Францын нэрт цэргийн жанжин Наполеон Бонапартыг мэдэхгүй хүн үгүй. Францыг үндэслэн байгуулагч гэгддэг тэрээр цэргийн агуу жанжин, төрийн нэрт зүтгэлтэн билээ. Наполеон Корсика арал дээр орших Аяччо хэмээх газар 1769 оны зун Италийн Флоренциас гаралтай язгууртан айлд мэндэлжээ. Корсик аялгатай итали хэлээр бол түүний нэрийг Наполеоне Боунапарте гэдэг.
Ирээдүйн их жанжны аав Карл Бонапарт нь насаараа шүүхэд ажилласан. Харин ээж Летиция Рамолина нь үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд аавтай нь гэрлэж 13 хүүхэд төрүүлсэн боловч тав нь багадаа нас барсан байна. Наполеон гэдэг нь маш ховор нэр. Агуу жанжны хүүхэд насны талаарх түүхэн баримт бичиг бараг үгүй. Түүний ах Жозефийн ярьснаар Наполеон багадаа түүхэн зохиол шимтэн уншдаг байжээ. Италиар корсик аялгатайгаар ярьдаг байсан тэрээр сургуульд орж уншиж бичиж сурсан. Франц хэлийг ч сургуульд орсон хойноо сурсан гэдэг. Ингээд 1779 онд Бриен ле Шато дахь цэргийн сургуульд элсэн оржээ.
Корсик арлынхан угийн францчуудад дургүй. Түүхэн нөхцөл байдлын улмаас Францад эзлэгдэж мэдэлд нь орсон. Францаар итали аялгатай ярьдаг байсан Наполеоныг ангийнх нь хүүхдүүд шоглон үргэлж дээрэлхдэг байжээ. Тиймээс хэнтэй ч найзалдаггүй, үргэлж ном уншина. Яруу найрагч Оссианы шүлгүүд, Вольтер, Расин зэрэг нэртэй зохиолчдын бүтээлүүдийг шимтэн уншдаг байсан тэрээр тоо, түүхийн хичээлдээ маш сайн байсан гэдэг. Латин, герман хэлний хичээлдээ тааруу. Гэвч анги ахих тусам чадвараа харуулсан байна. Зарим багштайгаа үзэл бодлын хувьд санал нийлдэггүй байсан тэрээр удахгүй сургуульдаа алдартай болжээ. Их бууны чиглэлээр мэргэшихээр шийдсэн Наполеон Парисын цэргийн сургуулийн сонсогч болж шилдэг сурагчаар шалгарчээ.
Эрдэм сурахаар найман жил шамдахдаа нутагтаа нэг ч удаа очоогүй гэдэг. Энэ хугацаанд жинхэнэ франц хүн болон төлөвшсөн байна. Тэр үед Франц соёлоороо Европыг байлдан дагуулж байлаа. 1786 онд Валанс хот дахь де Ла Ферийн их бууны хороонд алба хаахаар болж бага дэслэгч цолтой болжээ. Гэвч гэр бүл нь санхүүгийн хувьд нэлээд хүнд байдалд орсон тул гэртээ очихоор чөлөө авсан. Ингээд нутагтаа нэлээд удаж, гэр бүлийнхээ асуудлыг ч шийдсэн байна. Удалгүй түүний алба хааж байсан хороог Осон хот руу шилжүүлжээ. Гэтэл Францын улс төрийн байдал тогтворгүй болж, энд тэндгүй бослого гарч эхэлсэн юм. Тэр Сёр хотод гарсан үймээнийг дарах цэргийн ангийн орлогч даргаар томилогдож үүргээ амжилттай гүйцэтгэжээ. Францад хувьсгал гарч ирээдүйн агуу жанжин Корсикийн эрх чөлөөний төлөө тэмцэх эсвэл Францын төлөө зүтгэх хоёрын аль нэгийг нь сонгох хэрэгтэй болов. Яг энэ үед бие нь муудсан тул дахин чөлөө авч нутагтаа очжээ. Гэртээ 18 сар болохдоо улс төрийн амьдралд ихэд идэвхтэй оролцсон байна. Ингээд Парисыг зорьсон боловч тэндээ удсангүй. Францад хувьсгал гарч, эзэн хаанаа огцруулж байхыг тэрээр өөрийн нүдээр харсан. Наполеон улс төрд орохоор шийдэж шинээр байгуулагдсан Үндэсний гвардид орж хурандаа цолтой болсон байна.
Англичуудад эзлэгдсэн Тулон хотыг чөлөөлөх тулалдаанд өөрийн чадвараа харуулж 24 настайдаа бригадын генерал цол хүртжээ. Удалгүй Парист гарсан үймээнийг дарахад оролцсон боловч дотроо босогчдыг дэмжиж байсан гэдэг.
1796 онд Наполеон нь Жозефина хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн билээ. Жозефина Францад нэлээд нөлөө бүхий хэд хэдэн улстөрчийн нууц амраг байсан гэдэг. Залуу генерал хурминдаа хоёр цаг хоцорч очсон тухай түүхэн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Наполеон, Жозефина хоёрын хайр сэтгэлийн талаар зохиол, кино гээд олон бүтээл бий. Тэдний хуримын бэлэг болгон тухайн үед Францыг удирдаж байсан Бассар залуу генерал Наполеоныг Итали дахь армийн командлагч болгожээ.
1798 онд Наполеон Бонапартын удирдлага дор Франц нь Египетийг эзлэн авах аян дайныг эхлүүлсэн түүхтэй. Ингээд эхний тулаанд түүний цэргүүд ялалт байгуулж яваандаа залуу генерал бүх санаачилгыг гартаа авав. Франц улс Англитай өрсөлдөж хойд Африк, Азид өөрийн нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж байсан үе. Яваандаа Европын орнуудыг дайлааар мордох төлөвлөгөөтэй байжээ. Ингээд залуу цэргийн жанжнаар удирдуулсан Францын арми Египетийн эсрэг дайнаа эхлүүлсэн билээ. Хамгийн түрүүнд Александр хотын ойролцоо цэргүүдтэйгээ бууж дараагийн өдөр нь гэхэд эзэлчихээд Каирийн зүг хөдөлжээ. Алдарт пирамидын эсрэг тулаанд Францын цэргүүд ялалт байгуулсан юм. Ийнхүү Египетийг үндсэндээ мэдэлдээ авав. Наполеон исламын шашинтнуудтай хэл амаа ололцох гэж хичээсэн боловч чадаагүй. Каир хотноо францчуудыг эсэргүүцсэн бослого гарч энэ үеэр 300 франц цэрэг амь үрэгджээ. Наполеоныг Египетэд аян дайн хийж явахад Францын улс төрийн байдал улам бүр ээдрээтэй болов. Түүнийг ард түмэн, арми дэмжиж байсан тул Парист эргэж ирээд засгийн эрх түвэггүй авсан. Тэрээр Засгийн газрыг татан буулгаж шинэ Үндсэн хуулийг батлуулсан юм. Францчууд ч залуу жанжныг бараг 100 хувь дэмжжээ. Наполеон бүх насаараа засгийн эрхийг барих эрхийг олгосон. Засгийн эрхэнд гарсан эхний жилүүдэд түүний хэрэгжүүлсэн бодлогыг ард иргэд дэмжиж улс үндэстний аврагч гэж байсан бөгөөд хэд хэдэн аян дайн хийж ялалт байгуулсан нь францчуудын үндэсний бахархлыг бадрааж өгсөн билээ. Наполеон жирийн ард иргэдийн амьдралыг сайжруулах бодлого хэрэгжүүлсэн байсныг олон түмэн нааштайгаар хүлээн авчээ. Гэвч засгийн эрхэнд гарснаас хойш 20 жилийн туршид дайн хийсэн. Сүүлдээ францчууд залхаж залуусыг байнга цэрэгт татах явдлыг эсэргүүцэж эхэлсэн. Наполеон ч өөрийн эрх мэдлээ улам бэхжүүлэх бодлого явуулсаар байв. 1810 онд эдийн засгийн хямрал нүүрлэж, дайн хийх нь ямар ч утга учиргүй болжээ.
Наполеон улс төрийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хайртай эхнэр Жозефинагаас салж, зуучлагчаар дамжуулан Оросын хаан Александр I-ээс охин дүүтэй нь гэрлэх зөвшөөрөл хүссэн гэдэг. Харамсалтай нь Оросын хаан татгалзсан. Тиймээс Австрийн эзэн хааны охин Марий-Луизтэй гэр бүл болжээ. Ингээд хаан ширээг нь залгамжлах хүү төрсөн боловч энэ гэрлэлтийг францчууд огтхон ч таалсангүй.
1812 онд Наполеон Оростой дайтахаар мордсон юм. Тэрээр энэ дайнд 450 000 цэрэгтэй оролцсон. Эхний тулаануудад Оросын арми ялагдал хүлээсэн боловч ядарч туйлдсан Францын цэргүүд жанжнаасаа урвах явдал нэлээд гарч байсан гэдэг. Цэргүүдийн дунд янз бүрийн халдварт өвчин тархаж, хүнс хомс байсан зэрэг нь ялагдах бас нэг шалтгаан нь болсон. Наполеоны арми Москва хотод бараг тулж ирж тулалдсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Энэ үеэр Москва бараг тэр чигтээ шатсан. Гэвч Францын цэргүүд ялагдсаныг Наполеон хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тиймээс ч нэг хэсэгтээ Москвад байж Оросын хаан Александр I-тэй энх тайвны гэрээ байгуулна хэмээн найдлага тавьсаар байв. Энэ бол Наполеоны мөхлийн эхлэл байсан гэж болно. Үүний дараахан Францын арми Лайпциг хотын ойролцоо болсон тулалдаанд дахин ялагдсан юм. Ингээд 1814 оны зургадугаар сарын 4-ний өдөр Парисын ойролцоо орших Фонтенбло ордонд Наполеон хаан ширээнээс татгалзсан түүхтэй. Ихэд сэтгэлээр унасан тэрээр хор ууж амиа хорлохыг завджээ. Гэвч удаан хадгалсан хор нь үйлчлээгүй тул амьд үлдсэн.
Францад засгийн эрхийг авсан улстөрчид түүнд Газрын дундад тэнгисийн Эльба хэмээх арал дээр нутаг зааж цөлсөн байна. Гэвч Наполеон бууж өгөхийг хүссэнгүй. Эльба арлаас зугтаж Парист ирэхэд түүнийг хүмүүс уухайлан хүлээж авсан гэдэг. Ингээд дахин засгийн эрхэнд гарах хүслээр аян дайнд мордсон байна. Харамсалтай нь Бельгийн Ватерлоо тосгоны ойролцоо болсон тулаанд ялагдал хүлээжээ.
Түүнд Францаас явахаас өөр арга байсангүй. Английн эрх баригчид өөрийг нь ивээлдээ авна хэмээн эцсийн мөч хүртэл найдаж байсан тул Экс арлаас Английн усан онгоцонд сууж улс төрийн орогнол авна гэдэгтээ итгэлтэй байв. Харамсалтай нь англичууд түүнийг олзлогдсон хэмээн үзэж Гэгээн Елена арал руу цөлснийг мэдээд ихэд бухимдсан гэдэг. Францын алдарт цэргийн жанжин тус арлын Лонгвуд хэмээх тосгонд амьдралынхаа сүүлийн зургаан жилийг өнгөрөөсөн билээ. Эхнэр, хүү хоёр нь ирнэ хэмээн найдаж байсан боловч бас л талаар болсон.
1819 оноос Наполеоны бие эрс муудаж баруун тал нь даагдахаа больжээ. Эмч нь элэгний үрэвсэл гэсэн онош тавьсан байдаг. Хөл нь хавдаж, явж чадахгүй болсон тэрээр үхэл ойртож байгааг мэдрээд гэрээслэлээ хэлж бичүүлжээ. 1812 оны тавдугаар сарын 5-ны өдөр Францын цэргийн жанжин амьсгал хураасан бөгөөд түүнийнг Лонгвуд тосгоны ойролцоо оршуулсан юм.
1840 онд Луи-Филипп гэгч Францын их жанжны сүүлчийн хүсэлтийг биелүүлэхээр шарилыг нь Францад авчирч оршуулсан.
Наполеонд хор өгч амийг нь хороосон гэсэн таамаглал ч байдаг. 1960 онд Английн эрдэмтэн Форшавард гэгч түүний үснээс дээж авч шинжлэхэд хүнцэл илэрсэн аж. Ямар ч байсан Наполеон Бонапарт нь Францын төдийгүй дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн цэргийн зүтгэлтэн юм.
Ю.Дэлгэр