“Гэгээн гуниг” зэрэг олон сайхан уран бүтээлээрээ олны танил болсон дуучин Г.Чинболортой уулзаж уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа сонирхуулъя.
-Та дандаа л хайрын тухай дуу дуулах юм. “Хайрын орчлон”, “Арганд ороогүй хайр минь” “Гэгээн хайр” “Хайрын наран жаргахгүй”, “Хайрын мишээл” гээд л…
-Юуны өмнө “Өдрийн сонин”-ы уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрд танай сонинд ярилцлага өгөөгүй юм байна.
Би ч гэсэн энэ талаар бодсон. Өөртөө хүртэл асуулт тавьж байсан. Анх 2004 онд Б.Энхмэндтэй хамт дуулсан. “Хонгор зул” сониноос зохион байгуулдаг “Хайрын сүлд дуу” гээд дууны наадам болдог байлаа. Түүнд яруу найрагч Л.Ганзулын шүлэг Батхуягийн аялгуу “Жиндээх салхигүй хорвоо” гэдэг дуугаар Б.Энхмэндтэйгээ оролцож тэргүүн байрын шагнал хүртсэн. Түүнээс хойш хайрын тухай дуу нэлээд дууллаа. Н.Баянмөнхийн үг, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжавын ая “Хайрын орчлон”, “Хайрын мишээл”, “Хайрын наран жаргахгүй” гээд л.
Уран бүтээлчид маань дуучдадаа тохируулж бүтээлээ туурвидаг л даа. Тэгээд Б.Энхмэнд бид хоёрын хоолой зөөлөн тембртэй. Хайрын тухай дууг хүн хашгирч дуулахгүй байж таарна. Тэрийг нь бодож хайрын тухай дууг өгдөг байсан болов уу. Эргээд харсан чинь их л олон хайрын тухай дуутай юм байна. Ганцаараа дуулсан хайрын сэдэвтэй дуу ч нэлээд бий. Үүнийгээ анзаарсан, тиймээс ч сүүлийн үед аав, ээж, нутаг усны тухай уран бүтээл түлхүү оруулж байгаа.
-Б.Энхмэнд та хоёр анх яагаад хамтарч дуулах болсон юм бэ?
-Бид хоёр Соёл урлагийн их сургуульд нэг ангид сурч байсан. Бүр нэг багш, гавьяат жүжигчин М.Найдалмаагийн шавь. Нэг анги, нэг багшийн шавь гэдэг илүү ний нуугүй ярилцдаг. Оюутан байхдаа пирожки зэргээ хувааж иднэ. Адилхан л хөдөөний хүүхдүүд байсан. Хамтарч уран бүтээл хийе гэж нарийн бодож төлөвлөсөн юм байгаагүй. Гэхдээ л юм хиймээр санагддаг даа. Тэгж яваад л анхныхаа дууг хамтран дуулсан. Соёл урлагийн их сургуулийн Оюутны холбоог би байгуулалцаж явлаа. Батхуяг холбооны даргаар сонгогдсон. Би өөрийнхөө факультетийг хариуцдаг байлаа. Тэр үед Батхуяг маань гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэд “Миний нутгийн нуур дөлгөөхөн” дуугаа дуулуулж тэр нь хит болсон байсан. Би надад гоё дуу хийгээд өгөөч гэж хэлдэг байлаа. Нэг удаа ангидаа сууж байсан чинь “Ийм дуу хийлээ сонс доо” гээд хүрээд ирсэн. Батхуяг төгөлдөр хуур дээр тоглож сонсгоход шууд л таалагдсан. Маргааш нь Б.Энхмэндийг хичээлдээ ирэхэд нь хамтарч дуулъя гээд дуулсан даа. Одоо эргээд бодоход дуу, дуучин хоёр бие биеэ олно гэдэг л тэр байх. Б.Энхмэнд бид хоёр хамтарч дуулах тавилантай байж. Бид хоёр нэлээд хэдэн дуу хамтарч дуулсан даа.
-Сүүлийн үед та хоёр хамтарч уран бүтээл туурвиж байна уу?
-Сүүлийн үед бид хоёр ганцаарчилсан уран бүтээл дээр нэлээд ажиллаж байгаа. Энхмэнд маань нэг цомог гаргасан. Миний хувьд ч гэсэн бие даасан дуугаараа цомог гаргасан. Анхнаасаа цуг дуулсан болохоор тус тусдаа дуулахад хүмүүс хүлээж авдаггүй юм шиг байгаа юм. Сүүлийн үед Т.Найданжавын ая Батсуурийн шүлэг “Сэтгэлийн амраг” гэх зэрэг хэд хэдэн уран бүтээл дээр ажилласан. Цаашдаа ч уран бүтээл дээр хамтрахаар ярилцаж байгаа.
-Та хоёрын бас нэгэн хамтын уран бүтээл болох “Гэгээн гуниг” гээд сайхан дууны талаар ярихгүй өнгөрч болохгүй нь. Энэ дууг дуулсан түүхээсээ дурсаач?
