Categories
мэдээ улс-төр

ҮХЦ-ээс ипотекийн зээлийн асуудлаар мэдэгдэл гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн. Уг хуулиудын холбогдох заалтаар барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслэх, хөлслөх, бусдын эзэмшилд шилжүүлэх, давхар барьцаалах тохиолдолд өмчлөгч иргэн үүрэг гүйцэтгүүлэгчээс буюу барьцаалагчаас заавал зөвшөөрөл авахаар зохицуулсан нь барьцаалагч этгээд тухайн хөрөнгийн хувьд өмчлөгчөөс илүү эрх эдлэх үр дагаврыг бий болгон өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд халдсан, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхийг дордуулсан байсныг хүчингүй болгосон билээ.

Гэтэл Үндсэн хуулийн цэц банкны зээл, түүний хүүгийн талаар ямар ч асуудал хэлэлцэж шийдвэрлээгүй байхад зарим этгээд Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээрээ орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон гэх мэтээр илт буруу ташаа мэдээлэл түгээж олон нийтэд буруу ойлголт төрүүлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж хууль бус үйлдэлд турхирч байгааг Үндсэн хуулийн цэц анхааруулж байна

Цэцийн уг шийдвэр ипотекоор хангагдах шаардлагаа тэргүүн ээлжинд хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөөгүй. Мөн ипотекийн зүйл хэнд шилжсэнээс үл хамааран барьцааны зүйлийг дагалдан ипотекийн эрхээ хэрэгжүүлэх давуу эрх нь хуулийн дагуу барьцаалагчид хэвээр хадгалагдана.

Иймд Үндсэн хуулийн цэцийн дээрх шийдвэрээр орон сууцны 8 хувийн зээлийн хүүг 20 хувь болгосон, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг эрсдэлд оруулсан мэтээр буруу ташаа мэдээлэл тараагч этгээдүүд хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Үндсэн хуулийн цэц, түүний шийдвэрийг мушгин гуйвуулж буруу мэдээлэл тарааж байгаа нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлд халдсан хууль зөрчсөн үйлдэл болохыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдэгдэж байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

“Оюу толгой”-н тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулав

“Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болов.

Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэлээ.

“Оюутолгой” компани 2010 онд Монгол Улсын Засгийн газар, БСШУЯ-тай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хугацаанд уул уурхай, барилга болон бусад мэргэжлээр нийт 200 оюутныг дотоодын, 40 оюутныг гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд сурахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд 10 сая ам.долларыг зарцуулаад байгаа аж. Тэтгэлэгт хамрагдсан залуус эхнээсээ төгсөөд ажил хөдөлмөрийн талбарт гарч, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буйг “Оюутолгой” компанийнхан дуулгасан.

Энэ удаа гадаадын их дээд сургуульд магистраар сурах дөрвөн оюутанд тэтгэлэг олгохоор болжээ. Харин дотоодын тэтгэлэгт 30 оюутан шалгарч, тэдэнд нийтдээ 300 сая төгрөгийг зориулж байгаа. Шалгарсан оюутнуудын 17 нь хөдөө орон нутгаас сурч буй, дийлэнх буюу 15 нь ШУТИС-ийнх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар хэвлэгджээ

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Дунд хугацааны стратеги батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлахыг Аж үйлдвэрийн сайдад даалгаж, стратегийн зорилт, арга хэмжээг өөрийн эрхлэх асуудлын хүрээ, харьяа дэвсгэртээ хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Тогтоолоор, дунд хугацааны стратеги боловсруулах болсон нийтлэг үндэслэл, стратегийн хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах зарчмыг тогтоож өгсөн байна. Тухайлбал, стратеги нь уул уурхайн олборлох, баяжуулах үйлдвэрлэлээс бусад аж үйлдвэрийн салбарын хүрээнд үйлчлэх бөгөөд 2015-2020 онд хэрэгжүүлэх аж. Мөн тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, ногоон технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, экспортын чиг баримжаатай, импортыг орлох эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг зарчмыг үйл ажиллагаандаа баримтлах юм байна.

Үүнээс гадна тогтоолоор, стратегийн зорилго, зорилтыг тодорхойлж, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасны зэрэгцээ стратегийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэх, үр дүнг хэрхэн үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт ямар байх зэргийг тогтоож өгсөн байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоолд өөрчлөлт оруулжээ. Үүгээр сумын Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгжийн орон тоог тухайн сумын газар зүйн байршил, хүн амын тоо, тосгоны алслагдсан байдал, газар тариалан, мал аж ахуй эрхлэлтийн түвшинг харгалзан энэ тогтоолд заасан орон тооны дээд хязгаарт багтаан тогтоох ажээ.

