Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “УЛИРАЛ БА ЗОХИОЛЧ” сэтгүүлийн найм дахь дугаар хэвлэгдэн гарлаа

“Улирал ба зохиолч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Данзангийн НЯМАА

Эрхэмсэг уншигчдынхаа амар амгаланг айлтган мэндчилье. 2014 оны хавраас эхлэн уншигч түмэндээ хүрч байгаа “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн найм дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Найман улирал дараалан гарч байгаа манай сэтгүүлийн 2015 оны дөрөв дэх дугаар буюу өвлийн дугаар нь юм. “Хүмүүний ертөнцийг сэтгэлийн гэгээрэлд уримуй” уриатай уран зохиолын шилдэг цоморлиг уг сэтгүүлээс та бүхэн өмнөх дугааруудын нэгэн адил шинэ тууж, өгүүллэг, шүлэг, найраглал, эсээ, зохиолчдын захидал, наргиа, дурсамж, дэлхийн сонгодог зохиолчдын ярилцлага, Нобелийн шагналтнуудын үгүүллэг гээд оюун, сэтгэл гэгээрүүлж, бодол бясалгал ундруулах уран зохиолын шидээвэр бүтээлүүдийг уншиж болно. Энэ удаагийн дугаарт төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан намтар цадиг, эсээ болон хүү академич Б.Барсболдын сонирхолтой дурсамж, ардын уран зохиолч Б.Баастын сэтгүүлд хандсан амин үг, түүхч, зохиолч Н.Нагаанбуугийн “Улаанбаатар” уянгын тууж, их сэтгэгч, гүн ухаантан, зохиолч Д.Урианхайн “Ханануудын амьдрал” ганц хүний абсурд жүжиг, яруу найрагч Н.Нямдоржоос Горькийн сургуулийн оюутан Д.Нямаа, Д.Гармаа, П.Лувсанцэрэн, Галбадрах нарт бичсэн захидал, нэрт зохиолч Н.Банзрагчийн “Зам” роман тэргүүт бусад зохиол хэрхэн төрсөн тухай түүх, Японы сонгодог зохиолч Дазай Осамүгийн өгүүллэг, 2015 оны Нобелийн шагналт зохиолч Светлана Алексеевичийн ярилцлага, энэ жил байгуулагдсаныхаа 55 жилийн ойгоо тэмдэглэж байгаа уран зохиолын “Цалиг онгод” дугуйлангийнхны шинэ уран бүтээлийн дээжис, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Д.Энхболдын “Өвс ногоо аниргүй” номонд судлаач Г.Батсуурийн бичсэн шүүмж зэрэг сонирхолтой материалууд оржээ. Мөн уламжлалт “Монгол туургатны яруу найраг”, “Зохиолчдын наргиан”, Маамуу нааш ир” булангууд ч шинэ хуудсаа дэлгэлээ. “Улирал ба Зохиолч” сэтгүүл дугаарын онцлох зохиолчоор соёлын гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт яруу найрагч Г.Мэнд-Ооёог, онцлох номоор МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Баярсайханы “Тэнгэрийн санаа”, “Хөх тэнгэр” номуудыг тодрууллаа.

Categories
мэдээ спорт

Ц.Цогтбаатар, Д.Сумъяа, Л.Отгонбаатар нарын бөхчүүд улсын аварга боллоо

Энэ жилийн улсын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээн Эрдэнэ хотын “Хангарьд” спортын ордонд болж байна. Энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 багийн 286 жүдоч өрсөлдөж байгаа. Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр жингийн барилдаанууд болсон бол маргааш багийн барилдаан болох юм.

