Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн нагац ах генерал П.Сүндэвийнхээ талаар манай сонинд зориулан бичиж ирүүлсэн хөрөг–эсээг нийтэллээ.
Хүүхэд байхад минь хүмүүс “Молодец”, “Мужик” гэдэг орос үгийг яриандаа их хэрэглэдэг сэн. Харин надад, яагаад ч юм бэ, энэ хоёр үгийг сонсохоор нагац ахын минь тухай ярьж буй юм шиг, зөвхөн түүнд зориулагдсан харь үг шиг л санагддаг сан. Хүүхдийн төсөөлөл баялаг хойно, ахыгаа санах бүрийд уул шиг ханагар эр хүний хүчирхэг, том эрхий хуруу гозойн “молодец” гэж надад хэлж буй нь нүдэнд харагдана.
Нагацыг дээдлэх монгол ухаан эртнээс улбаатай. Багад ам минь гэмтэхэд ээж халаглаж “Хн, хөдөө байсан сан бол нагацын морины халуун амгайгаар л эдгээчихнэ шүү дээ, хотын амьдрал ч хогийн юм аа даа” хэмээн үглэхэд нь гайхаж билээ. Морины шүлсэнд эдгээх шид учир нь байсан юм санж. Гэхдээ чухам яагаад авгын биш нагацын гэж. Үнэхээр гайхдаг сан. Ураг төрлийн холбоон дотор хүн угаасаа эхийн талдаа арай илүү элгэмсүү явдаг. Учир нь хүүхдийг гардаж өсгөдөг нь ээж хүн болохоор эхийн садантай байнга уулзаж учирч, илүү дотносдогоос тэр биз.
Тав, зургаа орчим настай байхдаа, байрны минь дээгүүр онгоц нисэх бүрийд дүүтэйгээ хөтлөлцөн, дагаж гүйгээд “Сүндэв ахын онгоц доо, Сүндэв ахын онгоц доо!” гэж дуулах нь холгүй, тэнхээ мэдэн хашгирч, хөгжилддөг сөн. Учир нь ах тэр үед Москвад цэргийн сургуульд сурч байсан юм. Нагац маань СССР гэдэг улс руу сурахаар явсныг, онгоц тийшээ л нисдэг гэдгийг дуулаад “далавчтай энэ машин Сүндэв ахын л унаа” гэж боддог байж. Ээж минь өглөө бүр цайны дээж, сүү өргөхдөө үр хүүхэд бидэнтэйгээ хамт дүүгээ ерөөдгийг мэддэг болсоор лавтайяа дөчин жил болжээ. Сүндэв ах бол эхийн минь талын удмын ТУГ болсон хүн. Учир нь түүний амьдрал бүхэлдээ дэрвэж байгаа далбаа, дээр өлгөсөн туг шиг ээ. Энэ туг хэзээ ч бөхийж байсангүй. Үргэлж бодсоноороо амьдарч, мөрөөдсөндөө хүрч, эхэлсэн ажил бүрээ ягштал гүйцээж ирсэн хүн билээ, тэр. Нагац ах маань багаасаа л хүний хайрыг татсан ухаалаг зантай, гэрэлтсэн сайхан царай төрхтэй, бусдын дэмжлэг үргэлж дэргэд нь явдаг азтай, одтой нэгэн байж. “Бүгд л Сүндэвт сайн байдаг сан” гэж ээж минь бахархан ярьдаг. “Багын л их ухаантай хүүхэд байсан юм шүү, нэг удаа тоглож яваад хашааны араас арван төгрөг олсон юм, би чихэр авч идье гэсэнд Сүндэв -Үгүй, ээжид өгнө гээд тас атгачихаад, үнэхээр л эмээд чинь аваачаад өгчихсөн дөө. Муу ах чинь тэгэхэд дөнгөж тав, зургаатай л байсан юм шүү дээ” гэж ээж инээмсэглэн дурсана.
Нэг удаа Сүндэв ах Дарханд ирлээ. Оюутны амралтаараа л даа. Тийм гоё ахыг манай тэр хавийнхан анх удаа үзсэн биз ээ. Цэргийн дүрэмт хувцсаа ном ёсоор нь өмссөн эр хүн хичнээн гоё харагддаг билээ дээ. Дээр нь, манай нагац гойд царайлаг, нуруулаг сайхан хүн тул нүд гялбуулна. Москвагийн оюутан, тэгээд бас дүрэмт хувцастай эр! Ээжтэй хамт ажилладаг эгч нар харах гээд гүйлдэж байсныг би яахин мартах. Тэгж нэг ирэхэд нь л болсон явдал санаанаас минь гардаггүй юм.
