Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол хүүхдүүдийн хүмүүжилд онцгой анхаарах хэрэгтэй гэв

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар танилцуулсан юм.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Су.Батболд: Боловсролын чанараа сайжруулахын тулд “Цөм” хөтөлбөр, “Авъяас” хөтөлбөр, Кембрижийн сургалт, 12 жилийн тогтолцоо гээд олон зүйл нэвтрүүлж байна. Гэтэл зөв бичдэг хүүхэд ховордлоо. Хүнд зөвхөн мэдлэг чихээд байх биш хүн болгож төлөвшүүлэх нь чухал байна. Нийгмийн ажилтан гэдэг хүн юу хариуцаад байна вэ. Монгол хүний хүмүүжлийн асуудал хуулийн төсөлд туссан уу. Хөрөнгөтэй мөнгөтэй орны иргэд дэлхийд байхгүй үнэтэй сургуулийг зөвхөн Монголд байгуулж байна. Жилийн сургалтын төлбөр нь 20 мянган ам.долларын үнэтэй дунд сургууль бий болсон. Монголын хуульд захирагддаггүй, мөнгийг нь авсны хэрээр мэдлэг өгч чадаж байгаа юм уу, олон улсын сертифкат өгч байна уу. Ийм сургуулийг хэн хянадаг юм бэ гэсэн асуултыг Л.Гантөмөр сайдад тавив.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулахдаа: -Хүүхдүүд өөрсдөө ангидаа мөрдөх дүрэм зохиодог, түүнийгээ дагадаг болсон байна. Хичээлийг зөвхөн багш заадаг байсныг хүүхэд өөрөө хийж сурах. Энэ рүү чиглүүлэх. Яаж өөрөөр нь хариуг олуулах уу, яаж өөрөөр нь эрэлхийлүүлэх вэ гэдгийг сурагчдаар өөрөөр нь санаачлуулдаг болсон. Монгол хүний онцлог, дэлхийд үүгээрээ цаашдаа ялгарах болов уу. Цаашид сургуулиудыг ангилна. Ашгийн сургууль гэж юу юм бэ, ашгийн бус сургууль гэж юу юм бэ гэдгийг зааж өгнө. Өндөр төлбөртэй сургуульд шаардлагаа өндөр тавиад явах шаардлага байгаа гэв.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогоо баталсан. Цаашид яах вэ гэдгээ суулгаж өгсөн. Суулгасан асуудал энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр туссан уу. Тухайлбал, малчны 6 настай хүүхэд сургуульд орж байгааг уян хатан байдлаар шийдэх. Хүүхэд харах үйлчилгээ боловсролын салбарт ухралт авчирсан. Цаашид хүүхэд харах үйлчилгээгээ яах вэ. Хүн бэлддэг салбараа ашгийн төлөө байхыг нь хуульчилж өгөх нь зөв үү. Компанийн хуулиар явна гэхээр салбараа эвдчих юм биш байгаа?
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Сайн хүн, амьдрах чадвартай хүн бэлдэх нь боловсролын салбарын зорилго. 12 жилийн хугацаанд ямар хүн бэлдсэн түүнийгээ шалгаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний хууль батлагдлаа гээд цэцэрлэгийн багш нар гомдоллоод байгаа юм байхгүй. УИХ уг хуулийг батлахдаа өнөөдөр байгаа хүндрэл бэрхшээлийг шийдэхийн төлөөх хууль. Цэцэрлэг барьж чадахгүй, багшийг бэлтгэж чадахгүй байна.
Ерөнхийдөө гишүүдийн зүгээс монгол хүүхдийн хүмүүжлийн асуудалд онцгой анхаарал хандуулах, боловсролын салбарын менежментийг сайжруулах, боловсролын цөм хөтөлбөр ямар стандартаар хэрэгжиж байгааг хөндөж их, дээд сургуулиудын оюутны төлбөр илт зөрүүтэй байгаа болон зарим хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр их, дээд сургуулийн төлбөрөөс хэд дахин их байгаа нь сургалтын чанартай уялдаж чадаж байгаа эсэхийг тодотгов.
Хуулийн төслөөр санал хураасангүй, чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оргосон цэргүүд ангид дарамт шахалт байгаагүй, сэтгэл санааны байдлаас болсон гэжээ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн … дугаар ангийн байлдагчид хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхдаа оргон зугтсаныг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шуурхай ажиллаж саатуулав. Нэгдүгээр сарын 6-ны лхагва гаригийн 11:50 минутад “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагчид манаанаас бууж ирээгүй байна. Оргосон байж болзошгүй. Тэд тус бүртээ 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт ирсэн байна.

Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум атрын сангийн аж ахуйн чиглэлд эрэн суравжлах ажлыг зохион байгуулж, самналт хийжээ. Эрлийн ажиллагааны явцад Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр “Гэгээлэг” гэх газар сэжигтэй этгээдүүдийн явж байгааг мэдэж, цагдаагийн алба хаагчид зогсоох гэсэн боловч зугтсан байна. Тэндээс 25 км орчим явсны эцэст Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүрэн толгой” гэх газар тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслээр уг автомашиныг зогсоон, сэжигтэй этгээдүүдийг баривчлах ажиллагааг зохион байгуулжээ. Цэргүүд оргож явах замдаа галт зэвсэг хэрэглэн Б, З нарыг айлган сүрдүүлж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн авч зугтсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.

Одоогийн байдлаар оргосон байлдагч Г Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байранд саатуулагдаж байна. Харин байлдагч Б гэмтэл авсны улмаас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтэн, цагдаагийн хамгаалалтад эмчлүүлж байгаа гэнэ. Эмнэлгийн байгууллагын зүгээс “Байлдагч Б-ын гэмтэл нь түүний амь насанд аюул учруулахуйц биш. Цочролд орсон. Шаардлагатай эмчилгээг хийж байна” гэсэн мэдээлэл өгчээ.

Оргосон цэргүүдийн тээврийн хэрэгслийг албадан зогсоосны дараа шууд баривчилбал хүний амь насанд аюул тулгарах учир цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу тэдэнтэй нэг цаг 30 минутын турш хэлэлцээр хийж, ярилцлага зохион байгуулжээ. Энэ үеэр тэд хэлэлцээрийн багийн цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаардаж байсан гэнэ.

Хилийн манаан дээрээс оргосон байлдагч Г, Б нараас анхны мэдүүлэг, тайлбарыг авахад оргох болсон шалтгаанаа “Ангийн дарга, ахлагч нартай холбоогүй. Цэргийн ангийн дарамт шахалт байхгүй. Өөр сэтгэл санааны байдлаас болж ийм үйлдэл хийсэн” гэснийг албаны эх сурвалж мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Статистик, улсын бүртгэлийг нэгтгэснийг шүүмжлэв

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоол, хуулийн төслийг хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын зарим гишүүн бүртгэл, статистикийн газрыг нэгтгэж байгааг шүүмжилсэн юм.

Р.Гончигдорж: Улсын бүртгэл болоод статистикийн газруудыг аль хэдийн нэгтгэсэн. Тиймээс бид зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болчихоод өнөөдөр хэлэлцэж байна. Хэлэлцэх ёстой, харин ч цаг алдаж байна. Оны эхнээс хэрэгжээд явах ёстой байсан хуулийг одоо хэлэлцэж байна.

Ц.Нямдорж:УИХ нэг буруу юм хийгээд улам буруудуулж унаад байна. Засгийн газрын оруулж ирсэн саналаар явбал тэрийгээ шийдээд нэг талд нь гаргаад, үгүй бол гишүүдийн саналаар асуудлыг авч хэлэлцээд эцэслэн шийдэх хэрэгтэй. Зарчмын хувьд буруу шийдвэр гаргасан шүү, ингэж буруу шийдвэр гаргадгаа УИХ больчихмоор байгаа юм.

С.Дэмбэрэл: -Би энэ хуулийг дэмжихгүй. Теорем батлагдсан одоо засахаас өөр аргагүй гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Норвегийн олон жил хөгжсөн статистикийн байгууллагын ажлыг сонирхсон. Монголын статистикийн байгууллагад олон улсын статистикийн байгууллагын бүх сайн жишээ, сайн практик байдаг. Одоо энэ сайн практикаас хасагдана. Статистикийн газар бол УИХ-ынхаа холбогдох байнгын хороогоор орж, бие даасан хараат байдлаар ажилладаг, олон улсын хэмжээнд сайн жишиг болсон байх ёстой. УИХ бодлогын алдаа гаргахыг энэ дөрвөн жилд хараагүй, харин энэ бол бодлогын том алдаа. Статистик бие даасан өөрийн гэсэн аргачлалтай, хараат бус байх эрх зүйн үндсийг шаарддаг. Гэтэл даргыг нь томилоод өөр байгууллагатай нэгтгэх гэж байна. Даргыг нь Засгийн газар томилсон юм чинь Засгийн газрын хэлсэн ажлыг л хийнэ шүү дээ.

