Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын дарга Элчин сайдуудыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан Элчин сайд нарт баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүссэн юм. Түүнчлэн энэхүү уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, тогтмолжуулж байгаа нь Европын Холбоо болон түүний гишүүн орнуудын Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл, энэхүү арга хэмжээ нь хоёр талын хамтын ажиллагааны чухал, байнгын механизм болон хөгжиж буйд баяртай байна хэмээн хэллээ.

Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг нь Европын Холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт эрчимжүүлэн хөгжүүлэх явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд, Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын Холбоог “гуравдагч хөрш” хэмээн тодорхойлсон болохыг онцлов. Мөн тэрээр “Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна. Энэхүү харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх хүсэл эрмэлзэл, боломж талуудад бий. Монгол Улсад Европын Холбооны Төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал үүрэгтэй” гэлээ.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн намрын хурал 09 дүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан болохыг уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга дурдсан юм. Түүнчлэн 2016 онд Улаанбаатар хотноо болох Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр чуулган, АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэлд Элчин сайд нарын дэмжлэг чухал болохыг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар болон батлагдсан хууль тогтоол, шийдвэр, хэлэлцэж буй зарим хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын дарга дэлгэрэнгүй танилцуулж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулт өгөв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Европын Холбоо болон түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нар, албаны бусад хүмүүс оролцов.

Categories
мэдээ нийгэм

Махны экспортын хоригийг цуцалжээ

Монгол Улсаас БНХАУ-д Суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр түүхий махны экспортын хоригийг цуцалсан тухай мэдэгдлийг ирүүллээ.

2013 оноос БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамнаас хамтран тогтоосон түүхий махны экспортын хоригийг Монгол Улсын баруун таван аймаг /Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор/-ийн хувьд, тухайлбал, үхэр, хонины маханд тавьсан шүлхийн хоригийг цуцалжээ.

2015 оны 140 дугаартай албан мэдэгдлийг 12 дугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газрын цахим хуудаст албан ёсоор тавьсан байна.

БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яамны шинжээчдийн баг Монгол Улсад хийсэн шүлхийн эрсдлийн үнэлгээгээр Монгол Улсын баруун таван аймгаас үхэр, хонины мах БНХАУ-д экспортлохыг зөвшөөрсөн талаар албан мэдэгдэлд мөн дурдсан байна.

Одоо Монгол Улсаас БНХАУ-д үхэр, хонины түүхий мах экспортлоход хоёр улсын мэргэжлийн байгууллагын хооронд протокол байгуулж, мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээний загварыг баталгаажуулсны дараа хоёр талын худалдаа эхлэх боломж нээгдэх юм.

Албан мэдэгдлийг ЭНД дарж үзнэ үү.

Categories
мэдээ улс-төр

Т.Мурат өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ

Монгол Улсаас БНХАУ-ын Бээжин хотод суугаа ЭСЯ-ны консулын газрын ажилтнууд Монгол улсад нэвтрэх визийг дамлан худалддаг тухай яриа байдаг. Гэтэл энэ хэргийн гардан гүйцэтгэгч, зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн асан А.Мурат ажилладаг байсан мэдээллийг иргэд хууль хяналтын байгууллагад мэдээлжээ.

А.Мурат нь 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон байна. Тэрбээр өөрийн эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг виз олгох ажилд томилжээ. Харин ГХЯ-аас томилсон ажилтнуудыг үйлчилгээний ажилд томилсон байна.

Иргэдийн гомдлын дагуу А.Муратыг хууль хяналтын байгууллагаас шалгахаар болж ажлын өрөөнд нь ороход нь виз дамлах ажлыг эхнэрийн хамт хийж байсан байна. Үйлдэл дээрээ баригдсан тэрбээр шалгалтын явцад захиа үлдээгээд эхнэр С.Кулзада хүргэн дүү С.Сапарбек нарыг дагуулан Казахстан руу зугтаажээ. Тэрбээр захидалдаа “Би сарын дараа эргэж ирнэ” гэж бичсэн байна. Түүний хувьд ирэх 2016 оны сонгуульд Баян-Өлгий аймгаас бие дааж нэр дэвшихээр төлөвлөж байжээ.

Тэгвэл манай сурвалжлах баг Эрээн дахь Монголын консулын газар очиж Т.Муратын талаар тодруулсан ч ажилчдынх нь зүгээс “Огт мэдэхгүй” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин энэ талаар ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Г.Амартүвшингээс тодруулахад “Т.Мурат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ингээд өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн. Одоо хаана юу хийж байгааг мэдэхгүй” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

А.Баярсайханы оронд н.Золзаяаг томилжээ

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консул А.Баярсайханыг ажлын хариуцлага гэж үзэн, ажлаас нь чөлөөлөж, эгүүлэн дуудах шийдвэр гарсан.

Түүний оронд Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын дэд консулаар н.Золзаяаг томилжээ.

Дэд консул асан А.Баярсайхан найзыгаа албаны машинаараа Замын-Үүдээс Эрээн рүү авч гарах үед найзынх нь тээшнээс спорт зориулалтын буу, сум илэрсэн. Үүнтэй холбоотойгоор албаны машинаар хориотой эд зүйл авч явсан, ажлын хариуцлага алдсан гэж үзэн, А.Баярсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан гэж ГХЯ-ны Консулын газраас мэдээлж байсан юм.

Categories
гадаад мэдээ

Хятадын экспорт таван сар дараалан буурчээ

Хятадын экспортын хэмжээ сүүлийн таван сар дараалан буурчээ. Хятадын гадаад худалдаа өнгөрсөн 11 дүгээр сард 6.8 хувиар, импорт 8.7 хувиар буурсан байна. Хятадаас АНУ-руу экспорт 5.3 хувиар, Европын холбоо руу есөн хувиар тус тус буурчээ.

Хятадын үйлдвэрлэлийн нөхцөл байдал сүүлийн гурван жилийн хугацааны хамгийн сул түвшинд хүрээд байгаа аж. Хятадын хэрэглэгчийн үнийн индекс өсөж, үйлдвэрийн үнийн индекс буурсан хэвээр байна. Үүний зэрэгцээ Шанхайн” Shanghai Composite Index” 1.3 хувиар буурч, юанийн ханш суларсан байна.

Хятад нь төмрийн хүдэр, түүхий нефть, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэгдүүлсэн боловч нүүр болон гангийн импортыг багасгасан байна.

Categories
энтертаймент-ертөнц

“Galaxy” дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэндээр шалгарчээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод төвтэй зах зээл судалгааны “Brandstock” компаниас хийсэн судалгаагаар, “Samsung”-ийн “Galaxy” загварын ухаалаг утас дэлхийн хамгийн үнэ цэнтэй брэндүүдийн жагсаалтыг тэргүүлсэн талаар “Ёнхап” мэдээлжээ. Жагсаалтын хоёрдугаарт, жижиглэн худалдааны “Shinsegae” корпорацийн “E-Mart” хөнгөлөлттэй дэлгүүрийн сүлжээ орсон бол Инчоны олон улсын нисэх онгоцны буудал гуравт жагссан байна.

“Volkswagen” утаа ялгаруулах туршилтыг будлиулах программ хангамжтай машинаа дэлхийн зах зээлд гаргасан тухайгаа хүлээн зөвшөөрсний дараа Германы автомашины үнэ цэнэ ихэд унажээ. Үүнтэй холбогдуулан “BMW” компаний байр 12-оос 31 рүү, “Volkswagen” 71 дүгээр байраас 100 руу ухарсан байна.

Categories
мэдээ нийгэм

Лабораториудын түвшинг тогтоосон байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн төрийн болон хяналтын байгууллагын сүлжээ лаборатори, орон нутаг, хувийн өмчит лабораториудыг гадаад хяналтад хамруулан, ур чадварын түвшинг нь тогтоолоо.

Энэ нь лабораториудын ур чадвар, дадлага туршлагыг хөндлөнгөөс үнэлж, шинжилгээний ур чадварыг нь дээшлүүлэх, үйлчилгээнийх нь чанар, бие даасан байдлын баталгааг хангахад туслалцаа үзүүлэх зорилготой байсан аж. Энэ оны эхний ээлжийн сорилтод нян судлалын 65, химийн 42, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 14, хоёрдугаар ээлжид нян судлалын 69, химийн 39, ургамлын эрүүл ахуйн хорио цээрийн 17 лаборатори хамрагдаж үнэлүүлжээ.

Жил бүр зохион байгуулах дээрх хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн дотоод хяналт, хяналтын байгууллагын харьяа лабораториуд микробиологи, хими, ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн чиглэлээр хамрагдаж байх юм.

Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хуульд 4340 иргэн хамрагджээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс мэдээлэл хийжээ.

Өршөөл үзүүлэх тухай хуульд 4340 иргэн хамрагдсан байна. Тухайлбал, хорихоос өөр төрлийн буюу торгох, эд хөрөнгө хураах, тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасах, албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн 1449 ялтны хувийн хэрэг, бичиг баримтыг прокурор хянасан байна. Мөн 1324 ялтанд тогтоол үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Түүнчлэн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан болон шийтгэл тогтоол биелүүлэхийг хойшлуулсан нийт 5525 ялтны хувийн хэрэг материалыг прокурор хянаж, 4984 ялтны ялыг хуульд хамруулан хугацааг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Чингис хотод 760 м хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

Өнөөдөр Чингис хотын Пунцагийн гудамжаар тавигдаж буй гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий 760 метр хатуу хучилттай замын нээлт боллоо. Тус замын нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Б.Мандат, “Саруул Харгуй” ХХК-ны захирал Б.Содмөнх, “Хөвчийн зам” ХХК-ийн захирал Ч.Алтанзаяа, аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга Л.Цээлхагва нар оролцсон байна. Зам тээврийн яамнаас тендер зарлаж, улсын төсвийн 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай энэхүү замын ажлын гүйцэтгэгчээр “Саруул Харгуй” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Хөвчийн зам” ХХК ажиллажээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-д ДОХ 19 хувиар буурчээ

Сүүлийн 10 жилд ДОХ-ын халдвар авсан хүмүүсийн тоо жилдээ 19 хувиар буурсан талаар The Washington Post сонин бичжээ.

Гэтэл гомосексуаль эрчүүдийн тоо 6 хувиар нэмэгджээ. Бүх бүртгэлийн 67 хувь нь тэдэнд ноогдож байна. 2014 онд ийм тохиолдол 26 мянга бүртгэгджээ. Одоо 1,2 сая америкчууд ДОХ-ын бүртгэлтэй гэнэ.

Энэ өвчнөөр нас барагчдын тоо хамгийн өндөр байгаа мужуудад Луизиана, Алабама, Миссисипи, Өмнөд Каролина, Кентукки, Делавэр, Мэриленд оржээ.