Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

1.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал /үргэлжилнэ/:

2.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

3.“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ/:

4.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

6.Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

7.Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

8.Ард нийтийн санал асуулгын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.

9.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/:

10.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

11.Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

12.Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

13.Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.УЯНГА танилцуулна.

14.Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн,нэн яаралтай хэлэлцэх дэгээр, анхны хэлэлцүүлэг/:

  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.ЧОЙЖИЛСҮРЭН танилцуулна.

15.“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

16.Органик хүнсний тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

17.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР танилцуулна.

19.Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

20.Хүүхэд хамгааллын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.05.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

21.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.УЛААН танилцуулна.

22.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2016.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна;
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

23.Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудал:

  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

24.Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Барилга, хот байгуулалтын сайд З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

25.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

26.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 4 гишүүн 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

27.Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газрын 2016.01.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

28.“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар нарын 9 гишүүн 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНБААТАР танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ЭНХБОЛД танилцуулна.

29.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.01.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

30.“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

31.“Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газрын 2016.01.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ЦОЛМОН танилцуулна.

32.Тээврийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Зам, тээврийн сайд М.ЗОРИГТ танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.БАТХҮҮ танилцуулна.

33.Монгол Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

34.Эцсийн найруулга сонсох: Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/.

Categories
мэдээ нийгэм

Шинийн 1,2,3-нд цасан шуурга шуурна

Энэ сарын 5-наас 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 6,7-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Гэвч сар шинийн өдрүүдэд цаг агаарын байдал таагүй байх төлөвтэй байна.

Шинийн 1,2,3-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Тодруулбал 4-9-ний өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч 9-нд баруун хэсгээр, 10-нд төв хэсгээр, 11-нд замын ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөөрөг Монголд цөөнгүй бий

Орчин үеийн хөөрөг, үнэт эдлэлийн өнгийг тодорхойлж буй шилдэг дархчууд эртний эдлэл цуглуулагч нартай хамтран жил бүрийн цагаан сарын босгон дээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. “Мичин жилийн гоёл” нэртэй өнөө жилийн үзэсгэлэнд Увс аймгийн харьяат, Монгол Улсын заан Ө.Тулгаагийн эдэлж хэрэглэж байсан манан хөөрөгнөөс эхлээд Монголын сор болсон уран дархчуудын бүтээлийг сонирхож болох ажээ. Туул рестораны хойд талд “Арт хаус” төвийн үзэсгэлэнгийн талбайд гарсан энэхүү худалдаанд хөөрөгнөөс гадна мөнгөн аяга, хэт хутга, эрэгтэй эмэгтэй хүний бүс, гутал, эмээл, шатар, алт мөнгөн аяга, идээний таваг гэхчилэн монголчуудын уламжлалт хэрэглээтэй холбоотой эд зүйлс тавигджээ.

Цагаан сар дөхөөд ирэхээр нийслэлийн хэмжээнд маш олон газар хөөрөг, мөнгөн аяганы үзэсгэлэн худалдаа гардаг. Тэднээс ялгарах онцлог нь өндөр зэрэглэлийн бүтээлүүд. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй байгууллага, цуглуулагч нарт тодорхой хэмжээний шалгуур тавьдаг юм байна. Тиймээс хагас үнэт чулуугаар хийсэн Монголын төдийгүй дэлхийн жишигт нийцэх хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлүүдийг худалдаалж байгаа ажээ. Тус үзэсгэлэнгээс Монголын шилдэг хөөрөгний жагсаалтад багтаж байсан халтар манан, чүнчигноров, гартааман хөөргийг сонирхож болох юм билээ. Мөн зуу, хоёр зуун жилийн өмнө урлаж байсан эртний хөөрөгнүүд ч бий. Зохион байгуулагч нь Говь-Алтай аймгаас ирсэн чүнчигноров хөөргийг өнөө жилийн үзэсгэлэнг чимэх маш сайн хөөрөг хэмээн онцолж байсан. Уг хөөрөг нь улаан, шар, бор гурван өнгийг агуулсан байгалийн тун ховор, нарийн тогтоцтой ажээ. Олон тохиогоод байхгүй уг хөөрөг тус үзэсгэлэн худалдаанд 80 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Мөн дархчууд дунд дээд зэрэглэлийн бүтээл урладгаараа алдартай Одгийвын урласан эрэгтэй, эмэгтэй хүний хос бүс олныг бишрүүлж байв. Үзэсгэлэнг сонирхож яваа олон нийт гайхалтай нарийн хийцийг нь шагшин магтаж байсан бол мэргэжлийн хүмүүс “Орчин үеийн монгол дархны оргилд хүрэх бүтээл” гэж онцолсон. Уг бүсийг хийхдээ алт, мөнгийг маш нарийн утас шиг болгон давтаад гурваас дөрөв давхарлан хээ дүрслэл гаргажээ. Чимэглэлийн нарийн хийц дархан хүний авьяасыг шавхсан бүтээл болсны зэрэгцээ хатгамалтайгаа чулууны өнгийг нарийн хослуулсан байна. Дэлхийд алдартай брэндүүд хүртэл ийм бүтээгдэхүүн гар аргаар үйлдвэрлэсэн түүхгүй гэсэн. Зуун хувь гар аргаар үйлдвэрлэсэн ийм бүсийг зөвхөн Монголоос л харж болохоор ажээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдааны бас нэгэн онцлог нь идээний таваг. Өмнөх жилүүдэд идээний таваг тийм ч сонголттой байгаагүй бол энэ жилээс хөөмлийн, цутгуурын, утсан сүлжмэлийн аргаар олон төрлийн сонголттойгоор урласан байна. Мөн монгол ахуй амьдралыг харуулсан шатар үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүн бүрийн анхаарлын төвд орж байлаа. Уг шатрыг монгол зургаар урласан бөгөөд сүйх тэрэгтэй, эмээл хазаар бүхий морьтой, жинд яваа тэмээтэйгээр шатрын хөлгийг бүтээжээ. Сүүлийн үед үзэсгэлэн худалдааны хамгийн борлуулалт сайтай бүтээгдэхүүн алт, мөнгөн аяганууд болсон гэнэ. 33 см-ийн диаметртэй, үндсэн тагштай, сэврээ хийцтэй, бичин жилийн дүрслэлтэй 80 лангийн мөнгөн аяга 18 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна. Харин есөн эрдэнийн чулуутай, арван хоёр жилтэй, есөн эрдэнийн чулуун шигтгээтэй, 80 лангийн мөнгөөр хийсэн алтан шармал аягыг хосоор нь 100 сая төгрөгөөр худалдаж байв. Хөөрөгний тухайд халтар манан, хаш, чүнчигноров, шүрэн, пийсүү, гартааман зэрэг уламжлалт чулуугаар хийжээ. Хөөрөг гэдэг бол хэдэн үе дамжин хэрэглэх үнэт эдлэл. Үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх уламжлалт хэрэглээ учраас чанартай байхыг чухалчилдаг юм байна. Мөн он жил улирах тусам үнэ нь тогтмол өсөж байхыг анхаарах ёстой гэнэ. “Мичин жилийн гоёл” үзэсгэлэнгээс хөөрөг тэргүүтэй үнэт эдлэл худалдаж авахаар зорьж ирсэн хүмүүст олон жилийн туршлагатай цуглуулагч нар зөвлөгөө өгч байлаа.

