Categories
гадаад мэдээ

Москвагийн төвд дэлбэрэлт болжээ

Москва хотын төвийн автобусны зогсоолд дэлбэрэлт гарсны улмаас дөрвөн хүн хэлмэгдсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэлжээ. Покровка гудамжны нийтийн тээврийн зогсоолд гар хийцийн тэсрэх төхөөрөмж дэлбэрчээ. Хууль хяналтынхан хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Дөрвөн хүн дэлбэрэлтэд нэрвэгдсэнээс гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Иранд гахайн томуугаар 33 хүн нас баржээ

Ираны зүүн өмнөд хэсгийн мужид гахайн томуу өвчнөөр 33 хүн нас баржээ. Пакистантай хил залгаа Ираны Систан-Балучистан мужид таван хүн, Керман мужид 28 хүн гахайн томуугаар нас барсан байна. Эдгээр мужид сүүлийн гурван долоо хоногт өвчний халдвар хурдацтай тархсан бөгөөд цаашид илүү олон хүн өвчлөх магадлалтай байгаа гэнэ. Одоогийн байдлаар гахайн томуугаар өвчилсөн 600 орчим хүнийг эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа аж.

Гахайн томуу өвчнийг үүсгэгч “H1N1” вирус анх 2009 онд Мексикт бүртгэгдэж, олон улсад хурдан халдвар тархсан юм.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад амьдарч буй 160 мянган иргэн нийгмийн даатгалд хамрагдана

Нийгмийн даатгалын ерөнхий газар Төрийн банк хамтран гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулахаар болжээ. Энэ талаараа өнөөдөр НДЕГ-ын хурлын танхимд олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

Анх 2006 онд манай улс БНСУ-ын Засгийн газартай хамтран солонгос улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудыгаа нийгмийн даатгалд хамруулж байжээ. Ингэж хамруулахад улсын нийгмийн даатгалын санд нийтдээ 1 сая гаруй доллар хуримтлуулдаг байна. Харин энэ удаад 38 улсад амьдарч буй 160 гаруй мянган иргэнийг цахимаар нийгмийн даатгалд хамруулахаар тооцжээ. Ингэснээр нийгмийн даатгалын санд 10 гаруй сая доллар хуримтлагдах тооцоо гарсан гэдгийг хурлын үеэр НДЕГ-ын дарга Уртнасан онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Шийлэгдамба энгийн тасаг руу шилжжээ

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамба өнгөрсөн баасан гарагийн шөнө Цагдан хорих 461 дүгээр ангиас Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн гэдэг. Тэрээр зүрхний эмгэгтэй бөгөөд сар гаруйн хугацаанд цагдан хоригдохдоо биеийн байдал нь эрс муудсан ажээ. Иймээс түүнийг тус эмнэлэгт хүргэсэн юм.
Тэгвэл Г.Шийлэгдамба өчигдөр сэхээн амьдруулах тасгаас гарсан байна. Өөрөөр хэлбэл, биеийн байдал нь сайжирч, энгийн тасагт эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа гэнэ. Түүнтэй ар гэрийнхнийг нь уулзуулахгүй байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх шийдвэр гаргажээ

Өнгөрсөн 2013 оны долоодугаар сарын 15-ны өдрийн Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгон өөрчилсөн. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхээр багагүй хөөцөлдсөн байдаг. Тус намын залуус нэгдэн Сүхбаатарын талбайн нэрийг сэргээхээр шүүхэд хандсан юм. Тэгвэл өчигдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарч “Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгож өөрчилсөн нь буруу” гэх шийдвэрийг гаргасан байна. Тиймээс нэрийг нь сэргээж Сүхбаатарын талбай болгон нэрлэх ёстой гэжээ. Ямартай ч анхан шатны шүүхийн шийдвэрээр одоогийн Чингисийн нэрэмжит талбайг буцаад Сүхбаатарын талбай хэмээн нэрлүүлэх шийдвэр гарлаа. Харин анхан шатны шүүхийн тус шийдвэрийг хүлээж авахгүй гэвэл зохих тал 14 хоногт багтаан давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй юм.

Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулийн ажлын хэсэг мэдээлэл хийнэ

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ намрын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс өнөөдөр Хууль зүйн байнгын хороонд тайлангаа танилцуулах юм байна.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 2000 орчим иргэн хамрагдсан гэх мэдээлэл бий ч ажлын хэсгийнхэн нарийвчилсан тоо баримтыг өнөөдөр олон нийтэд өгөх аж.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Төв талбайн сүлд модыг засч эхэллээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байна. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд жил бүр сүндэрлэдэг сүлд модыг засч эхэллээ. Сүлд модны гэрлийг энэ сарын 15-ны өдөр асаах төлөвлөгөөтэй байгаа юм. Харин 12 дугаар сарын 31-ний үдэш Чингисийн талбайд нийслэлчүүд шинэ оноо угтах баярын цэнгүүн болно.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл Абдул Каримд ил захидал илгээжээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авахаар болоод байсан ч энэ шийдвэрээсээ татгалзаж байгаа Абдул Каримд хандаж ил захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа “Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломжтой” гэдгийг онцолжээ.

Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын иргэн Абдул Карим Забон танаа

Эрхэм Абдул Карим Забон танд энэ өдрийн мэнд хүргэе.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 13/48 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 29 дүгээр тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн билээ. Үүний дагуу 2015 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр нээлттэй болсон дуудлага худалдаагаар энэхүү барилгыг Монгол Улсын иргэн Абдул Карим Забон та 24 тэрбум төгрөгөөр үнэлж, худалдан авахаар болсон.

Гэвч хэвлэх үйлдвэрийн барилгыг хувьчилж авахаасаа татгалзаж, гэрээгээ цуцлахаар шийдсэнээ мэдэгджээ. Чухам таны шийдвэрийг юу ингэж өөрчилснийг мэдэхгүй юм. Хэрэв цахим сүлжээгээр тархсан элдэв үг яриа, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн олон талын байр суурь таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бол туйлын харамсалтай байна.

Монгол Улс бол ардчилсан орон. Хүн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь хуулиар баталгаажсан улс. Иргэд нь хэн нэгний харцаар 100 хувь нэг байр суурь илэрхийлдэг, эсвэл санаа бодлоо хэлэхээсээ айж эмээдэг дарангуйллын нийгмээс хэдийнэ ангижирсан эрх чөлөөт орон.

Хүн төрөлхтөн интернэтийн эрин зуунд амьдарч, хүмүүс цахим сүлжээнд хэнээс ч хараат бусаар оршин байж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг болсон байна. Нэрээ нууж, нүүрээ халхавчилсан хэн ч, юу ч хамаагүй ярих, хэлэх эрхийг “сошиал сүлжээ” л хүмүүст олгожээ. Магадгүй цахим ертөнцөд сэтгэцийн хувьд эрүүл бус, террорист, фашист, коммунист, нацист үзэлтнүүд ч цөөн хэсгийг бүрдүүлж байхыг үгүйсгэхгүй. Тэд юу бодсоноо хэлнэ, баримталж буй байр суурь нь хичнээн ичгүүр сонжуургүй байлаа ч илэрхийлнэ. Энэ бол зөвхөн монголчуудад илрээд буй “өвчин” бус дэлхий нийтээрээ ийм цаг үетэй нүүр тулсан байна.

Өнөөдөр Монгол Улсад цахим сүлжээнд “амьдрагсад” найз, нөхөд, энгийн иргэнээс эхлээд Ерөнхийлөгчөө хүртэл элдвээр хэлж, заналхийлнэ. Хотын дарга миний хийж буй ажил, явуулж буй үйл ажиллагааг шүүмжилнэ, харлуулна. Гэвч энэ бол ардчилсан улсад хорьж, цагдаж болохгүй эрх чөлөөний л нэг.

Хэрэв өмчтэй болсны төлөө танд ямар нэгэн байдлаар бодит заналхийлэл, дарамт шахалт ирсэн бол хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулах боломж бий. Учир нь Монгол Улс иргэдээ яс үндэс, гарал угсаа, хөрөнгө чинээ, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй гэдгээ Үндсэн хуулиараа тунхагласан билээ. Тиймээс ардчилсан Монгол Улсын иргэн төдийгүй Монгол Улсад бизнес эрхэлж буй гадаадын иргэдийн хэний ч эрх, эрх ашиг хуулиар хамгаалагддаг гэдгийг танд хэлмээр байна.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
Э.БАТ-ҮҮЛ

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР: МоАХ-ны анхдагчдын түүхэн гавьяаг мөнхжүүлэх арга хэмжээ болно

09.00 цагт: Онцгой байдлын ерөнхий газарт Монгол Улсын Засгийн газраар батлагдан Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр”-ийн хаалт болно. Утас: 99007969, 262073


09.00 цагт: “Хүний эрхийн Үндэсний байгууллага – Иргэний нийгмийн түншлэл” ээлжит 11 дэх уулзалт “Бишрэлт” зочид буудлын “Рояал” хурлын танхимд болно. Утас: 88026226, 262902


10.00 цагт: “Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан уулзалт Автотээврийн үндэсний төвийн Хурлын зааланд болно. Утас: 86063600


10.00 цагт: Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан “Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран “Ил тод байдал, хариуцлага, авлигын эрсдэл 2015 онд” иргэний нийгмийн уулзалтыг Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99234856, 99163272, 99091215


10.00 цагт: Авлигын эсрэг олон улсын өдрийн хүрээнд Шударга ёс, Иргэний зоригийн “Transparency Award 201″5 шагналыг нэрт сэтгүүлч Л.Болормаа агсны гэр бүлийнхэнд гардуулах арга хэмжээ Нээлттэй нийгэм хүрээлэнд болно.


11.30 цагт: Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 150 хүүхдийн ортой 224 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99716650


11.30 цагт: Үндэсний түүхийн музейд сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын “Цаасан хөрөг” номын нээлт болно. Утас: 91915340, 99099710, 88111315


12.00 цагт: Төрийн ордны Баганат танхимд дэлгэгдсэн “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” гэрэл зургийн үзэсгэлэнг УИХ дахь АН-ын бүлгийн бүх гишүүн үзэж сонирхоно. Энэ үеэр орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар гишүүд мэдээлэл өгөх юм. Утас: 99032935


12.00 цагт: МоАХ-ны анхдагчдын түүхэн гавьяаг мөнхжүүлэх арга хэмжээ Үндэсний түүхийн музейд болно. Утас: 96071050


14.00 цагт: Долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулдаг ГХЯ-ны “Мэдээллийн цаг” хурал тус яамны “Зөвшилцөл” танхимд болно. Утас: 89010515, 88080619

Categories
мэдээ цаг-үе

Хошууч генерал О.Отгонжаргалынд хууч хөөрч өнжлөө

“Буурал ах нь мөрдэстэй хувцаснаасаа салахгүй явсаар нэг л мэдэхэд 72 жил болчихсон байна. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрсөн байна шүү. Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө энэ биеэ сэтгэл зүрхнээсээ зориулж чадсан хүн гэж өөрийгөө боддог. Төрийн хайр хишгийг ч харамгүй хүртлээ. Хүн болгонд олдоод байдаггүй генерал цолоо Ю.Цэдэнбал даргаас авсан минь өндөр их хувь тавилан юм шүү” гэж хошууч генерал О.Отгонжаргал гуай ярьж байна лээ. Өдгөө 90 насны босгыг шүргэж яваа Монголын хууль хяналтын байгууллагын амьд түүх буурал генералын гэрт энэ удаад өнжлөө. Отгоо генералынх Чингэлтэй дүүргийн “Тэнгис” кино театрын ардхан талын таван давхар цагаан байранд энгийн сайхан аж төрдөг юм байна. Генерал цол авах үед нь улсаас гурван өрөө байраар шагнаж байжээ. Тэр байрандаа өнөөг хүртэл амьдарч байна.

О.Отгонжаргал генерал биднийг очих үед том өрөөнийхөө буйдан дээр зээнцрүүдээ тойруулаад суучихсан Токиогийн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнийг үзэж байв. Биднийг бямба гаригт очно гэсэн болохоор хүлээгээд сууж байгаа нь энэ аж. Отгоо генерал зээ охин Ш.Золжаргалдаа “Сэтгүүлчид ирж манай өнжинө гэсэн шүү. Хоол унд бэлдээрэй” гэж биднийг ирэхээс цаг гаруйн өмнө гэнэт хэлсэн гэнэ. Үүнээс болоод гэрийнхэн нь сандралдаж гүйлдээд хоол цай бэлтгэх, хоёр хүүхдийнхээ өрөөгөөр нэлэнхүйд нь тарааж орхисон тоглоомыг эмхэлж цэгцлэх гээд хэрэндээ л сандралдан гүйлдсэн гэнэ. Өнжиж буй айлын гэрийн эзэн аль нутгийн уугуул вэ гэдгээс сурвалжлага маань эхэлсэн юм.

Нийслэл хүрээг зорьсон түүх

О.Отгонжаргал генерал тэр үеийн засаг захиргааны нэршлээр Түшээтхан аймгийн Дарханчин вангийн хошуу Хүүхэн хутагтийн нутагт төрсөн гэнэ. Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын зургадугаар багийн нутаг Галтай булнайн Ташгайт хэмээх газарт 1928 онд төрсөн аж. Түүнийг дөрвөн настай байхад ээж М.Лхам нь бага дүү О.Цэрэндондовыг нь төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээр амь насаа алдсан байна. Аав нь Осор гэж лам байгаад дүүг нь гарахаас өмнө нас барсан байж. Ингээд эгч О.Түмэндэлэг, ах О.Сэрдарь, дүү О.Шагдаррагчаа, ээжээсээ төрөөд удаагүй байгаа улаан нялзрай дүү О.Цэрэндондов гээд таван хүүхэд гэртээ өнчин хоцорсон байна. Азаар Мөнгөнморьт сумын дархан Даржаа гэх үр хүүхэдгүй буриад айл тэднийг өргөж авч гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн байна. Дархан Даржаагийнд бага дүүгээ үлдээгээд 11 настай О.Отгонжаргал ах О.Сэрдарийнхаа араас нийслэл хүрээ буюу Улаанбаатар хотыг 1939 онд зорьжээ. Ах нь дүүгээ үлгэр жишээ III бага сургуульд оруулсан байна. Тэр үед III бага сургууль одоогийн хуримын ордны суурин дээр хөндлөн дүнзэн байшинд байрлаж байжээ. Тэрбээр дөрвөн жил эрдэм номын мөр хөөж бага сургуулиа амжилттай төгсчээ. Сургуулиа төгөөд удаагүй байтал “Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулсан Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд хүүхэд элсүүлэн авч байна. Гэхдээ малчин, цэргийн хүүхдүүдийг авч байгаа гэнэ” гэж хүнээс сонсчээ. Тэгээд хотын захиргааны байр руу ангийнхаа хүүхэдтэй хамт очиж Цэргийн хэлтсийн даргын өрөө рүү шууд яваад орсон гэнэ. Цэргийн хэлтсийн дарга тэднээс шалгалт авч, зохион бичлэг бичүүлж, хэл найруулгыг нь үзээд шууд тэнцүүлчихсэн байна. Ингээд Офицерийн сургуульд орж газар газраас ирсэн олон хүүхэдтэй нэг ангид орж, бүгд л цэргийн дарга болох мөрөөдөлтэй байж. Гэтэл өнөөх том мөрөөдөлтэй хүүхдүүдээр ногоо ялгуулж, ойр зуурын юухан хээхэн хийлгээд эхэлж. Хүүхдүүд ч эхнээсээ шантарч зарим нь гэрээ санаад уйлж байсан аж. Багш нар нь нэг өдөр “Манай сургууль дээр Маршал Х.Чойбалсан тэргүүтэй нам, засгийн удирдлагууд хүрэлцэн ирэхээр болсон” гэж хэлжээ. Х.Чойбалсан тэргүүтэй дарга нарыг угтан авах ажил хийгдэж сургуулийн ойр орчмын замыг засч, чулууг нь түүж, жалга гуу газрыг чулуу, шороогоор дүүргэж машиныг нь донслуулахгүйгээр явуулах арга хэмжээ авсан байна. Удалгүй Х.Чойбалсан, жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа, Ю.Цэдэнбал, Бумцэнд нар ирцгээжээ. Маршал Х.Чойбалсан “Монголд цэргийн дарга бэлтгэж байгаа. Та нар энэ сургуульд өөрсдийн хүсэл сонирхлоор орсон биз дээ. Та нар Монголын цэргийн морьт салааны дарга нар болно” гэж хэлчихээд яваад өгсөн. Ингэж л цэргийн хүн болж байсан түүхтэй хэмээн тэрбээр бахдангуй ярив.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд байж байтал ах О.Сэрдарь нь ирээд “Чи ер нь Дотоод явдлын яаманд ажилд ор” гээд ажилд оруулчихсан гэнэ. Ингээд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерууд ба Хорих ангиудын удирдах газрын Санхүүгийн хэлтэст данс хөтлөгчөөр 1947 онд орж, ажлын гараагаа эхлүүлсэн байна. Ингээд 1950 онд Бороогийн алтны уурхай буюу мянга гаруй хоригдолтой алтны лагерт томилогдон очсон гэнэ. Алтны онцгой лагерийн Улс төрийн орлогч гэсэн албан тушаал дээр 22 настай залуу очиж байжээ. Тэнд хоригдлуудыг хүчээр хүдэр ухуулж, алт гаргаж авдаг байсан аж. Мянга гаруй хоригдол дунд улс төрийн хэрэгтэй, Японы тагнуул байсан, яс цоожинд сууж байсан гээд дандаа хүнд хэрэгтэй хүмүүс байсан гэнэ. Тэнд ажилласан гурван жилийн хугацаандаа улсад их хэмжээний алт тушааж байсан нь түүний ажлын бас нэгэн үр дүн гэнэ. Алтны онцгой лагерийн удирдах ажилтнуудыг генерал Дүйнхоржав хүлээж авч “Та бүхэн алт олборлох ажлыг 304 хувиар биелүүлсэн байна. Тиймээс төлөвлөгөөний биелэлтээс илүү гарсан алтаа маршал Х.Чойбалсанд өөрсдөө үзүүл гэжээ. Ингээд 50 килограмм сорьц өндөр шижир алтыг гулдмай болгоод Х.Чойбалсанд үзүүлж байжээ. Маршал тэдэнд “Хэдийгээр ЗХУ-д дайн дуусаад удаагүй байгаа ч та бүхний төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн 50 килограмм алтаар 500 машин авч болох юм байна” гэж хэлээд улсын фондод тушаалгаж байжээ. Алтны лагераасаа Дотоод яамны Эвлэлийн хорооны дарга болж албан тушаал дэвшээд эргэж Улаанбаатар хотод ирсэн байна. Ажилдаа томилогдоод удаагүй байтал Жанчив сайд түүнийг дуудаж уулзаад Цэрэг ба нийгмийн аюулаас хамгаалах яамны Гал түймрээс сэргийлэх хэлтсийн орлогч даргаар гэнэт томилсон байна. Тэндээсээ 1956 онд Ленинград явжээ. Тэндээ галын сургуульд суралцаж, төгссөн байна. Сургуулиа төгсөж ирээд Төв гал командын даргаар томилогдон ажиллажээ. 1964 он хүртэл Галын хэлтсийн даргаар ажиллаж байтал Ж.Авхиа генерал түүнийг Цагдаагийн сургуульд алтан Москва руу явуулах шийд гаргачихсан байсан гэнэ. ЗХУ-д мөн л дөрвөн жил Цагдаагийн сургуульд суралцаад эх орондоо иржээ. Сургуулиа төгсөж ирээд долоо хоноогүй байтал түүнийг Ю.Цэдэнбал гэнэт дуудуулсан гэнэ. Ингээд Ю.Цэдэнбал даргын өрөөнд яваад ортол улс төрийн товчооныхон бүгд сууцгааж байж. Ю.Цэдэнбал “Нөхөр минь, чамайг хөдөө, орон нутагт томилохоор болсон” гээд Хэнтий аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн дарга болгон томилжээ. Ингээд Цагдаагийн сургууль төгссөн хүн тагнуулч болоод Хэнтий аймаг руу явсан байна.

Ажлын гараагаа эхэлсэн газраас амьдралын ханиа олжээ

Биднийг ийн ярилцаж байх зуур Отгоо генералын зээ охины хүүхдүүд болох Н.Чинхүслэн, Н.Анударь нар өрөөнөөс өрөө дамжин гүйлдэж тоглоно. Ээж, аав нь тэднийг томоотой бай гэж байгааг ойлгож байгаа шинж алга. Дүү нь ахынхаа тоглож байгаа тоглоомыг заавал авна гэж уурлаад, тэр хавьд багахан дайн дэгдэх ажээ.

Гэрийн эзэд үхрийн мах чанажээ. О.Отгонжаргал генералын зээ охины нөхөр Ж.Наранбаатар Архангай аймгийнх гэнэ. Саяхан өвлийн идшээ нутгаасаа бэлдээд иржээ. Биднийг ийн хуучилж суутал хүний их эмч Туваан гуай орж ирэв. Туваан эмч Дархан хотын Эргүүл хамгааллын газрын даргаар ажиллаж байхдаа О.Отгонжаргал генералтай танилцаж байсан гэнэ. Хан-Уул дүүрэг XIX хороололд олон жил нэг байранд амьдарч байжээ. Туваан эмч сардаа нэг тэднийхээр зочилж хуучилж байгаад явдаг байна.

