Categories
мэдээ нийгэм

2016 онд ХДХВ-ийн халдвараар зургаан хүн нас баржээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын 218 тохиолдол бүртггэлтэй байдаг юм байна. Гэхдээ бүртгэлтэй хоёр хүний ард гурван оношлогдоогүй хүн бий гэж тооцоолохоор энэ тоо 457 болж байгаа аж. Насны хувьд 15-49 насныхан байгаа ажээ. Харин ХДХВ/ДОХ-ын халдварын улмаас нас барсан тохиолдол 35 бүртгэгдсэн байна. Албаныхны мэдээлж буйгаар нийт тохиолдлын 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ мэдээллээр ДОХ-ын халдварыг 20 насанд нь оношлож, эмчилгээнд хамруулснаар 71 наслах боломжтой гэдгийг баталжээ.

Харин эрт оношилж, эмчилгээнд хамруулж чадаагүй бол 42 насална гэх тооцооллыг гаргасан байна. Гэтэл Монгол Улсын хувьд ДОХ-ын халдвар авсныг илрүүлснээс хойш 20 жил амьдарч буй нэг л хүн байгаа аж. Энэ нь халдвар авсныг илрүүлснээс хойш хамгийн удаан амьдарч байгаа тохиолдол юм. 2016 онд зургаан хүн ДОХ-ын халдвараар хорвоог орхижээ.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан “Зарим иргэд ДОХ-ын халдвартай хүн гэхээр муу хувцастай, уруу дорой, өөрсдөөс нь огт өөр хүн байх мэт санадаг. Гэтэл ДОХ-оор хэн ч халдварлах эрсдэлтэй. Тиймээс хамгийн гол нь жил бүр шинжилгээнд хамрагдаж хэвших нь чухал байна” гэсэн юм.

“ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд бэлгийн хавьтлын үед бэлгэвчийг тогтмол хэрэглэх нь 85 хувь хамгаалдаг. Эрүүл мэнддээ анхаарч, зовиур илрэхгүй байсан ч жил бүр ДОХ/ХДХВ болон бусад шинжилгээг өгч хэвших нь эрсдлээс өөрийгөө хамгаалах хамгийн том гарц” гэдгийг эмч нар онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *