Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан Ерөнхийлөгч үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны ээлжит сонгуультай холбогдуулан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэдээ!

Хүндэт сонгогчид оо!

Манай ард иргэд, сонгогчид төрд төлөөллөө сонгох хариуцлагатай цаг мөч ойртон ирлээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийн бэлтгэл жигдэрч, нэр дэвшигчид тодорлоо. 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс энэ сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сунгаа албан ёсоор эхэллээ.

Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Улсын Их Хуралд болон нийслэл, аймгийн иргэдийн хуралд зөвхөн нэр дэвшигчийг сонгоход оршиж байгаа юм. Таны сонголт ирэх дөрвөн жилд Монгол Улс бүхэлдээ мөн аймаг нийслэл бүртээ ямар бодлого, ямар үнэт зүйлийг баримталж ажиллахад шийдвэрлэх нөлөөтэй байх болно. Таны бүрэн эрх олгосон хүн л тэнд ажиллана. Таныг төлөөлж чухал чухал шийдвэр гаргахад оролцоно. Энэ сонгуулиар бүрэн эрх нь эхлэх УИХ, ИТХ-ын бүрэлдэхүүнд юу ус агаар шиг дутагдаж байгааг сонгогч Та сайн мэднээ.

Монголын төрд хуулийг дээдэлдэг, өндөр ёс зүйтэй, хариуцлага хүлээх чадвартай элч төлөөлөгч нэн хэрэгтэй болсныг Та сайн харж байгаа. Ард түмний нийтлэг эрх ашигт, яг Таны хүсэн хүлээж байгаа тэр үнэт эрх ашигт үйлчлэх тийм гишүүн бас тийм төлөөлөгчийг Та олж сонгож чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй.

Иргэд сонголтоо үргэлж итгэж хийдэг. Харин Таны сонгосон хүмүүсээс Таны итгэлийг эвдсэн бол Та хариуцлага тооцох эрхтэй. Тэр алтан цаг мөч, тэр ховор боломж одоо л Таны мэдэлд орж ирж байна. Би өмнө нь иргэдийг өөртөө илүү боломж, илүү оролцоо, харин төрөөс илүү хариуцлага, илүү ёс зүй шаардаарай гэж хэлж байсан. Одоо ч энэ үгээ давтаж байна.

Сонгогч Таны сонголтоо хийх хугацаа өдөр өдрөөр ойртож байна. Сонгуулийн хугацаа ч урт биш.Та энэ 6 дугаар сарын 29-ний өдөр саналаа өгнө. Иймээс сонгуулийн бүх үед сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Нэр дэвшигч бүр хуулиа чанд мөрдөж, өөрсдийн нэр төр, хүний ёс журмыг эрхэмлэж шударга өрсөлдөөрэй. Эвийг хичээж, бүтээлч үйлс, бодлого зорилгоо урьтал болгоорой.

Монгол Улс зөвхөн сонгуулиар амьдардаг улс биш. Гэхдээ ирэх жилүүдийн улс орны ажил амьдралд энэ удаагийн сонгууль маш чухал үүрэгтэй. Сонгуулийн маргаашаас эхлээд л нүүр тулах олон асуудал шийдлээ хүлээж байна.

Монгол Улс, Монгол төрийн ажил амьдрал тасралтгүй үргэлжлээд л явна. Өнөө цагт тулгамдаж байгаа хүндрэлийг өнөө үеийнхэн үүрээд, шийдээд л явах ёстой. Ачааны хүндийг халшрахгүй үүрэх тийм хүмүүсийг манай сонгогчид олж сонгоно гэдэгт би итгэж байна.

Монгол түмний ажил үйлс, буян заяа үргэлж өөдрөг байг ээ.

Иргэд, сонгогч Та бүхний сонголт мэргэн байг ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *