Categories
мэдээ нийгэм

Цахилгааны тоолуурыг зуны хуваарьт шилжүүлнэ

Өнгөрсөн амралтын өдөр цагийг нэг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжсэн. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай хэрэглэгчдийн цахилгаан хэрэглээг тооцох тарифын цагийг мөн адил өөрчлөхөөр болжээ.

Энэ шийдвэрийн дагуу ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс айл өрхийн өдөр шөнө, үйлдвэр, аж ахуйн нэгжийн өдөр, орой, шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа нэг цагаар урагшилна. Тодруулбал өдөр, шөнийн тарифт тоолууртай айл өрхийн шөнийн хэрэглээг тооцох цаг 22:00-07:00, өдөр, орой, шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг үйлдвэр, аж ахуйн нэгжийн шөнийн хэрэглээг тооцох цаг 23:00-07:00 болно.

Categories
мэдээ нийгэм

Шилдэг тохижилттой сургууль, цэцэрлэгийг сая төгрөгөөр урамшуулна

Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгох тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих ая тухтай орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг сайжруулах зорилгоор тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар баталсан юм. Энэхүү болзлын дагуу сургууль, цэцэрлэгүүдийг дүгнэж нийт ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэг шалгаран тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар боллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын гуравдугаар улирлын амралт эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар улирлын амралт эхэллээ. Тодруулбал, бага, дунд, ахлах ангийн сурагчид өнөөдрөөс эхлээд долоо хоног амарч, дөрөвдүгээр сарын 4-өөс хичээлдээ орох юм. Харин хөдөө, орон нутгийн бага, дунд ангийн сурагчид гуравдугаар сарын 23-нд амарсан бөгөөд бага ангийн хичээл дөрөвдүгээр сарын 12-нд эхэлнэ. Харин дунд ангийнхан дөрөвдүгээр сарын 4-нд хичээлдээ орох аж. Ахлах буюу X-XII ангийн сурагчдын хичээл гуравдугаар сарын 16-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Categories
мэдээ улс-төр

Т.Ганболд ХҮН-ын шинэ дарга боллоо

ХҮН-ын төв хорооны гишүүдийн олонхийн
саналаар намын дарга болсон С.Ганбаатар өмнө нь Улсын дээд шүүхэд намын даргаар
бүртгүүлэх хүсэлтээ өгөөд байсан ч түүнийг намын даргад бүртгэхээс татгалзсан
шийдвэр хоёр ч удаа гараад байсан юм. Харин өчигдөр ХҮНын төв хорооны гишүүд
албан ёсны хурлаа хийжээ. Уг хурлын үеэр намын дарга С.Ганбаатар өөрийн
хүсэлтээр намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн түүний оронд намын шинэ
даргаар Т.Ганболдыг 98 хувийн саналаар томилжээ. Т.Ганболд нь өмнө нь олон хүнд
төслүүдийг гацаанаас гаргаж, амжилттай хэрэгжүүлж чадсан чадварлаг удирдагч
төдийгүй, бизнесийн салбарт бодитой баялаг бүтээгч гэгддэг. Ийн хоёр сарын
туршид маргаантай байсан намын дотоод асуудал одоо цэгцрэх шатандаа орлоо
хэмээн гишүүд нь дүгнэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганы нээлт хойшлов

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 09.00 цагт
нээлтээ хийхээр товлосон байсан. Тэгвэл ээлжит бус чуулган ирц хүрээгүй тул
хойшиллоо. Ээлжит бус чуулган хойшилж, харин байнгын хороод хуралдахаар болов.
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны
тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай, Бага хэмжээний цөмийн материалын
шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай,Цөмийн аюулгүй ажиллагааны тухай
1994 оны конвенцид нэгдэн орох тухай, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай
1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон
батлах тухай хуулийн төслүүдийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх юм. Мөн Үндсэн
хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэхээр УИХ-ын дарга захирамжлаад
байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

С.Мөнхнасан үсчин, гоо сайханчдын дэлхийн аваргад түрүүллээ

“HAIRWORLD 2016” дэлхийн үсчин, гоо сайханчдын тэмцээн БНСУ-ын Goyang хотод амжилттай зохион байгуулагдаж, манай улсаас оролцсон үсчин, гоо сайханчид амжилт гаргажээ. Өчигдөр өндөрлөсөн энэхүү тэмцээнд Видал салоны үсчин С.Мөнхнасан дэлхийн аваргын болзлыг хангаж, харин эрэгтэй үс засалчдын баг хүрэл медаль хүртсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Дэлхийн уул уурхайн зах зээл сэргэх хандлагатай байна

Эрдэнэс МонголХХКийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Том төслүүд урагшлахгүй байна гэсэн шүүмжлэл сонсогддог. Шалтгаан нь юундаа байна?

-Төслийг боловсруулах үе судалгаа, урьдчилсан ТЭЗҮ, ТЭЗҮ гээд их олон шат дамждаг. Энэ бүх шатанд зарцуулах мөнгө тухайн төслийн нийт төсвийн хөрөнгө оруулалтын 5-10 хувь болдог юм.100 сая ам.долларын төсөл байлаа гэхэд 10 сая ам.долларыг нь зарж байж төслийн санхүүжилтийг босгох боломж нээгдэнэ гэсэн үг. Том төслүүд явдаггүй гол шалтгаан нь төсөл боловсруулах шатандаа мөнгө зарж чаддаггүйд л байгаа юм. Энэ үе шатанд зарцуулах арван сая ам.доллар нь байхгүй учраас том төслүүд урагшилдаггүй.

Тэгэхээр арван саяыг гаргаж чадахгүй бол ерэн сая ам.доллар босгож чадахгүй гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. “Эрдэнэс Монгол” компанийн хийж байгаа хоёр ажлын нэг нь энэ. Нөгөөх нь компаниа компани шиг болгох. Хоёулаа мөнгө зарж байж хийх ажил. Үүнд зарцуулах мөнгийг босгох шатандаа явж байна.

Хаанаас яаж босгоно гэж…?

-Азийн хөгжлийн банк бол сүүлийн хорин жилд Монголын бүх л том дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлсэн газар. Монгол Улс энэ банкны хувь эзэмшигч. Тэр утгаараа тус банкнаас хөнгөлөлттэй зээл авч том төслүүдээ боловсруулах процессыг санхүүжүүлэхээр зорьж байна. Компанийг компани шиг болгоход зарцуулах хөрөнгийг ч энэ шугамаар шийдэхээр ажиллаж байгаа.

Хятад руу цахилгаан экспортлохШивээ энержитөсөл удахгүй хэрэгжих нь гэсэн мэдээлэл цацагдаад эхэлчихсэн. Энэ төслийн хувьд ямар шатандаа яваа вэ?

-Шивээ Овоогийн Хятад руу эрчим хүч экспортлох “Шивээ энержи” төслийн хувьд төсөл боловсруулах шатандаа явж байгаа. Тодруулж хэлбэл урьдчилсан ТЭЗҮ-ээс ТЭЗҮ боловсруулах шат руугаа орсон. Төсөл боловсруулах шатанд өрнөх ёстой процессын аль нэгийг нь алгасч болдоггүй.Тэгэхээр “Шивээ энержи”-гийн хувьд төсөл боловсруулах шатанд мөнгө хэрэгтэй гэж ойлгож болно.

Таван толгой төсөл яаж шийдэгдэх, энэ ордоо хэрхэн ашигтай ажиллуулах бол гэсэн хүлээлт нийгэмд бий. Таван толгой төслийг амжилттай үргэлжлүүлэх талаар сонгуулийн өмнө тодорхой шийдэл гарах болов уу?

-“Эрдэнэс Таван толгой”-н бизнесийн хувьд уурхайн аман дээрээсээ борлуулалтаа хийдэг. Тэр ч утгаараа нүүрсээ олон улсын зах зээлийн үнэд хүргэж борлуулах боломж муу. Бид уурхайн амнаас цааш, тэр дундаа хилийн цаана юу болж байгаа талаар боддоггүй. Уг нь хамгийн чухал нь маркетинг борлуулалт. Харин одоо хилийн цаадахаа сайн ойлгохыг зорьж байна. Тэгж байж Таван толгойн нүүрсийг яаж үнэд хүргэх вэ гэдэг асуултад хариу олно. Нөгөө талаас энэ компанийг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэдэгт анхааран ажиллаж байна. Муу бизнестэй бол орж ирсэн хүн бүхэн бүтээгдэхүүнийг маань хямдхан авахыг бодно. Харин сайн бизнестэй хүн хэнтэй ч ашигтай наймаа ярих боломжтой. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” гэдэг компанийн бизнесийг шинээр буюу дэлхийн стандартын дагуу явуулж байж бид хүнд байдлаас гарна. Дэлхийн зах зээлийг харвал хүн бүр л нүүрсний уурхайгаа зарж байна. Бидний хувьд зардлаа багасгаад бизнесээ сайжруулж, борлуулалтаа зөв хийвэл энэ хүнд үеийг давж чадна. Түүний дараа л том наймаа ярих болов уу. Таван толгойн хувьд Австралийн нүүрстэй чанарын хувьд өрсөлдөж чадах ч логистик тээвэр борлуулалтын гинжин хэлхээний хувьд тэдэн шиг сайн биш. Шинэ стандартаар бизнес явуулах хэрэгтэй гээд байгаа нь ийм учиртай. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компани гэдэг утгаараа үр ашиггүй зүйл өчнөөн хийсэн байсан. Бүтэц нь гэхэд хэтэрхий данхайсан гэж ирээд шүүмжилж ярих зүйл олон бий. Гэтэл “Эрдэнэс Монгол” дэлхийн хэмжээний бизнес шүү дээ. Тэрбум гаруй ам.доллараар үнэлэгдэх том компани хэрнээ дэлхийн хэмжээнд ажиллахгүй бол хоцроод хожигдоод дуусах аюултай. Тэгэхээр юуны өмнө шинэ технологи, шинэ менежментийн арга барил зайлшгүй шаардлагатай байгаа.

Таван толгойн нүүрсийг Хятад руу дажгүй үнээр гаргахын тулд заавал энэ улсын хөрөнгө оруулагчидтай хамтрах ёстой гэдэг. Дангаараа аваад явах боломжтой орд уу, эсвэл заавал хамтрах ёстой юу?

-Аливаа юманд хамтрахын тухайд хардаг гол зарчим бол ерөөсөө л бизнесийн ашиг. Бизнесийг хурдан томруулж, илүү ашигтай байлгахын тулд өөр хүнтэй хамтрах шийд гаргадаг. Нарийн тооцож үзсэний эцэст үнэхээр ашигтай бол хамтрах шийдвэр гаргахад ямар ч асуудалгүй. Бизнес томрох тусам эхлээд хийх хөрөнгө оруулалт нь их байдаг. Хөрөнгө оруулалтыг ганцаараа хийж чадахгүй бол өөр бусадтай хамтрахаас аргагүй. Ямар ч төсөлд мөрдөгдөх зарчим л даа. Уул уурхай гэдэг их урт процесстой бизнес. Судална, урьдчилсан ТЭЗҮ боловсруулна, дараа нь ТЭЗҮ-гээ жинхэнэ утгаар нь хийнэ, өчнөөн судалгаа, тооцоо, стандарт хангасны дараа хөрөнгө, санхүүжилт босгоно гэж ирээд яривал маш олон шаттай. Гэтэл бид зөвхөн нэг хэсгийг нь уул уурхай гэж төсөөлсөөр ирсэн. Энэ бүх процессыг хийж чаддаг болох ёстой л доо. Чадахгүй бол чадах хүнтэй нь хамтрах хэрэгтэй.

Том төслийг хөдөлгөхөд өчнөөн жил шаардана гэж ярьдаг. Жишээ нь Таван толгой байна. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд судалгаанд өчнөөн жил зарцуулах асуудал биш гэх юм?

-Оюу толгой 4.4 тэрбум ам.долларыг банкнаас зээлсэн. Маш их мөнгө. Төслийнхөө бүх процессыг амжилттайгаар хэрэгжүүлж, давж гарсан учраас энэ хэмжээний мөнгө босгож чадсан. Таван толгойн хувьд ч ялгаагүй, Оюу толгой төслийн туулсан бүх шатыг давж туулж байж хөрөнгө босгох боломжтой болно.

-“Эрдэнэс Таван толгой”-г компани шиг компани болгохын тулд хийх зүйл ч их байгаа шүү. Улс төрөөс хараат бус байлгахаас эхлээд…?

-Энэ компанийн эзэн нь Засгийн газар. Өнөөгийн засгийн хувьд “Эрдэнэс Монгол”-ыг компани шиг компани болгохыг маш их дэмжиж байгаа. Ний нуугүй хэлэхэд миний хувьд ийм боломж бий учраас л энд ажиллаж байгаа юм. Өмнө дурдсан хоёр ажлыг жинхэнэ утгаар нь амжуулж чадвал Монголын ирэх гуч, дөч, тавин жилийн эдийн засгийн суурийг зөв тавих том давуу талтай. Төрийн өмчит компани гэхээр давуу эрхтэй ч юм шиг, эсвэл хязгаарлагдмал ч юм шиг ойлгомжгүй дүр зураг ажиглагдаад байдаг л даа. Аль болох хурдан хугацаанд компани шиг компани болчихвол хэн хэндээ амар. Хувь нийлүүлэгч болох иргэдэд ч ашигтай. Компанийн хувьд улс төр гэж санаа зовохгүйгээр бизнесээ хийгээд явах юм. Компанийн захирлын тухайд компани нь хэр ашигтай ажилласнаар л үнэлэгддэг болно. Түүнээс компанийн захирал хэн болох нь өнөөдрийнх шиг аль нам засаг барихаас хамаарахгүй. Ийм зарчим руу очих гээд үзээд л байна.

Төрийн өмчит уул уурхайн компаниуд улс төрөөс хараат биш байх хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн гэж ойлгож байгаа. Хууль эрх зүйн орчны хувьд өөр хийх зүйл үлдсэн үү?

-Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт орсон. “Эрдэнэс Монгол”-ын хувьд Компанийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулна гэсэн заалт багтсан. Энэ бол том шинэчлэл. Энгийнээр хэлбэл монгол стандартаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компанийг олон улсын стандартад аваачих ажлыг дэс дараатай хийж эхэлсэн гэсэн үг. Дахин хэлэхэд “Эрдэнэс Монгол”-ыг компанийн хуулийн дагуу ажиллуулна гэж байгаа нь маш том өөрчлөлт. Улс төрөөс хараат бус, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулж чадах эсэхээ үзнэ дээ.

Хуулийн хэрэгжилт хэр байхаас шалтгаалах нь ээ?

-Ер нь тийм. Төрийн өмчтэй компани ядуу, зардал өндөр, олон хүнтэй байх ёстой гэх мэт янз бүрийн яриа бий. Энэ хандлагаасаа салах цаг болсон. Захирал нь компанийнхаа ашигтай үйл ажиллагаагаараа хариуцлага хүлээдэг болохын төлөө ажиллаж эхэлж байна. Компани ашигтай ажиллавал ТУЗ нь захиралтайгаа гэрээгээ сунгадаг, тохирсноо хийгээгүй, ашиг багатай ажилласан бол захирал нь хариуцлагаа хүлээгээд явах учиртай. Товчхондоо “Эрдэнэс Монгол”-ыг компани шиг компани болгох ажил эхэлсэн гэж ойлгож болно.

-“Эрдэнэс Монголгэснээс танай компанийг бэлээхэн байртай байж үнэ өндөртэй оффис руу нүүж их зардал гаргалаа гэсэн мэдээлэл цацагдсан. Зардал хэмнэх талаасаа хэрэггүй шийдвэр байсан юм биш үү?

-Шинэ стандартаар бизнес хийхийн эхлэл нь аюулгүй орчинд ажиллах, энэ ч утгаараа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн наад захын стандартыг хангасан оффист саяхнаас ажиллаж байна. Уурхай ч ялгаагүй аюулгүй байдал номер нэгт байх ёстой. Мэргэжлийн хяналтын газраас хуучин оффисыг газар хөдлөлтөд тэсвэргүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд шаардлага хангахгүй гэсэн дүгнэлтийг хэдэн жилийн өмнө гаргаад, акталсан. Тэр байранд Монголын хамгийн том хөрөнгүүдэд менежмент хийнэ гээд суухаар ажил хэргийн яриа хийхээр ирсэн хүмүүс ойлгодоггүй байсан л даа. Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай компанийн үйл ажиллагааг сайжруулах, зээл авах талаар яриа өрнүүлж байх үеэр нэг хүн “Та нар том хөрөнгө босгоод арвижуулж өгнө гэж яриад байдаг. Гэтэл дээрээс чинь тааз нураад таны амь эрсэдвэл яах вэ” гэж асууж байлаа. Бизнес гэдэг ийм нарийн, зээл олгож санхүүжилт хийх гэж байгаа компанийнхаа дотоод орчин, оффисыг хүртэл судалдаг байгаа юм.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлэх болсон нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг мэдээ болж чадаж байгаа болов уу?

-Дэлхий дээр уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа хамгийн том төсөл бол Оюу толгой. Тэр төслийн талыг нь барьчихсан. Одоо нөгөө талыг нь барих гэж байна. Оюу толгой дээр маш олон эерэг зүйл ажиглагдаж байгаа. Би сүүлийн хоёр сард нэлээд хэдэн улсад очлоо. Монгол гэхээр Оюу толгойг ярьж байна. Мэдээж Оюу толгойн хувьд дандаа эерэг жишээ болж яригдаж байгаа. Өмнө нь сөрөг жишээ болж яригддаг байсныг бид мэднэ. Эерэгээр яригдаж эхэлсэн нь Засгийн газрын сүүлийн хоёр, гурван жилд хийсэн ажлын үр дүн. Одоогийн байдлаар Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын хувьд төлөвлөлт нь ид явагдаж байна. Барилгын ажил хийхийн тулд том гэрээнүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл бүтээн байгуулалт хийх компаниуд материалаа өгч, сонгон шалгаруулалтын процесс явагдаж байгаа. Тендерийн процесс явагдаж гэрээнд гарын үсэг зурж байж ажил эхэлнэ. Ил уурхайн үйл ажиллагаа тогтвортой явж байгаа. Энэ жил алтны агуулга багасч байгаа ч зардлаа аль болох танаж, компанийг алдагдалгүй явуулахад гол анхаарлаа хандуулж байна. Зэс, алтны үнэ унасан ийм үед зардал дээр онцгой анхаарахаас аргагүй. Энэ чиглэлээр олон ажил эхлүүлсэн.

Оюу толгой хөдөлчихлөө. Эдийн засагт нэлээд эерэг өөрчлөлт мэдрэгдэх болов уу гэсэн хүлээлт өндөр байна…?

-Хөрөнгө оруулалт гаднаас орж ирэх бүрт эерэг өөрчлөлт мэдрэгдэх нь тодорхой. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байх. Монголын эдийн засаг 2010 онд өнөөдрийнхтэй харьцуулахад гурав дахин бага байсан. Гаднаас 100 сая ам.доллар орж ирэхэд мэдрэгддэг байсан гэж болно. Өнөөдөр гурав дахин томорсон учраас энэ хэмжээний мөнгө орж ирэхэд мэдрэгдэхгүй л дээ. Тэгэхээр бүх юм нэг өдрийн дотор өөрчлөгдөнө гэсэн хүлээлт нэг талдаа гэнэн хандлага. Бизнес хийж байгаа хүмүүсийн тухайд бол мэдрэгдэж байгаа. Бизнес хийж байгаа хүний хувьд хамгийн гол зүйл нь мөнгөн урсгал. Компани нь орлого олж, тогтмол мөнгөн урсгалтай байвал цалингаа тавьж, татвараа төлж, боломжтой бол ашигтай ажиллана. Бид компаниудын мөнгөн урсгалыг тогтвортой байлгахын төлөө ажиллаж байгаа. Оюу толгойн бизнес томорсон учраас тэндээс маш олон бизнес мөнгөн урсгалаа хангах боломжтой. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.доллар зарна гэж төсөвлөсөн. Гүний уурхай дээр зарж байгаа нэг ам.доллар бүрийн 80 центийг монголын компаниудад, монголд зарна гэсэн зорилго тавиад ажиллаж байна.Таван жилийн өмнө Монголд байдаггүй бизнесүүд өнөөдөр бий болчихсон. Таван жилийн дараа бүр ч өөр болно. Тэгэхээр жил ирэх тусам гаднаас авах нь багасч, Оюу толгойгоос хүртэх өгөөж тэр хэрээр өснө гэсэн үг.

Манай улсын эдийн засагт нааштай зүйл ажиглагдаж байна уу?

-Бизнесүүд эдийн засаг дээшээ, доошоо болдгийг ойлгочихсон нь бидний маш том давуу тал. Тэд яаж амжилттай бизнес хийхийг ухаарч байна. Зардлаа багасгаж, мөнгөн урсгалаа тогтвортой байлгах тал дээр илүү сайжирч байна. Бүтээмжээ нэмэгдүүлнэ гэдэг олзуурхмаар сайн зүйл.

Та саяхан Торонтогийн уул уурхайн чуулга уулзалтад оролцоод ирсэн. Хөрөнгө оруулагчдын Монголын талаарх сэтгэгдэл ямаршуу байна вэ?

