Categories
мэдээ соёл-урлаг

Г.Мөнхцэцэг: “Болор цом” нийслэлд болно

МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгтэй уулзаж эл тодруулгыг авлаа.

-Монголын утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадамд сойх бүтээлүүдийг авч эхэлсэн гэж сонссон. Энэ жил хэдэн номинациар шалгаруулах товтой байна?

-“Алтан-Өд-2015” наадамд нэр дэвших бүтээлүүдийг энэ сарын 4-ний өдрөөс авч эхэлсэн байгаа. Энэ жил хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, баримтат уран зохиолын бүтээл, жүжиг-киноны зохиол, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал, шүүмж, утга зохиолын орчуулга, яруу найраг гэсэн найман төрлөөр оны шилдгүүдийг шалгаруулж, цом гардуулна. Жүжиг-киноны зохиолууд тайз, дэлгэцнээ тавигдсан байх шаардлагатай. Төрөл тус бүрийн зөвхөн энэ онд хэвлэгдэж, тавигдсан уншигч, үзэгчдэд толилуулсан бүтээлүүд байх учиртай.

-“Алтан-Өд” хэдийгээр болох бол гэсэн уран бүтээлч, уншигчдын хүлээлт байгаа?

-Улиран буй 2015 онд Монголын уран зохиолын сор болсон ардын суу билигт олон сайхан зохиолч, яруу найрагчийн тэгш ой таширлаж байгаа. Монгол Улсын төрийн шагналт зохиолч, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний зуун жилийн ойг Монголын зохиолчдын эвлэл, Шинжлэх ухааны академи, орон нутгийн удирдах байгууллагууд хамтран өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ирэх онд Монголын уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Монгол ардын суут хүмүүн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний түүхт их ой болно. Монгол Улсын төрийн шагналт зохиолч, яруу найрагч Сормууниршийн Дашдооровын наян насны тэгш ой болж өнгөрлөө. Энэ олон суу билэгт зохиолчдодоо хүндэтгэл үзүүлж Монголын зохиолчдын байгууллага үүсэн бий болсон нэгдүгээр сарын 9-ний билигт сайн өдөр “Алтан-Өд” наадмаа явуулъя гэж МЗЭ-ийн Удирдах зөвлөл шийдвэр гаргасан.

-Наадмын бүртгэл хэдний өдөр хүртэл, хаана явагдах вэ?

-Бүтээлүүдийг энэ сарын хорин тавны өдрийг дуустал МЗЭ-ийн 206 тоотод бүртгэж авна. Бүртгэлтэй холбоотой зүйлсийг манай байгууллагын 327964 дугаарын утаснаас лавлаж болно.

-Оны шилдэг найрагч тодруулах “Болор цом” наадмыг ард түмэн жил бүр тэсэн ядан хүлээдэг. Гэвч, сүүлийн жилүүдэд түмний үзэх дуртай наадам маань хөдөө орон нутгаар нүүдэллэх болсонд гундуухан хандах болсон нь нууц биш. Энэ жил хаана болох бол?

-МЗЭ-ээс зохион явуулдаг “Болор цом” наадам сүүлийн жилүүдэд орон нутагт зохиогдсон нь үнэн. Тухайн орон нутгийн ард түмнийг уран зохиол, яруу найргаар соён гэгээрүүлэх, түрүү нийгмийн үед төр засгийн дэмжлэгтэйгээр түлхүү болдог байсан “Утга зохиолын өдрүүд”-ийг хамтатгах зорилгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Төв аймгийн Зуунмод хотуудад “Болор цом” наадам зохиогдож байсан. Ардын уран зохиолч, төрийн шагналтнууд, “Болор цом”-ын эзэдтэй уншигчдыг уулзуулах гүүр болсон ажлуудыг зохион байгуулахад орон нутгийн уншигчид таатай хүлээж авсныг дурдах учиртай. Энэ жил “Болор цом” наадам улсын нийслэл Улаанбаатар хотдоо болно. Монголын уран зохиолыг үндэслэгчдийн их ойнууд болж байгаа гэдэг утгаараа ч, ард түмний хүлээлт гэдэг талаасаа нийслэлдээ явуулах нь тодорхой байгаа. “Болор цом” хугацааны хувьд өмнөх жилүүдийн адил сар шинийн өмнө болно. Шинэ он гаруут шүлгүүдээ хүлээн авч эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Б.Жаргалсайханы ярилцлагыг уншаарай

БНН-ын дарга Б.Жаргалсайханы ярилцлага “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт нийтлэгдлээ. Тэрбээр улс төр, эдийн засаг, нийгэм цаг үеийн асуудлаар илэн далангүй ярилаа. Тухайлбал, “Манайхан чинь нэг хэсэг Сайншандад Аж үйлдвэрийн парк барих юм болоод баахан бужигнаж байгаад чимээгүй болчихлоо. Аж үйлдвэрийн парк барих боломж байна уу” гэсэн манай сэтгүүлчийн асуултад “Тэр хэзээ ч бүтэхгүй” гэж хариулжээ. Мөн “Гуравхан сая хүнийг зовоогоод хэрэггүй. Туршилтын туулай болгох бүр хэрэггүй” гэж ярьсан байна. Түүний ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Categories
энтертаймент-ертөнц

Лийр жин буруулна

Луизиана мужийн их сургуулийн харьяа хөдөө аж ахуйн сургуулийн судлаачид нэгэн сонирхолтой судалгаа явуулсан байна. Эрдэмтэд лийрийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүсийн бэлхүүс нарийн байдаг болохыг тогтоожээ. Уг жимсийг огт хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад тэдний биеийн жин 35 хуваарь буурсан байжээ. Дээрх сургуулийн судалгааны багийн ахлагч доктор Карл О’Нэйл онцлохдоо “Лийр болон хүний биеийн жингийн хоорондох холбоо нь бидний анхаарлыг татаад байгаа юм. Учир нь лийр хэрэглэгдэг болон үл хэрэглэгчдийг харьцуулахад энерги зарцуулалт, биеийн үйл ажиллагааны хооронд ялгаа байдаггүй ч лийрийг тогтмол хэрэглэсэн хүмүүсийн биеийн жин буурсан байсан” гэв. Амин дэм С, нүүрс ус, магни, калийгаар баялаг лийрийг тогтмол хэрэглэснээр эдгээр бодисын хэрэгцээгээ хангаж болох юм байна.

О.ЗОРИГТСАЙХАН

Categories
энтертаймент-ертөнц

45 минутанд нэг сая ам.доллар үржээ

Мэргэжлийн сагсан бөмбөгт сонгогдож, анхныхаа гэрээг байгуулж байхдаа, 20 настай Шакил О’Ниэл цаг хүрэхгүй хугацаанд нэг сая ам.доллар үрсэн гэдэг. 2015-2016 оны шинэ улирлын өмнө CNN-ний сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа чухам юунд их хэмжээний мөнгө үрснээ тайлбарлахдаа “Хамгийн түрүүнд миний хийсэн зүйл бол аав ээжийнхээ ажлыг хөнгөвчлөх байсан. Мөн ээжийгээ баярлуулах, ээжийнхээ байшингийн өрийг дарах, ээждээ мөрөөдөөд ч авч чадахааргүй “Мерседес бенз” машиныг нь авч өгөх, аавдаа, мөн өөртөө нэгийг гээд. Би үнэхээр сайн хүү, энэ бүгдийг хийсэндээ баярлаж явдаг” гэжээ. Шакил О’Ниэл ид тоглож байх үедээ 291 сая ам.долларын гэрээг байгуулж тухайн үед лигтээ давамгайлсан тоглолтыг үзүүлсэн гэдэг. Одоо тэрээр Ти Эн Ти телевизийн NBA- ийн дотоод ертөнц шоунд шинжээчээр ажилладаг юм байна.

О.ЗОРИГТСАЙХАН

Categories
мэдээ нийгэм

581 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлжээ

Энэ сарын 4-ний байдлаар өмнө нь орон сууцны
ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 837.8 тэрбум төгрөгийн зээлийг 8
хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад
иржээ.

Үүнээс банкууд 19413 зээлдэгчийн нийт 581 тэрбум
төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн
зээл рүү шилжүүлжээ.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн
иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад
ирснээс 41055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл
шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монголд айлчилна

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан энэ сарын 15-17-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Энэ удаагийн айлчлал нь БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй 2 дахь удаагийн айлчлал болж буй бөгөөд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаагаараа онцлог аж.

Айлчлалын үеэр хоёр орны зам тээвэр, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

“Гавьяат” самбаруудыг хууль зөрчсөн гэж үзээд буулгахыг шаардав

Нийслэлийн төв зам дагуу байрлуулсан сурталчилгааны самбаруудад “ТҮЦ машин нэвтрүүлж, төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон хэний гавьяа вэ?”, “Иргэн таны сонголтын гавьяа” гэх мэтчилэн цагаан дээр хараар тодоос тод гэгч нь бичсэн нь олон нийтийн анхаарлыг ихэд татсан. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Гадна зар сурталчилгааны Зөвлөлөөс дараахь мэдэгдлийг гаргажээ. Үүнд “Зар сурталчилгааны самбаруудад иргэдийг төөрөгдүүлсэн, тэдний итгэл үнэмшил, ухамсарт шууд бус замаар нөлөөлөх, ойлгомжгүй зар сурталчилгаа байрлуулсан нь Зар сурталчилгааны тухай хуулийн 6.1, 7.1, 7.5, 7.7-дэх заалтуудыг зөрчжээ.

Иймд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, тэдгээрийн захиалагч Зар сурталчилгааны тухай хуулийг чанд мөрдөн ажиллаж, дээрх үйлдлийг зогсоох, дахин үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

Хэрэв хууль бус сурталчилгааг хотын гудамж талбайд дахин байрлуулсан тохиолдолд тухайн сурталчилгааны самбарын эзэмшигчдийн зөвшөөрлийг цуцлах, самбаруудыг буулгах арга хэмжээ авахыг мэдэгдье” гэжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюутолгойн санхүүжилтийн гэрээг долоо хоногийн дараа байгуулна

Оюутолгойн ордын 80 хувийг далд уурхайгаас олборлох тооцоо байгаа юм. Бүтээн байгуулалтын ажилд нь нийтдээ 16 тэрбум ам.доллар шаардлагатай байгаагаас эхний ээлжинд 4.2 тэрбум долларыг олон улсын арилжааны 15 банкнаас авахаар болсон билээ. Тэгвэл албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах санхүүжилт авах асуудал шийдэгдсэн байна.

Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч Рио Тинто группийн зүгээс далд уурхайн санхүүжилтийн гэрээг ирэх долоо хоногийн дараа Улаанбаатар хотноо байгуулахаар төлөвлөж байна. Хувь нийлүүлэгчдийн баталсан төлөвлөгөөний дагуу энэ онд бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд 300 сая ам.доллар зарцуулах ажээ.

Categories
энтертаймент-ертөнц

TIME сэтгүүлийн оны онцлох хүнээр хэн шалгарах вэ?

TIME сэтгүүл жил бүр оны шилдэг хүнийг тодруулдаг уламжлалтай. Энэ удаагийн шилдгүүдээр эцсийн шатанд үлдсэн найман хүн тунаж үлджээ.

Абу Бакр Аль-Багдади (Abu Bakr Al-Baghdadi), Исламын улс бүлэглэлийн удирдагч

Black Lives Matter хөдөлгөөнийхөн, Африк гаралтай Америкчуудын эрх, ялангуяа хууль хүчний байгууллагуудын ялгаатай хандах үзлийн эсрэг тэмцэгчид

Кайтлин Женнер (Caitlyn Jenner), хүйсээ солиулсан трансжендер эмэгтэй, ЛГБТ хүмүүсийн тэгш эрхийн асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулсан

Травис Каланик (Travis Kalanick), Uber компаний гүйцэтгэх захирал, $70 тэрбумын үнэлгээтэй онлайн такси үйлчилгээний компани байгуулж, sharing economy-ын сөрөг талыг харуулан багагүй шүүмжлүүлсэн хүн

Ангела Меркель (Angela Merkel), Германы канцлерь, Евро бүсийн эдийн засгийн асуудлаас эхлээд дүрвэгсдийн хямрал гээд олон сэдвээр анхаарлын төв байсан хүн

Владимир Путин (Vladimir Putin), ОХУ-ын ерөнхийлөгч, Украйны хямралаас болон Барууны хориг арга хэмжээнд орсон ч Исламын улс бүлэглэлийн эсрэг дайнд том үүрэг гүйцэтгэж байгаа хүн

Хассан Рухани (Hassan Rouhani), Ираны ерөнхийлөгч, барууны хориг арга хэмжээнд удаан оршсон улс орноо шоовдорлогдсон байдлаас гарган Барууныхантай цөмийн хэлэлцээр хийж чадсан хүн

Дональд Трамп (Donald Trump), Бүгд Найрамдах Намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, популист үг хэл, үйлдлээрээ рэйтинг өндөртэй яваа хүн юм.

Эдгээр найман хүнээс цорын ганц нь 2015 оны дэлхийн онцлох хүнээр шалгарна.

Categories
мэдээ нийгэм

Гацууртын ордод нас барагсдын амийг Засгийн газраас нэхнэ гэлээ

Байгаль орчны иргэний зөвлөл, Ноён уулаа аваръя, Гамшгаас хамгаалах үндэсний төв, Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэд Гацууртын ордод нас барагсдын амийг Засгийн газраас нэхэж байгаа аж. Тодруулбал, “Бид Гацууртын ордыг стратегийн ордод оруулахын эсрэг байр суурьтай байсаар ирсэн ч Засгийн газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Уул уурхайн яамны нэр бүхий хүмүүс үгсэж хууль бус ажиллагаа явуулсан. Гацууртын ордод нинжа биш зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл ажиллаж байна. Тэд нинжа нэрээр Гацууртын ордыг эргэлтэд оруулах зорилготой бүлэг. Тэднээс болж Гацууртын ордод гурван хүн амиа алдаад байна. Түнхэл сумын залуу хутгалуулж амиа алдсан. Саяхан хоёр хүн шороонд дарагдаж нас барлаа. Эдгээр иргэдийн амийг Засгийн газраас нэхэж байна” гэлээ.

Хурал зохион байгуулагчид Ноён уул орчмын 37 мянган га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ёстой байсан ч 11 мянга болгон бууруулсан тухай ч хөндлөө.