Categories
мэдээ нийгэм

Согтуу эцэг хүүхдүүдээ цонхоор шидэхийг завджээ

Согтуу эцэг хоёр хүүхдээ цонхоор шидэх гэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны 26 дугаар байранд амьдардаг иргэн Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоёр хүүхдээ цонхоор шидэхийг завджээ. Дуудлагын дагуу тус газрын есөн албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллаж, зургаан настай охин Д, хоёр настай хүү Б нарыг цонхоор шидүүлэхээс аварсан байна. Иргэн Б-г дүүргийн Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд баруун болон зүүн зүгийн нутгаар хүйчний эрч чангарч, цасан шуурга шуурах тул малчид, ард иргэдийг шуурганд төөрөх, хүүхдээ хол газар малд явуулахгүй байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс анхаарууллаа. Энэ сарын 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна.

Арванхоёрдугаар сарын 12-ноос 12 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш буюу 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 15-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгороор шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ спорт

Б.Гүндаваа гуравдугаар байрт шалгарчээ

Итали улсын Сицилл хотод арванхоёрдугаар сарын 4-8-нд “Этна-2015” хоёр дахь удаагийн олон улсын нээлттэй тэмцээн боллоо.

Тэмцээнд 11 орны 100 гаруй шатарчид өрсөлдлөө. Монгол Улсаа төдийгүй Ази тивээ төлөөлөн үндэсний шигшээ баг, “Шунхлай” группийн тамирчин их мастер Б.Гүндаваа оролцлоо.

Тэрбээр тэмцээний “А” ангилалд амжилттай оролцон 7 өргөөс гурав хожиж дөрөв тэнцэн III байр эзэллээ.

Дөрвөн их мастер тэмцээнд урилгаар оролцсоноос Украйны их мастер ЗХУ-ын дэд аварга, Дэлхийн шатрын олимпиадын 2 мөнгө, 2 хүрэл медаль, Европын багийн аваргын 6 удаагийн алт, 1 мөнгөн медальт нэрт шатарчин Олег Романишин оролцсон нь тэмцээнийг чимлээ. Мөн Унгарын шилдэг их мастер 2607 чансаатай Петер Прохазка, Голландын шилдэг их мастер 2542 чансаатай Ян Верле нарын шилдгүүд оролцлоо.

Ази тивээ төлөөлж амжилттай оролцсон Б.Гүндавааг чансаагаа нэг оноогоор ахиулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт газар хөдөллөө

Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т өчигдөр 22.47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн ч азаар учирсан хохирол байхгүй гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас бидэнд мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим ШТС-ыг түр хаажээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан Газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн шалгалтыг онцгой байдлын газраас зохион байгуулжээ.

Шалгалтын үеэр Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хуулийн зургадугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг үндэслэн шалгалтын явцад галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн Петростар ХХК-ийн шатахуун түгээх станц 9, 14, 23 дугаар салбар, Магнай трейд ХХК-ийн шатахуун түгээх станц 80, 161 дүгээр салбар зэрэг нийт таван ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээ авчээ.

Мөн Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтыг үндэслэн нийт есөн байгууллагыг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ тооцсон байна.

Шалгалтад нийт 132 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 818 зөрчил илрүүлж, 291 зөрчил буюу 35.5 хувийг газар дээр нь арилгуулжээ. Харин бусдад нь зөрчлөө арилгах шаардлага, мэдэгдэл хүргүүлжээ.

Categories
мэдээ спорт

“Монгол туургатан” боксын их наадам маргааш эхэлнэ

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” (World Mongolians Global Association) нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцоно.

Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу өрсөлдөнө. ӨМӨЗО-оос тав, Халимагаас гурав, Тува, Буриадаас тус бүр зургаан тамирчин оролцохоор болжээ. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 60 кг, 64 кг, 69 кг-ийн жинд болно.

Categories
гадаад мэдээ

Нобелийн шагнал гардуулах ёслол боллоо

Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагнал гардуулах ёслол өчигдөр Шведийн Стокгольм хотноо боллоо.

Шведын хаан Карл XVI Густав Стокгольмын филармонийн байранд анагаах ухаан, физик, хими, уран зохиол, эдийн засгийн салбаруудад тэргүүлсэн эздэд шагналыг гардууллаа. Дэлхийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэд болсон 10 хүн хааны гараас диплом, алтан медаль гардан авсан байна.