Уг тэмцээний хэсгийн барилдаанаас үзэгчдийг шуугиулсан барилдаанууд гарч байв. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д залуу жүдоч Ц.Цогтбаатар дэлхийн аварга Г.Болдбаатар болон дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарыг дараалан ялж, аваргын алтан медалийн эзэн болж үзэгчдийг шуугиулаад авав.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Ганхайч, 70 кг-д ОУХМ Ц.Наранжаргал, 78 кг-д П.Лхамдэгд нар түрүүлж, улсын аваргууд болсон юм. Харин эрэгтэйчүүдийн -73 кг-д шинэ аварга төрж “Женко” клубийн тамирчин Н.Хадбаатар түрүүллээ. Түүнчлэн -90 кг-д олон улсын хэмжээний мастер Л.Отгонбаатар анх удаа улсын аваргад түрүүлэв. Мөн -52 кг-д А.Цолмон, 66 кг-д, А.Батсуурь, -81 кг-д О.Ууганбаатар, -100 кг-д Х.Цогтгэрэл нарын аваргууд төрлөө.

Тэмцээн маргааш багийн барилдаанаар үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-аас болж үнээ зохиомлоор нэмбэл торгуультай

Нэгдүгээр сарын 1-нээс хэд хэдэн хууль шинээр хэрэгжиж байгаа. Түүний нэг болох Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээд хэд хонож байна. Ийн хэрэгжсэнээр 300 гаруй тэрбум төгрөгийн далд эдийн засгийг ил болгоно гэж үзээд буй юм. Харин хууль хэрэгжсэнээс хойш зарим аж ахуйн нэгж бүрэн ойлголтгүйгээс үнээ нэмсэн тохиолдол гарсан байна.

Хэрэв та тухайн аж ахуй нэгжийг хиймлээр үнээ өсгөсөн байна гэж үзвэл Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт өргөдөл гомдлоо гаргах эсвэл, 1800-1288 утсанд мэдэгдэх хэрэгтэй. Ингэснээр зохих журмын дагуу арга хэмжээ авах юм байна. Учир нь, хэрэглэгчдийн худалдан авч байгаа бүх бараанд НӨАТ-ын үнэ шингэчихсэн байдаг. Тиймээс баримтыг үнэ нэмэхгүйгээр олгох ёстой.

Гэтэл зарим аж ахуй нэгж хиймэл үнэ зохиож иргэдийг төөрөгдүүлж байгаа аж. Мөн зарим дэлгүүр лангуун дээр тавьсан барааны үнэд НӨАТ-аа оруулахгүй бичиж, тухайн бараа нь бусад дэлгүүрээс хямд гэсэн ойлголтыг иргэдэд төрүүлдэг байна. Гэтэл иргэд тухайн барааг нь аваад кассанд бичүүлэх үед НӨАТ-ыг нэмж бичдэг аж. Мөн зарим бараагаа хямдарсан мэтээр худал үнэ бичиж иргэдийг хуурах асуудал ч үүсдэг байна. Энэ нь Хэрэглэгчийн тухай хуулийг зөрчиж байгаа бөгөөд иргэнд 250 мянга, аж ахуйн нэгжид 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулах тухай НӨАТ-ын хуулинд зүйлчилсэн байдаг юм байна.

Одоогоор 8000 орчим цэгт аж ахуйн нэгжүүд баримт хэвлэж байгаа аж. НӨАТ-ын урамшууллын системд иргэдээс 700 орчим мянган баримтын мэдээлэл бүртгэгдээд байна. Томоохон аж ахуйн нэгжүүд хэдийн бүртгэгдээд байгаа бол жижиг, дунд бизнес эрхлэгчид аль болох хурдан цахим төлбөрийн баримтын системд холбогдох нь хэрэглэгчээ алдахгүй байхад туслах болохыг зөвлөж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг танилцуулав

“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”, “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөр”-үүдийг танилцуулах уулзалт өчигдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо. Тус уулзалтад мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, ТББ зэрэг 20 гаруй байгууллагын 60 орчим төлөөлөгч оролцож, санал бодлоо солилцсон юм.

УИХ-аас баталсан Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичигт дээрх салбарын бодлогууд нарийвчлан туссан бөгөөд 2030 онд тодорхой зорилгод хүрсэн байхаар заажээ.

Манай улс сүүлийн таван жилийн хугацаанд 13.6 тэрбум ам.долларыг машин, түүний тоног төөхөрөмжийг импортлоход зарцуулсан байна. Энэ нь нийт импортын 50-60 хувийг эзэлж буй аж. Тэгвэл “Металл хийц, тоног төхөөрөмж, машин үйлдвэрлэлийн салбарыг сэргээн хөгжүүлэх хөтөлбөрт 2020 он гэхэд үйлдвэрлэлийн түүхий эдийн 30 хувийг дотоодын аж ахуйн нэгжүүдээс хангахаар заажээ.

“Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр”-т:

2025 он гэхэд төмрийн хүдэр, баяжмалыг экспортод гаргахыг бүрмөсөн хориглох, үндэсний үйлдвэрлэлийг урт хугацаанд түүхий эд материалаар тогтвортой хангах. 2023 оноос ганг чанаржуулагч эрдсүүдийн хүдэр баяжмалыг экспортод гаргахыг хориглох эрх зүйн орчин бий болгох шаардлагатай хэмээн заасан байна. Мөн Орхон аймагт жилийн 100 мянган тонн ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай төслийг 2018 онд багтаан дуусгах. Дархан-Сэлэнгийн бүсэд жилийн 500 мянган тонн шууд ангижруулсан төмөр, 350 мянган тонн ган үйлдвэрлэх хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт 2020 онд багтаан барьж байгуулах зорилт тусгагджээ.

Үүнд хүрэхийн тулд тус салбарынхан нэгдсэн зохион байгуулалтад орж, хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлага тулгарч буй аж. Тиймээс мэргэжлийн холбоод нэгдсэн удирдлагад орж, хувийн хэвшлийнхэн нь төртэй хамтарч ажиллахад анхаарах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд эрчим хүчний салбарын талаар мэдээлэл өгнө

Баасан гаригийн үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газар гишүүд мэдээлэл хийж, УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад нь хариулдаг дэгтэй. Харин өчигдөр гишүүдийн саналаар Засгийн газар мэдээлэл хийхээ хойшлуулсан юм. Тэгвэл ирэх долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийхдээ Засгийн газраас 2015 онд эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар танилцуулах юм байна.

Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчин, үнэ тарифын зохицуулалт, үйлдвэрлэл, үйл ажиллагаа хийгээд өнгөрсөн онд тус салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын талаар ийн мэдээлэл өгөхөөр болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Зохиолчдод Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олголоо

Өнөөдөр Монголын зохиолчдын эвлэл үүсч хөгжсөний 87 жилийн ойн баяр өдөр тохиож байна.

Уг өдрийг тохиолдуулан БСШУ-ны сайд Л.Гантөмөр үгийн урлагийн их мастеруудад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, найман зохиолчдод Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртээлээ.

Тодруулбал, яруу найрагч Ш.Бадарч “Үд дундын уянга” яруу найргийн шилмэл бүтээлийн түүвэр, М.Эрдэнэбат “Хүйтэн бороо” түүвэр, Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа” өгүүллэг, Д.Баянтунгалаг “Зэлүүд сарны галбир” яруу найргийн түүвэр Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртлээ. Мөн Л.Мягмарсүрэн “Тэнгэрийн нутаг” яруу найргийн түүвэр, Б.Батрэгзэдмаа “Хаалганы өмнө”, “Их хаадын санаа” бүтээл, МУСГЗ Ш.Гүрбазар “Шанзны хавар”, “Уянгын үнэн”, Д.Сумъяа “Монгол ногоон дарь эхийн тууж” бүтээлээрээ тус тус шалгарч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд болов.

Categories
мэдээ нийгэм

Цэвэр агаарын хуультай болъё

Манай улс Цэвэр агаарын хуультай болох хэрэгтэй байна. Монгол Улсын гурван сая хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдол жил ирэх тусам нэмэгдэж үнэхээр гамшгийн хэмжээнд хүрсэн. Азийн цагаан дагина “Утаанбаатар” гэдэг нэр нь хоч болоод удлаа. Агаар дахь хүнд металл, тоосонцорын хэмжээ Монгол Улсын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын стандартаас 35 дахин давсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнд дан ганц гэр хороолол дахь хатуу түлш нөлөөлөөгүй. Өдөр тутамд замын хөдөлгөөнд оролцож буй 300 гаруй мянган тээврийн хэрэгслийн яндангаас гардаг утаа асар их хорт бодисыг агаарт цацаж байдаг юм. Иймд төр засгаас сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой тэмцэхийн тулд 100 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч бодитой үр дүн улаанбаатарчуудад мэдэгдэхгүй байгааг эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаа харуулж буй. Амьсгалын замын халдвар болон зүрх, судас, тархи, мэдрэлийн гаралтай өвчнүүдийн хамрах хүрээ нэмэгдэж, хотын иргэд дархлаа султай болсон нь агаарын бохирдолтой шууд холбоотой болохыг эмч нар хэлж байгаа. Ялангуяа хүүхэд, хөгшчүүд хорт утаанд өртөмтгий байгаа нь сэтгэл зовоосон асуудал болжээ.

Улаанбаатарчууд хорт утаанаасаа салах хамгийн зөв шийдэл нь хуулийн механизм юм. Дэлхийн өндөр хөгжилтэй олон орон манайх шиг агаарын бохирдолд дарлуулж, гай зовлонд нэрвэгдэж байсан түүх бий. Бидний хамгийн их жишээ авах дуртай Солонгос гэхэд хийн хэрэглээг бодлогоор дэмжиж, иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хангасан гээд олон ухаалаг системийг нэвтрүүлсэн байдаг. Европын орнуудаас Их Британийн агаарын бохирдлоосоо ангижирсан жишээ дэлхийн бусад орнуудад үлгэр болсон. Тус улс 1930 оноос эхлэн агаарын бохирдолд дарлуулжээ. Ард иргэд нь төр засагтаа хэдэнтээ хандаж, захидал илгээсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй л байв. Ингээд одоогоос 60 жилийн өмнө Их Британийн төдийгүй дэлхийн түүхэнд байгаагүй аймшигт гамшиг тохиосон юм. Өнөөг хүртэл “Үхлийн утаат хөшиг” хэмээн тэр хар өдрүүдийг нэрлэдэг. Тодруулбал, нэг өвлийн дотор 12 мянган хүний амийг авч одсон хорт утаа сүүлдээ дөрөвхөн өдрийн дотор 4000 хүний амийг залгисан гэж байгаа. Энэ аймшигт золгүй явдал Лондонгийн эрх баригчдыг агаарын бохирдолтой тэмцэхэд том дохио өгөв. Ингээд Цэвэр агаарын хууль баталж, ганцхан өвлийн дотор хорт утаагаа бууруулж чаджээ. Дөрвөн жилийн дараа гэхэд тус улс агаарын бохирдлоос бүрэн ангижирч чадсан. Тус улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажил нь хатуу түлшний хэрэглээг бууруулж, цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжсэн явдал байв. Томоохон үйлдвэрүүдийг суурьшлын бүсээс нүүлгэн шилжүүлж, цахилгаан бага зарцуулдаг халаагуураар айл өрхүүдийг хангасан юм.

Манай улсын хувьд нийслэлийн гэр хорооллын нийт айл өрхийг хамарсан арга хэмжээ авч чадахгүй байгаа. Эрх баригчид иргэдээ торгох, татвар авах хуулиудыг хамгийн түрүүнд баталдаг хэрнээ хүн ардынхаа эрүүл мэндэд аюул заналхийлэл хийсэн хорт утаанаас салах хуулийг яагаад гаргаж болохгүй гэж. Хуулийн хөшүүргээр Их Британи богино хугацаанд амжилтад хүрч чадсан туршлагыг нэвтрүүлж болно шүү дээ.

