Categories
мэдээ спорт

Монгол, Бразилийн жүдочид халз барилдаан хийнэ

Маргааш Бразилийн Сан Пауло хотноо Монгол болон Бразилийн шилдэг жүдочдын хооронд нөхөрсөг тэмцээн болох юм байна. Уг халз барилдаанд хоёр улсаас тус бүр таван тамирчин оролцох ажээ.

Тухайлбал эмэгтэй 48 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Ганбаатарын Наранцэцэг олимпийн аварга Бразилийн Сара Менезестэй хүч үзэх бол -70 кг-д Мөнхбатын Даваасүрэн, Америк тивийн алт, мөнгө, хүрэл медальт Мария Портелатай барилдах гэнэ. Мөн +78 кг-д ОУХМ Эрдэнэбилэгийн Гандиймаа, Рочеле Нунестэй хүч үзэх юм байна.

Харин эрэгтэй 73 кг-ийн жинд ОУХМ Наранхүүгийн Хадбаатар Бразилийн Алекс Помботой, 81 кг-д Э.Мөнхжаргал Виктор Пиналбертай тус тус халз барилдаан хийх юм байна. Тамирчдыг шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Гантөмөрийн Дашдаваа удирдан яваа аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Манлайжав: Цөмийн хаягдал орж ирэхгүй

manlaijavМонгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдоржид 2016 оны 03 дугаар сарын 21-нд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн юм.

Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэн орох асуудлуудыг хэлэлцэнэ. Иймээс цөмийн хаягдалыг өөрийн нутаг дэвсгэрт булшлах тухай олон нийтийн дунд ташаа мэдээлэл гарч байгаа учир Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав дараах тодруулгыг өгөв.

-Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудын тоонд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай багц хуулийн төсөл багтсан байгаа. Үүнтэй холбогдуулан олон нийтийн дунд Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлах тухай мэдээлэл тархаад байна. Үүнд та тайлбар өгнө үү.

-Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенци, мөн Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенци гэсэн энэ гурван конвенци бол багцаараа явж байгаа. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтийг Олон улсын атомын энергийн агентлагаас 2005 онд гаргасан. Монгол Улс 1985 онд энэ конвенцид нэгдчихсэн улс шүү дээ уг нь бол. 2005 онд цөмийн террорист халдлагуудтай холбоотой цөмийн террорист үйлдлийг таслан зогсоох, энэ үйл ажиллагаатай холбоотой гишүүн орнуудын Мантийн ажиллагааг төгөлдөржүүлэх зорилгоор энэ конвенцийн нэмэлт гарсан. Өнөөдөр 15 жилийн дараа энэ конвенцийг хүчин төгөлдөр болгох талаар Олон улсын атомын энергийн агентлаг болон бусад байгууллагууд хүчин чармайлт гаргаад ажиллаж байгаа. Монгол Улс энэ конвенциудад нэгдэн орох бэлтгэл ажлууд олон жил хийгдсэн. Өнгөрсөн оны 06 дугаар сард Улсын Их Хурлаас “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” тогтоол гарч Засгийн газарт үүрэг өгсөн. Энэ гурван конвенци мөн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох нь зүйтэй гэсэн чиглэл Засгийн газарт өгсөн. Үүний дагуу процедураараа Засгийн газрын хуралдаан, Байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэгдэж байгаа. Энэ оны 03 дугаар сарын 31-нд Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт болох гэж буйтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа тэр дундаа энэхүү Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хүсэлт тавьсан. Үүнийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэх асуудал дээр гишүүн орнуудад хандаж дэмжлэг үзүүлэх, өөрийн бүрэн эрхт гишүүн орнуудын хувьд яаралтай ажиллах хүсэлт тавьсан юм. Энэ 03 дугаар сард Парагвай, Шинэ Зеланд Улсууд энэ нэмэлтэд нэгдэж орсон. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж орвол хүчин төгөлдөр болохоор байдалтай байна. Иймд Монгол Улсын Их Хурал, түүний Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ дээр онцгой анхаарч Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар оруулж байгаад бид талархалтай байна.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдлыг булшлахгүй гэдэг дээр та албан тайлбар өгөхгүй юу?

