Categories
мэдээ цаг-үе

М.Энхсайхан: Илүү том эвсэл байгуулж сонгуульд оролцохоор яриа өрнүүлж байна

Монгол Улсын Сайд М.Энхсайхантай ярилцлаа.

МҮАНыгЭрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон намтай эвсч 2016 оны сонгуульд өрсөлдөхөөр болж байгаа тухай яригдаж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-МҮАН-ын даргын хувьд ирэх сонгуульд хэрхэн оролцох талаар улс төрийн олон намтай шууд яриа хийж байгаа. Миний хувьд сонгуульд оролцож байсан түүх маань дандаа л эвсэл байгуулж явсан түүх байдаг юм. “Ардчилсан Холбоо” эвсэл, “Эх орон, Ардчилал” эвсэл, “Шударга ёс” эвсэл бүгд сонгуульд амжилттай оролцож байсан. Миний өчүүхэн хөдөлмөр тэнд байгаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад илүү том Их Эвсэл байгуулах гэж яриа өдөж байгаа. Тийм ч шаардлага амьдралаас урган гарч байгаа. Нэг, хоёр намын бус нэлээд олон намын эвсэл байвал зөв болох байх. Яагаад гэвэл цаг үеийн шаардлага тийм байгаа гэж бодож байна. Эдийн засаг хямраад зогсохгүй дампуурсан улс орон болох аюул ойрхон байна. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар Монголын түүхэнд тохиогоогүй хүндрэл бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой байгаа. Бондын болон өр, зээл төлөх том асуудалтай тулгарна. Энэ цаг үед Засгийн газар илүү “мэргэжлийн байх” шаардлагатай. Дээр нь улс төрийн хувьд тогтвортой байхын тулд “Их Эвслийн” байх дүр зураг одооноос харагдаж байгаа. Өөрөө чадахгүй, өрөөлийг ажил хийлгэдэггүй тийм хүмүүс том намуудын дээр гарвал улс орны ирээдүй бүрхэг болох нь гарцаагүй. Иймээс эвсэлдэх асуудлыг соёл болгохын төлөө МҮАН ажиллах болно. Түүний үлгэрлэл нь сонгуульд урьд урьдынхаас илүү том эвсэл байгуулж оролцох явдал юм. Бүтэх эсэх нь цаг хугацааны асуудал гэж бодож байна.

Ер нь танай нам энэ удаагийн сонгуульд яаж оролцох вэ. “Шударга ёсэвсэл эсвэл МАХНтай нэгдэж сонгуульд өрсөлдөх хувилбарыг ч яриад байна. АН танай намтай хамтарч ажиллах хүсэлтээ ч хүргүүлсэн шүү дээ?

-Дээр хэлсэнчлэн илүү өргөн Эвсэл Монголын ирээдүйн эрх ашигт нийцнэ хэмээн бодож байна. МҮАН үзэл санаа, бодлогын хувьд бүх намтай хамтарч ажиллахад бэлэн. Түүнээс биш хэн нэгнээс бурууг хайж, хэн нэгнийг адалж Засгаас хөөдөг араншинг зөвшөөрөхгүй байгаа юм.

Таван толгойг эргэлтэд оруулахаар хичээж ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой. Үүнээс улбаалж таныг намын даргын суудлаа Н.Батцэрэгт өг гэх утгатай шаардлагыг МАХНын дарга Н.Энхбаяр тавьсан гэдэг?

-Би сургаар ажил хийдэггүй. Анх удаагаа ийм юм сонсож байна. Тийм юм болоогүй байх аа.

Таван толгой мегатөсөл нийгэм, эдийн засгийн маш чухал ач холбогдолтой учрааас олон нийтийн төдийгүй улстөрчдийн анхаарлыг татаж байгаа сэдэв. Таван толгойн асуудал ер нь ямар шатандаа явж байгаа вэ?

-Тавантолгой овогтой хоёр төсөл байна. Цахилгаан станцын төсөл нь урагштай явж байгаа. Японы хөрөнгө оруулагч тодорсон. Урьд өмнө өгсөн техникийн болон арилжааны даалгаврын дагуу асуудлуудыг илүү нарийн цэгцэлж тохиролцох үе шат эхэлж байна. Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудлыг тавдугаар сард багтааж хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Нүүрсний төслийн хувьд цаг хугацаа алдсан. Нүүрсний зах зээлийн байдал бидний хувьд таагүй болсон нь энэ төсөл нэг хэсэгтээ хойш тавигдах байдлыг бий болгосон. Цаг хугацаатай уралдаж ажиллахгүй бол гай болдгийн жишээ болж үлдэж байна.

Мегатөслүүд ер нь ямар яваа вэ. Саад учирч урагшлахгүй байгаа шалтгаанууд гэвэл юу юу байна вэ?