Бие судлал, эмнэлгийн салбарын шагналыг “шимэгч өтнүүдийн өдөөсөн халдварт өвчний эсрэг эмчилгээний шинэ арга барилыг боловсруулсны төлөө” Уильям Кэмпбелл (АНУ), Сатоши Омура (Япон) болон “шинэ халуун хижгийн эсрэг эмчилгээг” бүтээсэн Хятадын эмч Ту Юю нар авсан байна.

Физикийн салбарын шагналаар нейтрино гэх бичил хэсгийн осцилляцийг нээн тэднийг жинтэй гэж харуулсан Такааки Казита (Япон), Артур Макдональд (Канад) нар шагнагджээ.

Химийн салбарын шагналтнуудаар “ДНК-ийн репарацийн механизмыг судалсан” Томас Линдал (Их Британи), Пол Модрич, Азиз Санкара (хоюулаа АНУ) нар тодорсон юм.

Белорусийн зохиолч эмэгтэй Светлана Алексиевич “манай үе дэх эр зориг, зовлон зүдгүүрийн дурсгалын полифонийн бүтээл” туурвисныхаа төлөө Нобелийн уран зохиолын шагнал хүртлээ.

Ангус Дитон (Их Британи, АНУ) “хэрэглээ, ядуурал, хангалуун байдлын судалгааг” явуулсан учир Альфред Нобелийн дурсгалд зориулагдсан Шведын Төв банкны шагналыг авлаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: Гуравхан сая хүнийг зовоогоод хэрэггүй. Туршилтын туулай болгох бүр хэрэггүй

Бүгд
найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

Таныг
Монголын ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан хүн гэдгийг мэднэ. Монгол Улс ардчилалтай золгосны 25 жилийн ойн баяраа тэмдэглэж байна. 1990 оноос хойших 25 жилийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэх вэ?

-Би нэг аавтай, нэг
ээжтэй 1990 онд байсан Б.Жаргалсайхан хэвээрээ л байна. Морин
дээрээс сэлэм эргүүлж хувьсгал
хийх амархан. Харин мориноосоо буугаад
төр улсаа төвхнүүлэх хэцүү
гэж Сүхбаатар кинон дээр Богд
гэгээн хэлдэг байх аа.
Бүрэн төгс нийгмийн тухай
хөгжил асууж байгаа бол
хаа ч байсан юм.
Бидэнд суралцах зүйл асар их
бий.

Манай үеийнхний аав, ээж, өвөг
дээдэс маань ардын хувьсгалыг
байгуулж, социалист Монголыг бий болгож коммунизм
руугаа тэмүүлэн хөгжинө гэж тунхаглаж
байсан. Тэр утгаараа Монгол
Улс чинь социалист орнуудаас
миллиард 200 гаруй сая ам.долларын зээл авч бүтээн
байгуулалтуудыг чинь хийж байсан
юм. Тэрхүү зээл нь
30 гаруй тэрбум ам.доллар
болсон байсны нэг хэсгийг
нь төлөөд нөгөө хэсгийг
нь хөнгөлөөд сүүлчийн 10 миллиард ам.долларыг нь
10 жилийн өмнө ОХУ-тай
хэлэлцээр хийж хүчингүй болгосныг
санаж байна уу. Бид
нүүдлийн иргэншилтэй аж ахуй эрхэлж
явсан тул түүнийгээ дагаад
соёл, боловсрол дулимагхан явж ирсэн. Тэр
бүхнийг өөрчлөхийн тулд бид 70 жил
явсан. Боловсролтой нийгмийн давхаргыг бий болгож энэ
байдал чинь арай дээр
болсон юм. Тухайн үед
өмч хөрөнгө төрийн мэдэлд
байсан. 1990 оноос өмнө Монголын
нийгэм, эдийн засгийн хөгжлийг
Моксвад Оросын төлөвлөгөөний хороо
удирдан зохион байгуулдаг байсан
гээд бод доо. Манай
улсын хувьд түүнийг нь
биелүүлэгч л байж ирсэн.
1990 онд ЗХУ-д эдийн
засаг, улс төрийн хямрал
нүүрлэснээр Орос улс дампуурсан.
Энэ үед монголчууд харьцах
улсгүй болж хэсэг тэвдсэн.
Жил бүр Оросоос авдаг
байсан 700-800 сая ам.долларын
худалдааны зээлээ авч чадахаа
больж Монгол Улс хомсдолд
орсон. Тэр цаг үед
Эрдэнэт үйлдвэрээс бусад нь үүдээ
хааж хүнд байдалд орсон
л доо. Манай
түүхий эдийн дийлэнх нь
ЗХУ руу гардаг байсан
тул харилцагчгүй болчихсон хэрэг. Ингээд Монгол
гэдэг улс чинь мухар
үлддэг юм байгаа биз
дээ. Тиймээс 1990 онд шинэ хөгжлийн
замыг нь сонгосон нь
ардчилал, чөлөөт зах зээл,
тусгаар тогтнол байсан юм.
Тусгаар тогтнол гэдэг зүйлийг
заавал буу үүрч байж
олдог юм биш. Эдийн
засгийн тусгаар тогтнол гэдэг
айхтар нэр томъёо бий.
Бид эдийн засгийн тусгаар
тогтнолынхоо асуудлыг шийдэхийн тулд дэлхийн бусад
орнуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр
болсон. Тиймээс малчдад малыг
нь, тариаланчдад газрыг нь өгөөд
хөнгөн үйлдвэрээ устгахыг нь устгаад хаалгыг
нь барьсан. Сүүлийн үед Хөтөлийн
цемент шохойн үйлдвэр, Дарханы
төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэхэд анхаарч байна. Үүнээс
харахад бидэнд чадахгүй зүйл
маш их байна.

Тухайлбал?

-Бид аж ахуй эрхэлж
сураагүй, мөнгө барьж сураагүй.
Тооцоо тайлан гаргаж сураагүй.
Дэлхий глобальчлагдаж байгаа энэ үед
боловсрол бүх хүнд алга.
Ялангуяа сүүлийн 20 жилд бид хэрэглээний
давалгаанд цохигдон явлаа. Авъя, хэрэглэе,
зээл аваад тэр мөнгөөрөө
машин авч уная, хоол
аваад идчихье гэдэг сэтгэхүйгээр
явж ирлээ. Бид ардчилалд
суралцаж байгаа нэрийн доор
зүгээр тэжээлгэх гээд байх юм.
Хуучин бол Оросыг дагаж
коммунизм байгуулах гэж байсан болохоор
оросууд биднийг тэжээсэн юм
шүү дээ. Одоо бид
ардчилал гээчийг байгуулж байгаа
болохоор АНУ, Япон, Европын
орнууд тэжээх ёстой гэдэг
сэтгэхүйтэй болчихсон.

Аж үйлдвэрлэл хөгжсөн орнууд байгаль
экологид сөрөг нөлөөтэй, гар
ажиллагаатай хөнгөн үйлдвэрлэлээ Зүүн
өмнөд Ази руу нүүлгэчихлээ.
Тэд өөрсдөө үйлдвэрлэхээ больчихсон.
Япон ч гэсэн хөнгөн
үйлдвэрлэлээ нүүлгээд араас нь гэр
ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээ хүртэл
нүүлгэх гэж байна. Лаос,
Камбожи оймс, турсикийг нь
хийдэг юм байгаа биз.
Дэлхийн энэ хөдөлмөр хуваарилалтын
дунд бид хаана нь
байгаа вэ. Монголын тухай
тэд ярьж байна уу,
Монгол Улс юугаараа оролцох
ёстой вэ гэдэг асуудлыг
манай улстөрчид шийдэх цаг нь
болсон.

Тэгээд
бид юу хийх ёстой юм бэ. Бидний оролцоо юу байж болох вэ?

-Монголчуудаар
гэрлийн хурдаас хурдан онгоц
хийлгэх үү, биднээр орчин
үеийн атомын цахилгаан станцын
төсөл хийлгэх үү, Самсунг,
Apple-тэй өрсөлдөх Монгол гэдэг гар
утас хийлгэх үү. Ямартай
ч монголчууд оймс,
турсик хийгээд нэмэргүй юм
байна гэдгийг харлаа. Цаана
чинь хоёр миллиард хүн
оймс хийж байхад бид
эндээ хэдийг хийх юм.
Эсвэл бид ул боов
хийх үү. Дэлхийн бүх
айл ул боов идээд,
ааруул мэрээд суух юм
уу. NBA-ийн сагсчид нь
сагс тоглохдоо ааруул хүлхээд гүйж
байх уу. Эсвэл бүх
айлд эсгий таавчик хийж
өгөх юм уу. Дэлхийн
таван миллиард хүн бүгдээрээ эсгий
таавчиктай байх уу. Тэгэхээр
бид дэлхий ертөнцөд ямар
оролцоотой оролцох вэ гэдэг
асуудал л байна.

Та
тэгээд гарцаа хэл л дээ?