-Цөмийн хаягдалтай холбоотой хууль эрх зүйн орчин Монгол Улсад бий. 2000 оны Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуульд тодорхой заасан байдаг. 2011 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн хаягдалыг Монгол Улсын газар нутагт хадгалах, булшлах мөн дамжин өнгөрүүлэх зорилгоор тээвэрлэх энэ бүх үйл ажиллагааг хориглосон байдаг. Цаашид бид олон улсын конвенцид нэгдэж орсноор цөмийн хаягдлыг Монгол Улсад хууль бусаар тээвэрлэх, дамжуулахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож, хориглож байгаа. Монгол Улсын хэмжээнд бол хог, хаягдлын тухай хуульд энэ заалт хаягдсан байгаа. Иймд Цөмийн энергийн тухай хуульд Ерөнхийлөгчийн зарлигийг хуульчлах асуудал яригдаж байгаа. Энэ оны 03 дугаар сард Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар энэ асуудал хэлэлцэгдсэн.

-Эцэст нь эдгээр төслүүдийг баталснаар Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ?

Эдгээр конвенциуд нэг нь цөмийн аюулгүй ажиллагаатай холбоотой конвенци юм. Улс болгон өөр өөрийнхөө аюулгүй байдалтай холбоотой эрх зүйн орчныг нэн тэргүүнд бүрдүүлэх ёстой. Тэгэхээр манай хууль дүрэмд хийгдэж буй шинэчлэлүүд нэг талаас дэмжлэг болж байна, нөгөө талаас энэхүү Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенци бол Монгол Улс өөрөө цөмийн байгууламжтай томоохон хэрэглэгч бол биш, гэхдээ манай хөрш орнууд ганцхан цөмийн аюул осол болвол газар нутгийн хөрш байрлалаар бол хязгаарлагддаггүй. Манай бүс нутаг бол цөмийн циклийг явуулдаг их томоохон тоглогч нар бүгдээрээ байна, тэр тусмаа цөмийн зэвсэгтэй гүрнүүд байна. Тэгэхээр энэ хөрш орнуудад маань явагдаж буй энэ байгууламжууд, энэ үйл ажиллагаанаас хэрвээ улс болгон өөрийнхөө хяналтыг өөртөө тогтоодог. Дээр нь цөмийн байгууламж дээр хяналтыг бол Олон улсын атомын энергийн агентлаг хяналт бас тавьдаг. Хэдийгээр тийм байлаа ч гэсэн ямарваа нэгэн цөмийн осол болохгүй гэсэн эрсдэл бол тодорхой түвшинд бий. Тэгэхээр бид Цөмийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэж орсноор энэ хөрш орнуудын цөмийн байгууламжын талаар авах мэдээллийг авах эрхтэй болж байгаа юм. Энэ мэдээллүүдийг хүсэлт тавьж авсны дагуу бид ер нь хөрш орнууд, хил залгаа бүсүүддээ цэргийн аюулгүй ямар дэглэм тогтоох ёстой, ямар төлөвлөгөөтэй байх ёстой, ямар аюулгүй ажиллагааны урдчилан сэргийлэх ч юм уу ямарваа нэг болзошгүй осол тохиолдсон тохиолдолд бид нарын авах арга хэмжээний хөтөлбөртэй байх ёстой юм бэ гэдэг энэ дээр бол их ач холбогдолтой юм.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгууд руу том онгоцоор ниснэ

Баруун аймгууд руу жижиг онгоц л нислэг хийдэг, нислэгийн хугацаа 3 цаг гаруй үргэлжилдэг.Иймд Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу МИАТ компани “АэроМонголиа” компанитай хамтраад орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ. Улмаар баруун аймгууд руу дөрөвдүгээр сарын 15-ны дотор нислэг хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Тухайлбал, “АэроМонголиа” компани жижиг онгоцуудаа Ховдод байршуулна. Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан хүрэх гэнэ. Говь-Алтай, Завханыг тусад нь зохион байгуулж болно. Хамтарч ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр тийзний үнэ өнөөдрийн мөрдөж байгаагаас 40 хувиар буурах боломжтой гэж тооцоолжээ. Мөн ОХУ, БНХАУ-ын хил орчмын бүс, хотуудаас зорчигч татах, Улаанбаатараар дамжуулаад дотоодын нислэгт холбох боломжийг авиа компаниуд судалж байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зоогийн газарт ганцаараа хооллож сур

eating aloneХар дарах, нойргүйдэх, ирээдүйдээ итгэлгүй болох, юмнаас айж цочих, огцом уурлах зэрэг шинж тэмдэг хүчтэй илэрвэл та өөрийгөө сэтгэлзүйн хувьд тэнцвэрээ алдаж байгаа юм байна гэж ойлгож болно. Бас зоогийн газар, олон нийтийн газарт ганцаараа хооллохдоо биеэ барих нь сэтгэлзүйн бас нэг эмгэг.

Манайхан цайны газар, зоогийн газар зэрэгт ер нь л бол ганцаараа ордоггүй шүү дээ. Хэрэв хэн нэгэн ганцаараа хооллож байвал “Ээ хөөрхий, зожиг зантай амьтан байх нь. Найз нөхөд ч үгүй. Хүн амьтнаас нуугдаж идээд. Хоол нь хоолойгоор нь давдаг л байгаа” гэх зэргээр гоочилж бүр “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэнэ. Ажлынх нь хэн нэгэн ресторанд ганцаараа сууж таарвал “Муу булагнуур” гэж ирээд үг хаяна.

Гэтэл цайны газар, зоогийн газарт ганцаараа хооллож байгаа хүнийг сэтгэлзүйн хувьд хэвийн, ямар нэг дарамтад ороогүй эрүүл гэж дүгнэж болдог гэнэ. Яагаад гэвэл тэр хүн бусадтай л адил хооллож, цагийг өөртөө зориулж чадаж байна. Харин ч хэн нэгэн танилаа дагуулж, хань бараа болгож зууралдахгүй ганцаараа сууж, хоолоо өөрийнхөөрөө тамшаалан амтархан идэж суугаа хүчирхэг сэтгэлзүйтэйн шинж л дээ. Тийм болохоор ганцаараа өдрийн цайгаа ууж байгаа хэн нэгнийг нэг их гайхаж хараад байх шаардлагагүй.

Харин ч та өөрөө түүн шиг ганцаараа хооллоод сурчихвал аливаад өөрийнхөө хүчийг гаргаж, өөртөө итгэдэг болох дадал сууж мэдэх юм. Иймээс та зоогийн газарт хааяа ч гэсэн ганцаараа сууж хооллож сур.

Categories
мэдээ спорт

Д.Амартүвшин мөнгө, Г.Болдбаатар хүрэл медаль хүртээд байна

Гүржийн нийслэл Тбилис хотноо олимпийн эрхийн оноо олгох Гран
При тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд дэлхийн 67 орны эрэгтэй 230,
эмэгтэй 163, нийт 393 жүдоч өрсөлдөж байна. Манай улсаас Хөдөлмөрийн баатар,
гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын удирдлагад эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх
барилдаж байна.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Амартүвшин
мөнгө, гавьяат тамирчин Г.Болдбаатар хүрэл медаль хүртэв. Мөн эмэгтэй 52 кг-ын
жинд А.Цолмон шагналт VII байр эзлэв.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 73 кг, 81 кг, эмэгтэй 63 кг, 70
кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэй 73 кг-ын жинд Г.Одбаяр, 81
кг-д О.Ууганбаатар, эмэгтэй 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, 70 кг-д Ц.Наранжаргал
нар барилдах юм.

Categories
булангууд мэдээ өд-бэх

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Гуйвшгүй Гризельда

Эл ном бол Италийн Сэргэн мандалтын үеийн тууриудын түүвэр юм. Яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүйн сонголтоор түүхэнд зураг нь ч үлдээгүй зохиолчдын бүтээлүүд багтжээ. Нийт 10 зохиолчийн анталоги юм. Алдарт “Poмео, Жульетта” драмын жүжиг болохоосоо ч өмнө туурь байжээ. Харин үүнээс яруу найрагч, их зохиолч Жованни Боккаччо (1313-1375)-ийн “Декамерон” буюу “Арав хоногийн хугацаанд яригдсан үлгэрүүд”-ээс арав дахь өдрийн үлгэр буюу Х туурийг нь сонирхуулж байна.

Гвальтьери хэмээх язгууртан гаралтай, ухаан сэргэлэн баян эр байв. Гэвч тэрээр гэр бүлтэй болох талаар огт боддоггүй бөгөөд ан авд хорхойсч явдаг нэгэн. Хэнэггүй хийсгэлэн эзэнтнээ үр удмаа үлдээхгүй байсаар “явчих” юм биш биз хэмээн зовнисон албат нар нь түүнийг “гэрлээч” хэмээн ятгах болов. Гэвч Гвальтьери өөрт таарч тохирох хүн хайж байна хэмээн алгуурлан явсаар зэргэлдээ тосгоныхоо Гризельда хэмээх ядуу тарчиг амьдралтай айлын охиныг эхнэрээ болгожээ. Гризельда царай зүсээр хэнээс ч дутахгүй үзэсгэлэнтэй бүсгүй байлаа. Гвальтьери Гризельдаг эхнэр болгон авахдаа болзол тавьж, ам өчиг авсан болой. Гризельда ч язгууртан нөхөртэй болоход татгалзах зүйлгүй тул нөхрийнхөө хэлсэн бүхнийг хийж, ямар ч ааш авир гаргасан хүлцэн тэвчиж, уурлахгүй, дуулгавартай байна гэсэн ам өчгийг ядуу хөгшин эцгийнхээ өмнө өгөв. Тэдний хурим сайхан болж албат нартаа хүндлэгдсэн аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарцгаах болов. Тэгтэл нэгэн өдөр Гвальтьерид ямар ад нь шүглэчихсэн юм өөгүй цэмцгэр, ааш авир сайтай, дуулгавартай, халамжтай эхнэрээ элдвээр гоочлон доромжлох болов. Язгуур угсаагүй ядуу зүдүү хүнийг эхнэрээ болгосон нь алдаа байжээ гэнэ. Энэ бүхэнд нь Гризельда анх амласан ёсоор ааш авир хувиршгүй, уурлан уцаарлахгүй байв. Энэ бүхэн Гвальтьеригийн эхнэрээ сорьж шинжсэн санаанд багтамгүй үйл явдлуудын өчүүхэн хэсэг нь байлаа. Гризельдаг хэлсэн үг, амласан амлалтдаа гуйвшгүй үнэнч гэдгийг мэдсэн ч нөхрийнх нь далд хорон санаа үүгээр дууссангүй. Албат нар нь аз жаргалгүй болж байна гэсэн шалтгаар төрсөн үрээ хөнөөлгөх санаа гаргав. Тушаал ёсоор албат нар нь охиныг нь аваад явахад ч Гризельда урьдын хэвээр байв. Энэ явдлаас хойш байдал намжин Гвальтьери эхнэрийнхээ чигч шулуун занд эрхгүй баясан сэтгэл хангалуун аж төрсөөр төдөлгүй хүүтэй болов. Хүү төрсөнд тэрээр хэмжээлшгүй их баяр жаргалтай байсан ч эхнэрээ урьдын аргаар турших санаа нь салж өгсөнгүй. Хүү минь ядуу хүний зээ хүү болно гэхээс айж байна. Ер нь чамаас салж өөрт нийцэх өндөр угсааны эхнэр авахгүй бол болохгүй нь. Хэрэв тэгэхгүй бол албат нар минь сэтгэл дундуур байх нь. Тэд маань сэтгэл дундуур байвал надад үнэнч биш болно шүү хэмээн гоншигоноход Гризельда, аажуу тайвнаар бүх зүйл таны хүссэнээр байх болно гэж би ам өчиг өгсөн шүү дээ. Би бол таны хүчинд амьд яваа ядуу тариачны охин. Танд л ая тухтай, сэтгэл амар байвал болох нь тэр хэмээгээд байдал намжив.

Тэгтэл нэгэн өдөр хатуу хахир нөхөр нь Гризельдаг дан цамтай нь гэрээсээ хөөж явуулаад өөрөө өөр эхнэр авна хэмээв. Төдөлгүй өөр эхнэр авч иржээ. Харин Гризельда нөхрийнхөө шинэ эхнэрт үйлчлэн, сэтгэлд нь сэв хийчих вий хэмээн хичээх болов. Энэ бүхнийг хөндлөнгөөс ажиглаж байсан Гвальтьери эхнэрийнхээ чинхүү сэтгэл, үнэнч байдалд дахин хэзээ ч эргэлзэхээргүй болж сэтгэл догдлон хамаг үнэнээ өчнө. Үнэн хэрэгтээ шинэ эхнэр гэгч үзэсгэлэнт охин бол тэр хоёрын анхны охин байжээ. Охиноо хөнөөсөн хэмээн нууцаар өсгөснийг мэдээд Гризельда уйлан хайлан охиноо тэврэн аваад бүх хэрэг явдлын учиг тайлагдав.