-Мегатөсөл өөрийн арга зүй, хөрөнгө мөнгө шаардсан ажил байдаг. Манайд мегатөсөл цөөхөн. Харин мегамөрөөдөл их байгаа. Нийт хөрөнгө оруулалтын наад зах нь гурван хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг бэлтгэл ажилд зарцуулах шаардлагатай байдаг. Мегатөсөл гэдгийг тэрбум доллараас их хөрөнгө оруулалт шаардсан төслийг хэлдэг гэж үзвэл бэлтгэл ажилд нь 30 сая ам. доллар зарцуулах шаардлагатай болно. Тийм их мөнгийг манай төр засаг байтугай, хувийнхан гаргаж чадахгүй. Хамгийн том бэрхшээл нь мөнгө болж хувирна. Дараа нь мегатөслийг хөөрөл баясал алдаг. Манайхан мегатөслийг мегамөрөөдөл болтол нь рекламдсан сайн кино хийж чаддаг, төслийг хийж сураагүй байгаа. Дээр нь төр, хувийн хэвшлийнхэн нэг бодлогоор ажиллаж сураагүй. Ингээд нэрлээд байвал зөндөө шалтгаан бий. Энэ бол өөрөө бие даасан хичээлийн материал юм.

Эдийн засгийн ийм хүнд үед эдгээр төслүүдийн санхүүжилтийг босгох боломж хэр байгаа вэ?

-Монголын эдийн засаг муудаж, зээлжих зэрэглэл буурсан нь Монгол Улсыг эрсдэлтэй орны тоонд оруулж гадныхан улам бүр хөрөнгө оруулахаас айж байгаа. Иймээс одоохондоо бидний хөрөнгө босгох чадамж маш муу байгаа. Өр үүсгэдэг бонд зээл биш, ирээдүйд өр үүсгэдэггүй гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн эхний нөхцөл бол эдийн засгийн бодлогоо зөв голдрилд оруулж үзүүлэлтээ сайжруулах явдал юм. Үрэлгэн сэтгэлгээтэй, хөрөнгө оруулагчаа нүд үзүүрлэсэн байдалтай байвал байдал дээрдэхгүй. Өөрийн эрх ашгаа хамгаалж гадныхантай хамтарч ажиллах бололцоогоо бий болгохын тулд юуны өмнө эдийн засгийн прагматик үзэлтэй байх хэрэгтэй байна.

-2017 оноос их өр төлж эхэлнэ. Зээлээ төлөхөд хүндрэл бэрхшээл гарах нь тодорхой. Гэхдээ ирэх хүндрэлийг багасгах арга зам бий байлгүй?

-Яг өнөөгийн энэ байдлаараа бол бид тавьсан өрөө төлж чадахгүй. Дампуурахгүйн тулд дахин зээл авч өр тавих шаардлага гарна. Миний бодоход ОУВС-тай илүү нягт хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. Стэндбай хөтөлбөрт орж хямд зээл авах шаардлага бий. Сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газарт тулгарах хамгийн эхний асуудал энэ байх болов уу. Жилийн өмнө энэ хөтөлбөрт орж болохоор байсан. Энэ хөтөлбөрт ороогүй явж байгаагийн эдийн засгийн алдагдал нь бараг 100 сая ам. доллартай тэнцэж байна гэсэн тооцоо ч байгаа.

Мазаалай бондын сураг гараад тасарчихлаа. Уг бонд юу болов?

-Сангийн сайдаас асуух асуулт байна. Монгол эрсдэлтэй орны тоонд орж байгаа тул аливаа бонд, зээлийн хүү хэт өндөр болсон нь бэрхшээл бий болгож байгаа.

Та Таван толгой төсөл амжилттай хэрэгжвэл манайх нүүрсээрээ дэлхийд том нийлүүлэгч орон болно гэж ярьж байсан. Гэтэл сүүлийн үед нүүрс бол ирээдүй биш гэсэн зүйл яригдах боллоо?

Нүүрсний үнэ зах зээл дээр унасан. Мөддөө сэргэхгүй өнгө аястай байгаа. Юун ирээдүй. Байгаа хэдээ яаж амь зуулгах вэ гэдэг асуудалтай тулгараад байна. Таван толгой төсөл урагш ахисан бол манай эдийн засгийн хямралыг зөөлөвчлөхөөр байлаа. Харамсалтай нь болсонгүй. Хямралыг бие дээрээ өвдөлт болгон мэдрэх сайнгүй л байна шүү. Уул нь үүнийг урьдчилан харж зайлсхийх бодлогыг гаргахын тулд л төрийн түшээд байдаг. Чадсангүй дээ.

Таны хувьд Монгол Улс аль салбараа барьж, анхаарлаа хандуулбал хөгжлийн чигээ зөв гаргана гэж боддог вэ?

-Манайхан сонгууль дөхөхөөр хөгжлийн үндэс нь уламжлалт аж ахуй гэж хэлээд байдаг. Хөдөө аж ахуйгаа дэмжих нь гарцаагүй. Гэвч махаа зараад, арьс, ноосоо зараад уул уурхай хөгжихгүй. Хөдөө аж ахуйгаас олох мөнгө нь идэж уухад л хүрэлцэх биз. Мал дагасан монголчуудад мэдээж сайхан. Гэвч хүн амын ихэнх нь хот, суурин газрын хүмүүс. Тэдний болон нийт олноороо амьдралаа дээшлүүлье, тэгээд олсон орлогоороо хөдөө аж ахуйгаа өөд нь татъя гэвэл уул уурхай л хөгжлийн гол салбар юм. Уул уурхайн салбар унахад л махны үнэ мөн л унана. Уламжлалт аж ахуй унана. Уул уурхайн салбарт алдсан алдаанаасаа суралцаж уул уурхайн засаглалаа шинэчлэх хэрэгтэй болсон байгаа. Энэ талаар бэлээхэн зөвлөмж материал бий. Би зах зухаас нь яриад л байгаа. Сонгуульд орж байгаа хүмүүс анхаараасай гэж бодож байна.

