Тавантолгой-Гашуусухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчилна гэж байгаа. Төсөл хэрэгжүүлэхэд зориулж ирэх оны төсөвт 24 тэрбум төгрөгийг суулгасан. Одоогийн байдлаар төмөр замын цэргийн анги байгуулан 10 мянган залууг татаж, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сургасныхаа дараа төмөр замын ажилд цалинтай ажиллуулах юм байна. “Монголын төмөр зам” компаниас говь, төвийн бүсийн чиглэлд баригдах төмөр замын ажилд эхний ээлжид 3300 ажилчин хэрэгтэй. Үүнээс 700 ажилчин нь өндөр түвшний мэргэжлийн байх шаардлагатай гэсэн саналаа Хөдөлмөрийн яамд хүргүүлсэн байна. Үлдсэн 2601 ажилтныг Хөдөлмөрийн яамнаас цэргийн анги, нэгтгэлийн ойролцоох Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн сургалтад хамруулж мэргэшүүлэхээр болсон гэнэ.
Хүнд машин механизмын оператор, жолооч, бетон арматур, экскаватор гэсэн таван төрлийн мэргэжлээр цэргүүдийг бэлтгэх гэнэ. Япон улсын Засгийн газраас Сайншанд чиглэлийн төмөр зам барих төслийн санхүүжилтийг нь шийдчихвэл ирэх нэгдүгээр сарын 1-нээс цэргүүдээ мэргэшүүлж эхлэх юм байна.