Тэгээд Гвальтьери өгүүлсэн нь: “Эрхэм Гризельда минь ээ, одоо л чи минь удаан хагацааны тэсвэр тэвчээрийнхээ үр шимийг хүртэх боллоо. Би чамайгаа хүн бүхэн дуурайхуйц үлгэр жишээч эхнэр байгаасай гэсэндээ тэсэхийн аргагүй зовлон шаналал чамдаа үүрүүлж байлаа. Би бол энэ орчлонгийн эрчүүд дотроос эхнэртээ хамгийн ихээр сэтгэл ханамжтай хэмжээлшгүй их аз жаргалтай байдаг цорын ганц эр хүн” гэвэй. Тэд урт удаан аз жаргалтай амьдарч буйгаар зохиол төгсдөг.

Магадгүй энэ туурийг уншсан хүн амлалт болоод, үнэнч байна гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрэх биз. Ялангуяа таарамж муутайхан хосууд, харилцаагаа шинэ хандлагатай болгохыг эрмэлзэж буй залуус унших аваас үл ойлголцлын манан сарнин замхарч, итгэлцлийн наран гийнэ вий.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Бяслагтай бөөрөнхий мах

Орц (Гурван хүний)

Үхрийн татсан мах-550 гр

Ногоон сонгино-25 гр

Сармис-Хоёр ширхэг

Давс- Нэг цайны халбага

Хар перец-1/2 цайны халбага

Өндөг-Хоёр ширхэг

Бяслаг-250 гр

Хийх арга

Томхон саванд (татсан) үхрийн машиндсан цул мах, өндөг, татсан ногоон сонгино, сармисыг хийж давс, хар перец, улаан чинжүүнээс гадна өөрийн дуртай бусад амтлагчаар амтлаад сайтар холино. Амталсан мах барьцалдсан нялцгайвтар болох ёстой. Пармезан бяслаг сонгоорой. Байхгүй бол хайламтгай, гашуун биш зөөлөн амттай бяслаг байсан ч болно. Бяслагийг жижиг дөрвөлжин хэмжээтэй хэрчинэ. Амталсан махнаас 40-50 гр орчмыг тасдан авч дунд нь хэрчсэн бяслагнаасаа нэг ширхгийг хийж бөөрөнхийлнө. Бөөрөнхий мах хэт зузаан байж болохгүй. Мөн сайтар базаж биежүүлэх хэрэгтэй. Шарах шүүгээг 190 хэмд сайтар халаана. Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэнэ. Эсвэл сайтар тослоод бөөрөнхий махыг жигд өрж шарах шүүгээнд хийж 17-25 минут болгоно. Мах гадна талаасаа борлож бяслаг дотроо хайлах болно. Эсвэл шарах шүүгээнд шарахаасаа өмнө сайн халаасан 450-500 мл ургамлын тосонд махыг хийж эргүүлж тойруулан бор шаргал өнгө ортол шараад тосноос гаргаж 150 хэмд халаасан шарах шүүгээнд хийж 15 минут болгож болно.

Өтгөн сайхан сүмс гаргахын тулд жижиглэн хэрчсэн сонгино, сармисыг 3-4 минут хуурч дараа нь жижиглэн хэрчсэн лууванг хийж 4-5 минут хуураад 180 мл томатны сүмс хийгээд зөөлөн гал дээр 1-2 минут хуурсны дараа 1/2 цайны аяга ус эсвэл үхрийн, хонины шөл хийж сайтар хутгаж буцалгана. Ингээд сүмсэн дээр шарсан бөөрөнхий махыг хийж зөөлөн гал дээр хоёр минут орчим хуураад галаас гаргаарай. Сүмсийг өөрийн хүссэнээр нэмж амталж болно. Ногоон сонгино, яншуй болон бусад ургамлын гаралтай ногоогоор амталж ч болох юм. Сүмстэй бөөрөнхий махыг чанасан гоймон эсвэл агшаасан будаа, амталж хуурсан ногоотой хачирлаж идэхэд тохиромжтой байдаг.

