Categories
мэдээ цаг-үе

Б.Дашдорж: Хилс хэрэгт 699 хоног хорьж, аминд нь хүрлээ. Хэлмэгдүүлээгүй гэх үү

Ц.Баясгалан гэдэг эмэгтэйг хүн амины хэрэгт ялласан ч шүүхээр хоёр ч удаа цагаатгасан байдаг. Гэвч улсын яллагч эсэргүүцэл бичсэнээр Ц.Баясгалан хоёр жил шахам хоригдож хүнд өвчтэй болжээ. Улсын яллагч эцэст нь түүнийг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон аж. Гэвч хоригдох хугацаандаа хүнд өвчтэй болсон эмэгтэй улсын яллагчийн шийдвэр сонссоны маргааш нас барсан байдаг. Талийгаач 56 настайдаа хоригдоод хоёр жилийн хугацаанд уушгины хүнд өвчтэй болж, уушгины задрал гэдэг оноштойгоор амиа алджээ. Манай сонин өмнө нь энэ тухай мэдээлж байсан билээ. Энэ удаад талийгаачийн өмгөөлөгч Б.Дашдоржтой ярилцлаа.

-Таны үйлчлүүлэгчийг анх ямар үндэслэлээр хүн амины хэрэгт сэжиглэн цагдан хорьсон юм бол?

-2013 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины хэрэг гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан Ц.Баясгалан гуайг хамгийн сүүлд хамт байсан гэдэг үндэслэлээр хүн амины хэргийн сэжигтнээр татаж цагдан хорьсон. Ц.Баясгалан эхнээсээ уг гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ мэдүүлж, хүн амины хэргийн жинхэнэ эзнийг олж тогтоож өгөөч гэдэг хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа тавьсан нь хавтаст хэрэгт бий. Тухайн үед өмгөөлөгчөөр нь өөр хүн ажиллаж байсан. Би 2014 оноос өмгөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн. Өмгөөлөгчөөр нь ажиллахаар болоод хавтаст хэрэгтэй танилцахад “Энэ хүнийг гэм буруутайг нотлох баримт байхгүй” гэдэг нь тодорхой байсан. Жил гаруй шалгаад үнэхээр гэм буруутай гэсэн нэг ч баримт олоогүй байсан хэрэг.

-Тэгээд чухам ямар үндэслэлээр буруутгаад хориод байсан хэрэг вэ?

-Ц.Баясгаланг хохирогчтой хамгийн сүүлд хамт байсан гэдэг үндэслэлээр л шалгаад байсан. Мөрдөн шалгах, мухарлах үйл ажиллагааг огт явуулаагүй. Жишээлбэл, хэргийн газраас 15 шахам гарын хээний мөр гарсны дотор Ц.Баясгалангийн хурууны хээ байгаагүй. Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн тогтоосноор шүү дээ. Хэрэг гарсны маргааш Ц.Баясгаланг баривчилж хорьсон ч биеэс нь болоод эд зүйлээс нь ямар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй нь биед хийсэн үзлэг, бусад нотлох баримтуудаас харагддаг. Миний үйлчлүүлэгчийг буруутай гэж үздэг нэг л баримт хавтаст хэрэгт байдаг нь Баянгол дүүргийн нутаг дах “Хабу” зочид буудлаас хэрэг гарсан байр руу харсан камерын бичлэг бий.

-Тэр бичлэгт таны үйлчлүүлэгчийн дүрс байдаг гэж үү?

-Тэр бичлэгт Ц.Баясгалантай төстэй хувцастай хүн л харагддаг. Үүгээр талийгаачтай хамт байсан гэж буруутгадаг. Ц.Баясгалан тэр бичлэгт байгаа хүний хэн болохыг тогтоогоод өгөөч гэдэг хүсэлтийг удаа дараа гаргасан. Шинжээчдийн хоёр өөр дүгнэлт гарсан. Нэг нь биш гэсэн бол нөгөө нь төстэй юм гэсэн байдаг. Нэг ч шинжээч тэр бичлэг дээр байгаа хүнийг миний үйлчлүүлэгч мөн гэж тогтоогоогүй.

-Анхан шатны шүүх хуралдаанаар таны үйлчлүүлэгчийг цагаатгасан байх аа?

-2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болж, Ц.Баясгаланг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэлээр цагаатгасан. Улсын яллагч Ц.Баясгаланг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15-д зааснаар буюу бусдыг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж онц хэрцгий аргаар хөнөөсөн гэдэг үндэслэлээр ялласан. 15-25 жил хорих цаазаар авах ялтай зүйл анги шүү дээ. Ийм үндэслэлээ хамгаалж прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Үүний дагуу давж заалдах шатны шүүх хуралдаан 2014 оны долдугаар сарын 9-ний өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болж миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 буюу бусдыг санаатай алах гэдэг зүйлчлэлээр 11 жил хорих ял оноосон. Миний үйлчлүүлэгч гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх 2014 оны арваннэгдүгээр сарын 6-нд хэргийг хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дараа Ц.Баясгаланг эмэгтэйчүүдийн хорих ангид байхад очиж уулзахад “Үнэнийг олоход туслаач” гэж нүдэндээ нулимстай, залбираад гуйж байсан нь мартагддаггүй юм. Ингээд Улсын Дээд шүүхэд гомдол бичсэн. Дээд шүүх гомдлыг хүлээж авахдаа “Ц.Баясгалан буруугүй. Харин хэн энэ хэргийг үйлдсэн болохыг тогтоо” гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан.

-Анхан шатны шүүх гурав дахиа хэргийг хэлэлцэх нь ээ?

-Шүүх хуралдаанаас өмнө би прокурорт хандаж “Энэ хэрэгт Баясгалан буруугүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч” гэж удаа дараа хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Ингээд 2015 оны тавдугаар сарын 15-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Тэр хуралдаан дээр миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа өнөөх дүрс бичлэгийг томруулж харсан. Гэтэл бичлэг дээрх хүн миний үйлчлүүлэгч биш болох нь нотлогдсон. Ингээд анхан шатны шүүх хоёр дахь удаагаа Ц.Баясгаланг цагаатгах тогтоол гаргасан. Миний үйлчлүүлэгч ч “Үнэн гэж байдаг юм байна” гээд уйлж байсан. Харамсалтай нь улсын яллагч эрхийнхээ дагуу эсэргүүцэл бичсэн ч давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй. Харин энэ гэмт хэргийг хэн үйлдсэнийг тогтоо гэдэг үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан.

-Талийгаач суллагдчихсан биз дээ?

-Анхан шатны шүүх цагаат гасан учраас суллагдсан. Тэр хүртэл миний үйлчлүүлэгч 699 хоног хоригдсон байдаг. Би өмгөөлөгчийн хувьд хууль зүйн хэрэглээ талаас илүүтэй анхаарч ажилласан. Үнэндээ хүнээ суллая гэж л хөөцөлдөж, зүтгэж байснаас эрүүл мэндэд нь төдийлөн анхаарч чадаагүй. Гэхдээ цагдан хорих байрны эмч нарт удаа дараа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөөч гэдэг хүсэлт бичиж байсан. Хорихын эмч нар талийгаачийн оношийг тогтоож чадаагүй. Халуураад л байдаг. Хорихын эмнэлэгт удаа дараа хэвтсэн ч бие нь сайжраагүй. Суллагдсанаас хойш ч сайжраагүй. Байнга эмнэлэгт хэвтэж байсан. Хэргийг хянаж байсан Бадмаа прокурор 2015 оны аравдугаар сарын 2-нд “Баясгалан энэ гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэсэн. Энэ мэдээг сонсоод үйлчлүүлэгчтэйгээ холбогдоход бие нь муу байсан. Харамсалтай нь энэ мэдээ гарсны маргааш миний үйлчлүүлэгч амиа алдсан. Уушгины задрал гэсэн оноштойгоор эмнэлэгт нас барсан. Хоригдож байхдаа хатгаа авч, шоронд тэр нь хүндэрсээр байгаад амиа алдсан хэрэг.

-Талийгаачийг цагаатгасан гэсэн үг үү?

-Би ч тэгж итгэж байсан. Гэтэл Бадмаа прокурорын тогтоолыг дээд шатных нь прокурор хүчингүй болгоод холбогдогч нь нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хаачихсан. Энэ нь талийгаачийн ар гэрийнхэнд зовлон дээр зовлон нэмсэн.

Ядаж л хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хаачихсан. -Хилс хэрэгт хоёр жил хорьсон хохирлоо нэхэмжлэх боломжгүй болсон гэж үү?

-Тэгэлгүй яах вэ. Шүүх хоёр удаа цагаатгах тогтоол гаргаж, улсын яллагч хэргийг хэрэгсэхгүй болгочихоод байхад тэр хүнийг нас барснаар хэргийг хэрэгсэхгүй болгож байна. Нас барсан шалтгаанаар хэргийг хаах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй хоёр маш том ялгаатай. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болговол холбогдогч цагаадаж байна гэсэн үг. Гэтэл хэргийг шалгаж байхад холбогдогч нь нас барсан гэвэл хавтаст хэрэг цогцоороо хаагддаг. Нөгөө талд бусдын гарт хүнээ алдсан хохирогчид бий. Хохирогчийн ар гэрийнхэн “Энэ хэргийг Баясгалан гэдэг хүн үйлдсэн гэдэгт итгэхгүй байна. Жинхэнэ эзнийг нь олоод өгөөч” гэж шүүх хуралдаан дээр ярьдаг. Гэтэл холбогдогч нас барсан гэдэг үндэслэлээр хэргийг хааж, жинхэнэ гэмт этгээд ял завших боломж олдож байна.

Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчээ цагаатгах ёстой. Хилсээр хоёр жил хоригдсоныхоо төлбөрийг төрөөс авах ёстой. Би үйлчлүүлэгчээ босгоод ирж чадахгүй. Ядаж хэлмэгдсэн төлбөрийг нь ар гэрийнхэнд нь гаргуулж өгөх ёстой. Энэ бол миний ажил. Ингэж байж хуулийн шударга ёс, тэгш эрхийн зарчим үйлчилнэ.

-Баянгол дүүргийн цагдаа, прокурор хоёр жил ажиллахдаа өөр сэжигтэнг олоогүй гэж үү?

-Би тэдний ажлыг буруутгахгүй. Хохирол, төлбөрийн асуудал нэхээд явахаар тэр хүмүүсийн алдаа тусдаа яригдана. Өнөөдөр би үйлчлүүлэгчээ цагаатгахын төлөө явж байж өөр хэн нэгнийг буруутгаж ярих утгагүй. Прокурор, шүүх гээд эрх бүхий байгууллага арван удаа шийдвэр гаргасан байдаг. Тэднээс нэг нь л миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэсэн шийдвэр байсан. Хоёр нь цагаатгах шийдвэр шүү дээ. Гэмт хэрэг үйлдээгүй гээд залбирч байсан тэр эмэгтэйгээр энэ хэлмэгдэл дуусаасай. Түүнтэй адил хэлмэгдэж байгаа олон хүн байх вий гэдэг үүднээс болсон явдлыг олон нийтэд ярьж байна. Цагдан хорих байранд өнгөрөөх нэг өдөр ч хэцүү байдаг. Гэтэл хилс хэрэгт 699 хоног суусан тэр эмэгтэйг хэлмэгдээгүй гэвэл өөр хэнийг хэлэх юм бэ. Бие эд эрхтнээрээ хохироод амь насаа алдчихлаа. Гэтэл хуулийн байгууллага хохирлоо нэхэмжлэх эрхийг нь хаачихаад байна. Тиймээс дээд шатны прокурорт нь гомдол гаргасан ч хариу ирээгүй байна.

-Ямар утгатай гомдол гаргасан юм бэ?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Нас барсан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болговол түүний өмгөөлөгч, яллагдагчийн ар гэрийнхэн гомдол гаргаж шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлнэ” гээд заачихсан байдаг.

-Нас барсан хүнийг шүүлгэх нь ээ?

-Шүүх цагаатгавал хохирогчийн ар гэр нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй болно. Шударга ёс гэж байгаад төр хүнээсээ уучлал гуйж байгаа хэлбэр нь нөхөн төлбөр шүү дээ. Тэр хүнийг хорьж цагдаагүй бол эрүүл саруул ганц охиндоо хань болоод явж байх байсан. Тиймээс шүүхээр асуудлыг шийдүүлээд өгөөч л гэж хүсээд байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Чингисийн талбай Сүхбаатарын талбай нэртэй болох уу

Нийслэлийн төв талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэсээр хэдэн арван жилийг элээжээ. Жилийн өмнө НИТХ гэнэт Чингисийн талбай гэж нэрлэх шийдвэр гаргасан. Иргэдийн цөөнгүй хэсэг тухайн үедээ эсэргүүцэж байсан ч НИТХ шийдвэрээ өөрчлөлгүй өнөөг хүрсэн. Харин хэдхэн хоногийн өмнө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын Сүхбаатарын талбайг Чингисийн хэмээн нэрлэх шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэв. Шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хариуцагч тал буюу НИТХ дээд шатны шүүхэд давж заалдах эсэхээ шийднэ. Харин зарим хуульчдын үзэж буйгаар НИТХ давж заалдах нь “тэмээн дээр ямааны гарз” болно. Учир нь НИТХ-ын талбайн нэр өөрчлөх эрхийн тухай заалт Сүхбаатарын талбайд хамааралгүй болж таарах нь. Энэ нь НИТХ дахь МАН-ын бүлэг, МАН-ыг үндэслэгч Д.Сүхбаатарын удмынхны хэлж буй тайлбар. Харин хуульчийн ярьж буйгаар бол Сүхбаатарын талбайг өөрчлөх эрх УИХ, Засгийн газарт байгаа аж. Тухайн үедээ Сүхбаатарын талбай гэж нэрлэх шийдвэрийг Улсын бага хурал, МАХН-ын төв хороо гаргажээ. Гэхдээ энэ нь өнөөдөр Улсын бага хурал, МАХН-ын төв хороог дахин байгуулж Чингисийн нэрийг олгоно гэсэн үг биш. Харин ямар нэгэн дээд шатны шийдвэрээр өөрчлөх агуулга болж таарна. Түүнээс гадна Монгол Улсын хэд хэдэн хуульд Сүхбаатарын талбай нэрээрээ суучихсан. Чингисийн нэрийг өгсөн тохиолдолд тухайн хуулиудад өөрчлөлт оруулж байж хүчинтэйд тооцогдох аж. Жишээлбэл “Жагсаал, цуглааны тухай” хуульд ямар нэгэн өөрчлөлт өнөөг хүртэл ороогүй байна. Тухайн тохиолдолд НИТХ-ын шийдвэрээр тус талбайг Чингисийн гэж нэрлэх үү, мөрдөгдөж байгаа хуульд зааснаар Сүхбаатарын гэж нэрлэх үү гэсэн маргаан үүснэ. Шүүх бол бол мөрдөгдөж байгаа хуулийн дагуу шийдвэр гаргана гэж хуульч үзэж байна. Түүнээс ноцтой нь нэрээ өөрчилсөн талбай дээрх хаяг, нэр хууль эрх зүйн чадамжтай юу гэсэн асуулт гарна. НИТХ шийдвэрээ гаргасны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдэл гаргаж, талбай дээр санал асуулга явуулсан байдаг. Харин НИТХ дахь МАН-ын бүлэг, Д.Сүхбаатарын удмынхан албан ёсоор шүүхэд хандсанаар өнөөгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Зарим мэдээллээр тус талбайг Сүбаатарын нэрээр нэрлэхдээ ар гэрийнхний зөвшөөрөл авсан юм байна. Харин цуцлахдаа ямар нэгэн мэдээлэл өгөөгүй гэнэ. Чингисийн нэр олгохдоо хэнээс зөвшөөрөл авсан нь одоогоор тодорхой биш гэнэ. Гэхдээ зарга Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлилснөөр дуусахгүй бололтой юм. Ар гэрийнхний өөр гомдол ч байдаг аж. Энэ нь давж заалдах 14 хоногийн хугацааны дараа илүү тодрох аж. Түүний араас Чингис нэр зүүсэн Өндөр хаан хотын нэр өөрчилсөн хэрэг ч дэгдэж магадгүй гэнэ.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Л.Одончимэд: Шүдийг сугалж болно оо, гэхдээ эрүүл шүдээр оролдох хэрэггүй юм

“Шүд сугалах” буюу Засгийн газрын танхимын сайдуудыг нэг нэгээр нь огцруулах бичиг өргөн барьдаг үйл явц бий. Үндсэн хуулийн Цэц УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулах бичиг өргөн барих нь Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах зарчимтай харшилж байна гэх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг УИХ хүлээж авбал, цаашдаа гишүүд Засгийн газрын гишүүнтэй шууд хариуцлагын асуудал ярьж, огцруулах боломжгүй болох юм. Тухайн үед Л.Одончимэд гуайг Ниймгийн хамгааллын сайдаар ажиллаж байхад ингэж “сугалах”-аар зүтгэж байсан ч тэрээр өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч байсан билээ. Түүнтэй уулзаж “шүд сугалах” гэдэг зүйлийн талаар ярилцсан юм.

-Нэг хэсэг УИХ-ын гишүүд үе үе “Шүд сугалах”-аар дайрч, Засгийн газрыг дараалан унагааж ч байсан?

-Сонгуульд намууд улс орноо хөгжүүлж, ард түмнээ жаргаах тухай амлалт авч өрсөлддөг. Хэрэвзээ ялагдвал сөрөг хүчин болж, ялсан намынхаа ажилд чөдөр, тушаа болно гэсэн үг үсэг амлалтад нь байдаггүй. Бас ялагдчихвал бидний амлалт тоглоом байсан юм шүү гэж ойлгоорой гэсэн үг ч байдаггүй. Гэтэл ялагдчихаад л маргааш нь ард түмэн дайснаа өөрсдөө сонгочихсон мэт юм ярьж, татварын мөнгийг зөв зүйтэй зарцуулах, ажил хийж амьдардаг болгох, хавтгайрсан халамжаас татгалзах гээд л нэн чухал асуудал ярингуут сонгогчдын өмгөөлөгчид болж хувирдаг. Үнэнийг хэлэхэд өмнөх он жилүүдэд үнэхээр буруу юм хийгээд огцорсон Засгийн газар ч бий, аль нэг фракцдаа таалагдахгүй зүйл хийснээс болж огцорсон нь ч бий. Хэсэг нөхөд нь урваад огцорсон ч бий. Огцролт бүр их үнэтэй тусдаг. Ажлын эрчмийг сулруулдаг. Үнэхээр бэлтгэгдсэн сайн сэхээтнүүдийг насаар нь харлуулсан нь ч бий. Ончтой сайн ажилд нь садаа болсон нь ч бий. Нам нь нэр дэвшүүлээд УИХ нь баталсан Засгийн газрын гишүүд цөмөөрөө үл бүтэх нөхөд байж таарахгүй биз дээ. Ялангуяа, МАН бол фракцгүй явж ирсэн болохоор салбарын шилдгүүдээ л сайдаар томилдог байсан. Сүүлдээ АН-ыг дуурайж улс төрийн албан тушаал гэдэг нэрээр тухайн салбартаа “а” ч үгүй хүмүүсийг томилж, намын хамт олон, сонгогч түмний дургүйцлийг төрүүлэх болсон юм. Ийм байдлаар салбараа мэдэхгүй, фракцийн нэрээр сайд болсон хүмүүсээр хэн дуртай нь оролдож, хэл амны бай болгодог байдал газар авч байна. Сайн ажиглаад үзвэл ажлаа мэддэг, ноён нуруутай хүмүүсийг бол оролдохгүй л байгаа биз дээ.

-“Шүд сугалах”-аар санал оруулж байгаа гишүүд ихэвчлэн хувь ашиг сонирхлын үүднээс гэдэг нь харагддаг?

-Би Үндсэн хууль батлалцсан хүн. Ардчилал, зах зээлийн үед улс орон, ард түмний эрх ашиг гэж байхгүй, зөвхөн намууд, түүний гишүүдийн эрх ашиг гэж байна гэсэн заалт ороогүй шиг санах юм. Гэтэл өнөөдөр тухайн нэгэн гишүүний хувийн эрх ашиг бүхнээс дээгүүр тавигдаж, таалагдаагүй сайд түшээдийг шууд халз тулаанд дууддаг болж байна. Нөгөө талаас үнэхээр урагшгүй ажиллаж байгаа сайд нар гишүүн гэдгээрээ түрүү барьж, нам нь түүнийг хамгаалж, Засгийн газар нь кабинетын зарчим гэдгээр халхавч хийгээд салбартаа балаг тарихыг ч үзлээ. Ийм олон бүтэлгүйтлийн муу үр нь ард олонд тусч, монголчуудын эв нэгдлийг сарниулж, гадаадынхны олз болоод дуусч байна. Монголчууд эвдрэлцэж л байвал гадныханд шар тос. Төр барьж байгаа намынхан фракцалж л байвал бусад намынханд баяр. Цаана нь хэний эрх ашиг хохирч байгаа юм бэ. Мэдээж улс орон, ард түмний эрх ашиг хохирч байгаа. Ингэж бие биенээ доош нь хийсээр байгаад цөөхөн монголчуудын толгой сэхээтнүүд цөм нэг нэр, хоёр хочтой болж дууслаа. Төрийг тогтвортой байлгах нь зүйтэй гэж юу ч хийх чадваргүй нөхдийг хамгаалах, эсвэл юм л бол огцруулаад байх энэ хоёр туйлын хооронд алтан дундаж гэж байгаа даа. Тэнд л улс орон, ард түмний эрх ашиг оршдог. Огцролт бүрийн цаана өс хонзон үлддэг. Ингээд эв нэгдэлгүй байхын эх үндэс болдог. Эдийн засгийн уналтын энэ цагт эв нэгдлээс эрхэм зүйл үгүй сэн.

-Юутай ч Үндсэн хуулийн Цэц “шүд сугалах”-ыг Засгийн газрын кабинетын зарчмаар ажиллах зарчимтай харшилж байна гэх дүгнэлт гаргачихсан?

-Улс төр, эдийн засгийн хямрал гэнэ үү, мухардал гэнэ үү, ямар ч гэсэн хэрүүл, тэмцлийн үед аж төрж байна. Үндсэн хуулийн амин сүнс болсон төрийн эрх мэдэл хуваарилалтын заалтыг зөрчсөнөөс үүдэлтэй хямрал төрийн гурван өндөрлөгөө ч хамарлаа. Дээрх гол заалтад хориг тавьж чадаагүй, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарах нөхцөлийг бүрдүүлсэн Үндсэн хуулийн Цэцийг “Шүдгүй арслан” гэж шоолсон байдаг. Үндсэн хуулийн Цэц хориг тавьж байхад Ерөнхийлөгч эсэргүүцэж ч байх шиг. Бүр учир нь олдохоо байлаа. Одоо бол Цэц “иргэн” Доржийн хэмжээний заргад хариу өгдөг газар болсон. Тийм туршлага, мэргэжлийн баг даанч урагшгүй ажиллаж байгааг харахад урам хугардаг. Үүнийг улс төртэй холбож үздэг нь бас үнэний хувьтай л болов уу. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн Цэцээс нэг их юм горьдох хэрэггүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадвал харин төрийг тогтвортой ажиллуулах талаар заалт хийж өгөх хэрэгтэй. Япон, Солонгост барууны орнуудад ч төрийг тогтвортой байлгах зарчим, чухам ямар тохиолдолд огцорвол зүйтэй вэ гэдгийг хуульчилсан.

-Таныг ч бас сайд байхад оролдоод, та өөрөө огцрох мэдэгдэл хийж байсан шүү дээ?

-Нийгмийн хамгаалал бол миний мэргэшсэн гэж хэлж болох салбар. Тиймээс намайг зуун хувийн саналаар сайд болгож байсан. Тэгээд л асуудалд шударга ханддаг чанар минь зарим хүмүүсийн хувийн бизнесийн эрх ашгийг хөндсөнөөс үүдэлтэй асуудлыг далимдуулж Төсвийн хууль зөрчсөн гэж шалтаг олж намайг огцруулна гэсэн. Тухайн үед УИХ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яамнаас томилогдсон мэргэжлийн баг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн. УИХ-аас зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасан. Сайдын суудалд үлдэж болох байсан ч манай, хүний хоёр намын эрх мэдэл бүхий хүмүүсийн бизнест нэгдсэн эрх ашиг будаа болсон болохоор амар тайван ажил хийлгэхгүй, байнга оролдож, тэр нь салбарын эрх ашигт муугаар нөлөөлж, ар гэрийнхэнд маань дарамт учирна гэсэн дүгнэлтэд хүрээд УИХ-ын чуулганы индэр дээрээс “Сайдын ажлаа салгаж ав!” гэсэн мэдэгдэл хийсэн. Намайг ажлаа өгөхөд хорхойтсон шүдээ сугалуулсан мэт баярлаж байсан нөхөд маань харин бүгдээрээ удалгүй огцорсон нь сонин. Сайдын ажлаа сайн дураар өгсөн анхны тохиолдол гэж зарим нь магтсан, хачин тэнэг хүн гэж зарим нь хэлж л байсан. Санаа сэтгэл төвшин биш сайдын ажил хийсэн нэр зүүж явснаас сайхан нөхөдтэйгээ бужигнаж суух нь жаргал байлаа. Харин намайг оролдсоноос болж Япон, Солонгос, Турктай байгуулсан мэргэжлийн ажилчид бэлтгэх, солилцох тухай сайхан хэлэлцээрүүд хэрэгжээгүй орхигдсонд харамсдаг. Шинэ гэр бүлийг дэмжсэн, олон хүүхэдтэй болохыг тэтгэсэн, тэтгэврийн зөрүүг арилгасан зэрэг олон хууль, тогтоомжийг гаргуулж, 80 мянган ажлын байртай болгож амжсанаа одоо санахад гоё л байдаг. Одоогийн сайд нарыг хараад хөгөө урд хөлдөө, хомоо хойд хөлдөө чирч явснаас сайхан мэдэгдэл гаргаад огцорчихоосой гэж бодогддог. Бидний үед сайд болохоос айж эмээдэг байсан бол өнөө үед нэг өдөр ч болтугай сайдаар ажиллаад үзэх юмсан гэж үхэн хатан гүйгчид олон болжээ. Энэ бол төр хүнгүй болж байгаагийн гол шалтгаан юм. Хүн өөрийгөө хэн бэ гэдгийг мэддэг болсон өдрөөсөө хэн ч биш болдог гэдэг. Хүн бол эрч хүчтэй хурдалж яваа машин юм. Аль замаар явахаар зөв сонгож, тоормосоо хаана гишгэхээ мэдэж байх нь чухал. Улс төрийн зам Улаанбаатарынхаас илүү хальтиргаатай. Шүдийг сугалж болно оо, эрүүл шүдээр оролдох хэрэггүй. Эрүүл шүдээр оролдоод байвал Засгийн газар өөрөө “шүдгүй бар” болно.

Categories
мэдээ цаг-үе

С.Одонтуяа: Өнөөгийн ахмадуудад хуримтлал хийх бололцоо байгаагүй

Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдаад байгаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

-Хамтын тэтгэврийн тухай хууль нэлээд хугацаанд яригдаж байж батлагдах шиг боллоо?

-Хамтын тэтгэврийн тухай хууль олон жил яригдаж байж батлагдлаа. Уг нь энэ хуулийг эртхэн баталсан бол ахмадуудад их хэрэгтэй байсан юм. Учир нь одоо байгаа тэтгэвэр нь бага тогтоогдсон ахмадууд социализмын үед ажиллаж амьдарч байсан хүмүүс. Тиймээс өнөөгийн манай ахмадуудад хуримтлал хийх бололцоо байгаагүй. Сүүлийн үеийн хүмүүс тодорхой хэмжээгээр өөрсдийн өмчтэй, хуримтлалтай болчихсон байна. Ийм ч учраас өнгөрсөн хугацаанд олон ахмад над руу утасдаж саналаа хэлдэг байсан. “Манай хөгшин саяхан өнгөрчихлөө. Та нар хуулиа эртхэн батлахгүй дээ” гэсэн гомдол ч гарч байсан. Яараад байсан нь бас ийм учиртай юм.

-Халамжийн нэг өөр хэлбэр бий боллоо гэсэн өнцгөөс шүүмжлэх хүмүүс байсан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Цөөхөн хуудастай жижиг хууль хэрнээ их олон талын ач холбогдолтой. Энэ хууль, нийгмийн олон асуудлыг шийдэж байгаа. Шууд утгаараа манай тэтгэврийн ахмадуудын нийгмийн хамгааллын асуудалд чухал дэмжлэг үзүүлэхээр хууль болсон. Нөгөөтэйгүүр зарим гишүүн “Та нар халамжаас татгалзана гэчихээд халамж өглөө” гэх зэргээр хэлж байсан. Энэ бол халамжийн хууль биш. Өөрөөр хэлбэл тухайн хүн насаараа ажил хийгээд өөрийнхөө цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан. Ингээд тэтгэвэрт гарсан хойноо хэрэглэх гэж байсан мөнгө нь юм. Эсвэл тэтгэвэрт гарахдаа аваад гэр бүлээрээ хэрэглэх гэж байсан хуримтлал нь шүү дээ. Тийм учраас энэ зүгээр ажил хийхгүй байгаа хүнд өгч байгаа халамжийн мөнгө биш юм. Амьд сэрүүн байсан бол бүр 100 хувь авах байсан нэг ёсондоо бараг өмч нь гэсэн үг. Тухайлбал, биднийг Солонгост очиход ярьж байсан. Тэнд тэтгэвэрт гарахад нь “Та шууд тэтгэврийн мөнгөө 100 хувь авах уу. Эсвэл хувааж авах уу” гээд асуудаг юм байна. Манай нөхцөлд шууд өгөх бололцоо байхгүй учраас гэр бүлд нь үлдэх ёстой. Тухайн гэр бүл хамтран амьдрах хугацаандаа цугтаа энэ тэтгэврийн мөнгийг босгож байгаа шүү дээ.

-Энэ хууль хэрэгжсэнээр төсөвт аль хэр ачаалал нэмэгдэх вэ?

-Хамтын тэтгэврийн хуулийг санаачлагчид анх нас барсан хүнийхээ тэтгэврийг үлдэж байгаа нь 70, 80 хувь авахаар оруулсан. Гэтэл Засгийн газар тэр хувь хэмжээг нь тодорхойлохоор оруулж ирсэн. Би байнгын хорооны хурал дээр үүнийг нэлээд эсэргүүцсэн. Засгийн газар баталж болно. Гэхдээ доод хэмжээгээ заана. Тэгэхгүй бол та нар мөнгөгүй гээд зарим жил өгөхгүй. Зарим жил таван хувь өгөх юм бол энэ хуулийн утга алдагдана. Ямар ч үед доошлуулахгүй гэсэн доод хэмжээг нь заавал зааж өгөх ёстой гэж оруулсан санал дэмжигдсэн байгаа. Тухайн жил мөнгөтэй байвал тэтгэврийн 100 хувийг өгсөн ч болно шүү дээ. Үүнийг Засгийн газар тогтооно гэсэн үг. Төсөвт ирэх ачааллын хувьд 20 хувиар тооцох юм бол гурван тэрбум төгрөгийн л ачаалал ирэх юм билээ. Гурван тэрбум төгрөг бол төсвийн нийт дүнгийн тийм ч их хувь биш шүү дээ. Буцаан хэрэглэх дээр нэлээд маргаан гарсан. Бид 2012 оноос хойш нас барсан иргэдийнхээ гэр бүлд өгье гэсэн. Хэдэн жилээр буцааж олгохыг Засгийн газар шийдэхээр Улсын их хурал баталсан.

-Хамтын тэтгэвэр авах шалгуур бий юу?

-Хамтран амьдарсан хугацаанаас гадна тухайн хос хоёулаа ямар ч байсан 20 жил шимтгэлээ өгөөд тэтгэврээ тогтоолгочихсон байх ёстой.

-Тэтгэврээ өндөр тогтоолгосон гэр бүлийн тэргүүн нас барсны дараа хань ижил нь хүнд нөхцөлд үлддэг талаар хууль санаачлагчид хэлж байсан. Энэ мөн Хамтын тэтгэврийн хуулийг санаачлах нэг шаардлага байв уу?

-Манай эмэгтэйчүүдийн хувьд давхар ач холбогдолтой. Эмэгтэйчүүдийн ажилласан жил нь байсхийгээд тасарчихдаг. Тогтвортой удаан ажиллаж чаддаггүй. Түүнчлэн цалин өндөртэй оройн цагаар эсвэл хүнд нөхцөлд ажилладаг ажлыг хийдэггүй. Хүүхэд гаргадаг зэргээс шалтгаалаад тэтгэврийг нь их бага тогтоодог. Нөхрөө өндөр цалинтай ажил хийлгэдэг. Нөхөр нь өдөр, шөнөгүй ажил хийгээд гүрийгээд байдаг. Сүүлд нь ингээд тэтгэвэр авахад тэнцвэргүй байдал үүсч байгаа юм. Нөхөр нь нас барсан тохиолдолд бүр хүнд байдалтай болдог. Тийм учраас эмэгтэйчүүдэд их чухал хууль гэж бодож байгаа. Мөн гэр бүлийн үнэ цэнийг их нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл хамтдаа гэр бүлээ батлуулаад 15 жил ба түүнээс дээш жил амьдарсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх үүснэ. Тэгэхээр олон талын ач холбогдолтой хууль гэж үзэж байна.

-Гадаадад хамтын тэтгэврийн хууль хэр элбэг байдаг юм бол?

-Их олон оронд хамтын тэтгэврийн хууль байдаг юм байна лээ. Анх гэр бүл болохдоо гадаадынхан чинь гэрээ хийдэг шүү дээ. Гэрээн дээрээ бас нарийн тусгаж өгдөг юм байна. Жишээлэхэд тэтгэвэрт гараад намайг нас барсан тохиолдолд миний тэтгэврийн тэдэн хувийг чи авах эрхтэй гэх зэргээр хамтын гэрээн дээрээ зааж өгдөг. Бусад оронд их нарийн зохион байгуулалттай байдаг. Мөн хууль батлах явцад зарим гишүүдээс болгоомжлол гарч байсан.

Тэр нь тэтгэвэрт нь болоод зориуд нэг хүнтэй суугаад, нэг хоёр жилийн дараа нөгөө хүн нь нас барчихаар тэтгэврийг нь авна гэж тооцоолох вий гэсэн зүйлс юм. Бусад оронд ийм явдлууд гардаг юм билээ. Тэгэхээр бид ийм сөрөг үр дагаврууд бий болгохгүйн тулд жилийг нь зааж өгсөн. 15 жил заавал хамт амьдарсан байна гэдэг зүйл заалт оруулж өгсөн учраас энэ асуудал эергээр шийдэгдчихэж байгаа юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ эдийн-засаг

2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ

Монголбанк орон сууцны
зээлийн статистик мэдээг гаргажээ. Энэ
оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар ипотекийн зээл авсан зээлдэгчдээс
837.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх
хүсэлт өнгөрсөн хугацаанд ирсэн байна. Одоогийн
байдлаар үүнээс банкууд 19,413 зээлдэгчийн нийт 581 тэрбум төгрөгийн ипотекийн
зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Харин орон сууц
шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн
өргөдөл банкуудад ирснээс 41,055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны
ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 14 тонн алт олборложээ

Монголбанк энэ оны эхний
11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ
нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм.

Алт үйлдвэрлэгчид
оны эхний хагаст 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс
11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом
нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь
Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна. Ирэх жил Монголбанкны худалдан авах
алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

“Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга нөгөөдөр эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга 2015 оны арванхоёрдугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна. Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. Хурлын эхэнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах гэж буй “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажил бүрэн хангагдсан” гэдгийг хэллээ. Стэнфордын Их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын хүрээлэнгийн ахлах зөвлөх, Зөвлөх хорооны хамтын дарга Г.Занданшатар “Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар зохион байгуулж буй Зөвлөлдөх санал асуулгыг ямар нэгэн улс төрийн нам хамааралгүйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог. Улаанбаатар хотын цаашдын бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэл тэд иргэдийн саналыг тусган, тэдний оролцоог хангах нь Зөвлөлдөх ардчиллын хамгийн чухал зүйл юм” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Халиун бугын эвэр ОХУ руу гаргах гэж байжээ

Бугийн эвэр хилээр гаргах гэж байсан этгээдүүдийг саатууллаа. Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны “Дүүхээ” төвийн гадна байсан сэжиг бүхий тээврийн хэрэгслийг цагдаагийн алба хаагчид шалгаж, халиу бугийн эвэр ачиж явсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 45 настай эрэгтэй Ц гэгч нь 4.9 тонн халиун бугын эвэр “HINO” автомашинаар тээвэрлэж ОХУ руу гаргах гэж байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хорёдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюуны хөгжил” цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг өчигдөр цуцалжээ

Нэг ой ч хүрээгүй хүүхдийг хэрцгийгээр зодож, гэмтээсэн хэрэг Дундговь аймгийн “Оюуны хөгжил” гэх хувийн цэцэрлэгт гарсан билээ. Тодруулбал, тус цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн дүү тогоочоор ажиллаж байсан эмэгтэй 10 сартай хүүг хооллох үедээ зодож, хүчирхийлсэн нь бичлэгт үлдсэн юм.

Эл хэргийг баталгаажуулах үүднээс зодуулж буй хүүгийн ангийн багш Э.Янжинлхам бичлэг хийж, олон нийтэд дэлгэсэн. Ингээд асуудлын мөрөөр цагдаагийн байгууллага цэцэрлэгийн тогооч Ж.Отгонцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд буй.

Мөн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас түр хаагаад байсан юм. Тэгвэл нийгмийг цочирдуулсан эл асуудлыг Дундговь аймгийн удирдлагууд анхааралдаа авч, зохих шийдвэрийг гаргажээ.

Тус Аймгийн засаг дарга С.Од-Эрдэнэ өчигдөр төрийн бус өмчийн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна.

Categories
мэдээ улс-төр

МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгуулсан гэдэг бол гүтгэлэг гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр “Өчигдөр АН-аас зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал орчинд “МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 болгууллаа” гэдэг цуурхал, гүтгэлгийг тараасан. Тиймээс энэ ташаа мэдээллээ залруулахыг АН-аас шаардаж байна” гэлээ.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр энэхүү гүтгэлгийн шинжтэй мэдээллийг залруулж, ард иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгч үг хэлэх гэсэн гишүүдийн эрхэнд УИХ-ын дарга халдаж микрофоныг нь хаасан тул хэвлэлийнхэнд хандаж буйгаа УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр онцлов. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Энэ асуудлыг судалж үзэхэд Үндсэн хуулийн цэц өчигдөр иргэн А.Базарын гомдлын дагуу 2015 оны аравдугаар сард дунд суудлаар шийдвэр гаргаад түүнийг нь УИХ хүлээж аваагүй тул Иргэний хууль, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн 13 тоот шийдвэр гаргасан юм байна. Иргэн А.Базар нь 8 хувийн зээлийн барьцаанд байгаа орон сууцаа иргэн хүн бусдад түрээслэх, дамжуулан түрээслэхдээ заавал банк санхүүгийн байгууллагаас зөвшөөрөл авч буй нь иргэний хувийн өмчийн эрхэнд халдсан байна гэсэн агуулгатай гомдол гаргаж Цэц хүлээн авсан байна. Улмаар өчигдөр Цэц уг иргэний гомдлыг Их суудлаараа эцэслэн хүлээн авсан. Гэтэл Ардчилсан намаас энэ асуудлыг МАН-тай зориуд холбож, улмаар 8 хувийн зээлийн хүү 20 болж байгаа мэтээр ор үндэсгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тараасаар байгаа учраас няцаалт хийж байна” гэсэн юм.