Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдэгдсэн байна. Тодруулбал, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т орон нутгийн цагаар 11:58 цагт чичирхийлэл мэдрэгджээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдээлэл, нутгийн иргэдийн ярианаас үзэхэд газар дээрээ чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн учирсан хохирол гараагүй аж.

Categories
мэдээ соёл-урлаг

Маргааш Л.В.БЕТХОВЕНЫ 8-р симфони эгшиглэнэ

Дэлхий дахинаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан суут хөгжмийн зохиолч Л.В.Бетховены 8-р симфони Маргааш буюу 2016.03.25-ны 19:00 цагаас улсын Филармонийн тайзнаа эгшиглэх гэж байна. Тоглолтонд улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Б.Батбаатар, хийлч М.Хулан, хөтлөгч тайлбарлагч Х.Ариунаа нар оролцоно.

Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар болон 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дашрамд дуулгахад Л.В.Бетховены 8-р симфони Монголд анх удаа тоглогдож байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ улс-төр

Саналын хуудасны журмыг баталжээ

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр хуралдаж сонгуулийн бэлтгэлийг хангах хүрээнд зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргалаа. Үүнд:

  • Сонгуулийн ажилтны сургалтын хөтөлбөр, удирдамж батлах тухай
  • Сонгуулийн маягтууд батлах тухай
  • Санал авах байрыг бэлтгэх заавар, саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг батлах тухай
  • Сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах журам батлах тухай
  • Төрийн бус байгууллага сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ /мониторинг/ хийх, сонгогчдод аргачилсан туслалцаа үзүүлэх журам батлах тухай
  • Саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам батлах тухай тус тус хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 30 орчим журам, заавар, маягт боловсруулж мөрдөж ажиллана хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүх хурлаас 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдан хорих шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан шүүх хөхүүл хүүхэдтэй бүсгүйг цагдан хорих шийдвэр гаргасан гэх зэргээр шүүмжлэл өрнөж буй билээ. Тэгвэл Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргал өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болж буйгаа мэдэгдсэн байна. Тэрээр өргөдөлдөө “Готов овогтой Түвшинжаргал миний бие 2016 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 166 дугаар зүйлийн 166 заалтаар тус тус зүйлчлэгдэн тус хорих ангид цагдан хоригдсон. Миний бие 2010 оноос хойш УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамтран ажиллаж байсан бөгөөд хууль бус үйл ажиллагаа хийж байсан удаагүй, түүнийг эх орны хөгжил, эдийн засгаа тогтворжуулах, хүчирхэгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэхээр санаачилсан олон төсөл, хөтөлбөрийг ажил хэрэг болгож хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилласан. Г.Түвшинжаргал би бага насны 2 хүүхэдтэй, том охин 9 настай, бага хүү ой 7 сартай, хөхөөр хооллодог, одоогийн байдлаар өвчтэй асран халамжлах хүн шаардлагатай байна. Иймд дээрх тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн супер модель Т.Шинэтуяа эх орондоо ирэв

Дэлхийн хувцас загварын ертөнцөд Монгол хэмээх нэрийг дуурсгах супер моделиор Т.Шинэтуяа тодорсон юм. Тэрээр Өмнөд Африкийн Блумфонтейн болсон “World Supermodel Pageant” буюу “Дэлхийн супер модель” шалгаруулах тэмцээнд оролцон “Дэлхийн өсвөр насны супермодель-2016” номинацийн эзэн болж титэм гардан авсан юм.

Гуравдугаар сарын 12-21-нд болсон ес дэх удаагийн Дэлхийн супермоделийн тэмцээний өсвөр насны супермодель буюу 16-19 насны ангилалд ийнхүү Т.Шинэтуяа түрүүлсэн. Тэрээр “Шилмэл загвар”-аас загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн юм. Дэлхийн супер модель Т.Шинэтуяа өнөөдөр өглөө эх орондоо ирсэн бөгөөд түүнийг гэр бүл, найз нөхөд, “Шилмэл загвар” агентлагийнхан угтан авсан юм. Тэрбээр 16 настай бөгөөд “Гэгээрэл” дунд сургуулийн сурагч юм. Ялагч болсон Т.Шинэтуяа Нью-Йоркт төвтэй “Trump Models” агентлагтай гэрээ байгуулах онцгой эрхийн эзэн болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 14 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага
худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг
тогтоох тухай” А/229 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу
нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн 2016 оны газар зохион
байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор
дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааг
зохион байгуулна. Үүнд:

  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны
    нутаг дэвсгэрт Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозамын хойд талд Амины
    сууцны хорооллын зориулалтаар 3.46 га
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ногоон зоорины баруун талд орон сууцны зориулалтаар 0.82 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд
    үйлчилгээний зориулалтаар 5.0 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 7.74 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 9.47 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 6.8 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 5.52 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 5.61 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 0.9 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 1.42 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа,
    үйлчилгээний зориулалтаар 1.91 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн автозамын дагуу үйлчилгээний зориулалтаар 1.0 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
    худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0.83 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг
    дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд
    орон сууцны зориулалтаар 0.39 га

Газар
эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2016 онд
багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт,
тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар,
инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг,
барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт,
иженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар
дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл”
НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо
сүлжээ” ТӨХК-д тус тус даалгав.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг
даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Ц.Нямдорж над руу яриад “Өвгөөн би дуугарах ёстой юу” гэж байна…

-Н.ЖАНЦАННОРОВЫН “ОЮУЭРДЭНИЙНГОВЬ” ЭГШИГЛЭНЭ

Төрийн хошой соёрхолт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровын шинэ бүтээл “Дорнодын цэнхэр аялгуу”, “Оюу эрдэнийн говь” цомгууд “мэндэлж”, “Говь”, “Тал” чуулбар тоглолтоо Соёлын төв өргөөнд гуравдугаар сарын 28-нд толилуулах юм. Түүний шинэ уран бүтээлийн тухай сонсоод, зорьж очлоо. Мань эр хаалгаа тайлж, мэнд мэдээд “Чи мүүн яриад намайг унагах гэж байна уу” хэмээн “өдөв”. “Нээрэн та мүүнээс одон авсан этгээдүүдийн жагсаалтад багтчихаад байгаа биз дээ” гэхэд маань тэрбээр одонгийн түүхээ наргиантайгаар хуучилснаар бидний ярилцлага эхлэв.

-Над руу Д.Цэвээнжав яриад байсан юм. Тэгээд нэг хуралд нь очиж, баяр хүргэж үг хэлээд, намайг Дэлхийн энх тайвны урлагийн дээд одонгоор шагналаа. Хүн шагнаж байхад чинь “Авахгүй, авахгүй” гэлтэй биш. Дахиад нэг хуралд очсон чинь Мүүн гээд нэг хүний асуудал яригдаад байх юм аа. Тэгээд би “Энх тайвныг нэг хүн хөгжүүлнэ гэж байхгүй дээ. Энэ жаахан асуудалтай болоод явчихлаа” гэж бодоод “бултсан”. Түүнээс хойш Энх тайвны залуучуудын ямар байгууллагаас гэнэ вэ зөндөө утасддаг юм. “Н.Жанцанноров гуай Солонгост олон улсын энх тайвны хурал болох гэж байна. Бүх зардлыг нь тэндээс нь гаргана. Та нэг очоод, Монголын уламжлалт соёлын талаар үг хэлээд өгөөч” л гэнэ. “Японы талаас бүх зардлыг нь даана, та яваач” л гэнэ. “Та манай идэвхтэн гэнэ үү юу ч гэнэ үү. Ингээд бултаад байсан сүүлдээ нөгөөдөх чинь хүн оршуулдаг ч гэнэ үү нэг юм болоод явчихлаа.

-Ц.Нямдорж гишүүн хүртэл мүүнчнээр тодроод байгаа юм биш үү?

-Ц.Нямдорж өнөөдөр (лхагвад) ярьж байна. Өвгөөн, “Чамайг нэг олон нийтийн байгууллага одонгоор шагная гээд байна” гээд Бавуугийн Лхагвасүрэн утасдаад байхаар нь би ямар гавьяа байгуулсан биш, шагнах гэж байгаа юм бол шагна даа гэжээ. Тэгсэн нэг одонгоор шагнуулсан гэнэ. Хаанаас юм бэ дээ нэг сая төгрөг өгсөн юм байна. Тэрнийг нь нийгмийн халамжийн байгууллагад өгчээ. Баримт нь бий гэж байна. Тэгээд Ц.Нямдорж “Өвгөөн, одоо би дуугарах ёстой юм уу, дуугүй байж байх уу” гэж байна. (Н.Жанцанноров гуай гар утсаа харснаа 10:44-т ярьсан байна гэв.) Шаардлага гарвал дуугараач дээ, мэдэхгүй байсан гэдгээ хэлэхгүй юу гэсэн. Тэгээд би хэлсэн л дээ. Энэ бол чи бид нарын ч буруу биш, тэр Ц.Элбэгдоржийн ч буруу биш. С.Баярцогт одон авч байгаа зураг гарсан юм уу. Тэрний ч буруу биш. Манай улс тусгаар тогтносон орны хувьд дотоод бодлогоо нухацтай явуулахад анхаарах хэрэгтэй юм байна. Энэ бол ардчиллынхны буруу гэж ийш тийшээ ганхуулах хэрэггүй. Ерөөсөө л бид гажуудсан ойлголтуудаасаа болоод нийгэм жаахан саармагжсан юм байна. Демократ гэдэг грек үг л дээ. Демо гэдэг нь ард, крат гэдэг нь засаг гэсэн үг шүү дээ. Ардчилал гэдэг яг махчилаад орчуулбал ардын засаг гэсэн үг байхгүй юу. Ард засаглана л гэсэн үг. Яахав Ц.Элбэгдорж, манай энэ хэд эхний үедээ хөөрсөн юм байна, бас. Дэндүү эрх чөлөө яриад, Э.Бат-Үүл энэ хэд бүх монгол хүнд гадаад паспорт авч өгөөд бүгд гарна гээд л. Их сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн. Ер нь тэгж замбараагүй байж болдоггүй юм байна. Ардчиллыг үнэн чанартаа засаглал гэж ухааралгүйгээр эрх чөлөө гэж массаараа ойлгосон шиг байгаа юм. Эрх чөлөө үнэн чанартаа хариуцлага гэж биш дураараа дургих гэж бидэнд бууж байжээ. Засаглалаа эрх чөлөө, эрх чөлөөгөө дураараа дургих гээд ойлгочихож. Дэлхий хавтгай болчихлоо, одоо биенээ эзэрхийлж түрэмгийлэх юм байхгүй. Даяаршаад, бүх юм ил тод, тунгалаг болно гээд “хусаад” байсан чинь өнгөн дээрээ л тийм болохоос биш бүх том гүрнүүдэд тагнуул нь байдгаараа л байна. Орост ч Дотоод яам байна. АНУ-д Дотоод яам гэж нэрлэхгүй ч өөрийгөө хамгаалдаг, хянадаг байгууллагууд нь бүгд бий, Хятадад ч байна. Өөрийнхөө дархлааг атгаж байхын тулд тэр бүхэн цөм байна. Манайх болохоор Тагнуулын төв газрыг агентлаг болгоод, Ерөнхий сайд руу өгчихсөн. Ерөнхий сайд сар болоод солигдож мэднэ, жил болж ч болно. Дөрвөн жил ч болно. Тагнуулын төв газар Ерөнхий сайдын мэдлийн агентлаг байхаар нам нам руу, хүн рүү савласан бодлого болж хувирч байна. Ер нь тагнаж байх хэрэгтэй юм уу, манайд тагнаад байхаар юу байгаа юм. Тагнана гэдэг хүний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдэл ч гэх шиг ийм хачин хачин юм бодоод задлаад хаясан. Тэгээд бид чинь цөмөөрөө энд тэндхийн одон модон аваад байгаа байхгүй юу. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл энх тайвны байгууллага ч байна уу, хүмүүнлэгийн байгууллага ч гэнэ үү Монголд орж ирж байгаа бүх гадны байгууллага хуучнаар бол манай Дотоод яамаар судлагдаж байх учиртай. Далай лам ч байсан гэгээнтэн гээд орхих биш хэнтэй уулзав, юу ярив гээд судлах ёстой. Өөрөөр хэлбэл манайд ийм энх тайвны байгууллага орж ирсэн, энэ бол ийм зорилготой, цаанаа ийм эдийн засгийн хүчин чадалтай, ийм байгууллага гээд олон улсын гээд байгаа бүх л байгууллагыг судлах ёстой. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүд, гишүүн, сайд байсан хүмүүс Монголд 400-гаад байгаа. Тэр байгууллагыг судлаад С.Баярцогт очиж уулзах гэж байгаа бол өөрийн шугамаараа мэдээлэх ёстой. Намайг дуудах ёстой. “Таныг ийм байгууллага урьсан байна. Энэ байгууллага бол ийм зорилготой ингэж байгуулагдсан шүү” гээд мэдээлэл өгдөг. Ц.Нямдоржид ч хэлэх ёстой. Бид хамгаалах ёстой шүү дээ. УИХ-ын гишүүн байсан бол муу сайн нь хамаагүй, монгол хүний хувьд капитал шүү дээ. УИХ-ын гишүүн улсын нууцыг ямар нэг хэмжээгээр мэдэж байдаг, Тагнуулын төв газрынхныг дуудаад асуух юмаа асуугаад байдаг юм чинь. Бид нар чинь капитал шүү дээ. Биднийг хамгаалах ёстой. Мэдээлэл өгсний дараа сонголт хийх эрх нь тухайн хүний хэрэг. “Өө тийм байгууллага юм уу. Гэхдээ би энэ үйл ажиллагаанд орно” гэж байгаа бол өөр хэрэг. Тэгэхэд манайхан “Эдийн засгийн алуурчдын гарт орж байна” гээд л шуугиад байдаг. Нээрээ алуурчид юм уу, хэн мэдэж байгаа юм. Нэг үндэстэн, улс болж тоглож байгаа бол улс дотроо юу болоод байгааг мэддэг байгууллага хэрэгтэй байна. Тагнадаг чагнадаг гэдэг нь ямар тогтолцоогоор явах юм. Гэтэл одоо Ц.Нямдорж нэг одон авсан, С.Баярцогт нэг одон авсан, “хусна” гээд байдаг. Гэтэл Ц.Нямдорж над руу “Өвгөөн юу болоод би одон авчихав аа” гээд яриад байдаг. Хууль зүйн сайд, УИХ-ын дарга байсан хүн юунд оролцсоноо мэдэхгүй л байна шүү дээ.

-Одоо хийх гэж байгаа тоглолт, шинэ уран бүтээлийнхээ тухай яриач?

-Би хэдэн жилийн өмнө өөртөө нэг зорилго тавьсан юм. Монголын газар орны онцлогоор Алтай, Хангай, Говь, Тал гэж дөрөв хуваагаад, хөгжмийн дөрвөн цуврал бүтээл хийнэ гэж. Яагаад ингэж дан хөгжмийн бүтээл хийх гэсэн юм гэхээр даруу бишээр ярих юм бол эх оронч гэдэг юм уу би хөгжмийн зохиолч ч гэсэн нийгэмдээ тустай байна гэдэг ч юм уу зорилгоор дээрх дөрвөн санааг гаргасан юм. Говийн тухай нэг цагийн хөгжим биччихээд, CD гаргасан. Нийт дөрвөн сэдвээр CD гаргана. Манай ерөнхий боловсролын сургууль эднийг маань сургалтад хэрэглэж болно. Эсвэл гадаадын хүмүүс ирээд, Монголын говийн тухай хөгжим сонсчих боломжтой байх учиртай. Цаашдаа тав гурван төгрөг олдох юм бол өөрийнхөө хөгжмийг дүрсжүүлэх санаатай байна. Н.Жанцаноровын “Оюу эрдэнийн говь” гээд л хөгжим явахад гадны хүмүүс Монголд ирээд говийн тухай сайхан дүрстэй хөгжмийг авч явъя гэж болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн хийж эх орондоо тусалъя гэсэн юм. Нөгөө талаар бид гадныханд ном бэлэглэх гэхээр хэл ус нь болж өгөхгүй. Нөгөө л нэг ноолууран цамц, бээлий, хүзүүний ороолт гэсхийгээд дуусдаг. Одоо хөгжмийн бүтээл бэлэглэе. Миний хөгжмөөс хамаараад ч гэх үү, шалтгаалаад ч гэх үү жилд ирэх жуулчдын тоо арваар ч болов нэмэгдвэл эх орондоо оруулж байгаа миний хувь нэмэр.

-Хөгжим зүрх сэтгэлээс эгшиглэдэг гэж би боддог юм. Та бол одоо ухаанаар “зодож” уран бүтээл хийж байгаа юу?

-Би нэг удаа хэлсэн дээ. Хөгжим бол авьяасаар төдийгүй ухаанаар бүтдэг урлаг шүү гэж. Ухаан зараагүй бүтээл гэж байхгүй л дээ. Гэхдээ тодорхой зорилготой, бодлоготой болж байгаа юм. Энэ удаа гуравдугаар сарын 28-нд “Тал”, “Говь” хоёр нь концерт болж байгаа юм. Говийн тухай тавиад минут Морин хуурын чуулга, симфони найрал хөгжим, үлээвэр хөгжимчид, виолончелийн чуулга нийлээд тоглоно. Концертын нэгдүгээр хэсэг ийм. Энэ бүтээлээ хийхдээ би говиор явсан. Дорнодын талаар долоо хоног явсан. Тэгээд л сэтгэлдээ цуглуулж бичсэн зүйл шүү дээ. “Дорнодын цэнхэр аялгуу” нь зургаан дуутай. “Хэрлэнгийн ай” гээд Э.Төрмандах дуулна. Эхлээд “Дорнодын цэнхэр аялгуу” гээд хөгжим явна. Бадам-Ишийн тал, Мэнэнгийн тал, Тамсагийн тал гэж гурван залгаа гайхамшигтай тал байна. Хэрлэнбарс хотын туурь гэж байдаг юм билээ. Чингис хаан ялагдаж яваад, Хэрлэнбарс хотоос зүүн урагш нэгэн овоог тахиад түүнээс хойш ялагдаагүй гэсэн домогтой. Наахна нь алдарт хуурч Г.Жамъянгийн төрсөн нутаг байдаг. Г.Жамъян гуайн дурсгалд зориулж “Хэрлэнбарсын дууль” гэж Морин хуурын хоёрдугаар концерт хийсэн. Энд тоглогдох юм. “Дорнодын цэнхэр тал” гэж дууг Д.Отгонжаргал дуулна. “Тал, ээж хоёр” гэж миний шүлгээр хийсэн дууг Д.Отгонжаргал бас дуулж байгаа юм.

-Та бас шүлэг бичдэг юм аа?

-Би тэвдэхээрээ өөрийхөө дууны шүлгийг биччихнэ ш дээ.

“Цагаан үүлийг сэмэртэл ингэн тэмээд буйлсан

Цагийн аясыг зөөлөртөл ботгон нулимс бөмбөрсөн

Талаан би санаад байна

Танхил багадаа үлдээсэн тал минь намайг санаад байна” гэсэн үгтэй. Халхын голоор явсан. Г.Бирваа гуай Халхын голын дайны бүрээ үлээж байсан хүн. Би Халхын голын дайны окоп байсан дурсгалт газруудыг үзлээ. Дайн байлдаан болж байсан газар хүмүүс мөнх нойрсч байх юм даа гэж бодоод “Тэр өдөр” гэж Г.Бирваа гуайн дурсгалд зориулж, хөгжим хийсэн дээ. “Миний номин тал” гэж О.Дашбалбарын шүлэг, “Цэнхэр Буйрын хөвөөнд” гэж дууг Г.Ариунбаатар дуулах юм. Буйр нуурын хөвөөнд би нэг бороотой өглөө очсон юм. Дөрөвний нэг нь юм уу даа Хятадын нутагт байдаг юм билээ. Усан хил юм байна. Цаанаа загасны үйлдвэртэй юм. Бид нэг ч загас наанаас нь татдаггүй. Хятадууд цаанаас нь загасыг нь аваад явчихдаг юм билээ. Чөлөөлөх дайны дараа л ингэж хуваагдсан байх л даа. Надад нэг сонин мэдрэмж төрсөн. Уг нь Хөлөнбуйрын нутаг шүү дээ. Тэгээд

“Цэнхэр Буйрын уснаасаа амсч үзээд ухаарлаа

Цээжин гүн дэх үнэнээ амьсгал дотроо сонслоо

Мөнгөн Буйрын уснаасаа балгаж үзээд сэхээрлээ

Миний л зүрхэн дундуур мэлтэрч байхыг нь мэдэрлээ

Нуураа тойроод нар зөв эргэхэд

Харийн харьд л очих нь үү дээ

Нутагтаа багтааж чадаагүй

Хүүдээн битгий гомдоорой” гээд үзэж байгаа юм даа.

Дараа нь дөрвөн ангитай “Дорнодын уудам тал” гэж хөгжмийн чуулбар явна. Энэ бол тоглолтын хоёрдугаар хэсэг. Ийм концерт болох юм. Талынхаа тухай “Дорнодын цэнхэр аялгуу” гэж CD гаргасан. Говийн тухай “Оюу эрдэнийн говь” гэж цомог гаргаж байна. Манайхан цомгийн баяр гэж хийдэг юм билээ. Ер нь манайхан урлаг хөгжиж байна гээд яриад байгаа боловч бид дэндүү олон нийтийн урлаг руу хүч, сэтгэл өгч байх шиг. Рок поп, хип хоп, зохиолын дуу гэж айхавтар салбар гарч ирлээ. Хошин шог гэж мундаг юм бий. Том бүтээлүүдийн концертын хувь дэндүү бага. Симфони, дуулаачийн том бүтээл, дан хөгжмийн концертууд явахгүй бол ерөөсөө улс орны жин нэмэгдэхгүй шүү дээ. Бүгдээрээ хоорондоо харилцан уялдаатай. Хошин шог, зохиолын дуу муу урлаг биш. Төрөл нь өөр. Миний тоглолт бол үндсэндээ дан хөгжмийн концерт. Тэгэхээр Бөхийн өргөөнд очоод, зохиолын дуу сонсдог хүн миний тоглолтын тасалбарыг аваад, ирээд сонсвол ер нь л унтаад өгөх вий. Өглөө болж нар мандуулах гээд нөгөө хөгжимчид чинь хөгжимдөөд суучихна шүү дээ. Түмэн зээрийн хурдныг ээ л гэнэ. Нажигнаад л байдаг, нажигнаад л байдаг. Тэгэхээр хэцүү. Гэхдээ том роман уншихгүй, том хөгжим сонсохгүй бол яг өнөөдрийн манай нийгэмд болж байгаа явдал шиг бужигнаад байна. Урлаг нийгэм харилцан уялдаатай. Нийгмийн сэтгэл зүйг өргөдөг том бүтээлүүдийг хүн үзэхгүй ч байсан тоглож байх нь бидний үүрэг. CD гаргасан шүү худалдаж аваарай гээд орхиж болохгүй. Амьдаар тоглох гэдэг гайхамшигтай үзэгдэл. Ингэж байж бид нийгмийн сэтгэл зүйг өөрчилнө. Ёс зүйтэй болгоно. Хөгжмийн зохиолчид энэ рүүгээ явахаас аргагүй. Тийм учраас би таван хүн ирсэн ч тоглоно. Тавин хүн ирсэн ч тоглоно. Сонсогч өөрийгөө хүндэтгээд ирвэл гомдоохгүй тоглолт. Ийм л тоглолт болох юм. Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал, Э.Төрмандах нар зургаан дуу дуулна. Тэгээд л бүтэн найрал хөгжим хоёр цаг шахам нажигнуулна. Ийм концертыг бид л зориглож хийхгүй бол өөр бусад нь хийхгүй. Яагаад гэвэл ашигтай байж чадахгүй, олон хөгжимчин, том заал, олон удаа сургууль хийхээр орж байгаа хэдэн мөнгө нь түүндээ зарлагадчихна. Бидэн шиг хойноо санах юм багатай болсон улсууд л зориг гаргаж хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баясгалан: Хайрыг түгээхийг хүсдэг

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалантай ярилцлаа.

-Эрчүүдийн баярт зориулсан мюзикл дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Энэ оны босгон дээр хийгдсэн бүтээл. Поп опера чиглэлээр дуулдаг Увертюра хамтлагийнхан “Надад үлдсэн найз” гэж зохиол захиалж бичүүлээд түүгээрээ мюзикл хийх гэж байгаа, “Баясаа эгч ээ, ажиллаж өгөөч ээ” гэж өнгөрсөн аравдугаар сард над руу ярьсан. Тэдэнтэй ажилласаар байгаад нэгдүгээр сарын 22-25-ны хооронд драмын театрт гурван удаа тоглосон юм. Мюзикл гэхээр жүжгэн дундаа дуутай, дан дуутай гэх мэт төрлүүд байдаг л даа. Тэд бүтэн жүжгийн зохиол барьчихсан надтай уулзсан. Зохиолыг нь уншиж үзээд эхэндээ татгалзсан. “Энэ чинь жүжгийн зохиол байна шүү дээ. Би мэргэжлийн бус хүмүүстэй жүжгэн дээр ажиллаж чадахгүй” гэсэн чинь “Бид чадна. Үгийг нь багасгаад дуунууд орж ирэх юм. Та бидний жүжиглэлт, тоглолт тал дээр ажиллаж өгөөч” гээд. Түүнд нь үнэмшээд зохиол дээр нь ажилласан. Үг нь бараг хасагдаагүй хэвээрээ, ерөнхийдөө жүжиг тоглосон. Эхэндээ хүнд санагдсан. Маш их ажилласан, нөгөөдүүл маань ч хөөрхөн авьяастай байсан. “Надад үлдсэн найз” мюзикл Тусгаар тогтнолын ордонд гуравдугаар сарын 18-нд тоглогдох юм.

-Та энд ямар үүрэгтэй оролцов?

-Туслах найруулагчийн үүрэгтэй ажилласан. Ээжийн дүрд дуучин, жүжигчин Б.Нармандах тоглосон юм. Би бас нэг туслах дүр бүтээсэн. Жүжиг нээгдсэний дараа зрительтэй харьцаад эхлэнгүүт нь нулимс цийлгэнээд ирсэн. Миний уясан морь тайзан дээр амжилттай давхилаа.

-Та жүжигчнээс гадна найруулагчийн ажил хийдэг юм уу?

– Миний үндсэн мэргэжил жүжигчин. “Монголын моно жүжгийн төв” нээсэн. Моно жүжигт хүчээ сорих гэж байгаа залуус маш их ирж уулзаж байна. Найруулгын талаас ч зохиол, жүжиглэлт талаас ч зөвлөж дэмжиж байгаа. Тийм болохоор найруулга тал дээр заримдаа ажиллаад байна.

-Моно жүжиг рүү яагаад халтирчихав?

-Анх 2013 онд Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгээр нэг хүний жүжгийн номинаци гаргаж “Гэгээн муза”- наадмыг олон улсынх болгосон юм. Энэ төрөлд хоёр гурван орноос жүжигчид ирсэн. Дээрээс нь “Хувьсал” продакшны жүжигчин Ганцэцэг бид хоёр анх хүч сорьж, оролцож байлаа. Надад Эдит Пиаф зохиолыг санал болгож, “Дуулдаг юм чинь Баясаа чи ажиллаач” гэж С.Сарантуяа эгч хэлсэн юм. 2014 ондоо Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс намайг Косово улс руу зуучилж, тэнд ЮНЕСКО-гоос зохиогдсон олон улсын театр урлагийн институтаас зохион байгуулдаг тэмцээнээс Гранпри шагнал авсан. ЮНЕСКО-гоос зохиогдсон тэмцээнд зөвхөн Гранпри авсан тохиолдолд манай Засгийн газраас 65 сая төгрөг өгөх заалт байдаг юм билээ. Энэ заалтыг биелүүлсэн учраас Засгийн газраас надад мөнгө өгсөн. Үүндээ маш их урамшсан. Энэ чиглэлээр явах сонирхолтой олон залуус гарч ирсэн л дээ. ЮНЕСКО-гийн Моно жүжгийн форумын дэд ерөнхийлөгч Нина Мазур гэж хүн байдаг. Монголдоо энэ фестивалийг хийвэл дэмжиж хамтарч ажиллана гэсэн. Моно жүжгийнхээ төвийг ингэж нээсэн дээ. Нина Мазурын дэмжлэгээр манай фестивальд оролцохоор таван орны жүжигчин өнгөрсөн жил Монголд ирсэн. БСШУЯ, УДЭТ, Хүүхэлдэйн театр хамтарч “Ялагчдын цуваа” фестивалийг хийсэн. Олон улсын шагнал авсан, амжилт үзүүлсэн жүжигчид оролцдог фестиваль. Монголын үзэгчдийг моно жүжигт бэлтгэх, манай жүжигчдэд моно жүжгийг таниулах зорилгоор хийгддэг ажил. Өнгөрсөн жил Монголын анхдугаар моно жүжгийн уралдааныг зарласан юм. Түрүүлсэн жүжигчнийхээ тоглолтоор олон улсын фестивалийг хаасан. Энэ жилийн хувьд “Ялагчдын цуваа” фестиваль маань наймдугаар сарын 15-20-ны хооронд болно. Дөрвөөс таван орны жүжигчид ирж оролцоно. Үүнээс өмнө Монголоос ямар жүжигчин оролцохыг шалгаруулна. Моно жүжгийн хоёр дахь уралдаанаа жүжигчдийн дунд зарлачихсан байгаа. Зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд шалгаруулалт явагдана. Бүх аймаг, продакшнуудад удирдамжаа явуулчихсан.

-Моно жүжиг хөгжих болсон нь нийгмийн учир шалтгаантай болов уу?

-Жүжиг, урлаг хүнд юу өгдөг билээ. Яг л түүнтэй адил. Бүтэн жүжиг шиг эхлэл өрнөл, төгсгөлтэй, зохиолтой. Хүнд хүргэх мессэж, санаатай. Би гэхэд өөрийн хоёр моно жүжигтэй. Бүтэн цаг тоглодог. Үзэгч хэлэх гэсэн санааг ойлгоод ямар сайхан юм бэ, ийм юм бас байдаг юм байна, бид ингэх хэрэгтэй юм байна гээд авах ёстой мессэжээ аваад л гардаг. Мэдээж нэг хүн үзэгчдийн анхаарлыг бүтэн цаг алдахгүйгээр барина гэдэг хэр баргийн жүжигчний хийдэг ажил бас биш. Моно жүжгийг анх би Монголд тоглосон юм биш.

-Д.Сосорбарам гуай ганц хүний театртай байсан?

-Со ах ганц хүний театртай байсан. Гэхдээ бүтэн жүжиг тоглож байгаагүй байх аа. Дуу шүлэг, цогцолсон тоглолтуудыг хийж байсан байх. Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан “Гамлет” жүжгийн бүх дүрд өөрөө хувираад, радио жүжиг бичүүлсэн байдаг. Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжгийг анх сурталчлаад “Леди Макбет” жүжгийг бидэнд тоглож үзүүлсэн. Тэр жүжгээрээ Польшид фестивальд оролцож байсан. Тийм болохоор анхдагч гэж би ярьдаггүй. Анх удаа гаднаас Гранпри шагналыг авчирсан гэдэг нь л анхдагч байх.

-Чадалтай жүжигчдэд найруулагч дүр өгөхгүй байгаа тохиолдолд өөрөө моно жүжгээр дэлхийн түвшинд гарах боломжтой боллоо гэж зарим хүн дүгнэсэн байна лээ?

-Хаа газрын драмын урлаг ядуу байдаг. Драм гэхээр маш олуулаа бүтэн жүжигт тоглоод ард талд нь тайз засах, хувцас, парик солих, шум тавих хүн дагалддаг. Том багууд тив дамжаад явах зардал олох хүнд. Тийм болохоор сүүлийн үед драмын урлаг цөөхөн хүнтэй, тайз багатай, хөнгөн шийдэлтэй тайзтай, хоёроос гурван хүнтэй жүжиг ч юм уу ганц хүнтэй жүжиг тал руугаа маш хазайж орж байгаа. Дээр үеийн хуучин нүсэр бүхнээс татгалзаж байгаа. Тийм учраас бидний олон улс руу гарах гарц моно жүжиг.

-Моно жүжгийг хүлээж авах үзэгчид бэлтгэгдсэн гэж та үзэж байна уу?

-Байна байна. Би гэхэд л “Эдит Пиаф” жүжгээ хэд хэдэн удаа тоглосон. Анх Монэ гэж Централ тауэрийн 17 давхрын франц ресторанд 100 доллараар тоглосон. Драмын театрт, Хүүхэлдэйн театрт ч хэд хэдэн удаа тоглосон. Манай театрт ажиллаж байсан Нямсүрэн гэж Соёлын тэргүүний ажилтан менежер эмэгтэйтэй хамтарч зориглож “Монэ”-д тоглож байлаа. Хүмүүс маш сайхан хүлээж авдаг. Анх ирэхдээ нэг хүний жүжиг ч гэж юу байдаг юм гээд зарим нь тоодоггүй, үзсэнийхээ дараа дуу нь өндөрсөөд, нүд нь томорчихсон “Ийм юм бас байдаг юм аа” гээд баяр хүргэдэг.

-“Эдит Пиаф” гэдэг өвөрмөц хүчтэй хоолойтой алдартай дуучны дүрд тоглоно гэдэг зоригтой сонголт. Таны дуулахыг сонсоход үнэхээр л түүнтэй төстэй дуугарч байгаа санагдсан?

-Хоолойны өнгө маш адилхан байна гэж хүмүүс хэлдэг. Түүгээрээ ч хүнд хүрдэг байж магадгүй. Олон улсын фестивальд оролцож байхад ч маш их дуртай байдаг. Монгол хэлээр ярьдаг. Юу ярьж байгааг ойлгохгүй ч миний яаж тоглож байгааг шүүгчид харж л байгаа шүү дээ. Дээрээс нь дуулахаар бүр л өндөр үнэлгээтэй байдаг шиг санагдсан.

-Эдитийн дууг дуулахад маш их чармайлт шаардсан байх, франц хэл ч бас амаргүй?

-Өө зөндөө их судалсан. Эдит Пиафыг өөрийг нь судлаад, зургаан сар яг компьютер ширтээд, хэл ус судалсан. Дуунуудаа дуулахад хэлний бэрхшээл маш их тохиолдсон. Монгол Францын хамтарсан Альянс гэж төв байдаг. Тэдний туслалцааг авсан.

-Энэ бүхний дараа дуулбал амжилтад хүрэх юм биш үү гэж бодогдох юм уу?

-Ерөөсөө тэгж бодогддоггүй. Үндсэн мэргэжил маань жүжигчин учраас жүжгэн дунд дуулаад өнгөрнө үү гэхээс биш дуулах тал руугаа хэлбийгээд, нэрд гарах гэж үзэж тараагүй.

-Та хэд дэх жилдээ жүжигчнээр ажиллаж байгаа вэ?

-22 дахь жилдээ.

-Та өнгөрсөн хугацаанд олон удаа шагнал хүртсэн мундаг жүжигчин мөртлөө яаж ийм нам гүм байж чаддаг юм бэ?

-Би одоо ч өөрийгөө олны танил гэж боддоггүй. Хүмүүс намайг олны танил гэхэд баярладаг ч үгүй. Жүжиг үздэг хүмүүс л танина уу гэхээс бусад хүн намайг танихгүй. Би тэр болгон кинонд тоглохгүй, рекламанд тоглохгүй, яг л тайзны урлагтаа үнэнч яваа. Тайзны урлагаараа л амжилтад хүрэх сонирхолтой байсан. Олон улсын том шагнал авч ирнэ гэдэг миний хувьд том амжилт.

-Увсын Цагаанхайрхан сумын охины бага нас яаж өнгөрөв?

-Төрсөн газар Улаангом хот. Аав маань Цагаанхайрханых учраас Цагаанхайрханых гэж явдаг. Мэдээж уулс устай тийм сайхан газар төрсөн хүмүүс бүгд л том алаг нүдтэй байдаг ш дээ. Багадаа олон дүүтэй, айлын дунд охин байсан. Хичээлдээ явна, эсвэл дүүгээ хардаг ажилтай байлаа. Дүү нараа нуруундаа үүрсэн охин байлаа. Гэхдээ слортод дуртай. Сагс, волейбол тоглодог. Дандаа Орбитын суваг үздэг. Оросын спорт, урлаг, кино, балет, дуурь үздэг байлаа.

-Жүжиглэх авьяас чинь хэдийнээс тодров?

-Жүжиглэх авьяас театрт орж ирсний дараа л тодорсон байх. Багадаа бол жүжигчин болох дуртай л байсан. Ээж орос хэлний багш. Маш олон орос дуутай пянзнууд манайд байлаа. Аав маань урлагийн мэдрэмжтэй, сайхан дуулдаг, дандаа үлгэр ярьж биднийг унтуулдаг байв. Аавууд ийм л байдаг гэж боддог байсан. Одоогийн аавууд ямар байгааг мэдэхгүй.

-Одоо та хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Ээж хүү, дүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Дүү маань хөдөө явж ирдэг ажилтай. Ар гэрийг ээж маань л авч явна. Театрт ажиллаад шөнө нь ч нэг хүний жүжиг дээрээ ажиллаад орон гэртээ ч очихгүй, нойр хоолгүй явахад ээж л ар талыг маань дааж, үр хүүхдийг минь асарч хүн болгосон.

-Ямар дүрдээ та хамгийн сэтгэл хангалуун байдаг вэ?

-Сайхан дүрүүд зөндөө бий. Өнгөрсөн жил оны шилдэг жүжигчин болсон. Яамнаас “Мөнгөн мод” гэж том шагнал өгдөг. “Чөлөөт хос” жүжгийн дүрээрээ авсан. Хоёр хүн бүтэн цаг дөчин минут тоглодог. УГЗ Ч.Найдандорж найруулсан юм. Энэ жүжгийг үзсэн хүмүүс энэ нийгмийг урлаг авч явдаг гэж үнэн юм байна. Энэ жүжгийг үзээд өөрийгөө ч олж харлаа, гарцаа ч олж харлаа гэцгээдэг. Зохиолч нь Нобелийн шагналт Дариа Фо гэж хүн. Энэ жүжгийг үзээд амьдралаа өөрчлөх, өөрийгөө өөрчлөх гэр бүлээ аврах санааг авсан гэж хүүхнүүд хэлдэг юм. Амьдрал дунд мөн чанараа алдахгүй байх тухай энд өгүүлдэг. Би ганц секунд суух чөлөө гардаггүй. Яриад, орилоод хашгичаад эсвэл дуулаад ямар ч зав чөлөөгүй тоглодог жүжиг. Гайхалтай дүр. Маш бага зардлаар боссон. Аль хэдийнэ зардлаа нөхсөн. Томхон шиг гэртэй айлд ч бид урилгаар тоглож болно гэж манай найруулагч хэлдэг юм. Үзэгчидтэйгээ яриад явчихдаг. Монголын жүжигчдийн тоглолт энгийн болж байгаа. Үүнийг ч илэрхийлсэн, сонирхолтой тавигдсан жүжиг.

-Уран бүтээлийн шинэ санаа оноо төрж байгаа биз?

-Мюзикл бодогддог. Мэргэжлийн хэмжээнд хийгдэж байгаа Холливудын кабаре театруудынх шиг мюзикл хийх юм сан гэж бодогддог ш дээ. Би би гэж орилдог хүн биш. Чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Нийгэмдээ дуу хоолойгоо нэмэрлэх юмсан гэсэн хүсэл сонирхолтой байдаг. “Тэнгэрийн аялгуу” гэж миний бас нэг жүжиг бий. Эх дэлхийгээ төрсөн эх шигээ хайрлах ухагдахууныг хөндсөн бүтээл. Зарим сургууль дээр очиж хүүхдүүдэд тоглодог. Хүүхдүүд маш сайхан хүлээж авна. Хамгийн сүүлд “Та нар ээждээ хайртай юу” гэхээр “Хайртай”гэдэг. Эх дэлхий чинь яг ээж шиг чинь байгаа биз гэхээр “Тийм байна” гэдэг.

Хүмүүс зөв бурууг нь ойлгоогүй байж, хэн нэгнийг бүү буруутгаасай, хүмүүнлэг, талцдаггүй, юмыг нааштай, эерэгээр харж сураасай гэж хүсдэг. Аль болох хайр түгээх хүсэл байдаг.

-Сонсдог ном хийх тухай боддог уу?

-Хоёр жүжгээ радиод бичүүлсэн. Нээрэн тэрийгээ авч сонсдог ном хийж болох юм байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

“Полтавын тулаан”

Оросын нэрт эрдэмтэн М.В.Ломоносов маш олон талын авьяастай хүн байсан. Эрдэмтэн, зохиолч, зураач байсан тэрээр Орост хамгийн анх томоохон хэмжээний мозайк буюу шигтгэмэл зургийг бүтээсэн түүхтэй. “Полтавын тулаан” мозайк нь өдгөө Санкт-Петербург хотноо хадгалагдаж байдаг. XIX зууны хоёрдугаар хагас хүртэл өнгө өнгийн шил шигтгэн бүтээл туурвихыг Италийн мастерууд л хийдэг байжээ. Эртний Грект шил шигтгэн бүтээл туурвидаг байсан гэдэг. Гэвч энэ нь хэсэгтээ мартагдсан бололтой. Италийн мастерууд ч энэ урлагийнхаа нууцыг чандлан хадгалж чадсан байна. Гэвч удалгүй нууц задарч Франц болон Европын бусад орнуудад мозайк хийдэг болжээ. Шил шигтгэн хийсэн нэгэн бүтээлийг үзсэн М.В.Ломоносов ихэд биширсэн гэдэг. Тэрээр энэ чиглэлээр 1742 онд химийн лаборатори байгуулах зөвшөөрөл авч түүнээс хэдэн жилийн дараа шилний үйлдвэр байгуулсан.

Үүний дараахнаас М.В.Ломоносов өнгө өнгийн шил шигтгэн зураг бүтээх ажлаа эхлүүлжээ. Тэрээр нэлээд хэдэн бүтээл туурвиснаас хэмжээний хувьд хамгийн том нь “Полтавын тулаан”. Санкт-Петербург хотноо Оросын хаан Петр I-ийн шарил хадгалагдаж буй Петропавловын сүмийн ханыг чимэхээр 12 бүтээл захиалгаар хийлгүүлсний нэг нь байжээ. Уг бүтээл нь өдгөө тус хотын Шинжлэх ухааны академийн байранд байдаг бөгөөд 4.81х6.44 метрийн хэмжээтэй.

Алдарт М.В.Ломоносов түүхэн үйл явдлыг шигтгэмэл урлагаар дүрслэн харуулахын тулд хамгийн түрүүн Л.З.Кристинек хэмээх зураачаар эхийг нь зуруулсан гэдэг. Ингээд долоон туслагчийнхаа хамт ажлаа эхлүүлжээ. 1709 оны долдугаар сарын 27-ны өдрийн өглөө Оросын хаан Петр I, Шведийн хаан Карл XII нар Полтав хотын ойролцоо халз тулсан түүхтэй. Оросын арми энэ дайнд ялалт байгуулснаар Европ дахь Шведийн ноёрхлыг зогсоосон юм. Энэ бүтээлийг нэг сая 30 мянган ширхэг жижиг шил шигтгэн хийжээ.

М.В.Ломоносов мозайк зургаараа юуны түрүүн Оросын эзэн хаан болон түүний цэргийн сүр хүчийг илтгэн харуулсан. Бүтээлийнхээ гол хэсэгт жирийн цэргүүдийг дүрсэлснээр энэ тулаанд ялалт байгуулахад тэд хамгийн их гавьяа байгуулсан болохыг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл энгийн цэргүүд Петр I-ээс илүү үүрэгтэй байсан гэдгийг харуулсан байна. Эзэн хааныг мозайкийн голд бус зүүн хэсэгт морио унасан байдалтайгаар дүрсэлсэн юм. Зоригтойгоор цэргүүдээ тулаанд дагуулан орж буй Петрийн морь дээш цоройно. Ногоон өнгийн цэрэг хувцас өмссөн эзэн хааны харц шийдэмгий, гартаа сэлмээ барьсан нь тулаанд орж байгааг харуулна. Түүний ард шадар туслахууд нь болох Б.П.Шереметев, А.Д.Меншиков нарыг уран бүтээлч дүрсэлжээ. Харин өмнө нь жад барьсан энгийн нэгэн цэрэг хааныхаа замыг хаахыг завдаж байгааг та бүхэн харж байна. Тэрээр Петр I-ийг хайрлан хамгаалж, халз тулааны гүн рүү оруулахгүй хэмээн хөндөлдсөн нь энэ аж. Ийнхүү ард түмэн нь эзэн хаан, төрөө дээдлэж байгаа гэдгийг илэрхийлжээ. Тулаан ид өрнөж байгааг дүрслэхдээ Орос болон Шведийн цэргүүдийг ялгагдахаар харуулсныг урлаг судлаачид онцолсон байдаг.

Тэдний хувцсыг тод өнгөөр дүрсэлснээр хаана нь хэний талын цэрэг байгааг түвэггүй ялгах боломжтой. Уг бүтээлийн арын хэсэгт алсад буй хот, юу юугүй тулаанд орж байгаа цэргүүд, тэнгэрийн үүл зэргээр байдал тун ч ээдрээтэй байгааг илэрхийлсэн юм. Шигтгэмлийн баруун хэсэгт суунагласан утаа нь тулаан ид дундаа байгааг харуулжээ.

Уг бүтээлд өнгийг маш чадварлагаар хослуулан хэрэглэсэн болохыг урлаг судлаачид дурдсан байдаг. Энэ үйл явдал Оросын төдийгүй Европын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Учир нь 1700 онд Шведийн хаан Нарвд болсон тулаанд ялалт байгуулснаасаа хойш Европын орнуудыг эзлэх аян дайнаа эхлүүлсэн юм. Оросын хаан Петр I Шведийн эсрэг дайтаж Ливонийг эзлэн аваад Санкт-Петербург хотыг үндэслэн байгуулах ажлаа эхлүүлсэн. М.В.Ломоносов энэ бүтээлийг Санкт-Петербург хотноо туурвисан зэрэг нь нэлээд учиртай. Ливонийг алдсан Шведийн хаан Карл XII ялагдлынхаа хариуг авахаар Оросын төв хэсгийг эзлэн авах аян дайнаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр Москваг эзлэн аваад Оросын гүнийг зорино хэмээн төлөвлөжээ. Полтавын тулаан энэ аян дайны эхний тулаан байсан гэдэг.

1709 оны долдугаар сарын 27-нд шөнийн хоёр цагт тулаан эхэлсэн байна. Дөрвөн эгнээгээр жагссан Шведийн цэргүүд Оросын арми руу довтолж араас нь морин цэргүүд довтлоход бэлэн байсан гэдэг. Үүнээс хэдэн цагийн дараа буюу есөн цагт гар тулаан эхэлжээ. Гэвч 11 цаг гэхэд Шведийн цэргүүд зугтаж байсан гэдэг. Түүхэн баримт бичгүүдэд ийнхүү тэмдэглэгдэн үлдсэнээс үзэхэд ямар хэмжээний тулалдаан болсон нь ойлгомжтой. М.В.Ломоносов ч үүнийг “Полтавын тулаан” шигтгэмэл зургаараа дүрслэн харуулж чадсан. “Полтавын тулаан” бүтээлээ хоёр жил буюу 1762-1764 онуудад хийсэн юм. Энэ бүтээл нь бэлэн болоход М.В.Ломоносов явж чадахаа больсон байжээ. Тиймээс суугаагаараа бүтээлээ хүлээлгэн өгсөн гэдэг. Харин “Полтавын тулаан”-ыг нь алтадсан хүрээгээр чимжээ.

М.В.Ломоносов нь шигтгэмэл урлагийг ашиглан нэлээд хэдэн бүтээл туурвисан. Тэдгээрийн дийлэнх нь хөрөг зургууд. Тэрээр Петр I, Александр Невский, хатан хаан Елизавета гээд 40-өөд бүтээл туурвисан бөгөөд тэдгээр нь өнөөдрийг хүртэл “Эрмитаж” зэрэг газруудад хадгалагдаж байдаг.

Ийнхүү нэрт эрдэмтэн, уран бүтээлч маань Орост мозайкийн үндэс суурийг тавиад зогсохгүй шил үйлдвэрлэл болон түүний ашиглалтын эхийг тавьсан түүхтэй. Түүний шигтгэмэл бүтээл нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бүтээлүүдээс ялгаатай, өөрийн гэсэн онцлогтой байжээ.

Categories
мэдээ нийгэм

Дуут дохиог дуугаргана

Өнөөдөр гамшиг, ослын дуут дохиог ажиллуулна. Тодруулбал жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.

Тэгвэл энэ жил уг өдөр нь өнөөдөр тохиож байгаа юм.

Дуут дохио 16:00 цагт дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг аврахад анхаарах зүйлийг үзүүлдэгээрээ онцлог аж.