Баялгаа шүтвэл ирээдүйгүй, газрын баялгийн түүхий эдийн үнэ унавал манай улсын эдийн засаг дагаж унаж байгааг харж байна. Таныхаар бид энэ эдийн засгийн хямралаас гарахын тулд ямар алхам хийх хэрэгтэй вэ?

-Байгалийн баялаг ихтэй гэж хэлэгддэг дэлхийн 53 орон байдаг. Гэхдээ тэднийг баян гэдэг утгаар нь энэ үгийг хэлээгүй юм билээ. ОУВС-ийн аргачлалаар экспортынх нь 20 хувиас дээш нь уул уурхайн бүтээгдэхүүн байвал тэдгээр орныг “баялаг ихтэй” гэсэн байдаг. Хэрэг дээрээ баян биш уул уурхайгаас хараат гэсэн үг юм. Байгалийн баялагтай гэдэг орнуудын нэг хавтгай дөрвөлжин метр нутгийн газрын хэвлийд байгаа баялгийг үнэлгээнд оруулбал 25 000 ам.доллар гэсэн тоо бий. Манайд энэ үзүүлэлт нэг ам.долларт ч хүрэхгүй.

Газрын гүнд байгаа ордыг бид өхөөрдөөд баялаг энээ тэрээ гэж нэрлэдэг. Яг эдийн засгийн утгаараа бол газрын гадарга дээр гарч ирээд хүмүүсийн амьдралд хэрэг болбол түүнийг баялаг гэж хэлж болно. Газрын гадарга дээр гаргахын тулд ихээхэн зардал гаргах шаардлагатай. Тийм хөрөнгө мөнгө нь бидэнд байхгүй. Техник, технологи ч бас ярвигтай. Ийм л учраас улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын төлөө уралддаг. Гэтэл манайд энэ талын ойлголт маш муу. Хямралаас гарахын тулд тархи толгой өөрчлөгдөхгүй бол бид мөнхийн харахуйд унах аюул байнаа.

Хямрал 2023 он хүртэл үргэлжилнэ гэж буй. Зарим эдийн засагчид уул уурхайгаа огт зогсоохгүйгээр гал залгуулаад явбал хямрал дуусах цагт Монголын уул уурхай өөрийн гэсэн байр суурь, капиталтай болчихно гэж үздэг юм билээ?

-Уул уурхайн засаглалыг хэрхэн өөрчлөх, ямар систем, хэлхээ бүхий шийдвэр гаргах вэ гэдэг талаар манайхан бодож байгаа нь сайн хэрэг. Алдаанаас суралцаад урагш ахих бололцоо бидэнд бий гэдэгтэй санал нэг байна.

Сонгууль хаяанд ирчихлээ. Гэтэл Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад байгаа. Сонгууль болохоос өмнө зургаан сарын дотор уг хуулиар оролдвол ёс зүйгүй үйлдэл болно гэж зарим судлаачид онцолж байна л даа. Үүнд таны байр суурийг сонсвол?

-УИХ-аас баталсан Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт сонгууль болохоос хагас жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн байдаг. Энэ хөтөлбөрийг УИХ баталсан. Баталсан шийдвэрээ тэд зөрчихгүй байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хямралаас гаргахад туслах debt restructuring “Чингис” бондод ч хамаатай

Нүүрс, төмрийн хүдэр, зэс, газрын тос гээд манай улсын гадагш экспортолж доллар олдог байгалийн баялгийн үнийн уналт үргэлжилсээр байна. Сэргэх янз ойрын хоёр жилдээ лав алга гэсэн гутранги таамаг голлож буй энэ үед дэлхийн уул уурхайн “акул” компаниуд ч хэцүүхэн байдалд оржээ. АНУ-ын нүүрсний салбарын бүх компанийн дөрөвний нэг нь дампуурсан, дампуурлын ирмэг дээр ирсэн гэж “Ройтерс” мэдээлээд байна. Манай улс шиг уул уурхайгаас эдийн засгийн гол орлогоо бүрдүүлдэг АНУ, Канад, Орос, Хятад, Индонез, Энэтхэг зэрэг орны том корпорациуд төлбөрийн чадвараа сайжруулах боломжит бүх алхмыг хэрэгжүүлж эхэлжээ. Зах зээлийн уналтаас болж компаниуд алдагдал хүлээж, төлбөрийн чадвар доройтсон үед авч хэрэгжүүлдэг олон төрлийн арга байдаг аж. Дэлхийн том компаниудын дийлэнх нь public company буюу олон нийтэд нээлттэй хувьцаат компаниуд байдаг учраас бүртгэлтэй хөрөнгийн бирж болон улс орныхоо хууль, журамд нийцсэн байдлаар арга хэмжээ авдаг жишигтэй. Тэд орд газруудаа худалдах юм уу барьцаалж, нэмэлт хөрөнгө босгох, бүтцийн өөрчлөлт хийж үйл ажиллагаагаа хумих, зардлаа бууруулах, төлөх ёстой өр, төлбөрүүдийнхээ хугацааг хойшлуулах, хүүг нь багасгах, нөхцөлийг нь хөнгөвчлүүлэх, өөрчлөх, төлөх ёстой өр, төлбөрүүдийг бүтнээр нь буюу хэсэгчлэн цуцлуулах, хувьцаа, хувь эзэмшлээ хэсэгчлэн худалдах, шилжүүлэх гэх мэт арга хэмжээ авдаг байна.

