Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын азтанууд эрхийн бичгээ авав

НӨАТ-ын урамшууллын “ebarimt” сугалааны долоо дахь тохирлоор азтан болсон иргэдийг хүлээн авч, тохирлыг батламжлан, азтануудад эрхийн бичиг гардуулах арга хэмжээ Гааль татварын ерөнхий газрын мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газарт боллоо.

Долоо дахь удаагийн тохирлоор 21 хүн дөрвөн сая, нэг хүн 20 сая, нэг хүн супер азтан болж 400 сая төгрөгийн азтан болжээ. Сугалаанаас дөрвөн сая төгрөг хожсон дөрвөн азтан өнөөдөр ирж, тохирлоо батламжлуулан, эрхийн бичиг гардаж авсан юм.

Харин дөрвөн сая төгрөг хожсон долоон азтан болон 20 сая, 400 саяыг хожсон хүмүүс сугалааны баримтаа “ebarimt.mn”-д бүртгүүлээгүй байгаа аж. Амгалан дахь Оргил худалдааны төвөөс нэгдүгээр сарын 27-ны өдөр худалдан авалт хийж, 400 сая төгрөгийн азтан болсон иргэнийг НӨАТ-ын журмын дагуу баримтаа баталгаажуулахыг гурван сар хүлээх гэнэ. Энэ хугацаанд баримтаа баталгаажуулахгүй бол 400 сая төгрөгийг улсын орлого болгох аж.

Categories
мэдээ спорт

“Алдар”-аас таван тамирчин олимпийн эрх аваад байна

2016 оны зуны олимп болоход хэдхэн сар үлдээд байна. Манай улсаас Бразилийн Рио-де-Жанейро хотод болох XXXI наадамд оролцох эрхээ 14 тамирчин аваад байгаа тухай мэдээллийг холбогдох албаныхан өгч байгаа юм. Тэгвэл олимпод оролцох эрхтэй тамирчдын тав нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид юм. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа буудлагаар, гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ П.Орхон нар чөлөөт бөхөөр, марафон гүйлтээр ОУХМ Б.Мөнхзаяа нар олимпод оролцох эрхээ аваад байна. Цаашдаа энэ тоогоо нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байгаагаа “Алдар” спорт хорооны удирдлагууд онцолж байгаа юм. Энэ жил Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны түүхт 70 жилийн ой тохиож байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Амарбат УПЕГ-т ажиллахаар болжээ

АТГ-ын Мөрдөн Шалгах хэлстийн дарга Э.Амарбат Улсын прокурорын ерөнхий газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогджээ. Тэрбээр өчигдрөөс шинэ ажилдаа орсон байна.

Тэрээр 2002 онд УПЕГ-ын Мөрдөн байцаах албаны дэд даргаар ажиллаж байгаад 2007 онд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилогдсон юм. Арваад жилийг АТГ-ын үйл хэрэгт зориулсан тэрбээр өөрийн хүсэлтээр АТГ-ын мөрдөн шалгах албыг орхиж, прокурорт ажиллахаар болжээ.

Categories
мэдээ спорт

“Цэцээ гүний хурд-2016” уралдаан маргааш болно

Төвийн бүсийн хурдан морины “Цэцээ гүний хурд-2016” уралдаан маргааш Төв аймгийн Баянцогт суманд болно. Харин нөгөөдөр буюу энэ сарын 27-нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар болон Наран суманд тус аймгийн хаврын бүсийн уралдаан зохион байгуулагдана.

Ирэх дөрөвдүгээр сарын эхээр Архангай, Завхан аймгийнхан төвийн бүсийн хурдан хүлгээ шалгаруулах юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ

МАХН-ын гишүүд болох Л.Жамбалжав, Э.Гонгор нар намын бодлого хэдхэн хүний санаа бодлогод тулгуурлах бус, гишүүд дэмжигчдийнхээ санаа бодлыг намынхаа бодлого чиглэл болгодог, цаашлаад ард түмнийхээ санаа бодлыг анхааралтай хүлээж авч хэрэгжүүлдэг социал демократ үзэлтэй нам байх ёстой гэж үзэн МАХН-ыг шинэчлэх хөдөлгөөн байгуулжээ.

