Categories
мэдээ нийгэм

АНУ дахь монголчуудын “Хөдөлмөрийн яармаг” болов

Калифорни мужийн Залуусын нэгдэл, ЕКГ, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Америк дахь Монголчуудын “Хөдөлмөрийн яармаг”-ийг амжилттай зохион байгуулжээ. АНУ-д сурч буй оюутан, залуусын хувьд Монголдоо буцаад очиход ажлын зах зээлийн мэдээлэл, ажлын байрны захиалга гэх мэт мэдээлэл байдаггүй байна. Тиймээс 2014 оноос эхлэн уг Хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах болсон бөгөөд энэ удаад АНУ-ын 10 мужаас 120 гаруй оюутан, Монголын талаас МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг байгууллагууд оролцжээ.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж уг өдөрлөгт анх удаа оролцож сургууль төгсөгч оюутан, залуучуудад Монгол дахь ажлын байрны талаархи мэдээлэл өгч, ажилд зуучлах, захиалга байдлаар оролцсон байна. Тус бирж ажилгүй залуучуудыг тодорхой хугацаагаар гадагшаа гаргаж ажиллуулах, гадаадад өндөр боловсрол эзэмшсэн монголчуудыг сурсан мэдсэнээ эх орныхоо хөгжилд зориулах, ажиллах хөдөлмөрлөх боломжоор хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь энэ хөдөлмөрийн яармаг болж байгаа аж.

Тус өдөрлөгөөр Монгол дахь ажлын байрны талаар мэдээлэлгүй байдаг оюутан залуусын хувьд Монголоос ирж байгаа байгууллагуудаас бодит мэдээлэл авах, шууд ажлын байранд зуучлагдах, мөн өдөрлөгт оролцсон байгууллагуудад зуны дадлага хийх боломж нээгджээ. Мөн энэ үеэр “Надад хэлэх үг байна” илтгэлийн тэмцээн зохион бйагуулагдаж, тэмцээнд 24 оюутан, залуус илтгэлээ ирүүлснээс найман илтгэл шалгарч, шилдгүүд тодорсон байна.

Categories
мэдээ спорт

Жүдо бөхийн гранпри тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байна

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох гран при тэмцээн өчигдөр эхэллээ. Энэ өдөр уламжлал ёсоор эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг гэсэн хөнгөн жингийн барилдаан болно.

60 кг-д 30 бөх албан ёсоор сугалааны үйл ажиллагаанд оролцсоноос Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар “А” хэсгийг тэргүүлэн барилдана. Гэвч тэрбээр эхний тойрогт гоц мөргөлөө. Харин гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогт Гүржийн бөх Лукумитэй хүч үзнэ.

52 кг-д 22 бөх хүч үзэх бөгөөд тус жинд ОУХМ А.Цолмон “В” хэсгийн эхний тойрогт мөн л гоц мөргөв. Тэр хоёрдугаар тойрогт Швейцарийн Эвелин Цчофф, Германы Мария Эртл нарын аль ялсантай нь дэвжээнд гарна.

Categories
мэдээ нийгэм

Баруун болон төвийн ихэнх нутгаар нойтон цас орно

Энэ сарын 28-нд буюу даваа гаиргт төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн нутгийн ихэнх нутгаар, 31-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30, 31-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана

Нийслэлийн Засаг даргын 2016 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлд зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд төвийн 6 дүүрэгт тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах 15 цэг уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ сард 3, 8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар аймгийн эмнэлгийн шинэ байрны нээлт боллоо

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлж, давтан сургалт явуулахаас гадна хоёр, гуравдугаар давхартаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тус төвийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд, аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, ИТХ-ын дарга П.Мөнхжаргал нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 2008 оноос хойш Сүхбаатар аймаг 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эмнэлгийн барилга барихад зарцуулсан. Нээлтээ хийж байгаа Эрүүл мэндийг дэмжих төвийн байр найм дахь шинэ эмнэлгийн барилга гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа хэлсэн юм.

“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн үеэр 12 сумын эрүүл мэндийн төвтэй цахимаар холбогдсон. Аймгаасаа сумын эрүүл мэндийн төвүүдтэй цахимаар холбогдсоноор цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна зайн оношилгоо хийж, хоёр дахь шатлалаас хүнд, хүндэвтэр өвчтөнд оношилгоо, эмчилгээний зөвлөгөө өгч, цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Мөн алслагдсан сумдад мэдээлэл, оношилгооны шинэ аргыг хүргэх, цаг үеийн асуудлаар хурал хийхэд ашиглаж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн 2014 онд оношилгооны төв байгуулснаар 24 нэр төрлийн тусламж үйлчилгээ нэмэгдэж, 3 дахь шатлалтад явж эмчлүүлэгсдийн тоо 18 хувиар буурсан байна. Энэхүү төвөөр давхардсан тоогоор 71 мянга гаруй иргэн үйлчлүүлээд байна.

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг, Х.Энх-Амар нар эхний хожлоо авлаа

“Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн бүсийн тэмцээн БНХАУ-ын Чянь Ань хотод үргэлжилж байна. Өчигдөр манай эрэгтэй боксчид тулаанаа эхлүүллээ. Энэ өдөр эрэгтэй 52 кг-д Х.Энх-Амар Тайваний боксчин Чун Хейн Жанг, 64 кг-д Б.Чинзориг Тонга улсын тамирчин Т.Файнезиг тус тус 3:0-оор хожин хоёрдугаар тойрогт үлдлээ. Тэмцээний эхний өдөр буюу угжигдар эмэгтэй 60 кг-д ОУХМ О.Сувд-Эрдэнэ Непалийн Сарасвати Ранаг 3:0-оор хожин дараагийн тойрогт БНСУ-ын О Ён Житай тулалдахаар оноолт таарсан. Ийнхүү эхний өдрүүдэд манай гурван боксчин өрсөлдөгчөө хожин дараагийн тойрогт үлдээд байна.

“РИО-2016” зуны олимпийн XXXI наадмын Ази номхон далайн бүсийн олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд 40 гаруй орны 300 орчим ширэн бээлийтэн эрэгтэй 10 жин, эмэгтэй 3 жинд олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Манай тамирчдаас энэ сарын эхэнд Германы “Химийн цом”-д амжилттай оролцсон эрэгтэй баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бол эмэгтэйчүүдээс М.Нандинцэцэг, О.Сувд-Эрдэнэ, Э.Эрдэнэтуяа нар багтсан.

Баг тамирчид:

Эрэгтэй 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д Х.Энх-Амар, 56 кг-д Э.Цэндбаатар, 60 кг-д Д.Отгондалай, 64 кг-д Б.Чинзориг, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-д С.Эрдэнэбаяр, 91 кг-д Т.Ерболат, эмэгтэйчүүдийн олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 75 кг-д Э.Эрдэнэтуяа нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна.

Эрэгтэйчүүдээс эхний гурван байрт шалгарсан тамирчид олимпийн эрх олгох бол эмэгтэй тамирчид финалдсан тохиолдолд Риог зорих эрхээ авна. Өөрөөр хэлбэл энэхүү тэмцээнээс нийт 36 эрх олгогдох юм. Тэмцээн ирэх сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдтэй уулзлаа

Орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсаны дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Сүхбаатар аймгийн иргэдтэй “Жаахан шарга” театрт уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар товч мэдээлэл өглөө. Жирэмсэн эхийн 5 сартайгаас эхлэн 12 сарын турш сар бүр 40 мянган төгрөг олгож байна. Хоёр ихэр хүүхэд төрүүлбэл тус бүр нэг сая, гурван ихэр хүүхэд төрүүлбэл тус бүр 3 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаагаас гадна хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөгийг олгож байна. Хүүхэд харах үйлчилгээг эхлүүлсэн, “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж байна, хамтын тэтгэврийн хууль батлагдсан зэрэг хүүхэд, ахмад настнууд, монгол хүнд чиглэсэн нийгмийн ямар халамж, үйлчилгээг төрөөс хэрхэн хүргэж байгаа талаар танилцуулсан юм.

Мөн тэрээр Сүхбаатар аймагт 2012 оноос хойш 1172 орон сууц шинээр ашиглалтад орсон, 901 иргэн орон сууцны ипотекийн зээл авсан, шатахууны үнэ 240 хүртэл төгрөгөөр буурсан зэргийг онцолсон. Иргэдийн зүгээс сургууль цэцэрлэгийн барилга, сургалтын тэтгэлэг, арьс ширний үйлдвэр, махны экспорт, тэтгэврийн зээлтэй холбоотой асуултуудыг асууж, хариулт авлаа.

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Хууль сахиулах тухай хуулийн төсөл явж байна. Энэ хуулийн ач холбогдлыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Үүнийг тайлбарлахын тулд эхлээд Эрүү, Зөрчлийн хуулийн концепцийг тайлбарлах ёстой. Монгол Улсад хуулиар эрх олгогдсон байгууллага, албан тушаалтнууд өөр өөрийнхөө салбарын хуулиар иргэн рүү хариуцлага тооцдог байсан. Тодруулбал, 220-230 орчим хууль дээр хариуцлага биччихсэн. Албан тушаалтан халаасандаа бараг 230 хэрэгсэлтэй очиж нэг иргэнийг айлгаж, сүрдүүлж, дарамталж болж байгаа юм. Тийм олон хэрэгсэлтэй хүний эсрэг нэг хувь иргэн өөрийнхөө эрхийг хамгаалж тэмцэж чадах уу. Бод доо, 230 төрлийн хэрэгслийн нэгээр нь сүрдүүлээд түүнээс нь айхгүй бол өөрийг гаргаж ирнэ. “Наадах чинь надад хамаагүй” гэвэл дахиад өөрийг гаргаж ирээд хүнийг яаж л бол яаж залхааж тамлаж болно. Эсвэл хуулийн хавханд оруулна гэж ярьдаг. Тийм байдлаар ажиллаж болох тийм хуулийн орчин байгаа. Энгийн жишээ хэлье. Боловсролын хууль болон Эрүүгийн хууль байна. Боловсролын хууль дээр боловсролын баримт бичиг хуурамчаар үйлдвэл 50 мянган төгрөгөөр торгоно гэсэн заалттай. Эрүүгийн хуульд бичиг баримт хуурамчаар үйлдвэл зургаан сар баривчлах заалт бий. Тэгэхээр хэн нэгэн боловсролын бичиг баримт хуурамчаар үйлдсэн этгээд ороод ирэхэд албан тушаалтан Эрүүгийн хуулиа гаргаж ирээд “Чамайг шоронд хийнэ, амьдралгүй болгоно” гээд нөгөө иргэн тэр хүнд таалагдах бүх юмыг хийж эхэлнэ. Энэ завсар нөгөө авлига оршиж байгаа юм.

-Тэр хүнд таалагдвал боловсролын хуулиар явах нь?

-Тийм. 50 мянган төгрөгөөр торгоод л явуулчихна. Таалагдахгүй бол шоронд явуулж болно. Би зөвхөн хоёрхон хуулийн зөрчлийг хэлж байна шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүн ийм их зэвсгээр өөрийгөө бүрэн зэвсэглэсэн авлигад дуртай, шуналтай, хувийн ашиг сонирхолтой албан тушаалтны идүүрийн тавган дээр сууж байгаа байхгүй юу. Үүнийг бид өөрчилсөн. Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн болон Зөрчлийн хууль хэрэгжинэ. Олон хуулийн ард байсан зөрчлүүдийг Зөрчлийн хууль руу оруулсан. Одоо иргэн өөрийн мэдэхгүй хуулиудаар биш Зөрчил юм уу Эрүүгийн хуулиудыг авч уншаад ийм ийм асуудал гаргавал намайг тэдэн төгрөгөөр торгох юм байна. Эсвэл тийм хариуцлага хүлээх юм байна гээд маш тодорхой болсон. Өөрийгөө хамгаалах, мэдэж таньж болох мэдлэгийнх нь цонх нэг болчихлоо шүү дээ. Нөгөө нэг цонхны үйлчилгээ гэдэг шиг юм. Албан тушаалтнууд хуулийн нэг цонхоор иргэн рүү очно.

Монгол Улс Иргэний, Захиргааны, Эрүүгийн гэсэн шүүхийн гурван тогтолцоотой. Эрүүгийн шүүхийн систем дотор гэмт хэргээс гадна зөрчил шийддэг Жижиг хэргийн шүүх Монголд анх удаа бий болж байгаа. Өмнө нь зөрчлийг Иргэний шүүхээр шийддэг байсан. Иргэний шүүх бол иргэн-иргэн хоорондоо маргаж байгаа хэрэг. Гэтэл иргэн-иргэн хоорондоо маргаж байгаад нотлох аргаар зөрчлийн асуудлыг шийдэх гэж байна шүү дээ. Түр баривчлах байранд захиргааны хариуцлагаар нэг сар хүртэл баривчилдаг. Иргэнийг эрх чөлөөг нь хязгаарлахдаа “Чи хэрэг хийгээгүй гэдгээ өөрөө нотол, нотолж чадахгүй учраас би чамайг баривчилж байна” гэдэг байдлаар хийж байсан. Энэ бол хуулийн засаглал бүхий хүний эрхийг хүндэтгэдэг ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл. Гэтэл бид одоо хүртэл яг энэ аргаараа явж байна. Эрүүлжүүлэгдээд эсвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэргээр захиргааны журмаар баривчлагдаж байгаа хүн бүр ямар шүүхээр ордог, тэр шүүх яадаг вэ гээд одоо очоод судлах юм бол иргэнээ хэлмэгдүүлж, ямар аймшигтай ажиллаж байгааг харна. Үүнийг л бид өөрчлөх ёстой. Өөрчлөхийн тулд Хууль сахиулах тухай хууль гарч байна.

-Үүнийг дагаад олон ажил хийгдэх нь ээ. ядаж л дүрэм зөрчсөн хүнийг зураг хөрөгтэй нь нотлох болох нь?

-Мэдээж тодорхой ажлууд явагдана. Одоо гудамжинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилготой камерууд байна. Тэр камерууд дээр зураг аваад торгуулийн хуудас ирээд байна шүү дээ. Яг энэ хууль үйлчлээд эхлэхэд шүүх дээр асуудал үүснэ. Яагаад гэвэл торгуулийн хуудсан дээр авагдсан зураг нь зөрчил гаргасан машины дугаар мөн байна. Тэгвэл жолоон дээр сууж байгаа хүн мөн гэдгийг яаж нотлох юм гээд асуудал үүснэ. Тэгээд зураг байхгүй бол уучлаарай, эргэлзээтэй учраас гээд иргэнд ашигтайгаар шийдвэрлэнэ. Ингэхээр жолоочийн зургийг цуг авах ёстой болно. Тэр нь танигдахуйц байх ёстой. Жолоочийн зургийг авахдаа хажууд нь суугаа болон ард нь суугаа зорчигчдын зургийг хэвлэж болохгүй. Яагаад гэвэл энэ бол хүний эрх. Зөрчил гаргаагүй хүний хувийн орон зайг гаргаж болохгүй. Хууль сахиулах үйл ажиллагааг илүү тодорхой, боловсронгуй болгохын зэрэгцээ хүний эрхийг зөрчдөггүй байх ёстой. Ийм нарийн зохицуулалт руу орж эхэлнэ. Энэ тохиолдолд маргаан гарахгүй. Хэн нэгэн “Намайг гүтгэлээ, хэлмэгдүүллээ” эсвэл “Миний эрхийг зөрчлөө” гэсэн зүйл байхгүй болно. Одоо бол байгаа шүү дээ. Миний машин яваагүй би биш гэхэд хэн байсан юм гэнэ. Хэн байсныг яаж мэдэх юм гэхээр тэгвэл өөрөө зөрчил гаргаагүй юм бол хэн байсныг нь олж ир гэдэг. Төр хийх ажлаа иргэн дээр тохох гээд байгаа биз. Би байгаагүй учраас хэн байсныг би нотлох үүрэггүй та нотол гэж хэлдэг болно.

-Ерөнхийдөө та өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэж хэлэхгүй юу. Одоо бас иргэдээр дүнгээ тавиулах хугацаа дөхчихсөн байна шүү дээ?

-2012 оны сонгуулиар Ардчилсан нам “Эрх чөлөөт монгол хүн”, “Аюулгүй орчинд амьдарч байгаа монгол хүн” гэсэн мөрийн хөтөлбөрийн зорилт тавьсан юм. Монгол хүн аюулгүй орчинд амьдарч эрх чөлөөтэй байхад хуулиар эрх мэдэл авсан хүчирхийлэл үйлдэх боломжтой тэр байгууллагуудын зүгээс иргэнд хамгийн их аюул занал ирж байна. Ойлгомжгүй хууль, бас эрх мэдлийн тодорхойгүй дүрэм журмаас шалтгаалаад иргэн эрх чөлөөтэй байх нь эргэлзээтэй байна. Тэгэхээр 230 хуулиар иргэнийг айлгаад байгаа бол түүнийг нэг цонхтой болгох ёстой юм байна. 20 төрлийн байгууллага дүрэм журам эсвэл дүрэм журамгүй байдлаар иргэн рүү халдаж байгаа бол бас нэг цонхтой болгож маш ойлгомжтой болгох хэрэгтэй юм байна гэж Эрүүгийн эрхзүйн чиглэлээр маш том шинэтгэл хийсэн. Энэ концепцийг дагаад гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба, цагдаагийн байгууллагыг үйлчилгээний ил тод, олон нийттэй хамтарч ажилладаг, цэрэгжсэн биш болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа юм. Дарга дагасан цэрэгжсэн байдалтай биш иргэншсэн болгох өөрчлөлтүүдийг хийж байгаа. Мэдээж энэ хуулийн байгууллагуудын өөрчлөлтүүд буцаад хэнд ашиггүй байх вэ. Нөгөө эрх мэдэлтэй, хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй байдлаас шалтгаалаад авлига аваад албан тушаалаа ашиглаад амьдарч байгаа тэр нөхдүүдэд ашиггүй болно шүү дээ. Мэдээж эсэргүүцэл байсан. Зөндөө юм болсон. Тэр эсэргүүцэл дунд нь манай намын зарим нөхөд ч оролцсон. Гэхдээ бид ямар ч байсан цагдаагийн байгууллага, хууль хүчний гээд байгаа тэр хүмүүст эсвэл тодорхой нэр бүхий хурандаа нарт зориулж энэ шинэтгэлийг хийгээгүй. Жирийн иргэдэд зориулж хийж байгаа. Дарга нарт биш иргэдэд зориулж хуулийн шинэтгэлийг хийсэн. Тийм учраас тэд эсэргүүцэх нь сонин биш. Үр дүн буцаад иргэдэд очих ёстой. Яахав хугацаа алдсан. Засаг унагасан энэ шинэтгэлийг зогсоох гэж оролдсон. Сүүлийн жил хагасын хугацаанд хийсэн шинэтгэлүүдийг нураах гэж өөрчлөх гэж оролдож байлаа. Гэхдээ “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шүү дээ. Энэ процесс өөрчлөлтүүд эцсийн дүндээ 2012 онд судалгаа тооцоотойгоор бидний амласан амлалт учраас, жирийн иргэдэд хэрэгтэй учраас гэдгийг ойлгоод дахиад зам дээрээ гарч ирж байна.

-Таны дараа Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжав хуулиудын заримыг татаж аваад өргөн барьсан шүү дээ. Өөрчлөгдсөн юм бий юу. Одоо маргаантай байгаа ямар асуудлууд байгаа вэ?

-Өөрчлөгдсөн зүйлүүд нь батлагдаагүй байна. Дахин дахин буцааж татаж авах байдлаар анх боловсруулсан үзэл санаа эргээд орж ирж байна. Одоо Тахарын албыг Шүүхийн шийдвэртэй нийлүүлэх гэж байгаа дээр жаахан маргаан гарна. Яагаад гэвэл гэрч, хохирогчийг хамгаалдаг байгууллага нөгөө талдаа ял аваад шийтгэл хүлээж байгаа тэр хүмүүстэй байгууллага хоёр нэгдэх үнэхээр аюултай. Түүнийг дэмжих ямар ч боломжгүй. Мөн гадаадын иргэн харьяатын шилжилт хөдөлгөөнийг хариуцсан байгууллага цэвэр иргэний байгууллага байх ёстой. Дотор нь тодорхой хэсэг нь хууль сахиулах чиг үүрэгтэй байна. Гэтэл буцаагаад цэргийн байгууллага болгох гэж оролдож байгаа. Түүнийг дэмжих боломжгүй. Үүд хаалган дээрээ цэрэг зэвсэг бариад сууж байх нь Монгол Улсын хувьд ний нуугүй хэлэхэд таагүй шүү дээ. Бид хоёр хөрштэйгөө байлдах гээд байгаа юм уу. Хэнтэй дайтах гээд байгаа юм. Хойд Солонгос шиг болж болохгүй шүү дээ.

Түүнчлэн дотоодын цэргийг эргүүлж байгуулах гэж байгаа асуудал яригдсан. Гэтэл би дотоодын цэрэг гэдэг энэ үрэлгэн санхүүгийн системийг алга болгож байж Улаанбаатар хотод зургаан дүүрэгт байсан цагдаагийн хэлтсийг 14 хэлтэс болгон задалж гэр хорооллуудад цагдаагийн үйлчилгээг хүртээмжтэй болгосон. Одоо буцаагаад дотоодын цэргийг байгуулъя гэвэл тэр цагдаагийн хэлтсүүдийг татан буулгаж тэр орон тоог алга болгох юм уу. Гэтэл мөнгө хүрэлцэхгүй байна гээд Тахарыг татан буулгах гээд байгаа хүмүүс дотоодын цэрэг байгуулж цэрэг командлах тоглоом тоглож болохгүй л дээ. Би ямар сайндаа бухимдаад “Цэрэг командалмаар байвал Хууль зүйн сайд биш Батлан хамгаалахын сайд бол” гэж хэлж байх вэ дээ. Энэ бүхэн юуг хэлж байна гэхээр буцаад концепцийн том зөрүү гарч байгаа юм. Иргэнд зориулж өөрчлөлт хийх гээд байгаа юм уу эсвэл хэн нэгэн өөрөө сайд дарга болж тоглох гээд байгаа юм уу. Энэ хуулийн салбарын шинэтгэл чинь хэн рүү чиглэх юм. Хэдэн хурандаад таалагдахад зориулагдаж байгаа юм уу. Эсвэл дарга, хурандаа хэн нэгэн сайдыг танихгүй бас хахууль өгөх мөнгө байхгүй өөрөөр хэлбэл ажиллаж амьдарч байгаа тэр иргэдэд хэрэгтэй шинэтгэл юм уу. Ийм л зөрүүтэй. Энэ зарчим, энэ зөрүүнээс хэзээ ч ухрахгүй. Яагаад гэвэл үүнийг чинь би 2012 онд сонгогчдодоо амлаж гарсан амлалт юм. Би хэн нэгэн даргын бөгс хараад, хэн нэгэн даргын ааш аягаас болж амласан амлалтаасаа буцдаг хүн биш.

-Албан тушаалын цолыг ч гэсэн буцаах тухай яриа гардаг?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа цагдаагийн хууль дээр албан тушаалын цол хэвээрээ байгаа. Бид яагаад хуулийн байгууллага дээр цэргийн цол хэрэглэж болохгүй вэ гэдгийг маш тодорхой үндэстэй судалгаанууд хийсэн юм. Зүгээр хэн нэгэн цолоо хасуулсан гомдсон цагдаагийн даргын үгээр явж болохгүй шүү дээ. Судалгаанаас үзэхэд өндөр цолтой цагдаагийн албан хаагч жирийн иргэнтэй уулзахдаа маш дээрэлхүү байдаг. Харин бага цолтой цагдаа жирийн иргэдтэй уулзахдаа боловсон, тайван байдаг юм. Иргэнд аль нь хэрэгтэй вэ. Цаана нь бүхэл бүтэн шинжлэх ухаан байна шүү дээ. Үүнийг хэн нэгний гомдол, сэтгэл хөөрлөөр өөрчилж болохгүй.

-Хаврын чуулганаар хэр их асуудал шийдэж амжих бол. Сонгууль дөхсөн болохоор олон асуудал үлдэх байх гэсэн таамаг байна?

-Хэцүү шүү дээ. Хамгийн яаралтай батлах хуулиудаа л баталж байвал бид зорилгодоо хүрлээ гэж ойлгоно. Яах аргагүй 1.5 жил хий эргэчихлээ. Хийсэн юм байхгүй, дэвшилттэй юм байхгүй хуулийн салбар бол бүхэлдээ хоосон хий эргэчихэж байгаа юм. Энэ байдлыг дахиад жаахан урагшлуулах хэрэгтэй байна.

-Та өнгөрсөн сонгуулиар намынхаа жагсаалтын гуравт эрэмбэлэгдэж байсан. Энэ удаа яах бол?

-Тойрогт дэвшинэ шүү дээ. Ямар ч байсан хотод л дэвших байх.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

“Эдийн засгийн форум”-д уригдсан Facebook, Google-д ажилладаг монголчууд IT-гийн чиглэлээр салбар хуралдаан хийнэ

“Монголын эдийн засгийн форум-2016” энэ сарын 30, 31-нд болох гэж байна. Форумын талаар “Монголын эдийн засгийн форум” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Лакшмитай ярилцлаа.

Дэлхийн томоохон компаниудад ажиллаж байгаа монголчуудаас “Эдийн засгийн форум”-ын тусгай салбар хуралдаанд оролцоно гэж сонслоо. Ямар улсаас, ямар ямар компаниудад ажилладаг хүмүүс ирэх гэж байгаа юм бол?

-АНУ-д ажилладаг монголчуудыг оролцуулах талаар АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамныхантай хамтарч ажиллаж байна. Тэд нийлээд нэг салбар хуралдаан хийх юм. Ихэнх нь мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг хүмүүс байгаа. “Google”, “Facebook”, “Yahoo”-д ажилладаг залуус. Биотехнологийн чиглэлийн хүмүүсийг ч урьсан. Монголчууд гадаадын том лабораториуд, генетикийн салбарт бас олноороо ажилладаг. Гадаадын том компаниудад ажиллах боломжтой гэдэг талыг нь чухалчлах гээгүй юм. Монгол хүний оюуны чадамж дэлхийд өрсөлдөхөөр шүү, зарим салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлэх хүний нөөц нь бидэнд бий гэдгийг харуулахыг зорьж байна. Гадаадад ажилладаг монголчуудын салбар хуралдаанд оролцох хүмүүсийн дийлэнх нь мэдээллийн технологи чигийнх учраас энэ салбарыг Монголд хэрхэн хөгжүүлэх боломж, гарцыг хайна. Дэлхийн мэдээллийн технологийн том компаниудад монголчууд ажилладаг нь энэ салбарыг Монголдоо хөгжүүлэх том боломж гэж харж байгаа. Мэдээллийн технологийн салбараа зөв дэмжээд хөгжүүлээд явчихвал алсдаа экспортоос их мөнгө олох боломж ч бий. Импортыг орлох бүтээгдэхүүн гэсэн яриатай би хувьдаа санал нийлдэггүй. Манайх шиг гуравхан сая хүнтэй зах зээлд импортыг орлоод байх шаардлагагүй. Экспорт л хэрэгтэй. Гадаадад хямд үйлдвэрлэж байгаа юмыг дотооддоо үйлдвэрлэх гэж зүтгээд ашиг өгөхгүй. Тэгэхээр Монголдоо нэмүү өртөг шингэсэн, дэлхийд илүү эрэлттэй зүйл үйлдвэрлэх хэрэгтэй. Ингэж байж уул уурхайгаас хараат байдлаас гарч чадна. Мэдээллийн технологи бол өөр. Элдэв хөрөнгө оруулалт шаардлагагүй. Зөв дэд бүтцийг, хөшүүргийг нь бий болгоод өгчихөд л цаашаа хөгжөөд явчих боломжтой салбар.

-“Google”, “Facebook”-т ажилладаг монголчууддаа боломжийн цалин өгөөд ажиллуулбал IT-гийн салбарыг дэлхийд гэж яригдахаар хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа байх нь ээ?

-Гадаадад мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг монголчууд байна гэдэг хүний нөөц талаасаа том боломж. Авдаг цалинг чинь өгье, эх орондоо ажиллаач гэхэд хэн нь ч үгүй гэхгүй. Мэдээллийн технологийн чиглэлээр гадны том компаниудад ажилладаг зочдоороо энэ чигийн сургуулиудад лекц уншуулахаар төлөвлөж байна. Мэдээллийн технологийн чиглэлээр сурах ямар хэрэгтэй, боломжтой гэдгийг нь ойлгуулъя. Эдийн засгийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудал бол мэргэшсэн боловсон хүчин. Хэт алсын зүйл ярихаас илүү цаг алдахгүй ашгаа өгөхөөр бодитой боломжтой зүйлд анхаарах цаг болсон. Сүүлийн үед үйлдвэрлэлийн бүх салбар ухаалаг горимд шилжиж байгаа. Ийм үед мэдээллийн технологи чиглэлээр сураад бүх л салбарт ажиллах боломж бий гэдгийг бас харуулахыг зорьж байна.

-Гаднаас ямар хүмүүс оролцох вэ, томоохон экспертүүд ирнэ гэсэн сураг байсан…?

-Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн дарга форумд үг хэлж оролцоно. Дэлхийн төрийн өмчит компаниудын засаглалыг харьцуулж гаргадаг судалгаа хийдэг Байгалийн баялгийн засаглалын институт гэж байгууллага бий. Энэ байгууллагын ерөнхийлөгч форумд оролцож үг хэлэхээс гадна олон нийтэд нээлттэй лекц уншина. Хувь хүн нь их сонирхолтой. Дэлхийн банкинд өмнө нь ажиллаж байсан хүн л дээ. Ажиллаж байхдаа засаглалын үзүүлэлтүүдийг нь боловсруулж гаргасан юм. Монголын хувьд засаглалын асуудал, индикаторууд нь сонирхолтой санагдаад байгаа юм. Сүүлийн үед энэ хүн авлигын талаар их ярьж байгаа. Бас ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал оролцоно. Бусад зочдын хувьд одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга байна.

-Төр компаниудын бизнес рүү орж, хувийн хэвшлийнхнээ хүнд байдалд оруулаад байна гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогддог. “Эдийн засгийн форум” энэ сэдвийг хөндөнө гэсэн, бизнесүүд төр засгийнхантай хамт оролцох уу?

-Төр засаг, бизнесийн зааг нь ямар байх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж төр засгийн төлөөлөл, бизнесийнхэн хамт суугаад энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Төр засаг бизнесийнхэнтэй өрсөлдөөд байгаа нь бодит үнэн болчихоод байна. Зүй нь төр хувийн хэвшлийнхэнд бизнесийн өрсөлдөх орчныг нь бий болгож өгөөд зах зээлийн жамд нь даатгаад орхих ёстой юм. Тэр зааг нь хаана байх вэ, хэн тогтоох юм гэдгийг онцолж ярихаар төлөвлөсөн. Төр компаниудтайгаа өрсөлдөөд байгаагийн наад захын жишээ гэхэд л ТОСК байна. Үнэгүй газар дээр, төрөөс өгсөн мөнгөөр дэд бүтэц татуулаад барилга бариулаад худалдан авагч буюу төрийн албан хаагчдад онцгой нөхцөлөөр зарахаар хувийн компаниуд хэцүү байдалд орох нь ойлгомжтой. Хувийн хэвшлийнхэн газраа үнэтэй авна, дэд бүтцээ их мөнгөөр татна, барилгаа зардал ихтэй босгоно. Байр барьсан мөнгө нь банкны чамгүй хүүтэй зээл. Ийм өндөр зардлаар боссон барилгаа ТОСК шиг хямдхан зарвал дампуурч таарна. Зах зээлийн эдийн засгийн зарчимд үл нийцэх байдлыг бий болгож байгаа гаж тогтолцоо. Бизнесийнхэн энэ мэт тулгараад байгаа асуудлаа форумын үеэр ярих боломжтой.

-Энэ жилийн форумаар өөр ямар асуудлуудыг хөндөх вэ?

-Энэ жилийн форум “Сургамж, сорилт шийдэл” гэсэн уриан дор болох юм. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжээд 25 жил болж байна. Ерээд онд эдийн засаг хүнд байсан. 2000 оноос л эдийн засаг өсч эхэлсэн. Эдийн засаг өссөн сүүлийн 15 жилд бид их юм үзсэн. Уул уурхай өсч, буурахыг харж мэдэрлээ. Энэ хугацаанд ямар алдаа хийв, оноо нь юу байв, одоо ямар асуудал тулгарч байна, асуудлаа яаж шийдэх вэ гэдэг дээр төвлөрч хэлэлцүүлэг өрнүүлье гэж зорьж байна. “Монголын эдийн засгийн форум” сүүлийн хоёр, гурван жилд хууль эрх зүйн орчны талаар их ярьж байгаа. Өнгөрсөн жил гэхэд л Арбитрын асуудлыг онцолсон. Бас зээлжих зэрэглэлийг хөндсөн. Энэ жилийн хувьд “Хуульчдын өрсөлдөх чадвар” гэсэн сонирхолтой сэдэв орж ирж байна. Хуульчид гэхээр зөвхөн өмгөөлөгч биш, шүүгч прокурор гээд шүүхийн бүх байгууллагынхан хамрагдаад явчихаж байгаа юм. Энэ хүмүүс эдийн засгийн хөгжлөөсөө хоцрогдчихоод байна. Олон улсын нэр томьёо, олон улсад хэрэглэдэг аргачлалуудаа мэддэг хүн тун цөөхөн гэхэд хийлсдэхгүй байх. Уг нь даяарчлагдаж байгаа ийм үед дэлхийтэйгээ хөл нийлж алхах ёстой. Өнөөдөр хуульчдын тун цөөхөн нь л олон улсын түвшинд ажиллаж байна. Гэрээ байгуулах асуудал дээр гэхэд л ямар байгааг нь Оюу толгойн жишээ харуулдаг. Энэ гэрээг зөв, буруу хийсэн гэх маргаан өнөөдөр ч тасраагүй байгаа. Гадаадынхан манайд ажиллахдаа гэрээ хэлцэл хийхдээ олон улсын хуулийн компаниудтай хамтардаг. Тэдэнд мөнгө төлж үйлчлүүлдэг. Тэгэхээр олон улсад өрсөлдөхийн тулд, тэдэнтэй харилцан ашигтай харилцахын тулд хуульчдаа чадваржуулах хэрэгцээ бий.

-Ер нь өнгөрсөн жилүүдэд “Эдийн засгийн форум” монголчуудад юу өгсөн гэж та боддог вэ?

-Монголын эдийн засгийн форум энэ оны хувьд долоо дахь жилдээ болох гэж байна. Анх зохион байгуулсан шалтгаан нь их энгийн. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэр л дээ. Төр засаг, иргэний нийгэм, бизнес, олон улсын байгууллага гээд олон талын оролцоо хангасан индэр бий болгоё, энэ индэр нь форум байя гэсэн зорилгоор эхлүүлсэн арга хэмжээ. Эдийн засгийн форумын үеэр хэлэлцүүлэг өрнөдөг. Манайхан хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдгээ сайн ойлгохгүй байна л даа. Энд тэндэхийн арга хэмжээнд очихоор тулгамдсан асуудлуудаа ярьдаг ч шийдэл нь сонсогддоггүй. Шийдэл, гарц нь юу вэ гэдгийг хэлчих хэрэгтэй байгаа юм. Форумын гол онцлог ерөөсөө энэ. Асуудлаа хэлэлцдэг, шийдэл, гарцыг нь бас гаргадаг. Нөгөө талаас “Эдийн засгийн форум” бол төрийн бус байгууллага. Тэр утгаараа шийдвэр гаргах түвшний эрх бүхий байгууллага биш. Нэг төрийн бус байгууллагаас юу хийв гэж асуух биш, УИХ-аас, эрх мэдэлтэй, шийдвэр гаргадаг хүмүүсээс ингэж асуувал илүү үр дүнтэй л дээ. УИХ-аас сонгуульт жилдээ юу хийв гэвэл тодорхой хариу сонсоно. Жишээ нь “Эдийн засгийн форум дээр та энэ асуудлыг ингэж шийднэ гэж амласан, тэр юу болсон бэ” гэж шийдвэр гаргагчдаас асуувал илүү бодитой хандлага болно.

Categories
мэдээ цаг-үе

Популистуудад шүлснээс өөр юу ч байхгүй

“Популистуудыг дэмжсэн хэвлэл, мэдээллийн байгууллагыг бизнесийн том компаниуд дэмжихгүй” хэмээн ажил олгогч, бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн том холбоод нийлж мэдэгдэл гаргасан нь нэлээн шуугиан тарилаа. Яагаад бизнесийнхэн попуудад биш хэвлэл мэдээллийнхэнд хандаж ийм мэдэгдэл гаргахад хүрэв.

Ер нь популистууд гэж хэн бэ? Тэд ард түмний хүүгийн дүр бүтээж, тэдэнд хэзээд зарагдахад бэлэн эерэг дүр бүтээж амьдардаг. Тэд хүмүүсийн итгэл үнэмшилд тулгуурлан хямралаас гарах хялбар, хөнгөн, хурдан шуурхай арга замын тухай ярьдаг. Тэд чухал асуудлыг хялбарчлан урьдаар шийдээд, түүнийгээ бодит мэтээр ярьж хөрөнгө чинээлэг давхарга болон төр засгийн зүг хүмүүсийн гомдол, уур бухимдлыг хандуулах тал дээрээ туйлын чадмаг. Ер нь бол ард түмний горьдлого найдлага, сэтгэлийн хөөрөл дээр тоглож байдаг хүмүүс юм. Популистуудын уршиг ямар байдгийг Детройт хотын дампуурлаар бид харж байна. Өнөө сонгодог ардчиллын үлгэр жишээ болдог Америкт бас ийм болдгоо хэмээн гайхаж, манай нэг сэтгүүлч давхиж очоод сурвалжлаад ирж байсан. Машин механизмын үйлдвэрлэлээрээ дэлхийд гайхагдаж байсан хөгжилтэй хотыг популистууд удирдсанаас баахан бэлэн мөнгө төгрөг амлаж, үйлдвэрчний эвлэлүүдийг хөөрөгдөж, хөрөнгө чинээтэй хүмүүсийг үзэн ядах хөдөлгөөн өрнүүлж, тэдний эсрэг бодлого явуулж эхэлжээ. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид тэр хотоос гараад явчихсан. Үлдсэн хэд нь дамуурлаа зарлаад сууж байна.