Увс аймгийн харьяат Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж явсан манан хөөрөг

Орчин үед хөөрөг худалдан авч буй хүмүүс үүх түүхээс илүүтэй нарийн хийц, чулууны тогтцыг чухалчлах болжээ. Монголын түүхэн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан хөөрөгний тухай түүх, сударт бичигдэж үлдсэн нь тун ховор. Аман яриа маягаар яригдаж байсан болохоор өнөөдөр тэр хааны эдэлж байсан хөөрөг гэдгийг нотлох боломж бага. Нэгэнт л хөөргөө барьж байгаад зургаа авахуулан хойч үедээ үлдээгээгүй бол нотлоход тун хэцүү гэсэн. Тиймээс зах зээл дээр өнөөдөр хийсэн хөөргөө маргааш нь энэ ноёны, тэр хатны хөөрөг гээд явж байх тохиолдол гарч байсан. Тиймээс хөөрөг худалдан авч байгаа хүмүүс нэн түрүүнд чулууны материалаа харна. Дээрээс нь чулууны өнгийг чухалчилдаг. Хаш бол цав цагаан, мана олон өнгө орсон тод өнгөтэй байх хэрэгтэй. Үүн дээр хийц нэмэгдэнэ. Монголд дээд зэргийн хашаар хийсэн хөөрөг маш цөөхөн байдаг гэсэн. Харин дээд зэргийн шүрээр хийсэн хөөрөг томоохон цуглуулагч нарт бий. Дээд зэргийн шүр нэг грамм нь мянган ам.доллараар үнэлэгддэг болохоор бусад хөөрөгтэй харьцуулахад цөөн хувиар үйлдвэрлэдэг гэнэ. Ер нь шүрэн хөөрөгний тухайд үнэ цэн нь он цагаар хэмжигддэг ажээ. Дундаж шүрээр хийсэн мөртлөө 200-300 жилийн өмнө гоё загвартай хийсэн бол өндөр үнэ хүрэх боломжтой. Хуучны хөөрөг үнэтэй байдгийн гол учир нь насжилттай холбоотой. Ямар ч уран дархан дээхнэ үеийн хөөрөгтэй ижил хийцтэйг бүтээж чадах ч он удаан жилийн насжилтыг шингээж чадахгүй учраас үнэ цэн нь улам өсөж байдаг гэсэн.

Ерөнхийдөө өнөөгийн хөөрөгний зах зээлд үүх түүхтэй гэгддэг хөөрөгнүүдийн ихэнх нь эзнээ олсон гэнэ. Зах зээл дээр сайн хөөрөг гарч ирэх нь маш ховор болсон бөгөөд хамгийн сүүлд Ө.Тулгаа зааны эдэлж хэрэглэж байсан манан хөөрөг олны сонирхлыг татах болжээ. Уг хөөрөг зураг дүрслэл, чулууны өнгө тун сайн бөгөөд 80 сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа юм байна. Сонирхуулахад манан хөөрөгнөөс хамгийн сайн нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүд байдаг гэнэ. Найман морины сийлбэртэй уг манан хөөрөг 1970-аад оны үед Монголоос Бээжин рүү зарагдаж байжээ. Үнэхээр уран гоё хийцтэй энэхүү хөөрөг Хятадын үнэт эдлэл цуглуулагчид байсныг 2000 оны үед эх нутагтаа буцаан авчрахад Б.Наранхүү 400 гаруй мянган ам.доллараар худалдан авч байсан гэнэ. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцанд халтар манан хөөрөг байдаг. Тэр хөөрөгний чулууны бүтэц тун ховорт тооцогддог гэнэ. Мөн н.Батзориг гэж залууд байдаг халтар манан хөөрөг Монголд байгаа манан хөөргүүд дунд дээгүүрт бичигддэг гэсэн.

ГовьАлтай аймгаас ирсэн байгалийн ховор тогтоцтой чүнчигноров хөөрөг

Шүрэн хөөрөгний тухайд УИХ-ын гишүүн Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөг толгой цохино. Бээжингийн Энх-Амгалан хааны хөөрөгний үйлдвэрт үйлдвэрлэж XVII зууны үед Монголд орж ирсэн энэхүү хөөрөг маш гайхамшигтай сийлбэртэй. Хөөрөгний сийлбэр мош олон зүйлийн илэрхийлэл болдог ажээ. Шүлэг, яруу найраг, хэн нэгэнд зориулсан сэтгэлийн илэрхийлэл тэргүүтэй маш олон утгыг өөртөө шингээсэн байдаг гэнэ. Д.Бат-Эрдэнийн улаан шүрэн хөөрөгний тухайд нэг талдаа морины сийлбэртэй ажээ. Мөн “Макс”-ын Д.Ганбаатарт нэг сайн шүрэн хөөрөг байдаг гэсэн. Төв аймгийн харьяат Хөдөлмөрийн баатар Зэвэг гэж хүний эдэлж явсан уг хөөргийг хэрэв дэлхийн зах зээлд гарган үнэ хаялцуулбал хэдэн тэрбум төгрөг хүрнэ гэсэн. Түүний ах Д.Цэрэнжигмэдийн улаан шүрэн хөөрөг ч бас сайн чулуутай, сайхан хийцтэй. Түүнчлэн Завхан аймгийн Нөмрөг суманд тун сайн шүрэн хөөрөг байдаг. Дээхнэ үеийн хошуу ноёны эдэлж хэрэглэж байсан хөөрөг олон жил үе дамжин хадгалагдаж явсаар өдгөө үр хүүхдэд нь байдаг ажээ.

80 лан мөнгө орсон алтан шармал хос аяга 100 сая төгрөгийн үнэтэй

Хаш хөөрөг Монголд хамгийн элбэг байдаг. ММСУХ-г үүсгэн байгуулсан Г.Пунцагбалжир агсны хаш хөөргийг онцлох ёстой. Уг хөөрөг өдгөө Г.Пунцагбалжир агсны хүү П.Энхмөнхөд өвлөгдөн очжээ. Мөн Өвөрхангай аймгийн харьяат н.Тогообанди гэж дөч орчим жил эртний эдлэл цуглуулж буй хүнд нэгэн хаш хөөрөг байдаг. Уг хөөрөг хаш хөөрөгний жагсаалтад дээгүүрт бичигддэг юм байна. Мөн “Цайрт минерал” ХХК-ийн захиралд нэг сайхан хаш хөөрөг байдаг гэнэ. Цаг хугацааны хувьд залууд тооцогдох буюу 1990-ээд оны үед хийгдсэн тус хөөрөг дээрээ есөн луутай. Тухайн үед долоо, найман ширхгийг хийж байсан ч дэлхийн зах зээлд гарч зарагдаад дууссан. Тэдгээрээс хамгийн сайн хийцтэй ганцхан нь Монголд үлджээ. Гартаамнаас хамгийн сайн хөөрөг нь Төмөр замд ажилладаг н.Ганбат гэх залууд бий. Энэ залуу олон жил хөөрөг цуглуулж байгаа бөгөөд дээд зэрэглэлийн хоёр, гурван гартааман хөөрөгтэй ажээ. Мөн түүнд нэгэн манан хөөрөг байдаг юм байна. Луун сийлбэртэй, сийлбэр дээрх луу нь хүний гарын хөдөлгөөний аясаар нүдээ аньж, нээдэг ажээ. Лууны нүдийг байгалийн чулууны дахин давтагдашгүй тогтоцоор тааруулан хийхийн зэрэгцээ лууны савраас улаан цус асгарч байгаа дүрслэлтэй юм байна. Энэхүү хөөрөг Монголын гэлтгүй дэлхийн хэмжээнд яригдахаар төгс бүтээл гэж мэргэжлийнхэн дүгнэдэг. Утга бэлгэдэл, зураг дүрслэл тун гайхалтай бөгөөд Монголын үе, үеийн түүхэнд байсан хөөрөгнөөс хамгийн гоё нь гэж хэлж болох ажээ. Хэрэв дэлхийн зах зээл дээр Монголын хамгийн сайхан гурван хөөргийг авч оч гэвэл түүний энэхүү манан хөөргийг хамгийн түрүүнд авч явна гэж “Мичин жилийн гоёл” үзэсгэлэн худалдааны ерөнхий зохион байгуулагч А.Алтангэрэл бахархан танилцуулсан юм. Хэдий хоёр хурууны өргөнтэй жижиг гарын хөөрөг ч дэлхийн тавцанд гаргавал гарцаагүй шуугиан тарьж, олон улсын хөөрөг сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татах юм байна. Монголын уран дархчуудын үеийн үед урлаж ирсэн ховор нандин хийц бүхий хөөрөгнүүд дэлхийн зах зээлд гарч буй тухайд А.Алтангэрэл “Ер нь дэлхийн зах зээлд танигдсан Монголын бүтээлийг хараад харамсдаггүй. Бид юуг ч алдаагүй. Дэлхийн зах зээлд Монголын бүтээл зарагдаж байна гэдэг бол маш сайн. Бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр зарж байж л өөрсдийгөө үнэлүүлдэг болно. Өнөөдөр Монголын үнэт зүйлсийг гадагш гаргахгүй гээд харамлаад суугаад байвал өөрсдийгөө үнэгүйдүүлнэ гэсэн үг. Тэртэй тэргүй дэлхий нэг болчихсон. Хүн төрөлхтний оюуны баялаг гэж ярина уу гэхээс Монголынх гэж тусгаарлаад байх хэрэггүй болсон. Бидэнд мөнгө нь байвал дэлхий дээрх хамгийн гоё хөөргийг худалдаж аваад эх орондоо авчирч болно. Тэр бүхэн нээлттэй болчихсон. Монголоос гарсан үнэт бүтээлийг эргүүлээд худалдаж авах нээлттэй. Бидний бүтээл гадаадад байна гэдэг маань эх орноо л сурталчилж буй хэрэг. Худалдаж авсан хүн нь бүтээлийнхээ үүх түүхийг маш нарийн бичээд хадгалж байдаг. 1990-ээд оны үед Монголын маш сайхан хөөрөгнүүд гадны зах зээл рүү гарсан. Лувсандашийн хар гэж хоёр сайхан хаш хөөрөг байсан. Гайхалтай тэр бүтээл тухайн үед дэлхийн зах зээлд гараад явчихсан. 1990 оны үед бид юун хөөрөг худалдаж авахтай байлаа шүү дээ. Өөрсдийнхөө уламжлалт хэрэглээг хэрэглэх бүү хэл харж чаддаггүй нийгэмд амьдарч байсан. Ардчиллын буянаар өөрсдийнхөө уламжлалт бүтээлийг хэрэглээд, зараад, дэлхийн зах зээлд таниулаад явж байна” гэж байлаа. Мөн тэрээр “Аль болох олон хүн манай үзэсгэлэнг сонирхоосой. Заавал худалдаж авах нь чухал биш. Монголын сор болсон уран дархчуудын урласан хөөрөг, үнэт эдлэлтэй танилцаад гарах нь л чухал. Үзэсгэлэнд борлуулж байгаа бүтээлээс гадна үзмэр маягаар тавьсан эртний эдлэлүүд байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэрийн ухаалаг автоматжуулалтын систем бүтээсэн монгол залуус Лас вегаст CES 2016-д оролцлоо

Анх утасгүй цэнэглэгч бүтээж эхэлж байсан Amet­ros Solutions компанийн залуус өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системээрээ дэлхийн хамгийн том хэрэглээний технологийн үзэсгэлэнд оролцож байна.

Өнгөрсөн 2015 онд Монголын Мэдээллийн технологийн үзэсгэлэнд оролцсон компаниуд дундаас бүтээгдэхүүнээрээ онцгойрсон компани яах аргагүй Amet­ros Solutions байсан юм. Нэгдүгээрт, тэдний хийсэн бүтээгдэхүүнүүд нь өвөрмөц, шинэлэг, хоёрдугаарт, тэд хэн бүхний хийгээд байдаг зүйлийг биш оюун ухаан шаардсан өрсөлдөөн ихтэй талбарт хүч сорин ажиллаж байна.

Ametros буюу грекээр хязгааргүй гэсэн утгатай үгээр тэд компаниа нэрлэжээ. Монголчилбол компанийн нэрийг “Хязгааргүй шийдэл” гэж орчуулж болох юм.

Гэрийн автоматжуулалтын систем гэдгийг энгийнээр тайлбарлах юм бол чийдэн, хөшиг, амьсгалж байгаа агаарын чанарын мэдрэгч, гэнэтийн аюулын мэдрэгчүүд зэрэг зүйлсийг сүлжээнд холбож, хэрэглэгчийн тав тухтай амьдралыг тал бүрээр хангах гэж ойлгож болно. Үүнийг өнөө цагт IoT буюу интернетэд холбогдсон юмс гэж ерөнхийд нь нэрлэх бөгөөд хөргөгч, зурагт хүртэл багтах болжээ.

Тэгэхээр үндсэн ажиллах зарчим нь өнөөдөр хүн бүрийн халаасанд байгаа ухаалаг утсаар дамжуулан та интернэттэй л бол гэрийнхээ ихэнх зүйлсийг удирдах боломжтой гэсэн үг юм. Магадгүй та гэрлээ унтраахаа мартаад гарсан байж болно, магадгүй та хөшгөө нээхээс залхуурч ч болох шүү дээ.

Энэ тохиолдолд ердөө л гар утас, таблетаа гаргаж ирээд гэрлээ унтрааж, хөшгөө нээж болно. Ametros Solutions компанийн хувьд өнөөдөр “DOBU” гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг танилцуулж байгаа юм. Энэ систем нь ДОБУ удирдлагын панель, гэмт халдлага, галын аюул болон агаарын чанарын гэх үндсэн гурван мэдрэгч, автомат хөшиг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур зэргээс бүрдэнэ.

ДОБУ удирдлагын панель нь галын аюул, гэмт халдлага, агаарын чанарын үзүүлэлтүүдийг мэдрэх мэдрэгчүүдээс ирэх мэдээлэлд боловсруулалт хийж, хэрэглэгчид цаг тухайд нь мэдэгдсэнээр хэрэглэгчийн амар амгалан байдлыг хангадаг байна. Түүнчлэн ДОБУ систем нь таны өмнөөс гэрлүүдийг тань унтрааж, ханын залгууруудыг тань салгаж, цахилгаан хэрэглээг боломжит нөхцөлөөр нь хэмнэхээс гадна сар тутмын хэрэглээг хэрхэн хэмнэж болох талаар хэрэглэгчид санал тавьдаг гэнэ. Магадгүй та энэ бүхнийг яаж хийдэг талаар гайхаж байгаа бол ДОБУ систем нь таныг аль өрөөнийхөө цахилгаан хэрэгслүүдийг хэдийд асааж унтрааж, хэдийд асаалттай мартаж орхидог тухай мэдээллүүдийг нарийвчлан судалж, хамгийн оновчтой шийдлийг санал болгодог юм байна. Өөрөөр хэлбэл ДОБУ систем нь байнга суралцаж, өдөр бүр хэмнэж, цаг үргэлж аюул ослоос сэргийлж, минут тутамд тав тухыг мэдрүүлж байх нь.

Ametros Solutions компанийнхан гэхээс илүү Монгол залуучууд өөрсдөө загварыг нь гаргаж, өөрсдөө угсарч, өөрсдөө электроник шийдлийг нь боловсруулж, андроидод суурилсан үйлдлийн системийг нь хүртэл өөрсдөө хөгжүүлж байгааг сэтгүүлч миний бие өөрийн нүдээр үзэж сонирхож байхад үнэхээр бахархмаар байлаа. Гадны брэнд бүтээгдэхүүнүүдээс хэлбэр хийц, өнгө аяс, ажиллагаагаар ер дутах юмгүй бүр зарим нэг талаар илүү санагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Өнөөдөр гэрийн ухаалаг автоматжуулалтын системийг бүтээхээр ажиллаж байгаа том, жижиг олон компани бий. Тэдний дунд Google, Philips, Amazon зэрэг томчууд байдаг. Гэхдээ эдгээр компаниудын ихэнх нь гэрийн автоматжуулалтын системийг цогц хэлбэрээр нь бус хэсэгчлэн хөгжүүлсэн байна.

Жишээ нь Google компани 2013 онд Nest ухаалаг термостат үйлдвэрлэгчийг худалдан авсан бол Philips компани Hue чийдэн, Amazon компани Echo яриа таньдаг чанга яригчийг бүтээсэн байна.

Харин Ametros Solu­tions компани яагаад нэгэн зэрэг ийм олон зүйлс бүтээж байгаа талаар тодруулахад компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар “Шанаганыхаа хэмжээгээр хутгана гэж ярьдаг даа. Ажиллах хүрээ маань өргөн байх тусам төдий чинээ боломж бололцоо бидэнд гарах юм. Нөгөөтэйгүүр гэрийн ухаалаг автоматжуулалтын систем гэдгийг бүхэлд нь буюу цогцоор шийдэх нь амжилт, гарц гэж бид харж байгаа” гэж хариулсан юм.

Компанийн бүтээгдэхүүний хамгийн энгийн багц буюу “Dobu Essentials” нь ойролцоогоор 2,9 сая төгрөг аж. Үүнд мэдрэгч тус бүр хоёр ширхэг, ухаалаг унтраалга, ухаалаг залгуур болон ДОБУ удирдлагын панель багтах юм байна.

Ametros Solutions компани бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 30 гаруй хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчдийн дунд Монгол дахь Burger King-ийн салбар ресторанууд, хувийн компани болон төрийн байгууллагууд хүртэл багтаж байгаа юм байна.

Ер нь бол компани тун амжилттай явна. Бүтээгдэхүүнээ аль хэдийнэ зах зээлд нийлүүлж эхэлсэн, үйлдвэрлэл амжилттай яваа, захиалагчид сэтгэл ханамж өндөр, хамгийн том технологийн үзэсгэлэнд оролцож байгаа гээд Ametros Solutions сонин хачин ихтэй, эрч хүчээр дүүрэн гялалзаж байгаа юм байна.

Одоогийн байдлаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүн хөгжүүлэх, маркетингийн үйл ажиллагааг далайцтай болгох тал дээр Америкийн болон дотоодын хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээр хийж, томхон хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа гэнэ. Монголчууд бид бие биенээ дэмжих цаг хэдийнэ болсон. Уншигч авгай та бидний зүгээс эдгээр шижигнэсэн залууст том тус бас ч үгүй хөрөнгө оруулалт хийх алхам нь хамгийн энгийн арга буюу бидний хэдийнээс мэдэх үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ажиллах явдал юм.

Бидний сайн мэдэх Апел, Самсунг, Хюндай, Сони гэх мэт дэлхийн компаниуд бас л хаа нэгтэйгээс хэн ч мэдэхгүйгээс эдгээр залуус шиг эхэлсэн гэдгийг та бид санаж баймаар. Солонгосчууд гэхэд улсын бодлогоор Самсунгийг, Хюндайг олон улсын зах зээлд гаргаж ирсэн бөгөөд дотоодын хэрэгцээнд хэрэгжүүлээд гадны зах зээлд тэргүүн туршлага байдлаар нэвтрүүлсэн жишээтэй. Ийм олон улсын туршлага байдаг талаар компанийн гүйцэтгэх захирал Д.Тулгабаатар мөн дурдаж байсан юм.

Ойрын жишээ гэвэл Samsung компани өөрсдийн бүтээсэн гэр ахуйн ухаалаг бүтээгдэхүүнүүдээ эхний ээлжинд зөвхөн Солонгосын зах зээлд гаргасан бөгөөд одоо гадны зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.

Гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн хөгжил өнөөдөр дэлхий даяар нэгэн ижил түвшинд явна. Гэтэл гар утас, телевизор, машин гэх мэт тогтчихсон зах зээлд шинээр өрсөлдөгч гарч ирнэ гэдэг хүнд. Нэг бол асар их мөнгө оруулж байж эс бөгөөс технологийн хувьсгал гаргаж байж амжилтанд хүрдэг. Тийм ч учраас Ametros Solutions ижил гарааны нөхцөлтэй өсөлтийн нөөц бололцоо асар ихтэй гэрийн автоматжуулалтын зах зээлийг сонгосон талаар компанийн залуучууд тайлбарлаж байлаа.

