Categories
гадаад мэдээ

TIME сэтгүүлийн онцлох хүнээр Ангела Меркел тодорлоо

Сүүлийн 29 жилийн хугацаан дахь TIME сэтгүүлийн онцолсон анхны эмэгтэй боллоо

Өчигдөр орой “TIME” сэтгүүл 2015 оны хүнийг зарлалаа. Энэ удаа тэд ХБНГУ-ын канцлерь Ангела Меркелийг нэрлэжээ. Дональд Трамп, Абу Бакр аль-Багдади, Владимир Путин зэрэг хүмүүсээс бүрдсэн хэл ам, маргаан дагуулсан сүүлийн жагсаалтанд үлдээд байсан Меркель сүүлийн 29 жилийн хугацаан дахь анхны эмэгтэй TIME сэтгүүлийн оны хүн болж байна. Түүнээс өмнө 1986 онд Филиппиний анхны эмэгтэй ерөнхийлөгч Коразон Акино оны хүнээр шалгарч TIME сэтгүүлийн нүүрэнд заларч байжээ.

Түүний Грекийн өрийн хямрал, Европ дахь дүрвэгсдийн хямрал, Парисын халдлагын үеэр гаргасан үлгэр жишээ, манлайлал, зоригтой алхмууд нь шагнал хүртэл гавьяа болсон гэдгийг TIME-ийнхан хэлжээ. Герман улс энэ оны эхний 11 сарын байдлаар Ойрх Дорнодоос 964,574 дүрвэгч хүлээж аваад байгаа бол энэ оныг дуусахад нэг саяыг давах гэнэ.

Меркелийн дараа хамгийн их санал авсан хүмүүсийг дарааллаар нь жагсаавал:

2. Абу Бакр аль-Багдади, Исламын улс бүлэглэлийн тэргүүн

3. Дональд Трамп, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч

4. Black Lives Matter, Афро-Америк иргэдийн эрхийг хамгаалагчид

5. Хассан Рухани, Ираны ерөнхийлөгч

6. Травис Каланик, Uber компаний CEO

7. Кэйтлин Женнер, трансжендер, LGBT хүмүүсийн төлөөлөл

Эхний наймд багтаад байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хамгийн бага санал авч жагсаалтын сүүл мушгижээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн УИХ-аар хэлэлцэх асуудлууд

1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжилнэ:

2.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.БАТЦОГТ танилцуулна.

3.Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна.

4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

5.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

6.“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

7.“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Р.ЖИГЖИД танилцуулна;
  • Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.БАЯРСАЙХАН танилцуулна.

8.Oлон улсын гэрээний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна;
  • Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОЮУН танилцуулна.

9.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
  • Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.ТҮВДЭНДОРЖ танилцуулна.

10.Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүнД.БАТЦОГТтанилцуулна.

11.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.БОЛОР танилцуулна;
  • Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР танилцуулна.

12.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ танилцуулна;
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулийг өөрчлөхийг шаардаж жагсана

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж улс төрийн 21 нам өнөөдөр нэгдсэн жагсаал зохион байгуулахаар болжээ. Тусгаар тогтнолын талбайд 11.00 цагт эхлэх энэхүү жагсаал “Хар машины луйваргүй шударга сонгуулийн төлөө” уриан дор болох аж. Шинэ он гарахаас урьтаж, УИХ Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол ирэх оны УИХ-ын сонгуулийг 2011 онд батлагдсан хуулиар зохион байгуулах юм. Үүнийг дээрх намууд эсэргүүцэж байгаа бөгөөд автомат машинаар саналын хуудсыг тоолсон нөхцөлд гараар давхар тоолж, камераар бичин баталгаажуулах ёстой. Ингэж байж өнгөрсөн хугацаанд гарсан эргэлзээг тайлна.

Categories
мэдээ нийгэм

“Буянт-Ухаа 2” хорооллын иргэд өнөөдөр байрандаа орно

“Буянт-Ухаа 2” хорооллын эхний хэсэг болох 48 барилгаас 1620 айлын орон сууцны 30 барилга энэ онд бүрэн ашиглалтад орно. Улсын комисс 30 барилгын 24 дээр нь ажиллаж хүлээн авах боломжтой гэсэн дүгнэлт гаргаад байна. Үлдсэн зургаан барилгыг ирэх долоо хоногт хүлээн авахаар төлөвлөжээ. Ингэснээр арванхоёрдугаар сарын 10 буюу өнөөдөр “Буянт-Ухаа 2” хорооллын 30 барилга бүрэн ашиглалтад орж, иргэд байрандаа орох боломжтой болох юм. Одоогоор 100 гаруй иргэд урьдчилгаа төлбөрөө бүгдийг нь төлж 1200 гаруй байрны захиалга урьдчилсан байдлаар хийсэн байна. Харин квотоо бүрэн ашиглаагүй 400 гаруй байрыг нийтэд нээлттэй худалдах аж.

Categories
мэдээ цаг-үе

Н.Нацагням: Засгийн газар худалдан авалтынхаа 90 хувийг өгчихвөл бид улсаа Азийн бар болгож чадна

Төрийн соёрхолт инженер Н.Нацагнямтай ярилцлаа.

-Судлаач, доктор, бизнесмэн гээд бултаараа эдийн засгийн таагүй байдлаас гарах гарцыг өөрсдийнхөөрөө хэлж байна. Таны хувьд санал болгох ямар гарц байна?

-Монголчуудын хөл, толгой нь солигдчихоод байгаа нь ердөө өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд болсон дэлхийн технологийн парк хөгжүүлсэн улсуудын анхдугаар чуулганаар батлагдчихлаа. Технологид суурилсан эдийн засгаар хөгжье гэж бид 25 жил ярьж байгаа. Социалист дүрмээр эдийн засгийг удирдаад байгаа учраас хөл толгой нь солигдчихсон. Зүй нь капиталист нийгмийн давуу тал нь инженерийн яамгүйгээр Итгэл баяны дүрмээр хөгждөг. Доктор, профессорууд технологийн паркуудыг удирдах боломжгүй гэдгийг Солонгос, Хятад улс 20 жилийн гашуун туршлагаараа баталсан. Хятад коммунист улс учраас эхлээд социалист загвараараа, доктор, профессоруудаараа удирдуулж үзээд бүтэлтэй юм болоогүй. Эцэст нь аргаа бараад технологио олон жил баталсан оюунлаг хувийн компанид даатгаж амжилттай хөгжсөн. Солонгост гэхэд технологийн паркийнхаа захирал профессорыг хоёр сар тутамд сольсон ч ямар ч мундаг доктор профессор нь удирдаж чадаагүй. Аргаа бараад “Самсунг”-д даатгаад орхисон. Дээд сургууль болон технологийн паркийн удирдлагыг оюунлаг хувийн компани удирдана гэсэн үг. Удирдлага, бүх менежмэнтийг нь. Улсынх ч биш, хувийнх ч биш саармаг хэлбэр. Технологийн паркийг дур мэдэж элдэв үйлчилгээний газар болгох эрхгүй гэдэг утгаараа улсынх. Дарга цэрэг, солих, удирдах бүх эрх нь тухайн оюунлаг хувийн компанийн бүрэн эрх гэдэг утгаараа хувийнх. Технологийн паркаа доктор, профессорт биш, Стив Жобс шиг баялаг бүтээсэн оюунлаг хувийн компанид даатгаж өгсөн учраас хөгжсөн юм.

-Манайд тэр баялаг бүтээгчид нь байна уу?

-Салбар бүрт бий. Металлургийн салбарт автобус, тролейбусаа хийгээд баталчихсан Жаргалсайхан байна. Химийн салбарт “Мон химо” байна. Тэд адууны ясаар бүтээгдэхүүн хийж экспортолдог. “Монос”-ын Хүрэлбаатар, Амбага доктор байна. Эдний хийх ажлыг төр чадахгүй. Жишээ нь миний зохиосон үйлдлийн системийг төр шалгах боломжгүй. Харин практик шалгаж баталсан. Капитализмын түүхэнд төр технологийг шалгаж байгаагүй. Харин практикт шалгарсан компанид төр захиалгаа өгдөг захиалагч байсан түүхтэй.

-Үйлдлийн системийнхээ талаар энгийн тайлбар хэлээч. Асар их хэмжээний ам.долларын экспорт хийх боломжтой гэхээр хэрийн улс орны эрдэмтдийн хийчихдэг эд биш байх… ?

-Миний сурсан үйлдлийн системийг “Самсунг” хүртэл өөрсдөө хийгээгүй. Англичуудаар хийлгээд одоо болтол тэдэнд мөнгө төлдөг. Хоёр янзын үйлдлийн систем байдаг юм. Тэрийг нь Англиас сурсан. Ухаантай хүн бүхний бодоод хийчихдэг эд биш л дээ. Сая хэлсэн хоёр технологийг профессор, доктор биш баклаврын зэрэгтэй хоёр инженер хийсэн юм. Нэг нь итали, нөгөө нь грек. Ер нь Англи хүн хэзээ ч нээлт хийгээгүй шүү дээ. Хийсэн нь хэн бэ гээд харахаар еврей, итали, грек гаралтай байдаг. Эртний генилэг хүмүүс л дээ. Монголчууд ч ялгаагүй. Эртний хүннүчүүд бол генилэг. Хөл, толгойгоо байранд нь оруулчихвал тэднээс ч илүү хурдан хөгжих боломжтой. Япончууд хүртэл үйлдлийн системээ Англи, Америкаас авсан байхад бид азтай. Монголдоо өөрөө хийгээд баталчихсан. Англид ажиллаж байхдаа тэр хоёр хүнтэй азаар таарсан. Мэдээж тэр хоёр шууд зааж өгөөгүй. Тэр хоёрын хийсэн юман дээрээс өөрөө ухаж олсон зүйлс. Монгол хэлээр, монгол нэр дээр баталчихсан. Хэн ч хаанаас нь ч харсан монгол хүний оюуны өмч. Нөгөө нэг ашиглах зүйл нь интеграл, дифференциаль, RL, RC филтэр зэрэг үйлдэл. Тэр үйлдлийг микро-процессор ойлгохгүй тул энгийн нэмэх хасах үйлдлээр хийж сурсан. Монголын IT-гийн бүх инженер энэ хоёр техникийг ашиглаад Монголдоо Английн синёр инженерийн төвшинд ажиллаж болно. Миний Англи дахь карьер сениор инженерийн төвшинд хүрсэн байсан. Энэ нь Английн их хурлын гишүүний хэмжээний халамж хүртдэг ажлын байр.

-Манайхан үйлдвэр барихаараа гаднаас технологи импортолдог. Бүр нэлээд их мөнгөөр. Таны технологийг ашиглавал гадагшаа урсах ам.долларын урсгалыг зогсоож чадах уу?

-Миний NaNyam гэдэг технологийг ашиглаад технологийн бүх импортыг хориглож болно. Миний хийж байгаа хүчний удирдлагууд, хүчний электроникийн удирдлагууд, компьютержсэн удирдлагуудгүй аж үйлдвэр гэж байдаггүй. Тэгэхээр бүх юмаа Монголдоо хийх боломжтой гэсэн үг. Механикийн салбар аль социализмын үед Монголд хөгжчихсөн шүү дээ. АПУ-гийн фильтер сольсон хүн шууд гурван өрөө байраар шагнуулж байсан түүх бий. Тэр хүнд өнөөдөр ажил олдохгүй байна. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны даргын туслах төдий хийгээд сууж байх жишээний. Миний үйлдлийн системийг ашиглаад дотооддоо хийж болох программ болон техник хангамжийн ажлыг улс төржсөн олигархи компаниуд дамын наймаагаар шахдаг. Мэдлэгтэй, чадвартай инженерүүдээ ажилгүй болгодог. Миний хувьд гэхэд л NaNyam төхөөрөмжөө дөрвөн жил цалингүй зохион бүтээж батласан ч “Үгүй ээ, бид дамын наймаагаа л хийнэ” гээд хийсээр байна. Хоёр нүүр гаргадаг үнэг шиг засаглал Монголд оршиж байна л даа. Миний үг биш, зуун жилийн өмнө амьдарч байсан Парито гэж эрдэмтний онол. Английн улс төрийн онолын элит хүн. Үнэг, арслангийн онол гэж бий.

-Үндсэн сэдэвтээ оръё. Технологийн паркийг нийслэлээс зуу гаруй км газарт байгуулна гэж байгаа. Тэгэхээр технологид суурилсан эдийн засаг нэлээд хөрөнгө зарж байж хөгжих нь ээ дээ?

– Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй. Технологийн паркад нэг төгрөг ч зарцуулах хэрэггүй. Бүх юм байгаагаараа байг. Бүх технологийн парк, хүрээлэнг салбар, салбарт нь гавьяа байгуулсан Стив Жобсуудад өгчих хэрэгтэй. Төр дамын наймаа хийдгээ болиод, захиалга өгдөг болчихвол асуудалгүй хөгжинө. Онол, философио өөрчлөөд л Азийн бар болох боломжтой. Дахин хэлье. Нэг ч төгрөг зарахгүйгээр хөгжүүлэх бүрэн боломжтой. Саяхан төрийн ордонд болсон дэлхийн технологийн парк хөгжүүлсэн улсуудын анхдугаар чуулганд ирсэн Хятадын төлөөлөгч “Та нар яагаад Улаанбаатараас 130 км хол газар технологийн паркаа барих гээд байгаа юм бэ” гэж гайхаж байна. Хятадын хувьд Бээжинд, бүр Тянь-Ань-Миний талбайнхаа дэргэд нэг ч төгрөг зарцуулалгүйгээр технологийн паркаа байгуулж чадсан. Социализмын үеийн дэд бүтэцдээ тулгуурлаад л хөгжүүлчихсэн. Монголд ч тэр дэд бүтэц нь бий. Байр нь, тэнд ажиллах туршлагатай инженерүүд нь бэлэн байгаа. Тэнд ажиллах ХХК-иуд нь бүх аймгийнхаа захиалгыг аваад ажиллахад л хөгжинө. Чөлөөт өрсөлдөөний буруу зөрүү хуулиудаасаа татгалзаад Итгэлт баяны дүрмээр явах цаг ирсэн. Итгэлт баян эдийн засгаа авч явдаг болохоос, тэр хүний түлээг хагалдаг хүн Итгэлт баяныг удирдах боломжгүй. Гэтэл өнөөдөр түлээчин нь Итгэлт баяныг удирдах схемээр яваад байна. Инновацийн хууль бол яг энэ схем. Зөвхөн дээд сургуулийн профессор л гарааны компани байгуулаад удирдах эрхтэй байгаа. Үнэнийг хэлэхэд Английн доктор профессорууд баялаг бүтээж үзээгүй. Ер нь дэлхийн аль улс оронд яг ижил. Онолоо буруу ойлгоод буруу заадаг л хүмүүс. Солонгос, Хятадын хувьд Стив Жобс шиг инженерүүд технологио дээд сургуулиуддаа заадаг, дээд сургуулийн багш нар тэднээс юм сураад оюутнуудыг бэлдэж өгөх л үүрэгтэй.

– Хятад, Солонгост дээд сургуулийн багш нар нь Технологийн паркийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэсэн үг үү?

-Яг тийм. Яагаад гэвэл доктор, профессоруудад мэдлэг байхгүй. Нэг сонирхолтой нь Хятад, Солонгос зэрэг Азийн барууд, Европын улсууд, америкчууд яг ижил түүх, ижил замаар технологийн паркаа ажиллуулсан байдаг. Стив Жобс шиг баялаг бүтээсэн хүнд л удирдах эрхийг өгсөн. Харин хөрөнгө оруулалт нь улсынх. Улсаас лабораторийг нь бариад өгчихдөг. Гэтэл манайд троллейбус Жагааг тээврийн сайд удирддаг. Тэгээд хийсэн автобус, троллейбусыг нь тоохгүй, гаднаас өндөр үнэтэй автобус авдаг. Гаднаас акталсан автобус авчраад будаад зарах нь популист сайдад л ашигтай. IT, инженерийн салбарыг гэхэд үйлдлийн систем бүтээсэн хүн авч явах учиртай. Тээврийн, инженерийн яамны сайд гэж капиталист нийгэмд байдаггүй. Баялаг бүтээж үзсэн туршлагатай хүнд баялаг бүтээж үзээгүй төр баялаг бүтээх дүрмийг заана гэдэг социалист вирус арилахгүй байна.

– Та түрүүн технологи хөгжүүлэх байр нь бэлэн гэлээ. Байр асуудалгүй гэхэд санхүүжилт гэж том юм бий шүү дээ?