-Хөрөнгийн зах зээл дээр байгаа уул уурхайн компаниудын хувьцаа сүүлийн гурван долоо хоногийн турш харьцангуй тогтвортой, бага хэмжээний өсөлттэй байна. Канадад янз бүрийн мэргэжлийн хүмүүстэй санал солилцож явахад хүнд байдал эргэж байгаа эерэг сигналууд уул уурхайн зах зээл дээр гарч ирлээ гэцгээж байна. Хөрөнгийн зах зээлийн өсөлтийг онцолж байна. Өмнө нь маш олон компани үйл ажиллагаагаа зогсоож, санхүүжилтийнхээ бүтцийг өөрчлөх янз бүрийн хэлцэл хийдэг байсан бол өнөөдөр байдал өөрчлөгджээ гэж ярих хүнтэй олон таарлаа. Компаниуд шинэ хөрөнгө оруулалтын хэлцлүүд хийдэг болж. Дэлхийн уул уурхайн зах зээлтэй холбоотой ийм сайн мэдээ түгээд эхэлчихэж. Монголтой холбож ярихад манай улсын нэрийн хуудас бол мэдээж Оюу толгой. Засгийн газрын сүүлийн нэг, хоёр жилд явуулсан хөрөнгө оруулалт, бизнесийг дэмжсэн бодлогуудыг сайшаах хүн олон байна. Тогтвортой өсөлт, бизнесийг дэмжсэн бодлого явуулаад байвал болдог гэдгийг хөрөнгө оруулагчид зах зухаас нь харж эхэлж байна л даа. Уулзсан хүн бүр ерөнхий дүр зураг сайн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч сонгуулийн үр дүнг харж шийдвэрээ гаргана гэж байна. Өмнөх сонгуулиудын дараа бодлогод нэлээд өөрчлөлт гардаг учраас болгоомжилж байгаа юм билээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

П.БАЯРХҮҮ: Батмөнх даян хааны багын дүрд тоглоход “Заа, хаантан дээшээ” гээд байхаар сүүлдээ жинхэнэ хаан болчихсон юм шиг санагдсан

“Өдрийн сонин”-ы цахим сонины www.admin.dnn.mn вэб сайт “Шинэ долоо хоногийн зочинярилцлагын булан нээж байна. Энэхүү шинэ булангийнхаа зочноор П.Баярхүүг урьж ярилцлаа.

-Түүхэн сэдвээр монголчууд өөрсдөө хийсэн хэдэн том кино бий. Тэдгээрийн нэг нь “Мандухай сэцэн хатан”. Төрийн соёрхолт Н.Сувд Мандухай хатны дүрийг, гавьяат жүжигчин Ж.Сүххуяг Батмөнх даян хааны нас биед хүрсэн үеийн дүрийг бүтээснийг уншигчид андахгүй. Харин та Батмөнх даян хааны бага насны дүрийг бүтээсэн байдаг. Ямар тохиолоор тэр түүхэн хүний дүрд тоглох болсон бэ?

-“Мандухай сэцэн хатан” киног 1986 оны үед улс өөрийн хөрөнгөөр хийсэн юм. Улсын хөрөнгөөр хийсэн сүүлийн кино байх. Тэгэхэд би 11 настай, тавдугаар ангийн сурагч байлаа. Монголын хүүхдийн ордны драмын дугуйланд явдаг байв. Дугуйландаа үдийн хойно 2:30 гээд очно. Яагаад ч юм тэр өдөр эрт очмоор санагдаад 12 гээд явсан. Тэгэхэд Баяжихын Пүрвээ гуай дугуйлан дээр ирж багшид Сүххуяг ахын зургийг үзүүлээд “Энэ залуутай адилхан хүү байна уу” гэж асууж сурсан юм билээ. Багш, манайд нэг хүү бий, үдээс хойш ирдэг юм. Тэр үед нь уулзах уу гэж л дээ. Пүрвээ гуайг яг гарч явахад нь би ирж таараад, “Өө, нөгөө хүүхэд чинь энэ. Их адилхан байгаа биз” гээд л уулзуулсан. Тэгээд намайг шууд кино үйлдвэр рүү хөтлөөд явлаа. Замдаа “За, ийм кино хийж байгаа. Чи очоод пробанд орно шүү” гэсэн. Би ч учраа мэдэхгүй, проба гэж юуг хэлснийг ч мэдэхгүй заа л гэлээ. Кино үйлдвэрт очтол монгол дээл, малгай өмсгөж байгаад нэг зураг дарчихаад л буцаав. Багш, зургийг чинь аваад л явуулчихаж байна уу, их л шалгамаар юм даа гээд гайхаад байлаа. Шалгаагүй юм чинь тэгвэл тэнцээгүй юм байна гэсхийгээд тэр тухай ор тас мартаж орхисон байв.

-Тэгээд яасан?

-Тэгсэн харин хоёр гурван сарын дараа Пүрвээ гуай ангийн хаалгаар шагайснаа багшийг дуудаж уулзлаа. Манай ангийнхан Пүрвээ гуайг харчихаад “Пөөх, нөгөө жүжигчин ах байна” гээд л шуугилдаад байв. Би дотроо ямар хэргээр явааг нь гадарлачихаад суугаад байв. Ангийн багш уулзсанаа “Заа, хүүхдүүд ээ манай ангийн Баярхүү Мандухай сэцэн хатан кинонд тоглохоор тэнцсэн байна” гэж зарлалаа, ангиар нэг шуугиан.

Шууд л хичээлээс чөлөөлөгдөөд Пүрвээ гуайтай хамт сургуулийн захирал дээр орсон доо. “Одоо энэ хүүхдийг онцгой анхаарна шүү. Хүүхдүүдтэй тоглож байгаад нүүр амандаа сорви тогтоочих вий. Гар хөлийг нь хугалчихав. Захирал та бүгдийг хариуцна шүү” гээд л Пүрвээ гуай захиж байна. Боловсролын яамнаас бичиг явууламз, одоо гэрийнхэнтэй нь очиж уулзана гэж хэлээд бид хамт явлаа. Гэрт хүрээд аавд мөн л нүүрээ шарх сорви болгочих вий, ээ дээ царай зүсийг нь анхаарна шүү. Энэ хүүхэд улсын хэмжээнд маш том кинонд тоглож байгаа шүү гэлээ. Аав минь хачин гайхаж суусан сан. Тэгээд Кино үйлдвэр орж, дээл хувцасны хэмжээ өгөөд тэр өдөр чухамхүү кино шиг өнгөрсөн дөө.

-Таны нүүр бараг “тусгай хамгаалалтад” орсон юм байна?

-Заа, бараг л тэгсэн шүү.

-Яг таны тоглосон хэсэгт Мандухай хатан алтан ургийн тасархай, өнчин хоцорсон хүүг олж ирж хаанд өргөмжлөн, өөрөө хатан нь болдог. Тэр хэсэг танд ямар санагдаж байсан бэ?

-Батмөнх даян хаан бол Монгол төрийн алтан хасбуу тамгыг 47 жил барьсан, эгэлгүй л хаан байж гэж би хувьдаа түүхэн хүн талаас нь ойлгодог юм. Яг хаан ширээнд өргөмжлөхөд Жамсранжав гуай их туг өргөн “Монголын их даян хаан” гээд уухайлдаг хэсэг гардаг даа. Тэгэхэд хоёр талаар хүмүүс эгнээд суучихсан бүгд зэрэг сөгддөг. Тэр зургийг авахуулж байхад үнэхээр сүрдсэн. “Монголын их даян хаан” гэж хэлээд бүх хүн сөгдөхөд нүсэр юм дараад ирэх шиг тийм мэдрэмж төрж байсан шүү. Урт цагаан эсгий дээгүүр алхаад есөн хөлт цагаан туганд мөргөж, сүйх тэргэнд суугаад явдаг хэсэгт “Монголын их даян хаан, Монголын их даян хаан” гэж байгаа нь үнэхээр бишрэм санагдаж байсан.

-Алтан үеийн одуудтай хамт тоглоход балчирдаж, хэцүү санагдсан үеүд байсан уу?

-Ёстой алтан үеийн бүх томчууд байсан. Б.Дамчаа гуай байна, А.Очирбат, Л.Нямсүрэн ах байна, П.Цэрэндагва гуай, Б.Цэрэнпагма эгч ямар гайхалтай жүжигчин байлаа, Д.Гүрсэд, А.Дашпэлжээ ах, Г.Мягмарнаран ах, манай Ж.Сүххуяг ах, Н.Сувд эгч гээд бүгд. Хэнтэй нь юу ярихав.

Тэгэхэд би анх удаа кинонд тоглож байгааг хэлэх үү биеэ барина, хаа хамаагүй хүнийг ах аа, аав аа гэж дуудах нь хүртэл сонин санагдаад явчихна. Тэр тусмаа уйлдаг зураг чанга. Зүгээр зогсож байгаад уйл гэхээр шууд мэлмэрчихгүй. Санаж байна уу, нөгөө бослого гаргасан ардыг цаазалдаг хэсэг байдаг даа. Мандухай хатан миний ар шилнээс атгаж ирээд цаазалж байгааг нь эргүүлж харуулдаг. Тэрэн дээр Б.Балжинням найруулагч намайг уйл гээд байдаг. Гэтэл би гүрийгээд зогсчихсон. Бас өөрийгөө хаан хүн байж уйлж болохгүй гээд бодчихсон байгаа юм. Гүрийсээр байгаад тэр хэсэгт миний уйлалгүй тоглосноор зураг авагдсан. Мөн Сувд эгчтэй хамт тоглодог хэсэгт “Танаас ээжийн минь үнэр үнэртээд байна” гэж хэлчихээд нүд тогтохгүй ийшээ тийшээ гүйгээд, наад нүдээ гээд л загнуулна. Мотор гэж хэлснээс гурав тоолоод эхлэх ёстой, би шууд эхлээд бас загнуулна. Хайчилж, кадрыг кадраар эвлүүлдэг байсан. Тэр гурван секундыг нь барьж чадахгүй, надаас болж хамт зурганд орсон хүмүүсийг торгуулна. Тэд нарын гоё хийсэн дүрсийг байхгүй болгоно. Тэгснээ сүүлд нь дуугаа оруулахад өөрийгөө харахаараа иччихнэ. Тэр агуу мундаг жүжигчид намайг төдий зэрэгтэй тоглоход харамгүй сайхан тусалсан даа.

Зураг авалтын үеэр.1986 он

-Жүжигчин Ж.Сүххуяг тэгэхэд ид сайхан залуу явсан байх. Натур дээр хамт явсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сүххуяг ах хачин сайхан залуу байсан. Тухайн үеийн од, олон ч сайхан кинонд тоглочихсон байсан. Би сүүлд СУИС төгсөөд драмын театрт хуваарилагдаад очиход Сүххуяг ах бид хэд нэг өрөөнд байна. Дандаа сайхан инээмсэглэж явна. Уурлаж байхыг нь хараагүй. Хүнтэй муудаж байхыг нь хараагүй. Хүн хүндлэх нь хачин сайхан. Хүний дандаа сайхныг олж хардаг, мундаг жүжигчин шүү дээ. Манай Сувдаа эгч бас л гайхамшигтай гэхээс өөр үг үгүй болов уу.

“Мандухайд явж байхад Л.Нямсүрэн ах, Ж.Сүххуяг ах бид гурав нэг гэрт байна. Гурван хаан гээд. Намайг хамгийн бага нь болохоор гэрийн хоймор ор засчихна. Тэгээд хаантаан, хаантаан гээд л дуудна. Тэр нь цаагуураа намайг хаан хүүгийн дүр бүтээхэд бэлдэж байгаа юм. “Заа, хаантан дээшээ” гэхээр эхэндээ эвгүй санагдаж байснаа сүүлдээ өөрийгөө жинхэнэ хаан болчихсон юм шиг мэдрэмж төрөөд явчихсан. Тэгсэн нэг орой Мягмарнаран ах намайг явуулж өглөө. “Баярхүү чи хэддүгээр ангидаа охинд сайн болж байсан бэ, чамд ер нь сайн охин бий юу” гэж байна. “Аа, байхгүй” гэсэн чинь “Би нэгдүгээр ангидаа үерхэж үзсэн. Чи өдий болтол хүнд сайн болоогүй байдаг гээд л байхаар нь “Уг нь нэг сайн охин бий” гэчихэв. Тэгээд чи тэрэндээ захиа бичсэн үү гэж байна. Үгүй гэсэн ах нь чамд гоё захиа бичиж өгнөө гээд. Нэг их үнэтэй биш, чи кинонд тоглоод зөндөө их мөнгө олж байж гэнэ. Тэгсэн нөгөө хэд маань унтаагүй бид хоёрын яриаг чагначихсан писхийтэл инээлдээд, бүр урд гэрийнхэн хүртэл дуулчихсан “Баярхүү мөнгөөр захиа бичүүлнэ” гэсэн гээд л шоолцгоогоод.

-Ингэхэд та кинонд тоглоод цалин хэдийг авсан бэ?

-Мандухайд тоглосноос хойш орлоготой сурагч болсон ш дээ. Кинонд дуу оруулна, телевизэд бичлэгт орно гээд овоо юм олчихно. “Мандухай сэцэн хатан” кинонд тоглоод 10 мянган төгрөгийн цалин авч байлаа. Аав ээж минь надад хадгаламж нээгээд банкинд хадгалчихсан юм. Тэгээд тэрийгээ бүр хожим их сургуулиа төгсөөд авсан чинь 100 мянган төгрөг болсон байж билээ. Ер нь Батмөнх даян хааны дүрд тоглосон маань миний амьдралд бишгүй их өгөөжөө хайрласан гэж боддог.

Сансар сангийн аж ахуйд зураг авалтын үеэр. 1986 он

-Тухайн үед 13 сая төгрөгөөр хийсэн гэдэг. Социализмын үеийн 13 сая төгрөг гэхээр тоймгүй л байж таараа. Хангамж ямар байсан бэ?

-Тэр үед 5000 цэргийг Эрдэнэт, Зүүнбаян зэрэг газраас цуглуулж олны хэсэгт тоглуулсан. Одоо энд тэнд явж байхад Мандухайд цэрэг байхдаа тоглож байсан улстай зөндөө таардаг. Танихгүй ч их дотно санагдана. Зуны гурван сарын турш 5000 цэргийг хооллоно, хувцаслана гээд л их ажил байсан. Тэр олон цэргээс оргож барьсан хүн гараагүй, их л дэгтэй байсан санагдана. Тэднийг уйдаахгүйн тулд кино үзүүлнэ, жүжигчидтэй уулзалт хийнэ гээд завсраар нь янз бүрийн үйл ажиллагаа их зохион байгуулна. Нутаг усныхан болохоор өөрийнхөө морьдыг зурганд оруулна гээд аваад ирнэ, орой болгон айраг сүү тараг бариад ирнэ. Их сайхан бүтсэн кино.

-Хотын хүүхэд хөдөө олон сар гэрээ санасан байлгүй?

-Хөдөө таван сар зураг авалт хийхэд гэрээ санах чөлөө ч гараагүй. Дотор хэсгүүдийн зургийг хотод авсан юм. Дашчойлин хийдэд гэхэд л хаан ширээнд залардаг хэсгийн зургийг авсан. Хараад их бэлгэшээж явдаг шүү.

-Бага нас тань аль дүүрэгт өнгөрөв. Ямар хүүхэд байв?

-Баянгол дүүрэгт л хүүхэд нас өнгөрсөн. Зуны амралтаар Төв аймгийн Баянцагаан сум руу өвөөгийндөө очдог байв. Зунжин “хаан” байж байгаад намар хичээл эхлэхэд ангийнхан “Ералаш” ярьж байхад би чинь том том юм ярьсан амьтан ирж байлаа. (инээв)

-Аав ээж тань аль нутгийн улс вэ?