Ах маань эгчтэйгээ оройжин шивнэлдчихээд, ээжийн задалсан шил юмнаас ганц хоёр хундага тогтоогоод бага зэрэг халамцав. Ингээд дуу нь чангарч, биднийг өмнөө цэрэг шиг л жагсаалаа даа. Хүүхдүүд бид хичээлийн дүнгээ, бас авьяасаа шалгуулах юм болов. “Энэ их эвлэгхэн дуулдаг” гэж ээж намайг рекламдлаа. Өө, би ч ахаараа магтуулах санаатай дуулж гарлаа шүү.
Нэг харсан чинь нагац маань чив чимээгүй уйлж байх нь тэр ээ. Харсаар байтал, нэг том дусал нулимс бөмбөрөөд уруул дээр нь очоод тогтов. Аав маань өнгөрөөд удаагүй байсан тул аавын тухай дууг цангинатал дуулах жижигхэн охиныг хараад элэг нь эмтэрчээ. Би сандран дуугүй болсонд ах гэнэт босч ирээд намайг сэвхийтэл өргөж мөрөн дээрээ суулгав. Ингээд дороо эргэлдлээ. Анх удаа би өндөрт гарах нь тэр ээ! Гэрийн маань хамгийн том тавилга болох, наддаа л хязгааргүй өндөр санагддаг асан номын шүүгээний дээд талыг анх удаа харав даа. Ах эгчийн дүү нараасаа нуудаг бүхэн тэнд эрийтэл өрөөстэй. Толгой ч эргэх шиг. Дүү охин маань хашгиран, барьцан, ахын хөлөөс зүүгдэн, чаргууцалдлаа. Би хязгааргүй жаргалтай болж, тасралтгүй инээгээд л, инээгээд л, инээгээд л байсан сан. “ӨНДӨРТ” би ингэж л дуртай болсон юм. Дээрээс юмыг харах дэргэдээс нь үзэхээс арай өөр! Доороос нь харахаас бүр ч өөр! “Ахыгаа дагаад дуулаарай” гэж нагац маань хэлэх шиг болов. Ингээд л нагацынхаа мөрөн дээр суусан чигээрээ, мэдэх мэдэхгүй орос, монгол дуунуудыг сонсголоороо дагаад дуулж байж билээ. Оройжин намайг буулгаагүй. Миний анхны өндрийн аялал, анхны “тайз” нагацын маань мөр байсан даа.
Оюутан болоод би сонинд сурвалжлагчаар ажиллах болов оо. “Ардын эрх” бол тэр үед “төрийн төв хэвлэл” гэдэг статустай, Засгийн газрын ордонд байрладаг, босго өндөртэй, том сонин байв. Ажилтай болсноо ахдаа хэлж амжихгүй л яваад байлаа. Нэг өдөр сонины өглөөний хурал дээр ийм яриа болов оо, “Монгол генералууд” гэсэн цуврал эхэлье. Сүндэв генералаар эхэлбэл ямар вэ. Мундаг хүн гэлцэх юм, сайхан ч залуу. Зураг хөрөг нь ч чимээд өгөх биз. Даанч ярилцлага өгдөггүй гэсэн. Яриа авч чадах хүн байна уу?”
Би бушуухан гараа өргөлөө. Бүгд гайхаж байх шиг. Шив шинэхэн сурвалжлагч яаж тэр даргаас яриа авах юм бол гэж бодоо биз. “Манай нагац” гэж хэлсэнгүй ээ. Дарга нараас яриа авч чаддаг мундаг хүн болж харагдах гэсэндээ л тэр байх. Ашгүй, Тогосоо эгч зөвшөөрөл өгөв. Бөөн баяр хөөр болсоор нагацынхаа гэр рүү гүйчихлээ дээ. Гэвч хөөрсөн сэтгэл минь шалчийтлаа унтрав. Нүүр рүүгээ хүйтэн ус цацуулчих шиг л боллоо. Ах намайг ажилтай болсонд баяртай байгаа шинжтэй, орос тэмдэглэлийн дэвтэр бэлэглээд, “сайн бичээрэй” гэв. Тэгээд л болоо. Бүх яриа дуусав. “Ярилцлага өгчих л дөө” гэж янз бүрийн арга хэрэглэн гуйсанд авч хэлэлцсэнгүй. “Удаж удаж бараагаа ганц харуулчихаад юу яриад байгаа юм чи, орой болсон хойно хаачих гээд байгаа юм, дуугүй, хоноод яв” гэв ээ. Угаасаа Сүндэв ах ийм маягаар л ярина. Ярианы өөр хэв маяг мэддэггүй. Монгол хэлний өгүүлбэр зүйн нэршлээр тайлбарлах юм бол, ямагт “тушаан захирах” төлөв дээр.