Ц.Баярсайхан:-Орж ирсэн хуулийн төслийг шүүмжлэх юм алга, батлаад явах байх. Олон улсад манай статистикийн байгууллагыг үнэлдэг. Эргээд Засгийн газрын байгууллага болчихоор ухралт болчихлоо гэж үзэж байна. УИХ-ын шийдвэр туйлын үнэн гэж байхгүй. Үүнийг хаана нь байлгах вэ гэдгийг зөв шийдэх ёстой. Статистик мэдээг зөвхөн УИХ-д зориулж гаргадаггүй. Тиймээс дахин нэг ярих ёстой.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Гишүүдийн 65,4 хувийн саналаар хууль, тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учир анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Бейонсе кино зохиолч болов

Сүүлийн арав шахам жил Америкийн хөгжмийн ертөнцөд шилдгүүдийн чартыг байнга тэргүүлж, та бидний санаж байгаагаас ч олон Грэммийн шагнал авсан дуучин Бейонсе кино урлагт хөл тавихаар болсон байна. Дуучин Бейонсе хамгийн их алдаршсан Готтентот хүмүүсийн нэг, “Хар Венера” гэгдэж байсан Саарти Баартманы тухай киноны зохиолыг нь бичиж байгаа гэнэ. Саарти Бартман 19-р зууны эхэн үед Өмнөд Африкаас боолын наймаачдад олзлогдон Лондонд очиж, цагаан арьстнуудын стандарт бус гэж үзэж байсан гадаад төрхнөөсөө болж, шоуны үзүүлэн болж байсан эмгэнэлтэй хувь тавилан туулсан хүн юм.

Дуучин Бейонсе хэд хэдэн кинонд тоглосон хэдий ч Саарти Баартманы тухай киноны гол дүрд өөрөө тоглох эсэх нь тодорхойгүй байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуучин С.Хишигжаргал анхны цомгоо гаргалаа

“Universe best songs-2011” наадмын шилдэг оролцогч С.Хишигжаргал өөрийн уран бүтээлийн анхны цомгоо гаргалаа.

Түүний “I’m… Hishigee” цомогт есөн дуу орсон бөгөөд нэмэлтээр “Хөлөрсөн цонх” дууныхаа аяыг дангаар нь нэмжээ.

Тэрбээр цомгийнхоо талаар “Миний сүүлийн гурван жилийн хөдөлмөр шингэсэн уран бүтээлүүд бий. Мөн багшийн маань дуулдаг байсан дуунуудаас багтсан” гэж байв.
Харин нэрнийх нь тухайд “Би бол Хишигээ гэсэн утгатай. Гэхдээ тэр гурван цэг нь би одооноос өөрийгөө бүтээж байгаа учраас тодорхой хугацааны дараа энэ гурван цэг нөхөгдөх болов уу гэж бодсон үүднээс ингэж нэрлэсэн юм” гэлээ.

Түүнчлэн цомогт орсон есөн дуу бүгд дүрс бичлэгтэй гэдгээрээ онцлог болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол банк 10.7 сая юань нийлүүлэв

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1996.0-1999.90 төгрөгийн ханшаар 23.2 сая ам.доллар худалдан авах, 304.0-304.25 төгрөгийн ханшаар 3.5 сая юань худалдан авах, 306.0 төгрөгийн ханшаар 0.5 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 1998.49 төгрөгийн хаалтын ханштайгаар 10.7 сая ам.долларыг ялгаатай ханшаар хийх арилжааны хэлбэрээр нийлүүлэв.

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 77.34 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 3.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл тус тус байгуулах санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.

Categories
мэдээ спорт

Т.Санчир улирлын хамгийн өндөр оноог авлаа

Супер лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байгаа. Өчигдөр гэхэд Сентоза Ирвэсүүд болон Архангай Лидерүүдийн хооронд ширүүхэн тоглолт болсон. Түүнчлэн багууд нийлээд 255 оноог авсан нь энэ улирлын хамгийн өндөр оноо болж байна. Түүнчлэн Сентоза Ирвэсүүд багийн тоглогч Т.Санчир 47 оноо авсан юм. Ингэснээр тэрээр энэ улирлын нэг тоглолтод хамгийн өндөр оноо авсан анхны тоглогч болж байна.

Categories
мэдээ спорт

Хүндийн өргөлтийн залуучуудын УАШТ эхэллээ

Хүндийн өргөлтийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ. Төрийн хошой “Алтан гадас” одонт Т.Самбуу агсны нэрэмжит энэ оны залуучуудын улсын аварга тэмцээнд төв, орон нутгийн 13 байгууллагын 80 гаруй тамирчид өрсөлдөж байна. 21 хүртэлх насны залуучуудын дунд болдог УАШТ эрэгтэйчүүдийн 7, эмэгтэйчүүдийн 6 жинд аваргуудаа тодруулах юм.

