Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Баабарын “Олон үндэстний гүрэн” нийтлэл “Өдрийн сонин”-д хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Улс орнуудын хоолны соёлыг харуулсан фестивалийг “Өдрийн сонин” онцолж сурвалжилжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг VIII нүүрээс унших боломжтой.
Улс төрийн булангаас Б.Гарамгайбаатарын “Цацраг идэвхт хаягдал импортлохыг хуулиар хориглоно”, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн “Өгөөмөр захын тухай хэн ч, юу ч яриагүй”, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн “АН болон МАН-ыг дамнасан улс төр, бизнесийн томоохон бүлэглэлийн асуудал яригдаж байна” гэх ярилцлагууд болон цаг үеийн мэдээ мэдээллийг уншаарай.
Харин “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабарын “Олон үндэстний гүрэн” нийтлэл хэвлэгдлээ. Та бүхэн нийтлэлийг III нүүрнээс бүрэн эхээр нь тухлан уншаарай.
Баримт үйл явдал нүүрт Иргэний нийгмийн байгууллагууд төрийн ордны гадна жагсаал хийж шар нунтаг бүхий бодис цацсан асуудлыг тусад нь шалгаж байгаа талаарх мэдээлэл болон цаг үеийн мэдээ мэдээлэл VII нүүрт хэвлэгдэв. Мөн Их Британийн нэрт физикч Стивен Хокинг манай дэлхийн ирээдүйн талаар Оросын “ТАСС” агентлагт өгсөн ярилцлагыг уншаарай. Тэрээр “Ойрын 100 жилийн дотор хүн төрөлхтөн Марс дээр амьдардаг болно гэдэгт би эргэлдэггүй” хэмээн ярьжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XII нүүрнээс унших боломжтой.
Хүмүүс, хувь тавилан нүүрнээс “Амьдын хагацал амссан аав, охин хоёрын 15 жилийн дараахь учрал” хэмээх нийтлэл хэвлэгдсэн байна. Үүнд “Монгол туургатны мисс” тэмцээнд оролцсон Халимагийн мисс Сарантуяа Ганбаатаровна Даваасүрэн “Мисс авьяас” үзүүлбэрийн үеэр 15 жил уулзаагүй аавтай уулзсан сэтгэл догдлуулам үйл явдлын тухай бичжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй XXIII нүүрэнд хэвлэгдсэн байна.
Шинжлэх ухаан нүүрт Нобелийн шагналт Амано Хирошигийн Усыг цэвэршүүлэхэд, хөх өнгийн лед гэрлийг ашиглана хэмээн ярьсан сонирхолтой лекц хэвлэгджээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг XXI нүүрнээс уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа

“Рио-2016” олимпийн эрх олгох боксын Ази номхон далайн орнуудын бүсийн тэмцээнд өнөөдөр манай улсын 9 тамирчин хүрэл медалийн төлөө тулалдаж байгаа билээ. Саяхан манай боксчин Д.Отгондалай ялалт байгуулсан юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн 64 кг-д тулалдсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, “Ариг” банкны тамирчин, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг хүрэл медалийн болзол хангалаа. Тэрээр БНАСАУ-ын боксчин Кон Таэ Ритэй медалийн төлөөх тулаанаа хийж 3:0-ээр яллаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөмийн хаягдлын талаарх хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.03.29/ Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв.

Улсын
Их Хурлаас 2009 онд Цөмийн энергийн тухай хууль болон “Монгол Улсын
төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар
баримтлах бодлого”-ыг тус тус баталсан бөгөөд эдгээр хууль, бодлогын
баримт бичигт Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал
болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн
аюулгүй байдлыг хангах, хүн ам, нийгэм, байгаль орчныг ионжуулагч
цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах тухай асуудлыг тусгасан.