-Санхүүжилт нь бэлэн шүү дээ. Төрийн худалдан авалтын ерээд хувь нь IT-гийн бизнес. Төр өөрөө дамын наймаагаар, лобби-гоор, тендерийн хуулиар гаднаас авдаг юм. Тендерийн хуулиа гэхэд л өөрсдөдөө тааруулж хийдэг. Инновацийн хуулийг ч ялгаагүй. Өнөө эрдэмтэн докторууд нь хийсэн. Тэр хуулиар бол би хүн биш мал харин доктор, профессорууд бурхан. Үр дүнд нь хоосон цаасан бүтээл бас дамын наймаа л хөгждөг. Энэ хуулиар зөвхөн доктор, профессоруудад асар их халамж боломж өгсөн. Зүй нь тэр хуулийг баялаг бүтээж үзсэн хүн хийсэн бол үр дүн гарах байсан. Тэгэхээр Засгийн газар худалдан авалтынхаа 90 хувийг өгчихвөл бид улсаа Азийн бар болгож чадна. Гэхдээ бүр экологид ээлтэй технологи хөгжүүлнэ. Хэнд ч хэрэггүй ТҮЦ машин хийгээд бид хаашаа ч экспортолж чадахгүй. Манай коммунист хүнд суртлын аппаратанд л таарсан төхөөрөмж дэлхийд хэрэггүй. Олон улсын зах зээлд экспортлох боломжтой зүйлсийг л хийнэ. Мөнгөний төлөө биш ногоон экологийн төлөө үйлдвэрлэлээ хөгжүүлнэ.

-Экспортлох боломжтой, экологид ээлтэй технологиосоо сонирхуулаач. Жишээ нь яг одоо цагт эрэлттэй ямар технологи байна вэ?

– Эрчим хүч үнэгүй болгодог технологи байна. Эрчим хүчийг үнэгүй үйлдвэрлэх боломжийг “Тесла” анх хийсэн ч “GP Mor­gan” түүнийг нь дарсан. “JP Morgan” одоо бол банк. Дээр үед банк байгаагүй. Бүх уул уурхайг монопольдож, мафийн шугамаар дарамталж худалдаж авсан. Бүх эрчим хүчийг авсан. Тэгээд тэндээсээ орлого олох гэж байтал нөгөөхийг нь үнэгүй гэхээр яаж дуртай байхав, арчин хаяж таарна. Уг нь “GP Morgan” “Тесла”-гийн спонсор байсан юм. Ийм шалтгаанаар спонсороосоо татгалзсан. Хэрвээ “GP Mor­gan” АНУ-ын хаан байсан бол үүнийг зөвшөөрөх байсан. Учир нь улсын бүх мөнгө хааны өмч учраас экологид ээлтэй бодлого явуулдаг. Америкийн эрдэмтэд ардчилсан засаглал нь автоматаар авлига үүсгээд, тэр нь ногоон дэлхийг сөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрч, одоо ямар засаглалаар явах тухай ярьж байна. Ардчилсан засаглал руу орсон бүх улс оронд хууль гууль болдог, авлига автоматаар үүсдэг нь дэлхийн түүх. Ямар ч улс ялгаагүй. Монголчууд муухайдаа хийгээд байгаа юм биш. Тэр авлига нь дэлхий даяар тархаад дэлхийг цөлжүүлж байна л даа. Африкийг цөлжүүлсэн. Одоо хуучин соц орон байсан Киргиз, Монгол зэргийг цөлжүүлж байна. Бид ардчиллын буянаар уух ус, амьсгалах агааргүй болох өндөр эрсдэл дунд байна. Үр уршгаар нь Хойд мөсөн далай хайлж цагаан баавгайнууд усанд живж үхэж байна. Үүний эсрэг хүчтэй тэмцсэн хүмүүс баатар болж байна. Эдвард Сноуден, Жулиан Ассанж нарт хүмүүс хайртай байгаа нь ийм учиртай. Өөрсдийнхөө амь насыг үл тоогоод дэлхийн дулаарлын эсрэг, авлигын эсрэг тэмцэж байгаа учраас тэд дэлхийн баатрууд.

-Таныг саяхан дэлхийн эрдэмтдийн зөвлөл хүлээн зөвшөөрөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаанд оролцох эрх өгсөн гэж сонслоо…?

-Парламентын гишүүдийг хэдэн зуу хүргээд ч хөгжил урагшлахгүй. Учир нь энэ нь чанарын өөрчлөлт биш. Миний хувьд NaNyam гэж улс төрийн саармагжилтын онол гаргасан юм. Хэрвээ энэ онолоор явбал чанарын өөрчлөлт гарна. Энэ онол маань дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөр орж 90 хувийн саналаар ялсан. Улс төрийн саармагжилтаар ардчиллыг байгуулдаг түүхтэй, ардчилсан онолоор ардчиллыг байгуулах боломжгүй гэдгийг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрөөд намайг дэмжсэн юм. Экс коммунист орнуудын эрдэмтдийн хувьд нь өмнө нь ийм боломж олдоогүй. Дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөс томилж байсан улс дандаа капиталист орныхон байсан түүхтэй. Тэдний сонгосон хүмүүс нь дэлхийн тоглоомын дүрмийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн хурлаар хэлэлцдэг. Тэрэнд анх удаа экс социалист нийгмээс оролцох гэж байгаа тохиолдол боллоо. Ганц би биш монгол эрдэмтэд оролцоосой гэж хүсч байна. Гэхдээ доктор профессорууд биш шүү. Дээд сургуулийн хууль зүйн эрдэмтэд ч биш. Хууль зүйгээр арав, хорин жил, насаараа ажилласан Ц.Нямдорж шиг “хатуу самар”-ууд, Дамдин сайд шиг, Содном дарга шиг чадвартай хүмүүст мэдлэг бий. Практик ажлын туршлагатай залуус надтай хамтарч энэ хуралд оролцож ажиллах боломжтой. Амжилттай оролцвол НҮБ-д ажиллах боломж ч олдоно. Учир нь дэлхийн Ардчилсан засаглалын дампуурал нь НҮБ -ыг эрэлд хайгуулд оруулсан байгаа. Монтесткегийн онолыг буруу гэдгийг математик загвараар баталж, мөн Монтесткегийн онол заадаг Харродс гээд Америкийн их, дээд сургуулиудын доктор, профессоруудыг гэрийн хорионд хийе гэдэг санал тавьж 90 хувийн саналаар дэмжигдсэн юм. Тэгэхээр тэд өөрсдийгөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.

-Таныг дэлхийн эрдэмтдийн зөвлөлөөс аль орныхон хамгийн их дэмжсэн бэ?

-Хятад, орос, америкууд. Хятад, Оросын хувьд засаглалын босоо тогтолцоотой. Миний онолоор бол тэр нь зөвхөн нэг хэсэг нь. Америкийн хувьд миний онолыг сонсоод гарцаа оллоо гэж байсан. Харин Америкийн эрдэмтэд нь диктатур луу орох хэрэгтэй гээд огт буруу гарц руу оруулах гээд байгаа. Бараг бүх эрдэмтэд нь нэг хүний диктатурт оръё гэж ярьж байна. Коммунизм руу оръё гээд коммунист хөдөлгөөнүүд хүртэл үүсчихсэн. “Баячуудын хорооллыг усанд живүүлье” гэдэг хөдөлгөөн хүртэл байна.

-Мэдээж монгол хүн бүр л эдийн засгаа хөгжөөсэй гэж хүсч байгаа. Гэхдээ илт зөрүү байр сууриуд сонсогдоод байх юм. Таныхаар шалтгаан нь юундаа байна вэ?

-Эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал дээр монголчууд үзэл суртлаараа гурав хуваагдчихдаг. Учир нь Монгол гэдэг улс гурван янзын түүхтэй.

Нэг хэсэг нь Америкийн доктор, профессоруудаас чөлөөт өрсөлдөөн гэдэг хаана ч туршигдаагүй буруу онол сураад ирчихсэн. АНУ, Англи өөрсдөө одоо ч нууц монополь зах зээлээр хөгжиж байгаа. Хэзээ ч чөлөөт өрсөлдөөнөөр хөгжиж байгаагүй. Америкийн доктор, профессорууд баялаг бүтээж үзээгүй атлаа баялаг бүтээх дүрэм заадаг. Чөлөөт өрсөлдөөн гэдэг худлаа онол заадаг. Тэр онолыг сураад ирсэн хүмүүс Ерөнхий сайд, намын даргын зөвлөх хийдэг. Ямар ч практик туршлагагүй тэд яг гамин шиг бидэнд саад болоод байна. Харин Монгол банк, Сангийн яаманд олон жил ажилласан хүмүүст олон улсын монополь зах зээлийн мэдлэг мэдээлэл бий.

