Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэнддоогийн “Сүм, лам хоёр: сүсэгтнээ дагах нь ёс” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очлоо. Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагийн “Эрүүл мэндийн салбарыг намчирхлаас ангижруулах хэрэгтэй байна” хэмээх ярилцлага, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй хийсэн зангиагүй уулзалт зэрэг цаг үеийн сонирхолтой нийтлэлийн дэлгэрэнгүйг өнөөдрийн манай дугаараас уншаарай. Гуравдугаар нүүрт орсон “Б.Цэнддоогийн “Сүм, лам хоёр: сүсэгтнээ дагах нь ёс” нийтлэлд “… Ухаандаа, нийгэмд дэвэрч болох байсан үл итгэлцэл, алдагдсан найдвараас үүсэлтэй сэтгэл хөдлөлийг амарлиулж, анх удаа хувь заяагаа өөрөө хариуцах болж байгаа мянга мянган хүнд горьдлого итгэлийн багана болох үүргээ лам, бөө хоёр биелүүлсэн санагдана. Өнөөдөр шашин шүтлэгийн хувьд эрүүл шинэ үе ирж байна. Хүмүүсийн амьдрал сайжирч, баялаг бүхий ирээдүй бодитой болохын хэрээр шашин нь хүний сэтгэл санаа төгс төгөлдөр болгох үндсэн үүрэгтээ орох боломж гарч байна … 1990 оны ардчилсан хувьсгалаас бид Коммунист шүтээн юугаан шашин, мөргөлөөр орлуулах оролдлого хийсээр ирсэн бололтой …” хэмээн бичжээ.

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцэн шийдвэрээ гаргалаа. Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон байсныг 3.6 жил болгон бууруулжээ. Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгожээ. Н.Даваахүү, Л.Гансүх нараас 1.1 тэрбум төгрөгийг хувь тэнуүүлэн гаргаж “Багануур” компанид олгуулахаар болжээ. Дэлгэрэнгүйг долдугаар нүүрнээс уншаарай.

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын “Илгээлтийн эзэд” хандивын цуваа замдаа гарлаа” сурвалжлагыг манай сонины зургадугаар нүүрнээс уншаарай. Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн өнгөрсөн сар шинийн баяраар өөрийн мэндчилгээ, зураг бүхий цаг тооны бичгийг тарааж, Сонгуулийн хууль зөрчжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг 11 дүгээр нүүрнээс уншаарай. УДБЭЧ-ын дуучин, СТА С.Цогтсайханы “Би Алтан Богдын шилийг дуулах дуртай”, саяхан 16-19 нас буюу өсвөр насны дэлхийн супер моделиор шалгарсан загвар өмсөгч Т.Шинэтуяагийн ээж Г.Цогзолмаагийн “Охиноо ялагч болоход нулимс дуслуулж суулаа” хэмээх ярилцлагуудаас гадна цаг үеийн онцлох мэдээ мэдээллүүд өнөөдрийн “Өдрийн сонин”-д багтлаа.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтөөр 500 өрхийг орон сууцтай болгосон байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явц болон түүнийг тойрсон маргаантай асуудлын талаар өнөөдөр сэтгүүлчидтэй “зангиагүй уулзалт” хийлээ.

Нийслэл гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхдээ иргэдийн хашааны газрыг үнэ цэнтэй болгох зорилгыг хамгийн эхэнд тавьсан байна. Улмаар тухайн иргэний хашааг байраар солих хамтарсан гэрээ байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү төслөөр Э.Бат-Үүл дарга иргэдэд хашаа нь үнэ цэнтэй хөрөнгө шүү гэдгийг ойлгуулахыг хүссэн аж.

Энэ дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт 2015 онд орон сууцны барилга, бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтцийн болон инженерийн дэд бүтэц, авто замын барилга угсралтын ажилд зориулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч 38 компаниас 21 төсөл хэрэгжүүлэгч нийт нэг мянга 360 нэгж талбарын 86.5 га газрыг чөлөөлжээ. Харин дээрх нэгж талбараас 500 өрхийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан орон сууцаар хангасан байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж буй байршилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон бондын хөрөнгө оруулалтаас 2013-2014 онд нийтдээ 147.7 тэрбум төгрөг, 2015 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 40.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: Элгэвч, нэмнээ, 100 тонн өвс хөдөө явууллаа

Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хамтарсан хандивын тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүх аймагт хийж, орлогоо хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгөхөө мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр “Илгээлтийн эзэд” аяны хандив хүлээлгэн өгөх ажиллагаа Чингисийн талбайд боллоо.

Энэ үйл явдлыг гэрэл зургийн сурвалжлагаар хүргэж байна.

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гансүхийн ялыг нэг жилээр бууруулж, Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо

“Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан хэргээр Л.Гансүх нарын гурван хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэн саяхан шийдвэрээ гаргалаа. Л.Гансүхэд 3,6 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон байсныг 3.6 жил болгон бууруулжээ. Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэрэгсэхгүй болгожээ. Өмнө нь шүүхээс Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа болон Н.Даваахүү нараас 2 тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг өөрчлөн Л.Гансүх, Н.Даваахүү нараас тэрбум гаруй төгрөгийн хохирлыг төлүүлэхээр болжээ. Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэн буюу 15 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин Ө.Цэрэнчунт өнөөдөр Мариинский театрын тайзнаа дуулна

Санкт-Петербург хотын алдарт Мариинский театрын тайзнаа СТА Ө.Цэрэнчунт өөрийн багш, ОХУ-ын Ардын жүжигчин Ольга Кондинагийн хамт тоглолт хийнэ. Тэд П.И.Чайковский, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, С.В.Рахманинов зэрэг дэлхийн алдарт хөгжмийн зохиолчдын бүтээлээс хамтран дуулах юм байна.

Ө.Цэрэнчунт нь ОХУ-ын Буриад Улсын дуурь бүжгийн академик театрын урилгаар тус театрт гоцлол дуулчнаар ажиллаж байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ын хуралдааныг зохион байгуулагчид хуралдав

Монгол Улсын Их Хурал Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг 2016 оны 04 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 13 дугаар тоот захирамжийг үндэслэн Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсэг өнөөдөр /2016.03.23/ уулзалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар ээлжит хуралдааныг зохион байгуулав.

Энэхүү уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар мэдээлэл хийх үеэр, одоогийн байдлаар 30 орноос мөн Европын парламентаас нийт 110 гаруй төлөөлөгч уулзалтад оролцохоор байна гэж танилцуулаад бэлтгэл ажлын явц болон цаашид хийж, хэрэгжүүлэх ажлуудын талаар Ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөв.

Ажлын хэсгийн ахлагч Б.Болдбаатар, Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтад оролцох урилгыг АСЕМ-ын гишүүн 51 орны парламентын дээд, доод танхимуудын дарга нар болон олон улсын 2 байгууллагад албан ёсоор хүргүүлээд байгаа. Иймд бусад орны парламентын төлөөлөгчидтэй холбогдож, оролцуулах талаар арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Төрийн ёслолын алба, Төрийн тусгай хамгаалалтын газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон холбогдох бусад газрын албаны хүмүүс өөр өөрсдийн хариуцаж байгаа ажлаа тайлагнаж, мэдээлэл солилцсноор өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм.

АСЕМ-ын дээд түвшний XI уулзалтын хүрээнд зохион байгуулагдах хамгийн эхний арга хэмжээ нь Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт юм. Энэ уулзалт тухайн орны парламент байрладаг ордонд зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ дагуу Төрийн ордонд 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн АСЕМ-ын дээд түвшний уулзалт 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой. Иймд энэ ойг тохиолдуулан парламентын түншлэл энэ уулзалтад ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцахаар Ази, Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг “Ази, Европын парламентын түншлэлийн АСЕМ дахь үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ спорт

Хакүход сануулга өгчээ

Японы мэргэжлийн сумогийн Харү башё Осака хотноо үргэлжилж байгаа. Башёгийн найм дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал сэкивэки Ёшиказэг дэвжээнээс гаргасан хойноо түлхэж улмаар Ёшиказэ Изүцү оякатагийн хөлөн дээр унажээ. Үүнээс болж Изуцү оякатагийн хөл хугарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон аж.

Тиймээс сумогийн холбооноос “Өрсөлдөгчөө ялсан хойноо нэмж түлхэх, унагаах нь ямар хор уршигтайг Хакүход санууллаа.” гэсэн байна.

Башёгийн 11 дэх өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо озэки Кисэносатотай барилдах ба Кисэносато 10 даваатай башёг тэргүүлж байгаа бол Хакүхо 9 даваа, 1 унаатай удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Жавхлан, Т.Баясгалан нарын цуглуулсан хандив хаваржилт хүндэрсэн аймгуудад хүрнэ

Дуучин С.Жавхлан, Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” хамтарсан хандивын тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүх аймагт хийж, орлогоо хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад тусламж болгон өгөхөө мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр “Илгээлтийн эзэд” аяны хандив хүлээлгэн өгөх ажиллагаа Чингисийн талбайд боллоо.

Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтын бүх орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл авчээ. Өвс болон ЕБС-ийн сурагчдын оёсон 50 мянга орчим нэмнээ, аж ахуй нэгж, иргэдээс цугларсан лаа шүдэнз, усны сав зэргийг өнөөдөр Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Үйл ажиллагаанд Шадар сайд Ц.Оюунбаатар, ОБЕГ-ын дэд дарга Г.Ариунбуян, Улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга н.Сүхбаатар, мөн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн Ц.Бямбарагчаа, “Нэг сурагч-Нэг нэмнээ” аяныг санаачлагч БСШУЯ-ны газрын дарга Д.Эрдэнэчимэг, МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх Р.Булгамаа нар оролцсон юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь цас, зудтай байгаа бөгөөд тэр дундаа Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 22 суманд хаваржилт хүндрэлтэй байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Архангай зэрэг дөрвөн аймгийн 10 сум цагаан зудтай байна. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагаас тусламжаар хүлээж авсан энэхүү ачаа барааг хаваржилт хүндэрсэн аймагт хүргэх ажлыг даруй зохион байгуулна.” гэлээ. Мөн аяныг зохион байгуулагчид тун удахгүй нийт цугларсан тусламжийн хэрэгсэл, мөнгөн хандив хэрхэн яаж хуваарилагдаж иргэдэд хүрсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэх ажээ.

Ж.ХУЛАН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Н.Энхбаярыг хаа байгаа газар нь мэдүүлэг авах хүсэлтээ л АТГ-ын мөрдөн байцаагч хүргүүлсэн”

Алигатай Тэмцэх Газраас Төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулж, Шадар сайдын өрөөнд дайрч орон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлахаар завдсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтэд цацагдсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өчигдөр АТГ-ын Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярыг Төрийн ордонд байхад нь очиж, албан бичиг аваачиж өгсөн. Энэ талаар буруу ташаа мэдээллийг зориудаар тарааж байгаатай холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийж байна. АТГ-ын мөрдөн байцаагчид иргэн Н.Энхбаярт Байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах тухай агуулгатай албан бичгийг аваачиж өгсөн. Уг албан бичгийн гол агуулга нь иргэн Н.Энхбаярын байгаа газарт очиж мэдүүлэг авъя гэсэн утгатай. Иргэн Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн 133.1, 148.4-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаагийн хувьд хуулийн байгууллага дуудсан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.Өнөөдрийг хүртэл АТГ-аас Н.Энхбаярт нийт таван удаа зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сарын 26, 2016 оны нэгдүгээр сарын 18, 2016 оны хоёрдугаар сарын 17, 2016 оны хоёрдугаар сарын 22. Мөн уржигдар буюу гуравдугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зарлан дуудах хуудас хүргүүлсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах үүднээс сэжигтэн Н.Энхбаярт АТГ-ын мөрдөн байцаагчид албан бичиг аваачиж өгсөн” гэлээ.

Ингээд уг мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

– Өчигдөр орой ажлын цаг дууссаны дараа БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ рүү утсаар ярьж иргэн Н.Энхбаярыг мэдүүлэг өгүүлэхийг хүссэн гэсэн. Энэ тухайд тайлбар өгөөч?

– Иргэн Н.Энхбаярт бусдын батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. БХ-ын сайд Ц.Цолмон, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нар иргэн Н.Энхбаярыг дуудсан цагт хариуцан ирүүлж байх үүргийг бичгээр авсан байгаа.

– Шадар сайдын өрөөнд дайрч орсон, хаанаас явж байгаагаа хэлээгүй гэсэн мэдээллийг Шадар сайд өгч байгаа. Энэ тухайд?

– Дайрч орсон асуудал байхгүй. Төрийн ордонд нэвтрэх эрх бүхий байцаагчид иргэн Н.Энхбаярт Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагааг шуурхай явуулах зорилгоор мөрдөн байцаагч түүний байгаа болон товлосон газарт очиж уулзах саналыг хүргүүлсэн.

Авлигатай Тэмцэх Газрын зүгээс хууль биелүүлэхийн тулд боломжит бүхий л байдлаар ажиллаж байна.

– Хэрвээ иргэн Н.Энхбаяр зарлан дуудах хуудсыг хүлээн авахгүй, өгөхгүй байсаар байвал ямар арга хэмжээ авах вэ?

– АТГ-ын зүгээс албадлагын арга хэмжээ авахыг урьтал болгохгүй байгаа. Иргэн Н.Энхбаярт хүндэтгэлтэй хандаж байна.

– Хүндэтгэлтэй хандах хугацаа нь хэр хугацаанд үргэлжлэх вэ?

– Бидний зүгээс иргэн Н.Энхбаяр хуулиа биелүүлэхийг хүлээж, найдаж сууна.


АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярт хүргүүлсэн бичиг


Categories
мэдээ нийгэм

Дундговийн МАН-ын залуус зодолдож, нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ

Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох дөхсөн хэрэг гарч, нэлээд шуугиан болж байсан.

Тэгвэл дахиад л МАН-ын залуус зодооны хэрэгт холбогдсон байна. Тодруулбал, Дундговь аймгийн МАН-ын НАМЗХ-ны залуус хоорондоо гар зөрүүлж, нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ. Тус аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн НАМЗХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодсон байна. Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны сонгуульт ажилтай нэгэн аж.

Өнгөрсөн долоо хоногт болсон эл хэргийн тухай эх сурвалж өгүүлэхдээ тэднийг сонгуулиар дэвших эсэх асуудлаас болж маргалдан, улмаар зодолдсон гэжээ. Үүний өмнө Дорнодын МАН-ынхан мөн л аймгийнхаа намд эзлэх байр суурь, албан тушаалаа булаацалдаж зодолдсон тухайгаа хэвлэлээр ярьцгаасан байдаг.