Хямралд тэсч үлдэх иймэрхүү аргыг хэрэглэхдээ хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч банк, санхүүгийн байгууллагуудтай нарийн яриа, хэлэлцээр хийдэг.

Өнгөрсөн оноос хойш дэлхийн уул уурхайн том компаниуд хямралд тэсч үлдэхийн тулд debt restruc­turing хэмээх санхүүгийн хэрэгслийг ашиглаад эхэлжээ. Зээл төлбөрийн нөхцөлийг өөрчлөх шинэчлэхээр хийж байгаа алхмыг debt re­structuring хэмээдэг. Тэд хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээр хийж, санхүүгийн хүнд үеийг даван туулахаар оролдож байна. Америкийн “Пийбоди энержи” гэхэд л зургаан тэрбум ам.долларын өр төлбөрийнхөө нөхцөлийг өөрчлөхөөр хувьцаа эзэмшигчидтэйгээ яриа хэлэлцээ хийгээд эхэлчихэж. АНУ-ын нүүрсний салбарт хоёрт жагсдаг “Арч көүл” ч хувьцаа эзэмшигчидтэйгээ санхүүгийн нөхцөлөө ярьж хэлэлцээ хийснээр 4.5 тэрбум ам.долларын зээлээ хөнгөвчлүүлэх тохироонд хүрч чаджээ. Компанийн зүгээс тохироонд хүрсэн гэдгээ оны эхээр зарласан юм. Урд хөршийн “Ап энержи”, “Винсвэй” зэрэг компаниуд мөн л бонд болон бусад төрлийн зээлийн төлбөрүүдийг хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн учраас төлбөрийн нөхцөлүүдийг өөрчлөх, хөнгөвчлүүлэх арга замуудыг тохирон хэлэлцэж байна. “Винсвэй” гэхэд л зээлээ хөнгөвчлүүлэх хэлэлцээрийг хоёр жилийн турш хийж байгаа гэсэн мэдээ бий.

ОХУ-ын метал үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани “Мечель” таван тэрбум ам.долларын өр төлбөртэй гэгдэж буй. Мөн л зээлүүдийнхээ нөхцөлийг өөрчлөхөөр хувьцаа эзэмшигчидтэйгээ яриа, хэлэлцээр хийж байгаа. Индонезийн нүүрсний хамгийн том тоглогч “Bumi resources” 3.9 тэрбум долларын зээлийн нөхцөлөө өөрчлүүлэхээр банкууд, зээлдэгчидтэйгээ хэлэлцээд эхэлснийг хэвлэлүүд мэдээлчихсэн. “Alpha natural resources”, “Hidili”, Австралийн “Adani”, “Lanco Infratech” зэрэг нүүрсний компаниуд ч debt restructuring хийж байгаа. Ийм байдлаар санхүүгийн чадамжаа дээшлүүлж, зээл, өр төлбөрүүдийн нөхцөлийг өөрчлүүлэх нь түгээмэл ч компаниудаас менежментийн өндөр ур чадвар шаардсан, хугацаа ихтэй, төвөгтэй процесс байдгийг бүтэн хоёр жил хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа “Винсвэй”-н жишээнээс харж болно.

Манайд ч ялгаагүй Хонгконгийн бирж дээр хувьцаа гаргасан “Mon­golian мining сorporation” өмнө нь авчихсан байсан зээл, санхүүжилтүүдийнхээ нөхцөлд өөрчлөлт оруулж байгаагаа мэдээлсэн харагдсан. ММС олон улсын зах зээлд гаргасан 600 сая ам.долларын бондын эргэн төлөлтийн нөхцөлийг өөрчлөхөөр бонд эзэмшигчидтэйгээ хэлэлцэж эхлээд байгаа юм. Зээл, төлбөрийн нөхцөл өөрчлөгдсөнөөр том компаниуд хямралыг давж гарч чадна гэж шинжээч, судлаачид онцолж байна.

Манай улсын хувьд ч debt restructuring хийхээс аргагүй байдалд ороод байгаа. Ирэх жилээс бид “Чингис” бондын мөнгөө төлж эхэлнэ. Төсөв тасарсан, гадагш нь зарж байж валют олдог уул уурхайн бүтээгдэхүүнийх нь үнэ навс унасан хүнд цагт бондын төлбөрт өгөх мөнгө байхгүй. Тэгэхээр зээлийн нөхцөлүүдээ өөрчлөх, хөнгөвчлөхийн тулд debt restructuring гэх санхүүгийн хэрэгслийг ашиглахаас аргагүй болж таарна.

Тодруулж хэлбэл Засгийн газар бондын хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээрийн ширээний ард сууж байж, өр төлбөрийнхөө дарамтыг хямрал багатай давах боломжтой гэсэн үг.