Засгийн газрын тогтоолоор, “Санхүүгийн алба байгуулах тухай” тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Суманд үйл ажиллагаа явуулж байгаа төсөвт байгууллагуудад нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн алба хариуцан гүйцэтгэж байгаатай холбогдуулан аймгийн төвийн сум болон 8001-ээс дээш хүн амтай сумаас бусад суманд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн төсөвт байгууллагуудад нягтлан бодогч давхардуулан ажиллуулахгүй байхыг аймгийн Засаг дарга болон холбогдох төсвийн захирагч нарт үүрэг болгосон байна.

Эмхэтгэлд, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг бүрэн эхээр нь нийтлэв.

Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсгийн “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч,” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан,” гэж өөрчилж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн үндэслэлийн агуулгад нийцүүлсэн байгааг тогтоолдоо дурджээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ИХ ОРОНЧИД ба БАГА ОРОНЧИД

Намайг амь үрэгдвэл намын гишүүнээр

тооцоорой….харин эргээд ирвэл хэрэггүй биз?

Рабинович (Орос онигооны еврей баатар)

Нэг. Тодрон харагдах “10 %-ийн хайр”

Бидний зарим нь эх орноо 380-аас багагүй өндөр хүчдэлээр хайрлаж, үлдсэн нэг нь тун шалихгүй хуруун зайны хэрээтэй 0,5 вольтоор л энэрдэг аятай ярих юм. Хэрэг дээрээ бид бүгдээрээ л эх орондоо ав адилхан хайртай.Эх орноо хайрлах хамгаалах өөр өөрийн боломжтой. Нэг хэсэг нь буу барин эх орноо хамгаалж байхад нөгөө нь түүний идэх будааг тарьж, шөл уух хонийг нь хариулж явна. Нэг нь түүний хүүхдийг төрүүлэн өсгөж, дараа нь улсаа манах эрийг бойжуулна.Энэ хэлхээ тасарвал хилчин тураад үхнэ.

Бид цөмөөрөө л эх орончид. Эх орноо хайрлана гэдэг хүний оршихуйн зөнтэй холбоотой зүйрлэшгүй бат бэх зүйл. Бид энэ орноо БНМАУ нэртэй байхад нь хайрлаж л байсан. Монгол Улс нэртэй болсон хойно нь ч хайртай хэвээрээ л байна.энэ орноо бид дарангуйлагч дэглэмтэй байхад нь ч хайрлаж л байсан, ардчилсных нь дараа ч хайртай хэвээр л байна.

Харин судлаачдын тогтоосноор аль ч улс орны хүн амын 10 орчим хувь нь төр засаг ба эрх баригчдын тухайн бодлого шийдвэрийн эсрэг байдаг нь ажиглагджээ.

Ер нь ард түмэн засаг төрөө 100 хувь дэмжиж харагддаг хоёр тохиолдол байдаг гэнэ. Нэгдүгээрт судалгааг зориуд хуурамчаар хийвэл, хоёрдугаарт хүчирхийллийн дор санал өгвөл.

Манайд байсан хуучин тогтоц буюу социализмын үед сонгуульд оролцогчдын 99,99 хувь нь нэгхэн намаасаа нэр дэвшсэн нэг ширхэг хүнийхээ төлөө санал өгдөг байсан нь хоёрдугаар тайлбарт хамаарна.

Уншигч та 99,99 ба 100-гийн хооронд ялгаа байна гэж бодно уу? Үгүй шүү дээ. Үнэндээ 99,99 гэдэг бол 100 -гийн цифрийн “хоч” юм аа. Худлаа гэвэл дэлгүүрт ороод хар. Барааныхаа үнийг “99,99 төгрөг” гэж биччихээд 100 төгрөгөөр л зарж байгаа.

Иймээс “эсэргүүцэгчдийн, эсвэл дэмжигчдийн тоо 90-ээс дээш гарсан бүх судалгаа, нотолгоог нулимж бай” хэмээн судлаачид хэлдэг.

Тэрхүү “10 хувийн эсэргүүцэл” янз бүрийн шалтаг шалтгаанаар гардаг. Төрийн механизм, албан хаагчдын буруутай үйлдлээс болж хохирсон хэлмэгдэгчид байж болно. Эсвэл төрийн шийдвэр түүний хувийн ашиг ба бизнесийг хөндсөн байж болно. Мансуурлын эсрэг төрийн хууль тогтоомжууд хар тамхи зардаг хүний ашгийг хөндөхийн ихээр хөндөнө. Гэхдээ “хар тамхи заруулаад аль” гэж жагсвал хэргээ сайн дураараа хүлээсэнтэй агаар нэг болох тул өөр аргаар, тухайлбал төрийн албан хаагчдын “цалингаа чамлах хөдөлгөөн”-ийг идэвхтэй дэмжих байдлаар эсэргүүцлээ илэрхийлж мэднэ.