ШОКОЛАД, ЦӨЦГИЙТЭЙ БИН


Орц (Таван хүний)

Нунтаг какао-25 гр

Baking powder (нарийн боовны исгэгч)-нэг цайны халбага

Гурил-175 гр

Элсэн чихэр-100-150 гр

Давс-1/4 цайны халбага

Сүү-350 мл

Ургамлын тос-Дөрвөн хоолны халбага

Цөцгий-250 мл

Ванилийн сахар-Хоёр цайны халбага

Хийх арга

Саванд гурил, нунтаг какао, нарийн боовны исгэгч, элсэн чихэр, давсыг хийж холино. Дээрээс нь ургамлын тос, сүү, ванилийн сахарыг нэмж хийгээд сайтар хутгана. Ванилийн сахар хийхгүй байж болох ч чихэрлэг амт суларна. Зуурмаг нялцгай болох ёстой. Халааж тосолсон хайруулын тавганд зуурмагийг 60 мл-ээр хутгаж аваад асгаж тараана. Хөдөлгөж хутгах хэрэггүй. Гал хэт ширүүн байж болохгүй. Зуурмаг өөрөө биежиж болох болно. Ингээд 1-2 минут болсны дараа зөөлөн эргүүлж нөгөө талыг мөн адил шарна. Бингүүд адил хэмжээтэй байх ёстойг анхаараарай. Үүний дараа өтгөн цөцгийг элсэн чихэртэй хольж миксэрдээд крем маягийн болгоно. Цөцгийний чихэрлэгийг та өөрөө тохируулаарай. Ингээд бин тус бүр дээр 2-3 цайны халбага цөцгийг түрхэж бингүүдээ давхарлана. Хүсвэл шоколадны крем, жимсээр амтлаарай.

Бэлтгэсэн: А.ЗУЛ

Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Популизм хэрээс хэтэрлээ

Соёлын тэргүүний ажилтан Ц.Баттөмөр

Сүүлийн үед шинэчлэл, шийдлийн Засгийн газраас хийж бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулах пиар хэрээс хэтрэв. Өнгөрсөн дөрвөн жилд сөрөх бус хорлох жүжиг тавьсан Монгол ардын хувьсгалт намынхан бас ардчиллын зарим анхдагчид хүртэл бидний хүссэн ардчилал яавч биш гэж ярьж бичих боллоо. Ардчилал 25 жилийн дотор монголчуудыг гаднаа хотлох малтай, га-гаар хэмжигдэх газартай, гараашдаа тавих машинтай, голомтоо бадраах сууцтай, гартаа барих утастай болгож, ардчиллын үнэт зүйлс айл бүрийн гэрт, хүн бүхний амьдралд хэрэгжлээ. Дэлхий хүлээн зөвшөөрч, АСЕМ-ын XI чуулганыг ардчилсан Монгол Улсад хийх гэж байна.

Засгийн эрхийн төлөө сэрүүн зүүдэлсэн популистууд яс булаацалдсан ноход шиг төрийн эрхийн төлөө гарч ирсэн төлөвшилгүй намууд яах гэж ардчилал руу, өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалт руу нулимах болов? Ард түмэн тэнэг биш.

Өнгөрсөн 25 жилд ачаа нь ардчилагчдад, баялгийн ургацыг уутлагч нь Ардын намынхан байж ирлээ. Өнгөрөгч дөрвөн жилд эх орон хар замаар холбогдлоо, алс нутагт бензин хямдарлаа. Хот хөдөөд орон сууц олон зуугаараа босож, зээл нь 8-5 хувь болж буурлаа, малчдын зээлийн хүү буурлаа гээд яриад бичээд байвал амжилт ололт ар араасаа хөвөрсөн. Олон жилийн өмнө Ахмадын чөлөөт холбооны Г.Баасан хотын иргэдийн хурлын даргын ажилтай танилцахад Н.Болормаа дарга бүтэн жилдээ наймхан удаа тэргүүлэгчдийн хурал хийсний тав нь гадны шашны нөхдөд газар олгох асуудлыг авч хэлэлцсэн байж билээ. Тэгвэл Үүл баатар, Д.Баттулга хоёр дөрөвхөн жилийн дотор олон жил хуримтлагдсан булхай буртгийг цэвэрлэж, найрсаг Улаанбаатар болголоо. Гэтэл ардын намын эрдэмтэн, гавьяатнууд хүртэл юу ч хийгээгүйгээр попдон бичсээр байгаа шүү. Ингэж 100 хувь асуудал хэлэхэд 50 хувь үнэн болдог замаар попдогчид хэр хол явах бол.

Categories
мэдээ улс-төр

МАХН-ын ЕНБД-аар Э.Эрдэнэжамъян томилогджээ

mahnӨчигдөр МАХН-ын бага хурал хуралдаж, сүүлийн үед тус намд үүсээд байгаа асуудал болоод Г.Шийлэгдамба, Л.Цог нарын талаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэр гаргасан бололтой. Энэ удаагийн хурлаараа МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Э.Эрдэнэжамъянг томилсон байна.