Манай популистууд одоо яг ийм зүйл хийж байна. Улс төр эрхзүйн соёл бүрэн төлөвшөөгүй улс оронд популизм маш өргөн хүрээтэй хурдан тархдаг нь үнэн аж. Зээл, бондын зарцуулалт, “Таван толгой”, “Оюу толгой” гээд хамгийн том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг Г.Уянга, С.Ганбаатар тэргүүтэй популистууд зогсоож, саад болж чадлаа. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг эрчимжиж, хүмүүс ажил орлоготой болж, амьдрал сайжирч, нийгэм маань гэрэл гэгээтэй болж ирэнгүүт эдгээр популистууд шүлсээ үсчүүлэн хашгирсаар байгаад зогсоогоод авсан билээ. Энэ бол популистуудын оргил үе байлаа. Тэдний ингэж хашгирсны үр дүнд өнөөдөр манайхаас гадны хөрөнгө оруулагчид зугтаад гараад явчихсан. Үлдсэн бид ажилгүй, мөнгөгүй, өнгөгүй сууж байгаа шүү дээ.

Хөрөнгөтний нийгэмд мөнгө төгрөг байж л ажил өрнөдөг. Зардал гарч байж орлого олдог. Энэ бол хууль. Харин популистуудад шүлснээс өөр юу ч байхгүй ядуу хоосон. Тэгвэл яагаад тэдний хэлсэн үг биелж амжилт олоод байна вэ. Ямар учраас тэд том том бизнесийн төслүүд, бүтээн байгуулалтуудыг зогсоож чадаад байна вэ. Яагаад гэвэл хэвлэл мэдээллийнхэн тэднийг нийгэмтэй холбох маш том гүүр, туслагч нь болж байдаг. Популистуудын ялалтын галыг өдөөж, газар авахуулан дүрэлзүүлэгч салхи нь сэтгүүлчид юм. Ийм учраас л аргаа барсан бизнесийнхэн популистуудыг дэмжсэн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд реклам сурталчилгаагаа тавьж санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэж байхав. Популистууд сэтгүүлчидтэй нийлэхээрээ дийлдэхээ больж байна. Хийж бүтээж байгаа бүхнийг үгүйсгэж, хөрөнгө мөнгөтэй хэсгийг үзэн ядаж, хүмүүст төрөөс зүгээр мөнгө тараахыг шаардаж байна.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллага бүгд шахам хувийнх, хөрөнгө мөнгөтэй хэсгийнхний мэдэлд байдаг. Үндэсний радио, телевиз л олон нийтийнх. Тийм болохоор эзэд өөрсдийн бизнест буюу эзэмшдэг хэвлэл мэдээлэлдээ хариуцлагатай хандмаар санагддаг юм. Хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хурааж, дүүжилж утсга гэсэн үзэл санаатай нийтлэл, нэвтрүүлэг нийтэд түгээхийг хориглож, тээг саад болж баймаар байна. Үүнийг л хариуцлагатай бай гэж хэлж байгаа юм. Түүнээс биш бүх нийтлэл, нэвтрүүлэгтээ оролцоод, хяналт тавиад бай гээгүй. Гадны хөрөнгө оруулалт, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийн эсрэг үзэл санааг дэвэргээд байх юм бол бид тун удахгүй өвдгөө тэврээд л хоосон хоцорно. Одоо ч бараг тийм цагийг үзэж байна даа.

Популистуудын ярьсан болгоныг түгээн дэлгэрүүлэхийн хор уршиг нь эргээд бидэнд хангалттай мэдрэгдэж байна. Хөрөнгө оруулалтаас эхлээд хүний эрх, эрх чөлөөнд тээг тавьж, магадгүй эргээд социализм руугаа орох нь. Үүний гол өдөөгч нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн.

Өөрийнх нь мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрсдийг нь доромжилж байхад эзэд мэддэг ч мэдээгүй юм шиг дүр эсгэдгээ одоо больчих. Элит гаралтай чинээлэг айлын эзэмшдэг хэвлэл дээр “таргалалт бол баячуудын өвчин. Муусайн баячуудыг ингээд үхээд дуусаасай гэж бодож байтал ядуус бидэнд хүртэл тусдаг боллоо…” гэж бичсэнийг уншиж байлаа. Нэрэлхээд байх юу байхав, өөрсдийг нь үхээсэй гэж ингэж бичихийг хориглох л ёстой. Бид эргэлт буцалтгүй капиталист нийгэмд шилжиж орсон. Энэ нийгмийнхээ дүрмээр л явах хэрэгтэй.

Хэдхэн сарын дараа орон нутаг болон УИХ-ын сонгууль болно. Энэ сонгуульд шүлснээс өөр юмгүй популистуудыг хэвлэл, мэдээллийнхэн дэмжихгүй байх хэрэгтэй шүү. Хэвлэл, мэдээллийнхэн ингэж сайн дураараа дэмжихгүй байж чадвал тэдний шүлс метрээс илүү хол үсрэхгүй. Ингэж чадаж гэмээнэ бид нийгмээ хоосон амлагч популистуудаас цэвэрлэх болно. Хоосон шударга хүн гэж байдаггүйг бид бэлхнээ харлаа. Хоолтой хүнээс нь шударга ёс, ёс суртахуун гардаг юм байна. Яахав, тэдний тухай нийгмийн сүлжээгээр жаахан бичнэ биз. Твиттер, фэйсбүүк гэдэг хүүхэд, хүүхнүүдийн зугаа төдий л зүйл. Энүүгээр сонгуульд нөлөөлдөг юм гэж юу байхав дээ.

Г.ДАРАМСҮРЭН