Шалтаг шалтгаан түмэн янз аа, сонгуульд ялагдсан, өндөр цалин орлоготой ажлаасаа хагацсан гомдол ч байж мэднэ. Тэрчлэн төрийн хуулиар шийтгэгдсэн тул төрийн бүх үйл ажиллагаанд гомдолтой явдаг зэргээс эхлээд даргадаа загнуулсан, авгайтайгаа хэрэлдсэн, ерөөсөө тэр өглөө шар тайлах юм олдоогүй нээрв барсан зэрэг түмэн үүсгэлтэй “гомдол” энд хурдаг гэсээн.

Ардчилсан тогтоц ч энэ зарчмыг анзаардаг.Ерөнхийлөгчийн сонгуулиар жишээ авъя л даа. Хуулиар бол тухайн нэр дэвшигчид сонгогчдын 49,9 хувь нь дургүй байх нь “нийт үндэстний дургүйцэл биш” ажгуу. Харин түүнд ард түмний 50+1 хувь нь дургүйцэж байж “нийт ард түмний дургүйцэл”-ийн болзол хангана… Эндээс харахад тухайлсан нэг асуудлыг, жишээлэхэд “хүүхдийн мөнгө өгөх”-ийг эсэргүүцээд манай улсын 2.600.000 хүний 10 хувь болох 260.000 хүн эсэргүүцээд ирлээ гэж бодоход сүрлэг сайхан харагдаж болох боловч хэвийн зүйл төдийгүй нийт ард түмэн “хүүхдийн мөнгө өгөх”-ийг талархан дэмжиж байгаагийн шинж болох нь ээ.

Үүнийг бид мэдэхийн цаагуур мэдэх мөртлөө яриа, ойлголт, үйлдэл, алхам зөрөх нь их байдаг нь юуных вэ?

Хоёр. Хувьдаа “ашиггүй” хүн.

Биднийг өчигдрийн малчин Монголоос өнөөдрийн “иргэншсэн хүн” болгож бойжуулсан социализм нь хувь хүний эрх чөлөө, эрх ашгийг үгүйсгэсэн нийгэм. Аз жаргал, баяр хөөрийг гэр бүл, хувь хүнээс булаан салгаж, түүнийг хамт олон, ард түмэн хэмээх барих бодьгүй хийсвэр ойлголтод нялзаажээ. Хамт олон жаргаж, ард түмэн цэнгэж байхад чиний хувийн эрх чөлөө, зол жаргал утга учраа алддаг байв.

Лам багш нь дарлаад, хошуу ноён нь мөлжөөд байсныг санахгүй байгаа олон түмэнд “Хуучин цагт хүн биш ард түмэн зовж байсан” хэмээн ойлгуулна. Харин өнөөдөр чи биш, тэр биш юм аа гэхэд “ард түмэн жаргаж байгаа” гэж ухуулна.

Ардчилал нь нийтлэг эрх ашиг нэрийн дор хувь хүнийг хохироож болдоггүй тогтоц бол социализм нь хувь хүний ашиг тусын тулд “хамт олон ард түмний эрх ашгийг” хохироохгүй гэсэн уриатай.Социалист ертөнцөд хувь хүн өөрөө бүдэгрэн арилаад тэднийг мянга мянгаар нь хоморголон хөнөөхөд гарзгүй, хохиролгүй болоод ирж байгаа хэрэг.

Чухам ийм тогтцын үед хүнд өөрийн хүсэлт, хувийн гомдол, хохирол гэж байх учиргүй.Ингэж яривал буруутаад хэрэг төвөгт ч орж болдог байж. Гэхдээ ямар ч улс орон сая сая хувь хүнээс бүрдэж, тэдний амьдралд зовлон жаргал ээлжлэн тохиолддог хойно. Социализм байгуулагч хувь хүн “ард түмнээ” дагаад жаргачихна гэж юу байх билээ. Хүмүүс шинэ гарц оллоо. Энэ нь өөрийн зовлон бэрхшээл мөрөөдлийг “нийтийн үйл хэрэг”, “нийгмийг хамарсан асуудал” болгон илэрхийлэх арга байв.

