МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон
гүйцэтгэгч Ц.Шаравдорж, Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл
хийлээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдорж “МАХН-ын нарийн бичгийн дарга нар
өчигдөр орой зөвлөлдсөн. Үүнээс гарсан шийдвэрийг өнөө өглөө Гүйцэтгэх
товчоогоор оруулан хэлэлцэж Н.Энхбаярыг Шадар сайд болгох, Ц.Оюунбаатарыг Шадар
сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Эрүүл мэнд, спортын сайд болгох хүсэлтийг өргөн
барилаа. Энэ шийдвэрийг хэдэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө
энэ тухай санал тавьсан” гэж гэлээ.
Мөн тэрбээр Өршөөл үзүүлэх тухай хуулиар Н.Энхбаярт нэмэгдэл ял буюу ялтайд тооцох
хугацаа өршөөгдсөн гэдгийг хэлсэн
юм.
МАХН нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян
“Манай намын нарийн бичгийн дарга нарын хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн. Тухайн
намын хамгийн сайн хүн сонгууль удирдаж ордог. Тиймээс Н.Энхбаяр дарга өөрөө
хүсэж байгаа эсэх нь чухал биш. Энэ бол намын гишүүдийн байр суурь. Анх 2012
онд яригдаж байсан. Тиймээс гайхаад байх асуудал биш. Засагт хамтарч байгаа л
юм чинь намын дарга нар өөрсдөө Засагт орж ажиллах ёстой гэдэг байр суурьтай
байна” гэлээ.