Categories
мэдээ нийгэм

Улаан бурханы дэгдэлт хүн амын дархлаа суларсантай холбоотой гэв

Өнөөдөр Шадар сайд бөгөөд ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа. Тэрээр улаан бурхны тархалтыг хэрхэн зогсоох, эмчилгээг хэр үр дүнтэй байлгах талаар эмч, мэргэжилтнүүдтэй ярилцсан юм. Намжаад байсан Улаан бурхны дэгдэлт өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн дахин сэргэж, бага сартай буюу 0-8 сартай, 15-28 насны залуучууд энэ халдвараар өвдөх нь нэмэгдсэн. Иймээс улаан бурхан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх вакциныг халдварын голомтод буй иргэд заавал хийлгэх шаардлагатайг Халдварт өвчлөл судлалын үндэсний төвөөс санууллаа.

Улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод их байгаа аж. Мөн хүн ихээр зорчдог Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа гэнэ. Улаан бурхнаар өвдсөн хүний эргэн тойрны хүмүүст халдварын эсрэг вакцин хийж чадвал уг өвчлөлийн халдварыг устгах боломжтойг онцолж байв. Улаан бурхны халдвар дахин дэгдсэн нь хүн амын дархлаа суларсантай холбоотой гэж тайлбарлалаа. Иймээс дархлаа нь суларсан болон өмнө нь огт халдварын эсрэг вакцинд хамрагдаж байгаагүй иргэн бүр улаан бурхны эсрэг тариаг хийлгэх шаардлагатай байгаа аж. Он гарсаар бага насны зургаан хүүхэд улаан бурхны халдвараар өвдөж, өвчнөө дийлэлгүй таалал төгсчээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар нийт 323 өвчтөн Улаан бурхнаар өвдлөө гэж тусламж авахаар хандсан байна. Үүнээс 64 өвчтөн нь заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж эмч нар үзжээ. Үлдсэн 259 өвчтөн нь гэрээр эмчлүүлж байгаа гэнэ. Энэ он гарсаар улсын хэмжээнд нийт 11400 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, үүнээс 22 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол туургатны миссүүд нярайн тасгийг тохижуулах 10 сая төгрөгийг цуглуулжээ

-МОНГОЛ ТУУРГАТНЫ ШИЛДЭГ МИСС ЭНЭ САРЫН 27НД ТОДОРНО-

“Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй “Монгол туургатны мисс”-ийн тэмцээн Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Халимаг, Тува, Буриад, Өвөрмонгол, Монголын төлөөлөл 20 бүсгүй оролцож буй бөгөөд тэмцээнийг Мисс модель, Мисс фото, Мисс авьяас, Мисс бикини, Мисс үндэсний хувцас, Мисс гүүдвил гэсэн зургаан төрлөөр явуулж, олон улсын миссийн тэмцээний жишгээр шилдгүүдийг шалгаруулах юм.

Тус тэмцээний “Мисс Гүүдвил” номинацийн хүрээнд “Сүүн дусал” сайн үйлсийн аян зохион байгуулагдах болсоноо өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Аянаар Хоёрдугаар амаржих газрын нярайн тасгийг олон улсын стандартын дагуу тохижуулах аж. Тус аянд Монголын үндэсний томоохон үйлдвэрүүдтэй хамтран зураг төслийг нь гарган ажиллаж байгаа бөгөөд нэг өдрийн цалингаа хандивлаж байгаа юм. Тасгийг тохижуулахад нийт 32 сая төгрөг шаардлагатай байгаа ч одоогоор 10 гаруй сая төгрөг цугларсан байна. Хандивыг өнөөдөр тус амаржих газрын удирдлагуудад хүлээлгэн өгөх юм байна.

Тэмцээний эцсийн шалгаруулалт 27-нд “Сorporate hotel and convention centre”-т 19:00 цагаас болно.

Ж. Хулан

Categories
мэдээ соёл-урлаг

“Дэлхийн цирк Монголд” тоглолтоор арслан морь унаж үзүүлнэ

Монголын Үндэсний циркт энэ сарын 26-наас буюу бямба гаригаас эхлэн “Дэлхийн цирк Монголд” циркийн үзүүлбэр тоглогдох билээ. Энэ тоглолтыг манай улсад жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын авьяаслаг циркчид өөрсдийн үзүүлбэрээ толилуулдаг. Энэ жилийн хувьд гурван одой морь, хоёр арслан, сармагчин, лам гөрөөс зэрэг амьтад оролцохоор ирсэн байна. Эдгээр амьтныг Казахстан улсын нийслэл Астанагийн циркээс авчирсан аж. Түүнчлэн тус тоглолтод АНУ, Англи, Франц, Испани, Бразиль, Бельги, Өмнөд Африк, БНХАУ, ОХУ зэрэг 15 орны 60 гаруй циркчин оролцохоор иржээ. Дашрамд, энэ удаагийн тоглолтын хамгийн сонирхолтой үзүүлбэрүүдийн нэг нь сургуулилалттай арслангууд морь унах аж. Эдгээр арсланг Казахстаны циркчид 10 гаруй жил сургажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 7.2 сая ам.доллар нийлүүлэв

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах, 4.5 сая юань зарах санал ирүүлжээ. Харин Монголбанк 2050.05 төгрөгийн нэг ханшаар 7.2 сая ам.доллар, 314.55 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүлсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 9.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас саналыг 100 хувь биелүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдээр хар тамхи зөөсөн бүлэглэлийг илрүүлжээ

Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бүлэг этгээдүүдийг өчигдөр саатуулжээ.

Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын дөрвөн иргэн хар тамхи, мансууруулах төрлийн бодисуудыг зохион байгуулалттайгаар нэвтрүүлсэн гэмт хэргийг эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс илрүүлсэн байна. Сэжигтэн этгээдүүдийг саатуулах үед мөс, кокайн зэрэг мансууруулах бодис тээвэрлэж байсан аж. Тэднийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

“Хан ресурс”-т төлөх 70 сая ам.долларыг төсвөөс гаргана

Сангийн сайд Б.Болор өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ “Хан ресурс” компанийн нөхөн төлбөрт өгөх 70 сая ам.долларыг улсын төсвөөс гаргах болсныг мэдэгдэв. Төсвийн орлого төвлөрүүлэлт оны эхний хоёр сарын байдлаар 90 гаруй хувьтай байгаа аж. Мөн Засгийн газар гадаад зах зээлээс жилийн 7.2 хувийн хүүтэй 250 сая ам.доллар зээлсэн билээ. Түүнийгээ өмнөх 16-20 хувийн хүүтэй авсан зээлийг төлөхөд зарцуулах юм байна.

Сангийн сайдын хийсэн мэдээллийн дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы дугаараас хүлээн авч уншаарай.

Categories
мэдээ улс-төр

Д.Зоригт “Сайдын цаг”-т оролцов

Эрчим хүчний сайд Д.Зоригт салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах чиглэлээр болон шинээр хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо хамтраад системийн зангилаа хэсэг болгон дээр зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж, ашигтай ажилласан гэнэ.

Мөн Хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг батлуулсан. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг УИХ-ын тогтоолоор батлуулсан гэж салбарын сайд хэллээ.

“Дулааны цахилгаан станц-4”-ийн суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2012-2015 онд, “Дулааны цахилгаан станц-3”-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх төслийг 2013-2015 онд хэрэгжүүлж ашиглалтад оруулснаар цахилгаан, дулааны эрчим хүчний өсөлтийг дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хааж ажиллах боломж бүрдсэн төдийгүй, өвлийн их ачаалалд “Дулааны цахилгаан станц-4” дээр нэг турбингенератор, нэг зуух бэлтгэлд байхаар горим төлөвлөлтийг хийгээд байгаа аж.

“Амгалан” дулааны станцын барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, Улаанбаатар хотын зүүн хэсгийн хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа. Мөн дулааны шугам сүлжээг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажлууд хийгдсэн. Тухайлбал, Дорнод аймгийн Мардай-Чулуунхороот сумын 35 кВ-ын 160 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10 кВ-ын дэд станц, Халх гол сумын 35 кВ-ын 127.1 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15 кВ-ын дэд станцыг ашиглалтад оруулж, Хэнтий аймгийн төвийн 110/35/10 кВ-ын “Өндөрхаан” дэд станцын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэжээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

М.Хүдэрбаатар: АН-ынхан хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөхийн төлөө ажиллах боломжтой байсан

“Нүүрс ” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд давж заалдах шатны шүүхээс 3.6 жилийн ял оноогоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан Н.Алтануягийн зөвлөхөөр ажиллаж байсан М.Хүдэрбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Өмнө нь намайг Н.Алтанхуяг сайдын үед зөвлөхөөр ажиллаж байхад Л.Гансүх нь ахлах зөвлөхөөр ажиллаж байсан. “Нүүрс” хөтөлбөрийг бид хамтран эхлүүлсэн. Ганцхан ахлах зөвлөхөд хариуцлага тооцож болохгүй. Хэрвээ үнэхээр хариуцлага тооцох гэж байгаа бол бусад зөвлөхүүдэд хамтад нь хариуцлага тооцох нь зүйтэй. Шүүх хурал үнэн зөвийг тогтоочих байх гэж итгэж найдсаны үндсэн дээр бид шударга үнэн шийдвэр гарна гэж итгэж байлаа.

“Нүүрс” хөтөлбөр ард түмэнд хамгийн үр дүнтэй хэрэгжсэн. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр 46.7 тэрбум төгрөгийг ард түмний халааснаас хэмнэж чадсан. Багануурын уурхай анх удаа ашигтай ажилласан. Хөгжлийн банкнаас хамгийн хямд хүүтэй зээл олгуулж байсан. Өнөөдөр энэ хэрэгт ямар ч хохирогч байгаагүй. Ямар ч хохирсон хүн албан байгууллага байхгүй. Энэ бол хохирогчгүй зохиомол хэрэг. Зохиомол хэргээр ял оноосонд гайхаж байна. Одоо бидэнд хуулийн гарц байгаа гэж итгэж байна. АН төр барьж байгаа энэ үед өөрсдийнхөө хийсэн ажлыг харлуулж байна. Энэ нам өөрсдийнхөө байдлыг харуулж байна. Өчигдөр АН-ынхан хичээл зүтгэл гаргаад Л.Гансүх зөвлөхийг цагаатгахаар ажиллах боломжтой байсан. Олон нийт АН-ыг харж байсан” гэж байр сууриа илэрхийлэв.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
энтертаймент-ертөнц

Америкийн төрийн тэргүүн танго бүжиглэжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Кубад хийсэн айлчлалынхаа дараа Аргентин улсыг зорьсон билээ. Өчигдөр Аргентиний Ерөнхийлөгч Маурисио Макри АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг гэргий Мишелийн хамт хүндэтгэлийн оройн зоогонд урьсан байна. Энэ үеэр нэгэн бүжигчин бүсгүй Америкийн төрийн тэргүүнийг танго бүжгэнд урьсан аж. Обама бага зэрэг эргэлзсэн боловч мэргэжлийн бүжигчний урилгад татгалзаж чадаагүй гэнэ. АНУ-ын тэргүүн хатагтай ч мөн энэ үеэр бүжгийн талбайд гарчээ. Гэвч зоогонд уригдсан зочид Обамаг илүү чадварлаг бүжигчин хэмээн үнэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Түвшинжаргалыг үргэлжлүүлэн хорихоор болжээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээс УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгах шийдвэр гаргаад байсан. Тэгвэл түүний давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан байна.

Г.Түвшинжаргал нь өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлахаар болж буйгаа мэдэгдээд байгаа юм.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН