Categories
мэдээ нийгэм

Барилгын орчинд иргэдийн аюулгүй байдлыг ингэж хангуулна

Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтод тусгагдсан Аюулгүй амгалан Улаанбаатар зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод шинээр барилга байгууламж барьж эхлүүлэхтэй холбогдуулан тухайн барилгын орчинд иргэдийг саадгүй зорчих, аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2016 оны А/243 дугаар захирамжаар байгууллаа.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар даргалах бөгөөд бүрэлдэхүүнд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга, мэргэжилтнүүд багтжээ. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Хэвлэлийн төвийн баррель болон ярьдаг ном хэвлэх төвийн менежер, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чигэлсэн үйл ажиллагаа явуулдаг “Түгээмэл хөгжил” ТББ-ын ажилтан нар тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байна.

Ажлын хэсгээс боловсруулсан санал, зөвлөмжийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хэрэгжүүлэн ажиллах үүрэг хүлээсэн бөгөөд энэхүү захирамжийн хэрэгжилтэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хяналт тавина.

Нийслэлийн удирдлагын зүгээс хот байгуулалтын асуудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж, нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулан ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улаанбурхны дэгдэлттэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн цэцэрлэгийг хаажээ

Сүүлийн үед Улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймагт хувийн болон улсын цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Мөн олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас үүрэг болгосон байна. Учир нь тус аймагт улаанбурхан, томуу томуутөст өвчниий гаралт эрчимтэй дэгдэж байгаа тул арга буюу ийм шийдвэр гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил 19.6 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд олгохоор болжээ

Малчдын ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сард олгохоор болжээ.Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчдад энэхүү урамшууллыг олгох байна. Өнгөрсөн жил 18 тэрбум төгрөгийг ноосны урамшуулалд олгосон бол энэ жил 19.6 тэрбум төгрөгийг олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

АСЕМ-ын хүрээнд 1500 оюутан ажиллана

АСЕМ-ын чуулганы үеэр их, дээд сургуулийн шилдэг гэсэн 1200-1500 оюутныг сайн дурын ажилд хамруулах байна. Тэд зочдыг угтах, үдэх, баримт материал тараах, сэтгүүлчдэд туслах, хэрэгтэй үед хэлмэрчлэх, шаардлагатай үед ачаа бараа зөөлцөх, замын хөдөлгөөн зохицуулах зэрэг ажлыг хийх юм байна.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газар, АСЕМ-ын ажлын хэсгийнхэн их, дээд сургуулийн удирдлагуудын уулзалтын үеэр танилцуулж, хамтран ажиллах хүсэлт тавьжээ. АСЕМ-ийн чуулганы хүрээнд ирэх дөрөвдүгээр сараас эхлээд долдугаар сарын 16 хүртэл 10 гаруй том арга хэмжээ болно. Эдгээрт 4000 гаруй зочид, төлөөлөгчид, 800-1000 орчим сэтгүүлчид ирнэ. Тиймээс АСЕМ гэх томоохон хариуцлагатай ажилд бүх салбарынхныг оролцуулаад зогсохгүй оюутнуудыг ч хамруулах шаардлагатай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт хийнэ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 28-ны Даваа гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул Та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.

Сүхбаатар дүүрэг:

10:30-17:30 цагт: 19-р хороо Хандгайтын богино, Янзага зуслан болон ойр орчимд,

Хан-Уул дүүрэг:

10:30-18:00 цагт: 4, 5-р хороо 41, 34-р сургууль, 12, 145, 71-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Яармаг, Арцатын гудамж.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Цахим үйлчилгээ: my.tog.mn

Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ улс-төр

Маргааш УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын дарга З.Энхболд 2016 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн УИХ-ын ээлжит бус чуулганыг 2016 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн.

Тус ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд:

  • Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  • Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  • Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

УИХ-ын ээлжит бус чуулганы үйл ажиллагааны хуваарь


Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт 09.00 цагаас УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа болно.

– * –


НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН


Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт:

1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:
Хэлэлцэх асуудал:

  • Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/.

2. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх.

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН


Гуравдугаар сарын 29-ний Мягмар гарагт 14.00 цагаас:

  • Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.03.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;
  • Улсын Их Хурлын 2016 оны ээлжит бус чуулганы хаалт.
Categories
мэдээ цаг-үе

Д.Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн Чойжилсүрэнгийн ЖАЧИН

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хэлбичгийн ухааны доктор, эрдэмтэн зохиолч Чойжилсүрэнгийн Жачингийнд өнжсөн тэмдэглэлээ хүргэе. Эл эрхмийг утга зохиолын хүрээнийхэн, ерөөс таньж мэдэх бүхэн “нандин нууцлаг” хэмээн тодорхойлох нь бий. Учир нь “Гурван-Эрдэнэ” багшийн дээд сургуулийг үүсгэн байгуулж, олон мянган багшийг бэлдэн Монголын боловсролд гавьяа байгуулсан хүн, Нацагдоржийнхоо эх бичгийн судалгаагаар эрдмийн зэрэг хамгаалж утгын их мэргэд дунд өөрийн гэх дэг сургуулийг бий болгосон түүнд бахархах зүйл олон. Гэвч тэрээр өнөө л даруу төлөв, хүнлэг зангаараа өөрийгөө хойш тавьж, бүтээж туурвихаа урьтал болгон Нацагдоржоо нарийвчлан судалж, сургуулийн цаг наргүй ажилд дарагдсаар яваа.

Ардын зохиолч Бөхийн Бааст гуайн 95 насны ойн хүндэтгэлийн ёслол дээр таарахдаа Жачин докторт өнжих хүсэлтэйгээ дуулгасан юм.

Нэг их цааргалалгүй, харин ч “Мань мэт шиг амьтан нь орж болдог юм уу даа” гэж хүлээж авсан нь өнөө л ясны даруу зантай нь холбоотой байж таарна. Циркийн зүүн урд талын “Гангар”-ын байранд хүрээд очлоо. Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа гуайтай хоёр талаасаа уулзаадахав. Жачин доктор Нямаа найрагчийг зориуд урьжээ. Тэр хоёр “Гурван-Эрдэнэ” сургуулиар, мөн Нацагдорж, Пагмадуламаар холбогдсон бичгийн мэргэд юм. “Нутаг холдчихоод уулзаж учирч чадахгүй юм. Түүнээс нэг байранд байхдаа гэр орноороо бишгүйдээ л орж гарч явсан. Би хааяа цонхоор харж зогсохдоо Жачингийнхыг бодож, дайлуулж цайлуулж явснаа санадаг юм” гэсээр Нямаа зохиолч жигтэйхэн сэтгэл хангалуулан сууна. Анзаараад байх нь ээ, тэд нэг нэгийгээ санасан нь илэрхий. Гэрийн эзэгтэй мэнд ус, цай цүй болох зуураа Отгонбаяр эгчийг (Нямаа гуайн гэргий) асууж сураглаж байна. Жачин докторын босгыг алхахад нэг л монгол ханхалсан, ерөөл бэлгэ оршсон сайхан айл санагдсан. Биднийг хүлээж суух зуураа гэрийн эзэн шагай мөлжөөд, түүнээ орхитол морь бууж харагдлаа. Надад нэг л сайхан бэлгэшээл төрөөд явчихав. Бага хүү Цогтгэрэл нь гэргий Золзаяагийн хамтаар аавындаа иржээ. Цогоогийн хүү Хаш-Эрдэнэ гэж зүггүй барам байна. Мөн Жаргалан гэж эмээ, өвөөгийн эрх охин байна. Тэр хоёр “аварга”-ыг өвөө нь төрийн шагналт Долгорын Нямаад үнсүүлчих санаатай хэд хэдэн удаа дуудлаа. Хаш-Эрдэнэ ширээн доогуур давхиад л Нямаа зохиолчийн өвөр дээр суугаад авна лээ.

“Тэр жил Гаадамба багш намайг гэртээ урилаа. Оройн хоол ид гэдэг юм. Хоёр охиноо дагуулаад очлоо. Га багш намайг гэртээ урьдаг нь учиртай. Тухайн үед Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй манай гэр ойр байсан. Га багш өдрийн унднаар манайхаар ирнэ. Жачингийн хоолыг олон идсэн. Гэртээ нэг орой ч болов урьж байгаа минь энэ гэж инээд алдсаар угтсан. Охин Саран нь тогооч юм байна. Сүрхий хоол бэлдчихжээ. Тэгтэл Га багшийнд Цэндийн Дамдинсүрэн гуай ороод ирдэг юм. Хоёр охиноо үнсүүллээ. Дамдинсүрэн гуай малгайгаа хойшлуулж байгаад үнсэж билээ” гэж эрдэмтэн зохиолч маань өгүүлж байна. Хашаа, Жаргалан хоёрыг Нямаа гуайд үнсүүлэхтэй зэрэгцээд тийм яриа өрнөөд явчихсан.

Жачин доктор Булганы Сайхан сумын Хулжийн голын хүн. Жинхэнэ Монголын брэнд болсон айрагны эх нутаг. Удам гарал ус нутгийнх нь тухай асуухад, ижийнхээ төрсөн ах Чойжилсүрэнгээр овоглосноо дуулгалаа. Харин дунд сургуулийг Архангайд төгсч, улмаар Архангайн багшийн сургуулийг дүүргэсэн байна. Насныхаа ханийг ч Арын хангай нутгаас авчээ. “Тэр сайхан ус нутаг, хангай надад өлзийгөө хайрласан” гэж сэтгэл дүүрэн бахтайхан хэлсэн. Эл үгнийх нь залгаас болгож “Жачин чи Архангайгаас тун дажгүй хүүхэн авсан даа” гээд инээдэм хөгжөөн болголоо. Гуравдугаар ангийн хүүхэд Архангайн Хайрхан сум, Хайрхан уулын бараанд аж төрөхөөр явахад Хулжийн голынхон найр наадаан болж бэлэг сэлт, өвгөдийн сургаал, уртын дууны нургилсан шуранхайгаар үдсэнийг хэлж байна. Арван хэдэн хүүхэд төрүүлж, бүгдийг нь эрдэм мэдлэг, хүнлэг сэтгэлтэй болгож өсгөсөн ижийгээ (Должинсүрэн) сэтгэлдээ нулимстай дурсч суусан.

Зүүн гараас Г.Мэнд-Ооёо, Ж.Саруулбуян, Дондогийн Цэвэгмид,
Ч.Жачин нар

Ах дүү нарын зарим нь Хайрханд, зарим нь Сайханд байдаг гэсэн. Гэрийн эзэн Долзоо гээд гэргийгээ зөөлнөөр дуудна. Эрдэм төгс түүний яриа сэтгэл бүлээцүүлэн ундрах ажгуу. Нямаа зохиолч бид хоёр Сайхан сумынх учир олимпийн аваргын тухай асууж орхисон. Ээжийнх нь удам гарлыг Жачин гуай сайн мэддэг юм билээ. Мундаг Цэвээн гэж хүнээс гаралтай гээд багагүй ярилаа. Х.Эрдэнэт-Од гавьяаттай олимпийн аваргынх хамаатан садан улсууд гэнэ. Тэр зуурт “Би Эрдэнэт-Одод хайртай” гэж Нямаа ах сүрхий гэгч дуугарлаа. Нэг л учир байна даа гээд төрийн шагналт зохиолч руу хандахад “Би амьдралыг амттай болгож амьдрах дуртай гэж Эрдэнэт-Од зурагтаар хэлэхийг нь сонсоод баяр төрж байсан” гэв. Түүнээ хоёрдугаар эмнэлэгт таарахдаа гавьяат тамирчин бүсгүйд хэлсэн гэсэн.

Ийм л яриа хөөрөө болж, Долзоо эгчийн цагаан тос, хайлмаг тэргүүтнийг амтархаж байх зууртаа Жачин доктороос Нацагдоржтой холбогдсон хувь заяаных нь тухай асууж орхисон юм. Тэрээр яриан завсраа Нацаг гуай хүнийхээ хувьд тун сайн хүн байжээ гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ганцхан жишээ хэлэхэд, “Энэ Нацагдорж орчин үед Монгол Улсад хэрэгтэй хүн болох учир цалинг нь нэмж өгье” гэж их Нацагдорж маань эрдэмтэн Шагдаржавын Нацагдоржийг бага залууд нь тодорхойлж байсан байна. Тэрхүү тодорхойлолтыг бүр сүүлд архивын материалаас Шагдаржавын Нацагдорж гуай олсон байдаг. Айхтар хүн учир хүүхдэд өөрөө хэлээгүй байна л даа гэв. Ингээд яриа маань гарцаа байхгүй Дашдоржийн Нацагдоржийн тухай шуударлаа. “Далан зургаан онд Нацагдоржийн мэндэлсний 70 насны ой тохиолоо. Багшийн дээд сургуулиас оюутнуудын дунд уралдаан зарласан юм. Манай ангийнхан хоёрдугаар байр эзлээд Нацагдоржийн төрсөн нутгаар аялахаар болов. Аман зохиолын Дашдорж багш биднийг дагуулаад Баяндэлгэрт очсон. Дашдорж багштайгаа бүтэн сарын хугацаанд төрсөн нутгаар нь явсан. Далан найман онд Нацагдорж судлаач Балдангийн Содном гуай өнгөрч хүрээлэнд ажиллаж байсан залуучуудаас Амгаагийн Лувсандэндэв захирал монгол бичгийн шалгалт авдаг юм байна. Учир нь Нацагдоржийн гар бичмэлтэй ойртуулах гэж тэр. Содном гуайд Нацагдоржийн гар бичмэл хадгалагдаж байсан. Ингэж би гэдэг хүн их Нацагийнхаа гар бичмэлийг анх нүдээр үзсэн. Нацагдорж гуайд бичихгүй цаг гэж байгаагүй юм билээ. Зохиолч бүр тийм байдаг эсэхийг сайн мэдэхгүй юм. Гуанзанд хоол идэж байхдаа ч, шөнө амарч байгаад гэнэт сэрээд, бүр халмаг согтуу үедээ ч, шоронд, эмнэлэгт байхдаа ч бичнэ. Германд сургууль төгссөн цагийг яс барьдаг боловсролтой байсан учир гар бичмэл дээрээ он, сар өдөр, цаг минутаа, мөн хаана бичсэнээ тодорхой тавьдаг байсан. Шоронд байхдаа 16 дугаар өрөөнд гэдгээ ч тодорхой бичсэн байдаг. Гучин нэгхэн насалсан Нацагдоржоо монголчууд хоёр удаа шоронд хийсэн юм шүү дээ” хэмээн яриа үргэлжилсээр. Энэ зуурт Нарангэрэл охин нь Японоос холбогдож, аавдаа мэнд хүргэн ярьж байна. Аавын охин бололтой их л аминчирхан ярьж байгаа сонсогдсон. Долзоо эгч жигтэйхэн чамин шоколадаар биднийг дайлсан нь Японд байгаа охиных нь явуулсан бэлэг ажээ.

Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн “Тэргэл сарыг үзэхүй”, “Эрх чөлөөг хүсэхүй” гэсэн шоронгийн шүлгүүдийн нэрэнд нь эргэлздэг байна. Нацагдорж гуай хэзээ ч тийм гарчиг тавьж бичих хүн биш гэж боддогоо хуваалцсан юм. Сүүлд Содном гуай юм уу, хэн нэгэн хүн гарчиг өгсөн байхыг үгүйсгэх аргагүй гэлээ. Мөн “Шувуун саарал” туурвилынх нь эхийг хуучин бичгээр уншихад жороо мориор галигуулж байгаа юм шиг яг л тэгж уншигддагийг, ямар их сэтгэлийн хөөрөл, онгод билгээр цалгин туурвисныг бахдан хэлээд “Яах аргагүй бичгийн сод хүн байжээ” гэж дуун алдаж байлаа. Нацагдоржтой хувь заяагаа холбосоор 40 жил болсон байна. Энэ онд мэндэлснийх нь 110 жилийн ойд зориулан таван ном гаргахаар зэхсэнээ хэлсэн. Жачин докторыг тийн хэлэхүйд Долгорын Нямаа гуай босч баяр хүргэж байлаа. Эрдэмтэн зохиолчийн 40 жилийнх нь хөдөлмөр, судалгаа гээд бодохоор ямархан ланжгар номууд байх нь мэдээж. Нацагийнхаа үг бүрийг судалснаа хэлж байсан. “Монголчуудын цээжинд хадгалаатай явдаг “Миний нутаг” шүлэгт “Алтан нарны туяанд энхжин тогтсон орон, мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар” гэж байдаг. Гар бичмэлийг нь нарийн сайн үзтэл тогтсон биш тогтносон гэж байдаг. Энэ бол гайхамшигтай үг. “Монгол бол тусгаар тогтносон улс шүү” гэдгийг Нацаг гуай эрт хэлчихэж. Гэтэл түүнийг тогтсон болгож энэ олон жил явж байгаа нь харамсмаар. Ийм өч төчнөөн үг бий. Би гэдэг амьтан ганц нэг үг хөөцөлдөөд яваад байгаа шиг бусдад харагдаж магад. Гэвч ганцхан үгний цаана ямар их агуу зүйл оршино. Ямар том утга, билиг билгүүн агуулагдана вэ. Явуугийн “Холоос гүйдэлтэй борлог минь сулдаа ганхам жороо доо” гэдгийг сульдаа гээд буулгачихвал юу болж хувирах билээ гэж нүдний шилнийхээ цаанаас нухацтай нь аргагүй харж байна. “Хэлхээгүй сувд” зохиолд гардаг нэг үгийг Содном гогдолдоно гэж уншсан бол Дожоогийн Цэдэв хутгалдан гэж уншжээ. Харин Жачин аль алинд нь итгэлгүй худалдан гэж уншсанаа сонирхуулсан юм. Үндсэндээ тухайн өгүүлбэрийг Дариймаагийн хүмүүжилд худалдан гэж тайлжээ.