Тэд “МАХН-ын Гүйцэтгэх товчооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж шинэчлэх, ерөнхий нарийн бичгийн даргыг томилж, сонгууль ойртсон эгзэгтэй цаг мөчид хариуцлагыг үүрүүлэх, намд өөрийн үзэл бодолгүй, дуртай намдаа орж хамгийн амттай бялуу хүртэж явдаг нам дамжигч, ашиг хонжоо хайгчид, тууштай биш туйлбаргүй хүмүүсээс салах ёстой.

Мөн 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд аль намтай эвсэж оролцохыг шийдвэрлэх, хамтаар Засгийн газрыг барьж байгаа Ардчилсан нам МАХН-ын дотоод асуудалд хэтэрхий бүдүүлгээр оролцож, намын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэж байгаад дүгнэлт хийж, хамтарсан Засгийн газрын гэрээг дахин авч хэлэлцэх зэрэг шаардлагыг намын удирдлагадаа тавьж байна” хэмээн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэд одоо 15.00 цагт хуралдах МАХН-ын Бага чуулганаар эдгээр асуудлуудыг тавих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн чононд бариулж, эмнэлэгт хүргэгджээ

Өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шарга морьтод хүн рүү чоно дайрсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад 30-40 насны хоёр хүн чононд хазуулсан байсан бөгөөд уруулсан хүмүүсийг ГССҮТ-д яаралтай хүргэжээ.

Одоогоор тэдний биеийн байдал харьцангуй гайгүй байгаа аж. Чоныг тэр хавийн оршин суугчид хүрзээр цохин алж, аюулгүй болгосон бөгөөд уг чоно хүн хазахаас өмнө хоёр үхэр болон хоёр нохойг урсан байна. Тиймээс хазуулсан хоёр нохойг тэр дор нь устгаж, хоёр үхэрт Мэргэжлийн хяналтын газраас шинжилгээ хийж байгаа аж. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ спорт

Тбилисийн Гран При тэмцээний сугалаа гарлаа

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч үзэхээр боллоо.

Өчигдөр тус тэмцээний суглааны үйл ажиллагаа явагдсан бөгөөд өнөөдөр Тбилисийн Гран При уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдана. Манай тамирчидын зодоглох хуваарийг хүргэж байна.

Эрэгтэй

60 кг:

Г.Болдбаатар тэргүүлэн барилдах бөгөөд А хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Гүрж, Финландын өрсөлдөгчдийн ялсантай хүч үзнэ. Улмаар хожсон тохиолдолд шилдэг наймд шалгараад хэсгийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой юм. Түүний хэсэгт олимп, дэлхийн шагналт байртай Францын Софиан Милоу, Туркийн тамирчин Бекир Озлу нар багтсан байна. Энэ хэсгийг Г.Болдбаатар тэргүүлбэл гавьяат тамирчин Д.Амартүвшингийн тэргүүлж буй В хэсгийн ялагчтай хүч үзнэ. Д.Амартүвшин нь эхний тойрогт Гүржийн бөхтэй хүч үзэх бөгөөд хожсон тохиолдолд Казахстан, ОХУ-ын бөхчүүдийн ялсантай оноолт таарна.

73 кг:

Нийт 34 бөх хүч үзэх тус жинд Г.Одбаяр D хэсгийг толгойлон барилдах бөгөөд Армений бөхтэй учраа таараад байна. Түүний хэсэгт АНУ-ын Николас Дельпополо багтсан байна. Мөн тус тэмцээнд Гүржийн олимпийн аварга Лаша Шавдатуашвили, Нугзари Таталашвили болон ДАШТ-ий мөнгөтэй БНАСАУ-ын Хон Күк-Хён нар барилдах юм.

81 кг:

Хамгийн олон буюу 48 бөх өрсөлдөх тус жинд О.Ууганбаатар хүч үзэх бөгөөд D хэсэгт Гүржийн Ушанги Маржианитэй хамт хуваарилагджээ. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Армен, Туркменистаны бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

+100 кг:

Хүнд жинд 27 бөх хүч үзэх бөгөөд Б.Тэмүүлэн Украины Олександр Гордиенкотой хүч үзэхээр сугалаа таарчээ. Манай бөх ялбал Румыний Даниэль Натитэй хүч үзнэ.