Хоёр дахь хэсэг нь Сүхбаатар жанжин шиг хүмүүс. Америкийн доктор, профессорууд чөлөөт өрсөлдөөн ярьж байхад олигархи том компаниуд нь огт өөр замаар гарч ирсэн. “Уучлаарай оюуны өмчөө хамгаалахын тулд, хөл дээрээ бат зогсч, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд монополь байх ёстой” гээд цус нөжөөр, мафийн шугамаар гарч ирсэн. Социализм үүнийг хуулиар хийсэн учраас мафийн систем үүсээгүй юм. Капитализмыг хууль бусаар, мафиар хийсэн учраас ардчилсан улсуудад мафийн систем сайн хөгжсөн. Тэр монополь компаниудад нь ажиллаад ирсэн хүмүүс өчнөөн бий. Женерал электрик, Alstom-д олон жил ажиллаад бүх юм нь монополь гэдгийг мэдэрч боолын вирус-ээсээ салсан азтай хувь заяандаа би баярлаж явдаг. Англид чөлөөт өрсөлдөөн гэж байдаггүй, импортоо хамгаалдаг дипломат арга байдгийг сураад ирсэн хүн. Яг тэр аргаар NaNyam гэдэг стандартаар Монголын бүх технологийн импортыг хамгаалж чадна. Бидний очиж сурсан газар өөр учраас хоорондоо дайсан болчихоод байна л даа. Гурав дахь хэсэг нь Барон Унгерн, атаман Семёнов шиг, цагаан армийнхан. Тэд коммунист вирустэй. Төр хүчтэй байхын тулд төр инженерийн яамны сайд байх ёстой гэж сэтгэдэг улс. Хулгай хийх гээд популист улсыг сайдаар аваачаад тавьчихдаг. Хулгай хийхээ боль гэхээр “Өөрийг чинь Ерөнхий сайдаас огцруулчихна шүү” гэж айлгадаг. Англи, Америк ардчилсан засаглалтай хэрнээ манайд байдаг ийм төрлийн авлига тэнд байдаггүй. АТГ гэж байхгүй. Яагаад гэвэл популист сонгуулиас өмнө лордын сонгуулиа хийгээд бүх зах зээл нь эзэнтэй болчихсон юм. Тэгэхээр популистуудад нь социалист аргаар инженерийн яам байгуулж дамын наймаа шахааны бизнес хийх орон зай боломж байхгүй гэсэн үг. Англид барилгыг нэг л компани барьдаг. Зах зээл болгон эзэнтэй учраас популистуудад хулгай хийх боломж байхгүй. Манай популистууд дэлхийн түүхэнд байгаагүй азтай популистууд.

-Цагаан армийнхан коммунист вирустэй юм бол гамингууд нь ямар вирустэй байж таарахав?

-Америкаас чөлөөт өрсөлдөөн гэж буруу юм сурсан нь боолын вирус. Үүний ачаар бид дэлхийн хэрэглэгч болчихоод сууж байна. Энэ хоёр вирусыг устгаж байж эдийн засгаа хөгжүүлнэ. Тэгвэл эдийн засаг автоматаар хөгжинө. Инженерийн яам гэж байхгүй болчихвол популистууд хулгай хийх боломжгүй болно.

Эцэст нь дүгнэхэд хоосон онол ярихын оронд буруу бодлогынхоо муу үр дүнг хараад бодлогоо философио өөрчилмөөр байна.

Хэнийг ч дуурайж хуулалгүй өөрсдөө бодоод хөгжсөн бүх улсын түүх яг ижил. Энэ бол монополь зах зээл. Миний хувьд Английн гурван том монополь глобал ХХК-д ажиллаж дэлхий монополь гэдгийг олж харсан. Гэтэл бид яагаад чөлөөт өрсөлдөөн гэдэг бусдын буруу онолоор дампуурах ёстой юм бэ?

Categories
мэдээ цаг-үе

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч хэрцгийгээр зодсон хэргийн мөрөөр

-ХҮҮГИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТААРУУ БАЙНА-

Манай тусгай сурвалжлагч Э.Хүрэлбаатар Дундговь аймгаас мэдээлж байна.

Цэцэрлэгийн тогооч эмэгтэйд зодуулсан хүүгийн биеийн байдал тааруу байна. Хоёр сар гаруйн хугацаанд өдөр бүр өндөр хэмтэй халуурч, гар хөл нь татаж, толгойгоо даахгүй гилжийлгэх шинж тэмдэгтэйгээр өвчиндөө шаналж байсан байна. Дундговь аймгийн эмч нар хүүгийн оношийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэнэ. Тиймээс аав, ээж нь Улаанбаатар хот руу, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхээр аваад явжээ. Одоогоор хүүгийн өвчнийг бүрэн оношилж чадаагүй байгаа аж. Хэд хэдэн шинжилгээ авсан гэнэ. Эмч нар хүүг зодуур нүдүүрийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан байж магадгүй хэмээн таамаглаж байгаа бөгөөд хүүгийн халууныг буулгах гэж бүхий л арга чаргаа хэрэглэж байгаа аж. Гэсэн ч хүүгийн халуун буухгүй байгаа гэнэ.

“Хоол халбагадаад өгөхгэхээр айгаад идэхгүй уйлаад байгаа”

Дундговь аймгийн Мандалговь хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс гэх эмэгтэйн арван сартай хүүг хайр найргүй зодож, загнаж байгаа бичлэг цахим ертөнцөөр цацагдсан.

“Яагаад маяглаад байгаа юм. Ид чи. Яадаг муу гөлөг вэ” хэмээн цахиртсан хоолойгоор хашгирч, арван сартай хүүгийн ам руу хоол чихэж, хайр найргүй зодож тамлаж байгаа бичлэгийг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анх цахим хуудастаа байршуулсан билээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй нялх хүүхдийг тамлан зовоож байгаа тэр бичлэгийг бүрэн гүйцэд үзэх хүн ховор байв. Эмэгтэй хүн, тэр тусмаа ээж хүнээс гарамгүй догшин авир гаргаж байгааг харсан хүн болгон цочирдож хүлээж авсан юм. 50 орчим настай, хоёр хүүхдийн ээж, эмээ болоод удаагүй байгаа Ж.Отгонтөгс гэх эмэгтэй юуны учир нялх хүүхдийг ийн зодож, тарчлааж зовоох болов. Энэ талаар сурвалжлахаар Дундговь аймгийг өчигдөр зорьсон юм. Өглөө эртлэн нийслэл хотоос хөдөлж бага үдийн алдад Мандалговь хотод очлоо. Аймгийн төв даяар арван сартай хүүг зодсон тогооч эмэгтэйн хэргийн талаар ярих ажээ. Тааралдсан хүмүүс “Хөөрхий хүүгийн бие тааруу байгаа гэнэ. Хоол унд идэж чадахгүй байгаагаас болоод жин нь хасагдсан гэсэн. Хүүг зодсон эмэгтэйг цагдаа дээр шалгаж байгаа юм байна. Эрүүгийн хэрэг үүсгэжээ. “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг даргын Тамгын газраас цуцалжээ” гэх мэт зүйлсийг ярьцгааж байлаа. Бид цэцэрлэгийн тогооч эмэгтэйд зодуулсан хүүгийн эмээ Н.Энхтайвантай уулзаж ярилцлаа.

-Хүүгийн тань биеийн байдал ямар байна вэ?

-Одоогоор биеийн байдал сайжирсан зүйл мэдэгдэхгүй байна гэж аав, ээж нь сая утсаар ярихдаа хэлж байна. Биеийн байдал сайжрахгүй болохоор нь хот руу нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шинжилгээ хийлгэхээр явсан юм. Өдөржин эмнэлгээр дагуулаад явчихсан чинь халуураад бие нь тавгүйрхээд байна гэнэ. Шинжилгээний хариу гарсны дараа юунаас болоод өндөр хэмтэй халуурч, хөл гар нь татаад байгаа нь тогтоогдох юм гэсэн.

-Хэзээнээс бие нь өвдөж эхэлсэн бэ?

-Зээ хүүг маань зодсон аравдугаар сарын 19-ний өмнөх өдөр аав нь цэцэрлэгийн эрхлэгчид гомдол мэдүүлчихсэн юм байна лээ. “Манай хүүхэд цэцэрлэгээсээ ирэхдээ өлсчихсөн ирээд байна. Хоолыг нь нэмж болохгүй юм уу. Үүнд анхаарлаа хандуулаарай” гэсэн байдаг. Цэцэрлэгийн эрхлэгч тогооч дүүдээ хандаж “С-ын ар гэрийнхэн гомдол мэдүүлсэн, хоолыг нь нэмж өгөөрэй” гэж үүрэг даалгавар өгсөн юм шиг байгаа юм. Үүнд тогооч эмэгтэй уурлаж, хүүг маань зэрлэг балмад авир гарган зодсон шиг байгаа юм. Гэхдээ ямар шалтгаанаас хүүг маань тэгтэл үзэн ядаж зодож, загнаж хашгирсан нь тодорхойгүй байгаа. Аравдугаар сарын 19-ний өдөр тогооч зээ хүүгийн маань ангид орж ирээд “Энэ хүүхдийг би өөрөө хооллоно” гэж хэлээд будаатай хоол өгсөн байдаг. Тэгэхдээ хүүхдийг минь хэдэн минутын турш тамлаж зодсон байна лээ. Цэцэрлэгээсээ ирсэн оройноос эхлээд биеийн байдал нь тавгүйрхсэн байсан. Шөнө нь уйлагнан бөөлжиж, суулгаж, халуурч эхэлсэн. Эмчид үзүүлтэл “Ханиад хүрсэн байна. Суулгаж бөөлждөг ханиад гарсан” гэж эм бичиж өгсөн байсан. Мөн бариачаар толгойг нь бариулсан. Гэсэн ч бие нь зүгээр болохгүй маш олон хоног халуурч, бөөлжсөн. Тухайн үед нүүр, хацар нь хавдчихсан байсан. Нүд нь өвдчихсөн болохоор түүнээсээ болоод хавдчихсан юм байх гэж ярилцаж байлаа. Бидний хэнийх нь ч санаанд хүүг минь хэдэн минутын турш тамлаж, дөнгөж ургаж төлжиж байгаа биеийг нь хайрлахгүй зодно гэж санах билээ. Гар, хөл, нуруу, далны яс нь бүгд мөгөөрс байгаа шүү дээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй, дөнгөж алхаж сурч байсан юм шүү дээ. Онош нь тодрохгүй, хүүхдийн минь бие сар гаруй өвдөж, бид аргаа барчихаад сууж байтал ангийнх нь багш тэр бичлэгийг бидэнд үзүүлсэн. Тэгээд л тогооч эмэгтэйд зодуулж гэмтэл авсны улмаас бие нь өвдөөд байгааг мэдсэн. Бид бичлэгийг үзсэн даруйдаа аймгийн Мэргэжлийн хяналтын газар, цагдаагийн хэлтэс, Хүүхэд хамгаалах төвд хандсан.

-Ангийнх нь багш тэр бичлэгийг яагаад хоёр сар орчим нуусан юм бол. Хүүг зодож байхад бичлэг хийсэн мөртлөө тогооч эмэгтэйг болиулахгүй байгааг шүүмжлэх хүн олон байна лээ?

-Ангийн багш эмэгтэй бидэнтэй уулзсан. Маш их дарамт шахалтад байсан. Үүнээс болоод хийсэн бичлэгээ үзүүлж чадаагүй талаар ярьсан. Өмнө нь цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс хэд хэдэн удаа хүүхэд зодсон гэсэн. Тиймээс зээ хүүг маань зодож байхад нь гар утсаа цонхны тавцан дээр тавьж бичлэг хийж баримтжуулсан байсан. Хэрэв баримтжуулж аваагүй байсан бол бид өнөөдрийг хүртэл хүүгээ юунаас болоод өвдөөд байгааг мэдэж чадахгүй байсан.

-Зээ хүүгийн тань байдал ямар байна вэ?

-Байнга ямар нэгэн юмнаас айж цочсон, уйлсан байдалтай байна. Хувцсыг нь өмсгөөд аваад гарах гэхээр ээрээд уйлчихдаг. Цэцэрлэг рүү нь авч явах гэж байна гэж боддог бололтой. Хүн өндөр дуугаар ярихаар аав, ээж рүүгээ сарвайж уйлаад, хоол халбагадаад өгөх гэхээр айгаад идэхгүй байна. Бид хоол өгөх гэж янз бүрийн арга хэрэглэж байгаа.

-Тэр бичлэгийг та бүрэн үзсэн үү. Аав, ээж нь ажилтай болохоор хувийн цэцэрлэгт өгсөн юм уу?

-Тийм ээ. Аав, ээж хоёр нь хоёулаа ажилтай. Хувийн цэцэрлэгт мөнгийг нь төлөөд оруулах нь илүү найдвартай, цэвэр, тохь тухтай гэж бодсон. Гэтэл нялх үрийг минь ийм болгочихоод байж байгаад гомдолтой байна. Бид хүүхдээ л эрүүл саруул болгож авмаар байна. Бие нь зүгээр болоосой гэж залбирч байна. Зээ хүүг минь хэрцгийгээр зодсон хэргийг хууль хяналтын байгууллагынхан үнэн зөвөөр тогтоож өгөх байх гэж итгэж байгаа гэв.

Үргэлжлэл бий>>

Categories
мэдээ цаг-үе

Монгол омогшлыг бадраагч “Монгол онгод” хамтлаг

Монголчууд эрт үеэс улбаалан ирсэн агуу ёс заншил, уламжлалтай ард түмэн. Үүнийгээ илэрхийлэх язгуур урлагийн гайхамшигтай орон. Учир юун гэвэл язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг энэ жил “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож үндэснийхээ язгуур урлагийг дэлхийд таниулсан. Хөдсөн дээл өмсч, хөдөө хээрээр хэсүүчлэн амьдардаг хэмээн монголчуудыг төсөөлдөг гадныхан Монголын урлагийн гайхамшгийг үнэнхүү биширч байсан нь саяхан. Талын Монголын хоолойны цар, талбиж буй хөгжмийн хөг аялгуу сэтгэлийн гүндэх эгшиг утсыг хөндөх нь юутай гайхамшиг болохыг дэлхийн хүмүүс магтан шагшиж байлаа. Тэгвэл язгуур урлагийн гайхамшгийг монголчуудад нэгэн хамтлаг дахин мэдрүүлж омогших сэтгэлийг төрүүлэх боллоо. Энэ бол “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч “Монгол онгод” хамтлаг юм. “Монгол онгод” хамтлаг шоуны шилдэг 32-т шалгарсан боловч үзэгчдийн саналаар финалын шатанд шалгарч чадсангүй. Гэхдээ тэд Монголын язгуур урлагийн гайхамшгийг тайзнаа тамгалан үлдээлээ.

Цагдаагийн “Сүлд” чуулгаар овоглосон “Монгол онгод” хамтлагийнхан шоунаас хасагдсан ч уран бүтээлээ туурвиад, урлагийн тоглолтод оролцоод тун ч завгүй яваа гэсэн. Уран бүтээлээрээ хэдийнэ олны танил болсон “Монгол онгод”-ынхон шоунд оролцсоноор урлаг дахь байр сууриа илүү батжуулж, өөрсдийн өнгө аясаа тодорхойлоод авсан. Учир нь тус хамтлаг анх 2011 онд зургаан гишүүнтэй байгуулсан түүхтэй. Их хуурч Б.Мягмарбүрэнхүү, гитарчин, хөөмийч О.Одбаяр, морин хуурч хөөмийч У.Батбаяр, ёочин хөгжимчин Г.Мижид, Уртын дуучин Н.Ариунцэцэг, цохивор хөгжимчин Г.Отгонбат нарын бүрэлдэхүүнтэй. Эдгээр уран бүтээлчид СУИС-ийг төгссөн мэргэжлийн хөгжимчид гэдгээрээ аргагүй ялгарна. Монголд “Алтан ураг”, “Хөсөгтөн” зэрэг язгуур урлагийн олон хамтлаг бий. “Алтан ураг” фолк рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг бол “Хөсөгтөн” хамтлаг этник баллад урсгалыг баримталдаг. Харин “Монгол онгод” пост этник урсгалаар тоглодог. Пост этник урсгалыг хөгжүүлэхийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж буй уран бүтээлчид. Товчхондоо ардын хөгжмийг орчин үеийн хөг-жимтэй хослуулан өөрсдийн гэсэн урсгалыг бий болгохоор ажиллаж байгаа залуус юм. Хамтлагийн өөрсдийн зохиол найруулга, тоглосон уран бүтээлээс дурьдвал “Мандах нар”, “Ардын дууны найруулга”, “Чингисийн аялгуу”, “Морьтон Монгол”, “Анчин”, “Батаар ирлээ”, “Дайчдын өчил”, “Хүрэн толгойн сүүдэр” зэрэг уран бүтээлийг нэрлэж болох юм.

Тэд өнгөрсөн жил “Vol.1” нэртэй цомог гаргасан бөгөөд нийт найман аялгуу багтсан байна. Зөвхөн монгол уран бүтээл гэлтгүй гадаадын зарим шилдэг уран бүтээлчдийн дуу, аяыг cover хийж тоглодог. Тухайлбал та бүхэн сүүлийн үед попын хатан хаан гэгдээд байгаа дуучин Аделийн дууг үндэсний хөгжимтэй хослуулан тоглосныг санаж байгаа байх. Нэг хэсэгтээ л шуугиулсан бүтээл болсон. Хамтлагийн зорилго бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн тавцанд гарах. Тиймээс дэлхийн шилдгүүдийн уран бүтээлийг монгол хэлбэрт оруулж, шинэ соргог болгоныг бүтээхийг эрмэлздэг байна. Энэ бол “Монгол онгод”-ын залуусын туйлын зорилго.

Тус хамтлагийнхны амжилт энэ шоугаар эхэлсэн юм биш. Өмнө нь тэд тив, дэлхийд өөрсдийн уран бүтээлийг хүргэж, эх орноо сурталчилж байсан удаатай. Тодруулбал, 2012 онд ОХУ-ын Буриадын Улан-Үдэ хотноо “Дыхание Земли” Ази-номхон далайн орнуудын олон улсын хөөмэйн дөрөвдүгээр наадмын “Дэд байр”, 2013 онд мөн тус наадмын III байрын шагнал хүртэж байсан аж. Харин анхны бие даасан тоглолтоо 2012 “Монгол онгод” нэртэйгээр толилуулжээ. Түүнчлэн төрийн их баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд оролцож “Алтайн магтаал” туурвиж байсан удааатай.

Мөн хамтлагийн гишүүд болох Одбаяр, Мягмарбүрэнхүү нар 2011 онд хөөмийн олон улсын наадмаас I байр эзэлж байсан ажээ.

Ер нь хамтлагийн гишүүд ганцаарчилсан байдлаар олон тэмцээн уралдаанд оролцож байсан арвин туршлагатай. Тэд цэвэр мэргэжлийн хүмүүс. Байгалиас заяасан бидний хэлдгээр төрчихсөн авьяас энэ залууст бий. Учир нь урлагийн сургуулийг нь дүүргэж, уншиж судлах ёстой хичээл номыг нь үзсэн тэд басхүү урлагийн удамтай гэж байгаа. Хамтлагийн гитарчин, хөөмийч О.Одбаярын нагац ах нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн нэрт хөөмийч Б.Одсүрэн юм байна. Тэд өөрсдийн бүтээл болох “Анчин” хэмээн уран бүтээлийг шоуны гуравдугаар шатанд үзэгчдэд толилуулсан юм. Мөн “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч Баярсайхан буюу реппер Rokit Bay “Танай хамтлаг гайхамшигтай тоглолт харууллаа. Гол нь “Монгол онгод”-ын амин сүнс нь уртын дуучин бүсгүй байна шүү” гэж хэлээд авсан. Аргагүй түүний хоолойны чадал үзэгч бүрийг суудлаас нь босгож, ёстой шар үсийг босгосон мэдрэмж төрүүлсэн гэдгийг харсан байх. Монголчууд уртын дуучин ард түмэн. Тиймдээ ч зууны манлай уртын дууч Намжилын Норовбанзадаас эхлээд олон ч гайхамшигтай уртын дуучин Монголыг дэлхийд таниулсан байдаг. Харин шоуны тайзнаа олныг авьяасаараа алмайруулаад авсан уртын дуучин бол Н.Ариунцэцэг хэмээх бүсгүй юм. Тэрээр сургуулиа төгсөөд дөнгөж нэг жил болсон ч хэнээс ч дутахааргүй уртын дуучин гэдгээ харууллаа. Түүнийг дуулахад морин дэл дээр талын салхитай агаар нэгэн исгэрч, хөдөө тайван амгаланг сэрээж буй мэдрэмж төрснийг нуух юун.

Арга ч үгүй биз. Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэгийн шавь юм хойно. Хамтлаг “Сүлд” чуулгын харьяа учир уран бүтээлчид цагдаагийн ахлагч цолтой юм байна.

“Монгол онгод” өөрсдийн бүхий л боломжийг эрэлхийж дэлхийд танигдахыг хүсч байна. Үүний илрэл бол хамтлагийн гишүүн гитарчин, хөөмийч О.Одбаяр, цохивор хөгжимчин Г.Отгонбат нар өнгөрсөн долдугаар сард Холливудийн “Netflix”, “Wein­stein” кино компаниудын хийж байгаа “MarcoPolo” олон ангит киноны хоёрдугаар улирлын зураг авалтад оролцсон юм. Энэхүү уран бүтээлд монгол хүн тоглох шанг жүжигчин Амарсайхан татаж байлаа. Харин тэд дараагийн уран бүтээлчдийн төлөөлөл болж уг киноны хөгжим дээр ажилласан байна. Холливудын киноны хөгжмийг Монголын уран бүтээлчид бүтээжээ. Монгол хүний авьяас, ур ухаан дэлхийд хэдийнэ гарчихсны тод жишээ энэ. Мөн сүүлийн үед “Монгол онгод” хамтлагтай хамтарч ажиллах саналыг гадны улс орнуудаас тавих болжээ. Тус хамтлагийн уран бүтээлчид “Морин хуур хөгжим хүний сэтгэлийг хөгөлж, уяраадаг. Чингис хаан хүртэл морин хуурын аялгуунаас тайтгарлыг авдаг байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хамтлагт ороод тоглоход морин хуур бусад хөгжмийг дарж, зөөлрүүлдэг онцлогтой. Ер нь хүч хөдөлмөрөө шавхан, сэтгэл зүрхээрээ мэдэрч тоглохыг хичээдэг болохоор л магадгүй тийм сайхан мэдрэмжийг үзэгчдэд төрүүлдэг болов уу” хэмээн даруухан өгүүлсэн. Түүнчлэн “Монгол онгод”-ынхон шоунд оролцсондоо сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд шилдэг найман оролцогчдод амжилт хүсэхийн сацуу цаашдын уран бүтээлээрээ дэлхийд танигдах болно гэдгээ амалсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтийн сэтгэхүйг жолоодох нь

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Энэ жилийн
эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг Английн эрдэмтэн Энгүс Дитон хүртлээ. Тэрээр
“Хомс ба хангалуун хэрэглээний анализ” бүтээлээрээ энэхүү нэр хүндтэй тавцанд гарсан
юм. Тэрээр олон жилийн судалгааныхаа явцад доорхи гурван асуултад хариу олох гэж
чармайжээ:

1. Хэрэглэгчид
олсон мөнгөө юунд үрдэг вэ?

2. Хүмүүс
орлогынхоо хэдийг нь үрж хэдийг нь хадгалдаг вэ?

3. Хомс ба
хангалуун амьдрал гэдгийг яаж хэмжих вэ?

Дитоны судалгааны
хамгийн сонирхолтой хэсэг нь хүн хэдийд ханадаг вэ гэсэн асуултын хариу. Үүнийг
тэрээр АНУ-ын жишээн дээр гаргаж ирсэн байна. Хүн амын 80 хувийг бүрдүүлж буй
америк дундаж иргэний жилийн орлого 70 мянган долларын дотор байхад эзэндээ аз жаргал
авчирдаг гэнэ. Ухаан нь жилийн 40 мянган долларын орлоготой хүн жил жилд орлого
нь нэмэгдээд явахаар ихэд баярладаг, багасаад байвал гомдолтой байх жишээний. Харин
орлого 70 мянга даваад явснаас хойш цаашдын нэмэгдэл хорогдолд төдийлөн анхаарахаа
больчихдог аж. Нэг л үгээр хэлэхэд аз жаргалын индекс олсон гэсэн үг. Энэ судалгаа
нэг талаас харахад микро эдийн засгийн салбарт хамрах юм шиг боловч гол нь хүний
сэтгэл зүй рүү илүүтэй анхаарсан мэт.

Дитоны судалгааг
хуулбарлан Монголын нөхцөлд үр дүнг нь гаргаж ирвэл тун сонирхолтойгоос гадна нийгмийн
бодлогод маш их ач холбогдолтой. Монгол хүн хэдий хэрийн орлогод “цаддаг” вэ. Мянган
хоньтой малчин за болоо гэж бодох уу, эсвэл хонио 10 мянга болгохыг хүсэх үү.
50 хоньтой байгаад хойтон тэр нь 100 болчихвол баярлах уу, голох уу. Дитоны судалгааны
аргачлал нь гол болохоос Монголын нийгэмд хариу нь их л өөр гарах байх. Нүүдлийн
нийгэмд хэдэн мянган жил, хамтралын нийгэмд зуугаад жил амьдарсан үндэстний эд баялагт
хандах хандлага иргэншсэн суурьшмал хүмүүсийнхээс их л ялгаатай байж таарна. Сүүлийн
арван жилд амьдралын төвшин нь 10 дахин дээшилсэн монголчуудын сэтгэл ханамжийн
баталгаа өдгөө урьдынхтайгаа харьцуулахад 100 дахин доошилсныг хэрхэн тайлбарлах
вэ. Ганц хил мах олж авах гэж өдөр болгон хоёр цаг оочирлодог, сарын дундаж орлого
нь чанар муутай 10 шил архинд хүрэхтэй үгүйтэй, тансаг байтугай дэлхийн дундаж хэрэглээтэй
харьцуулахад өлөн зэлмэн амьдарч байсан социализмын монголчууд яагаад аз жаргалтай
байсан юм бэ. Тэртээ XVIII зуунд Манжийн хаан Энх-Амгалан
“Монголчуудын дотроос халх ястан ямар ч үнэ цэнэтэй бэлэг авах тусмаа баярладаггүй
харин ч голдог, тэдний хомхой сэтгэлийг юугаар ч хангах бололцоогүй” гэж бичиж байсан
нь үнэний ортой юу. Ард түмнээ жаргалтай болгохын тулд өнөөгийн Монголын төрийн
бодлого хаашаа чиглэх ёстой юм бэ.

Эдийн засгийн
сэтгэл зүйгээр Нобель хүртсэн анхны эрдэмтэн нь Дитон ч биш. 2002 онд Израилийн
эрдэмтэн Даниэл Канэман “Хүн эргэлзсэн үедээ хэрхэн шийдвэр гаргадаг тухай анализ”
бүтээлээрээ энэ шагналыг хүртсэн юм. Канэман эдийн засагч гэхээсээ сэтгэл зүйч хүн.
Гэвч түүний судалгаа микро эдийн засгийн салбарт маш их хамааралтай. Хүмүүс мөнгөтэй
харилцахдаа тоо нь төдий их байна, тэр хэрээр хайхрамжгүй байдаг аж. Түрийвчинд
чинь мянган төгрөг байвал бараг л задгай зоосоор нь хэмжиж их хянамгай зарцуулна.
Харин сая төгрөг байх аваас тооцоо ч хийдэггүй, тоолох ч дургүй, хамаагүй үрнэ.
Ийм байдал бидний өдөр тутмын амьдралд ажиглагддаг. 2008-2009 оны
хямралын үед монголчуудын гар утсаар ярих хэмжээ бараг гурав дахин багасч байжээ.
Гэтэл сүүлийн долоон жил буюу нүүрсний галзуурлын үед монголчуудын банкнаас авсан
зээлийн зарцуулалтыг харахад нийт зээлийн 75 хувийг зурагтаа томруулах, гар утсаа
ухаажуулах, машинаа сайжруулах, хувцас хунар нэмж авах зэрэг тансаглах чиглэл рүү
үрсэн байна. ТҮЦ-ээ өргөтгөх талд тун ч бага анхаарчээ. Нүүрсний жилүүдэд тухайлбал
хөөрөгний үнэ дэлхийн хаана ч байхгүй өндөрт нисч байв. Сүүлийн арван жилд монголчууд
7-8 тэрбум долларын автомашин, 2-3 тэрбум долларын гар утас худалдан авсан байх
юм. Хямд архины хэрэглээ эрс буурч үнэтэй сархад талх шиг гүйж эхэлжээ. 1990 онд
70 сая доллар, 2000 онд 300 сая доллар “тараан байрлуулдаг” байсан УИХ 2010 он гэхэд
дөрвөн тэрбум доллар хуваарилдаг болсноор мөнгөөр хахаж тооцоолохоо ч больсон. Ямар
сайндаа л сая доллароор үнэлэгдэх томографийн нэг аппарат хоёр сая хүнд үйлчлэх
хүчин чадалтай авч Монголын төр тавхан жилийн дотор хорь гаруйг худалдан авч эмнэлэг
болгонд байрлуулжээ. Одоо харин модоо барьсан учир цалин хасах тухай ярих боллоо.

Хүн эргэлзсэн
үедээ эмоциороо шийдвэр гаргадаг гэж үздэг байв. Харин Канэманы судалгаагаар энэ
нь худлаа аж. Буруу шийдвэр гаргадаг нь эмоцийнх биш сэтгэх механизм буруу “ажилласных”
гэнэ. Тэрээр сонин жишээ авчээ. Казинод 100 хувийн баталгаатай 900 доллар хожих,
90 хувийн баталгаатай мянган доллар хожих хоёр янз бололцоо гарч ирэхээр ихэнх хүн
шуналдаа ч биш, эмоцидоо ч биш, гагцхүү сэтгэх буруу механизмдаа хөтлөгдөн хоёр
дахийг нь сонгоод алдах арван хувь руу ордог гэнэ.

Тэгвэл хүний
сэтгэлгээний эдгээр онцлог болон нийлэг төрхийг Америкийн сэтгэл зүйч Робэрт Чалдини
“Нийтийн сэтгэхүйг жолоодох нь” номдоо маш сонирхолтой жишээтэйгээр тайлбарлажээ.
Харилцан солилцооны зарчим гээч юм хүний нийгэмд маш хүчтэй үйлчилдэг боловч хүмүүс
үүнээ анзаардаггүй юм байна. Харин үүнийг нь улстөрчид, худалдаачид, бизнесийнхэн
болон ердийн луйварчид маш сайн мэддэг, үүнээ өргөн дэлгэр ашигладаг аж.

Хүмүүсийн
сэтгэлгээ үндсэндээ загварт сэтгэхүйд баригдсан байдаг аж. Алив үйлдэл болон юмсыг
загварчлан хялбар болгон сэтгэдэг учир энэ нь нөлөөлөх гэсэн субьектэд тун амархан
өртөнө. “Үнэтэй нь чанартай” гэсэн ойлголт бий. Иймээс дэлгүүр зарагдахгүй байгаа
юмаа хямдруулах биш үнийг нь өсгөчихвөл илүү хурдан борлогддог аж. Эсвэл барааныхаа
үнийг зориуд өсгөчихөөд хямдруулсан хэмээн хуучин үнийг нь тавьчих жишээтэй. Энэ
нь бид нэгэнт тогтсон төсөөлөлтэй учир алив мэдээллийг хүлээж авангуутаа нягтлахын
оронд автоматаар хариу өгдөг гэсэн үг. “Нэр хүндтэй хүний үг үнэн” гэсэн ойлголт
байна. Иймээс шинжээчийн гаргасан дүгнэлтийг уншаад нягтлахын оронд “шинжээч” гэсэн
тодорхойлолтод автан шууд хариу үзүүлнэ. Бид юмсыг автоматаар харьцуулж үздэг дадалтай
учир жишээ нь дэлгүүрийнхэн хамгийн түрүүн аль үнэтэй бараагаа танилцуулна. Худалдаад
авчихсны дараа нь хямд бараагаа танилцуулахад худалдан авагч түрүүн үнэтэй авсантайгаа
харьцуулан хямдыг нь гайхаж бушуухан түрийвчээ ухна. Энэ чанарыг луйварчид ч ашиглана.
Чалдини нэгэн болсон жишээг татжээ. Худалдагч бараагаа танилцуулахдаа өөрийгөө чих
хатуу гээд үйлчлүүлэгчийг аль болох чанга ярихыг шаардана. Аль нэг барааны үнийг
сонирхохоор нь цааш ахлагчаасаа маш чангаар асууна. Цаадах нь “мянган төгрөг” гэж
хариулахаар нь сонсоогүй юм болоод зориуд чангаар хэд дахин лавлаад үйлчлүүлэгчид
“500 төгрөг гэнээ” гэж хэлнэ. Харин үйлчлүүлэгч бушуухан үүнийг далимдуулан мөнгөө
тэр дор нь төлчихөөд яаравчлан холдоно. Бараа угаасаа л 500 төгрөг байж.

Хүмүүс харилцан
солилцооны аргад амархан автдаг. Таван мянган

Ромео Жульетта
хоёрын гал халуун дурлал чухамдаа эх эцгийнх нь хорионоос болж л шатан бадарч эцэстээ
амиа хорлосон гэдгийг Чалдини өөрийн судалгаагаар нотолсон байх юм. Зохиолыг нь
судлаад биш, өнөөгийн хүмүүс дээр туршилт хийгээд шүү дээ.

Хүмүүсийн
нөлөөнд автдаг энэ чанарыг хамгийн сайн ашиглаж чаддаг бүлэг бол улстөрчид болон
шашныхан гэнэ. Гэхдээ бүгдийнх нь уриа зарчим нь: Ятгаж сур- нөлөөндөө оруул-өөрийгөө
авч гар!

Нэпко хэвлэлийн
газраас Робэрт Чалдинигийн “Нийтийн сэтгэхүйг жолоодох төгрөгөөр концертын тасалбар
ав гэж баахан гуйж байснаа “тэгвэл ганц мянгаар шоколад авчих” гэж гуйхаар дорхноо
авчихдаг. Харилцан буулт хийж байна. Гэхдээ цаад нөхөр угаасаа билет борлуулах гээгүй
шоколад л зарах гэж байжээ.

Хүмүүс хориотой
юманд маш дуртай, хориотой нь хортой байсан ч чухам хорьсон учраас түүнд эергээр
ханддаг. Маяами мужид байгаль орчин хамгаалах зорилгоор фосфаттай угаалгын нунтаг
хэрэглэх, гэртээ хадгалахыг хорьжээ. Гэтэл тэндхийнхэн өөр мужаас тийм нунтаг тонн
тонноор нь худалдан авч гэртээ хэдэн жилийн нөөцтэй болсон байна. Хожим нь судалгаа
явуулахад маяамагийнхан фосфаттай угаалгын нунтаг хамгийн чанартай гэж үздэгээрээ
бусад америкчуудаас эрс ялгарч байв. Шекспирийн

нь” бүтээлийг
Б.Гэрлээгийн орчуулгаар хэвлэн гаргалаа. Мөн тэрээр Даниэл Канэманы “Удаан бод,
хурдан шийд” хэмээх суурь бүтээлийг орчуулж дуусч байна. Энд би гол нь ном рекламдах
гэсэн юм биш. Бид мөнгөтэй харилцаж чаддаггүй, нөгөө талаас бусдын нөлөөнд амархан
автдаг бодгалууд. Энэ нь өөрийгөө хамгаалах чадвар тун султай гэсэн үг. Үгүйдээ
л сонгууль болгоны дараа “хууртагдчихлаа” гэсээр өөрөө сонгосон эрх мэдэлтнээ харааж
суудаг ард түмэн. Магадгүй энэ ном бизнесийнхэн, борлуулагчид, улстөрчид, луйварчдад
ашиглаж чадвал сайхан гарын авлага болж болох юм. Гэхдээ хүмүүс өөрсдийгөө нийгмийн
болон бусдын хэт нөлөөллөөс хамгаалж сурахын тулд эдгээр номтой танилцвал илүү чухал
юм уу гэсэндээ үүнийг бичив.

2015.12.06

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эмчийг хэн эмчлэх вэ?

Амьдрал мэддэг нэг хүн хэлсэн юм. Удаан ажилласан багш хүүхэд харахаараа шээс дусаах шахтлаа халширдаг гэж. Эмч нарт ч өвчтөнөөсөө халшрах үе олон байдаг нь хэр. Эмч, багшийн ажилд сэтгэл дундуур үлдэх нь олон. Шүүмжлэх шалтаг ч хангалттай олддог. Гэхдээ л эмчийн ч, багшийн ч ачаалал үнэхээр ихийг хэн хүнгүй мэднэ. Багш 40-50 хүүхдийн дунд толгой нь эргэтлээ зогсоно. Харин эмчийн үүдэнд дараалал дундрахгүй. Гэмтлийн эмнэлэгт очиход цус нөж үнэртээд, дайны талбарт яваа мэт сэтгэгдэл төрж, бушуухан гарахын түүс болдог. Халдварт, хавдрын эмнэлгийн эмч, ажилтнууд өөрсдөө халдвар авах эрсдэлтэй нөхцөлд “галын шугаманд” ажилладаг хүмүүс. Тэдний хөдөлмөр хамгааллын нөхцөлд хэн хяналт тавьдаг билээ. Хүнд хортой нөхцөлд олгодог нэмэгдэл байдаг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд. Гэтэл тэр газар эмчийн хоёр дахь гэр. Магадгүй гэртээ байдгаасаа илүү хугацааг эмнэлэг дээрээ өнгөрүүлдэг биз. Эмчийн ажлын өрөө хэр тохилог билээ. Тэд амралтын өрөөтэй бил үү.

Эмчийг ингэхэд хэн эмчилдэг юм бэ? Японд гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг багш ажилтнуудынхаа стрессийг тайлж, амраадаг тухай тэнд суралцаад ирсэн нэг багш ярьсан юм. Эмч нарт ч стресс тайлах үйлчилгээ, амралт хэрэгтэй байдаг тухай Н.Удвал сайд ярьж байсан санагдана. Хүний өвчин зовлон дунд явахад бэрх.

Эмч, багш нарынхаа эрүүл мэндэд анхаарч, стресс тайлах үйлчилгээ санал болгох цаг болжээ. Үгүй бол өвдөж зовсон үедээ хэнд итгэж найдах билээ. Өвчтөнөөсөө халширсан эмчийн тухай төсөөлөхөд ч хэцүү санагдаж байх чинь.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д “Их орончид ба Бага орончид” нийтлэл хэвлэгдлээ

Уншигч, захиалагчдынхаа тоогоор үргэлж манлайлдаг үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өдрийн сонин”-ы I улиралын захиалга орон даяар явагдаж байгааг юун түрүүнд дуулгая. Уншигч та бүхэн сонины цаасан болон цахим хувилбарын захиалгатай холбоотой мэдээллийг 99112954, 99190570, 99030027, 88071920 дугаарын утсаар холбогдож авах боломжтой.

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаарт ямар мэдээ, мэдээлэл нийтлэгдсэнийг тоймлон хүргэе. Энэхүү дугаар 20 нүүрээр хэвлэгдлээ. Тэргүүн нүүрнээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр уран барималч Н.Дашнямд Төрийн соёрхол хүртээсэн үйл явдлыг онцоллоо. Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайханы ярилцлагын эхлүүлэн уншаарай. Тэрбээр “Гуравхан сая хүнийг зовоогоод хэрэггүй. Туршилтын туулай болгох бүр хэрэггүй” гэж хэлжээ.

Нийтлэлийн бодлогоороо нийгэмд жин дардаг “Өдрийн сонин”-ы брэнд нүүрүүдийн нэг Баримт үзэл, бодол хэмээх III нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Их орончид ба Бага орончид” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төр нүүрт Б.Жаргалсайханы ярилцлагын үргэлжлэл болон ирэх оноос хэрэгжих НӨАТ-ын хоёр хувийн буцаан авалтын урамшууллын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг тольдоорой. Мөн МАХН шинэ томилгооныхоо талаар гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцээгүй тухай, малчдын нийгмийн асуудалд төр анхаарах ёстой, МАН-ын санаачилгаар ипотекийн зээлийн хүү эргээд 20 хувьд хүрэх нь зэрэг мэдээллүүд багтсан байна.

Баримт, үйл явдал нүүрт “Тэмүүжин өрлөг” сургуулийн захирал В.Дашпунцагийн ярилцлага нийтлэгдэв. Сүүлийн үед тус сургуулийн сурагчид мансууруулах төрлийн бодис хадгалж, хэрэглэсэн байж болзошгүй мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар тус сургуулийн захирал хэрхэн тайлбар хийснийг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Дэлхийн мэдээ нүүрт Хойд Солонгосын шумбагч онгоц эвдэрчээ, Д.Трамп сонгуульд оролцох эрхээ алдаж магадгүй, “Су-24” онгоцны хар хайрцаг олджээ, Укрианы Ерөнхийлөгчийн дэлгүүрт дэлбэрэлт болжээ, Туркийн Ерөнхийлөгчийн хүү газрын тосны наймаа эрхэлдэггүй зэрэг олон улсын анхаарал татсан мэдээллүүд багтжээ.

Соёл урлаг нүүрт хадны сүг зургийн кодыг тайлж, бүжгэн жүжиг тавихаар болсон тухай СУИС-ийн Бүжгийн сургуулийн захирал соёл судлаач доктор Ш.Эрдэнэцэцэгийн ярилцлага нийтлэгдсэн байна. Мөн нүүрнээс шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам гуай хадны сүг зургийг хэрхэн уншсан тухай нийтлэлийг тольдох боломжтой.

Дэвжээ нүүрт саяхан Тайландын Банког хотноо болсон бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медалийн эзэн Г.Угалзцэцэгийн сонирхолтой ярилцлагыг уншаарай. Тэрбээр сургуульд байхдаа биеийн тамирын хичээлд ордоггүй нэгэн байсан гэнэ лээ.

Энэ мэтчилэн “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар улс орон болоод дэлхий дахинд өрнөсөн үйл явдлууды чухлыг тусгаж, танд хэрэгтэй цаг үеийн мэдээ мэдээллийг онцолсон байгаа. Таны чөлөөт цагт зориулсан сонирхолтой ярилцлага, нийтлэлүүдийг зөвхөн “Өдрийн сонин”-оос унших боломжтой.