Мөн
Монгол Улсын аюулгүй байдлыг хангахад чухал хүчин зүйл болох Монгол
Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь, түүний дотор агаар мандал, газар, ус,
газрын хэвлийг цөмийн зэвсгээс ангид байлгах зорилгоор Улсын Их Хурал
2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийг батлан хэрэгжүүлж
байна.
Түүнчлэн
“Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах
тухай” Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар
тогтоолд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан
түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны
тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980
оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протокол болон Бага
хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох
талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан
байна.
Улсын
Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын 2016 оны 2
дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар дээр дурдсан олон улсын гэрээнд
нэгдэн орох тухай асуудлыг хэлэлцээд холбогдох Байнгын хороотой
зөвшилцөхөөр шийдвэрлэсэн бөгөөд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн
хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, зөвшөөрсний дагуу Засгийн
газар олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах тухай хуулийн
төслүүдийг санаачлан боловсруулж, 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр
Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ.
Цаашид
төрөөс ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор
импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй холбогдсон бусад үйл
ажиллагаа явуулахыг хориглох эрх зүйн орчныг боловсронгүй болгох
шаардлагатай байгаа тул Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт
хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг
боловсруулан танилцуулж байгаагаа Улсын Их Хурлын даргад танилцуулсан
юм.

Хуулийн
төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг
Монгол Улсын хилээр оруулахыг бүрмөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэх
юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулганыг маргааш нээнэ

Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенц болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх товтой байсан ч хойшлогдоод байна.

Монгол Улсад цөмийн хог хаягдал болон түлшийг импортоор оруулж ирж булшлахгүй байхыг заасан зохицуулалт бүхий хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсны дараа буюу маргааш ээлжит бус чуулганыг нээхээр боллоо.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д “Өршөөлийн сар” зарлажээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-уудыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргасан байна. Энэ тухай мэдээллийг Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан мэдээлэл түгээдэг mglradio.com сайтад мэдээлжээ. Өмнөд Солонгост хууль бусаар аж төрж буй иргэд ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн есдүгээр сарын 30-ны өдөр дуусталх есөн сарын хугацаанд тус улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар нэгэн хориг тавихгүй гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Харин ирэх есдүгээр сараас хойш гадаадын иргэдийн бичиг баримтыг эрчимтэй шалгах ба энэ үеэр саатуулагдсан гадаад иргэдийн Өмнөд Солонгос улсад нэвтрэх эрхийг таван жилээр хасч, тухайн хүнийг ажиллуулсан үйлдвэр болон компанид хуулийн дагуу хариуцлага тооцох ажээ.

Өмнөд Солонгос улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо сүүлийн таван жилийн турш өсөн нэмэгдэж, 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 214,000 хүн болсон байна. Тус улсад нийтдээ гадаадын 1,899,000 иргэн амьдарч байна. Энэ талаар бид БНСУ-ын Элчин сайдын яамнаас тодруулан асуухаар холбогдоход “Энэхүү мэдээлэл манай ЭСЯ-ны шийдвэр биш учраас бид дэлгэрүүлэн мэдээлэх боломжгүй” гэсэн хариу өглөө.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.03.29/ өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хууль нь тус
улсын нийгэм, эдийн засаг, төрийн байгууллын тулгуур үндэс, хүний эрх,
эрх чөлөө, төрийн болон орон нутгийн эрх барих байгууллагуудын
тогтолцооны үндсэн эхийг баталгаажуулсан улс төр, эрх зүйн тулгуур
баримт бичиг болохын хувьд урт хугацаанд, тогтвортой үйлчлэх учиртай.
Гэсэн хэдий ч энэхүү үзэл санаа нь улс орны хөгжил, цэцэглэлт, нийгэм,
эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн тушаа болох
учиргүй. Энэ ч үндэслэлээр 1992 онд батлан мөрдөж эхэлсэн Монгол Улсын
Үндсэн хуульд 2000 онд Улсын Их Хурал нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч
энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотой санал, шүүмжлэл, маргаан өнөө хэр
үргэлжилж байгааг хууль санаачлагч танилцууллаа.

Энэ асуудлыг өнөөгийн эрх зүйн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэж, төрийн
эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал болон хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий Засгийн газар хоорондын зүй зохист
хамаарал, эрх мэдэл, чиг үүргийн хуваарилалт, хяналтын тогтолцоог
тодорхой болгож, төрийн үйл ажиллагаа хэвийн, тасралтгүй явагдах
боломжийг бий болгох зорилгоор, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын
Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү хуулийн төслийг
боловсруулсан байна.

Хуулийн төсөл нь
нийт 2 зүйлтэй бөгөөд дагалдан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд
оруулах өөрчлөлтийн төслийг боловсруулжээ. Үүний дүнд төрийн хууль
тогтоох дээд байгууллага болох Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн
хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газрын үйл ажиллагаанд тавих
хяналтын тогтолцоо сайжирч, шинэчлэгдэнэ гэж үзжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ирэх сард ИЗНН эвсэх эсэхээ шийдэх нь

Иргэний Зориг Ногоон Намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралджээ. Зөвлөлийн хуралдаанаар намынхаа Үндэсний Хорооны хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хуралдуулах шийдвэр гаргасан байна.

Үндэсний хорооны хурлаар сонгуульд нэгэн эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, Эх Орон намуудаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргахаар болсон байна. Намуудтай эвсэл байгуулах асуудлаар хэлэлцээр хийх тус намын Ажлын хэсгийг намын дарга Ц.Ганхуяг ахлаж байгаа байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Гурван иргэнийг торгоод суллажээ

Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох асуудлыг өнөөдөр ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан ч хойшлуулсан. Тэгвэл энэ асуудлаар “Эвлэн мандуулах хүч” хөдөлгөөнийхөн Төрийн ордны гадна эсэргүүцлээ илэрхийлж, барилгын шар оохор цацан, лоозон барьж зогссон билээ.

Харин энэ үйл ажиллагаанд оролцсон гурван хүнийг баривчлах шийдвэр гаргаад байсан ч захиргааны арга хэмжээ авч торгоод суллажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн Ц.Буяндүүрэн, “Гамшгийн эсрэг үндэсний төв”-ийн зохицуулагч н.Ганбаатар, сэтгүүлч Ч.Мөнхбаяр нарыг барьсан байжээ.

Categories
мэдээ нийгэм

Он гарсаар долоон хээрийн түймэр гарчээ

Он гарсаар улсын хэмжээнд 2016 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Булган аймаг Бугат сум, Дорнод аймаг Баянтүмэн, Баян-Уул, Матад сум, Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан, Мөнххаан сум, Хэнтий аймгийн Биндэр суманд тус бүр 1 удаа нийт 4 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 1.5 га ой, 15350 га хээр, нийт 15351.5 га талбай түймэрт өртсөн гэсэн дүн мэдээ байна. Мөн ой, хээрийн гал түймэрт 2 гэр, 1 саравч өртөж, 40 толгой мал хорогджээ.

Түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 71 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 61 албан хаагч, 8 автомашин, орон нутгаас 197 иргэн, 24 автомашин тус тус дайчлагдан нийт 329 хүн, 38 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Тиймээс иргэн та түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-аас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах, түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Зэвсэгт этгээд Египетийн онгоцыг барьцаалав

Египетийн Александриа хотоос Каир руу нислэг үйлдэж байсан орон нутгийн зорчигч тээврийн онгоцыг зэвсэгт этгээд барьцаалсан байна. Барьцаалагч онгоцны чиглэлийг өөрчилж Кипр арлын Ларнака нисэх буудалд газардуулжээ.

Энэ хэрэг орон нутгийн цагаар 08.30 цагт гарсан байна. Барьцаалагдсан “EgyptAir” компанийн “Airbus A320” онгоцонд 80 гаруй зорчигч явж байгаа талаар “BBC” агентлаг мэдээлэв. Харин Их Британийн “Skynews” агентлаг онгоцонд 55 зорчигч байсан гэж мэдээлж байна.

Одоогоор Египетийн тал барьцаалагчтай хэлэлцээр хийж байгаа аж.