-Миний аав ээж хоёулаа цэргийн хүмүүс. Батлан хамгаалах яаманд насаараа ажилласан. Аав маань Завханы Баянхайрханы хүн. Ээж Төв аймгийнх. Аав багадаа нутгаасаа гарсан гэдэг юм. Пуужингийн инженер байсан. Буудлаганд явлаа гээд хойшоо Чита руу их явна. Социализмын үед нэг пуужин сая төгрөгийн үнэтэй байсан гээд л ярьдаг байлаа. Аав маань ер нь төөрч яваад тийм мэргэжилтэй болсон гэдэг сан. Цэрэгт байхад нь цэргийн дарга хувийн хэргийг нь үзчихээд дуудаж. Чи ийм сурлага сайтай хүүхэд энд байж болохгүй. Шалгалт өг гээд. Тэгээд шалгалт өгч тэнцээд Киевийн цэргийн академид явсан байдаг юм.

-Та аав ээжээс хэдүүлээ вэ?

-Бид ах дүү тавуул. Би айлын хоёр дахь хүү. Таван хүүтэй айл. Ах маань одоо тариалан эрхэлж байна, дүү нар маань Англи яваад нэлээд хэдэн жил болж байна.

-Танд бүсгүйчүүд дурлаж, захиа занаа хэр ирж байв?

-Яаж зүгээр байхав, авч л байсан.

-Сүүлд та “Уулын төмөр” кинонд тоглосон?

-Жүжигчин Бат-Өлзий ах нэг өдөр дуудаад, “Ах нь ийм кино хийх гээд.Сараатай ярьсан чинь чамайг л яг харагдаад байна гэх юм. Чи тоглооч” гэсэн. Тэгээд зохиолыг нь унштал шилийн сайн эрийн дүр, санаа агуулга нь таалагдаад зөвшөөрсөн юм. Жаахан дутуу болчихож гэж дараа нь харсан.

-Тухайн үедээ л сайн боллоо гээд шуугиж байгаагүй билүү?

-Сайн эрийн дүр л харагдаад байхаас үйл явдал нь жаахан дутуудаж, баяжуулах ёстой байж гэсэн нэг тийм юм бодогдоод байдаг юм.

“Шувууд буцах намар” киноны хэсэг. 1993 он

-“Шувууд буцах намар” кино чинь бас жаахан гунигтай түүхийг өгүүлдэг шүү?

– Тэр үед Өлзий компани гэж байсан юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав ахын найруулсан “Шувууд буцах намар” Монголын хамгийн анхны видео кино байсан. Нэвтрүүлэгч Чимгээ бид хоёр гол дүрд нь тоглосон юм. Би аравдугаар ангид байв. Япон цэргүүд Монголд хоригдож байгаа тухай кино л доо. Хорихын даргын эхнэр нь Чимгээ, би хоригдож байгаа Акира гээд япон цэрэг. Бид дурлаад, эцэст нь нисэж үхсэнээр дуусдаг кино юм л даа. Тэрнийхээ дараа “BBC” телевизийн хийсэн “Чингис хаан” баримтат кинонд Жамухын дүрд тоглосон. Манай жүжигчин Оргилын тоглосон кино. Гаднынхантай хамтарч ажиллаж үзмээр санагдаад, тэгээд ч Жамухын дүр гээд тоглож байсан. Уг нь би тэр үед эмнэлэгт удаан хэвтээд турчихсан байсан болохоор жаахан дэмий ч болов уу гэж бодоод. Тэгээд намайг хоёр сар хүлээсэн болохоор нь яалтгүй л тоглосон. Түүнээс хойш ерөнхийдөө киноны ажлаас хөндийрсөн дөө.

-Яагаад?

-Жамухад тоглохын өмнө Солонгос яваад, 1997 онд. Тэнд очоод үзэл бодол нэлээд өөрчлөгдсөн гэх үү дээ.

-Манайхан Солонгос руу ид явж байх үе байж шүү?

-Тийм. Таван жил болсон. Тэнд очоод амьдралыг хардаг үзэл бодол маань эргэсэн. Солонгост сурах гэж очоод, сүүлдээ сургуулиа хаяад ажил хийгээд. Амьдрал ер нь ямар байдаг юм бэ гэдгийг тэнд очоод харсан. Өөрийгөө олж, нээсэн он жилүүд болсон.

Тэгэхэд Солонгосын эдийн засаг хямарсан үе таараад. Одоо яг манайх шиг ийм үе нь. Даавууны үйлдвэрт ажиллаад гурван сарын цалингаа авч чадахгүй, өөр нэг үйлдвэрт ороод тэр нь хаалгаа бариад, хэвлэлийн үйлдвэрт цагийн ажил хийсэн. Солонгос хэл сурах гэж өдөр нь хичээлдээ явна, орой нь ажиллана. Тэгээд ядраад нойр хүрэхээр нь даавууны чанар хамаагүй зүгээр тоог нь гүйцээх ёстой гээд цагт нь хүрэхгүй байнгуут нь дээд хурд дээр хүргээд эргүүлчихнэ. Тэгээд үйлдвэрийн даргаас цалингаа авах гэсэн чиний үйлдвэрлэсэн даавуу баранк их гарсан цалин байхгүй гэв. Тэгтэл нэг орой байрны эзэн танай үйлдвэр нүүгээд явчихсан гээд миний цүнхийг гаргаад тавьчихаж, хаачихаа мэдэхгүй боллоо. Тэгээд тэнд байдаг монголчууд дээрээ очоод. Заа тэгээд нөгөө сургууль соёл хаясан. Хэвлэлийн компанид ажиллаж мөнгө олох хэрэг байгаад байдаг. Сурна гэж бодож байсан мөрөөдөлтэй хүнд тэр бүх мөрөөдөл байхгүй болсон. Үйлдвэрүүд ар араасаа хаалгаа бариад, ажилгүй олон монголчууд нэгнийдээ шаваад л, хайгаад ажил олдохгүй. Тэр эдийн засгийн хямрал бүтэн жил үргэлжлэх ямар хэцүү байсан гээч. Өвөлжин хаваржин ажилгүй явж зунтай залгаад. Зарим монголчууд нь ирсэн онгоцоороо буцаад л. Тийм үе байсан.

Тэгээд ер нь буцах уу яах уу гэж бодлоо. Уул үзээгүй байж хормой шууна, ус үзээгүй байж гутал тайлна гэж ер нь үлдэнээ гээд үлдэж, нөгөө даавууны үйлдвэртээ буцаж очиж ажилласан даа.

-Сүүлийн үед монгол кинонууд өдрийн нэг гарч байна. Гэвч чанарын хувьд шүүмжлүүлдэг. Шүүмжлэхээр мөнгөгүй болохоор бид сайн кино хийж чадахгүй байна, улсаас дэмжихгүй байна гэсэн тайлбар хийдэг. Яг ийм шалтгаантай байдаг юмуу. Заавал улс дэмжихээр, тамтаггүй их мөнгө байхаар сайн кино хийх гээд байдаг юм уу. Та юу гэж боддог вэ?

-Би үүнээс эсрэг саналтай явдаг. Бүх юмыг мөнгө рүү чихээд байж болохгүй л дээ. Толгой л ажиллах ёстой. Сэтгэх, бодоход цаг гаргах хэрэгтэй болов уу. Богинохоон хугацаанд хуй салхи шиг юм хийгээд шиддэг болсонтой санал нийлэмгүй л байдаг.

-Эргээд нэг уран бүтээл хийх бодол бий юу?

-Ер нь кино хийх бодол бий. Гэхдээ цаг нь болоогүй байна. Аяндаа тийм цаг ирэх байх.

“Мандухай сэцэн хатан” киноны Шихэр хатны дүрд тоглосон Монголын Улсын гавьяат жүжигчин Б.Цэрэнпагма агсны хамт

МУГЖ Л.Нямсүрэн, МУГЖ Ж.Сүххуяг нарын хамт

Ц.БАЯРЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Малчны хотонд нялх төлийн дуу цангинах тал нутгийн хавар

Монголын хээр талд нялх төлийн дуу цангинаж байна. Ирж буй цагийн эрхээр хөх уулс цасан хөнжлөө “тайлж”, жалга судаг даган шар ус хоржигнон урсаж, нал шал болох ажээ. Шаргал өвс найгасан хээр талын энгэр дэх адууны захад гүү унагалж, хаваржаандаа буугаад удаагүй хот айлын бууцны хөлд хонь хургалж, ямаа ишиглэх. Эх дэлхийн эргэлтээр урин хавар айлчилж, бүх зүйлс үндсээ түрэн ургах ногоо шиг л шив шинэхнээр төлжин ургаж эхэлсэн цаг. Ийм л хаврын нэгэн өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумыг зорин гарав. Түмэнцогт сумаас чанх урагшаа хөндий талаар давхисаар Д.Амарбаатарын гэрийн гадаа очлоо. Гурван азарга адуугаа гэрийнхээ гадаа хураачихжээ. Том хүү А.Ганзул сунайсан урт уурга барьчихсан адууныхаа цаагуур орон давхиж яваа харагдлаа. Харин Д.Амарбаатар биднийг тосч ирэн мэнд мэдэлцээд гэр рүү нь хамт орцгоов. “Шинийн наймны билэгт сайн өдөр хотоос сурвалжлагч ирлээ. Та нарыг ирэхээс өмнөхөн хэдэн үрээгээ хөнгөлчихөөд сууж байна. Одоо нэг үрээ бариад авчих юм бол адуу хөнгөлөх ажил дуусах гээд байна” гэсээр угтав. Ийнхүү биднийг гэрт мэнд мэдэлцэж байтал “Хазаар хурдан аваад ирээрэй” хэмээн том хүү А.Ганзул нь хашгирах сонсогдлоо. Д.Амарбаатар ч ухасхийн гэрийн баруун хатавчнаас суран хазаар бариад гараад гүйв. Хангал эмнэг бололтой ухаа зээрд үрээг арай гэж оосорлож байна. Ухаа зээрд үрээний чихийг мушгиж байгаад чөдөрлөж, хатуу хийж унагаад хөнгөлөв. Хоёр төмсгийг нь суга татаж гаргаж ирээд “Өднөөс хөнгөн сумнаас хурдан эдгэх болтугай” гэх ажээ. “Хаврын хахир цагаар ийм эрт үрээ хөнгөлдөг нь яаж байгаа юм бэ. Ногоонд цадсан хойно хөнгөлдөг юм биш үү” гэж илүү үглэж яриа өдлөө. Гэрийн эзэд инээд алдаж байснаа “Өдийд үрээ хөнгөлчих юм бол хөнгөн байдаг юм аа. Дулаан орж, ногоо гарчихсан хойно хөнгөлсөн үрээнүүд өтөөд хэцүүддэг. Өдийд бол шарх нь ч хурдан эдгэдэг. Энэ жил хэдэн үрээгээ уях гэж байгаа юм” гэлээ. Зассан үрээнийхээ төмсгийг шарж байх зуур мал төллөлтийн талаар яриа өрнүүлэв. Д.Амарбаатарынх өнөө жил 900 гаруй мал тоолуулсан байна. Үүнээс 500 орчим нь төллөх гэнэ. 300 гаруй бог, 200 орчим бод мал төллөх ажээ. Арав гаруй үнээ тугалсан байв. Харин 200 гаруй ишиг, хурга том болжээ. Малчдын хэлдгээр ёстой л ид “асгаж” байлаа. Саравчны мухрын пүнзэнд ишигнүүдээ оруулжээ. Цаг агаар дулаахан, салхи багатай байгаа болохоор хургаа эхтэй нь хамт хаваржааны баруун хойно бэлчээрт гаргачихсан байлаа. Өнгөрсөн хавар Түмэнцогт сумын нийт газар нутгийн 90 гаруй хувь нь түймэрт өртсөн. Нутгийн айлууд түймэрт малаа алдаж хэцүүдсэн билээ. Тэгвэл түймэр гарсны дараахан хэд хоног усархаг бороо өдөр шөнөгүй орж ногоо суга суга ургасан гэнэ. Бүртийсэн хар тал төд удалгүй ногоорч, хүн малын зоо тэнийжээ. Өнгөрсөн жил Түмэнцогтод өнөтэй өвөл болсон гэнэ. Малчид ч хадландаа намар эрт гарч, өвс сайн бэлдэж авсан байна. Өнгөрсөн өвлийн цас, их хүйтний үеэр айлууд малаа хашаа хорооноосоо гаргалгүй боодолтой өвс тавьж өгсөөр урин цагтай золгожээ. Мал ч тарга тэвээргээ алдалгүй онд орж. Д.Амарбаатарынх гурван мянган боодол өвс намар бэлдчихсэн байна. Одоо мянга гаруй нь үлджээ. Ногоо гартал өдөр бүр малдаа тавьж өгсөн ч хангалттай хүрнэ гэдгийг гэрийн эзэд ярив. Ямар ч цасан шуурга болсон айх аюулгүй гэнэ.

А.Ганзул ишиг, хурганы уут үүрээд хонио хариулахаар явлаа. Гэрийн эзэгтэй Н.Цэцгээ ишгээ голсон хар ямаанд ишгийг нь авахуулахаар боллоо.Малчид мал төллөлтийн үед хэдэн хором ч малаасаа хөндийрч болохгүй. Хамгийн хариуцлагатай цаг үе. Малчид хонин сүргээ бэлчээрт байсан ч салахгүй дагаж, үхэр бэлчээрлэж байгаа газраа байнга харуулдаж, адуугаа өглөө оройд эргэнэ. Шөнө сэрэмжтэй хонож, хотонд хонь хургасах, үхэр гунганах чимээг алдахгүй сонсох ёстой. Гүү унагалах үеэр бүр ч их ажилтай. Үүр цайх болоогүй үнэгэн харанхуйгаар адууныхаа захад очно. Цасан шуургатай үед унагалах гүүний хажууд өнжинө. Ингэж цаг наргүй хөдөлмөрлөж байж бүтэн жил гадаа гандаж хөдөө хөхөрч хэдэн мал хариулж байгаагийн үр шимийг хүртэнэ.

АДУУЧНЫ ГЭРТ ӨРНӨСӨН ЯРИА

Д.Амарбаатар зээрд азаргандаа шинээр гүү тавих ажилтай. Зүүн бүсийн наадамд хэдэн удаа айрагдчихсан хурдан зээрд азарганд нь нутгийнхан гүү тавьж төлийг нь авдаг болжээ. Өнөө жил хүний, өөрийн нийлсэн найман гүүг зээрд азаргандаа хураалгахаар болсон байна. Зээрд азаргыг найман гүүний хамт хашаанд хийж орхив. Эндээс бид хурдан удмын адууны талаар ярилцаж эхлэв. Түмэнцогт сум хурдан адууны өлгий нутаг. Улсын наадамд гурав дараалан түрүүлсэн Улс халзан азарга, Ембүү хээр, Шуурган зээрд гээд л хурдан адууны талаар яриа далгэв. Нялх төлийн дуу хотонд нь цангинаж байгаа Д.Амарбаатар аймгийн алдарт уяач. 2008 онд аймгийн алдарт уяач цол хүртжээ. Түүний аав Доржсүрэнгийнх Сүхбаатар аймгийн Уулбаян сумын алдарт Хүүхэн шүүлэнгийн гэгдэх алдарт хурдан хээр адууны угшилтай юм байна. Харин өөрөө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул аймгийн алдарт уяач “Бураа” Ш.Пүрэвжавын угшлын адуутай гэнэ. Том жижиг 200 гаруй наадамд морь айрагдуулжээ. Сүүлийн жилүүдэд улс, бүсийн наадамд зургаан морь нь айрагдсан байна. Зүүн гурван аймгийнханд “Азарга сайн уядаг Д.Амарбаатар” хэмээн алдаршаад байгаа ажээ. Өвгөн ноёны наадам, “Нүүрэнтэй хурд” “Цэцэн хааны хурд”, Сүхбаатар, Дорнод аймгийн томоохон ойн баяр наадамд гурван цагаан азарга, зээрд, хүрэн азарга нь айрагдаж түрүүлсэн байна. Дандаа унаган адуугаараа уралддаг юм байна. Д.Амарбаатарынд саахалтын залуус ирлээ. Тэдэнтэй сүүлийн жилүүдэд улсын баяр наадам утгаа алдаад байгаа талаар яриа дэлгэв.

Монголын нэр алдартай уяачид, улстөрчид, бизнесмэнүүд нийлээд төрийн наадмын гол шүншиг цог хийморийг унтрааж байгааг тэд шүүмжлэв. Хаанаас нь ч харсан эрлийз адууг цэвэр монгол цустай гэж дайрсаар байгаад уралдуулдаг. Үнэтэй тариа тарьж хурд хүчийг нь нэмсэн эрлийз адуутай, борог өвс, шуудай тэжээлээр бордож, уясан монгол адуугаараа уралддаг. Яах ч арга байхгүй эрлийз адуу түрүүлдэг талаар ярив. Хэдийгээр тэр адуу нь эзэндээ нэр хүнд авчирч байгаа ч монголчууд үндэсний баяр наадмаар монгол адуугаа уралдуулж наадах нь сайхан, монгол наадмын шүншиг оршиж байгаа гэдгийг сум орон нутаг аймгийн уяачид сүүлийн үед ярьдаг болжээ. Мөн морин тойруулгын уралдаан Монголд хийх цаг нь болсон талаар ч ярих. Тэнд нь эрлийз, цэвэр цустай гадны морь уралдвал замбараагүй байдал үгүй болох байх гэж малчид ярьж байна лээ. Түмэнцогт сумаас баруун аймгийнхан хурдан адуу худалдан авах болжээ. Улс халзан, Ембүү хээр, Шуурган зээрд зэрэг олонд нэр алдар нь түгсэн адууны өлгийд дийлдэхгүй хурд бий хэмээн баруун аймгийн бэлэн мөнгөтэй залуус цувардаг болжээ. Наадамд огт уралдаж байгаагүй битүү үрээ угшил сайтай бол таван сая төгрөгт хүрдэг болсон байна. Залуусаас “Та нарыг хурдан адуугаа бусад аймагт зарчихаад өөрсдөө хурдан адуу байхгүй болж байгаа гэж олон хүн ярьж байна лээ” гэж асуутал бүгд инээх аж. Тэгснээ манай зүүн аймгийнхан хэдийгээр адуугаа үнэтэй зардаг ч саваа хэзээ ч зарж байгаагүй ард түмэн. Хурдан адуу гэдэг чинь сайн гүүндээ байдаг юм. Бид тэрийгээ хурдан адууны сав гэж ярьдаг. Сав нь нутагтаа байхад хурдан адуу хэзээ ч тасрахгүй шүү дээ. Бид ямар ч мөнгөтэй хүнд саваа зардаггүй юм” гэж хариулах ажээ.

Бага үдийн алдад А.Ганзул уут дүүрэн ишиг, хургатай ирэв. Хурга, ишгээ саравчинд үлдээгээд эргээд мордон давхив. Бэлчээрт улаан хүрэн үнээ нь тугалчихжээ. Тугал эх хоёрыг орой болохоос өмнө гэрийнхээ гадаа ойртуулахаар явж байгаа нь энэ аж. Д.Амарбаатар сүүлийн хэд хоног адууны захаас холдоогүй гэнэ. Хурдан буян олныг төрүүлсэн хээр гүү нь өнөө маргаашгүй унагалах гэж байгаа юм байна. Хээр гүүгээ унагалахыг нь хүлээж, өглөө үүрээр адуун дээрээ очиж, өдөржин адуун дээрээ өнжих болжээ. “Хааяа битүү хальстай унагалчихдаг юм аа. Яг унагалж байхад нь хажууд нь зогсож байгаад халуун чихийг нь атгаж авахгүй бол болохгүй. Хурдан буян төрөх ёстой “сав” байгаа юм. Эр унага төрөх болов уу гээд л горьдоод байна” гэлээ.

Нар баруун тийш хэвийжээ. Хотны хөлд бор толгойтой зусаг хонь хургалж байх ажээ. Тугалсан үнээнүүд мөөрсөөр айсуй. Хурга, ишгээ эхэд нь хөхүүлэх цаг болсон байв. Хашаанаас хурга, ишиг гаргах мөчид үр төлөө гэсэн ямаа, хонь, майлалдаж, эхийнхээ бүлээн сүүг хөхөх гэж тэмүүлэх нялх хурга, ишигний цолгиун дуу айлын хотонд хаврын найраг болон сонсогдох ажээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Хэтэрхий их ус уудаг хүүхнүүд бие дэх эрдэс бодисоо алдаж байна

Ус уух сайн гэдэг. Өдөрт дор хаяж хоёр литрийг ууж бай хэмээх нь бий. Энэ жишгийг хүүхнүүд голдуу дагаж байгаа байх. Яагаад гэвэл тэд толгойдоо ус их уувал турдаг, үгүйдээ л жин нэмэхгүй гэх ойлголтыг кодолчихсон. Гэтэл учир тоймгүйгээр их ус уух буруу гэнэ. Саяхан нэгэн эмчтэй уулзахад “Хүүхнүүд өдөр шөнөгүй л ус ууна гэх юм. Гэтэл сүүлийн үед залуухан бүсгүйчүүл зүрх өвдөж байна гэж ирдэг болсон. Үзлэг, оношилгооны явцад ус хэтрүүлэн уусаар байгаад бие дэх хамаг эрдсээ хөөгөөд гаргажээ гэдэг нь тодорхой болох юм” хэмээн халаглаж суулаа.

Аливаа зүйл зохих хэмжээнээсээ хэтрэхээр л бурууддаг даа. Түүнтэй адил хэд л бол хэдэн литрээр ус гүзээлээд байвал жин хасах биш харин ч өвчний үүр болж мэдэхээр байна. Тиймээс ус уухдаа учиртай ууж байгаарай. Тухайлбал, өдөрт хоёр литр ус уух гэж байгаа бол 16 цагаас өмнө 70 хувийг нь ууж байгаарай. Үлдсэн хувийг 19 цагаас өмнө уувал зохимжтой гэнэ.

Мөн хаврын тарчиг цагт хүний биеийн дархлаа суларч, амархан ядрах гээд байдаг. Энэ үед аль болох дан ус уухаас зайлсхийгээрэй. Үүний оронд аль нэг төрлийн цай хандалж ууж байвал хэрэгтэй амин дэмүүдээ хөөж гаргаад байхгүй гэнэ шүү.