Компанийн албан байр, үйлдвэр нийлсэн байранд очих үед ШУТИС-ийн оюутнуудыг өөрсдийн зайг шахан байж дадлага хийлгэж олон зүйлийг зааж сургаж байгаа нь надад маш их таалагдсан юм. Шинэхэн гэж гололгүйгээр, чадахгүй гэж төвөгшөөлгүйгээр оюутнуудыг сургаад, өөрсдийн хийж байгаа зүйлсээ заагаад явж байгаа нь тэдгээр залууст шинэ зорилго, хүсэл эрмэлзлийг нээж байх шиг санагдсанаа нуух юун.

Categories
мэдээ цаг-үе

​Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хүн амиа хорлох үйлдэл хийснийг нууцалсан байжээ

“КейЭйчЭнАр” ХХК-ийн захирал З.Баасандоржийн Х.Баттулга, А.Гансүх нарт хаягласан гэрээслэлээс…

2013 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр Чулуун Овоо, Амгалан хоёрын хооронд иргэн З.Баасандорж нь Х.Баттулга, А.Гансүх нарт хаягласан гэрээслэл үлдээн хэвлийн тус газраа өөрийгөө хутгалсан хэрэг гарч байжээ. Тухайн үед энэ хэргийг хууль хүчний байгууллагынхан нуун дарагдуулсан байсан байна. Үүнийг сэргээн шалгаж Б.Батзаяа нарын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд оролцохоор их хэмжээний зээл авч ул шорооны ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх иргэн З.Баасандорж нь “Шинэ халхын төмөр зам” ХХК буюу “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж.

Тэрбээр “Монголын төмөр зам” төрийн өмчит компанитай гэрээ байгуулан, гэрээний дагуу Даланзадгад-Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 50 км туршилтын хөрс хуулалтын ажлыг өөрсдийн хөрөнгөөр жилийн хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн байна. УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа жил нь Даланзадгад-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр зам тавих ажил эхэлсэн байдаг. Энэ замын суурь судалгаа, геологи, геодези, байгаль орчны үнэлгээ, хөрс хуулалт, хуулийн зөвлөгөө зэрэгт нийтдээ 55 сая ам.доллар шаардагдах төсвийг холбогдох албаныхан гаргаж, тэрийг нь Засгийн газар 2011 оны 266 дугаар тогтоолоор шийдвэрлэх үүргийг Хөгжлийн банкинд даалгасан байв. Харамсалтай нь “Шинэ төмөр зам төсөл”-ийн энэхүү санхүүжилт тэр үедээ З.Баасандоржид олдоогүй аж. Түүний амиа хорлохыг завдсан хэргийг бичихээсээ өмнө зарим нэг баримт болон тухайн үеийн үйл явдлыг сөхье.

ЭХЛЭХ БА ШАЛТГААН

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяа ямар ч санхүүжилт шийдэгдээгүй байхад төмөр замын ажлыг яаран эхлүүлсэн байдаг. Гэвч хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх шийдвэрийг хувийн хэвшлийнхэнд Б.Батзаяа тухайн үедээ өгч байжээ. Тэрхүү ажлыг эхлүүлэх үүргийг Х.Баттулга сайд өгсөн тухай ЗТБХБ-ын дэд сайдын өрөөнд хуралдсан хуралдаанд Б.Батзаяа мэдүүлсэн байдаг бөгөөд энэ тухайгаа ч мэдүүлэг өгөхдөө хуулийнханд хэлжээ. 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Сайншандын ойролцоо “Шинэ төмөр зам”-ын нээлтийн үйл ажиллагаа болж ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга хоёр жилийн хугацаанд төмөр замыг барьж ашиглалтад оруулна хэмээн хэлж байсан байдаг. Шинэ төмөр замын газар шорооны ажлыг эхлүүлсэн энэ үйлдэл ном дүрмийн дагуу бол эхлэх эрхгүй байсан аж. Учир нь дэлхийн бүх улсад төмөр замын бүтээн байгуулалтын ихэнх зохицуулалт нь барилгын хуулиар явдаг байна. Тухайлбал, инженерийн байгууламжийн хувьд Монгол Улсын Барилгын тухай хуулийн 13.5-д зааснаар бол магадлал хийлгээгүй зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлж болохгүй гэсэн заалт бий. Асуудал нь зураг төсөл боловсруулахдаа биш, тэр зураг төслийг хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, зөвшөөрсний дараа барилгын үйл ажиллагаа буюу төмөр зам барих ажлыг эхлүүлж болно гэсэн үг. Харин “McKinsey & Co”-гоор ахлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 2011 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ТЭЗҮ хийх ажилдаа ороод 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр Засгийн газарт танилцуулсан байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл 2011 оны наймдугаар сарын 18-ны өдөр хүртэл энэ төмөр зам ашигтай байх эсэхийг хэн ч мэдэхгүй байсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Гэтэл газар шорооныхоо ажлыг аль эрт буюу 2011 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хийчихсэн байдаг. Гэхдээ энэ ТЭЗҮ-д бас л мөн адил магадлал хийлгэх ёстой байв. Харамсалтай нь ТЭЗҮ-д өнөөдрийг хүртэл магадлал огт хийлгээгүй байгаа юм. ТЭЗҮ гэдэг ажлын зураг биш. ТЭЗҮ гэдэг нь ямар нэгэн төсөл ашигтай байх уу, үгүй юу гэдгийг харуулсан судалгаа. ТЭЗҮ-д үндэслэж төмөр зам барина гэж байхгүй хэмээдэг. ТЭЗҮ-г харгалзаж төмөр зам барих ажлын зураг, бусад тооцоог хийлгэж болно. Хөрс хуулалт бол төмөр замын бүтээн байгуулалтын ажлын дарааллаар бол 33 дахь ажил байв. “Кей Эйч Эн Ар” ХХК 2011 оны арваннэгдүгээр сар гэхэд 50 км хөрс хуулалтын ажлаа 100 хувь дуусгажээ.

АЖЛАА ХИЙЖ ДУУССАН Ч ӨРӨӨНД ОРЖ ЭХЭЛЖЭЭ

Гэрээнд заасны дагуу хүлээн авах болоход “Монголын төмөр зам” ТӨХК ажлын хэсэг байгуулалгүй өдөр хоног аргацаах болсон гэнэ. Ул шорооны ажлыг хүлээн авбал далангийн ажил эхлэх ёстой байдаг. Гэтэл ТЭЗҮ, мөнгө, маршрут тодорхой бус байсан тул сайд асан болон захирлууд олдохоо больсон байна. “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж Сүхбаатар аймаг руу 20-иод тоног төхөөрөмж нүүлгэн аваачиж хүнд даацын машин механизмаа Вагнер Ази ХХК-иас итгэлцлийн хүрээнд зээлсэн байжээ. Зөвхөн HO­BO-гийн түрээсийн төлбөрт сар бүр 100-110 сая төгрөг төлж байсан гэхээр түүнд гэрээний дагуу мөнгөө авах нь туйлын чухал байсан аж.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Х.Баттулга Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, А.Гансүх Зам тээврийн сайд, “МТЗ” ТӨХК-ийн захирал Б.Батзаяа ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ. Ажлыг анх эхлүүлсэн хүмүүс албан тушаалд хүрсэн тул одоо л санхүүжилтээ авах боломж нээгдэх нь гэсэн итгэл төрсөн ч хэн ч түүнийг тоогоогүй байна. Энэ тухайгаа З.Баасандорж хуулийнханд ярьсан байдаг. Хоёр жил санхүүжилтээ авч чадаагүй З.Баасандорж өр, зээлийн төлбөрт унан, бусдын дарамтад орж эхэлсэн тул эцсийн арга болох гэрээслэл бичин амиа хорлохоор оролджээ.

АРГАА БАРСАН ТЭРБЭЭР ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ АМИА ХОРЛОХЫГ ЗАВДАВ

Тэрбээр гэрээслэл бичихдээ “Энэ хоёр жил гарангийн хугацаанд жижиг хэмжээтэй ажлууд хийсэн ч дараа бололцоо гараагүй. Хийсэн ажил нь тодорхой, санхүүжилтийг нь олго гээд байхад өөрсдийн хар толгойгоо бодож бидний ажил хийсэн гүйцэтгэлийг олгоогүй ХХААЯ-ны сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нар миний ар гэр, үр хүүхдүүд, надад мөнгөө зээлүүлж хохирсон ах дүү нар, найз нөхдийн өмнө хариуцлага хүлээж эдгээр олон хүмүүсийг хохиролгүй болгож өгөх ёстой. Цаашид би өчнөөн ажил хийх санал байсан ч олон хүнд өглөгтэй учраас ажил явуулах боломжгүй, нэр хүнд унасан тул цаашид өөрийнхөөрөө шийдлээ.” гэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 95 дугаар зүйлд бусдыг амиа хорлоход хүргэх гэсэн зүйл заалт бий.

Сануулахад “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ҮЭХ-ны дарга С.Эрдэнэ хөдөлмөрийн хуулийн дагуу сул зогсолтын цалингийн 60 хувийг авах, ажлаас халагдахгүй байхын төлөө өөрийгөө шатаахад захирал Б.Батбилэгт эрүүгийн хэрэг үүсч байсан нь үүний нэг жишээ юм. Харин иргэн З.Баасандоржийн төрийн нэрийн өмнөөс “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгэн, төлбөрөө авч чадахгүйн улмаас амиа хорлох үйлдэл гаргасны төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй байна.

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА АСАН Б.БАТЗАЯАГИЙН АЛБАН ӨРӨӨНД ДАХИН АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ

Иргэн З.Баасандорж амиа хорлох үйлдэл хийснээсээ арав хоногийн дараа мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн албан өрөөнд амиа хорлохыг оролдсон байна. Харин тухайн үед цагдаагийн байгууллагад энэ тухай ар гэрийнхэн нь хандсан ч энэ хэрэг мөн л дарагдаж өнгөрсөн байна. “Кей Эйч Эн Ар” ХХК-ийн захирал З.Баасандорж ийнхүү хүнд байдалтай байсны дараа түүний хуулийн багийнхан шүүхэд хандаж эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард энэ асуудлыг нь шүүх хэлэлцээд “Монголын төмөр зам” ТӨХК-ийг “Кей Эйч Эн Ар” ХХК-д учруулсан хохирлоо төлөх ёстой гэж үзжээ. Тус компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гэрээний дагуу төлбөрөө алдангийн хамт нэхэмжилж 4.8 тэрбум төгрөгийг 7.2 тэрбум төгрөг болгон шийдвэрлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарын буруутай үйл ажиллагааны улмаас улсын төсөв 4.8 тэрбум төгрөгөөс гадна нэмж 3.4 тэрбум төгрөгөөр хохирсныг шүүх нотолжээ. 7.2 тэрбум төгрөг гэдэг хэдий хэмжээний тоо вэ. 2015 оны эцэст Засгийн газар төсөв хэмнэх зорилгоор дэд сайдыг цомхотгон, агентлагуудыг нэгтгэснээр 1.8 тэрбум төгрөг хэмнэж чадсан байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчдийн зээлийн хүүг бууруулъя

Малчдын авдаг зээлийн хүүг бууруулах талаар яриад эхэллээ. Жилийн
гучин хувийн хүү төлдөг байсан нь арван хувь болтлоо буух юм байна. Энэ талаар нэлээд
олон жил ярьж байсан. Харин өнгөрсөн лхагва гаригт Эдийн засгийн байнгын хорооны
хурлаар Ерөнхий сайд цагаан сараас өмнө шийдчих юм мэдэгдлээ. Малчдын авдаг зээлийн
хүүг улс төрийнхөн яриад л шийдчихэж болж байна. Монголын малчид баян айлын эрх
хүүхэд шиг л бусдаасаа давуу эрх эдэлсээр ирсэн. Чухам яагаад малчид ингэж илүү
хангамж эдлээд байдаг юм, хэн мэдлээ. Он удаан жил үргэлжилсэн энэ байдал огт өөрчлөгдсөнгүй.
Төр засаг харж үзэх тусам улам л зовлон тоочиж, уруул цорвойн, алга дэлгэж нэхсээр
л ирлээ. Малчдын зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудын зээлийн системд
өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал. Өнгөрсөн оны байдлаар 73 мянга есөн зуун малчин
53 тэрбумын малчны зээлтэй байж. Энэ нь нийт малчдын жараас дээш хувь нь малаа барьцаалан
арилжааны банкнаас зээл авсан үзүүлэлт. Гэхдээ тэдний авдаг зээлийн хүү жигтэйхэн
өндөр учраас амьжиргаанд нь хүндхэн тусдаг юм байх. Монголбанк бусад байгууллагатай ажилласны дүнд 10 хувь болгож буулгах бололцоо бий гэж ярьж
байна лээ. Хэрэв хүсвэл буулгаж болдог л хүү юм байна гэж харагдаж байгаа биз. Гэвч
зөвхөн малчдад зориулж ийм тусгай хангамж эдлүүлж байгаа юм. Уг нь хамгийн их төрийн
хайр халамжийг хүртдэг нь малчид. Малын ноосоо тушаахдаа ч урамшуулал авдаг. Нэг
килогрмм тутамд нь хоёр мянгыг шүү. Тариаланчид байна. Тариагаа тариад тэрийгээ
худалдаад ашиг олно. Дээр нь нэмээд тонн тутамд нь урамшуулал авч байна. Үүнийг
нь өгөхгүй гэхээр жагсана, тэмцэнэ, хэрэлдэнэ.