.Отгонжаргал генералын эхнэр Н.Долгорсүрэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынх гэнэ. Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерт ажилд ороод удаагүй байхдаа тэд танилцаж байжээ. 20 настай, үсээ хоёр салаа самнасан охин Бороогийн алтны уурхайн засан хүмүүжүүлэх газрын бичээчээр томилогдон ирж байсан аж. Ажлынхаа гарааг Бороогийн алтны уурхайгаас эхлүүлж байсан тэд насан туршийн амьдралын хань болсон бие биенээ олсон байна. О.Отгонжаргал, Н.Долгорсүрэн нар 1950 онд гал голомтоо бадрааж байжээ. Том охин О.Энхтуяа нь 1955 онд төрсөн байна. Харин бага охин О.Эрдэнэцэцэг нь 1962 онд төржээ. Тэд амьдралынхаа 60 орчим жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Одоогоос есөн жилийн өмнө гэрийн эзэгтэй Н.Долгорсүрэн бурхан болсон гэнэ. О.Отгонжаргал генерал “Миний хань төрийн олон байгууллагад ажиллаж байсан. Бороогийн алтны уурхай, Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Үйлдвэрлэл хоршооны даргын нарийн бичиг, Намын төв хорооны бичиг хэргийн ажилтан, Хэнтий аймгийн намын хорооны нэгдүгээр даргын туслах, Барилгын яамны сайд О.Телейханы туслахаар арван жил ажилласан байдаг юм. Олон жил амьдралын минь ар талд баттай зогсож байсан. Ажил гэж хэнхэглэж явах үед амьдралыг минь авч явж байсан юм шүү дээ” хэмээн ярьж байна лээ.

БНХАУ-ын маршал Лянь Бяогийн онгоцны сүйрлийн ажлын хэсгийг ахалсан гэнэ

О.Отгонжаргал генералыг Хэнтий аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн даргаар томилогдож очоод удаагүй байхад БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяогийн сууж явсан “Трайдент” онгоц сүйрч байсан билээ. 1971 онд сүйрсэн онгоцны ослын талаар хөөрөлдлөө. О.Отгонжаргал “Би амралтаа авчихсан Хэнтий аймгийн Дадал сумын гурван нуурын амралтад амарч байсан. Орой унтах гээд амралтын газрын дээгүүр тэнгэрт улаан ногоон гэрэл анивчаад моторч дугуй шиг ёнгиносон дуутай онгоц нисч явсан. Тухайн үед ямар сонин дуутай онгоц вэ” гэж бодогдоод ороод унтсан гэнэ. Өглөө эрт Дадал сумын зар хүргэгч ирээд “Аймгаас онгоц ирж байгаа. Таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна” гэсэн. Тэгээд онгоцны буудал дээр ирэхэд нисэгч Жигжид гуай ирчихсэн, “Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой. Таныг аваад ир” гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу нисч хүрсэн. Хоёр талдаа мотортой “ИЛ-14” онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. Би ч “Сая сүйрсэн онгоцон дээгүүр эргээд ирлээ. Өндөрхаанаас 70 гаруй километрт, Бэрхийн уурхайгаас 14 километрт Суваргын хөндийд онгоц сүйрчихсэн байна” гэж илтгэхэд нөгөөдүүл чинь “Бид газар дээр нь үзнэ. Тэр газарт онгоц буудаг уу?” л гэж байна. Нисэгч Жигжид гуайгаас асуухад өмнө нь онгоц бууж байгаагүй газар гэнэ. Тэгсэн Эрдэнэбилэг дарга “Чи өөрөө дахиж яв. Амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ” гэсэн утгатай юм хэлж байна. Би ч цэргийн хүн учраас “Гүйцэтгэе” гээд л Жигжид гуайтай ниссэн. Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан, олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардчихлаа. Осолгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, нөгөөдүүл ч очиход хүлээж ядсан байртай уралдаж гүйх нь холгүй онгоцонд чихэж суугаад хэргийн газар ирсэн. Найман эрэгтэй, нэг эмэгтэй нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Чухам ямар хүмүүс гэдгийг бүү мэд. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа болон бусад эд мөрийн баримтаас Хятадын цэргийн онгоц байна гэдгийг ойлгосон. Мөн автомат болон гар буунууд олсон. Уг нь онгоц зургаан хүний суудалтай ч есөн хүн байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чисчүүн торгомсог костьюмтой эмэгтэй байсан. Тухайн үед хэн гэдгийг мэдээгүй. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лин Бяо, эхнэр, хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн” хэмээн ярив. Онгоц сүйрсэн газарт үзлэг шинжилгээ хийж дуусаад цогцоснуудыг тэнд нь оршуулж байсан гэнэ. ЗХУ-ын шинжээч нар онгоцны хайрцаг болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяогийн толгойг тасдаж аваад явж байсан гэнэ. Онгоцны хар хайрцагт онгоц юунаас болж осолдсон талаарх баримт байдаг ч одоог хүртэл хойд хөршийнхөн ослын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон, зэвсэгт үймээн зохион байгуулсан, өөрийн Төв хороо бий болгохыг хүсч хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу нисч яваад Монголд унаж сүйрсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Онгоц юуны учир сүйрсэн болох нь одоо хүртэл тодорхойгүй байдаг аж. Хэргийн газарт ажилласан О.Отгонжаргал генералаар ахлуулсан багийнхан онгоц газардах гэж байгаад зүүн далавчаараа газарт мөргөж тэндээсээ гал авалцан сүйрсэн байж магадгүй гэж үздэг аж.

Энгийн хувцастай очоод генерал цолоо авчээ

Хэнтий аймгаас Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга болон дэвшжээ. Тэр үед нийгэм тайван байсан болохоор хүн амины хэрэг жилдээ гарын таван хуруунд багтахаар цөөн тоотой гардаг байсан гэнэ. Хулгайн гэмт хэрэг зонхилж гардаг байсан аж. Улаанбаатар хотын Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед Далай лам Монголд ирэх болжээ. О.Отгонжаргал генерал ч Далай ламын аюулгүй байдлыг хангах ажлыг бүрэн хариуцсан байна. Төрийн талаас хамгаалалт хийх үүрэг авчээ. Тэр үед Хятад, Түвдийн харилцаа таагүй байсан болохоор янз бүрийн халдлага ирж магадгүй хэмээн далай ламыг хамгаалах ажилд улсаас онцгой анхаарсан байна. Далай ламыг ирэх сургаар иргэд мөргөж адис авах ёстой. Сүсэгтэн олон далай ламд мөргөхөөр дугаарлаж зогсохдоо үймээн дэгдээж магадгүй учир О.Отгонжаргал ийм арга сүвэгчилжээ. “Сүсэгтэн олныг мөргүүлнэ гэвэл хэдэн мянган хүн дугаарлаж зогсоно. Тиймээс энэ ажил бүтэхгүй. Тэгэхээр далай ламыг Гандангийн төв хаалганы тэнд зогсоож дун бүрээ үлээдэг өндөр дээрээс үг хэлүүлсэн нь дээр” гэх санааг гаргаж хэрэгжүүлжээ. Далай ламыг Гандан дээр ирж үг хэлж арвай будаа цацах үед сүсэгтэн олон ширхэг будаа олж авахын тулд бужигнаан болж байсан аж. Далай ламын ах Норов гэж хүн АНУ-аас дүүтэйгээ уулзахаар Монголд ирээд байхад нь хүртэл “Гадны хүнтэй уулзуулахгүй” гээд оруулалгүй буцааж байсан гэнэ. Далай ламын ах оройны хүлээн авалтан дээр дүүтэйгээ уулзаад цагдаа нар “Чиний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллаж байгаа” хэмээн онцлон хэлж байжээ. Далай лам 1979 оны тавдугаар сард Монголд ирчихээд буцаад хоёр сар болоогүй байсан үе гэнэ. Цагдан сэргийлэх газрын үүдний жижүүрт “Отгонжаргал хурандааг Ю.Цэдэнбал даргын өрөөнд яаралтай дуудаж байна” гэсэн хэл иржээ. Тухайн үед энгийн хувцастай явж байсан гэнэ. Ямар учиртай дуудаж байгааг мэдэх боломжгүй. Гэртээ хариад хувцсаа солиод өмсөх гэхээр төрийн тэргүүн хүлээлгэчих болоод байхаар нь энгийн хувцастайгаа шууд яваад очжээ. Жигжид сайд Ю.Цэдэнбал даргын үүдэн дээр зогсчихсон их л ууртай байна гэнэ. “Ямар их хүлээлгэдэг юм бэ, чи. Чамайг дарга нар зөндөө хүлээлээ” гээд л загнаж гарсан байна. Ингээд Ю.Цэдэнбал даргын өрөөнд яваад ортол улс төрийн товчооныхон бүгд сууцгааж байж. Тэгсэн Ю.Цэдэнбал “Нөхөр хурандаа О.Отгонжаргалд хошуу генерал цол олгосугай” гээд шууд генерал цолыг нь өгчихсөн гэнэ. Ямар учиртай дуудсаныг мэдээгүй энгийн хувцастай очсон О.Отгонжаргал хурандаа 1979 онд БНМАУ-ын 68 дахь хурандаа болж байсан түүх ийм ажээ.

Дандар баатар тарианаас айж, 100 грамм коньякаар Нянтайсүрэн баатрын зүрхийг эмчилж явсан тухай

Халх гол болон Чөлөөлөх дайны үед онцгой гавьяа байгуулж байсан БНМАУ-ын баатруудтай нүүр тулж явсан хүмүүсийн нэг нь О.Отгонжаргал генерал юм. Тэрбээр нэгэн хөгжилтэй түүх бидэнд ярьж өглөө. Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан үед буюу 1973 онд Цэрэг арми сурталчлах ажилд Дандар баатар, “Улаан-Од” сонины эрхлэгч Ж.Ядмаа нартай хамт явах үүрэг ирсэн гэнэ. Дандар баатар наймдугаар дивизийн XVII хороонд хамт байлдаж явсан Доржханд гэх найзыгаа эргэж очихоор явж байгаа нь энэ аж. Аймгийн төвөөс гарч яваад нэг хонож байтал Дандар баатрын бие гэнэт муудаж, хатгаа тусчихсан байна. Хүчтэй ханиалгах бүрт цустай цэр гарч, өндөр хэмтэй халуурсан байна. Ингээд Баян-Адарга суманд иржээ. Эмчид үзүүлтэл “Хатгаа нь хүндэрсэн байна, тариа хийнэ” гэжээ. Гэтэл Дандар баатар ухасхийж босоод “Тариа хийлгэхгүй. Тариа хийлгэхээс үхтлээ айдаг” гээд хавьтуулахгүй байна гэнэ. Гэтэл “Улаан-Од” сонины эрхлэгч Ядмаа “Баатар хүн байж тарианаас айгаад байхдаа яах вэ дээ. Ийм аймхай байж яаж баатар болсон юм бэ” гэж шоолж байсан гэнэ. Дандар баатартай ингэж хөглөж явсны дараахан Халх голын ялалтын 45 жилийн ойгоор Л.Дандар, Д.Нянтайсүрэн, С.Төмөрбаатар Ч.Олзвой, Н.Жамбаа нарын баатруудтай ойн баярын арга хэмжээнд явж байжээ. О.Отгонжаргал генерал баатруудын аюулгүй байдлыг хангаж явсан байна. Баатруудад тусгайлан гэр барьж өгсөн байжээ. Тэгсэн баярын хуралд оролцчихоод гэртээ ирж амарч байтал Нянтайсүрэн баатрын зүрх гэнэт өвдсөн байна. Царай нь хөхрөөд босч чадахгүй болжээ. Хотоос онгоцоор эмч дуудах гэсэнд цааргалаад байсан аж. Яах учраа олохгүй гэрийн гадаа зогсож байтал “Зүрх өвдсөн үед архи уух юм бол судасны хана тэлж зүгээр болдог” гэж оросуудын ярьж байсан нь санаанд оржээ. Ингээд архины эрэлд гарсан гэнэ. Халх голын ойн баяр гээд дэлгүүрт байсан бүх архийг ойн баярт хэрэглэх гээд аваад явчихсан байжээ. Дандар баатрыг таньдаг Халхгол сумынхан дэлгүүрт байсан нэг шил коньякийг аваад ирсэн байжээ. Нянтайсүрэн баатрын бие өвдөөд хэцүүдэж байхад Дандар баатар “Чи Халх голын байлдаанд үргэлж миний дээр албан тушаал хашиж, намайг даргалж байсан. Энд байлдаж гавьяа байгуулсан газартаа тайван нойрс. Ажил явдлыг чинь сайхан хийнэ. Санаа зовох зүйлгүй” гэж хатуухан тоглож байсан аж. Коньяк зуун граммыг өгтөл Нянтайсүрэн баатрын бие зүгээр болж, хорин минутын дараа босоод ирсэн гэнэ. Дандар, Нянтайсүрэн баатрууд Дивизийн дарга байсан Ч.Шаарийбууг эх орноосоо урваагүй талаар ойн баяр болгон дээр хуучлан ярьдаг байсан аж. Дайнд хэрхэн орж байсан хөгжилтэй болон хэцүү үеүдийн талаар дурсан ярьж байсныг О.Отгонжаргал генерал ийн хуучилсан юм.

Бид өдрийг гэрийн эзэнтэй хууч хөөрч өнгөрүүлэв. Биднийг ийн ярилцаж байхад генерал С.Дамдинсүрэн, С.Гомбосүрэн, Хурандаа Өлзийсүрэн, доктор Жамбалсүрэн нар утсаар ярьж байсан юм. Нар баруун тийш хэвийж гадаа бүрэнхий болжээ. Бид ч сурвалжлагаа дуусгаад тэднийхээс гарлаа. О.Отгонжаргал генерал болж өнгөрсөн түүхийг он сар өдөр, цаг минуттай нь ярих нь түүний нас өндөр ч ой ухаан нь гайхалтай саруулыг илтгэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН