Categories
мэдээ нийгэм

Нийслэлд түргэн тусламжийн арван цэг шинээр нээнэ

Нийслэлийн хэмжээнд 2016 онд 10 түргэн тусламжийн цэг шинээр байгуулахаар болсоноо Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаа өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Тэрбээр “Төслийг минь дэмжсэн төлөөлөгч нар, хурлын дарга, Засаг дарга нарт баярлалаа! Байр хашаагаа түрээслүүлэх иргэд 103-т хандаарай. Сард түрээсэнд 700−900 мянган төгрөгийн нэг цэг дээр төсөвлөсөн. Үүнд ус, цахилгаан, дулаан, эмчийн аюулгүй байдал орсон байх ёстой. Баянзүрх дүүрэгт дөрвийг, Сонгинохайрхан дүүрэгт гуравыг, үлдсэнийг нь бусад дүүрэгт байгуулна. Иргэдтэйгээ хамтраад зүтгэвэл болдог л юм байна ” хэмээн бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эрдэнэтийн ДЦС-ыг 53.8 сая ам.доллараар өргөтгөнө

Өнөөдөр “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг СС-50 МВт-ын турбогенератороор өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийн ажлыг гүйцэтгүүлэхээр Hunan Industrial Equipment Installation компанитай гэрээ байгууллаа. Гэрээнд ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, “Hunan Industrial Equipment Installation” компанийн Ерөнхий менежер Ли Зен Лай нар гарын өнөөдөр үсэг зурсан юм.

Энэ гэрээт ажлыг нийтдээ 53.8 сая долларын хөрөнгөөр 365 хоногт багтаан барьж гүйцэтгэх ажээ. Төслийн хөрөнгө оруулалтын 85 хувийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, 15 хувийг Монгол Улсын Хөгжлийн банкнаас тус тус санхүүжүүлж байгаа аж.

Тус өргөтгөлийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматикийн хамт суурилуулах юм байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн дулааны станцын цахилгаан эрчим хүчний боловсруулалт 2.5-3.0 дахин нэмэгдэж, ОХУ-аас авч байгаа импортын хэмжээг бууруулах, улмаар эрчим хүчний салбарын алдагдалд эерэгээр нөлөөлөх томоохон бүтээн байгуулалт болох аж. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Эрдэнэтийн станцын цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг 41.3 төгрөгөөр бууран 67.5 төгрөг болж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц жилд 7.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, анхны хөрөнгө оруулалтаа 7.5 жилд нөхнө. Ингэснээр 100 гаруй мянган хүнтэй Эрдэнэт хотын дулааны эрчим хүчний хэрэглээг ойрын 25-30 жилд бүрэн хангах нөхцөл бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа нарын хэргийг АТГ-т шилжүүлэв

Хууль бусаар гүйцэтгэх ажил явуулсан, албан тушаалаа ашиглан бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэсэн хэргээр шалгагдаж байсан цагдаагийн хурандаа нарын хэргийг нийслэлийн прокуророос дахин сэргээсэн. Энэ тухай Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Буянжаргал УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд албан бичгээр мэдэгдсэн байна.

Сануулахад, Цагдаагийн албаны тухай хуулийг УИХ-аар баталж, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд шинээр батлагдсан хуулийн хүрээнд УМБГ болон ЭЦГ-ыг нэгтгэн ЦЕГ-ын харьяа Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрыг байгуулсан билээ. Цагдаагийн байгууллагын бүтцэд хийгдсэн энэ шинэчлэлд Шүүх шинжилгээний хүрээлэн ч мөн өртөж, тухайн үед УИХ-д өргөн баригдаад байсан Мөрдөх албаны тухай хуулийн төсөлд ШШХ-г шинээр байгуулах Мөрдөх албаны харьяанд өгөхөөр яригдаж байв.

Гэвч 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах саналыг УИХ-д оруулсан юм. ЦЕГ-ын дарга энэ үед “Нууц” гэсэн тамгатай цагдаагийн гүйцэтгэх ажлын материалыг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар нэгдсэн чуулган бариад орсон гэдэг. Гэвч огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсний дараа О.Баасанхүү гишүүн “Мэдээллийг шалгах хэрэгтэй байна” хэмээн саналаа татаж авсан байдаг.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөр дээр нь хууль бусаар гүйцэтгэх ажил явуулж, хуурамчаар нотлох баримт бүрдүүлэн гэмт хэрэгт гүтгэсэн цагдаагийн дарга нарыг “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” хэргээр тагнуулын байгууллагад шалгуулахаар өгчээ. ТЕГ уг хэргийг шалгаад “Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн нь тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгах”-аар хүсэлт гаргаж, прокурор эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан ч хяналтын прокурор Ц.Алдархишиг 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд уг хэргийг татаж аван эрүүгийн хэрэг үүсгэсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосон байдаг.

Гэвч 2014 оны долдугаар сарын 3-нд хар тамхины хэргээр саатуулагдан шалгагдаж байсан Г.Сарангэрэл гэгч эмэгтэй хорих 461-р ангиас батлан даалтаар гарсныхаа дараа “Х.Тэмүүжин сайдтай би нууц амрагийн холбоотой” хэмээн 2-р суваг телевизээр ярилцлага өгч, харин маргааш өглөө нь өмгөөлөгчтэйгээ хамт хэвлэлийн бага хурал зарлан “Цагдаагийн эрх бүхий албан тушаалтнууд намайг Х.Тэмүүжин сайдтай нууц амрагийн холбоотой гэж хэлбэл ялыг чинь хөнгөлнө гэсэн. Хэргээ хүндрүүлэх вий гэж айхдаа би тэдний хэл гэсэн бүгдийг хэлсэн” хэмээн мэдэгдсэн. Мөн түүний өмгөөлөгч нар ЭЦГ-ын дарга Н.Ууганбаяр, Гүйцэтгэх ажлын дүн шинжилгээний хэлтсийн дарга Б.Ариунболд нарын утасны яриаг нийтэд дэлгэснээр хурандаа нарын хуйвалдаан ил болсон юм. Г.Сарангэрэл өөрийг нь хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамталсан ЭЦГ-ын дарга нар, эрүүгийн төлөөлөгчдийг ЦЕГ-ын дотоод хяналтын хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан ч тухайн үед тэдэнд сахилгын арга хэмжээ аваад л өнгөрсөн байна. Энэ тухай ЦЕГ-ын даргын зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд дурьджээ./Зураг 1/ Х.Тэмүүжин гишүүний саяхан сошиалаар дэлгэсэн өөр нэг эх сурвалжийн мэдээлэлд “Уг хэрэгт холбоотой ЭЦГ-ын гурван ажилтан гүйцэтгэх ажлын материал устгасан хэргээр арга хэмжээ авагдсан ч яг ямар материал устгасан болохыг нарийвчлан тогтоож чадаагүй. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг зохих журмын дагуу бүртгэлд хамруулалгүй нууцаар тагнаж байсан материалыг устгасан байх үндэслэлтэй” гэсэн байна. /Зураг 2/ Өөрөөр хэлбэл, хэрэг нь шалгагдаж эхэлмэгц дараа хууль бусаар цуглуулсан гүйцэтгэх ажлын материалаа устгаад ял зэмгүй өнгөрсөн бололтой. Тэр ч байтугай тухайн үед ЦЕГ-ын даргын тушаалаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байсан, Н.Ууганбаяр, Б.Ариунболд нарт нууцаар гүйцэтгэх ажил явуулах үүрэг өгсөн Ц.Батсүх нь өнөөдөр ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар дэвшин ажиллаж байгаа.

Тиймээс Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин уг хэрэгт холбоотой цагдаагийн хурандаа нарыг “албан тушаалаа урвуулан ашигласан” хэргээр дахин шалгуулахаар УЕП-т хүсэлт гаргаж, энэ дагуу прокурорын байгууллагаас өмнөх хэргийн материалыг татаж шалгаад эрүүгийн хэргийг сэргээн шалгуулахаар хэргийн харьяаллыг АТГ-т шилжүүлсэн байна. АТГ-ын мөрдөн байцаах хэлтэс нь хуулийн байгууллагын ажилтнуудын албан тушаалын хэргийг шалгана.

Categories
мэдээ нийгэм

“Автобус-3”-ийг хувьчилна

“Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг шинээр баригдах автобус баазын барилгыг ашиглалтанд орсоны дараа хүлээлгэн өгөх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн байна.

Барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн III хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд оржээ. Нийт найман барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд байрлалтай 2,5 га эзэмшил газартай. Энэхүү дуудлага худалдаанд оролцохыг хүссэн иргэн аж ахуйн нэгжийг саналыг НӨХГ-т хүлээн авч байгаа аж.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга нь 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт шинэ барилгынхаа урд талд байрладаг, 1965 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Тус барилга нь 2 давхар үндсэн барилга болон зүүн талын 2 давхар өргөтгөл, баруун хойд талын нэг цонхны үйлчилгээний өргөтгөлөөс бүрддэг. Үндсэн барилга нь бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, 45х13м бүхий нийт 1150,20 м2 талбайтай 2 давхар барилга юм.

Зүүн талын өргөтгөл нь 2007 онд ашиглалтад орсон, бетон суурьтай, тоосгон ханатай, модон шувуу нуруу бүхий төмөр хучлагатай дээвэртэй, 14,5х14м бүхий нийт 413,54 м2 талбайтай 2 давхар барилга юм.

Баруун хойд талд байрлах нэг цонхны үйлчилгээний өргөтгөл нь 2009 онд ашиглалтанд орсон, бетон суурьтай, тоосгон хана, угсармал төмөр бетон хавтан хучилт, хавтгай дээвэртэй, 17,5х5,5м бүхий нийт 97,37 м2 талбайтай 1 давхар барилга юм. Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон.

Дуудлага худалдаа 2015 оны арвхоёрдугаар сарын 16-ны өдрийн 11 цагт Хангарьд ордны 14-н давхарт нээлттэй болох юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын гишүүд ирээгүйгээс Төсвийн байнгын хороо хойшлов

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон байв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирээгүйгээс хойшиллоо.

Энэ өдрийн хуралдаанаар тус байнгын хороо Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт дөрвөн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төслийн хүрээнд Улаанбаатар хотоос 600 км-ээс дээш алслагдсан бүс нутагт бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн ААНОАТ-ыг хөнгөлөх асуудал тусгагджээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Шинэ жилээр хамтлаг, дуучид ямар үнэ ханшаар дуулах вэ?

Хүн бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баяр хаяанд ирлээ. Хийсэн бүтээсэн ололт амжилтаа дүгнэж, ирэх онд аз хиймориор дүүрэн байхыг бие биедээ бэлэгддэг тийм л сайхан баяр. Дээрээс нь айл гэр, албан байгууллага, гудамж талбай өнгө өнгийн гэрлэн чимэглэлээр солонгорч, цаанаа л сэтгэл догдлуулсан баяр юм. Энэ үеэр хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол урлагийнхан. Өнөө жил эдийн засгийн хямралаас үүдэж, албан байгууллагууд бүсээ чангалах янзтай. Гэхдээ л манайхан ямарваа нэгэн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж сурсан зангаа тавихгүй нь ойлгомжтой биз.

Шинэ жилээр хамтлаг дуучид, хошин урлагийнхан, өвлийн өвгөн цасан охид, хөтлөгчид ямар үнэ ханштай уригдахыг сонирхуулъя. Залуу хамтлаг дуучдын хамгийн доод ханш нь 500 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж. Ийм ханшаар голдуу амьд хөгжмийн хамтлаг дуучдыг урих боломжтой. Тэгвэл рок, попын залуу хамтлаг, дуучид 1-3.5 сая төгрөгийн ханштай дуулах юм байна. Зохиолын дуучдын хувьд мөн ялгаагүй 500 мянгаас 3 сая төгрөгийн хооронд үнэтэй дуулна гэсэн.

Хамтлаг, дуучид

МУГЖ Т.Ариунаа хоёр дууг 3.5 сая, гурван дууг дөрвөн саяар дуулна.

“Номин талст” хамтлаг 3-4 дууг гурван сая төгрөгөөр дуулах юм байна.

“Киви” хамтлаг хоёр дууг 2 сая, гурван дууг 2.5 сая төгрөгөөр дуулна.

“Sweetymotion” хамтлаг хоёр дууг 3 сая төгрөгөөр.

“Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд ганцаараа нэг дууг нэг сая төгрөгөөр дуулах юм байна.

“Мотив” хамтлаг 1.5 сая төгрөгөөр,

“А sound” хамтлаг нэг дууг 1.5 сая төгрөгөөр,

“Гурван охин” хамтлаг гурван дууг 3.5 сая төгрөгөөр,

Дуучин Сэрчмаа гурван дууг 2 сая төгрөгөөр,

“Fire”, “Lemons” зэрэг хамтлагууд тус бүр нэг дууг 500 мянган төгрөгөөр,

Дуучин A-cool нэг дууг 500 мянган төгрөгөөр,

Дуучин Агиймаа, Эгшиглэн нар тус бүр нэг дууг 500 мянган төгрөгөөр,

Дуучин Цэлмүүн 800 мянган төгрөгөөр,

Дуучин BX нэг дууг 800 мянган төгрөгөөр,

“Sync” хамтлаг 800 мянган төгрөгөөр,

Ноён Бондгор 1 сая төгрөгөөр,

МУГЖ дуучин Алтанцэцэг нэг дууг 1 сая төгрөгөөр,

Дуучин Бичүү, Амина нар тус бүр 1-2 дууг 500 мянган төгрөгийн ханшаар тус тус дуулах юм байна.

Зохиолын дуучид

Д.Хишигбаяр, О.Дэлгэрмаа нар 3 сая төгрөгөөр,

Г.Эрдэнэтунгалаг гурван дуу 2 сая төгрөгөөр,

Д.Намсрайноров гурван дуу 2.5 сая төгрөгөөр,

Л.Болдбаатар 1.2 сая төгрөгөөр,

Л.Чулуунбаатар 1.5 сая төгрөгөөр,

П.Идэржавхлан 1.5 сая төгрөгөөр,

“Шуранхай” хамтлагийн дуучин Номин 1сая төгрөгөөр,

А.Түмэн-Өлзий 500 мянган төгрөгөөр,

Л.Сөрөлт 1.5 сая төгрөгөөр дуулж, хөтлөх юм байна.

П.Жимсээ 500 мянган төгрөгөөр дуулах ажээ.

Бүжигчид

“Bellу dance” бүжгийн хамтлаг 800 мянган төгрөгөөр бүжиглэнэ.

Улаан сарнай, Хатан туул, Star dance зэрэг бүжгийн хамтлагуудын 1-2 бүжиг нь 800 мянгаас эхэлнэ.

Хошин урлагийнхан

“ТВ коктейль” хамтлагийнхантай үдшийн турш 5-8 сая төгрөг.

“Мөрөөдлийн театр”-ынхан таван сая төгрөгөөр шинэ жилийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулна.

Хөтлөгчид

Аливаа баяр ёслолын арга хэмжээг үзэгчдэд хүргэхэд хамгийн их гол үүрэг гүйцэтгэдэг хүн бол хөтлөгч. Хошин урлагийнхны жүжигчид таны болоод танай хамт олны цэнгүүнийг 1-2 сая төгрөгөөр хөтлөх юм байна шүү.

UBS-ийн хөтлөгч Анууш буюу Э.Гантулга 3 сая төгрөгийн ханштай байна.

Үндэсний телевизээр овоглон олонд танигдсан хөтлөгч Д.Цоодол, Г.Чоглоонамжил, Ч.Ичинхорлоо нар 1.5 сая төгрөгөөр хөтөлнө.

UBS-ийн хөтлөгч Г.Оюунцэцэг 1.2 сая төгрөг,

SBN телевизийн Б.Болд, жүжигчин Чапи, түүний дүү Ө.Болор-Эрдэнэ, Эмоцийн Төөтөө, Ишчү нархошин урлагийнхны нэг оройн орлого саяас буудаггүй байх юм.

“Шинэ үе” хамтлагийн жүжигчин Баяраа, Оюунтуул нар хамтдаа 1.5 сая төгрөгөөр шинэ жилийн арга хэмжээг хөтлөх юм байна.

Өвлийн өвгөн, цасан охидын хамт:

МУГЖ олноо Б.Жаргалсайхан, үзэсгэлэнт таван цасан охины хамт айл өрх, албан байгууллагын шинэ жилд нэг сая төгрөгөөр зочлохоор төлөвлөжээ.

Мөн хийлийн гайхамшгийг монголчуудад үзүүлж чаддаг хийлч Дээгий энэ жил үнээ өсгөөгүй юм байна. Тэрбээр 1.500.000 төгрөгөөр үйлчлэх аж.

Өнгөрсөн жилүүдийн хувьд “Харанга” хамгийн үнэтэй нь байсан бол, энэ жил “Камертон” түрэн орж ирлээ. Тэд нэг дууг 3 сая, 3-5 дууг үнээ хямдруулаад 6-10 саяар дуулах юм байна. Харин “Харанга”-ыхан дууны тоогоор бус 30 минут тутамд 8-10 сая төгрөгөөр дуулах аж. Ингэхдээ энэ сарын 25-наас өмнө гэрээ хийхгүй бол захиалга ихтэй байгааг сануулаад авсан юм.

Шинэ жилийн тухай хамгийн олон дуутай дуучин бол МУГЖ Б.Сарантуяа. Түүний ханш “Харанга”-ынхнаас дутахгүй. Б.Сарантуяа энэ сарын 15-наас өмнө харьцангуй хямдаар дуулах юм байна. Харин 15-наас хойш ханшаа 1-2 саяар нэмж хоёр дууг 3-5 сая төгрөгөөр дуулдаг жишигтэй аж.

Categories
мэдээ улс-төр

Даши Намдаковт Төрийн соёрхол хүртээв

Чингис хааны баримлыг урласан Буриадын уран бүтээлч Даши Намдаковт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртээлээ.

Оросын алдартай барималч Даши Намдаковын бүтээл болох морь унасан Чингэс хааны хөшөө Лондонгийн төв цэгт байрлах Гайд цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хойд хэсэгт Камберлендийн хаалганы дэргэд сүндэрлэж байсан юм.

Дэлхийн түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болох Чингис хааны хүрэл хөшөө нь зураачийн сүүлийн төсөл юм. Ази тив олон жилийн турш Намдаковын уран бүтээлийн гол сэдэв болжээ. Түүний энэхүү бүтээл нь хөдөлгөөнгүй мэт боловч гадагш тэмүүлсэн нуугдмал хөдөлгөөн, дотоод эрч хүчийг харуулснаараа онцлог аж. Дэлхийн агуу гүрнүүдийн нэгийг үүсгэн байгуулагчийг морины нуруун дээр тэнгэрээс бууж байгаа байдлаар дүрсэлсэн уг хөшөөг Батлах хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ хоёр сая доллараар худалдаж авсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“Thiess” компани “Ухаа худаг”-ийн гэрээг сунгалаа

Гэрээт олборлогч “Thiess” компани Монголын “Ухаа худаг” нүүрсний ордтой байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгасан байна.

“Ухаа худаг” төслийг эзэмшигч “Energy Resources” компани ирэх долоон жилд нэг тэрбум австрали долларын орлогыг “Thiess” компанид шилжүүлэх ажээ. 2008 онд байгуулсан найман жилийн хугацаатай гэрээг нэмж дөрвөн жилээр сунгаснаар “Thiess” компани 2022 он хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулж, засварын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа гэнэ. Тус компани нь “Ухаа худаг”-т хөрс хуулах ажлыг хурдасгах, засвар хийх, тэсэлгээний өрөмдлөг хийх, олборлолтын төлөвлөгөө гаргах, аюулгүй байдал болон байгаль орчны менежмент зэрэг үйл ажиллагаа явуулдаг байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эерэг талаас нь бодох илүү сайхан

Эдийн засаг хямарлаа, бэлэн мөнгө хомсодлоо. Компаниуд цалингаа ч тавьж чадахгүй байна гэж хэн хүнгүй л ярих юм. Үнэндээ ч тийм л байна. Гэхдээ яагаад ч юм, болохгүй бүтэхгүй гэж ярихаа хойш нь тавиад гэгээлэг сайхан бүгдийг нь эхлээд бодъё л доо.

Бид юуны өмнө тусгаар тогтносон эрх чөлөөтэй оронд амьдарч байна. Манайд дайн дажин алга, ахиулаад бодвол аль нэгэн алан хядагч бөмбөг тэслэх вий гэх аюулаас ангид байна. Тал дүүрэн бэлчсэн хэдэн сая мал маань биднийг юу, юугүй өлсгөлөнд хүргэчихгүй. Угаасаа бид нар өлсч үзээгүй үндэстэн. Өвлийн идшээ хийчихсэн айлууд тогоо дүүрэн махаа чанаж идээд л сууж байгаа, адаглаад зах дээрээс хамгийн хямдаар авч иддэг гэдэс дотрын цуглуулга хамгийн эрүүл хоол. Хамгийн гол нь бид эрүүл энх байна. Элэг бүтэн үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Өвлийн жаварт хацар хайруулавч удахгүй хавар ирж, цаг наашилна гэж бодох нь сэтгэлд нэг сайхан. Эрүүл саруул хөл дээрээ алхаж байна гэдэг өөрөө үнэ цэнэ. Ингээд нэг бодоод үзвэл танд ямар санагдаж байна. Мэдээж, дээр хэлсэн бүхэн дээр үгүйсгэл олж болно л доо. Гэхдээ эерэг талаас нь бодоод үзэх илүү сайхан байгаа биз дээ. Хүн итгэхийг хүссэн зүйлдээ итгэдэг. Тиймээс болж бүтэхгүй бүрийг болох бүтэх талаас нь шүншиглэж, ирж яваа цагийг өнөөдрөөсөө илүү гэрэлтэй болно гэж итгэж найдах нь бүх зүйл хэцүү болсон гэгдэх цаг дор илүү амар юм даа.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд зургаан бага сургууль шинээр байгуулна

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Шинээр бага сургууль байгуулах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулж, сургалтын хүртээмж, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор зургаан бага сургуулийг шинээр үүсгэн байгуулна.

Шинээр байгуулсан бага сургуульд холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус үүрэг болголоо.

ШИНЭЭР БАЙГУУЛАХ БАГА СУРГУУЛИЙН ЖАГСААЛТ

Дүүрэг

Хороо

Хүчин чадал

Шинээр байгуулсан сургуулийн дугаар, нэр

1.

Баянзүрх

19 дүгээр хороо

180 суудлын тоо

136 дугаар бага сургууль

2.

22 дугаар хороо

180 суудлын тоо

137 дугаар бага сургууль

3.

27 дугаар хороо

180 суудлын тоо

132 дугаар бага сургууль

4.

Сонгинохайрхан

25 дугаар хороо

180 суудлын тоо

133 дугаар бага сургууль

5.

24 дүгээр хороо

180 суудлын тоо

134 дугаар бага сургууль

6.

Хан-Уул

10 дугаар хороо

180 суудлын тоо

135 дугаар бага сургууль