Тэрээр саяхан “Намын дарга Н.Энхбаярын ялтай тооцох хугацаа хууль эрх зүйн хувьд дуусгавар болсон учраас АТГ-аас гаргасан бичиг нь хууль зөрчсөн. Мөн Г.Шийлэгдамба өөрийнхөө арьсыг хамгаалах гэж авсан авлигаа Н.Энхбаяр дарга руу бухсан адгийн авлигач, харин Л.Цог Н.Энхбаяр даргаас өөрөө нэг сая доллар нэхчихээд, өөрөөс нь нэхсэн мэтээр гүтгэж байгаа арчаагүй шантаажлагч. Тэд намаасаа урвасан” гэж хэвлэлийн хурал хийж, энэ үеэр нулимс дуслуулаад авсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Тэд цаг хугацааг эргүүлж авчрав

Цаг хугацаа өнгөрсөөр байгаа мэт боловч хүмүүсийн сэтгэл дэх цаг хугацаа, дурсамж дурдатгал яг л хэвээрээ байдаг юм байна. Үүнийг уржигдар Бөхийн өргөөнөө цугларсан олон түмэн батлав. Бөхийн өргөө рүү чиглэсэн бүх зам нэлээд алсханаас түгжирч эхэлсэн нь тэнд тоглолт болох гэж байгаатай, тэр дундаа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан хоёр дахин хамтарч хандивын тоглолт хийх гэж байгаатай холбоотой ажээ. Үүднээсээ боодолтой өвс өндөрлөж ачсан машинууд, хурганы уут, ишигний нэмнээ, лаа, шүдэнзний худалдаа дүүрэн байгаа нь тэдний тоглолтын агуулгыг илтгэнэ.

Юу гэвэл хоёр гавьяат маань олон жилийн дараа анх удаа хамтарсан тоглолт хийхээр болсон. Тэгэхдээ малчин түмэндээ зориулж “Илгээлтийн эзэд” нэртэй хандивын тоглолт хийх болсноо зарласан юм. Талархаж цэцэг авчрахынхаа оронд нэмнээ, хурганы уут авчраарай гэж хүссэнийг үнэнч үзэгчид нь дагажээ. Бүгдээрээ л уяа оосор унжралдуулсаар, хөл тавих зайгүй Бөхийн өргөөнд сэтгэл хөхиүн нэгэндээ завсар гарган зайчлан суух нь содон байлаа. Арваас эхлэн уруудуулан тоолсоор нэг хэмээхэд С.Жавхлан гүйсээр гарч ирснээр тоглолт эхэлсэн, удалгүй тайзнаа олон жилийн турш гарч ирээгүй Т.Баясгалан гарч ирээд дуулахад үзэгчид… гээд элдвийг энд нуршихад илүүц биз ээ. Тэдний дуу болгон нь хит болж, дуу бүр нь үзэгчдийн цээжинд хоногшсон дуучид юм гэдэг нь эргэлт буцалтгүй тодорхой ажээ. Бүр олон жилийн турш сонсоогүй Т.Баясгалангийн дуу, тухайн цаг үедээ дуулиан тарьж байсан клипүүд нь олон хүний дурсамж, дурдатгалыг сөхөж байлаа. Самандын Жавхлан, Түвшинжаргалын Баясгалан нар бол Монголын урлагт өөрсдийн мөрөө үлдээж чадсан, нийтийн дууны салбартаа үзэгдэл болж чадсан уран бүтээлчид ажээ. Оюутны ширээнээс хослон дуулж, “Мөнхрөх ч биш дээ хоёулаа”, “Хонгорхон үр минь” дуугаараа олны танил болж байлаа. Аль аль нь хээгүй гүдэсхэн гэмээр зантай. Тэр зангаараа сүүлд амжилтад хүрсэн хойноо ч гоёлын ганц гонжоом, галзуу ганц цагаан даашинзтай байснаа нуулгүй ярилцлагадаа өгүүлж байсан хүмүүс. Тэд өсч том болжээ. Ингэхдээ араасаа бүхэл бүтэн хэдэн үеийн хослон дуулаачдыг, тэднийг сонсох үзэгчдийг бэлтгэн өгсөн. Бас үүнийхээ зэрэгцээ өөрсдөө ч өсч, өөр түвшинд аливааг харж чадах улсууд болсноо “Илгээлтийн эзэд” тоглолтоороо батлахыг хүсчээ. Уг нь “Илгээлтийн эзэд” нэр бол ямар ч уран бүтээлийн тоглолтын нэр биш л дээ. Гэхдээ тэд тоглолт хийгээд явдаг хуучны залуу уран бүтээлчид биш болсноо энэхүү “хачин” нэртэй хамтарсан тоглолтоороо баталж байна. Тэд нийгмийнхээ сайн сайхны төлөө дуугардаг зүтгэлтнүүд болж торнисон гэдгээ үүгээрээ харуулав. Тэдний хослон дуулахыг хүлээдэг, хардаг үзэгчид нь ингэж торниулж, ингэж төлөвшүүлжээ. Хоёр дуучны хувьд аль, аль нь хөдөөний амьдрал мэдэх хүмүүс. С.Жавхлан Увсын цэнхэр хязгаарт аравдугаар ангиа төгстөлөө, Т.Баясгалан өвөө, эмээ хоёрынхоороо Өвөрхангайгаар л байдаг байсан гэлцдэг. Тэгэхээр тэд хамгийн сайн мэдэх амьдрал, хамгийн амаргүй байдаг хахир цагаар малчдадаа туслахыг хүсчээ.

Дуугаа дуулахаасаа улс төр ярьж тэмцэл хийж явдаг С.Жавхлангаа, хүний гэргий болоод үр хүүхдээ асарч хэсэгтээ анир гүмхэн явсан Т.Баясгалангаа хараад дуунд дуртай олон нь ихэд баярласан биз ээ. Баясгалангийн жүжигчин Амараатай хамтран тоглосон хуучин цагийн клип гарахад “мэхний их дэлгүүр” хэмээн япончуудыг дуу алдан нэрийдэхэд хүргэсэн Д.Кёкүшюүзан маань хүү рүүгээ тонгойн зарим нэг зүйлийг тайлбарлан ярьж байгаа нь харагдсан. Бодвол хүүдээ ээж нь урлагийн хүн, амьдрал дээрхээсээ өөр олон дүрийг бүтээж байдаг гэдгийг тайлбарласан биз. Түүний дараахан тэрбээр хоёр хүүхдээ дагуулаад тайзнаа гарч ирж гэргийдээ цэцэг гардуулсан. Томоо болсон хоёр хүүхэд нь ижийгээ тайзнаа дуулахыг анх удаа харж байгаа гэж дуучин бүсгүй маань хэлж байна лээ. Тэгээд бодохоор үзэгч олон нь Т.Баясгалангаа санахаас аргагүй удаан хугацаанд хулжиж дээ гэж бодохоор байсан шүү. Гэхдээ тэр олон жил тайзнаа гараагүй гэхэд дуу хоолой нь хуучныхаараа байна лээ. С.Жавхлангийн хувьд өөлөхийн аргагүй дуучин. Ямар сайндаа “Би дуугаа сайн дуулдаг шиг улстөрчид ажлаа сайн хийдэг бол би ингэж явахгүй” гэж байхав дээ. Энэ тоглолт С.Жавхланг түр хугацаанд ч болов дээлээс нь салгаж, хар хослол өмсгөхөд хүргэсэн юм. Харин өөрөө үүндээ ихэд түүртэж байгаа бололтой, бачуураад амаргүй байна шүү хэмээж харагдсан.

Баясгалан, Жавхлан гэсэн нэр нийтийн дуунд үнэхээр брэнд юм байна. Брэндийг цаг хугацаа, шинэ брэнд ч дарж чадахгүй гэдгийг тэд өчигдөр баталлаа. Уухайлж ирээд алгаа хорстол таших тэр олон зуун үзэгчийн хувьд 13 жилийн дараа тайзнаа дахин гарч ирсэн хослон дуулаачид их баяр баясал, хүч энергийг өгсөн биз ээ. Хамгийн гол нь гозгор туранхай оюутан цагаас нь мэдэх тэр хоёр хүүхэд зангарагтай дуучид болж өсөхөөс гадна нийгмийнхээ ачааг үүрч, дүүрч явах эрхмүүд болсон гэдгийг олонд харуулж өглөө. Хавар цагийн хахир хатууг хэн хүнээс илүү мэдэх тэдний энэ сэтгэл олон зүтгэлийг араасаа дагуулах биз ээ. Баярлалаа, нэг ангийн хоёр гавьяатдаа.