Төрийн шагналт Долгорын Нямаагийн “Тэнгэрийн хаяа” дурсамж дурдатгалын номыг зохиол бүтээлийн зах зухаас атгасан бүхэн ширээний номоо болгон уншдаг. Гайхмаар цэцэн цэлмэг, ончтой үг хэллэгтэй, баримт сэлтэд тулгуурласан баялаг мэдээлэлтэй, аливааг яаж онож хэлж болохыг чухам харуулсан бүтээл. Тэгтэл уг бүтээл Жачин докторын үүсгэн байгуулсан “Гурван-Эрдэнэ” багшийн сургуультай холбогддог байгаа. Нямаа зохиолч Жачингийнхаа урилгаар тус сургуульд 12 жил цагийн багшаар ажиллажээ. Багш болох оюутнуудад хичээл зааж явахдаа угийн чамбай хүн учир “Тэнгэрийн хаяа”-гаа бичсэн байна. Тэгээд зогсохгүй Пагмадуламын тухай баримтат зохиолоо туурвисан удаатай. “Зохиолчийн намтар судлал гэдгийг Жачингийн сургуулиас би олж авсан” гэсэг нь үүнийг нотолно. Нэг удаа Нямаа найрагч уран зохиолын хичээл дээр Жачин захирлыг өөрийг нь “чихдэж” авчраад Нацагдоржийн тухай яриулжээ. Нацагдоржийг Жачингаар, Лодойдамбыг Бажуудайн Ганбатаар заалгаж, жинхэнэ судлаачдынх нь үгийг оюутнуудад хүргэж байснаа дуулгасан юм. Уг хичээл завсарласны дараа оюутан охин Нямаа зохиолчоос “Пагмадуламын тухай сонирхон асуужээ. Тэр охины үг Пагмадуламын тухай бичих сэдлийг төрүүлсэн гэдэг.

Архангайн багшийн сургуулийг далан онд дүүргэх жилээ насныхаа ханьтай учирснаа гэрийн эзэн цухас дурслаа. Тэр яриаг сонссон Долзоо эгч “Далан зургаан онд Нацагдоржийн ойгоор бид хоёр чинь гэр бүл болсон” гэж гал тогооныхоо өрөөнөөс дуулгав. Жачин докторын ангийнхнаас нь Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мишигжав гээд лут хүмүүс дуулдана. Түүнд нэг хэсэг Горькийд сурч байсан үе ч бий гэнэ. Харин боловсролын суурь мэдлэгийг олгосон газар бол Архангайн багшийн сургууль гэж тодотгосон. Мянга гаруй шагайтай, “морь мал”-аар жигтэйхэн баян айлд Сайханых нь айргийг хүд хүд залгилж суулаа. Хүрэн шаргал хул аяганд айраг мэлтэлзүүлэн суухуйд гэрийн эзэн “Наад аяга чинь Намхай аваргынх” гэдэг байгаа. Сайханы Угалз, Цөнгөрөгийн голоор нутагтай Түшээт ханы домогт их хүчтэн Намхай аваргын цай ууж байсан гэх энэхүү хул аягыг нутгийнхаа Лүндэн гэж хүнээс Жачин доктор мөнгө хатуу цагт багагүй хэдэн төгрөг тоолж өгөөд авч байж. Нутгийн их хүчтэний аяга гэхээр их л бэлгэшээлтэй санагддаг юм гээд зөөлнөөр инээвхийлж харагдсан. Аргагүй л утга соёлын нандин өв болсон айл гэдэг нь энэ мэт юухан хээхнээс ч болов анзаарагдана.

Бага охин нь гэр бүлтэйгээ ирж, хайртай зээ хүүг нь өвөөд нь үнэрлүүлээд ээждээ тусалж байна. Бодох нь ээ, манайд зочид ирсэн гэж гэрийн эзэгтэй хүүхдүүддээ дуулгасан бололтой. Ээлж дараалан ирж байлаа. “Манай хүүхдүүд гэр ойр” гэж аав нь хэлж байсан. Тэгэхээр халуун бүлсэг айл байх нь. Бага охин Сарангэрэл анагаахыг төгсөөд Солонгост мастер хамгаалсан байна. Одоо нэгдүгээр эмнэлэгт ажилладаг гэнэ. Бидний яриа үргэлжлээд Цэндийн Дамдинсүрэн гуай руу хэлбийлээ. Далан найман онд Дамдинсүрэн гуай Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, туслах нь Жачин доктор. Багшийнхаа гараар бичсэнийг нь машинаар бичдэг тийм ажилтай. Овсгоо муутай, эрдэм чадал тааруутай хүн учир Дамдинсүрэн багшийнхаа эрдмээс олигтой авч чадаагүй дээ гэсэн. “Дамдинсүрэн багшийнд хэзээд ч яваад очиход хуучны судар уншаад сууж байна. Нэг сонин түүх хэлье л дээ. Наян нэгэн онд Цэдэнбал дарга баруун аймгуудаар явахад “Монгол Улс бол дорно дахины хамгийн хоцрогдсон улс байсан” гэж хэлжээ. Түүнийг олоодох гэлээ. Бал даргын хэлсэн үг ном болоод хэвлэгдчихэж. Ховдын төв дээр шиг санагдана, уулзалт хийхдээ яалт ч үгүй тэгж хэлсэн байна. Үүнийг Дамдинсүрэн гуай Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хурал дээр тасхийтэл хэлсэн дээ. Тэгэхдээ Бал дарга гэлгүйгээр манай залуучууд Монгол бол дорно дахины хамгийн хоцрогдсон орон гэж хэлж байна. Харин саяхан манай улсад зочилсон Лаосын ерөнхийлөгч “Монгол бол дорно дахины эртний соёлтой орон гэж хэлсэн. Би түүнтэй санал нэг байна” гэлээ. Тухайн үед би айж л байлаа. Дамдинсүрэн гуай Монгол бол соёлын өв их уламжлалтай улс гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд итгэл төгс мэдэрсэн хүн. Мөн Цэдэнбал ч байна уу, хэн ч байна уу, хэлсэн үгийнх нь хариуд дуугүй байж чадахгүй зоригтой эх оронч байсан” гэдгийг уг жишээгээр баталсан. Да багшийнхаа эрдэм шинжилгээний анхны түүврийг нь Жачин доктор хийж байсан түүхтэй.

Гэрийн эзэгтэй бага хүүгээ зааж “Гаадамба гуай манайд ирэхээрээ Цогоотой их тоглоно. Танай аавд ийм пиво байхгүй, ийм сахал байхгүй гээд л цаашлуулна. Цүнхэндээ пиво авч явдаг, түүнийгээ хоолны даруулга болгож уудаг хүн байлаа” гэв. Гаадамба гуайг төрийн шагнал хүртдэг тэр жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд Жачин доктор өнөө Цогоо хүүгээ дагуулж очин золгож байснаа дурссан юм. Тухайн агшинд Монголын оюун билгийн их мэргэдтэй сэтгэл ойр явсных нь буян байлгүй, Нацагдорж судлалын гаргуун эрдэмтэн болоод Монголдоо төдийгүй дорно дахины судалгаанд нэртэй төртэй эрдэмтэн болжээ гэх бодол төрж байсныг нуух юун.

Тэрээр утга зохиолд ойр явсан хүмүүсийн нэг нь Жагдалын Лхагва. Түүний дурсгал болгож Лхагвынхаа тухай ном бичсэн байдаг. Цэндийн Доржготов гуайг машид их биширч уншдагаа, дараа үеийн залуусаас Л.Өлзийтөгсийг их үнэлдгээ хэлж байсан. Судлаачдаас Сампилыгаа (Академич Хорлоогийн Самдилдэндэв) их ярина. Миний дарга байсан, Монголын уран зохиолын амьдралыг бүхлээр нь хардаг билгийн мэлмийтэй хүн байлаа гээд ярина. Үеийнхнээс Загдын Түмэнжаргал, Саруулбуян нартаа хайртай ажээ. Манай Саруул ахмад үеэ маш их хүндэтгэж байгаа нь биширмээр харагддаг гэж бүр нэг сэтгэлээсээ хэлж билээ.

Жачин доктор, Нямаа зохиолч бидний яриа “Гурван-Эрдэнэ” сургууль руу үе, үе орох нь бий. “Миний бие “Гурван Эрдэнэ”-ийг байгуулахаас өмнө хүрээлэнд арав гаруй жил ажиллачихсан. Монгол хэлний багш уран уншдаг, хөгжмийн мэдрэмжтэй, зураг сайхан зурдаг гээд олон талын авьяастай байх учиртай гэх шалгуурыг тавьж байсан. Тэр бүхнээр шалгалт аваад ёстой нэг замруулдаг байлаа. Манайд одоо 600, 700 оюутан суралцаж байна. Сургууль төгсөж байгаа багш заах аргын мэдлэг чадвар өндөр байхаас гадна сайн хүн болж төлөвших нь чухал. Тийм стандартыг эхнээсээ барьсан” гээд Их сургуулийн нэртэй багш М.Базаррагчаа, гэргий Пүрэвжал, хүү Идэрбаяр докторын хамтаар багшилж байсныг, мөн англи хэлний Өлзийням, дүрслэх урлагийн Төмөрхуяг, бага ангийн математикийн домог болсон Дашнямын Бүндэн гээд олон сайхан эрдэмт багш нараа дурссан юм. Долгорын Нямаа гуайгаас өмнө зохиолчийн ур чадварын хичээлийг Очирбатын Дашбалбар зааж байсан гэнэ.

Тэрээр бусдын адил боловсролын тогтолцооны тухайд сэтгэл дундуур явдгаа хэлсэн юм. “Боловсролын удирдах ажилтныг системтэйгээр бэлдэхгүй байна. Тохиолдлын шинжтэй хүмүүс дарга даамлаар томилогдож байна. Энэ нь сүүлийн жилүүдэд бүр их хүчтэй мэдрэгдэх боллоо” хэмээн хатуухан шүүмжилсэн. “Та бол боловсролыг суурь мэдлэгээр авсан хүн. Үүнийг арилгах боломж гарцыг хэлж өгөхгүй юу” гэхэд “Мэргэжлийн холбоодтой байх нь чухал” гэсэн хариулт өглөө. “Бага ангийн багш нарын мэргэжлийн холбоо байлаа гэхэд түүнд Монгол Улсын бүх бага ангийн багшийн бүртгэл байх ёстой. Багш нарын чадал чансаа, туршлага, өргөн мэдлэг, цар хүрээг нь тус холбооны нөхөд сайн мэддэг байх. Уг холбоо хүчтэй ажиллаад ирэх юм бол сурагч оюутнуудад нэг цаг ч хичээл заагаагүй нөхөр удирдах албан тушаалд очдог байдал үгүй болно. Хэн ч мэдэхгүй нөхдөөр дунд сургуулийг удирдуулдаг байдал гарахгүй” гэв.

Жачин докторын ярианаас олон сайхан хүний дурдатгал хөвөрч байлаа. Тэдний нэг нь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Чойсүрэнгийн Дагвадорж юм. Буурал Дагваа багшийгаа нэг өрөө байранд олон хүүхэдтэйгээ аж төрж байхаас нь өдгөө Америкт эрдмийн ажлаа хийж байгаа цаг мөч хүртэл нь хамт байж, гэр бүлийн найзууд явж иржээ. Долзоо эгч өөрөө бага ангийн багш мэргэжилтэй. Ханьтайгаа гар нийлж оньсого, үлгэрийн тухай, хүүхдийг хүн болгох суурь хүмүүжил, монгол соёлын дархлааны тухай хэд хэдэн ном туурвижээ. Төрийн шагналт Дамдинсүрэнгийн Цэнд, Равжаа судлалын гол эрдэмтэн Цагаан нарын шавь юм билээ.

Жачин докторынх Улаанбаатарт амьдраагүй, гал голомтоо бадраагаагүй дүүрэг ховор гэсэн. Түүнээс хамгийн дурсгалтай нь Зуун айлын урдхан одоогийн 11 дүгээр хорооллын тэнд амьдарч байхдаа 100 насалсан хөгшинтэй хамар хашаанд амьдарч байсан гэдэг. Өвгөн нь 100 насалсан, эмгэн нь 90 гаруй насалсан хоёр сайхан буурал Жачин, Долзоо хоёрыг төрсөн үр хүүхэд шигээ бодож явсан байна. “Хүн зуу насыг наслах бол гайхаад байхаар зүйл биш гэдгийг би тэр хоёр буурлаас ойлгосон” гэж гэрийн эзэн баяр бахдалтайгаар хэлсэн юм. Тэрбээр Нацагдоржтой, судалгааныхаа бүтээлтэй холбоотой олон зүйлийг сонирхууллаа. 1984 онд Шведийн жуулчид дурсгасан зурагнуудын нэг нь гучин онд авахуулсан Нацагдоржийн зураг. Монголчууд хүүхэд нохой хоёрт сайн хүнд дуртай байдаг гээд уг зурган дээрх хоёр нохой хоёулаа Нацагдорж руу хандсан байгааг сонин болгож ярьсан. “Өнөөдөр бүх зүйлийг мөнгөний нүдээр хардаг болжээ. Мөнгөөр хэмжиж болохгүй зүйл гэж бас байна. Ухаандаа, Монголын төрийг мөнгөөр үнэлж болохгүй. Ямар алдар замналтай, боловсрол мэдлэгтэй хүн бэ гэхээсээ илүү бэл бэнчинг нь харж байна. Ийм буруу жишиг Монголын төрд бий болсон учир монгол төрийн дархлаа сулраад байна” гэж айхтар хэлээд авна лээ. Монголын төрд хэнээс ч хамааралгүй Бодлогын зөвлөл байх хэрэгтэй гэх санааг дэвшүүлж тэрүүхэн тэндээ улстөржөөд авсан. “Эрдэмтэн зохиолч Жачин Монголын хэлшинжлэлийг нуруундаа үүрч яваа, их Нацагдоржоо хүн төрөлхтөнд мандуулахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан хүн” гэж түүхийн нэрт эрдэмтэн академич Жигжидийн Болдбаатар “Монгол түмний сод хүмүүс” номондоо бичсэнийг дурдан эл тэмдэглэлээ өндөрлөе.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Дэлгэрцэцэг: Хөгжим бол тэр чигээрээ бясалгал

Хийлч Ч.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа.

-Ирэх сард “Таван өнгө” нэртэй тоглолт хийх гэж байгаа гэж дуулсан. Тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай Улаанбаатар чуулгын арван жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд маш олон тоглолт болж байгаагийн нэг нь манай хөгжимчдийн тоглолт. Би Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин гэж явдаг. Чуулгынхаа хүрээнд ятгачин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, СТА Н.Отгончимэг, эвэр бүрээчин СТА О.Чинбат нарын уран бүтээлчидтэй хамтран тоглолт хийхээр болсон.Ардын хөгжмийн зэмсгийг хийл хөгжмийн сонгодог ая, цахилгаан хийлтэй хослуулах өвөрмөц хоршилтой тоглолт болох гэж байна.

-Тоглолтын санааг чуулгаас гаргасан уу. Яагаад заавал эдгээр уран бүтээлчидтэй хамтрахаар болсон юм бэ?

-Ер нь чуулгын тоглолтын төлөвлөгөөнд орсон байсан. Ялангуяа Х.Бархүү Б.Мягмарцэрэн хоёр маань “Авьяаслаг монголчууд” шоунд орсноосоо хойш маш их танигдаж, ардын хөгжмөөр ингэж тоглож болдог юм гэдгийг харуулж чадсан. Миний хувьд ч гэсэн хамтран тоглох цэвэр уран бүтээлийн сонирхол байна. Яагаад гэвэл үнэхээр гайхалтай авьяастай хөгжимчид. Уран бүтээлийн хувьд миний сонирхлыг татсан.

-Таны хувьд үндэсний хөгжмөөр оролцох уу, сонгодог хөгжмөөр оролцох уу. Хэчнээн уран бүтээлээ толилуулах вэ?

-Хийл хөгжмөөр сонгодгийг ч, рок попыг ч тоглож болдог. Ер нь аливаа хөгжмийн зэмсгээр бүх хөгжмийн төрлийг тоглож болдог гэдгийг харуулна. Ямар ч байсан өөр хэв маягийг эвдсэн найруулгатай тоглолт болно. Манай эвэр бүрээний О.Чинбат гээд авьяаслаг залуу дууны найруулгыг хийж байгаа.

-Сүүлийн үед дан хөгжмөөс бүрдсэн ч юм уу сонгодог тоглолтыг хүмүүс харьцангуй үздэг болсон юм шиг. Ийм тоглолтыг үзэгчид хэр сонирхож байна?

-Үнэнийг хэлэхэд нутаг бүрийн ард иргэдээс бүрдсэн хотод бид амьдарч байгаа. Ямарваа нэг зохиолын дууны тоглолт Бөхийн өргөөнд болоход үзэгчдийн суудал дүүрдэг. Тэр нь ерөнхий хүн амын хэдэн хувь нь хөдөөний хүмүүс амьдарч байна гэдгийг баталж байгаа юм. Дан хөгжмийн иймэрхүү тоглолтыг тийм ч их хүн үзэхгүй. Яагаад гэвэл хүмүүст хол санагддаг шиг байгаа юм. Улаанбаатар чуулга нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлсон тийм л чуулга болохыг зорьж ажилладаг учраас урдаа барьдаг уран бүтээлчид нь энэ тоглолтыг хийж байгаа. Хотын гэж өөрийгөө бодож, өөрийгөө төсөөлж амьдардаг хүн болгонд манай тоглолт нээлттэй.

-Таны хувьд сүүлийн үед хөгжмийн сургуулийнхаа багшийн ажилд илүү анхаарал хандуулж байна уу, уран бүтээл дээрээ ажиллаж байна уу?

-Хөгжмийн сургуулиа нээгээд жилийнхээ ойг үзэх гэж байна. Энэ жилийн хугацаанд хөгжмийн сургуульдаа түлхүү анхаарч ажилласан. Уран бүтээлийн хувьд чуулгатайгаа салшгүй холбоотой ажилладаг. Мөн түрүү жил “Авьяаслаг Монголчууд” гээд маш том шоуны ард гарсан. Маш их цаг зарцуулсан ажил байлаа. Одоо хоёрдугаар ээлж нь эхлэх гээд шалгаруулалт явагдаж байгаа.

-“Авьяаслаг монголчууд” шоуны тухайд асуухад оролцогчид нь өмнөх жилээс хэр өрсөлдөөнтэй, авьяастай байна?

-Энэ шоу маш том форматын дагуу явагддаг. Хэн дуртай нь “ингэе, тэгье” гээд өөрчилчихдөг юм биш. Дэлхийн 68 оронд зохиогдсон. Эдгээр бүх оронд яг нэг зарчмаар, өөрийн форматтай, лицензтэй явагддаг. Түүний бас нэг зарчим нь шүүгчдэд ямар ч мэдээлэл очих ёсгүй. Бид шүүгчийн сандал дээр, тайзан дээр очиж суухад л хамгийн анх тэр үзүүлбэрийг үздэг. Тэрнээс өмнө тийм оролцогч орж байгаа, тийм үзүүлбэр үзүүлнэ гэдгийг мэддэггүй. Орон нутгийн буюу нэгдүгээр шатны шалгаруулалтыг зохион байгуулагчид маань шалгаруулж авдаг болохоор одоохондоо ямар хүмүүс орж байгааг мэдэхгүй байна.

-Өмнө нь таны мэдрэмжээ илэрхийлж байгаа байдал, сэтгэл хөдлөлийг хүмүүс янз бүрээр хэлж байсан. Энэ тухайд…

-Аливаа хүн яаж хүлээж авах нь тэдний хэрэг. Хэн дуртай нь хийж чадахгүй учраас тэгчихээсэй, ингэчихээсэй гэж боддоггүй. Миний тэр шоунд оролцож байгаа гол үүрэг, ажил бол өөрийн урлагаас олж авсан нарийн мэдрэмжээ гаргах, хэнээс ч санаа зоволгүйгээр үнэн зөв, өөрөөрөө байх. Би тэр л үүрэг даалгавраа биелүүлсэн.

-Биеэ барих, сэтгэл хөдлөлөө дарах үе гарч байв уу?

-Үүнийг та өөрөөсөө асуугаад үз дээ. 15 камер өөдөөс чинь харж байхад биеэ барих уу үгүй юу. Энэ тохиолдолд уран бүтээлч, шүүгч ч гэсэн адилхан л хүн. Сэтгэл хөдлөлөө дарах юм байхгүй. Тэгвэл ажлаа хийхгүй байгаатай адилхан болж байгаа.

-Сургууль нээгдсэнээс хойш жилийн хугацаанд хичнээн шавьтай болов. Хүүхдээ сургах хүсэлтэй эцэг эхчүүд хэр их хандаж байна?

-Хандалгүй яахав. Эдийн засгийн хямралын үед хөгжмийн сургууль ажиллуулахад бэрхшээлтэй үе таарах нь бий. Урлагийн буянаар танигдсан учраас шавь нарын хувьд хандалт их байгаа. Манай нийгэмд тэр болгон урлагийн мэдрэмж өгдөг, хүүхдийг урлагт дуртай болгох юмсан гэдэг эсвэл урлагаар амьсгалуулах газар маш цөөхөн. Тийм газрыг нэг ч гэсэн тоогоор нэмэх юмсан гэж боддог. Манай сургуульд хүүхдүүд орж ирэхэд хүмүүжүүлэх орчныг нь бэлдээд, соёл гэдэг юмыг суулгах юмсан. Тайзны соёл, бусадтай харьцах соёл гээд урлагийн маш сайхан олон өгөгдөл байдаг. Тэр болгоныг хүүхдүүддээ суулгах юмсан гэдэг л хамгийн гол зорилго юм даа. Хөгжмийг нэг удаа ч гэсэн барьж үзсэн, нэг сар, жилийн хичээлд яваад үзчихсэн хүүхдэд тэр дурсамж, мэдрэмж насан туршид нь тогтчихдог. Түүгээрээ маш том сургууль л даа.

-Бас эцэг эхчүүд, тэр дундаа залуу бүсгүйчүүд хөгжмийн боловсролтой болохыг маш их эрмэлздэг болж?

-Хүмүүс сайхан брэндийн цүнх үүрээд явахаар тодорхой хэмжээнд өөрийгөө үнэлүүлнэ гэдэг ойлголт хэврэг болчихсон байна. Хүн дотроо байдаг зүйлээр өөрийгөө гоёж болдог. Ялангуяа эмэгтэй хүнийг чимдэг гоё зүйл бол хөгжмийн боловсрол. Найзуудынхаа өмнө ч юм уу, гадны зочдын өмнө нэг ая сайхан тоглоод өгөхөд хүмүүсийн хандлага хэрхэн өөрчлөгддөг билээ дээ. Хоёрдугаарт, тэр хүнд өөрт нь кайфтай байдаг. Хөгжим бол тэр чигээрээ бясалгал. Хөгжмийг сурах гээд оролдож байгаа момент хүнийг гадаад орчноос тасалж чаддаг. Хүмүүс тайвшралыг олмоор байна, өөр зүйл хиймээр байна гэдэг. Хөгжим тэр бололцоог олгодог.

-Ялангуяа хөгжимчин эмэгтэйчүүд цаанаасаа арай өөр, уянгалаг, ялдам, аядуухан гэмээр ч юм уу нэг онцлог шинж ажиглагддаг. Тэр юундаа байдаг юм бол?

-Тэр бол мэдрэмжиндээ байдаг байх. Хүмүүс мэдлэгтэй байхаас мэдрэмжтэй байх нь илүү гэж ярьдаг болчихсон үе. Хүн мэдээж мэдлэгтэй байх нь хэрэгтэй. Мэдрэмжтэй байвал бүр сайн. Эмэгтэй хүн цаанаасаа мэдрэмжээ дагадаг амьтан учраас хөгжим сурснаар илүү гүн гүнзгий ойлгож чаддаг. Ялангуяа хийл хөгжим маш их мэдрэмж шаарддаг. Яагаад гэвэл дарах нот байхгүй, таван мэдрэхүйгээ ажиллуулж тоглодог.

-Яг тийм нарийн мэдрэмж шаардсан хөгжмийг дөрөв, таван настай хүүхэд сурахад хэр хүндрэлтэй байдаг вэ. Та өөрөө ч зургаа, долоохон настайгаасаа сурч эхэлсэн, танд хэр хүнд санагддаг байсан бол?

-Би өөрөө ямар байснаа мэдэхгүй юм даа. Гэхдээ хэцүү. Манай сургалт таван наснаас эхэлдэг юм. Хүүхэд яг порлон шиг байдаг. Бүх юмыг уусгаж авч чаддаг. Мэдээж би тэр хүүхдэд 10, 15 настай хүүхдийн юм заахгүй. Гэхдээ хүүхэд хүүхдээсээ болдог. Сая надтай хичээллэж байсан таван настай охин гэхэд маш хэрсүү, ухаантай, ес арван настай хүүхдийн хэмжээний байх жишээний. Ерөнхийдөө охид бага байхдаа илүү хөгжил сайтай байдаг юм шиг санагддаг.

-Хүүхдийг хэвлийд байхад нь болон төрсөн цагаас нь эхэлж сонгодог, уянгалаг ая их сонсговол IQ сайтай, уян зөөлөн зантай, ухаантай болдог гэдэг. Хэр ортой яриа вэ?

-Тэр бол яг үнэн. Ээж нь жирэмсэн байхдаа уурлаж уцаарлаад, машин бариад бухимдаад байхаар хүүхэд нь ууртай уцаартай хүн болдог. Бүр батлагдчихсан судалгаа байдаг юм билээ.

-Танай хүүхдэд тэр жишээ ажиглагдаж байна уу. Мэдээж хөгжимчин хүний хүүхэд учраас хэвлийд байхаасаа сонгодог хөгжмийн орчинд хүмүүжсэн байгаа?

-Би жирэмсний зургаан сартай байхдаа бие даасан тоглолтоо хийж байсан. Зургаан сараас нь хойш өөртөө амралт өгсөн. Хүү маань маш сонсгол сайтай, ямарваа нэг өнгийг алдалгүй барьж чаддаг. Магадгүй би байнга хөгжим тоглодог болоод ч тэр юм уу, эсвэл ген гэдэг зүйл удамшдаг ч байж мэдэх юм. Нөлөөлдөг гэдгийг бол хэзээ ч үгүйсгэхгүй.

-Сургуулийн гарын авлага дээр таныг албан ёсны сузуки сертификат эзэмшигч багш гэсэн байна. Энэ ямар учиртай сертификат юм бол?

-“American Suzuki assoc­cion” гээд маш том сургалтын онол байдаг. Сузуки гэдэг хүний өөрийнх нь нэрээр нэрлэчихсэн онол. Би анх Америкт очоод л тэр онолыг сонсч байсан. Тэр онолыг Америкт сурч байхдаа багш нар бэлдэх зуны сургалтад давхар сурсан. Анхны сузукигийн сертификаттай монгол багш гэж болно. Энд боловсруулсан тэр том онолыг хэрэгжүүлээд явж байгаа Монгол дахь цорын ганц гишүүн нь би. Орос манай хоёроос бусад бараг бүх оронд энэ школоор заадаг.

-Та гэртээ үр хүүхэд, ханьдаа зориулж хэр их хөгжим тоглодог вэ?

-Найз нөхөд ирчихсэн баяр ёслолын үеэр тоглолгүй яахав. Гэхдээ сургуультай болсноос хойш сургууль дээрээ хувийн бэлтгэлээ хийдэг болсон. Түүнээс хойш гэртээ тоглохоо больчихсон. Нэг тийм тогломоор санагддаг үе бас бий.

-Монгол эмэгтэйчүүд нөхрийн талын ёс заншлаа их дагадаг. Таны хувьд тийм хандлага байдаг уу?

-Би монгол хүн учраас монгол заншлаа хамгийн түрүүнд хүндэлж дээдэлнэ. Нөхрийн талыг мэдээж ойлгоно. Хоёр биенээ хайрлах гэж, ойлгох гэж, хүндлэх гэж суусан учраас. Гэхдээ нэг их сүртэй ёс заншилсаад байх юм байдаггүй л дээ. Манайх чинь бас их заншилсаг орон шүү дээ. Би хоёр, гурван жил Америкт сурсан учраас хэцүү асуудал байдаггүй.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Баясгалан: Алт үнэгүйдэх цаг ирнэ гэдгийг “Үргээлэг-2“ киногоороо харуулахыг хичээлээ

Саяхан нээлтээ хийсэн “Үргээлэг 2” киноны гол дүрийн жүжигчин Ж.Баясгалантай ярилцлаа.

-“Үргээлэг 1” кино хууль бусаар орж ирсэн хятад ажилчдын талаар өгүүлдэг. “Үргээлэг 2” өмнөхөөсөө юугаараа ялгаатай вэ?

-“Үргээлэг”-ийг бид 2014 онд том төсөл болгож харсан юм. СУИС-ийн кино драмын ангийнхны “A group”, “Uni­tel” компанийн “Prime picture” хамтарч “Үргээлэг” төслийг хэрэгжүүлэхээр анхлан гэрээ хийж байлаа. Энэ төслийг ямар ч салбарт хэрэгжсэн хамтарч ажиллана гэсэн тохироогоор ажлаа эхэлсэн л дээ. Анхны ажил нь “Үргээлэг 1” кино. “Үргээлэг 2” кинондоо мөн л өнөөгийн нийгэмд тулгараад байгаа асуудлыг харуулахыг зорьсон. Олон сэдэв байсан л даа. Т.Бум-Эрдэнэ зохиолчтой зөвлөлдсөний эцэст хууль бус алт тойрсон асуудлаар дуугаръя гэж шийдсэн. Алт хүний шуналыг хөдөлгөдөг учраас алтны дэргэд юм бүхэн үнэгүй байдаг. Тиймээс алттай хэт ойр биш, бизнес гэдэг утгаар харьцах хэрэгтэй. Алт мөнхийн ус, агаар биш учраас дэлхийн зах зээл дээр үнэгүйдэх үе ирнэ. Алтыг орлох нанотехнологи гараад ирвэл алт үнэгүйднэ. Тэр үеэс өмнө алтыг зөв ашиглах хэрэгтэй гэж дуугарахыг хичээлээ. Найруулагчаар нь Г.Эрдэнэбилэг маань ажилласан.

-“Үргээлэг 1” киноны дүрүүд хэвээрээ байгаа юу, эсвэл огт өөр үйл явдал өрнөх үү?

-“Үргээлэг 1” киноны зуун хувь үргэлжлэл биш ч гэсэн дүрүүд нь хэвэндээ явна. “Үргээлэг 1” дээр тоглосон жүжигчдээс гадна өөр олон жүжигчин нэмэгдсэн. Орос, Хятадаас жүжигчид ирж оролцсон байгаа. Би фитнесс сонирхдог болохоор илүү спортлог залуусыг урьж тоглуулсан. Үүгээрээ жүжигчид маань бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх байх. Жүжигчдийн хувьд сайн баг бүрдсэн.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Хоёр сар гаруй үргэлжилсэн. Зурагтайгаа зэрэгцээд монтажаа хийж байсан юм. Хүмүүс ийм хурдан кино хийчихдэг юм уу гэж гайхаад байгаа. Киноны 90 хувь нь бэлтгэл шүү дээ. “Үргээлэг 1” киноноос хойш сэдвээ хайж байгаад зохиолыг нь зун бичсэн. Намар зохиол дээрээ ажиллаж, өвөл зураг авалтаа хийлээ. Үндсэндээ бүтэн жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл.

-“Үргээлэг 1” өртөг өндөртэй бүтсэн. “Үргээлэг 2” хэр өртгөөр босов?

-Эхний анги дээрээ бид нэг жийп онхолдуулж байсан юм. “Үргээлэг-2”-ын трейллэр дээр гарч байгаа машин бүр бодитой. Хуучин шиг макет хийгээд зураг авдаг үе өнгөрсөн шүү дээ. “Үргээлэг 2” киноны өртөг, маркетинг гээд бүх зардал нь 620 сая төгрөг болж байна.

-“А group”-ийнхэн тэр чигээрээ танай ангийнхан байх аа?

-Тийм ээ, би найз нөхөд, гэр бүл, хамт олноороо бахархах дуртай. Манай ангийнхан өнөө цагийн үлгэрлэл авахаар залуус. Б.Амарсайхан, Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Н.Ялалт, NTV-гийн Ч.Болорчимэг, МҮОНРТ-ийн С.Бямбацогт, Б.Гантигмаа, 25 дугаар суваг телевизийн Т.Баярхүү, “DOZ” entertaiment-ийн А.Мөнгөнзул, СУИС-ийн багш Б.Даваа, жүжигчин Төгсөө, 25 дугаар суваг телевизийн редактор С.Батболд, Увсын MBC телевизийн захирал Д.Мягмарсүрэн гээд бүгдээрээ мэргэжлээрээ ажиллаж, гялалзаж байгаа залуус. Манай ангийнхан ийм мундаг яваа нь С.Сугар багштай маань холбоотой. “Үргээлэг 1” киногоо хийчихээд багшийгаа урихад “Киноны нээлт биш, миний хөдөлмөр алдар болчихлоо” гээд хөөрч байсан нь санаанаас гардаггүй юм. Одоо бидний дунд байхгүй хайртай багшийгаа тэр үед жаахан ч гэлээ баярлуулсан болов уу гэж боддог.

-Та СУИС төгсөөд мэргэжлээрээ бараг ажиллаагүй. Гэхдээ цөөн хэдэн жүжигт тоглосон байх шүү?

-Аав, ээж минь геологийн хүмүүс. Их сургуулиа төгсөөд яалт ч үгүй гэр бүлийн бизнес рүүгээ орсон. Урлагаасаа хэсэг хөндийрч байгаад УДЭТ-ын “Тайчигч хөвгүүд ба саарал гудамж”, “Дурлахгүйгээр үнсэлцье” жүжигт тоглочихоод дахиад л хөндийрсөн. Хэдийгээр хувийн бизнесээ хийж яваа ч зүрх сэтгэл минь урлагаас урвах аргагүйгээр уяатай учраас хаяж чаддаггүй юм.

-Урлагаас хөндийхөн байсан ч найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог гэж сонссон. Найзууд дундаа баян Баясаа гэдэг нэр автлаа урлагт мөнгө хаясан гэсэн мэдээлэл уншиж байсан юм байна?

-Шар хэвлэлийнхэн л сенсаци үүсгээд тэгж бичсэн байх. Би үүнд их эмзэглэдэг. Би тийм баян хүн биш. Амьдралын төлөө тэмцэж яваа жирийн л нэг залуу. Сайн эцэг, сайн хань байхын төлөө зүтгэж яваа эр хүн. Бид ямар язгууртнууд биш дээ. Монголд удам дамжсан баян хүн гэж байхгүй. Би үр хүүхэд, найз нөхөд, гэр бүл, ажлын хамт олноороо л баян хүн.

-Хувийн ямар бизнестэй вэ?

-Уул уурхайн компанитай. Би ажилчин ангийн хүүхэд. Тийм болохоор хөдөлмөрлөх ёстой гэсэн ойлголттой. Эр хүн гэр бүлээ тэжээх ёстой. Ямар ч нөхцөлд зохицоод амьдрах ёстой гэдэг утгаараа хүүхэд байхаасаа ажил хийдэг байсан. Оюутан болоод аавтайгаа хамт ажилладаг болсон. Одоо аавынхаа босгож өгсөн компанийг үргэлжлүүлж авч явж байна. Би миний компани гэж ярьдаггүй. Дандаа л манай гэдэг. Гэр бүлсэг системтэй, би биш бид төвтэй ажиллахыг хичээдэг.

-Бага насаа дурсаач?

-Манайх их гэр бүлсэг айл. Уул уурхайн бизнес эрхэлдэг эсвэл анчин хүмүүсийн хувьд хүн л хамгийн чухал байдаг. Ямар ч үнэтэй техник, сайн буу байгаад хажууд нь хүн л байхгүй бол үргэлж ганцаардаж явдаг. Бага байхад “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” гэдэг дууг сонсчихоод цүнхээ үүрээд сургуульдаа явдаг байлаа. Хоёр эгч маань миний хувцсыг байнга индүүдэж цэвэрлэж өгнө. Гутлыг маань гэхэд нүүр харагдахаар шахуу өнгөлж өгнө шүү дээ. Аав, ээж, ах эгч нартаа эрхэлж өссөн болохоор дүүгээ эрхлүүлэх дуртай. Аав, ээж хоёулаа “Хүнийг хайрла” гэж захидаг байсан. Хүнийг хайрлахыг заасанд нь ижий, аавдаа баярлаж явдаг. Ер нь хайр байгаа газар бүх зүйл байдаг.

-Гэр бүлээ танилцуулаач…?

-Эхнэртэйгээ дөрөвдүгээр сарын 10-нд анхны бороотой өдөр телевизийн нэвтрүүлэгт орох үедээ танилцаж байлаа. Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдэг үгтэй би санал нийлдэггүй. Гэрийг маань гийгүүлж байгаа сайхан бүсгүйг магтахаас аргагүй. Өдий зэрэгтэй яваа минь эхнэрийн маань ач. Гэрээ сайхан авч яваа эмэгтэй хүнтэй айлын эзэн хүн л санаа зовохгүй ажлаа хийж амжилт гаргадаг шүү дээ. Манайх гурван хүүхэдтэй.

-Таныг “Ирээдүйн мистер 2015” тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлснийг мэдэх юм. Хэр удаан хугацаанд хичээллэж байж үр дүн гаргав?

-Би эхэндээ энэ тэмцээнд орно гэж бодоогүй байсан. Өөрөө өөрийгөө даван дийлэхийн тулд хичээллэж эхэлсэн юм. 2002 онд мотоцикльтой явж байгаад осолд орж нэг хэсэг хэвтрийн дэглэм барьсан л даа. Тэгээд нэлээд таргалсан. Анх 60 кг байсан ч “Бодлын хулгайч” кинонд тоглоход 89 кг болчихсон байсан. Энэ спортыг хүмүүс зөвөөр ойлгоосой гэж боддог. Манай ээж элэгний хүнд өвчин тусаад элэг шилжүүлэн суулгах шаардлагатай боллоо. Энэтхэгт очиж шинжилгээ хийлгэсэн чинь хэнийх нь ч элэг таараагүй. Тэр үед “Чиний элэг хүнд өгөх нь байтугай өөрөө их өөхөлсөн байна. Илүү өөхөлбөл хавдар болох магадлалтай шүү” гэсэн. Тэр үед л өөртөө их гутсан. Дөнгөж 30 гарч яваа хүн ээждээ тус болж чадсангүй гэж. Манай дүү нэг бөөрөө өгч ээж маань элэг, бөөр шилжүүлэх том хагалгаа хийлгэсэн юм. Тэр үеэс хоёр жилийн дараа дахиад шинжилгээ өгтөл “Чиний элэгний өөх хэтрээд хавдар үүсгэж байна” гэсэн хариу сонссон. Гэртээ ирээд бодсон л доо. Нас залуу, гурван хүүхдийн өмнө хариуцлага хүлээсэн аав, эхнэрийнхээ тулж түших хань нь. Ийм байхад өвдөж болохгүй гэж бодоод л маргаашнаас нь бэлтгэл хийж эхэлсэн. Өдөрт хоёр удаа хичээллээд хоолны дэглэм барьсан. Унтах цагаа багасгаж ажиллах цагаа ихэсгэлээ. Зургаан сарын дараа эмнэлэгт очсон чинь шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрэндээ урамшаад дахиад хичээллэсэн. Тэгээд л тэмцээнд оръё гэж шийдсэн хэрэг. Цуг бэлтгэл хийдэг хүн бүхэн Баясаа ах гэж хүндэлнэ. Ах хүн бусдадаа үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдэг утгаараа тэмцээнд бэлтгэж эхэлсэн дээ. Мэргэжлийн тамирчидтай, өөрөөсөө өчнөөн дүү хүүхдүүдтэй өрсөлдөөд амжилт гаргах сайхан байсан.

-Та цацагт хяруулын мах зарна гэж ярьж байсан. Хэзээ ажил хэрэг болгох вэ?

-Зөв хоол судалж байхдаа гаргасан санаа л даа. Миний найз сахарын өвчтэй учраас энэ талаар их судалдаг юм. Дэлхийд цацагт хяруулын мах хамгийн сайн нь гэдгийг найзаасаа мэдсэн. Сахарын өвчин, цусны эргэлтэд сайнаар нөлөөлдөг, уураг өндөртэй мах юм билээ.Судлаад үзсэн чинь Монголд ганц нэг айл л зардаг болж таарсан. Тэгээд л Германаас генийн өөрчлөлтгүй цацагт хяруулын мах оруулж ирэхээр болсон. Хоёр жил судалгаа хийсэн дээ. Үйлдвэрээ барьчихсан. Ирэх арванхоёрдугаар сараас цацагт хяруулын мах худалдаанд гаргахаар ажиллаж байна. Монгол цацагт хяруул гэдэг брэндийг гаргаж ирнэ.

-Үнийн хувьд ямар байх вэ?

-Үхрийн махтай тэнцэхүйц хэмжээний үнэтэй байлгахаар ажиллаж байна. Одоо бол зах зээлийн үнэ нь 27 мянган төгрөг байгаа. Хамгийн хямдхан нь гэхэд л 18 мянга. Үхрийн махтай адил үнэтэй болговол монголчууд нийтээрээ хэрэглэх боломжтой болно. Үүний үр дүнд бүгд эрүүлжинэ гэдэг л том давуу тал.

-Ан авд дуртай гэсэн үү?

-Би ан авд явахаас илүү гөрөөнд явах дуртай. Уул хадаар морьтой явна. Уламжлалт аргаар анд явбал зүгээр. Орон нутгаас нь зөвшөөрөл авчихаад морь унаж хээр гал түлсэн шигээ гөрөөлж явах сайхан. Амьтан алаад хийморь сэргэдэг гэдэг худлаа. Хятадаас гарсан үг. Монголчууд малаа хамгаалах гэж, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд ан ав хийдэг болохоос биш шуналын сэтгэлээр амьтны амь хөнөөдөггүй.

-Найз нөхдийнхөө тухай яриач?

-Амьдралд гэр бүл, найз нөхөд, ажил гэж чухал гурван зүйл бий. Би гарын арван хуруунд багтахаар шигшмэл сайхан найзуудтай. Бүгдээрээ гэр бүлийн найзууд. Сүүлд танилцсан найз маань “Эхнэрүүд уулзаад суухаар нөхрүүдийнх нь зан харагдах юм” гэж байсан. Нэг нэгэндээ тэгж сайхан ууссан гэр бүлийн найзуудтай. Бид хааяа хүүхдүүдээ хараад эхнэрүүдээ уулзуулдаг юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэр шилбэл шинээс нь, гишүүд сонговол хуучнаас нь …

“Хүний хуучин нь дээлний шинэ нь” гэж үг бий. Яах аргагүй монголчуудын гол философи. Энэ философи хэрэгжих цаг нь ирчихээд байна. Бүр тодорхой хэлбэл удахгүй болох сонгуулиар хэрэгжүүлмээр байна. Ирэх сонгуулиар АН, МАН-ын гишүүдийг л сонгоё. Өөр намын нөхдийг сонгох нь Монголын ард түмэнд ямар ч хэрэггүй гэдгийг бид биеэрээ туулж яваа улс. Сүүлийн үед бүгдийг нь шинэчилье гэсэн хийрхэл даамжирсан учраас энэ сэдвийг хөндөхгүй орхиж болохгүй нь. Бүгдийг шинэчилье гээд байгаа нь Монголын төрийг сульдаах гэсэн ямар нэг гадаад, дотоодын хүчний давуулж тонгорох мэх байж мэднэ. Жишээ дурдаад яривал тийм байх өндөр магадлалтай.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд гадаад дотоодод сургууль төгсөөд ирсэн хорин настай залуус нам байгуулж галзуурч байна. Тэд төр барина гэдэг үнэндээ бол үлгэр. Хорин хэдтэй залуус хориод жил Монголын төрөөр тоглосон. Төр барьж тоглосны уршиг нь ихэдсэн үү гэхээс багадаагүй. Цаг нь болсон гэдэг шиг учир мэдэхгүй залуусаар төр бариулж, тэгж галзууруулдаг үе өнгөрсөн. Яг нарийндаа төр барина гэдэг хориод настай залуусын хийдэг ажил биш юм. Ганц манайд ч биш дэлхий даяараа дөч, тавь, жаран настай хашруудад төрөө даатгадаг. Сүрхий хөгжиж яваа улсын лидер улстөрчид нь дандаа хал үзэж халуун чулуу долоосон нөхөд байдаг. Дэлхийн айхавтар улстөрчид дунд хорь, гучтай залуучууд харагддаггүй нь цаанаа ийм нарийн учиртай. Оросын Путин, Америкийн Обама, Францын Олланд, Өмнөд Солонгосын Пак Гын Хэ, Японы Абэ гээд яривал хөгжлөөрөө цойлсон улсуудын төрийн тэргүүн, парламент, Засгийн газрын гишүүдийн дунд учраа олоогүй, туршлага суугаагүй хорин настнууд харагддаггүй. Төр барина гэдэг дөч, тавь, жаран насныхны хийдэг ажил гэдгийг бид яс махаараа мэдэрч байна.

