Categories
мэдээ нийгэм

Маргааш АНУ-ын элчин сайдын яамны вэбчатаар сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой

АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэл өгөх цахим уулзалт буюу вэбчатаар иргэд сонирхсон асуултандаа хариулт авах боломжтой олгож байна. Цахимаар шууд харилцах эхний вэбчат гуравдугаар сарын 25-ны баасан гаригт 15:00-16:00 цагийн хооронд АНУ-ын элчин сайдын яамны фэйсбүүк хуудсаар явагдах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Нохойд хазуулсан 6000 гаруй хүн вакцинд хамрагджээ

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6451 хүн галзуугийн сэжигтэй мал, амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдсанаас 6436 нь нохойд хазуулсны улмаас вакцин хийлгэсэн байна. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг бөгөөд өвчний үүсгэгч нь зэрлэг болон тэжээвэр амьтдаас халдварладаг. Халдвар тээгч болон өвчилсөн амьтдад хазуулахад вирус нь гэмтсэн арьс салстаар дамжин хүний биед нэвтрэн орж, мэдрэлийн тогтолцоог гэмтээж, тархи нугас, шүлсний булчирхайд хуримтлагдаж, улмаар өвчлөл үүсгэдэг байна. Хүнд тохиолдох галзуу өвчний нууц үеийн хугацаа 12-120 хоног үргэлжилдэг бөгөөд шархны хэмжээ, байрлалаас хамаарч нууц үеийн үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байдаг. Хүнд галзуу өвчний шинж тэмдэг нь гэрэл, ус, дуу, чимээнээс айх, нойргүйдэх, зан авир өөрчлөгдөх, шүлс гоожих зэрэг өвөрмөц шинж тэмдгүүд илэрсэн бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмийн сангуудаас мөнгө залилж авсан этгээдийг эрэн сурвалжилж байна

Энэ сараас эхлэн 20-25 орчим насны үл таних эрэгтэй өөрийгөө “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын ахлах эмч зүйч Д.Энхтүвшин” гэж танилцуулан, хуурамч үнэмлэх үзүүлж, шалгалтаар явж байна гэх нэрийдлээр нэр бүхий эмийн сангуудаас тодорхой хэмжээний мөнгийг залилан мэхэлж авчээ. Тэрбээр “Жор баригчдыг хүнд буруу эм өгсөн гэсэн гомдлоор явж байна. Асуудлаа одоо энд шийдвэл шийд. Эсвэл эрхийг чинь хаслаа” гэж мөнгө нэхэмж дарамталсан байна. Иймд сэжигтэй тохиолдол илэрвэл Нийслэлийн Цагдаагийн газар (утас: 102, 7012-1002), Нийслэлийн Эрүүл мэндийн газар (Утас: 324124. 320981. 325076.) дугаарын утсанд хандахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Их дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийг тогтоон, их, дээд сургуульд элсэн орох босго онооны хамт олон нийтэд зарлахыг зөвлөжээ.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өмчийн бүх төрөлд хамрагдах 20 гаруй томоохон их, дээд сургуулиудад зөвлөмж хүргүүлжээ.

Уг зөвлөмждөө

” 1. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид мэргэжлээ сонгоход үнэн зөв мэдээлэлтэй болсон байна.

2. Сургалтын төлбөр, сургуульд элсэх босго оноо элсэгч бүрт нээлттэй болсон байна.

3. Эцэг, эхчүүд, оюутнууд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө бэлдэх боломж бүрдэнэ.

4. Их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжаанд дэвшин орох оюутнууд хавар сургууль төгсөхдөө сургалтын төлбөр хэрхэн өөрчлөгдөх талаарх мэдээлэлтэй болсон байна.

Ингэснээр хавар их, дээд сургуулиуд ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлтийг нийтэд мэдээлж, элсэгчдэд үнэн бодит мэдээлэл өгснөөр намар хичээлийн жил эхлэх үед эцэг, эх, оюутнуудаас гаргадаг сургалтын төлбөртэй холбоотой өргөдөл, гомдол гарахгүй болно гэж бид үзэж байна. Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиуд сургалтын төлбөрийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмдэг байсан. Энэ жилийн хувьд инфляцийн өсөлтийн хэмжээ маш бага байгаа тул 2016-2017 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх гэж найдаж байна” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Бямбацогт, Ч.Ундрал нарын тоглосон “Урилга” кино Хятадад гарч эхэллээ

Монгол болон Өвөр Монголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Урилга” уран сайхны киноны нээлт Хөх хотын “Ванда” кино театрт өнгөрөгч сарын 19-нд болж, БНХАУ-ын кино театруудаар гарч эхэллээ. Энэхүү кино нь хятад хэл дээр гарч буй бөгөөд гол дүрд СТА, жүжигчин Д.Бямбацогт, СТА, жүжигчин, Ч.Ундрал, кино зохиолч, найруулагч Х.Дотно нар тоглосон бол ерөнхий найруулагчаар Х.Хасболд, туслах найруулагч, зураглаачаар В.Отгонзоригт нар ажиллажээ. Мөн зургийн даргаар Б.Чармайлт, продюсерээр Насанбуян ажилласан байна.

“Урилга” киноны найруулагч Х.Хасболд киногоо бүтээснийхээ дараагаар өөд болсон тули бүтээлчид түр хугацаанд киноны нээлтээ хийлгүй завсарлаж байгаад ийнхүү нээлтээ хийжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг”-үүдийн хичээл ирэх сарын 1-нд эхэлнэ

Гурав дахь удаагаа хэрэгжиж буй “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл маргааш дуусна. Одоогийн байдлаар бүртгүүлэгсдийн тоо их байгаа бөгөөд онолын хичээлүүд ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс эхэлж, хагас, бүтэн сайн өдрүүдэд хичээллэх юм байна.

Энэ жил “Оюутан–цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд орон нутагт хэрэгжүүлэхээр болсоноороо онцлог болж байгаа юм. Ингэхдээ нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний хөдөлгөөн зуны цагийн хуваарьт шилжинэ

Галт тэрэгний хөдөлгөөнийг энэ сарын 26-ны 02:00 цагаас эхлэн зуны цагийн хуваарьт шилжүүлэх юм байна.

Улаанбаатар-Сайншанд чиглэлийн цагийн хуваарьт мөн өөрчлөлт орж, 286 дугаар галт тэрэг Улаанбаатараас 10:15 цагт явж, Сайншандад 19:57 цагт очих юм.

Харин Сайншанд-Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг Сайншандаас 21:27 цагт хөдөлж, Улаанбаатарт 07:35 цагт ирнэ.

Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн 276 дугаар галт тэрэг Улаанбаатараас 17:30 цагт явж Сайншандад 01:59 цагт хүрч, тэндээсээ 02:49 цагт цааш хөдлөн Замын-Үүдэд 07:40 цагт хүрнэ.

Мөн Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэрэг 18:15 цагт Замын-Үүдээс хөдөлж, Сайншандад 23:15 цагт ирж, 23:55 цагт явж Улаанбаатарт 08:55 цагт ирэх юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе”

Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг дэлхийн улс орнууд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. ДЭМБ-аас жил бүр тодорхой уриатайгаар тэмдэглэдэг энэ өдрийг манай улс “Сүрьеэгүй Монголын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэж байна. 2015 оны статистик мэдээгээр сүрьеэгийн нийт 4270 шинэ тохиолдол, түүний дотор халдвартай хэлбэрийн сүрьеэ 1814 бүртгэгдсэн байна. Шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн өвчлөлийн 9 орчим хувийг хүүхдийн сүрьеэгийн өвчлөл, 67 хувийг 15-44 насныхан, 55.3%-ийг эрэгтэйчүүд, 44.7%-ийг эмэгтэйчүүд тус тус эзэлж буй бөгөөд эдгэрэлтийн түвшин 79.5 хувь, эмчилгээний амжилт 84.3% байна.

Түүнчлэн хүмүүсийн сүрьеэ өвчний талаарх мэдлэггүй байдал, эмээ тогтмол хугацаанд эмчийн зааврын дагуу уухгүй байх нь эмэнд дасалтай сүрьеэтэй болоход хүргэдэг байна. 2013 оноос ийм төрлийн сүрьеэг түргэн оношлох бололцоо бүрдсэн бөгөөд 2015 онд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн 243 шинэ тохиолдлыг оношилж, үүнээс 207 тохиолдлыг эмчилгээнд хамруулжээ.

Өнөөдөр Дэлхийн Сүрьеэтэй тэмцэх өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ, Глобаль сан зэрэг холбогдох байгууллагууд хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өгсөн юм. Уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл манай улсад 2003 оноос хэрэгжиж эхэлсэн энэ оны зургадугаар сарыг дуустал зургаан удаагийн төслийг хэрэгжүүлж дуусгах юм.

СҮРЬЕЭ ӨЧНИЙ ТАЛААРХ ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГЭЖ БАЙНА

Сүрьеэ өвчний шинж тэмдэг Хүний биеийн эсэргүүцэл суларвал сүрьеэгийн нян үржин, сүрьеэгээр өвчилдөг байна.

Шинж тэмдэг:

  • Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түүнээс дээш) ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цусаар ханиалгах
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх

Мөн түүнчлэн сүрьеэгийн нян нь цусаар бусад эрхтнүүдэд тархан яс, булчирхай, тархи нугасны сүрьеэг үүсгэж болно. Энэ хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс нь бусад хүмүүст халдвар тараах аюулгүй байдаг байна.

Эмчилгээ:

Сүрьеэгийн эм ууж эхлэхэд өвчин үүсгэгч нянгууд устдаг ч “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог аж. Сүрьеэгийн эмчилгээ нь эмчилгээний 2-3 сар, хоёр дахь шатны 4-6 сар үргэлжилдэг. Дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг доорх 5 эмийг хэрэглэдэг байна.

Изониазид– Сүрьеэгийн нянг устгана.

Римфампицин– Дээрх эмтэй хамт хэрэглэвэл сүрьеэгийн нянг устгах үйлчилгээ нь хүчтэй болдог.

Стрептомицин– Уушгинд үүссэн нянг устгана.

Пиразинамид– Эрчимт эмчилгээний шатанд хэрэглэнэ.

Этамбутол– Сүрьеэгийн эсрэг эмүүдэд дасалтай болохоос урьдчилан сэргийлнэ.

Сүрьеэгээс сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага, иргэний нийгэм, хувийн салбар болон хэвлэл мэдээллийн салбар хамтран ажилласнаар сүрьеэ өвчнөөс сэргийлэх ажил үр дүнд хүрч болохыг ДЭМБ-аас онцолж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Орон даяар гамшгийн дуут дохиог дуугаргалаа

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажиллуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг.

Энэ жилийн дуут дохиог сая 16.00 цагт дуугарлаа. Энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой. Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог учраас иргэд өөрийгөө болон гэр бүл, ойр дотнын хүмүүсээ авран хамгаалах, бусдад туслах мэдлэг чадвар эзэмшсэн байх ёстой учраас ийн дуут дохио дуугарадаг болсон юм.

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцдог билээ. Улаанбаатар хотын ажилчид албан хаагчид уг дохиог дуугарах үеэр ажлын байрнаасаа гарч хэсэг зогслоо.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Дорнод аймагт ажиллаж байна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорнод аймагт ажиллаж байна. Тэрээр зарим төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзалт хийх бөгөөд аймгийн удирдлагууд цаг үеийн ажил байдлаа танилцуулах аж.

Өнөөдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн шинэ барилгын ажлын явц, “Зүүн бүсийн эрчим хүчний систем” ТӨХК, Хэрлэн сумын 10 дугаар багт баригдсан 7 дугаар цэцэрлэг, Баянтүмэн сумын Эрүүл мэндийн мэндийн төв, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана. Харин маргааш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймагт ажиллах бөгөөд аймгийн эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, худалдааны төв, “Боловсрол” хороололтой танилцах аж. Мөн Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзалт хийх юм байна.