Эмэгтэй

52 кг:

Нийт 22 бөх хүч үзэх тус жинд А.Цолмон өрсөлдөх бөгөөд В хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөсөн байна. Тэрбээр хоёрдугаар тойрогт Швейцарын Эвелин Цчофф, Германы Германы Мария Эртл нарын ялагчтай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд шилдэг наймд шалгарах бөгөөд Израйлын Жили Кохентэй хүч үзэх магадлалтай.

63 кг:

Нийт 29 бөх хүч үзэж байгаа бөгөөд Б.Мөнгөнчимэг D хэсэгт Францын тамирчинтай оноолт таарчээ. Улмаар өрсөлдөгчөө хожсон тохиолдолд Эдвиг Гвинтэй хүч үзнэ.

70 кг:

Ц.Наранжаргал эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Гүрж, Израйлын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө Германы Лаура Варгас Кёхтой оноолт таарах магадлалтай.

-78 кг:

П.Лхамдэгд энэ удаад Чилийн бөхтэй эхний тойрогт учраа таарлаа. Тэрбээр өмнөд америк тивийн бөхийг ялбал хоёрдугаар тойрогт Бразилийн Майра Агуайртай хүч үзнэ.

Тэмцээний дэлгэрэнгүй сугалааг http://www.ippon.org/gp_geo2016.php хаягаар харах боломжтой бөгөөд маргааш тэмцээний хэсгийн болон хагас шигшээ барилдаануудыг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар хүлээн авч үзэх боломжтой. Харин медалийн төлөөх барилдаануудыг С1, SPS, ETV телевизүүд дамжуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сурагчид ирэх долоо хоногт амарна

ЕБС-ийн III улирлын амралт ирэх мягмар гараг буюу энэ сарын 29-наас эхлэнэ. Бага, дунд, ахлах ангийн сурагчид долоо хоног амарч, ирэх сарын 4-нд хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн сургуулиудын улирлын амралтыг мал төллөх үеэр эцэг эхдээ туслах, уламжлалт ахуй, соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж өгөх үүднээс өөрчилсөн.

Тодруулбал, I-V анги энэ сарын 23-нд амарч, ирэх сарын 12-нд орох бол VI-IX анги 23-нд амарч, ирэх сарын 4-нд орно. Харин X-XII анги 16-нд амарч, энэ сарын 29-нд орох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Томуугаар өвчилсөн 14 мянган хүн бүртгэгджээ

Энэ сарын 14-20-ны хооронд улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт 191.314 хүн хамрагдсаны 14.012 хүн буюу 7.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

Түүнчлэн Баянгол дүүрэг, Багануур хот болон Дорнод, Дундговь, Өмнөговь аймагт томуу, томуу төст өвчин арван хувиас дээш хувийг эзэлж байгаа аж.

Мөн ХӨСҮТ-д нийт 120 сорьц хүлээн авч шинжлэхэд 19 (15.8%) сорьцонд В вирус, 1 (0.8%) сорьцод A(H1N1)pdm09 вирусын ген илэрч, томуу илрүүлэх шинжилгээний дүнгээр 10 (71%) сорьцод респиратор-синцитиаль вирус, 2 (14%) сорьцод риновирус, 1 (7%) сорьцонд хүний метапневмовирус тус тус илэрчээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрх олгох боксын тэмцээн өнөөдөр болно

БНХАУ-ын Хэбэй мужийн Чянь Ань хотноо өнөөдөр “Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болно. Тэмцээнд манай шигшээ баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа бөгөөд тэд Бээжин хотод долоо хоног бэлтгэлээ хангасан юм.

Түүнчлэн Монголын боксын шигшээ багийн ахлагчаар МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ажиллаж байгаа бол багийн бүрэлдэхүүнд МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан болон бусад албаныхан багтжээ.

Дашрамд дурдахад, энэхүү олимпийн эрхийн тэмцээнд Монгол Улсын 2016 оны аваргууд оролцож байгаа юм.