-Энэ бол 2006 оны дуу. Захиалгын дуу л даа. Бид хоёроор дуулуулъя гэж авч ирсэн. Түүхийг нь судлахад их сонин. Дунд сургуульд бие биедээ их сайн байсан хоёр хүүхэд. Нэг нь ээж, аавыгаа дагаад хотод очиж амьдрахаар явсан. Тэгээд олон жилийн дараа энэ хоёр хүн уулзжээ. Хоёулаа сургуулиа төгсчихсөн, амьдрал ахуйгаа зохиочихсон байсан. Тэгээд эрэгтэй нь ийм дуу хийлгэмээр байна гээд захиалсан юм билээ. Ингэж төрсөн дуу.
-“Ачийг тань мөнхөд санана” хэмээх ээжийн тухай дууг дуулсан?
-“Ачийг тань мөнхөд санана” гэдэг дуугаа бид өнгөрсөн жил бичүүлсэн. Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, Э.Оюумаа, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа бид зургаагийн бүтээл. Ээжийн тухай сайхан дуу хийе гэж бодсон. Тэгээд хүний амьдрал мөнх бус. Бид бүхний ээжүүд энх тунх байгаа болохоор тэднийгээ мөнхлөн үлдээе гэж бодсон. Тиймээс “Ачийг тань мөнхөд санана” гэдэг дуугаа дуулсан. Цэн.Эрдэнэбатын ая, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлэг л дээ. Он удаан жилийн туршид ар түмний маань сонсох дуртай дуу байгаасай гэсэн үүднээс энэ уран бүтээлээ туурвисан юм. Ийм дуу хүнд хурдан хүрдэггүй. Өнгөрсөн жил хийсэн дуу маань энэ жил Монгол телевизээс явуулсан хит парадад орж байна.
-Дуулах дуугаа хэрхэн сонгодог вэ?
-Эхний ээлжинд шүлгийг нь хардаг. Сүүлийн үед манайхан нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа шүү дээ. Дээр үед шүүмжлэгчид гэж байлаа. Зарим шүлэг логикоор бодоход буруу зөрүү байдаг. Түүнээс гадна аялгууг нь бас сонсоно. Ямар дуучин тохирох юм гээд л нэлээд юм байна. Хамгийн гол харах юм бол энэ хоёр.
-Өөрөөр хэлбэл шүүлтүүр байх ёстой гэж та хэлэх гээд байх шиг байна.
-Дууны шүлгэнд гэхэд утга, уянга, ухаарал гээд бүгд багтсан байх ёстой. Сүүлийн үеийн дууны шүлгүүд арай л шаардлага хангахгүй байгаа юм шиг санагддаг. Тийм шүлэг дээр ая хийгээд явж байгаа хүмүүс бас нэгийг бодох ёстой.
Энүүхэн дотроо л гэхэд тийм дууг нь аваад дуулж байгаа хүмүүс ч гэсэн. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг үг байдаг шүү дээ. Нийтийн дуучид утгагүй, замбараагүй дуу дуулдаг гэсэн яриа үүнээс гардаг.
-Хөдөө орон нутгаар явж тоглолт хийгээд дөнгөж ирсэн гэсэн?
-Саяхан “Ачийг тань мөнхөд санана” гэдэг тоглолтоо зүүн гурван аймаг, говийн аймгуудаар тоглоод ирлээ. Нийтдээ найман аймаг, хоёр суманд уран бүтээлээ хүргэсэн. Хэнтийн Бор-Өндөр, Өмнөговийн Цогт-Өлзий суманд буюу Оюу Толгой, Таван толгойн ажил ид өрнөж байгаа газруудад очлоо. “Ачийг тань мөнхөд санана” тоглолтоо өнгөрсөн жил гуравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд “UB Palace”-д хийсэн. Үүнийхээ үргэлжлэл болгон зүүн аймгуудад тоглолтоо хийлээ. Түүнийг маань үзсэн хүмүүс мэдэж байгаа. Би ганцаараа тоглоогүй. Соёлын тэргүүний ажилтан Т.Батсайхан, Э.Оюумаа, Л.Чулуунбаатар, Б.Энхмэнд гээд нэгэн үеийн уран бүтээлчидтэйгээ хамтарсан. Бид чинь бүгд оюутан байхаасаа л уран бүтээлээ эхлүүлсэн. Ойрд ийм бүрэлдэхүүнтэй яваагүй юм билээ. Ганц нэг уран бүтээлч хөдөө орон нутгаар явдаг. Тиймээс арай өөр өнцгөөс сонирхолтой байдлаар хийе гэсэн бодлоор ийм бүрэлдэхүүнтэй тоглолтоо хийсэн. Бид чинь Улаанбаатарт л тоглоод байдаг. Сонсох дуртай дуучид нь бөөнөөрөө яваад очиход сайхан мэдрэмж өгөх байх гэж бодлоо.
-Та нар оюутан байхдаа бүгд нэг анги байсан уу?
-Б.Энхмэнд бид хоёр нэг анги. Э.Оюумаа,Т.Батсайхан, Л.Чулуунбаатар бидний дээд ангид сурч байсан.
-Ийм том баг тоглолтоо хийхэд хөдөө орон нутгийнхан маань сайхан хүлээж авсан биз дээ?
-Хаана ч очсон сайхан хүлээж авдаг. Монголын ард түмэн маань дуундаа, дуучдадаа хайртай л даа.