Ажилчин хүний эхнэрийг хэн нэгэн эргүүллээ гэхэд “Жирийн ажилчны социалист гэр бүлийг үймүүлсэн” тухай гомдол гаргаж, цалинг нэмдэггүй дарга нь “бүтээлч сэхээтний ажлыг үнэлэхдээ муу” болох тухай илэрхийлж сурлаа. Сургуульд явж дээд боловсрол эзэмшээд сайхан амьдрах, хүний дайтай явах бодолтой залуус өргөдөлдөө “эх орныхоо социалист бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулахын тулд коммунизмын өлгий ЗХУ-д боловсрол эзэмших хүсэлтэй” гэж бүлтэрнэ. Орон сууц хүссэн өргөдөлд хүртэл “Шинэ таван жилдээ улам ихийг бүтээж, намынхаа ХҮ их хуралд хөдөлмөрийн өндөр амжилтаар бэлэг барих”-ын тулд паартай байшинд амьдармаар байгаагаа учирлана.

Цаад санаагаараа бол миний хувийн эхнэр бол яамай, даанч ажилчин ангийн төлөөллийн гэр бүл үймж байгааг тэвчсэнгүй, миний цалин яахав дээ, харин сэхээтний төлөөллийн цалин бага байж болохгүй, миний эзэмших боловсрол бол манай улсын боловсрол мөн тул төрөөс анхаарна уу, манай гэрийн хувь орон сууц чухал биш харин социализм байгуулагчид сайхан сууцанд орох ёстой гэхчилэнгийн логикууд явж байна.

Гурав. “Амьд байдаггүй” эх оронч

ХХ зууны Монголын хувьсгалт уран зохиол олон арван “үлгэр хүн” зохиосны нэг нь эх орончид.Эх оронч хэд хэдэн шалгууртай. Эх орончийн тоонд орохын тулд давын өмнө эх орныхоо төлөө үхсэн байх учиртай.Хоёрдугаарт үхэхээсээ өмнө улс төрийн ямар нэг байгууллагын гишүүн болсон байх ёстой.

Тэр байгууллагыг нь МАХН гэдэг байв. Зөвлөлтөд бол ЗХУКН буюу зөвлөлт холбоот улсын коммунист нам гэдэг байгууллага. Сонирхуулахад, ЗХУКН-ыг Оросын ард түмний эсрэг, тэдний хууль ёсны засаг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзээд үйл ажиллагааг нь хааж, бүх хөрөнгийг нь хураасан.

Ингээд жирийн хүн МАХН юм уу, ЗХУКН-д элсэн “эх оронч” болох нэгдүгээр дамжаа дүүргээд дараа нь алагдаад эх орончийн болзол хангаж байгааг харуулсан үй олон уран бүтээл хахсан юм. Намд элсэж амжаагүй нь “намайг үхвэл намын гишүүнд тооцоорой” гэж захиад явна.Амласандаа хүрээд үхсэн байвал үнэхээр намын гишүүнд тооцож буйг харуулсан шүлэг, найраглал, сонет, өгүүллэг, тууж, роман, эсээ, новел пиг. Төр засаг түүнийг цаг наргүй сурталчилж, эх оронч болохыг уриална.

Нарийн яривал эх оронч хүн дайсны гарт үхдэг номтой. Дайсан нэг л хөдөлж өгөхгүй бол өөрөө нэг юм сэтгэн байж “эх оронч”-оо нотлох учиртай. Үүний сайхан жишээ нь Александр Матрасов гэдэг зөвлөлт баатар байв. Тэрээр дайсан өөрийг нь онож өгөхгүй хөдөлж цөхөөд байхаар нь өөрийн биеэр гүйж очиж, бууных нь амыг таглаад эх орончийн болзол биелүүлсэн гэж ном, киногоор үзүүлдэгсэн.

Манай хэд хэдэн үеийнхэн ийм уриа, ухуулга, ятгалга, сэнхрүүлэг дор хүн болж төлөвшсөн билээ.

Дөрөв. “Үхсэн хүн”-ий амьдрал

Социализм түүх болон мөхөв. ХХ зуун дуусахад 10 жил дутуу байхад монголчууд шинэ замд орлоо. Шинэ замд орсноос биш шинэ хүн болсон юм биш. Шинэ хүн төрдгөөс биш хуучин нь шинэ болдог ч юм биш ажээ.

Манай эх оронд “Эх оронч” болохоор нэгэнт шийдэн зориглоод нэгдүгээр шатны болзлоо биелүүлчихсэн түг түмэн нэг нэг ширхэг “ард түмэн” үлджээ. Тэдний үр хүүхэд л шинэ болно уу гэхээс тэд “ард түмэн” хэвээрээ л дуусна шүү дээ. Хор нь арилсан боловч хордлого тууралт үргэлжилсээр.

Өөрөөр хэлбэл, амин хувьдаа ямар ч эрх ашиг байхгүй, 100 хувийн цэвэр ноолуур гэнэ ээ, хадуураад явчихлаа байна… “ард түмний эрх ашгаас бүтсэн и намд элссэн”… тийм атлаа эх орныхоо төлөө үхээгүй “эх оронч” үлдсэн гэсэн үг.

Чухам ийм л хүмүүжил, итгэл үнэмшил өнөөдөр олон олон “эх оронч”-ийг бэлтгэх дамжааг төрүүлж бүүвэйлж байна.

Нэгэнт л олон намын систем тогтсон учраас “эх оронч” болох гэж байгаа хүн заавал МАХН-д элсэх шаардлага алга болов. Түүгээр ч барахгүй өөрийн гэсэн “МАХН”-тай байх боломж бүрдэв. Өөрийн гэсэн МАХН-даа өөрөө элсэнэ.Гэвч эх орончийн болзлыг 50 хувиас илүү биелүүлэх боломж тасрав. Номоороо бол эх орончид эх орныхоо төлөө үхчихсэн байх учиртай шүү дээ.

Нэгдүгээрт, эх орныхоо төлөө үхсэн ч яахав мэт байх, үнэхээр үхэх хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрөө бий.Хоёрдугаарт “эх оронч” болох гэснээс биш үхэх гэсэн биш.

Ингээд хагас “эх оронч” нар төрлөө. Тэд намд элсээд, гартаа “молотовын коктейль” хэмээх бензинтэй лонх бариад түхэлзээд байхаас биш танкан доогуур орно гэвэл гонж. Тэдэнд соцреализмын хуулиар бол жинхэнэ баатар “үхсэн” байх дүрэмтэйг хэлж өгөөд ч яах юм билээ.

Дээр нь тухайн үеийн үзэл сурталчдаас зааж өгсөн дайснууд ч утга учраа алдав. 1939 ба 1945 онд бидэнд олон эх оронч “бэлэглэсэн” япончууд нөхөр-хандивлагч болов. Германы тухай ярих хэрэг байна уу, виз нь их хатуу гэсэн, тээ? Империалист Америк маань хөрөнгө оруулагчид болон хувирав. Дайсан Хятад түнш Хятад болоод визгүй зорчиж байна. Аяа дайсан минь.Чи биднийгээ юунд үнсэнд хаягдсан шалз шиг орхин одов?

Тав. Байгууллага хоорондын I дайн

Дайсныг дотоодоосоо эрлээ. Аз болоход социализм бидэнд “дотоодын дайсан” гэж байдаг тухай сургасан байж таарав. Дотоодын дайсныг “ангийн дайсан”, “намын эсрэг бүлэг” гэхчилэнгээр янз бүрээр хэлдэг байсан.

Чухам энэ хөрсөн дээр Монголын “байгууллага хоорондын анхдугаар дайн” эхэлсэн билээ. Хүмүүс нь хоорондоо дайтвал “иргэний дайн” гэдэг. Харин байгууллагууд хоорондоо дайтвал юу гэдгийг нарийн мэдэж чадаагүйдээ хүлцэл өчье. Ингээд мөнгөө булаалдсан пүүсүүд, эрх мэдлээ булаалдсан дарга нар, тээндэр булаалдсан төслүүд, орд булаалдсан хөрөнгө оруулагчдын “их тулаанд” мөнөөх “эх оронч” нар татагдан орлоо.

Д.Намдаг гуай улс төрийн тэмцлийн утга учрыг тун ч ончтой хэлсэн байдаг. Түүний “Цаг төрийн үймээн” романд Хятадын иргэний дайны үймээний учрыг олж ядсан залуу жинчин Данзан, Дорж нарын эргэлзээ гардаг. Нэг хэл ус, шашинтай, ав адилхан тариачин удамтай хятад хүмүүс хоорондоо юунаас болж дайтаад байгааг тэд эс ухаарна. Гэтэл жингийн даамал Хүрэл өвгөн “За даа, зэрэг жинсээ л булаалдаа биз” хэмээн тун ч энгийн үгээр иргэний дайны учрыг хэлж өгдөг билээ.

Өнөөгийн манай их орончид монголчуудын зэрэг жинсээ булаалдах дайнд баатрын ёсоор үрэгдэж,…үрэгдэж биш ээ, нэр төр, ашиг хонжоотой оролцож байна. Хуучин цагт эх орончид өөрснөө амь үрэгдээд түүнийг нэхэж шагнадаг байсан. Харин өнөөгийн их орончид айх аюулгүйгээр амьдаараа жагсаж очоод шагналаа нэхэж байна.

Гадаадын дайсан бууж өгөхөөрөө зэвсгээ хураалгадаг бол дотоодын дайсан бууж өгөхөөрөө мөнгөө эсвэл тээндэрээ хураалгана.

Нэгэнт үхээгүй, үхэх ч бололцоогүй, үхнэ хэмээн төлөвлөөгүй энэ хүмүүсийг “бага оронч” гэж нэрлэвэл ер нь яасан юм бэ?