Өнөөдөр эмэгтэй 48, 53, 58, 63, эрэгтэй 50, 56, 62 кг-ын жингийн аваргууд тодорно. Үдээс өмнө эмэгтэй 48, эрэгтэй 50 кг-ын жингийн тэмцээн болж, аваргууд тодорлоо.

Одоогоор эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд “Самбуу сан” клубын тамирчин спортын мастер Ч.Нямзул огцом өргөлтөөр 63 кг-ыг өргөж өсвөр, залуучууд, насан хүрэгчдийн улсын рекорд амжилтыг ахиулсан байна. Мөн энэ жинд Өвөрхангай аймгийн тамирчин А.Энхбаяр спортын дэд мастерын болзол хангажээ.

Эхний жингийн дүнг танилцуулья:

Эмэгтэй 48 кг:

Огцом:

  1. Ч.Нямзул (спортын мастер, “Самбуу сан” клуб) 63 кг (өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекорд)
  2. Б.Золбоо (спортын мастер, “Самбуу сан” клуб) 59 кг
  3. Б.Тунгалаг (Төрөлжсөн сургалттай БТДС) – 56 кг

Түлхэлт:

  1. Б.Золбоо (“Самбуу сан” клуб) 73 кг
  2. Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) 70 кг
  3. А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) -59 кг

Нийлбэр:

  1. Ч.Нямзул (“Самбуу сан” клуб) -133 кг
  2. Б.Золбоо (“Самбуу сан” клуб) -132 кг
  3. А.Энхбаяр (Өвөрхангай аймаг) 108 кг – (Спортын дэд мастерын болзол биелүүлэв.)

Эрэгтэй 50 кг:

Огцом:

  1. А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -70 кг
  2. М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -61 кг
  3. Э.Хосхүлэг (“Алдар” спорт хороо) -57 кг

Түлхэлт:

  1. А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -85 кг
  2. У.Баярхүү (“Алдар” спорт хороо) -71 кг
  3. О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -70 кг

Нийлбэр:

  1. А.Нэргүйбаатар (“Самбуу сан” клуб) -115 кг
  2. М.Даваахүү (Дархан-Уул аймаг) -131 кг
  3. О.Дагдансамбуу (Өвөрхангай ) -126 кг-аар тус тус орлоо.

Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ. Маргааш эрэгтэй 69, 77, 85, +85, эмэгтэй 69, +69 кг-ын жингийн тэмцээн болж, улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.

Categories
мэдээ соёл-урлаг

Үндэсний урлагийн зургаар үзэсгэлэн гаргана

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн хүрээнд “Эх орноо, их урлагаа дэлхий дахинд хамтдаа сурталчилъя” уриатай гэрэл зургийн уралдаан зарласан билээ. ҮДБЭЧ, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, “Сайхан урлагийн төв”- өөс хамтран зохион байгуулж буй, “Монголын үндэсний урлагийн гайхамшиг гэрэл зурагт” сэдэвтэй уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчдоос 295 бүтээл ирүүлсэн байна. Үүнээс 25 гэрэл зурагчны 70 бүтээлийг шигшиж, энэ сарын 16-нд “Хүннү молл”-д үзэсгэлэн гаргах нь. Мөн үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээр цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

Футзалын дээд лиг энэ амралтын өдөр эхэлнэ

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулдаг футзалын дээд лиг энэ амралтын өдрөөр эхлэх гэж байна. Нийт 12 багийн дунд 3-р сарын 27ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнийг энэ жилээс эхлэн “Пэпси” брэнд ивээн тэтгэн оролцож байгаа бөгөөд өнөөдөр тэмцээний хэвлэлийн бага хурлыг МХБХ өөрийн байранд амжилттай зохион байгууллаа.

Хүрхрээ үндэсний дээд лигийн шилдэг есөн баг болон футзалын УАШТ-д амжилт үзүүлсэн эхний гурван баг нэмэгдэн “Пэпси” лигт тойргийн журмаар өрсөлдөх болно. Хэвлэлийн бага хурлын үеэр мөн багийн дасгалжуулагчид болон төлөөлөгчид өөрсдийн багийн бүтэц бүрэлдэхүүн, шилжилт хийгдсэн тухайгаа дэлгэрэнгүй сэтгүүлчдэд танилцууллаа.