Categories
мэдээ нийгэм

Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй.

Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ хамгаалалтыг хариуцах заалт бүхий гэрээг байгуулсан байна. Гэрээний заалтыг биелүүлээгүй аж ахуйн нэгж иргэдэд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх хүртэл хариуцлага тооцон ажиллаж байгаа юм. Мөн Баянгол дүүрэг 50м газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгааг арилгах шаардлагыг 28 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж, 26 зөрчлийг арилган ажиллажээ. Тус дүүргийн 23 олон нийтийн байцаагч сарын хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, хог тарьсан 315 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.

Харин Чингэлтэй дүүргийн 13 байцаагч тохижилт цэвэрлэгээ хийгээгүй долоон аж ахуйн нэгжийн талаарх зөрчлийн тэмдэглэл үйлдэж дүүргийнхээ Засаг даргын тамгын газарт хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс маргааш иргэдэд зориулж нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус байгуулага нь Хууль зүйн сайдын 2012 оны А/15 дугаар тушаалаар баталсан “Хууль зүйн салбарын нээлттэй бодлого”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын “Журам батлах тухай” А/452 дугаар тушаал, Шүүхийн шинжилгэний байгууллагын энэ оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ил тод нээлттэй байдлыг хангах, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах зорилготой дээрх өдөрлөгийг зохион байгуулна. Тус арга хэмжээгээр иргэдэд дараахь үйлчилгээнүүдийг үзүүлнэ.

Categories
мэдээ улс-төр

Гацууртын ордын асуудлаар “Шударга ёс эвсэл” завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг завсарлага авах хүсэлтэй байгааг З.Баянсэлэнгэ гишүүн уламжлав. Учир нь Гацууртын ордод төрийн эзэмших хувь 34 байна гэснийг дахин ярилцаж, шийдэлд хүрэх шаардлагатай гэж үзэв. Мөн тус бүлэг “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслөөр Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас мэдээлэл авах гэж олон удаа дуудсан ч ирээгүй учир энэ асуудлаар завсарлага авахыг хүсэв. Ингээд УИХ-ын дарга З.Энхболд эвслийн бүлгийн саналыг үндэслэн тав хоногийн завсарлага өглөө.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам Улаанбаатарт болно

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохиодог оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах утга уянгын их наадам “Болор цом” наадам энэ жил нийслэл Улаанбаатар хотод зохиогдоно.

Анх 1983 оноос хойш зохиогдож ирсэн уг наадам өнгөрсөн жилүүдэд Дархан, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад зохиогдож, тухайн нутаг уснаас төрөн гарсан алдарт найрагчдыг дурсах, олны хүндэтгэлийг хүлээсэн яруу найрагчдыг хөдөө орон нутгийн иргэдтэй уулзуулах зорилготой байсан. Харин энэ жилийн хувьд Монголын уран зохиолыг үндэслэгч, чухал хувь нэмэр оруулагчдын түүхэн ойнууд нэгэн дор тохиож байгаатай холбогдуулан улсын нийслэлд зохион байгуулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны
15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар
Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд
хүргүүлэхээр боллоо.

Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар
хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан байсан
бөгөөд өнөөдөр албан ёсоор дууссан юм.

УИХ өнгөрсөн долдугаар сард Үл хөдлөх эд
хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг
баталсан. Түүнд үл маргах журмаар үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд
оруулах боломжтой байх зохицуулалт тусгасан. Энэ нь иргэд газраа барьцаалж зээл
авах боломжоор хангахад чиглэж байв. Гэвч нэр бүхий иргэд энэ асуудлаар Цэцэд
гомдол гаргаснаар эл хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, дүгнэлтээ
гаргасан байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны төлбөрөө хэсэгчлэн төлж болно

Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг шөнийн цагаар 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой зарим айл өрх өмнөх сарын цахилгааны төлбөрөө хэсэгчлэн төлөх боломжтой болсныг эрчим хүчний хорооноос мэдэгдлээ.

Ингэхдээ айл өрхүүд хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн ажилтантай уулзаж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийснээр үлдэгдэл төлбөрийн 30 хувийг урьдчилан төлж гэрлээ залгуулж болно. Ийнхүү гэрээний төлбөр төлөгдөж байгаа тохиолдолд та цахилгааны өртэй ч цахилгаанаа таслуулахгүй байх боломжтой болжээ.

Categories
мэдээ нийгэм

Ээлжит цахим газар өмчлөл ирэх даваа гарагт эхэлнэ

2015 оны цахим газар өмчлөлийн 5-р ээлж энэ сарын 14-ний даваа гаригийн 12:00 цагт эхэлнэ.

Энэ удаагийн цахим газар өмчлөлд ШИНЭЭР:

  1. Сүхбаатар дүүргийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт
  2. Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ.

Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 4016 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монгол туургатан” боксын анхдугаар тэмцээн нөгөөдөр эхэлнэ

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хонтоо зохион байгуулах гэж байна. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болох бөгөөд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцохоор болжээ. Харин ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болсон байна.

Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдах юм байна. Дашрамд дуулгахад, Монгол туургатны боксын анхдугаар их наадмын хэвлэлийн бага хурал 12.11-ний өдрийн 13.00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12, 13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна.

Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын “Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын уран бүтээлчид болон 200 гаруй авьяаслаг хүүхэд дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жилийн онцлог нь хурганы дүрийг шинээр нэмж, цас оруулалтыг нэмэгдүүлжээ. Өмнөх жил “Монголын балетын хөгжил сан” тус балетыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider cage” бүсийг авахад хандивлах юм.
“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал, Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл 120 жилийн түүхэн хугацаанд тив алгасан тархсаар шинэ оны баяраар үзэх ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог балет болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Н.Энхбаярыг Шадар сайд болгох хүсэлт өргөн барив

ИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд даргын
хувиар З.Баянсэлэнгэ өнөөдөр нэр дэвшигчийг томилуулах хүсэлтээ Ерөнхий сайдад
өргөн барилаа. Энэхүү хүсэлтэд,

“УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” нь АН-ын
тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж тус намтай хамтран Засгийн газрын байгуулан
ажиллахдаа боловсон хүчний бодлогын хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл
мэнд, Спортын сайдад МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ээс нэр
дэвшүүлж, шийдвэрлүүлж байхаар тохиролцсон билээ. Энэ тохиролцоог хэрэгжүүлэхдээ МАХН-МҮАН-ын “Шударга
ёс эвсэл” нь дотроо Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, Спортын
сайдад МАХН-аас нэр дэвшүүлж шийдвэрлүүлж байхаар мөн тохиролцож тогтсон. Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар Монгол Улсын Шадар сайдын албан
тушаалаасаа чөлөөлөгдөх саналаа МАХН-ын Гүйцэтгэх товчоонд илэрхийлж, Засгийн
Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол
Улсын Шадар сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий
сайдад гаргасан байна. Иймд МАХН, АН-ын хооронд тохиролцсон зарчмын дагуу Монгол Ардын Хувьсгалт
намаас Монгол Улсын Шадар сайдад Намбар овогтой Энхбаярын нэрийг, Эрүүл мэнд,
спортын сайдад Цэрэндаш овогтой Оюунбаатарын нэрийг тус тус дэвшүүлэхээр МАХН-аас
албан ёсны санал ирүүлсэн тул уг саналыг үндэслэн МАХН-МҮАН-ын “Шударга
ёс эвсэл”-ээс Монгол Улсын Шадар сайдад Намбар овогтой
Энхбаярыг, Эрүүл мэнд, спортын сайдад Цэрэндаш овогтой Оюунбаатарыг томилуулахаар
уламжилж байна.

Хүндэтгэсэн,

Улсын Их хурлын гишүүн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн
бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ гэжээ

Харин Ерөнхий сайд уг саналыг хүлээж авах эсэх нь
одоогоор тодорхойгүй байна.