Хожим би өөрөө ярилцлагаас зугтдаг болсон хойноо л, нэг удаа манайхыг зорьж ирсэн залуухан сурвалжлагчийн царай хэрхэн барайхыг хараад гэнэт энэ явдлыг санаж бид хоёрт адил төстэй зан чанар байдгийг олж харсан юм. Ах маань улсын хилийг хамгаалах онцгой сайхан салбарт насан туршаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрүүл мэндээ умарттал зүтгэсэн ч өөрийнхөө тухай хэзээ ч ярьж, сурталчилж яваагүй. Батлан хамгаалах салбарт ажилладаг хүмүүсийн ихэнх нь ийм л байдаг. Угаасаа ч хөдөлмөрч хүмүүст ярих зав байдаггүй л дээ. Үг нь биш үйлдэл нь хүнийг илэрхийлдэг байх ч сайхан.
…Миний ах Ганбат дунд сургуулиа төгсөнгүүтээ өөрийн хүслээр цэрэгт татагдлаа. Дорнод аймаг руу хуваарилагдсан. Нэг өдөр агаагаас захиа ирсэн нь биднийг баахан хөгжөөв. “Ирээд гурван сар болсон ч Сүндэв ахтай уулзаж чадсангүй. Харин өчигдөр заставын даргатай мэндчилэх жагсаалын үеэр ахын урдуур ангийнхантайгаа алхаад өнгөрсөн чинь намайг гэнэт олж хараад аймаар гайхаж, нүд нь бүлтийж ирээд л харсан. Ашгүй ингэж нэг уулзав. Сүндэв ах энд маш нэр хүндтэй. Зарим даргыг цэргүүд их муулах юм, харин ахад бол дарга цэрэггүй их сайн, “Алаг нүдэн” гэж нэрлэдэг. Жинхэнэ атаман нэрийг нь баастчих вий гэж айгаад би “манай ах” гэж нэг ч хүнд хэлээгүй” гэжээ. Алаг нүдэн гэснээс, нагац маань залуудаа бараг нүдээрээ л ярьчихдаг сан. Ер нь сүр бараа ихтэй хүн. Уурласан үедээ бол надад буддын шашны бурхадын догшин дүртэй адилхан санагдаад байдаг юм. Нэг их том нүд эргэлдээд л…
Сүндэв ах гэхдээ “далайлт нь ширүүн ч буулт нь зөөлөн” хүн. Насан туршаа ах дүүсээ, төрөл саднаа чирч явсан даа. Миний бага ахыг Москвад дээд сургуульд явуулж өгч, бас отгон дүүгийн минь оюутны сургалтын төлбөрийг төлөх жишээтэй. Ээжийн талынхан ямар нэг асуудал болбол албатай юм шиг бүгд л “Сүндэвт хэлье” гэнэ. Ах ч бүгдийнх нь төлөө үхэн хатан гүйнэ. Садан төрөл дотроосоо бараг би ганцаараа нагацаасаа юу ч гуйгаагүй байх шүү. Үүнийгээ харин бардам зан гэж хэлэхгүй, хайр бас хүндэтгэл гэж нэрлэнэ. Тэртэй тэргүй тэр хүн миний сэтгэлд итгэл найдвар болж оршсоор ирсэн юм. “Ямар нэг юм болбол Сүндэв ахад хэлчихнэ дээ” гээд бодоход нэг л сайхан. Одоо ч ингэж бодсоор… Хүний түшиг гэдэг энэ!
Аавыг өнгөрсний дараа, Сүндэв ах урилга явуулж, ээжийг минь Москвад амрууллаа. Өөрөө ядуухан оюутан явсан үе шүү дээ. Хэдэн өнчин хүүхэдтэй үлдсэн эгчийгээ сайхан газар орон үзүүлж, сэтгэлээр дэмжих л гэсэндээ тэр. Угаасаа ааваас хойш ээжийн минь ганц итгэл найдвар дүү нь л болсон байлаа. Бидэнд асуудал тохиолдоход, бас сандарсан, ганцаардсан үедээ сэтгэлээ засах гэсэндээ “За яахав, удахгүй Сүндэв төгсөөд ирнэ, тэгэхээр хэдүүлээ алзахгүй ээ. Миний дүү удахгүй хүрээд ирэх юм чинь” гэдэг сэн.
Нагацыгаа би хүнийх нь хувьд үнэлдэг нэг чухаг зүйл бол тэр ямар ч шуналгүй хүн. Миний л мэдэхийн, дөрөвдүгээр хорооллын эцсийн, тэртээх мухрын, есөн давхар, хүйтэн байрны нэгэнд насаараа шахуу амьдарсан. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн ерөнхий командлагч гэдэг ч бил үү, учиргүй сүртэй нэртэй албан тушаалд оччихоод байхдаа ч тэндээ амьдарсаар, тавилга сэлт нь хүртэл хуучнаараа л. Ажлаас өөр юу ч үл бодно. Тэдний гэр бялхаж цалгиад, баяжиж хөрөнгөжөөд байсан удаагүй. Үргэлж нэг хэвээрээ. Намайг хүүхэд байхад цэргийнхэн дотроос генерал цолтон төрөх нь өдрийн од шиг байв. Одоо бол албан тушаалаа дагаад л шууд генералын мөрдэс гардах ажээ. Харин миний нагац бол “жинхэнэ генерал” гэж би дотроо боддог. Бүр эхнээс нь, хөдөөгийн хилийн ангиас бүгдийг эхэлсэн дээ. Байлдагч Сүндэв, ахмад Сүндэв, хошууч Сүндэв байсан, тэр.
Дандаа л завгүй явдаг нагац ах отгон хүүг минь төрөхөд марталгүй бэлэг явууллаа. Олон жил өмссөн, танил үнэр нь шингэсэн, генералын мөрдэстэй, хуучин кителээ илгээжээ. Цэрэг хүн л ийм бэлэг явуулах биз ээ. Ахын бэлгээс хийморлиг эр хүний халуун эрч, уйгагүй, хүнд хүчир амьдралынх нь хөлс үнэртэж байсан. Харин би ахдаа одоо хүртэл олигтой бэлэг өгч үзсэнгүй. “Шүлэг зориулаад бичлээ гэхэд аягүй бол унших ч үгүй биз” гэсэн шүү юм хэлэн ээждээ шоолуулна. Гэвч үнэндээ бол нагац маань ном зохиолд хар багаасаа дуртай, цэргийн мэргэжлийн ном, толь бичиг хүртэл редакторлосон, бичгийн боловсрол өндөртэй, олон талт мэдлэгтэй хүн.
Ахыг тэтгэвэртээ гарахаас нь өмнөхөн гэнэт нэг хэсэг сониноор дайрч давшлав аа. Шударга амьдарсныг нь мэдэхийн хувьд “энэ бүхэн худлаа” гэдгийг мэдэх тул гүтгэлгийг бичсэн сэтгүүлчээс эх сурвалжийг тодруулах зорилгоор утсаар ярьтал, Аюур бид хоёрыг үнэлдэг, номыг маань уншдаг хүн болж таарав. Манай нагацын тухай муу зүйл бичсэнээ мэдээд чин сэтгэлээс уучлалт гуйж, орой нь хамтдаа хоол идэхийг өөрөө урилаа. Эх сурвалжаа ч хэлэх бололтой, элгэмсүү сайхан хандав. Маргааш нь нагац руугаа залгаж “Таныг сониноор гүтгэсэн сэтгүүлчийг би мэддэг болсон, эх сурвалждаа өөрөө ч итгэлгүй байжээ, бас буруу зөвөө хүлээж байх шиг” гэж хэллээ. Харин нагац маань тэгэхэд намайг бишрүүлж билээ. “Хн, сэтгүүлч хүн байж, ядаж энэ хавиар ирээд надаас бусад хүнтэй ч болов уулзаж, ганц нэг мэдээллээ баталгаажуулж авдаг байгаа даа. Хариуцлагагүй” гэв. Өөр юу ч хэлээгүй. Юу ч… “Тэр хүний нэр хэн бэ, олоод өг, алаад өгье!” гэсэнгүй. Даргыгаа унагах санаагаар матаж, яг хамар дороос нь гүтгэж байгаа хүн баригдвал балрах нь тодорхой. Өөрт нь бүх эрх мэдэл байсан ч ах хөдлөөгүй. Тоогоо ч үгүй. Нийтлэлийн эхэнд бичсэн “Молодец, мужик” гэдэг хоёр үг эрхгүй санаанд орсон доо. Нэг удаа санаандгүй айлд зочилж очоод, хоолны ширээний ард хүмүүс Сүндэв ахын тухай ярьж байхтай таарсан юм. Миний хамаатан гэж мэдэх ч үгүй л дээ. “Нутаг орныхоо төлөө байнга санаа тавьж явдаг, зан чанарын хувьд маш шударга хүн билээ” гэж Архангайн улстөрч Ламбаа гуай хэлсэн нь санаанд үлджээ.
