Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гаргалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ. Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.

ҮҮНД:

1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;

4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Мягмар гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосны зэрэгцээ Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт даалгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Их, дээд сургуулиуд босго оноогоо зарлалаа

-ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ОРОЛЦОГЧДЫГ ИРЭХ САРЫН 25-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ БҮРТГЭНЭ-

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд тушаал гарган дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээндЭлсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог тогтоожээ. Ингэхдээ бүх сургуулиудын элсэлтийн оноо доод тал нь 400 байхаар тогтоож өгсөн байна.

Гэхдээ түүнээс дээш хэд байхыг их, дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм. Яамны зүгээс ийнхүү босго оноог тогтоож өгснөөр дээд боловсролыг чанаржуулах ач холбогдолтой гэж үзжээ.

Тэгвэл зарим их дээд сургуулиад босго оноогоо зарласан байна. Тодруулбал, МУИС-ийн босго оноо 560, МУБИС 500-600, ШУТИС 440, ХААИС 500, ЭМШУИС 560, ХУИС 560, СУИС 400-420, СЭЗДС 620 гэх мэтчилэн босго оноогоо тогтоогоод байгаа аж.

Дашрамд дурдахад, энэ жил улсын хэмжээнд 36207 хүүхэд ерөнхий боловсролын дунд сургууль төгсөх юм.

Categories
мэдээ нийгэм

Импортын буудайг гааль болон НӨАТ-аас чөлөөлжээ

Хүнс хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан хийж буй ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун “Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны хаврын тариалалтад нийт 322.9 мянган га газарт үр тариа тариалахаар төлөвлөсөн. Үүнээс 301.5 мянган га-д улаан буудай, 20.8 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн таримал, 25.3 мянган га-д тосны болон сэлгээний бусад таримал тариална. Өнгөрсөн жил гантай байсны улмаас хаврын тариалалтад үрийн буудай дутагдах тооцоо гарсан. Тиймээс импортоор орж ирэх үрийн улаан буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Мөн шинэ техник тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, усалгааны тоног төхөөрөмжийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн” гэлээ.

Мөн дутагдах буудайн үрийн нөөц бүрдүүлэх зорилгоор тариалан эрхлэгч 16 аж ахуйн нэгжид 15, ТЭДС-тай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид дөрөв, нийтдээ 20 орчим мянган тонн үрийн буудай импортлох зөвшөөрөл олгосон.

Categories
мэдээ нийгэм

“BRT” төслийг хэрэгжүүлэхэд таван тэрбум төгрөг шаардлагатай

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр” BRT төслийн өнөөгийн явц, цаашид авах арга хэмжээний талаар танилцууллаа.

Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр төслийг 2015 оны тавдугаар сард Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлагдсанаас хойш өнөөдрийн хүртэл хэд хэдэн үе шаттай ажил хэрэгжүүлээд байгаа аж. Үүнээс гол мэдээллийг хүргэе.

  • Дамжуулан зээлдэх гэрээг 2015 оны арваннэгдүгээр сард байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарийг Сангийн яамтай тохирсон.
  • Нийслэлийн төсөвт таван тэрбум төгрөгийг суулгасан
  • Төслийн нэгжийн ажилтнуудыг сонгон шалгаруулах ажлыг хоёр албан тушаал дээр зохион байгуулж зохих журмын дагуу Сангийн яаманд хүргүүлсэн. АХБ-ны зөвшөөрсний үндсэн дээр томилох ажлыг зохион байгуулна.
  • Нийтийн тээврийн Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах төсөл мөн 11 дүгээр сараас эхлэн ажиллаж байна.
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар Техникийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Цаашид нэгдүгээр үе шатанд төсөл хэрэгжүүлэх коридорыг дөрөвдүгээр сардаа багтаж сонгох, төслийн зохицуулагчийг АХБ-тай зөвшилцөн тохилох, нарийвчилсан зураг төслийг боловсруулах олон улсын тендерийг зарлах, нийтийн тээврийн ухаалаг системийг BRT-тай уялдуулах төсөл, замын аюулгүй байдлыг хангах техникийн таслалцааны хоёр төслийг хэрэгжүүлж эхлэх ажлыг зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжлээрэй

Ойрын өдрүүдэд ихэнх
нутгаар дулаарч байгаа тул цас, голын мөс эрчимтэй хайлж байгаа учраас усны
түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг усанд автаж болзошгүй. Иймд ард
иргэд шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны
шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.

Энэ сарын 26-нд баруун зүгийн
нутгийн хойд хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд
хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи
26-нд секундэд 12-14 метр, 27-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр
хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Увс, Хөвсгөл, Завхан Архангай,
Өвөрхангай зэрэг аймгийн нутгуудаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2
градус дулаанаас 3 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх
голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн
бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна.

Categories
гадаад мэдээ

Сөүлд цохилт өгөхөд бэлэн байхыг даалгажээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун их бууны дасгал сургуулилттай танилцжээ. Энэ үеэр Сөүлд цохилт өгөхөд бэлэн байхыг цэргүүддээ уриалсан талаар “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.