Манай урд хөрш БНХАУ гэхэд агаарын бохирдолтойгоо сүүлийн жилүүдэд хамгийн идэвхтэй тэмцэж байгаа. Утаанаас болж сургууль цэцэрлэгүүд үүдээ барьж, албан байгууллагуудын ажил цалгардаж байгаа болохоор төр засгаас нэн түрүүнд түүхий нүүрсний хэрэглээгээ хязгаарлах шийдвэр гаргасан. Мөн алсын Канадаас цэвэр агаар худалдан авч байгаа тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Хэрэв Монгол Улсын ойрын хугацаанд агаарын бохирдолтойгоо бодитой тэмцэж, Цэвэр агаарын тухай хуультай болохгүй бол эмгэнэлтэй байдалд орох дүр зураг ойрхон байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэлд хамрагдаарай

Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл энэ сарын 06-24-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Цэргийн бүртгэлд 18-50 насны эрэгтэйчүүд, 55 хүртэл насны дунд офицер, ахлагч, 60 хүртэл насны дээд, ахлах офицерууд хамрагдана. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, Бэлтгэл офицерын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх /байхгүй бол 2 хувь цээж зураг/, ажлын газрын болон оюутны үнэмлэхтэйгээ харьяа хорооны Засаг даргын ажлын байранд ажлын өдрүүдэд 08:30-19:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд очиж бүртгүүлнэ.

Тогтоосон хугацаанд цэргийн бүртгэлдээ хамрагдаж иргэний цэргийн үүргээ биелүүлэхийг нийслэлийн Засаг даргын тамгын газраас иргэдэд уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Зуданд нэрвэгдсэн малчдад мөнгөн тусламж үзүүлнэ

Шадар сайд Ц.Оюунбаатар “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо манай орны 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Одоогоор тавин суманд зудтай, 120 суманд зудархаг байна. Улсын хэмжээнд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 4 дүүргийн 149 мянган малчин өрхөд 56 сая орчим мал өвөлжиж байна” гэж мэдээлсэн. Улсын онцгой комисс зудтай байгаа тэдгээр аймагт төсвөөс тодорхой хэмжээний тусламж үзүүлэхээр болсныг мөн мэдээлж байсан. Үүнээс гадна Улаан загалмайн нийгэмлэгээс зудын голомтод байгаа малчдад бэлэн мөнгө, хувцас, хүнс тэжээл олгохоор болсон байна. Эхний ээлжинд 300 сая төгрөгийг Олон улсын Улаан загалмайн хорооноос зудад өртсөн, өндөр эрсдэлтэй өрхүүдэд олгохоор шийдвэрлэжээ. Мөн Английн улаан загалмай нийгэмлэг 140 орчим сая төгрөгийн тусламжийг зургаан аймагт үзүүлэхээ мэдэгдсэн байна.

Эдгээр тусламжийг олгохдоо 400 орчим өрхөд нь бэлэн мөнгө, үлдсэн 1200 орчим өрхөд гэр, дулаалга, туурга гэх мэт шаардагдах эд материалыг нь өгөх аж. Мөнгө тараахдаа тухайн өрхийн нэг хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийг ХААН банкаар дамжуулан олгохоор болжээ.

Categories
мэдээ нийгэм

Нуруу нь өвддөг хүмүүст өгөх энгийн зөвлөгөө

Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч нурууны өвдөлт үүсдэг байна. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдан улмаар булчин шөрмөсний чангарал нь нуруу өвдөх шалтгаан болдог аж.

Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны хавдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу өвддөг байна.

Нуруу, нугасны эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэгт өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул. Тухайлбал, хүзүүний нугаламын өвчний үед нуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх сулардаг байна.

Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлбэл таны нуруу өвдөхгүй байх боломжтой.

Нурууны өвдөлтөөс сэргийлэх энгийн аргууд:

• Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй бай.

• Утсаар ярихдаа чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу өвддөг.

• Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.

• Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.

• Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлдөг.

• Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны өвчний эх суурийг тавьдаг.

• Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.

• Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.

• Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.

• Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.

• Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.

• Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө өвдгөөрөө гуянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.

• Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.

• Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд өвдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.

• Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.

• Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.

• Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.

Нурууны өвдөлтийг эмчлэхэд эмийн эмчилгээнээс гадна эмийн бус физик эмчилгээ, биеийн тамирын дaсгал үр дүнтэй аргад тооцогдож байгаа. Эмийн эмчилгээ нь тухайн үедээ өвчин намдаах, булчин суллах үйлчилгээ үзүүлээд л өнгөрнө. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн. Үүнд нурууны сунгалтын болон булчин чангалах дасгал байна.

Бэлтгэсэн: Г.Сайнбилэг