Categories
мэдээ улс-төр

Жилд 5000 айлын орон сууцны хавтан үйлдвэрлэх боломжтой үйлдвэрийн ажилтай танилцлаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” уулзалтаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилж байгаа “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийн угсралтын ажлын явцтай танилцлаа.

“Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэрийг шинэчлэн байгуулахтай холбоотой Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу Хөгжлийн банкнаас Чингис бондын эх үүсвэр болон ОХУ-ын санхүүжилтээр 23 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Тоног төхөөрөмжийн санхүүжилтэд зориулж Германы Коммерз банкнаас 13 сая еврогийн шугам нээсний 12 сая еврог өнөөдрийн байдлаар ашиглаад буйг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат Ерөнхий сайдад танилцуулав.

Германы бүрэн автомат тоног төхөөрөмжийг тус улсын “Ebawe” компанийн мэргэжилтнүүд угсарч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үйлдвэр ашиглалтад орсноор бүх төрлийн барилгын хийц, төмөр битонон эдлэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлнэ. Жилд дунджаар 5000 айлын орон сууцны хавтан үйлдвэрлэх боломжтой. Хөгжлийн банкнаас тус үйлдвэрийн угсралтын ажилд зориулан 6.2 сая ам.долларын санхүүжилт олговол үйлдвэр ашиглалтад ороход бэлэн байгаа гэнэ.

Нийт олгосон санхүүжилтийн тооцоог төсөл хэрэгжүүлж байгаа багийн санхүүтэй нийлж, нэгдсэн дүнг танилцуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад үүрэг болголоо. Нийт хөрөнгө оруулалтын дүнг гаргасны дараа нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Манай жуулчид Индонез руу визгүй зорчдог боллоо

Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа ЭСЯ 2014 онд байгуулагдсан цагаас эхлэн тус улсад визгүй зорчих орнуудын тоонд Монгол Улсыг багтаах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2015 онд болсон Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын комиссын Анхдугаар хуралдааны үеэр энэхүү асуудлыг судлахаар тохиролцсоны дагуу Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдний зорчих нөхцлийг хөнгөвчлөх зорилгоор тус улсад визгүй зорчих орнуудын дотор Монгол Улсыг оруулсан байна.

2016 онд Монгол, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буйтай холбогдуулан, түүнчлэн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсын жуулчдыг нэмэгдүүлэх зорилгоор монголын талын саналыг нааштай хүлээн авч манай иргэд энэ оны 3 дугаар сарын 22-ноос эхлэн Индонез руу 30 хүртэлх хоногийн хугацаанд зөвхөн аялал жуулчлалын зорилгоор визгүй зорчих боломжтой боллоо.

Монгол Улсын иргэд Индонезид зорчихдоо тус улсын хилийн хянан шалгах цэгүүдэд хүчин төгөлдөр паспорт, 30 хоногийн дотор буцах тийз болон зочид буудлын захиалгыг баталгаажуулсан хуудас үзүүлэх шаардлагатай юм.

Бизнес болон хэвлэл мэдээллийн шугамаар Индонез руу зорчих тохиолдолд виз авах шаардлагатай болохыг тус ЭСЯ-наас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийг шүүх хурал завсарласан байна

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт буруутгагдаад буй Л.Гансүх нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэж байгаа юм. Шүүх хурал өглөөний 9 цагт эхэлсэн бөгөөд одоогоор түр завсарлаад байгаа аж. Шүүгчид Л.Гансүхэд оноосон ялын талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Хэргийг Улсын дээд Шүүхийн Танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Б.Бат-Эрдэнэ, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нар шүүж байгаа бөгөөд шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг оролцсон байна.

Л.Гансүх нь хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “Нүүрс хөтөлбөр нь хэрхэн хэрэгжсэн, “Эм Жи Эс Би Ди” ХХК энэ ажилд ямар үүрэгтэй оролцсон, “Багануур” ХК “Нүүрс хөтөлбөр”-өөс болж хохирсон эсэхийг тайлбарласан байна. Мөн АТГ нь улс төрийн зорилготой зохиомол хэрэг үүсгэсэн гэдгийг нотлох баримтуудаар тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Хасбаатар намын даргаа огцрохыг шаардав

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийхдээ намынхаа даргыг огцрохыг шаардаж, шаардлага хүргүүлж байгаагаа дуулгав.