Сонгууль дөхөөд намууд элдэв
халамж үзүүлэх талаар ярьж эхэлсэн. Гэхдээ дээрх шийдвэрээс харахад иргэддээ
ялгавартай хандаж халамжлах нь. Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө гээд юу боллоо
доо. Үндсэн хуульд заасан эрхээ ч эдэлж чадахгүйд хүрэх нь. АН орон сууцны зээлийн
хүүг бууруулах тухай яримагц МАН бүх төрлийн зээлийн хүүг бууруулах ёстой гэж зөрүүдлэв.
Нийслэлийн иргэдийн хамгийн том асуудал бол орон сууцны зээлийн хүү. Одоо бүхэл
бүтэн гурван хувиар хүү нь буурах эрх зүйн орчин нь бүрдчихлээ. Энэ бол маш том
сюрприз. Тэтгэврийн зээлийн хүүгээс бага хэмжээ. Төрд алба хашиж байгаа иргэдийн
ихэнх хувь нь ямар нэг хэмжээгээр зээлтэй байдаг. Зээлтэй иргэд арай гэж зээлийн
хүүгээ төлж байна. Түүнээс япончууд шиг цалингаасаа гучин хувийг нь хадгаламжинд
хийх боломж бидэнд байхгүй. Тэтгэврийн хөгшдийн ная гаруй хувь нь зээл авдаг. Хамгийн
том зээлдэгчид бол томоохон компаниуд. Ингээд харахаар Монголын нийгэм тэр чигтээ
зээлэнд умбаж байдаг. Зөвхөн малчид зээлийн хүүгээс болж шаналаад байгаа ч юм биш.

Энэ нийгмийн эд эс болсон өөрийнх нь хүүхэд хоолтой ундтай байна уу гэхээсээ хүний
төлөө гүйж, элдэв эрсдэл дунд цаг наргүй ажилладаг сэтгүүлчид ч бас зээлтэй. Гэлээ
гээд малчид тариаланчид шиг хангамж, урамшуулал, зээлийн хүүгийн хөнгөлөлт авдаггүй.
Төрийн албаныхан шиг 13 дахь сарын цалин урамшуулал авч байсангүй. Харин хамгийн
их загнуулж, элдвээрээ хэлүүлдэг нь сэтгүүл зүйн салбарынхан. Тэдний төлөө байгууллага,
ар гэр нь санаа тавихыг эс тооцвол хэн ч санаа тавьдаггүй. Улстөрчид нь болж л өгвөл
хууль батлахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрхийг боогдуулсан,
хяхаж хавчсан заалт оруулна. Уншигч, үзэгчид ч мэдээ мэдээллийг хялбархан олчихдог
юм шиг байнга л шүүмжилцгээнэ. Бид нартайд гэртээ харьдаг удаа цөөхөн. Амтай болгон
шүүмжилнэ. Сайн үйлс хийхэд нь хэн ч талархдаггүй. Буруу зүйл хийсэн хүнийг баримттай
нь ил болгохоор хүний муу үзлээ гэнэ. Сайн сайхан зүйл бүтээж байгааг нь дэмжин
сайшаавал “Мөнгө аваад магтаж байгаа биз, захиалгатай юм бичиж” гэж хардана. Ер
нь яаж ч байсан муулуулна, шүүмжлүүлнэ. Тэглээ гээд гомдол нэхэж гоншигонож байсангүй.
Цаг наргүй, үйл явдал өрнөвөл шөнө дунд ч ажлаа хийгээд явж байдаг, хэн нэгний буруу
булхайг илчилбэл дарамт шахалт заналхийлэлд өртөж байдаг сэтгүүлчдийг өмгөөлж, хамгаалж,
талархдаг хүн хэр олон билээ дээ. “Зөв зүйл бичжээ” гэдэг гуравхан үгэнд урамшаад
л элдэв зовлон тоочилгүй өмнөх ажлаа хийж ирсэн.

Малчид, тариаланчид гол хүнсийг
чинь бид хангадаг л гэлцдэг. Тэгвэл сэтгүүлчид бид оюуны талхыг чинь бэлддэг биз
дээ. Энэ салбарт ажилладаг найман мянга орчим хүн байдаг. Тэд бас л зээл авах сонирхолтой,
хэрэгцээтэй байдаг. Тэгвэл сэтгүүлчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй
гэж. Долдугаар сарын нэгний үймээний үеэр ажлаа хийж явсан сэтгүүлчид яаж гэмтэж
бэртлээ. Тэр үед олон нийтийн телевизээс бусад нь ажиллахгүй байхад мэдээллээр хэрхэн
ангаж цангалаа. Эмч, багш нар байна. Өдөр бүр эрсдэлтэй нүүр тулдаг ч цалин багатай,
бас л зээлтэй. Түмний хүүхдийг сургах гэж яаж ч ядарсан бага цалинтай, бас л зээлтэй.
Алдаа гаргавал түмнээрээ жигшиж зэвүүцдэг ч амьдрал нь ямар байгаа бол гэж хэн ч
санаа зовохгүй. Төр ч тоохгүй, түмэн олон ч тоохгүй. Амиа авруулчихаад ганц набор
өгснийхөө араас авлига авдаг эмч, багш гэж л зүхэцгээдэг. Малчид ядарч зовдог бол
энэ хүмүүс ч бас ядардаг. Бас зээлтэй. Илүү их зарлагатай. Одоо иргэд юу ярьж байна
гээч. “Малчин болох минь яав даа. Хичнээн жил сурч боловсорч, дараа нь ажиллаад,
өндөр хүүтэй зээлнээсээ илүү гарахгүй амьдарч байхад тусгай хангамжтай малчдын зээлийн
хүүг бууруулж байгаа бол малчин л болдог байж” гэцгээж байна.

Төр ингэж ард түмнээ
алагчилж, хийдэг ажил, сонгосон мэргэжлээр нь ялгаварлаж болохгүй. Хэцүү бэрх яривал
зөндөө л юм байна. Тэрийгээ яриад тэрүүгээрээ гомдоллоод явсан нь хожиж, үүрэгт
ажлаа мөрөөрөө гүйцэтгээд яваа хүмүүс нь хохирч үлдэх ёстой юу. Тиймээс ч нэг удаа
заргалдаад үзье гэж бодон үүнийг бичиж байна. Сэтгүүлчид ч гэсэн зээлийн хүүгээ
бууруулъя. Хэцүү бэрх дээрээ тулбал дэлхий дээрх хамгийн хүнд мэргэжлийн тоонд сэтгүүлчийн
мэргэжил уурхайчдын дараа хоёрт жагсдаг юм шүү.

Categories
мэдээ нийгэм

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 4. Бархасвадь гариг. Билгийн тооллын
26. Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 08:07 цагт мандан, 17:44 цагт
жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба
үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг
даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг
урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн
цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн
урагш мөрөө гаргавал зохистой. Гал бичин жилийн хаврын урь 18 цаг 02 минутад
орно. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн. Аргын тооллын
хоёрдугаар сарын 4. Бархасвадь гариг. Билгийн тооллын 26. Есөн улаан мэнгэтэй
улаан луу өдөр. Өдрийн наран 08:07 цагт мандан, 17:44 цагт жаргана. Тухайн өдөр
хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз
гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, хишиг даллага дуудуулах,
насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр
тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу,
могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө
гаргавал зохистой. Гал бичин жилийн хаврын урь 18 цаг 02 минутад орно. Үс
шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-оос цувралаар хүргэж байгаа “Хэн хаана дэвших вэ” нийтлэл гарч байна. Энэ удаад хотын тойргуудад хэн, хаана дэвших талаарх прогнозыг нийтэллээ. Аль дүүрэгт хэн хэн нэр дэвших талаарх дэлгэрэнгүйг IV нүүрнээс уншаарай.
Мөн ХАА-н сайд Р.Бурмаагийн “Тариалангийн салбарыг зах зээлийн горимд оруулж байна” ярилцлага нэг, хоёрдугаар нүүрт хэвлэгдлээ.
Сүхбаатар дүүргийн VII хорооны өндөр настан У.Доржпалам “Бичин жилдээ энх тунх, эв найрамдалтай, урт насалж, удаан жаргахын ерөөлийг дэвшүүлье хүүхдүүддээ” хэмээн хуучилсан нийслэлийн хүндэт бууралтай хийсэн ярилцлага мөн сонины эхний нүүрт хэвлэгдэв. Ярилцлагыг дэлгэрэнгүйгээр нь XI нүүрнээс унших боломжтой.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт манай сонины орлогч эрхлэгч, нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Аз жаргал ардчилагдаж байгаа нь” нийтлэл хэвлэгдлээ. Уг нийтлэлд аз жаргал нь эцсийн дүндээ хүний сэтгэлд бий болдог. Бадран асахын цагтаа ядруу урц, хоосон овоохойд ч дүрэлзэн эзнээ баясгадаг. Балран унтрахын цагтаа бол алт эрдэнэс, эрх мэдэл бялхавч нэмэргүй үзэгдэл болохыг тэд ажиглажээ” хэмээн дээрх нийтлэлд бичжээ. Та энэ талаарх дэлгэрэнгүйг III нүүрнээс уншаарай.
Улс төрийн нүүрт Г.Очирбат “Дээгүүрээ эв эеэ хичээн, биенээ хүндэтгэж улс орныхоо төлөө хамтран хүчин зүтгэх хэрэгтэй” хэмээн ярилаа. МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан түүний ярилцлагыг тавдугаар нүүрээс уншаарай. Мөн байнгын хороонд шийдэгдсэн асуудал болон өчигдөр болсон үйл явдлын мэдээ мэдээлэл хэвлэгдлээ.
Эзийн засгийн нүүрт “Hertage Foundation” эдийн засгийн эрх чөлөөний индексийг танилцуулсан талаар нийтлэв. Уг индексээр манай улс 100 дугаарт эрэмблэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос гурван байраар ухарсан үзүүлэлт аж. Үүнд юу нөлөөлсөн талаарх мэдээллийг та VI нүүрнээс унших боломжтой.
Баримт, үйл явдал нүүрэнд Цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаарх сонирхолтой нийтлэлийг уншаарай. Энэ талаарх дэлгэрэнгүйг VII нүүрт хэвлэсэн юм.
“Уран бүтээлч” нүүрт “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзултай ярилцжээ. Тэрээр “Шинэхэн дээлээ өмсөх гэхээр шинийн нэгний өглөө болж өгөхгүй уддаг байж билээ” хэмээн хуучилжээ. Түүний амьдрал, уран бүтээлийнх талаарх сонирхолтой ярилцлага XII нүүрт хэвлэгджээ.
Дэвжээ нүүрт өнгөрсөн хонин жилийн чансаа өндөр найман бөхийг Монголын үндэсний бөхин холбооноос нэрлэсэн бөхчүүдийн онцолжээ. Хонин жилд П.Бүрэнтөгс, Н.Батсуурь хамгийн их буюу 107 давааг авсан үзүүлэлтэрэ орсон талаар нийтлэл гарчээ.

Мөн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Ариунбямба гал гарч буй айлаас хүн угаартаж байгаа хүнийг хэрхэн аварсан талаар болон Сэлэнгэ аймгийн Тахарын албаны алба хаагч Б.Мөнхболдын шатаж буй айлаас хоёр хүүхэд аварсан сайн зүйлийн гэгээлэг мэдээллийг уншаарай.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Дохиололтой бөхөнгүүдийн хоёр нь үхжээ

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар болон “Бөхөн хамгаалах сүлжээ баг” хамтран өнгөрсөн оны есдүгээр сард монгол бөхөнд сансрын дохиололтой хүзүүвч зүүж эхэлсэн. Бөхөнд зүүсэн хүзүүвч нэг жил, гурван сарын хугацаанд мэдээлэл дамжуулах бөгөөд холбогдох мэргэжилтнүүд бөхөнгүүдээс 2015 оны есдүгээр сарын 3-наас өнгөрсөн сарын 3 хүртэлх хугацаанд “ирүүлсэн”, 93 хоногийн мэдээллийг боловсруулж дуусчээ. Дээрх байгууллагууд найман эм бөхөнд хүзүүвч зүүснээс нэг нь Хүйсийн говьд 25 хоноод, бас нэг нь Шаргын говьд 15 хоноод үхжээ. Тэднийг махчин амьтад болон зуданд өртсөн байж болзошгүй гэж бөхөн хамгаалагчид таамаглаж байна. Хүйсийн говь дахь нэг бөхөн 93 хоногт 1240 км зам туулсан байна. Энэ нь бөхөн хоногт дунджаар 13.3 км нүүдэллэсэн гэсэн үг. Хамгийн бага нүүдэллэсэн нь хоногт 7.6 км зам туулжээ.

Сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүх уг ажил нь монгол бөхөнгийн нүүдэл шилжилт, эзэмшил нутгийг нарийвчлан тогтоох, популяцын эмзэг байдлын үнэлгээний суурь мэдээлэл бүрдүүлэх, энэ амьтанд авто зам ямар нөлөө үзүүлж буйг тооцох зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Бүргэдийн баяр ирэх сард болно

Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд танилцуулдаг “Бүргэдийн баяр”-ыг БОНХАЖЯам болон Баян-Өлгий аймгийн ЗДТГ-аас ирэх сарын 5-нд зохион байгуулах юм байна. Манай улсад өвөл ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлэх, казах иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлах, үүнээс гадна байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой уг баяр хотын төвөөс 23 км, Жаргалантын аманд байрлах Чингисийн хүрээ аялал жуулчлалын цогцолборт болох юм байна. Уг арга хэмжээнд залуу бүргэдчин Айшолпан охин урилгаар оролцох аж.