04/ 124 550 иргэнд үйлчилгээ үзүүлээд байна. Үйлчилгээ авч буй иргэдгийг дүүргээр ангилвал үйлчилгээний төвийн байршлаас хамаарч Баянзүрх дүүргийн иргэд үйлчлүүлэх нь их байгаа юм. Энэ үеэр нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дараагийн салбарыг Хан-Уул дүүргийн Мишээл экспо төв, Сонгинохайрхан дүүргийн Драгон төвд байгуулах бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна гэдгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээр хийлгэхийг хориглосон ажлын байрны жагсаалтыг баталлаа

Хүүхдийн эрх, хүүхдийн хамгааллын тухай
хуульд зааснаар насанд хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг
Хөдөлмөрийн сайдын тушаалаар шинэчлэн баталжээ.

Categories
мэдээ нийгэм

Таван хувийн зээлийг олгохдоо иргэдийг ялгаварлаж байна гэв

Нийтийн эрх ашгийг хамгаалагч хуульчдийн төлөөлөл ипотекийн таван хувийн зээлийн нөхцөл, иргэний хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ. Тэд нийтийн эрх ашгийг зөрчиж буй асуудлуудыг гаргаж, олон түмэнд хүргэхийг зорьдог хуульчдын бүлэг бөгөөд ямар нэг улс төрийн ашиг сонирхол байхгүй, нам бус гэдгээ онцолж байлаа. Хуульч О.Батхүү “Оорн сууцны ипотекийн таван хувийн зээлийг олгохдоо иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Зээлийн санхүүжилтийг “Тэтгэврийн сангийн хөрөнгө”-өөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр олгохоор болсон. Ингэхдээ 21 аймаг болон алслагдсан гурван дүүрэг, хотод цөөн хэдэн байрлалд л хамаарахаар зохицуулсан нь татвар төлөгчдийн мөнгийг хуваарилахдаа ялгавартай хандаж байна гэж үзэж байна. Татвар төлдөг бүх хүн адил нөхцлөөр зээлд хамрагдмаар байна” гэв. Мөн тэд 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Иргэний хуульд оруулсан өөрчлөлтийг эсэргүүцэж буй юм. Тухайн өөрчлөлтөөр иргэд хоорондоо мөнгө зээлэх асуудлыг хууль бус гэж заасан нь буруу хэмээн тэд үзэж буй юм. Энэ тухай хуульчид “Энэ бол банкуудад л ашигтай шийдвэр. Чөлөөт эдийн засагт суурилсан өнөөгийн нийгэмд иргэд хоорондын харилцаанд төр хутгалдан орж байгаа нь өөрөө Үндсэн хууль, иргэний хуулийн үндсэн зарчмыг зөрчиж байна. Уг хуулийн өөрчлөлтийг энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөн ажиллахаар болсон учраас асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр болсон” гэв.

Мөн хуульчид ханшийн зөрүүнээс болж их хэмжээний алдагдал хүлээж буй компаниудад гарц байгаа гэдгийг хэлж байв. Банкуудаас ам.доллараар зээл авсан бүх компаниуд өнөөдөр дампуурах аюулд өртөөд буй юм. Жишээлбэл, 2013 онд нэг сая доллар зээлсэн компани 1.3 тэрбум төгрөг банкинд төлөх байсан бол өнөөдөр хоёр тэрбум төгрөг төлөх болсон. Зөвхөн ханшийн зөрүүнд 700 сая төгрөг төлөхөөр болоод байна. Гэвч уг асуудлыг Иргэний хуулийн 218.1 дэх хэсэгт зохицуулсан байдаг гэнэ. Үүнд “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх (гэрээ байгуулсан) үеийн ханшаар тооцож төлбөр төлнө” гэж заасан байдаг ажээ.

Э.Отгонтуяа

Categories
мэдээ нийгэм

Засгийн газрын ажилд дүн тавих цуглаан болж байна

Өнөөдөр төрийн бус байгууллагууд болон иргэд Ялалтын талбай дээр “УИХ-д дүн тавих сонгогчдын цуглаан”-ыг зохион байгуулж байна.

Энэхүү цуглаанд ‘’Гал үндэстэн холбоо’’, ‘’Шинэ аравт’’, ‘’Аравтын төлөө’’ сонин, ‘’Босоо Хөх Монгол’’, ’’ Бие даагч иргэдийн холбоо’’, ‘’Нүүдэлчин түмний холбоо’’, ‘’Монгол тэнгэр үнэн’’, ‘’Монгол язгуур ухаан эрдмийн хүрээлэн’’, ‘’Монгол тулгатан’’ тэргүүтэй арав гаруй төрийн бус байгууллагын гишүүд дэмжигчид манлайлан оролцож байгаа юм. Эдгээр иргэний хөдөлгөөнүүд нэгдэж’’Эвлэн мандах хүч’’-ийг байгуулжээ. Ялалтын талбай дээр очиход 600 гаруй хүмүүс цугласан байв. Энэ үеэр тэнгэрийн онгодтой бөө буулгаж байгаа нь олны сонирхолыг их татаж байсан юм. Иргэд утсаар бичлэг хийж, үгийг нь анхааран сонсч, хурайлцгааж байв.

Мөн иргэдээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүдийн хийж бүтээсэн ажилд хэр сэтгэл хангалуун байгаа талаар санал асууж, саналыг хар цагаан хоёр хуудсаар ялган хурааж байсан юм. Хэрэв иргэд сайн ажилласан гэж үзэж байгаа бол цагаан хуудсыг хайрцганд хийж, муу ажилласан гэвэл хар хуудсыг сонгож байв. Сонгогчдын ихэнх нь хар хуудас сонгож байгаа харагдсан бөгөөд хар хуудастай хайрцаг нь бараг л дүүрсэн харагдана лээ. Түүнчлэн иргэдээс 1. Үндсэн хууль зөрчин намын жагсаалтаас УИХ-ын 28 гишүүн сонгогдохыг, 2. Сонгуулийн хар машинаар саналын хуудас тоолохыг та дэмжих эсвэл дэмжихгүй талаар саналаа өгнө үү гэсэн “Бүх ард түмний санал асуулга” саналыг хуудсыг бөглүүлж байсан юм.

Цуглаанд УИХ-ын дарга З.Энхболдыг оролцуулахаар урьж, УИХ-ын үйл ажиллагааны талаар тайлан тавиулах гэсэн боловч ирээгүй гэдгийг зохион байгуулагчид мөн хэлсэн юм. Мөн энэ үеэр урлаг соёлын одод, дуучид, яруу найрагчид үгээ хэлж, эх орны сэдэвтэй ая дуугаа өргөх , яруу найргаа унших хүсэлтээ илэрхийлсэн аж. Цуглаан одоо ялалтын талбай дээр үргэлжилж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Гавьяат цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр салбар салбартаа гавьяа байгуулж байсан зарим хүмүүст төрийн шагнал гардуулсан юм.

Ж.НУРЛАН БОДИБИЛДИНГИЙН АНХНЫ ГАВЬЯАТ ТАМИРЧИН БОЛЛОО

Ж.Нурлан Бодибилдингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр бодибилдингийн спортын түүхэнд анхны“Монгол Улсын гавьяат тамирчин” хэмээх эрхэм хүндтэй цол тэмдгийг хүртэж байан. Тэрээр 1990 онд Монголд анх удаа зохиогдож байсан “Сайхан залуу” тэмцээнээс спортын гараагаа эхэлж байжээ. Түүнчлэн“Монголын Мистер” хэмээх эрхэм хүндтэй цолыг хамгийн олон удаа буюу дөрвөн удаа хүртсэн юм.

Ц.ПУНСАА МУСГЗ ЦОЛ ТЭМДГЭЭР ШАГНУУЛАВ

БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.Жанибеков нар 1981 оны гуравдугаар сарын 22-ны энэ өдөр сансарт ниссэн. Монгол хүн анх сансарт ниссэн эл түүхэн үйл явдлыг ЗХУ-ын Москва хотоос МҮОНТ шууд дамжуулан Монгол Улсад үзүүлж байв. Үйл явдлыг сурвалжлан мэдээлж, биечлэн оролцож явсан МҮОНТ-ийн сэтгүүлч, доктор Ц.Пунсаа Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол тэмдгээр энэ өдөр шагнууллаа.

Тэрбээр “Одоогоос 35 жилийн өмнө Монгол хүн анх сансарт ниссэн баярт үйл явдал болсон. Тэр баярт үйл ажиллагааг дамжуулах сурвалжлах группт оролцож Москва явж байлаа. “Монгол хүн сансарт нислээ” гэдэг тэр мэдээг диктор Нарантуяа, Орос найруулагч бид гурав нэг студиэс дамжуулж байсан юм. Тэр үеийг өнөөдөр санахад сайхан байна. Энэ бэлгэ дэмбэрэлтэй өдөр төрийн том шагнал хүртсэндээ баяртай байна. Энэ бол миний МҮОНТ-д ажилласан хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм. Залуу боловсон хүчин бидний хувьд тэр үйл явдал шинэ туршлага, шинэ оролдлого, арга барил болж үлдсэн” хэмээв.

Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлигаар гавьяат эдийн засагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтнаар Д.Тогооч, гавьяат тамирчнаар Ж.Нурлан, Ж.Нарантунгалаг, Т.Батчимэг, Н.Гонгор, гавьяат багшаар Ц.Амгалан, Г.Мөнхтуяа, Д.Цэрэндорж, гавьяат барилгачнаар Ц.Баатар нарын тус тус шагналаа. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн шагналаар Т.Нандир, Н.Орхон, Соёлын гавьяат зүтгэлтнээр СУИС-ийн РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш Доктор н.Пунсаа, Монгол улсын гавьяат нисгэгчээр Л.Лувсанчимэг нар шагнууллаа.

Categories
мэдээ нийгэм

“Ухаалаг ус” мөсөн баримлын нээлт боллоо

Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг болсон билээ. Харин манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын Элчин сайдын яам хамтран Монголд тулгамдаж буй усны хэт хэрэглээ, усны нөөцийн хомсдол болон усыг хайрлан хамгаалах, зохистой хэрэглэх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хөндөн “Ухаалаг Ус” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд өнөөдөр Чингисийн талбайд усны асуудлыг хөндсөн “Ухаалаг Ус” мөсөн баримлыг танилцууллаа. АНУ-ын Колумбын Их Сургуулийг төгсөгч, уран бүтээлч Ё.Төгөлдөр, уран барималч Ц.Батмөнх нар хамтран тус бүтээлдээ усны хэт хэрэглээнээс болж хомсдол үүсч буйг шүүмжлэн харуулсан байна.

Мөн төслийн хүрээнд АНУ-ын найруулагч Тиерри Диантанида, Баптист Рожет-Лучайрийн “Цангасан ертөнц”, найруулагч Жефф Орловскийн “Мөсөн голын мөхөл”, найруулагч Николь Ньюхамын “Хувьсгалч өөдрөг үзэлтнүүд” зэрэг баримтат киног Өргөө, Гэгээнтэн, Тэнгис кино театрт энэ сарын 22, 24, 26-нд тус тус үнэ төлбөргүйгээр үзүүлэн, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.

Ж. Хулан