Тэрээр шаардлагадаа “АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо өөрийн үнэт зүйл, шударга ёсны зарчмыг дээдлэн 2009 оноос эхлэн улс төрийн үйл ажиллагааг ард түмний нийтлэг эрх, ашгийн төлөө тасралтгүй явуулсаар ирсэн билээ. Монгол улсад хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлооход улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэмээр байна. Өнөөдөр бидний дэмжиж, итгэж найддаг АН-ын удирдлагууд дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй байгаа нь АН-ын үндсэн дүрмийн 6.1 дэхь заалтыг зөрчиж байгаагаас нотлогдож байгаа юм. Иймд АН-ын дарга З.Энхболд таныг 2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн дотор өөрийн саналаар огцрохыг шаардаж байна” гэжээ.

Тэрээр мөн “З.Энхболд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Гэтэл саяхны нэг өдөр хөдөө орон нутагт ажиллах үеэрээ нийгмийг хагалган бутаргасан, ноцтой мэдэгдлийг хийсэн. Энэ бол ноцтой үр дагаврыг дагуулж мэднэ. Тодруулбал, тэрбээр цагдаа, прокурор, хуулийн байгууллагад ажиллаж буй бүх хүнийг “Үл бүтэх этгээдүүд” гэж дуудсан нь хууль тогтоох дээд байгууллагын даргаас гарамгүй үйлдэл. Соёлт нийгэмд бол улс төрийн өндөр албан тушаалтан ингэж хэлснийхээ төлөө огцордог. Тодорхой хүмүүсийн нэрийг цохож хэлэх ёстой байхад хуулийн байгууллагад ажилладаг бүх хүнийг буруугаар ойлгогдохоор ярьсан нь ёс зүйгүйн шинж” гэж байв.

Шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэгэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Таван хувийн зээлд хамрагдах боломжтой орон сууцууд

Зарим банк гуравдугаар сарын 15-наас эхлэн орон сууцны 5 хувийн зээлийн өргөдөл хүлээн авч эхэлсэн. Засгийн газраас баталсан Ипотекийн зээл санхүүжилтийн ерөнхий журамд зааснаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг эхний ээлжинд бууруулахаар тусгаад байгаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 5 хувийн зээлд хамрагдах боломжтой орон сууцнууд:

  • БЗД-ийн 14-р хороо Халдвартын эмнэлгийн орчим “Цагаан Хуаран Консалтинг” ХХК-ийн “ЦАГААН ХУАРАН ХОТХОН” 2448 айлын орон сууц
  • СХД-ийн Ханын материалын орчим 168 айлын орон сууц
  • БЗД-ийн 8,16-р дугаар хороонд Батлан хамгаалах их сургуулийн орчим “Баганат өргөө” компанийн Баганат хороолол
  • “Гангар инвест” компанийн 168 айлын орон сууц
  • БЗД-ийн 14-р хороололд “Зургаан талт компани” 150 айлын орон сууц
  • СБД-ийн 7-р хороолол “Бэрэн” группийн А, Б блок

Зээлийн ерөнхий нөхцөлд 5 хувийн зээлийн хугацаа 30 хүртэлх жил байхаар заасан. Түүнчлэн Ипотекийн зээл хүсэгч өөрийн өмчлөлд байгаа сууцыг барьцаа болгон журамд заасны дагуу ипотекийн зээл авч, шинээр худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж болохоор байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

“Бүлэг задарвал Засгийн газар огцорно”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд халз мэтгэлцээнд дуудсан билээ. Гэвч Ерөнхий сайдаас ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа учир хугацааг нь сунган дөрөвдүгээр сарын 23-ны 19:00 цаг болгож буйгаа мэдэгдлээ.

О.Баасанхүү “Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоод удаагүй байхад нь бид хоёр нэг уулзсан юм. Тэгэхэд Ерөнхий сайд “Хоёулаа нэг сайхан зодолдох уу” гэж байсан. Тэр үед би ийм балай юм хийхгүй гэдгээ өөрт нь хэлж байсан. Тийм юм ярих ч хэрэггүй. Хамгийн гол нь сайхан мэтгэлцэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Мөн тэрбээр сүүлийн өдрүүдэд улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Л.Цог, Г.Уянга нар МАХН болон МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гарч буйгаа мэдэгдсэнээс хойш О.Баасанхүү гишүүнийг тэдэнтэй нэгдэж, эвслийн тараана гэсэн мэдээлэл гараад байгаа. Тиймээс О.Баасанхүү гишүүн энэхүү мэдээлэлд албан ёсны хариу өглөө. Тэрбээр энэ талаар “Бүлэг задарвал Засгийн газар огцорно. Хуульд зааснаар 39 гишүүнтэй нам Засгийн газар байгуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг. 39 гишүүнтэй нам байхгүй бол олонх болсон нам нь бусад намдаа санал тавиад бүлгээр хэлэлцээд сайдуудаа томилдог. “Шударга ёс” эвслийн бүлгээс Шадар сайдад Н.Энхбаяр даргыг, Эрүүл Мэнд Спортын сайдад Ц.Оюунбаатарыг жинхлэх шийдвэр гаргасан. Хэрвээ бүлэг байхгүй болчихвол тэр бүх шийдвэр хүчингүй болно гэсэн үг. Хэлэлцээр хийсэн нэг тал нь байхгүй болчихвол Засгийн газрын чадамжийн асуудал ч яригдана. Засгийн газрыг чадамжтай юу үгүй юу гэдгийг УИХ-аар оруулж шийдвэр гаргана. Ийм зүйл болохыг урьдчилаад харсан болохоор Л.Цог дарга, Г.Уянга гишүүн нартай гурвуулаа бүлгээс гаръя гэж ярьж байх үед “Би хэрэггүй. Ард түмнээ бодъё, Засаг байхгүй болсноор юу өөрчлөгдөх юм” гэж байсан. Хэрвээ би бүлгээс гарчихвал Засгийн газрын тогтвортой байх асуудал яригдах учраас үүнийг бодох хэрэгтэй. Мөн “Шударга ёс” эвслийн бүлгийн чадамжийн асуудал маш түвэгтэй болсон байгаа. Бүлгийн даргатай үгүй нь мэдэгдэхээ больсон” гэлээ.

Categories
мэдээ спорт

Б.Марал-Эрдэнэ оюутны ДАШТ-ий дэд байрт шалгарлаа

Энэ сарын 16-наас 20-ны өдрүүдэд Филиппин улсын Тагаятая хотод дугуйн уралдааны оюутны ДАШТ болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн МУГЖ, тамирчин Ж.Өлзий-Оршихын удирдлага дор дөрвөн өрсөлдсөн. Үүнээс эрэгтэйчүүдийн 150 км-ын бөөн гараатай төрөлд манай тамирчин ОУХМ Б.Марал-Эрдэнэ дэд байрт шалгарч, Монгол улс тус тэмцээнээс анх удаа медаль хүртлээ.

Тэрбээр 3:13:42 цагийн амжилтаар Австралийн дугуйчин К.Монкийн ард орсон бол Германы А.Вейфенхбах хүрэл медаль хүртэв. Энэ гараанд 46 тамирчин уралдсан юм. Мөн тус зайнд Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрт хурдаллаа. Энэ үеэр критериум уралдаан болоход Б.Марал-Эрдэнэ найм, Э.Билгүүнжаргал 12, Э.Мөнхтулга 20, Э.Болор-Эрдэнэ 22 дугаар байрыг эзэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг уучлал гуйхыг шаардав

МАХН-ын Хяналт ёс зүйн хорооноос мэдээлэл хийж Эрүүл мэнд, Спортын сайд асан Г.Шийлэгдамба, МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог нарыг намынхаа гишүүд, дэмжигчдээс уучлал гуйхыг шаардлаа. МАХН-ын Хяналт ёс зүйн хорооны дарга Г.Давааням “2015 оны сүүлээс ялангуяа МАХН, МАН эвсэж хамтарч ажиллахыг санал болгосон хоёр намын нэр бүхий 42 ахмадын гарын үсэг эурсан мэдэгдэл гарсанаас хойш, улс төрийн зарим хүчин төрийн зарим өндөр албан тушаалтаны зүгээс МАХН-ыг хардах, сэрдэх хавчин гадуурхах болсон. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон МАХН-ын нэр хүнд өсөхөөс айж элдэв хилс хэрэг тохохын төлөө авхаалж самбаагаа сорин өрсөлдөх боллоо. Түүний эхнийх нь Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд МАХН-ын ЕНБД асан Г.Шийлэгдамбыг хувийн хэрэгцээндээ сайн танил дотны нөхөр О.Даваасүрэнгээс зээлсэн мөнгө албан өрөөндөө хадгалж байсныг, авлига авч өгч байх үед нь газар дээр нь гардан баривчилсан мэт нийгэмд ташаа мэдээлэл цацсан. Улмаар уг мөнгийг Н.Энхбаяр дарга намын санхүү бүрдүүл гэж шахсаны дагуу зээлж зарим хэсгийг нь Н.Энхбаярт өгсөн мэтээр мэдүүлэг өгүүлэх зэргээр Г.Шийлэгдамбыг анхны мэдүүлгээсээ няцах өмгөөлөгчдөөсөө татгалзах хүртэл дарамт шахалт үзүүлсэнээр илэрсэн. Түүнчлэн МАХН-ын гишүүн Булган аймгийн МАХН-ын Мянгатын дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Л.Цог нар сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр МАХН-ын эсрэг гүтгэлгийн шинжтэй таагүй мэдээллүүд цацаж байгаа. Иймд Г.Шийлэгдамба, Л.Цог, С.Дашдондог нарыг гаргасан алдаагаа гэмшин хүлээж намын хамт олноос уучлал гуйхыг албан ёсоор шаардаж байна. Хэрвээ уучлал эс хүсвэл намын дүрмийн дагуу төрийн болон улс төрийн албан тушаал хаших, УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй болохыг мэдэгдэж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

З.Энхболд Архангай аймгийн бүтээн байгуулалттай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.03.23/ Архангай аймагт ажиллаж, тус аймгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцав. Тус аймгийн төв Эрдэнэбулган сумын газар нутгийн хэмжээ 1537.6 га, нийт 20889 хүн амтай, үүнээс эдийн засгийн идэвхтэй хүн 34.1 хувийг эзэлдэг байна. Аймгийн ДНБ 320 тэрбум төгрөг бөгөөд сүүлийн 5 жилийн дундаж өсөлт 33 хувьтай байгаа талаар аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцууллаа. Өнгөрсөн оны байдлаар 485 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэг хүнд ногдох ДНБ 3784 ам.долларт хүрчээ.

Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдлыг давтахгүйн тулд аймгийн дэд төвүүдийг хөгжүүлэн, улсын нийслэлд хэт төвлөрсөн хүн амын нягтралыг бууруулах, аймгийн төвийн зөв төлөвлөлтийн үндэс суурийг тавих болон газар ашиглалтыг сайжруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ үндсэн дээр аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан авто замын сүлжээг зөв зохион байгуулалттай болгон өргөтгөж шинэчлэх, бизнесийн орчин, ажлын байр, газар ашиглалт, газрын үнэлэмж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишгийн дагуу хот төлөвлөлтийг хийж аймгийн төвийг цогцоор хөгжүүлэхээр “Гудамж” төслийг хэрэгжүүлсэн байна. Ингэхдээ Эрдэнэбулган сумын хүн амын тоотой ойролцоо хүн амтай Финланд Улсын Пиетарсаари, Швед Улсын Христинехам, Канад Улсын Хойд Баттлефорд хотуудын төлөвлөлтийг судалжээ. Хот төлөвлөлтийн хүрээнд 50.000 оршин суугчтай, 30.000 тээврийн хэрэгсэл зорчих төлөвлөлт хийсэн байна. “Гудамж” тѳслийн хүрээнд гол ба туслах зам, уулзвар, гарц, явган зам болон шаардлагатай бүх хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээг замын дагуу иж бүрэн хийж гүйцэтгэжээ. Суурин газрын төлөвлөлтийн олон блок нь газар ашиглалт сайжрах, дэд бүтцийн зардлын хэмнэлттэй бөгөөд Эрдэнэбулган сумыг төлөвлөхдөө 45 блок болгосон байна. Одоо аймгийн төвийн хатуу хучилттай 5.2 км автозам, 13.4 км явган хүний зам, гэрлэн дохио, 2,9 км дугуйн зам, 63,903 м2 ногоон байгууламжийг барьж байгуулаад байгаа аж.

Ус зайлуулах ил далд шугам цэвэр болон бохир ус, цахилгаан, холбооны шугам, дулааны сувагчлал зэрэг инженерийн шугам сүлжээг одоогийн болон ирээдүйн төлөвлөлтийн дагуу иж бүрнээр нь хийж гүйцэтгэсэн талаар Улсын Их Хурлын даргад танилцуулав. “Гудамж” төслөөс шинээр тавигдах уулзвар, авто зам дагуу нийт 6.5 га газрыг дуудлага худалдаанд оруулвал анхдагч өртөг нь 56 сая төгрөг бөгөөд албаны хүмүүсийн тооцооллоор урт хугацаанд зах зээлийн өртөг нь 4.2 тэрбум төгрөг гэж үнэлсэн байна. Эрдэнэбулган сумын нийт эдийн засгийн үр өгөөж нь урт хугацаанд 4.5 тэрбум төгрөг байна гэж тооцоолжээ. Үүнээс авто замын хэрэглэгчид жилд 265 сая төгрөг, газар ашиглалт, газрын үнэлэмж дээшилснээр урт хугацаанд 4.2 тэрбум төгрөг бөгөөд аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан, авто замын сүлжээг зөв зохион байгуулалттай болгож өргөтгөн шинэчлэснээр бизнесийн орчин, ажлын байр нэмэгдэх юм байна. Түүнчлэн газар ашиглалт, газрын үнэлэмж дээшилж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, олон улсын стандартад нийцсэн зам бий болж иргэд цэвэр, эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн сум болгож хөгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Тус аймагт 2012-2015 онд нийт 744 орон сууц шинээр ашиглалтад орсон бөгөөд зарим орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар төлөвлөн ашиглалтад оруулсан байна. Энэ нь оршин суугчдын талархлыг хүлээсэн, олон талын ашигтай шийдэл болсон талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулав. Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ боловсролын салбарт хамгийн их шинэчлэл, бүтээн байгуулалт хийсэн Засаг дарга болохыг энэ үеэр танилцуулав.

Эрдэнэбулган сумын 6 дугаар цэцэрлэгт Улсын Их Хурлын дарга дагалдан ажиллаж буй төлөөлөгчдийн хамтаар зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Тус цэцэрлэгийн 6 бүлэгт 182 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа бөгөөд эцэг, эхчүүд шинэ цэцэрлэгт хүүхдээ өгөх сонирхолтой байдаг талаар эрхлэгч Х.Аззаяа танилцуулсан юм. Аймгийн ИТХ-ын дарга энэ үеэр Архангай аймгийн бүх сум цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувь болгох зорилт дэвшүүлэн эхний ээлжийн бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа талаар мэдээлж байв.

Мөн гэр хорооллын дунд шинээр байгуулагдсан 11 дүгээр цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус цэцэрлэгт гэр хороололд амьдарч буй өрхүүдийн 120 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Ийнхүү цэцэрлэгүүдийг шинээр байгуулснаар Архангай аймгийн төвийн 2-5 насны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ нь аймгийн боловсролын чанарын хэтийн төлөвлөгөөний суурь болно хэмээн үзэж буйгаа аймгийн удирдлагууд танилцуулсан. Архангай аймгийн боловсролын асуудалд ихээхэн анхаарал хандуулан, олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд хэтдээ Монгол Улсын оюуны төв болох зорилт тавьсан байна.

Мөн 2013 онд хоосон талбайд шав тавьж байсан газар өнөөдөр “Шинэ Цэцэрлэг” хороолол байгуулж, 120 айлын орон сууц, 320 хүүхдийн спортын төрөлжсөн сургалттай цогцолбор сургууль, 100 хүүхдийн дотуур байр, усан бассейн, 150 хүүхдийн цэцэрлэгтэй цогцолбор хорооллыг байгуулсантай Улсын Их Хурлын дарга дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар танилцсан юм. Мөн Канад технологиор 44 амины орон сууц барьж байгаа талаар аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулсан. Эрдэнэбулган сумын хэмжээнд хог хаягдлын асуудлыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүрэн шийджээ. Өмнө нь 56 га газар тархсан хог хаягдал байсныг 5 га талбайд цуглуулж, ялгах, боловсруулах үйл ажиллагаа явагдаж байгаа юм байна. Түүнчлэн шинэ хорооллын орчмын гэр хорооллын айлууд төвлөрсөн дулаан, усан хангамжид холбогдсон. Мөн цэргийн анги, дулааны станц байгуулахаар ажиллаж байгаа. Бүтээн байгуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Цаашид аймгийн хэмжээнд ажил эрхлэлтийг дэмжихээр 2016 оныг үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд аймгийн нийт сумдын хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчдийн талаар судалгаа хийсэн бөгөөд энэ судалгаанд тулгуурлан цаашид үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг аймгийн ИХТ-ын дарга Ч.Мөнхбат танилцуулж байсан юм.

Тус аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа бөгөөд Өгий нуур, Тэрхийн цагаан нуур, Суварга хайрхан, Хоргын тогоо гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд жуулчдын анхаарлыг татдагаас гадна хил залгаа оршдог аймгуудийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэж сонирхох гэсэн дотоод, гадаадын аялагч, жуулчдын дамжин өнгөрдөг төвийн бүсийн тулгуур юм. Дотоодын жуулчдын тоо жилдээ 6920 байдаг бол гадаад жуулчдын тоо 9105 байсан бөгөөд аймгийн хэмжээнд 15 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг байна.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд дугуйн замын бүтээн байгуулалттай танилцсан юм. Аймгийн удирдлагууд иргэддээ эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор дугуй унахыг уриалж, шинэ төлөвлөлтдөө дугуйн замыг төлөвлөсөн байна. Энэ үеэр Улсын Их Хурлын даргыг аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр аймгийн удирдлагууд дугуй унахыг урьсан юм.

Ийнхүү Улсын Их Хурлын даргыг Архангай аймгийн төвийн бүтээн байгуулалт, шинэ төлөвлөлттэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Эрдэнэчимэг, Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, Я.Санжмятав болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан ажиллав.

Categories
мэдээ улс-төр

Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-т уучлалт гуйх шаардлага хүргүүллээ

Өчигдөр үдээс хойш АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг хайж Төрийн ордонд ирсэн. Тэд Н.Энхбаяртай Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд уулзан мэдүүлэг, байцаалт өгөхийг шаардсан бичгийг өгчихөөд явсан юм. Тэгвэл Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын ажилтнууд албан өрөөнд дур мэдэж халдсан хэмээн үзэж АТГ-ын дарга Н.Ганболдод шаардлага хүргүүлсэн байна. Тэрбээр “… Шадар сайд, УИХ-ын гишүүн миний өрөөнд АТГ-ын ажилтан гэх дөрвөн залуу манай ажилтанд өөрсдийн нэр, албан тушаалаа танилцуулалгүй, албан бичиг үзүүлэлгүй дайран орсон балмад үйлдэл нь Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын халдашгүй байдалд халдсан хэрэг боллоо … дээрх үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль зөрчсөн адал балмад үйлдлээ залруулж, уучлал гуйхыг шаардаж байна” гэжээ.