Монголын төрд шинэчлэлээс гадна уламжлал гэдэг юм байх ёстой. Хэдэн арван жил төр барилцсан туршлагатай түшээдийг жагсаалт энэ тэрд оруулж байгаад төрд суулгах шаардлага гарцаагүй тулгараад байгаа. Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл, Р.Амаржаргал, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан гэх мэт УИХ-д хэдэнтээ сонгогдож, алба хашиж яваа улстөрчид Монголын төрийн дархлаа, хар хайрцаг, үнэт зүйлс, амьд архив мөнөөсөө мөн.

МАН, АН-ынхныг сонгохдоо популистууд, дуучин, бөхчин гээд элдэв өнгийн алдартнуудыг сонгоод дэмий гэдгийг өнгөрсөн жилүүд хангалттай харуулсан. Алтны компаниудыг ташраар нь дампууруулсан урт нэртэй хуулийг уул уурхай, эдийн засгийн гүнзгий мэдлэггүй бөх санаачилж батлуулсан, гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэгддэг хоёр дахь урт гэгчийн нэртэй хуулийг популистууд гэж цоллуулдаг улстөрчид сэдэж ажил болгосон гээд яривал тэдний тарьсан балаг их. Энэ сонгуулиар ч дуучид бөхчид нэрээ дэвшүүлнэ гэдгээ зарлаад эхэлчихлээ. Тэгэхээр УИХ-ын гишүүн болох хүсэлтэй уран сайханч, бөхчингүүдээс гол хоёр нам, сонгогчдын аль аль нь болгоомжилж, татгалзмаар байна. Жинхэнэ төрийн хүнийг, төрд зүтгэж хат суусан улстөрчдийг сонгож чадвал бид хөгжинө.

Сонгогчид АН, МАН хоёроос нэр дэвшигчдийг сонгохдоо амлалт авах хэрэгтэй. Зүгээр нэг амлалт биш, хариуцлагын гэрээ байгуулж ултай, буурьтай хандах цаг нь болсон гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдэд улсаа хорлосон шигээ асуудалд хандахгүй байхыг хатуу шаардах эрх сонгогчдод байгаа. Хөгжилд хэрэгтэй төслүүдийг гацаах оролдлого хийвэл, эдийн засагт хохирол учруулахаар хуулийн төсөл санаачилж батлуулахад оролцвол гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл өндөр хариуцлагатай гэрээ байгуулж яагаад болохгүй гэж. Голлох хоёр намаас УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс монгол төрийн өмнө хатуу хариуцлага хүлээсэн гэрээнд гарын үсэг зурах үүрэгтэй. Төрд зүтгэх учраас, Монголын хөгжилд нөлөөлөх шийдвэр гаргах эрх мэдлийг атгалцах гэдэг утгаараа Хариуцлагын гэрээ байгуулахад татгалзах үндэслэл тэдэнд байхгүй.

Хамгийн гол нь энэ хоёр намаас нэр дэвшсэн хүмүүсийг л УИХ-д сонгомоор байна. Аль нь их суудал авах сонин биш, дундуур нь ямар нэг хүчин оруулахгүйгээр сонголтоо хийх л чухал болоод байна. Гуравдагч нөхдүүд завсраар нь ороод ирэхээр монголчууд хохирдгийг өнгөрсөн жилүүдийн түүх бэлхнээ гэрчилж байгаа.

Завсрын нөхөд Монгол Улсыг 20 жил хорлолоо. Тэд хорин жилд хорин засгийг унагалаа. Гуравдагчууд УИХ-д гарч ирэх бүртээ хөгжилд хэрэгтэй шийдвэр бүхэнд тээг тавьдаг. Өнөө ч тэр янзаараа тээг тавьсаар явна. Үр дүнд нь Монгол гэдэг улс хөгжсөнгүй. Том төслүүдээр жишээлье. Хөгжилд хэрэгтэй төсөл хэрэгжих гэхээр л дуу авалцан шүүмжилж, хэрэгжихийнх нь эсрэг ажилладаг хэсэг нь мөнөөх гуравдагчууд. “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэхийн эсрэг хэн дуугарч, гацаав гэсэн асуулт тавиад үзье. АН, МАН-аас бусад намынхан, бие даагчдын нэр л уншигч таны санаанд бууж байгаа байх. “Оюу толгой”-г хөдөлгөх шийдвэрт гар өргөж толгой дохисон нь харин АН, МАН-ынхан. Голлох хоёр намын эрүүлээр сэтгэдэг улстөрчдийн хүчээр хөдөлсөн Оюу толгой өнөөдөр эдийн засгийн гялтайх ганц гэрэл байна. Хятад, Америк гэлтгүй эдийн засаг хямарсан энэ өдрүүдэд дэлхийд амжилттай хэрэгжиж яваа хамгийн том уул уурхайн төсөл нь Оюу толгой болоод байгаа. “Рио тинто” хэмээх акул компани ч зэсийн төсөлдөө, “Оюу толгой”-доо найдаж зэсийн группийнхээ захирлыг ерөнхий захирлаа болгоод байна. Алтны тун давгүй нөөцтэй “Гацуурт”-ыг гацаасаар ирсэн нөхөд мөн л завсрын гэгдэх гуравдагчууд. УИХ-д АН, МАН нөлөөлөхөөр хэмжээнд байгаа учраас алтны энэ төсөл азаар хөдөлж байгаа. Удахгүй алтны олборлолт нэмэгдэж, өдрөөс өдөрт өссөөр байгаа америк долларын галзуурлыг намжаахад нэмэр болох нь тодорхой. Гуравдагчууд ураны төслүүдэд бас тун дургүй. Уг нь учир мэдэх улс ураны сайн нөөцтэй ордуудаа ашиглаад эхэлбэл эдийн засаг сэргээд ирнэ гэцгээдэг юм.

Хатуухан хэлэхэд жижиг намууд зүгээр л хоол олох гэж, тендер авахын тулд, өөрсдийгөө тэжээх гэсэн хөгийн амбицдаа хөтлөгдөж улс төрд орох гэж тэмүүлдэг.

АН, МАН-ынхныг УИХ-д сонгоё гээд байгаа нь мөн л нарийн учир утгатай. Монголд сөрөг хүчин хэрэггүй юм байна. Жижигхэн, хүн ам цөөтэй манайх улсад шиг эрх барих байгууллагад нь нэг нам дангаараа ноёрхох дэмий гэдгийг баталсан жишээ дэлхийн түүхээр дүүрэн байна. Дэлхий гэж цаашлахгүйгээр Монгол Улсын шинэхэн түүхийг шүүрдээд үзэхэд нэг нам нь засаг төрд хүч давамгайлсан жилүүдийн балагтай явдал барагдахгүй. Монголын эдийн засгийг авч яваа, цаашид ч нуруундаа үүрэх “Оюу толгой” төсөл АН, МАН хамтарч засаг барих үед хөдөлсөн. Зэс хайлуулах үйлдвэр, Таван толгойн цахилгаан станц, Хятад руу эрчим хүч экспортлох “Шивээ Энержи”, зэс молибденийн “Цагаан суварга” гэж ирээд яривал хөгжилд ташуур өгөх төслүүд АН, МАН гэсэн хоёр намын гишүүдийн дэмжлэгээр урагшилж байгаа. Ер нь хоёр том нам хамтарч засаг барьсан жилүүдэд хөгжилд хэрэгтэй зоригтой шийдвэрүүд гардаг.

Гуравдагчууд гудамжинд байхдаа элдэв гоё үг ярьж ордонд орвол улсаа хөгжүүлээд өгье гэцгээдэг. Ордонд орсон хойноо гудамжинд гараад популизм хийгээд унадаг. Өмнөх УИХ-д ч ийм байсан. Одоогийн УИХ-д суугаа хэд нь ч тэгж байна. Тэгэхээр гуравдагчид, завсрынхан, нам байгуулж бужигнасан хорь, гучтай шинэковууд жинхэнэдээ монгол төрийг засах гэж биш ард түмэнд гоё харагдах гэж элдэв амлалт, уран гоё үг урсгадаг болж таарч байна.

Б.НЯМАА