Манай бага орончид мөнөөх хувийн шалтгаанаа нийгэмчлэх логикоосоо салдаггүй. Ажлаасаа халагдвал “ард түмнийг халлаа” гэж сүржигнэнэ.Луйвардуулсан мөнгөө татвар төлөгчдөөс нэхнэ.

Харин хувийн мөнгө, хувийн сууц, хувийн машинаа хувьдаа л зориулаад байгааг харахад ардчилсан нийгмийг ойлгохын цаагуур ойлгоод байгаа нь мэдэгдэнэ.

Гэвч цаг өнгөрөхийн хэрээр нийгэмд энэ бүхэн ил тод бөгөөд инээдэмтэй харагдах болж. Зурагтын дэлгэцээр “нэг ширхэг ард түмэн” гарч ирээд даргаа муулаад унавал “хөөрхий ажилдаа тэнцсэнгүй халагджээ” гэдэг нь мэдэгдэнэ.

Аль нэг пүүс компанийг “ард түмний эрх ашгийг зөрчиж байгаа” тухай яриад унавал “мань ард түмэн гуайг хэдэн цаасны тусламж хүсэхэд нь өгсөнгүй дээ” гэж танигдана. Дахиад тэгж харагдвал нөгөө тал мөнгөө өгөөгүй л байгаа юм байна гэж ойлгогдоно.Таг болчихвол өгөө аваа таарчээ, хөөрхий гэж мэднэ.

Бага дарга нь “Онигоо номер төд” гэхээр цэргүүд нирхийтэл инээдэг болчихсон байдаг юм гэсэн. Яг тэрэн шиг олон нийт “жагсаал гэхээр ха ха ха, суулт гэхээр хо хо хо, мэдэгдэл өргөх шаардлага гэхээр хи хи хи” хэмээн элэг хөшдөг болж байна.

Нийгэмд цэвэр агаар оруулж байдаг улстөрчдийн үйл ажиллагаа ч, засаглалаа төгөлдөршүүлэхийг эрмэлзсэн олон түмний цуглааныг хараад л инээх болж… арга барил нэг л хуучраад байна.

Ингэхэд хаа нэгтэйгээс “Намайг ингээд хохироочихлоо… миний эрх ашгийг ингэж зөрчөөд байна. Туслаач” гэсэн эрүүл дуу хоолой сонсогдвол яасан их сэтгэл татах бол….??

2010 оны гуравдугаар сарын 31

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сармисны ашиг тус

Ес эхлэх дөхөж буй энэ өдрүүдэд сармис байхад л өчнөөн аргаар ханиадны эсрэг тэмцэж болно. Сармисаар дархлаа сайжруулахханд бэлдэх хялбар жорууд санал болгоё. Анхааруулжхэлэхэд сармисанд агуулагддаг бодисууд төмөртэй урвалд ордог учраасзөвхөн модон зүйлээр жижиглэж няцлаарай. Сармисны жижиглэсэн хумсыг шөнийн туршид аяга тарганд байлгаад өдрийн турш бага багаар уух арга бий. 2-3 ширхэг сармисны хумс, мөн тооны нимбэгийг жижиглэн нухаад нэглитр буцалсан усанд хийгээд хоёр хоног дарах жор бас байдаг юм байна. Амны халбаганы талыг хагас аяга усаар шингэлээд хоол идэхийн өмнө гурван удаа уухад ханиаднаас сэргийлээд байж болох нь.

Жижиглэжнухсан сармис, зөгийн балыг ижил хэмжээтэй хольж, 2-3 долоо хоногийн турш амны жижиг халбагаар өглөө оройд хоол идэхээс хагас цагийн өмнө уух боломжтой. Нэг зүйлийг сануулахад бөөрний эмгэг, цөсний чулуу, цус багадалт, ходоодны шарх, гэдэсний шархтай хүмүүс сармис хэрэглэхдээ болгоомжтой хандахыг эмч нар зөвлөдөг. Сармис эмийн бодис гэдэг утгаар мянган жилийн өмнөөс ашиглагдаж ирсэн түүхтэй аж.

Өвчин намдаах, нян устгах, мөөгөнцрийн эсрэг, ариутгах зэрэг төрөл бүрийн чадвартай байгалийн ашигтай бодисууд сармисанд агуулагддаг. Мөн биеэсхорыг гадагшлуулж, хаван хөөх чанартай гэнэ. Сармисыг зохих тунгаар хэрэглэж заншвал хавдрынэсрэг дархлаа суулгадаг байна.

Ц.ТҮВШИН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эзнээсээ өөр юу ч нийтэлж, нэвтрүүлдэггүй хэвлэл мэдээллийн байгууллага байх юм” нийтлэлийг “Өдрийн сонин”-оос уншаарай

“Өдрийн сонин”-ы арванхоёрдугаар сарын 11-ний баасан гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн гарлаа.

Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн “Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монглын төр олигтой нар үзэхгүй” хэмээх гарчиг бүхий ярилцлага гарлаа. Түүнтэй өнгөрөгч долоо хоногт баталсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, бусад цаг үеийн асуудлаар ярилцав. Дээрх хуулиуд Үндсэн хууль зөрчиж байгааг Ц.Нямдорж гишүүн шүүмжилсэн юм.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Эзнээсээ өөр юу ч нийтэлж, нэвтрүүлдэггүй хэвлэл мэдээллийн байгууллага байх юм” хэмээх нийтлэлд зөвхөн өөрийнхөө тухай нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл гаргадаг хэвлэл мэдээллийн байгууллага олширч байгааг шүүмжилжээ. Тухайлбал TV 9 телевиз Н.Эхбаярыг авлигын хэрэгт холбогдоход түүнийг хамгаалж өмгөөлсөн нэвтрүүлэг дан гаргах болсон бол Улаанбаатар телевиз Балхжавын дууг дуулах шоу нэвтрүүлгийг түлхүү нэвтрүүлдэг. Энэ мэт зарим телевизийн эзэд өөрсдийн эрх ашиг, сонирхолд нийцсэн нэвтрүүлэг, мэдээлэл бэлтгэн цацаад байвал үзэгч, уншигчид залхахаас гадна мэргэжлийн ёс зүйгээ зөрчсөн хэрэг гэх асуудлыг дэвшүүлжээ.

Азийн сан, Сант марал сантай хамтран хийсэн судалгаагаар АТГ-д үзүүлэх иргэдийн итгэл буурсан дүн гарчээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг 10 дугаар нүүрнээс уншаарай.

Аравхан сартай нялх хүүхдийг зэрлэгээр зодож, гэмтээсэн Дундговь аймгийн “Оюуны хөгжил” тогооч Ж.Отгонцэцэгийн талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг долдугаар нүүрээс уншаарай. Дундговь аймагт, эх сурвалжтай нь биечлэн уулзаж, газар дээрээс нь сурвалжилсан гэдгээрээ онцлог юм.

“Улаанбаатарын амьдрал” хэмээх 19 дүгээр нүүрт Нарантуул болон бусад худалдааны төвөөр зарагдаж буй гарцуурны үнэ, маргааш эхлэх “Иргэдийн оролйоо-Хотын маргааш” зөвлөлдөх санал асуулга болон удахгүй эхлэх ээлжит цахим газар өмчлөлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг багтаалаа.

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд, ахмад хуульч Н.Чулуундаваа нарын сонирхолтой ярилцлага ч өнөөдрийн дугаарт багтлаа.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн ярилцлагыг уншаарай

УИХ-ын гишүүн
Ц.Нямдоржийн “Шунал, эрх мэдэл, мөнгө гурвыг салгахгүй бол ойрдоо Монглын төр
олигтой нар үзэхгүй” хэмээх гарчиг бүхий ярилцлага “Өдрийн сонин”-ы маргаашийн
дугаарт гарч байна. Түүнтэй өнгөрөгч долоо хоногт баталсан Эрүүгийн болон
Зөрчлийн тухай хууль, бусад цаг үеийн асуудлаар ярилцжээ. Дээрх хуулиуд Үндсэн
хууль зөрчиж байгааг Ц.Нямдорж гишүүн шүүмжилсэн юм. Тодруулбал, “Эрүүгийн
хуулийг шинэчиллээ гээд байгаа Д.Ганбат чинь Эрүүгийн хууль сөхөж ч үзээгүй
хүн. Тийм хүнтэй би юу ярих юм. Том хандлагаар нь авч үзвэл шүүхийн дөрвөн
хууль батлуулчихаад эд нар чинь мундаг том юм хийчихлээ гээд үсэрч байсан биз
дээ. Одоо эргээд хар даа. Бүгд Үндсэн хууль зөрчсөн байна. Ингэж шүүхийг бүхэлд
нь самарч байгаа юм. Наад Эрүүгийн хууль гээчийн чинь согог нь мэдэгдэх
болоогүй. Яг хэрэглээд эхлэхээр нь ер бусын согог дагуулна даа. Эрүүгийн хууль
чинь гурван сая иргэнийг тусгаар тогтнол, газар нутагтай нь гэмт халдлагаас
хамгаалдаг хууль. Үндсэн өгөгдөхүүн нь энэ. Нийгмийн дийлэнх хэсгийг гэмт
үйлдэл, гэмт этгээдүүдээс яаж хамгаалах вэ гэдэг асуудал уг хуулийн гол зорилго
нь байдаг. Энэ хүмүүс шинэчилсэн хууль гээч юм батлуулахдаа гэмт хэрэг үйлдсэн
хүмүүсийг яаж өөхшүүлэх вэ гэдгийг ярьж, үүнд анхаарал хандуулсан. Эрүүгийн
шинэ хуулинд шинжлэх ухааны ямар ч үндэслэл байхгүй. Эрүүгийн шинжлэх ухаан гэж
байдаг юм. …Энэ хууль чинь эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн том хүмүүсийн ярьж,
хийдэг ажил. Жишээлбэл, Нарангэрэл Эрүүгийн хуулиар юм ярьсан бол би үгийг нь
сонсоно. Д.Ганбатаас чинь юуг нь сонсох юм. Жагсаалын бага даргын дайны л
амьтан шүү дээ. Ийм хүнтэй Эрүүгийн хууль яриад маргана гэдэг утгагүй. Үнэ
цэнгүй л байхгүй юу” гэжээ. Ярилцлагын дэлгэрэнгүйг маргаашийн дугаарын 12, 13
дугаар нүүрнээс уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүргийн цэцэрлэгүүд бүрэн камертай болжээ

Хан-Уул дүүрэгт 2014 оноос эхлэн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр амжилттай хэрэгжиж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд төрийн өмчийн 18 цэцэрлэгийн гадна, дотор талд нийтдээ 273 ширхэг камер
суурилуулсан байна. Дүүргийн зүгээс хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд өсөж, сурч хүмүүжих нөхцөлийг хангаж анги бүрт суурилуулж,эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байна. Ирэх оноос эцэг, эхчүүд интернетийн сүлжээнд
холбогдсон компьютер болон ухаалаг утаснаасаа хүүхдийнхээ ангид
суурилуулсан камерийг хянах бүрэн боломжтой болох юм. Мөн дүүргийн хэмжээнд хувийн өмчийн 95 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дүүргийн Засаг даргатай байгуулах бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээнд бүх цэцэрлэгийг камертай байлгах заалт оруулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр ахуйн гал түймрээс сэрэмжлэхийг анхааруулав

Сүүлийн өдрүүдэд хүйтний
эрч чангарч байгаагаас гэр болон ахуйн үүдэлтэй галын дуудлага эрс нэмэгдсэн
байна. Тиймээс цахилгаан хэрэгсэл,
шугам сүлжээний ашиглалт, угсралтын буруу холболт зэргийг мэргэжлийн
байгууллагаар хийлгэх, өөрсдөө дур мэдэн холболт хийхгүй байх нь зүйтэй гэдгийг
ОБЕГ-аас сануулж байна.

Гэр, ахуйн орчинд гарч
байгаа гал, түймрийн улмаас иргэд угаартах, амь насаа алдах, эд хогшил,
орон гэргүй болох явдал өвлийн улиралд өсдөг. Тийм учраас галын аюулаас
өөрсдийгөө болон үр хүүхэд, эд хөрөнгөө хамгаалахын тулд пийшингийн галлагаа
болон гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, шугам сүлжээний ашиглалт угсралтын дүрэм
зааврыг зөрчихгүй байх, цогтой үнс, нурмаа ил задгай асгахгүй байх, бага насны
хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт цоожилж үлдээхгүй байхыг Нийслэлийн ОБГ
болон ОБЕГ-аас онцлон анхаарууллаа.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг гадаадад сурталчлах ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ боловсруулжээ

Гадаад харилцааны салбарыг сонгуулиас сонгуулийн хооронд биш урт хугацаанд тогтвортой ажиллах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд анхаарч хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Тэрбээр “Дипломат албаны хуульд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, энэ ондоо багтаан УИХ-д өргөн мэдүүлнэ. Өнөөдрийн байдлаар гадаад бодлогын зохицуулалтын хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Иймээс Гадаад харилцааны нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн төслийг боловсруулж дуусаад УИХ-ын намрын чуулганаар багтаан батлуулахаар ажиллаж байна. Олон улсын гэрээний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна” гэв. Гадаад хэргийн яамны бүтцэд Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрыг байгуулж, Монгол Улсыг гадаад улс, орнуудад сурталчлах ажлыг цогцоор нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Соёл, урлаг, өв, түүх, зан заншил, спорт, шинжлэх ухаан, нийгмийн талаарх мэдээллийг гадаад улс орнуудад түгээх замаар тухайн салбарын гадаад харилцааг дэмжиж, Монгол Улсыг гадаадад сурталчлах үндэсний хөтөлбөрийг боловсруулжээ.