Аавыг минь хөдөөлүүлэх үеэр болсон нэг явдал санаанаас үл гарна. Ачааны машины задгай тавцан дээр бид зогсоод, оршуулгын газар руу үүрээр хөдөлсөн сөн. Яагаад ч юм бэ, Сүндэв ах бид хоёр хамгийн урд талд, “толгойн хэсгийг” түшээд, зэрэгцэн явж таарлаа. Үүрийн салхинд үс минь хийсээд л, би чанх урагш ширтэж явав. Эргэн тойрон чив чимээгүй, зөөлөн дулаан, намуун тогтуун. Уулсын оройд тусаж буй нарны эмзэгхэн нялх туяаг өнчирсөн нүдээрээ бахдан харж явлаа. Үхэл гэж юу ч юм, бүү мэд. Нар яасан гоё манддаг юм бэ. Шувууд яагаад өнөөдөр жиргэхгүй, ийм чимээгүй байгаа юм бол?
Гэнэт Сүндэв ах миний гарт зөөлөн хүрээд, шивнэх шахуу аяархнаар ингэж асуув. “Миний дүү, даараагүй биз?” Би юу ч хэлээгүй. Зөвхөн толгой сэгсэрсэн. Нар ийм гоё мандаж байхад юу асууна вэ. Тэгээд ч наймдугаар сарын урин дулаан өдөр хэн даарах билээ.
Эгшин зуурын энэ явдал сэтгэлд яагаад тодоос тод үлдсэнийг мэдэхгүй. Тэр үг олон жил сэтгэлд минь цуурайтсан даа. Би ахдаа хариулт өгөөгүй ч одоо харин ахаасаа асуух цаг минь болсон санагдана. Хайрт ах минь, та даараагүй биз? Хүний амьдралын зовлон жаргал бүрийг бид ялгаагүй туулж, сайн муугийн нэг эргээс нөгөө эрэг рүү адилхан л шидэгдэж явна. Өндрийн шувууд өндөртөө өтөлдөг л дөө, гэвч…
Нагац маань саяхнаас тэтгэвэртээ суусан. Ажлаа хийж байхад нь цагаан сараар очиход тэднийх хөл гишгэх зайгүй байдаг сан, одоо “ашгүй” овоо цөөрсөн бололтой. Үргэлж хүмүүсээр хүрээлүүлж, үргэлж түмний хөлд дарагдаж явдаг ахтайгаа таван үг солих ч цаг олдохгүй, заримдаа дургүй хүрдэг сэн. Нэг бол жолооч нь дэргэд, нэг бол утас нь тасралтгүй дуугарна. Ажил дээр нь яваад очиход иргэний үнэмлэх шалгуулж байж л орно, арай гэж нэвтрээд очтол үүдэнд нь нэг цэрэг “хамгаалаад” зогсож байна. Хаана байна аа, миний ах? Надад ах, ах, мөрөн дээрээ суулгадаг ах минь л хэрэгтэй байна, асуух зөвлөх, нулимсаа арчуулах нагац хэрэгтэй байна. Тэсэлгүй утсаар залгана, харилцуур авангуут цаана нь утас дуугарна. Хүлээнэ, хүлээгээд л байна, арай гэж танил хоолой дэргэд сонсогдоно. “Сайн уу, миний дүү?”, ахиад л цаана нь утас дуугарна, “Хүлээж байгаарай, одоохон”, цаашаа ярина, ямар нэг заавар, тушаал өгч байгаа л сонсогдоно. Хүлээнэ. Сүүлдээ залгахаас ч залхана. “За яршиг, тэтгэвэртээ суугаад, завтай болохоор нь л нэг сайхан ярьж сууж байя даа” гэж бодсон сон. Даан ч амьдрал шоглоомтой. “Завгүй, завгүй” гэдэг тэр хэцүү үг одоо миний эзэн болжээ.
Сүндэв ах насаараа л ах дүүсдээ төдийгүй харь элгийн түмэн хүнд тусалсан. Харин одоо өөрөө эмнэлэгт хэвтэхэд, насан туршаа ач тусыг нь хүртэж ирсэн төрөл садныхан маань халамжилж чадаж байгаа болов уу? Мэдээж үгүй. “Хүчтэй” хүний зовлон энэ. Бүхнийг чаддаг, бүхнийг мэддэг, үргэлж өгсүүр замаар алхсан, бүх юм нь бүтэж явдаг хүнд бүгд ингэж л ханддаг. Дорой нэгэндээ санаа тавьж, чадалтай хүнээ ор тас мартдаг. Хүчтэй төрсөн хүн гэдэг бол ганцаардах ёстой хүн гэсэн үг. Тэдэнд асуудал тохиолддог гэж, тэд бас зовдог, шаналдаг гэж дорой буурайчуудынх нь толгойд ч ордоггүй. Сүндэв ах ямагт “зовхи нь өөдөө” явсан тул түүнд өвчин хүртэл зохидоггүй, тэр байтугай, эмнэлэгт хэвтэж гэдгийг нь сонсоход ч зүгээр л амарч, сувилуулж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Учир нь, ахын дотоод ертөнцөөс сул дорой чанарын хэлтэрхийг ч хайгаад олохгүй тул хэний ч санаанд түүний төлөө түгших, зовних бодол үл төрнө. Монголчуудын гэр бүлийн, “бичигдээгүй хуульд бичигдсэн” ёсоор бол ах дүүс дотроо хамгийн сайн яваа нь бусдыгаа чирч, бүх ачааг үүрч, тэр бүү хэл, юм бүхэнд хамгийн түрүүнд буруутгагдаж, гол зэмлэлийг хүртдэг. Түүнд бүгд найдаж, түүнээс л аврал эрнэ. Энэ бол ИТГЭЛ-ийн л нэгэн нүүр. Итгэл хүлээх чадвар гэдэг аугаа том өгөгдөл. Тиймээс ч “Сүндэв ах МЭДЭЭЖ сайн байгаа” гэдэг үгэнд л бид итгэдэг, мэдээж, мэдээж шүү дээ, Сүндэв ах юм чинь! Харин “Сүндэв ах эмнэлэгт хэвтсэн” гэх мэтийн үгэнд бол бид огт итгэдэггүй. Хойшид ч итгэхгүй.
Ай хөөрхий, “Нар шиг нагац” гэж хичнээн энгийн, дулаахан сайхан зүйрлэл вэ. Монголчууд ухаантай ард түмэн шүү. Ийм сайхан үгийг захиас мэт үлдээж л байдаг. Ах дүүгийн ариун ёс, амлаагүй амлалт, биелүүлэх ёстой үүрэг, мөнхөд үргэлжлэх үйлийн үрийн гинжин холбоог хэн үл хайхарч зүрхлэх билээ! Нар бол илч дулаан, нар бол гэрэл гэгээ. Наранд харанхуй зохидоггүй. Нар гэхдээ тэнгэрт л байдаг, тэртээ, тэртээ, тэртээ дээр! Нагац нар яг ийм. Илчээрээ холоос ивээгээд, эдгээгээд, гийгүүлээд, ойртвол харин түлэх дөхнө. Миний, ааш муутай, адайр зантай, үе үе намайг цэргүүд шигээ “командлах” гээд огтоос амжилт олдоггүйдээ маш их гайхаж явдаг цэрэг нагац ч тийм л хүн. Насан туршаа “атаман” явсан ах маань “дураараа зантай энэ охин л үгийг минь ойшоохгүй юм даа” гэж бодоод уур нь ихээр хүрдэг биз ээ. Зэрэг зиндаа, сахилга бат, хэм хэмжээг мэддэг цэргийн хүн билээ, тэр! Гэтэл зэрэг зиндаа гээч зүйл уран зохиолд үйлчилдэггүй. Энд, миний энэ ертөнцөд зэрэг зиндааг “хоосон” гэж, сахилга батыг “хязгаарлалт” гэж үздэг. Урлагийн ертөнц бол сахилгагүй, дэггүй, дураараа, эрх чөлөөт хүүхдүүдийн орон зай. Салхи шиг хүмүүс энд ноёрхдог. Өө, өөр гаригийн ах дүү хоёр оюун санаагаараа хэрхэн шүргэлцэх. Миний тэнэг, шулуухан ярилцлагуудыг сониноос уншаад гайхаж цочин, ичдэг ч биз. “Энэ нөхрийн бичдэг ном гэж юу байдаг юм бол” гэж толгой сэгсэрдэг ч биз. Тэр хүн миний хувьд дарга биш, генерал биш, ердөө миний ээжийн хайртай дүү л гэдэг нь үнэн шиг би түүний хувьд зохиолч биш, яруу найрагч бол бүр ч биш ээ. Нагац маань Тангадын Галсан гуайг л яруу найрагч гэж боддог юм. Нэг удаа, жаахан охидод л тохирсон, цэцгийн зурагтай дэвтэр өгөхөд нь хэлэх ч үг олдоогүй. Нагац маань намайг өмнө нь номхон зогсоод дуулж асан өнөөх жижигхэн охин чигээрээ юм шиг л санадаг, хүссэн үедээ аашлах гэдэг. Айлын эхнэрийг загнаж болох уу даа. Ах нар аа гэж!
Яг өөр шиг нь хэт шулуун зантайдаа л хуурмаг зан гаргаж хэзээ ч чаддаггүйг минь, хэцүүхэн хүмүүсээр дүүрэн уран зохиолын ертөнцөд хичнээн ихийг үзэж туулсныг минь тэр мэдэхгүй. Нагац маань “ерөнхий командлагч” явсан учраас алив зүйлийн “ерөнхий” нурууг л чухалчилна. Том асуудлыг л шийддэг тул том биш гэж бодсоноо үл ойшооно. Холын холыг нэвт харж чаддаг ч ойр тойрхоноо үл анзаарна. Хамгийн гол нь, зээ дүү нь ахыгаа насан туршаа, дотроо л чимээгүй хайрласныг, тэр нэгэн өдрийн “өндрийн” дууг, тэр нэг өглөөний “нартай” асуултыг зүрхэндээ тээсээр ирснийг мэдэхгүй. Гунигтай ч юм шиг. Хүмүүс ойр дотныхондоо хэзээ ч сэтгэлийн үгээ хэлдэггүй. “Муу” нагацдаа ямар үг хэлбэл баярлах юм бол. Нялцгануур зангүй цэрэг хүнд нялуун үг тохирох ч үгүй л дээ. Ах нь охин дүүгийнхээ өөдөөс харж суучихаад ярьдаггүй зүйл гэж байх. Дүү нь ахаасаа нуудаг дотоод шаналал ч гэж байх.
Нар шиг нагац маань насаараа бүгдийг алагчлалгүй ивээсээн. Харин өөрийг нь юу ивээж, дулаацуулдаг юм бол доо? Би бас л мэдэхгүй. Мэдэхгүй, мэдэхгүй, мэдэхгүй, хэн ч хэн нэгнийг бүрэн гүйцэд мэддэггүй. Гарцаагүй нэгэн үнэн гэвэл, үе үе санаж үгүйлэхээрээ, сайхан хар үс нь буурал болсныг харахаараа “Ах минь дээ, ах минь, та минь даараагүй биз” гэж мах цусаараа шивнэн асуумаар болох. Даан чиг “насанд хүрсэн” хүмүүс хэзээ ч нэгэндээ ийм үг хэлдэггүй билээ.
Хайрт ах Паламын Сүндэвтээ эр цэргийн баярын мэнд хүргэж, эрүүл саруул, энх түвшин амьдралыг ерөөе.