Хойд Солонгосын удирдагч “Өмнөд Солонгосын төрийн байгууллагуудыг хайр найргүй сүйтгэнэ” хэмээгээд, цэргүүдээ өндөр сонор сэрэмжтэй байх ёстойг онцлон тэмдэглэсэн байна. Энэ долоо хоногийн эхээр KCNA мэдэгдэл гаргаж, Сөүл дэх Ерөнхийлөгчийн ордныг шатааж, үнсэн товрого болгохоо мэдэгдсэн. Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн эсрэг хариу дайныг эхлүүлэхэд бэлнээ мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу үедээ амиа хорлохыг завджээ

Энэ сарын эхээр дунд сургуулийн сурагч охин амиа хорлохыг завдаж, онцгой байдлын албан хаагчид охины үйлдлийг таслан зогсоосон билээ.

Тэгвэл өнөөдөр өглөө 06.45 цагт Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах 12 давхар байрны тагтан дээрээс нэгэн иргэн үсрэхээр завдсан хэрэг гарчээ. Энэ талаар албаныхан “Согтуу иргэн цонхоороо үсрэх гээд байна гэх дуудлага өглөөний 07.00 цагийн орчимд Нийслэлийн Онцгой байдлын албанд ирсэн. Ингээд мэдээллийн дагуу аврах ангийн алба хаагчид шуурхай очиж, тухайн иргэнийг аюулгүй болгосон” гэж мэдээлсэн байна.

Байран дээрээс үсрэхийг завдсан иргэн гэрийнхэнтэйгээ муудалцсан үедээ амиа хорлоно хэмээн сүрдүүлжээ.

Categories
энтертаймент-ертөнц

Монгол хүний ой тогтоолтыг харуулсан “The Brain” шоу маргааш гарна

БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй томоохон шоуны нэг болох “SUPER BRAIN SHOW“-д Монголын Оюун ухааны академийн тамирчин, Ой тогтоолтын Олон улсын хэмжээний мастер, өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх уригдан оролцсон. Энэ гуравдугаар сарын эхээр болсон энэхүү шоуны ялагчаар Монгол, Испани, Перу, Швед, Австралийн тамирчдын “Х-Team” баг шалгарч үлдсэн. Тэд зохион байгуулагч орны багийг олон сая хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө 5-1 онооны харьцаагаар илүүрхэн хожсон билээ.

Тухайн үед тус шоуг шууд дамжуулаагүй юм. Тэгвэл тус шоуг маргааш орой 21.10 цагаас “Jiangsu” телевизээр гаргахаар болсон байна. Уг шоуг онлайнаар үзэх боломжтой аж.

Categories
гадаад мэдээ

Шаньси мужид уурхайн ослоор 19 хүн амиа алджээ

БНХАУ-ын Шаньси мужид байрлах нүүрсний уурхайд өнөөдөр 10.10 цагийн орчимд томоохон осол гарсан талаар “www.szdaily.com” мэдээлжээ. Ослоор 19 уурхайчин амиа алдсан хэмээн аврах албанаас уламжилсан байна.

Осол болох үед уурхайд 129 уурхайчин ажиллаж байсан бөгөөд аврагчид 110 уурхайчинг аварч чаджээ. “10 уурхайчин сураггүй алга болсон. Тэднийг хайх ажиллагааг үргэлжилсээр байна” хэмээн Шаньси мужийн захирагч мэдэгдсэн байна.

Уг уурхай “Shanxi Datong Coal Mine” группийн эзэмшлийнх юм. Цагдаагийнхан осолтой холбогдуулан группийн удирдлагуудыг баривчилсан аж. Мөрдлөгөөр тус групп уурхайчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохыг тогтоожээ.

Categories
мэдээ нийгэм

Бүсээ зүүгээгүйн улмаас 12.000 гаруй жолооч оноогоо хасуулжээ

“Жолоочийн бүртгэлийн оноо тооцох журам”, Жолоочийн эрхийн үнэмлэхний дахин олголт, камерын хяналтаар торгууль оногдуулах болон замын нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар 15220 жолооч бүртгэлийн 10 оноогоо хасуулаад байгаа юм. Үүнээс 10 мянга гаруй нь нийслэлийн жолооч нар ажээ. Оноогоо хасуулсан жолооч нарын 12 мянга гаруй нь хамгаалалтын бүсээ хэрэглээгүй гэсэн үндэслэлээр оноогоо хасуулсан байна. Хэрвээ жолооч зам тээврийн осол гаргасан тохиолдолд таван оноо хасах юм. Харин хасуулсан оноогоо сэргээхийн тулд Лицензийн төвд хандах ёстой. Улмаар хоёр цагийн сургалтад сууж, шалгалт өгөн оноогоо сэргээх боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар уг сургалтад хамрагдсан жолооч байхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жолооны эрхээ хасуулсан жолооч нар сургалтад сууж эрхээ сэргээлгэж байна гэдгийг Лицензийн төвийн дэд дарга П.Эрдэнэбат хэллээ.