Ц.Сүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Утаа, хүн хоёр

-ЭСЭЭ-

Нүүдэлч овгийн өвгөн галч

Нүүрс утган пийшинд шиднэ

Хатуу нүүрс дарь шиг авалцаж

Хайлмаг ган шиг улайн цэвцийнэ

ХХ зууны Монголын шилдэг яруу найргаас

НЭГ. ГАЛ БА УТАА

Эрт галавын цаг. Энд ч түймэр, тэнд ч үер, хажууд араатан, дэргэд хортон заналхийлэх энэ хорвоод бие хамгаалах араа шүдгүй, зугтан зайлах хурдан хөлгүй, нисэн дайжих жигүүргүй хөгийн амьтан байсан нь хүн бөлгөө. Авдгаас аятайхан махтай амьтан ажгуу. Гэвч тэр нь араатанд л хэрэг болохоос бус өөрт юуны хамаа. Бурхан тэнгэр хүнийг гагцхүү зовоож залхааж, арчаагүйг нь нотлохын тулд л бүтээсэн мэт…

Гэвч бурханы хамгийн хайртай “бүтээл” нь хүн байсан юм.(Нөгөө утгаараа, хүний хамгийн гайхамшигт “бүтээл” бол Бурхан өөрөө билээ) Түүнд хайртай учраас л юуг ч бэлнээр өгөөгүй аж. Араа шүдтэнүүд түүндээ дулдуйдан зүүрмэглэж байхад араа шүдгүй хүмүн мод, чулуу, хүрэл гангаар араа шүдээ хийлээ. Хүн уртаашаа хоёрхон хөлтэй учраас дөрвөн хөлтнийг барьж аваад “хөл залгав”, жигүүргүй учраас агаарт дүүлэх түмэн арга сэдэв. Бурханы өгөөгүй болгон түүнд бэлэг болон эргэж ирсэн юм. Хэрвээ хүн нисдэг байсансан бол өдийд уулын орой, хад хясааны элгэнд тогтоосон үүрэндээ хэвтэж байх байсан байх аа.

Байхгүй болгоноо бүтээгч хүн төрөлхтөн, айдсаа нөхөр болгож, аюулыг хамсаатнаараа ажиллуулж эхлэв. Тэдний дотор гал орно.

Анхандаа, гал түймэр нь хүнийг хөнөөн айлгагч шулмын хүч, улаан мангас байлаа. Олсон зөөснийг нь үнс нурам болгоод зогсохгүй. Гал түймэр юунд ч дийлдэшгүй тэнгэрийн хүч, өршөөлийг үл мэдэх егүүтгэгч болж харагдана.

Хүнд нэг сонин зөн заяасан нь дийлдэшгүй болгоныг атгандаа оруулах совин байсан юм. Галыг тэгж л сонирхжээ. Эхэндээ, түймэрт үхсэн амьтны түлэгдсэн (одоогийнхоор бол шорлогны үнэр) махны үнэр амт, галын дулаацуулах илч гээд өөрт хэрэгтэй олон юмны “үнэр”-ийг авсан байх.

Галыг эзэмшсэнээр хүний амьдрал эгнэгт өөрчлөгдсөн юм. Хоол хүнсээ анх удаа болгон амталж, тэсгим хүйтнийг түүдгийн илчээр ялж, араатныг айлгаж эхэлсэн тэр цагт утаа харсан хүмүүн баясан хөөрдөг байсан буйзаа. Унгасах төдий цогны утас шиг турьхан утаанаас эхлээд тэнгэрт олгойдох түүдгийнхийг хүртэл бүгд галын бурханы дүр, аврагчийн төрхийг бүтээн бишрүүлдэг байсан хэрэг. Иймээс гал анхны шүтээний төлөөлөл байсан хэрэг. Зороастра ба Манехейн шашнаас үүдэлтэй гал тахих, галаар ариусах мөргөл уламжлал өнөөгийн Монголын төрийн ёслолын хэмжээнд өвлөгдөн үлдсэн байх жишээний.

Гэвч хорвоо ертөнц хэмээх цогцлол ганцхан амьтан л дураараа дургихад зориулагдаагүй болохоор хүний амжилт ялалт болгон өөр өөрийн бэрхшээл дагуулжээ. Түүний нэг нь галыг дагалдсан утаа бөлгөө.

ХОЁР. МОНГОЛЧУУД БА УТАА

Тал нутгийн нүүдэлчид утааг амьдрал, өрх гэрийн бэлгэдэл гэж үздэг байв. Шинээр айл гэр болж голомтоо бадраахыг ч утаатай холбоно. Хэрвээ ахмад настнууд “Энэ хүний утааг нэг үнэрлэчихээд үхмээр байна” гэвэл хүүхдээ тамхинд орохыг харах, “өвс үнэрлэх”-ийг дэмжих санаа огт байхгүй. Зүгээр л үр ачаа гэрлэж, айл орон болохыг шаардаж байна гэсэн үг.

Аман зохиол, үндэсний яруу найрагт утаа чухал байр суурь эзэлнэ. Монгол үндэстэн болгоны сүлд дуулал болсон “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би…” хэмээх үгтэй дууны шүлгийг хотшиж буй нүүдэлчдийн анхны төлөөлөгчийн нэг бичсэн билээ. Утаа нь амьдрал, оршин тогтнолыг бэлгэдэх тул “Гэрийн цэнхэр утаат талдаа гэгээн наранд ойрхон өслөө…” хэмээн дуулна.

ХХ зууны эхэн үеэр монголчууд өрнөдийн жишгээр суурьшин амьдрах замыг сонгосон юм. Энэ үеэс утааны агуулга өөрчлөгдөж, үйлдвэржилт, хөгжил дэвшлийн утга орсон байна. Яруу найрагч Б.Явуухулан “Үүрийн таван жингээр хүдэр нэхэн улалзах Үйлдвэрийн өндөр яндангийн хилэн улаан дөлөнд Авхаалжит хүний биеийг эзэгнэнхэн төрлөө, би” хэмээн шүлэглэж, улс орноороо түүнийг цээжилж, уран уншлага нь тайз, дэлгэцээс цуурайтаж эхэллээ.

Утаа ба түүнийг гаргагч “Яндан” нь ХХ зууны соцреалист утга зохиолын гол дүрийн нэг байсан. Аж үйлдвэрийн яндангийн дуугаар нэг хэсэгтээ нийслэлийн цагийг зарлаж байсан нь монголчууд иргэншлийн ертөнцөд хөл тавьж эхэлснийг зарлан тунхаглаж байв. Цаг тоололд хувьсгал гарав. Зуун зууны турш аянд гарахад “сайн цаг”, наймаа хийхэд “тааруу цаг”-т ангилагдаж байсан цаг хугацаа огт өөр зүйлийг хэмжиж эхлэв. Ажилд явах цаг, ажил тарах цаг, амралтын цаг анх удаа тал нутагт орж ирсэн хэрэг. Ийм учраас ХХ зууны ном зохиолууд “Яндангийн цуурай” гэхчилэнгийн аж үйлдвэрлэг нэртэй байх нь бишгүй.

Ийм учраас хорьдугаар зуунд УТАА нь айл гэрийн голомт бадарч байгаагийн тунхаг, улс орон үйлдвэржиж хөгжиж, бүтээн байгуулж буйн бэлгэдэл байлаа.

ХХ зууны сүүлч үе, 1990 онд нийгэм улс төрийн систем задарснаас хойш хотууд, ялангуяа нийслэлийн хүн огцом өслөө. Сая гаруй ам.км нутгийнхаа энд тэнд утаагаа уугиулж явсан монголчууд хотдоо төвлөрч утаагаа нэгтгэв. Дээр нь айл болгонд нэг ногдох болсон автомашины утаа нэмэгдлээ. Чухам энэ үеэс л утаа нь дотор бачимдуулж, цээж хорсгох гэмтэйг ухаарч эхэллээ. Танин мэдэхүйн хийгээд хөгжлийн шинэ шат ажгуу. Өчигдрийн мөрөөдөл өнөөдрийн бэрхшээлийг хэвлийдээ тээж ирдгийн ч жишээ бөлгөө.

Categories
мэдээ цаг-үе

“Энэ дэлхий дээрх хамгийн муухай юм бол уйлж байгаа эр хүн”

(Расул Гамзатов)

Дагестаны суу билигт яруу найрагч Расул Гамзатов бол халуун эх оронч, эх орондоо хайртай хүний сэтгэл гэж чухам юу байдгийг дэлхийд шүлэг яруу найраг, номоороо харуулж чадсан зохиолч хүн байсан. Түүний алдарт “Миний Дагестан”-ыг уншсан хэнбугайд ч эх орон гэж юу юм, зүрх сэтгэлийн гүнд нуугдан байдаг тэр сайхан зүйлс ямар эрхэм, юугаар ч сольшгүй зүйл байдаг вэ гэдгийг мэдрүүлж чадсан. Уг номонд “Энэ дэлхий дээрх хамгийн муухай юм бол уйлж байгаа эр хүн” гэсэн хэсэг бий. Дунд насны уншигчид эл үгийг андахгүй дээ. Энэ үгийг сонссон хэний ч сэтгэлд “Нээрээ эр хүн гэдэг чинь чанга хатуу, юунд ч ганхашгүй хана хэрэм мэт байдаг аугаа хүмүүс шүү дээ” гэсэн бахархмаар ч юм уу, омогшмоор зүйл төрдөг.

Энд яагаад Расул Гамзатовын хэлсэн үгийг дурдах болов гэхээр МАХН-д юу ч хийдэг гэлээ, Эрдэнэ хэн ч гэлээ нэг залуу зурагтаар нулимс дуслуулан, хоолойгоо зангируулан байж уйллаа. “Яагаад биднийг алагчлаад байгаа юм. Хууль яагаад хоёр өөр үйлчлээд байгаа юм” гэж ирээд уруулаа өмөлзүүлэн уйлж харагдав. Нөгөө эр хүний хийморь лундаа, бат хатуу сэтгэл гээч нь хаачив. “Манай намыг яагаад байгаа юм” ч гэх шиг. Ер нь ингэхэд МАХН гэж ямар учиртай нам юм бэ.

Монголчуудаас хүний муу болгоныг цуглуулж авчраад бөөгнүүлчихсэн юм шиг. Төрийн мөнгийг зувчуулсан гэх энэ намын хүмүүсийн шоронгийн хаалга татах цуваа нь дуусахгүй юм. Аавын хаалга татаж байгаа хүн болгон нь өнөө муу янхигар өвгөнийхөө нэрийг барьж мултарцгаах аж. Түүнийгээ л урдаа барьж, бүхнийг тэр хүн рүүгээ чихэцгээнэ. Хулгай хийж баригдвал Н.Энхбаяраа бариад өгчих юм. Г.Шийлэгдамба нь Н.Энхбаяр дарга мөнгө босго гэж загнаж, буруу үйлдэл хийлгэчихлээ гэсэн бол Л.Цог нь “Энхбаяр сая доллар өг гэж нэхсэн” гэж нийтэд зарлав. Үнэндээ энэ намын ёсзүй хэрээс хэтэрлээ. Ёсзүйгээ байг гэхэд монголчуудад жудаг гэдэг сайхан юм бий дээ. Тэр нь хаачсан юм. Тогоон доторх хэрүүл нь хальж, эр хүмүүс эмс шиг бие бие рүүгээ шүлсээ үсчүүлэн үг хаяж, намын журамт нөхөд нэгнээ харж ч чадахгүй болтлоо зам буруулцгаах юм. Эрүүл ухаанаар сэтгээд бодоод үзэхэд хэн л тэгж “Чи мөнгө олж ир” гэж нэгнийгээ хүүхэд шиг мөнгөнд гүйлгэх вэ дээ. Н.Энхбаяр даргыг хараад байхад ийм улсуудтай хамт амь зууна гэдэг үнэндээ хэцүү байдаг байх даа гэж өмнөөс нь сэтгэл өвдмөөр. Хажууд нь байсан нөхөд нь хавирганаас нь хэмлэж, ойр явсан хүмүүс нь олиггүй үг шидлээд тал талаас нь давирч байхыг нь харахаар өөрийнх нь унаган нам, уул шиг нөмөртэй МАН нь байхад Ху намыг удирдаад юу хийнэ, яваад өгчихөж болдоггүй юм байх даа гэж бодогдоно. Ёсзүйгүй нөхөдтэй зууралдаж цагаа, зүтгэлээ алдаад яах юм. Н.Энхбаяр дарга МАХН-аас гараад МАН-д оччихвол үлдсэн хүмүүс нь намаа яаж авч явахыг нь харъя л даа.

Байхад нь эвээ олохгүй, учраа мэдэхгүй байгаа хүмүүс яваад өгөнгүүт л амаараа шороо үмхэх болов уу даа. Үлдэж байгаа нөхдийг нь хар. Хэвлэлийн хурал хийгээд уйлсан тэр залуугийн ярихыг сонсох нь ээ ямар ч уйлмаар хайлмаар гомдмоор юм алга. Нулимс дуслуулан байж “Залуу хүний хувьд хоолой зангирч уйлмаар байна” ч гэх шиг. Харин ч залуу хүн уйлдаггүй юм. Уйлах ч завгүй ажилладаг насан дээрээ тэр залуу юу яриад байгаа юм. Ер нь тэгээд сүүлийн үед эрчүүлийн зурагтаар уйлж, мэгшихийг хараад ой гутаж байна шүү. Нэвтрүүлэг, ярилцлаганд орохоороо их л уяхан үнэн амьтад болчих. Уйлахаараа хэн нэгэнд таалагддаг болчихсон юм уу, эсвэл. Расул Гамзатовын хэлснийг давтан хэлье “Энэ дэлхий дээрх хамгийн муухай юм бол уйлж байгаа эр хүн” шүү гэж.

Categories
мэдээ нийгэм

“Автономыг устгав” нийтлэлийг уншаарай

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар уншигчдын гарч хүрч байна. Өнөөдрийн дугаарын нэгдүгээр нүүрэнд Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг онцоллоо. Тэрбээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга нарт бичиг явуулсан. Эдгээр болон бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Ярилцлагын хоёрдугаар нүүрнээс уншаарай.

“Баримт, үзэл бодол” буланд нэрт нийтлэлч Баабарын “Автономыг устгав” нийтлэл хэвлэгдлээ. Нийтлэлийг гурав болон дөрөвдүгээр нүүрнээс сонирхон уншаарай. Нийгэм, улс төрийн эргэн тойронд өрнөсөн цаг үеийн мэдээ мэдээллийг тавдугаар нүүрнээс уншина уу.

Налайх дүүрэгт өнгөрсөн даваа гаригт буюу уржигдар том оврын автобус соната-7 машинтай мөргөлдөж, нэг хүн амиа алдаж 17 хүн бэртсэн ноцтой осол гарсан. Ослын талаарх дэлгээнгүй мэдээллийг зургадугаар нүүрнээс уншаарай.

Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилогдсон нийтлэлч Баабартай хийсэн ярилцлагыг арваннэгдүгээр нүүрээс уншаарай. Түүнийг саяхан Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томилоод байгаа билээ.

Монгол Улсын шилдэг сумаар тодорсон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас бэлтгэсэн томилолтыг манайх цувралаар хүргэж байгаа билээ. Цувралын үргэлжлэлийг 12 дугаар нүүрнээс сонирхоорой. Энэхүү ярилцлагыг 18 дугаар нүүрнээс уншаарай. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд нэрт гүүш Ц.Гомбожавтай хийсэн сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс тольдоорой.

Сүүлийн үед уул, уурхайн салбарын эргэн тойронд өрнөөд буй цаг үеийн асуудлаар Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай хийсэн ярилцлага 17 дугаар нүүрт хэвлэгдсэн байна.

Дуучин Т.Ариунаа эдгээр өдрүүдэд АНУ-д аялан тоглолтоо хийж байгаа аж. Тус аялан тоглолтын үеэр манай сонины Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч М.Саруул-Эрдэнэ дуучинтай уулзаж ярилцлага хийжээ.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээллийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас уншина уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АТГ-аас Н.Энхбаярт албан бичиг аваачиж өгчээ

Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээллийн мөрөөр тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг дараахь тодруулгыг өгөв.

-Авлигатай тэмцэх газар Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байна. Зарим эх сурвалж МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан гэж мэдээлж байна. Энэ үнэн үү?
-Авлигатай тэмцэх газраас Төрийн ордонд ямар нэгэн гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй. Сэжигтэн Н.Энхбаяр өнөөдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтад хүрэлцэн ирж, мэдүүлгээ өгөхгүй байгаа. Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярт нийт 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт өнөөдөр Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн.
-Албан бичиг нь ямар агуулгатай вэ. Яагаад мөрдөн байцаагч нар албан бичиг аваачиж өгөх болов? Албан бичгээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө авсан уу?
-Албан бичигт таны байгаа газарт Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид очиж мэдүүлэг авъя гэж дурдсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж, мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлтийг албан ёсоор албан тоотоор түүнд хүргүүлсэн. Албан бичгийг Монгол Улсын Шадар сайдын уулзалтын өрөөнд сэжигтэн Н.Энхбаяр өөрөө гардан авсан. Сэжигтэн Н.Энхбаярыг батлан даалтад авсан нэр бүхий албан тушаалтнууд хуулиар хүлээсэн хариуцлагаа мөн биелүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ынхан ордны гадна цуглажээ

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын албан өрөөнд Авлигатай тэмцэх газрын дөрвөн хүн өнөөдөр зөвшөөрөлгүй дайрч орж иржээ. Тэрбээр энэ талаар мэдэгдэл хийлээ. Ц.Оюунбаатар“Төрийн ордон бол зөвшөөрөлтэй хүмүүс бичиг баримтаа шалгуулан орж ирдэг улсын онцгой обьект. Хууль бусаар дайрч орж ирж, ямар нэг бичиг баримт үзүүлээгүй. Энэ бол Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл мөн” гэв. МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайж АТГ-ын хүмүүс ийн ордонд нэвтэрчээ. МАХН-ын дарга Н.Энхбаяраас Авлигатай тэмцэх газар тайлбар авахаар түүнийг удаа дараа дууджээ. Гэвч тэрбээр АТГ-т очоогүй байна. Мөн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч Н.Энхбаярыг албадан байцаахаар болсон гэх мэдээлэл байна. Уг асуудлыг эсэргүүцсэн МАХН-ын зарим гишүүд, дэмжигчид одоо Төрийн ордны баруун хаалган дээр цугларчээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд зориулсан байгууллагыг хувьчлахыг эсэргүүцэв

Энэ оны улсын төсвийн 46 тэрбум төгрөгийг өмч хувьчлалаас олох шийдвэр гарсан билээ. Тодруулбал,өмч хувьчлалд хамрагдах 20 обьектын дотор Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн усан спорт сургалтын төв, Нийслэлийн гэр бүл хүүхдийн газар зэрэг багтажбайгаа аж.

Хувьчлах объектуудад ийнхүү хүүхдийн хөгжил, сурч боловсрох үйлсэд томоохон хувь нэмэр оруулж буй байгууллагууд багтсаныг хүүхдийн төлөөх ТББ-ууд эсэргүүцээр байгаа юм.Тодруулбал, Дэлхийн хүүхдийн академи, Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний холбоо, Хүүхдийн урлан бүтээх төвийн эцэг эхийн зөвлөл эсэргүүцсэн байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр Хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний холбооны төлөөлөл өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэд “Өмнө нь хүүхдийн тодотголтой олон байгууламж байсан.Өнгөрсөн 25 жилд өмч хувьчлал нэрийдлээр хүүхдийн байгууллагуудыг үгүй хийсэн.Одоо ОУ-ын хүүхдийн Найрамдал зуслан, Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон гэсэн гурван байгууллага үлдлээ. Төсвийн мөнгийг босгох нэрийдлээр хүүхдийн байгууллагуудыг татан буулгахыг эсэргүүцэж байна” хэмээн хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол иргэн Солонгост ноцтой осол гаргажээ

БНСУ-д ажиллаж амьдардаг Монгол Улсын иргэн А /30 настай/ энэ сарын 22 буюу өнгөрсөн шөнийн 01:30 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас түүнтэй хамт явсан зорчигч Б /32 настай/ газар дээрээ амиа алдаж, Ц /55 настай/ хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн тухай эх сурвалж мэдээллээ. Тэд хамт ажилладаг залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд буцаж яваад замын хажуугийн шонг мөргөснөөр ийн осолдсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан жолооч А-г одоо Чоннам аймгийн цагдаагийн газар саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 95 жилийн ой, Казак түмний Наурызын баярыг тохиолдуулан батлан хамгаалах, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, мал аж ахуй, зам тээвэр, барилга болон аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр болов.

Шагнал гардуулах ёслолоос хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН