Categories
мэдээ нийгэм

EBarimt аппликейшнийг ‎iPhone‬, ‎iPad‬ дээр ашиглах боломжтой болжээ

barimt

Энэ оны нэгдүгээр сараас НӨАТ-ын тухай хууль шинэчилсэн найруулгаар хэрэгжиж эхлээд байгаа. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд бараа худалдан авсан баримтаа бүртгүүлээд НӨАТ-ын хоёр хувийн урамшуулал авах эрхтэй болсон. Үүнтэй холбогдуулан баримт бүртгүүлэх процессыг хөнгөвчлөх зорилгоор андройд утсанд зориулагдсан “E-Barimt” аппликейшнийг хэрэглээнд гаргасан билээ.

Аппликейшнийг өнөөдрөөс эхлэн ‪‎iPhone, ‎iPad дээр суулгах боломжтой болжээ. Уг аппликейшнийг та гар утсандаа суулгаснаар баримт дээрх QR хэсгийг уншуулж, баримтаа шууд бүртгүүлэх боломжтой юм байна.

Аппликейшнийг дараахь линкүүдээр татаж аваарай.

App Store:https://itunes.apple.com/mn/app/ebarimt/id10715102…
Google Play:https://play.google.com/store/apps/details?id=mn.m…

Categories
мэдээ нийгэм

Бензин 50-100 төгрөгөөр хямдрах боломжтой гэлээ

Өнөөдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас мэдээлэл хийж, шатахууны үнийг 50-100 төгрөгөөр хямдруулах боломж байна гэж үзэж байгаагаа дуулгалаа.

Тодруулбал, ШӨХТГ-аас хийсэн шалгалтынхаа дүнг үндэслэн Улаанбаатар хот орчмын шатахуун түгээх станцуудаар худалдаалагдаж буй А-80, АИ-92 автобензин, дизель түлшний одоогийн үнийг бууруулах боломж байгаа гэж үзсэн байна. Тухайлбал, А-80 автобензин 50 төгрөгөөр хямдарч 1470 төгрөгөөс 1420 төгрөг болж болох гэнэ. Мөн АИ-92 автобензин 100 төгрөгөөр хямдарч 1580 төгрөгөөс 1480 төгрөг, дизель түлш 100 төгрөгөөр хямдарч 1690 төгрөгөөс 1590 төгрөгийн үнэтэй байх боломжтой ажээ. Ийм дүгнэлтийг гаргахад нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт гэв.

Categories
мэдээ улс-төр

ЭМС-ын сайдын асуудлыг хаврын чуулганаар шийднэ

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг 2015 оны 11 дүгээр сард АТГ-аас авлигын хэрэгт сэжиглэн саатуулсан билээ. Түүнээс хойш эрүүл мэндийн салбар сайдгүй байгаа бөгөөд сайдын үүргийг Шадар сайд Ц.Оюунбаатар давхар хашиж буй.

Харин сайдын асуудлыг энэ хаврын чуулганаар оруулж шийдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдсэн юм. Одоогоор ЭМС-ын сайдаар хэнийг томилох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа аж. Гэхдээ МАХН-ынхнаас сайдын суудлаа хадгалж үлдэхийн тулд энэ асуудлыг нам дотроо ярилцаж байгаа сурагтай. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ЭМС-ын сайдыг надаас өөр хийх хүн байхгүй. Гэхдээ Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллаж чадахгүй” гэсэн байна. Мөн хуучин сайдаар ажиллаж байсан Н.Удвалын нэр ч яригджээ. Нэг хэсэг МАХН-ын дарга Н.Энхбаяр Шадар сайд болж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайд болгох гэж үзсэн ч тусыг эс олсон билээ. Мөн Шадар сайд нь эрүүл мэндийн салбарыг давхар удирдаж байгаа нь буруу гэдгийг намын дэд дарга асан Д.Тэрбишдагва хүртэл мэдэгдэж байсан. Ямартай ч энэ хаврын чуулганаар ЭМС-ын сайдын асуудал нэг тийш шийдэгдэх бололтой.

Categories
мэдээ нийгэм

“Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлага хүргүүллээ

harwoniЭлэгний С вирусын эсрэг “Харвони” эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж өгөхийг хүссэн иргэдийн төлөөлөл өнөөдөр Хүн ам нийгмийн хөгжлийн яамны төрийн нарийн бичигт шаардлага хүргүүллээ. Улмаар ХАНХЯ-аас уг эмийг эрүүл мэндийн даатгалд хамруулах эсэх асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдсэн байна.

“Харвони” эм нь Монгол улсад орж ирээд удаагүй ч элэгний С вирусын эсрэг өндөр үр дүн үзүүлж буй ба эмийг хэрэглэсэн өвчтөнүүд 90 гаруй хувийн эдгэрэлтэй байгаа аж. Нэгэнт эрэлт хэрэгцээ ихтэй, эдгэрэл өндөр хувьтай байгаа учраас “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалын дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад хамруулж өгөхийг иргэд хүсчээ. Иргэдийн энэ санал хүсэлтийг үндэслэн Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюубаатар тушаал гаргаж, эрүүл мэндийн даатгалын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр авах эмийн жагсаалтад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч жиргээчидтэй уулзалт хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийгмийн идэвхтэй залуус болон нүүрном, жиргээчдийн төлөөлөлтэй уулзалт хийж байна. Он гарснаас хойш Ерөнхийлөгч гурав дахь удаагаа цуврал уулзалтаа хийж буй юм. Ерөнхийлөгч уулзалтаараа цаг үеийн асуудлын хүрээнд ярилцах бөгөөд зарим сонирхсон асуултад хариулж байна.

Тухайлбал, Мүүнтэй холбоотой асуултад хариулахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Мүүн гэдэг хүн үхсэн. Монголчууд бид хоорондоо хагаралдах хэрэггүй. Мүүнээр хийсэн нэвтрүүлгийг би үзсэн. Муу юм гэж бодож байгаа бол бушуухан сэтгэлээсээ авч хая. Монголын төр иргэнээ хамгаална. Бид иргэдийнхээ талд зогсоно. Монголчууд өөрсдийн шүтээнтэй, би өөрийн эх оронтой, аав, ээжтэй, шүтээнтэй хүн. Мүүнтэй гар бариад Мүүн болох юм уу. Би Ерөнхийлөгч болоод тэр хүнтэй уулзаагүй. Өмнө нь түүнтэй уулзсан. Та нэг уулзаад өгөөч гэхэд нь уулзаж гар барьсан. Өнөөдөр нэг зураг бариад хэнийг ч юу ч гэж хэлж болно. Та нар зураг аваад сууж байна. Үүнийгээ эвлүүлээд юу ч гэж хэлж болно биз дээ. Одоо 1990 он биш ээ” хэмээв. Энэхүү уулзалтыг Ерөнхийлөгчийн албан ёсны твиттер хуудас болон нүүр номоор шууд дамжуулж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Малайзын онгоцны үлдэгдэл мөн гэв

Австралийн тээврийн сайдын хэлснээр Мозамбик, Өмнөд Африкаас олдсон хэсгүүд алга болсон онгоцны үлдэгдэл мөн гэнэ. Шинжилгээнд явуулсан хоёр хэсгийн нэгийг нь Өмнөд Африкаас нэгэн жуулчин олсон бол нөгөөг нь Мозамбикаас олсон юм.

Онгоцны хэсгүүд өөр өөр газраас олдсон нь онгоц далайд осолдож, эвдэрч сүйрсэн хэсгүүд нь далайн давалгаанд түрэгдэн өөр өөр газарт хүрсэн гэдэг таамаглалыг шинжээчид дэвшүүлж байгаа юм. 239 зорчигчтой онгоц 2014 оны гуравдугаар сард сураггүй болсон билээ. Малайзын Куала Лумпураас Бээжинг чиглэн нисч явсан онгоц чиглэлээ өөрчилснөөс хойш сураг тасарсан бөгөөд Энэтхэгийн далайд осолдсон байж болзошгүй гэдэг таамаг дэвшүүлсэн юм. Онгоцонд юу тохиолдож, зорчигчид, нисэх багийнхан хэрхсэн нь нууцлаг оньсого болж үлдсэн билээ. Онгоцноос нэг ч хэлтэрхий олдоогүй байгаа бөгөөд Өмнөд Африк, Мозамбикаас олдсон хэсгийг алга болсон онгоцны хэсэг байж магадгүй гэж таамаглаж байгаа юм. Австралийн шинжээчид онгоцны үлдэгдлийг шинжлээд агаарын тээврийн Боинг 777 онгоцны загвартай таарч байгааг тогтоосон юм. Шинжээчид эцэст нь хоёр хэсэг хоёулаа алга болсон MH370 онгоцны үлдэгдэл мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.Эрлийн ажиллагааг дахин үргэлжлүүлэхээр болсон бөгөөд Энэтхэгийн далайд 25,000 км – ийн радиуст самналт хийх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Ой хээрийн түймрээс сэргийлэхийг үүрэг болгожээ

Харвын хуурайшилт эхэлж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дарга ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгавар гаргажээ. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 16 аймгийн 114 суманд 354 удаагийн ой хээрийн түймэр гарч, 45,6 мянган га ой, 6602 мянган га хээр, нийт 6.6 сая гар талбай шатсан байна. Ой хээрийн түймрийн улмаас ард иргэд, аж ахуйн нэгжид 3.3 тэрбум төгрөг, экологид 59.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахын тулд 517.9 сая төгрөгийн зардал гарчээ.

Ой хээрийн түймрийн аюулыг дахин давтахгүй байх, гал түймэр гарахаас өмнө сэргийлэх үүднээс аймаг сумдын ОБГ-уудад онцгойлон даалгавар өгчээ. Мөн ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж галыг аюулаас өөрийн болон бусын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал ахуйгаа хамгаалах анхан шатны мэдлэг олгоход ч анхаарах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн эмнэлгийн нэгдсэн цогцолбор ашиглалтад оров

Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг өчигдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ. Энэхүү цогцолбор барилгыг 2011 оноос хойш барьж эхэлсэн бөгөөд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байсан аж. Барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсан юм байна. Барилгын явцтай өнгөрсөн арван нэгдүгээр сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан танилцахдаа барилга гүйцэтгэгч талыг ажлаа шуурхайлж, ашиглалтад өгөх хугацааг богино байхыг сануулж байсан юм. Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилга нь А,Б,В гэсэн блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заал байхаар төлөвлөн барьжээ. Шинэ эмнэлэгт Австрын талаас хөнгөлөлттэй зээлээр авсан 17 тэрбум төгрөг бүхий тоног төхөөрөмж, рентген аппаратаар тоноглосон аж. Тоног төхөөрөмж дээр ажиллах алба хаагчдаа ч сурган мэргэшүүлсэн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Золбин нохой, муур устгах зардлыг нэмнэ

Нийслэлийн Засаг дарга болон, дүүргийн Засаг дарга нарын зөвлөлийн хурал өчигдөр болж, хурлаар золбин нохой, муур устгалын талаар хэлэлцлээ.

Золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нохой, муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна. Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар золбин нохой, муур устгах ажлыг 2014 оны 04 дүгээр сараас хариуцан ажиллаж байгаа бөгөөд “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ 2015 оны 8 дугаар сараас эхлэн устгалын ажлыг давхар зохион байгуулж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал одоо хүрэлцэхгүй байгаа гэдгийг дүүргийн дарга нар онцолж байлаа. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ болон дүүргийн ЗДТГ-аас золбин нохой, муур устгах зардлыг нэмэх саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд удаа дараа ирүүлжээ.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын төвд нохой, муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаар худалдан авах, уургалан бариад нэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийх шаардлагатай байгаа учраас золбин нохой, муур устгах үнийг 12000 төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Энэхүү саналыг НИТХ-д өргөн барьж, НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор батлах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон зарласан байдаг. Сүрьеэ өвчнийг анх 1882 оны энэ өдөр Германы микробиологич Роберт Кох уг өвчний үүсгэгчийг нээж байжээ. Сүрьеэ нь агаар дуслын замаар халдварладаг, савханцараас үүсдэг өвчин юм. Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд уг өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн ба насны хувьд залуужиж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Мөн манай улсын хүн амын дунд хамгийн их тохиолддог халдварт өвчлөлүүдийн нэг юм.