-Үүнийг яривал асар урт
яриа болно. Би 1990 оноос
хойш хариуцлагатай болъё, хүн амаа
эрүүлжүүлье, соёлтой болцгооё, боловсрол
эзэмшье гэж зөндөө л
ярилаа. Бид хөдөлмөрлөж сурах
хэрэгтэй. Арвич хямгач болох
хэрэгтэй. Монголчууд бид арьс нөмрөөд
гүйдэг эрин зуунд амьдарч
болохгүй. Хятад Дэлхийн валютын
сангийн гишүүн орон болчихлоо.
Энэ тун аюултай. Юань
хөрвөдөг болчихвол Монгол Улс баахан
юань оруулж ирээд Монголыг
эдийн засгаар нь авчихна.
Монголын эдийн засгийг нь
авчихсан байхад дараа нь
хүнийг нь авахад амархан.
Гэхдээ тэдэнд гурван сая
хүн ерөөсөө ч хэрэггүй.
Тэдэнд газар нутаг, тэнд
байгаа жаахан байгалийн баялаг
л хэрэгтэй байх.
Монгол хүн лав тэдэнд
хэрэггүй. Харин монгол хүн
чинь чи бидэнд л
хэрэгтэй байхгүй юу. Би
энэ улстөрчдөөс шал өөр бодолтой
яваа.

Улстөрчид
гэхээр бүгд л адилхан гишүүний суудалд суучих бодолтой явдаг юм биш үү. Та чухам ямар бодолтой явдаг юм бол?

-Би 25 жил бизнес, улс
төрийн ажил хийлээ. Миний
хувьд шударга байхыг хамгийн
их хүсдэг. Энэ хугацаанд
би улстөрч гэдэг бол
шударга зарчим дээр бүх
ажлаа явуулах ёстой гэсэн
зарчим барьж ирсэн. Яахав
дээ, АН, МАН аль
аль нь Сонгуулийн хуулиа
зөрчөөд явдаг байсан. Нэг
нь иргэний бүртгэлээр луйвар
хийдэг байсан бол нөгөөх
нь хэдэн компьютер оруулж
ирээд луйварддаг болсон. Үүнийгээ нээлттэй
болгохыг аль аль нам
нь хүсэхгүй байна. Энэ чинь
л нөгөө ардчиллын
үнэт зүйлсээсээ ухарч байгаагийн тэмдэг.
Төрийн эрхийг Үндсэн хуулийн
бус аргаар авч байгаа
хэлбэр мөнөөсөө мөн.

Монголчуудын
60-70 хувь нь залуучууд болсон.
Гэтэл тэдэнд ямар ч
мөнгөн хуримтлал байдаггүй. Манайхны амьдрал үнэндээ ядуу
шүү дээ. Банкны зээлээр
Японы хуучин машин авч
уначихаад яваад байгаа болохоос
бусад орнуудын дэргэд ядуу, ядуу.
Бүр ядуугийн туйл л байгаа.
Тэд дөнгөн данган амьдарч
байна. Тиймээс эхний ээлжинд
хүнээ аврах хэрэгтэй. Тэр
нь юу гэхээр дөнгөж
төрсөн хүүхдүүдийг яаж аврах вэ
гэдэг асуудал. Төрийн гол бодлого
үүнд чиглэх ёстой. Түүнээс
биш гадаадынхан, гадны хөрөнгө оруулагчид
чухал биш. Эхлээд монгол
хүн. Хамгийн түрүүнд энэ
монгол хүмүүсийг яаж эрүүл байлгаж,
сайн сайхан амьдруулах вэ
гэдгээ шийдэх хэрэгтэй. Насанд
хүрсэн энэ хүмүүсийг гудамжинд
байлгаад байх юм уу,
яах юм. Миний бодлоор
хүмүүсийн чухал зүйл нь
амьдрах гэр орон. Тэр
хүмүүс чинь гэр оронтой
байх ёстой. Монголчууд хориннэгдүгээр
зуунд майханд амьдарч байна.

Яагаад
майхан гэж. Нүүдлийн соёл иргэншлээсээ суурин иргэншилд шилжээд орон сууцанд орох нь орон сууцанд ороод л явж байна…

-Монгол гэр гэдэг чинь
майхан биш юм уу.
Хэдэн сарзгар мод босгож
байгаад эсгийгээр хучна гэдэг чинь
гадныхны хувьд майхан байхгүй
юу. Монголчууд л гэр гэдэг
юм. Бид хориннэгдүгээр зуунд
майханд биш орон сууцанд
амьдрах шаардлагатай. Иргэдийг орон сууцтай болгохын
тулд ипотекийн зээлийг болих хэрэгтэй.
Хүмүүсийнх нь сарын орлого
хэд билээ. Гэтэл ийм
өндөр хүүтэй банкны зээлд
хамрагдаж орон сууцанд орох
юм. Миний бодлоор 30 жилийн
хугацаатай хүүгүй зээлээр орон
сууцыг иргэдэд өгөх хэрэгтэй.

Тийм
боломж байгаа юм уу?

-Байгаа. Хэрэв ингээд өгчихвөл
30 жилийн турш иргэн ажил
хийж байгаад зээлээ төлөөд
явчихна. Гэхдээ нэг зүйлийг
тохирох ёстой. Тэр нь
юу гэхээр одоогийн байгаа
валютын ханшаар гэрээ хийх
юм. Ам.доллар өссөн
ч, буурсан ч энэ
ханшаараа явна гэсэн үг.
Тэр том барилга бариулсан
хүмүүс банкнаас зээл аваад байшин
барьсан байж таараа. Тэдний
хохирлыг улс том төслүүдээ
хөдөлгөж байгаад тэндээсээ мөнгө
татан хаах хэрэгтэй.

Өнөөдөр монгол хүн тутмын
гурван хүний нэг нь
халдварт өвчнөөр өвчилж байна.
Үүнийг хурдан таслан зогсоохгүй
бол удахгүй хоёр хүн
тутмын нэг нь халдварт
өвчнөөр өвчилнө. Тиймээс яаралтай эрүүл
мэндийн үзлэгийг орон даяар явуулахаас
өөр аргагүй. Төрөөс мөнгө гаргаж
байгаад энэ бүхнийг хийхгүй
бол наад монгол хүн
чинь хэцүүдлээ та минь ээ.

Эдийн
засаг хүнд байгаа энэ үед хөрөнгө зарж бүх хүнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна гэдэг худлаа л болов уу?

-Ард түмнийг хямгадаж болохгүй.
Харин тэр дарга нараа
л хямгад. Үрэлгэн
зардлуудаа хасчихаач. Аймаг, сумаас эхлээд
Засгийн газар, Их хурлынхаа
зардлыг 50 хувь хасах хэрэгтэй.
Түүнээс биш ард түмнээс
хоолыг нь хасаад байж
болохгүй.

Манайхан сүүлийн үед цалин
хасна гэдэг болж. Үнэндээ
цалин хасаад энэ асуудлыг
шийдэхгүй. Хүн рүүгээ явуулсан
бодлого явуулах хэрэгтэй. Эрүүл
мэндийн байгууллагыг олон нийтийнх болгохгүй
бол болохоо байчихлаа. Иргэд
эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа
гэхэд даатгалаараа үзүүлдэг болмоор байна. Тэгэхгүй
бол эмч нар чинь
хувийн эмнэлэг байгуулаад явах
гэж байна. Энэ бүгд
дээрээ анхаарахгүй бол тэр ард
түмэн чинь биеэ үзүүлж
чадахгүй үхэх нь байна
шүү дээ. Үүнийгээ цэгцлэхгүй
бол цалин хасч, байгууллагын
хаяг сольсноор юу ч өөрчлөгдөхгүй.
Тэр олон мянган төрийн
албан хаагчаа цөөлж, зээл
өгч явуулаад бизнес хийлгэ. Төрийн
аппаратыг цомхон болго л
доо. Ядаж л төсвийн
мөнгөөр зам тавиулаад баймааргүй
байна. Энэ төсвийн мөнгө
гэдэг чинь та бид
хоёрын талхны мөнгө, ойлгож
байна уу. Зам ашигласны
татвар гэж авдаг. Тэр
мөнгөөрөө замаа тавь л
даа. Сүүлийн 10 жилд явуулж буй
төрийн бодлогоо үргэлжлүүлбэл эдийн засгийн энэ
хямралаас гарахгүй.

Шинэ
бодлого хэрэгжүүлэх боломж байгаа юу. МАН-ынхан чинээлэг дундаж давхаргыг буюу Норвегитэй адилхан алтан дунджийн нийгмийг байгуулах урт хугацааны бодлого боловсруулсан гээд байгаа?

-Би тэгж бодохгүй байна.
Бид 500-600 мянган өрх айлын
л асуудал шийдэх
гээд байгаа юм. Монголчууд
олж байгаа мөнгөнийхөө 70-80 хувийг
ямар ч хэрэггүй зүйлд
зарцуулдаг. Үүнийгээ л больчих.

Эрүүл мэндийн асуудлын дараа
манай улсын тулгамдсан асуудал
бол хүнсний эрүүл ахуй.
Манайхан хангалттай хоол иддэггүй болохоор
иргэд бие бялдрын хөгжил
муутай. Монголчууд жижигхэн, туранхай, хар хөх байдаг
чинь үүнтэй холбоотой. Хүүхдүүд
багадаа даарснаас болоод өсөлтийн гармон
нь ажиллахаа больдог. Тийм болохоор энэ
хөдөөний хүүхдүүд чинь жижигхэн байгаа
юм. Хотын хүүхдүүд өндөр
байдаг нь дулаан байшинд
байдагтай холбоотой. Өнөөдөр монголчууд оройхондоо
нэг махны тасархай усанд
чанаад гурил дээрээс нь
хаячихдаг. Үүнийгээ тэд хоол гэж
ярьдаг. Витамин агуулсан хүнсний
бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй болохоор биеийн эсэргүүцэл сулардаг.
Бид үүн дээр бодлогоор
анхаарах хэрэгтэй. Үүнийг би мундагтаа
яриад байгаа юм биш.
Орон сууцны асуудлыг нь
шийдээд, хүнсний асуудлыг нь
шийдчихвэл энэ улсад хүмүүс
амьдрах орчин бүрдэнэ. Дараа
нь үйлдвэрийн асуудлаа ярих ёстой. Бид
үйлдвэрийн газрыг ажиллуулахдаа хүүтэй
мөнгөөр ажиллуулж болохгүй. Харин хүүгүй мөнгөөр
явуулах ёстой. Тэгэхгүй бол
үйлдвэрүүд чинь ажиллаад байдаг
хэрнээ мөнгө олдоггүй. Банкныхаа
хүүнд идүүлчихдэг байхгүй юу. Үйлчилгээний
салбарыг бага хүүтэй мөнгөөр
ажиллуулж болно.

Яагаад?

-Нийгмийн баялаг бүтээхгүй байгаа
биз дээ. Худалдааны байгууллагуудыг
хүүтэй явуулах нь зөв.
Монголын ард түмэн бүх
нийтээрээ татвар төлөгч байх
ёстой. Үйлдвэрийн ажилчид татвар төлөөд
малчид татвар төлдөггүй байж
болохгүй байлгүй дээ. Үндсэн
хуульдаа бүх хүн тэгш
эрхтэй гээд заачихсан. Асуудал
нь үүнд л байгаа
юм. Бид дэлхийн хөгжлийн
хаана нь байх вэ
гэдгээ л сайн бод.
Түүнээс биш Монголын 500 мянган
өрхийг орох оронтой, идэх
хоолтой болгох нь хүслийн
л асуудал. Даанч
энэ хүмүүс хүсэхгүй байна.

Яагаад
хүсэхгүй байна гэж. Идэх хоол, хийх ажилтай байлгах гэж энэ гишүүд чинь сонгогддог биз дээ?

-Мэдэхгүй.
Тэр хүмүүсээс нь өөрсдөөс нь
асуухгүй юу. Яагаад энэ
хүмүүс хүсэхгүй байгаа юм. Яагаад
тэд хийж чадахгүй байгаа
юм. Чаддаггүй юм бол чаддаг
хүмүүст нь ажлаа өгчих.
Үүний төлөө л бид
сонгууль хийх гээд байгаа
биз дээ. Бид дэлхийн
хөдөлмөр хуваарилалтад нэг зүйлээр л
оролцох юм шиг байна.
Тэр нь оюуны хөдөлмөр.
Манай залуус дэлхийн том
сургуулиудыг онц төгсөх юм
бол тухайн улс орны
хөгжлийн том лабораторийн эзэд
болж болно. Ийм магадлал
хамгийн өндөр байгаа юм.
Дэлхийн банк санхүүгийн корпорациудын
захирал болох магадал өндөр.
Бид яаралтай дэлхийн эзэд бэлдэх
хэрэгтэй. Залуусыг худлаа сургуульд сурдгийг
болиулах цаг болсон. Боловсролын
салбарт реформ хийх хэрэгтэй
болжээ. Багшийн дээд сургууль
заавал Улаанбаатарт байх шаардлагатай юм
уу. Багшийн дээдийг хоёр
хуваагаад нэгийг нь Багануурт
нөгөөхийг нь Дарханд ч
юм уу байгуулчих хэрэгтэй.
Хөдөө аж ахуйн их
сургууль Улаанбаатарт юу хийж байгаа
юм. Тэр Сэлэнгэ, Дархандаа
л байг л
дээ.

Манайхан
чинь нэг хэсэг Сайншандад Аж үйлдвэрийн парк барих юм болоод баахан бужигнаж байгаад чимээгүй болчихлоо. Аж үйлдвэрийн парк барих боломж байна уу?

-Тэр хэзээ ч бүтэхгүй.

Томоохон
төслүүдийг яриад л эсэргүүцэлтэй тулгарах юм?

-Том төслүүдээ Монголын эрх ашигт нийцүүлж
явуулахгүйгээр хувийн өмч болгож,
хувийн компаниараа дамжуулж хийх гээд байгаа
учраас энэ төслүүд явахгүй
байгаа юм. Өнөөдрийг хүртэл
булаацалдаад байна. Энэ том
төслүүдийг гурван сая монгол
хүний сайн сайхны төлөөх
бизнес болгох хэрэгтэй. Тэгэхгүй
бол Таван толгойг хувьдаа
авч бизнес хийх гэж
байна. Төмөр зам барина
гээд бас л хувийн
юмаа хийх гэж байна
шүү. Тэгээд л энэ
төслүүд чинь маргаан болчихоод
таг зогсож байна л
даа. Том төслүүдийг улс
хоорондын том концессын гэрээгээр
хийдэг болохоос хувь хүн хүслээрээ
хийдэг зүйл биш. Улстөрч
хүний хувьд хэлэхэд энэ
гуравхан сая хүнийг зовоогоод
хэрэггүй. Туршилтын туулай болгох бүр
хэрэггүй.

Бидний муу муухай үйлдлээс
болоод улс орон маань
хөгжихгүй байгаа гэж ойлго.
Хэрэв би улс төрд
амжилттай явах юм бол
энэ бүхнийг хийнэ. Улстөрчдийн
ажил бол иргэдийг сайн
сайхан явуулах.

Эдийн
засгийн хямралаас болоод олон ч компани хаалгаа барьж байна. Бизнесийн салбарын талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Төрийн бодлого алга. Нэг
бизнес эхлэхээр бүгд шуурдаг, манайд.
Кока кола оруулж ирвэл
ашигтай гээд хэлчингүүт бүгд
кола оруулж ирдэг. Зам
баривал ашигтай юм байна
гээд манайхан баахан замын компани
байгуулж аваад харсан газар
бүртээ зам тавих гээд
гүйцгээлээ. Барилгын салбар ашигтай гэнгүүт
бүгд болсон болоогүй шамбий
юм барилаа. Ингэхээр чинь дампуурахгүй яах
юм. Төрийн бодлого, төлөвлөлт,
зохион байгуулалт алга байгааг үүнээс
харж болно.

Зах зээлийн нийгэмд амьдарч
байгаа болохоор дампуурах нь дампуураад, босох
нь босоод явах тийм
л зарчим. Хэн
ч чиний өмнөөс
амьдраагүй. Гэхдээ дампуурлын эрсдэлийг
багасгах бодлого байхгүй байгаагаас
энэ бүхэн шалтгаалж байна.

Ойрын
хэдэн жилдээ эдийн засгийн төлөв байдал хэрхэн өөрчлөгдөх бол?

-Сонгуулиар
улс төрийн сонголтоо зөв
хийвэл сайжруулж болно. Сонголтоо хийж
чадахгүй 3000 төгрөг, нэг шил
архиар саналаа өгөөд байвал
энэ байдал даамжирна. Миний
хэлж байгаа энэ бүхэн
монгол хүний төлөө юм
шүү. Сайн сайхан амьдрах
ёстой гэдгээ ард түмэн
бүгдээрээ хүсэх хэрэгтэй. Гэтэл
манай иргэд дор дороо
нэг нэг гар утастай.
Түүгээрээ өдөржин тоглоом тоглож,
интернэтэд орж байна. Мөнгөгүй
байсан ч нэг найзаараа
даалгаж бааранд орж ууж
иддэг. Мөнгөгүй байж машин авна
гэж мөрөөдөөд хүмүүсээс юм гуйгаад л
яваа харагддаг. Бүтэхгүй ч гэсэн манайхан
тэгээд л яваад байдаг
юм. Иргэд амьдралаа сайжруулъя
гэж байгаа бол улс
төрд анхаарлаа хандуул гэж хэлмээр
байна. Хөгшин залуу гэлтгүй
сонгуульд саналаа өг. Саналаа
өгөхдөө өөрийнхөө төлөө биш улс
орныхоо төлөө саналаа өг.
Би хэнийг сонговол амьдрал
маань сайжирчих бол оо гэдгээ
бод. Түүнээс чамайг сонгох
юм бол надад юу
өгөх юм гэдэг байдлаар
асуудалд хандаж болохгүй. Бидний
хариуцлагагүй, бэртэгчин байдал ийм болгож
байгаа болохоос нэг америк нөхөр
ирээд бидний амьдралыг муу
болгоод байгаа юм байхгүй
ээ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй.
Өөрчлөхийн тулд “Өдрийн сонин”-оор дамжуулан хэлэхэд
иргэд минь улс төрийн
ухамсар, соёл, хариуцлагаа дээшлүүл
гэж хэлмээр байна. Сонгуульд
бүгд оролцох хэрэгтэй. Тэгэхгүйгээр
бид энэ нийгмийг өөрчилж,
сайхан амьдарч чадахгүй.

Сонгуулийн
дөрвөн хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй танилцсан уу?

-Мэдэж байгаа. Иргэд сонгуулиа
өгчихөөд сонгуулийн дүн гартал хэсгийн
хороогоо тойроод хүлээж байх
хэрэгтэй. Таны өгсөн санал
үнэхээр өгсөн хүндээ очиж
уу гэдгийг хар. Ардчилсан
нам хүний эрх, эрх
чөлөөний талаар их ярьдаг
юм байна лээ. Тийм
болохоор АН-ынханд найдаж
байна. Бид ардчилсан чөлөөт
сонгууль гэж 25 жил хашгирсан.
АН-ынхан төр барьж
байхдаа ардчилсан чөлөөт сонгууль явуулах
боломжоо нээж өгөх ёстой.
Түүнээс биш СЕХ хүссэнээ
гаргаж, хүссэнээ гаргадаггүй сонгууль хийж болохгүй. Энэ
чинь хүний эрхийг зөрчиж
байгаа хэлбэр. Сонгуулиа нээлттэй
явуулахаас юундаа айгаад байгаа
юм. Нэг хэсгийн хороон
дээр 1500 хүний санал тоолох
л асуудал байгаа
биз дээ. Энэ чинь
таван минутын л ажил.
Хар машинаас гадна бүх саналыг
гараар тоолох хэрэгтэй. Тэгвэл
энэ хардалт алга болно.

Би Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихэд
сонгиночуудын 90 хувь нь надад
саналаа өгсөн гэж итгэж
байгаа. Л.Эрдэнэчимэг гээд
хаанаас ч юм нэг
аптек ажиллуулдаг эмэгтэй гарч ирээд
Жагаагаас илүү санал аваад
гараад ирчих юм. Энэ
чинь эмгэнэлтэй биш үү. Асуудал
энэнд байна.

Гишүүн
болох юу нь сайхан байдаг юм?

-Төрийн ордонд байгаад байх
хүсэл алга. Миний улс
төрд орж байгаа шалтгаан
ухамсар бол улс орноо
яаж өөрчлөх юм. Яавал
энэ ард түмнийг аз
жаргалтай, урт удаан насалдаг
үндэстэн болгох вэ гэдэг
том зорилт. Үүний төлөө
л би нэр
дэвшиж байгаа болохоос энэ
ордонд сууж сая төгрөгийн
цалин авч, чийгтэй өрөөнд
хар цай уух гэж
улс төрийн сонгуульд ороод
байгаа юм байхгүй. Гэтэл
Эрдэнэчимэг гэдэг аптекчин хүүхэн
надаас илүү санал аваад
гараад ирж гэнэ дээ.
Бид ийм л сонгуулийн
булхай дунд амьдарч байна.
Булгийн эх нь булингартай
бол адаг нь булингартай
гэж мэдэх үү.

Мэднэ…

-Тэгвэл гүйцээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Нямсүрэн: “Жинсээр сонгодог стилийн хувцаснаас гадна үндэсний хувцас ч урлаж байна

“Urban jeans” брэндийн ахлах дизайнер Б.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр “Гоёл-2016” наадмаас Өдөр тутмын чөлөөт хувцасны шилдэг дизайнер шагнал хүртсэн билээ.

-“Гоёл-2016” наадамд амжилттай оролцсонд юуны өмнө баяр хүргэе. Наадамд оролцсон үеийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Энэ наадамд амжилттай оролцоод өдөр тутмын чөлөөт хувцасны шилдэг дизайнер шагналыг авсандаа би болон манай хамт олон маш их баяртай байгаа. Миний хувьд “Гоёл” наадамд 2005-2007 он хүртэл гурван жил тасралтгүй оролцсон туршлагатай.

Өмнө нь оролцож байхдаа ямар амжилт үзүүлж байсан бэ?

– Би 2003 оноос хойш 12 жил загварын чиглэлээр ажилласан. Өмнө нь “Говь” компанид ажиллаж байхдаа ноолууран пальтогоор оролцож 2006 оны шилдэг дизайнер, 2007 оны Гран при авч байсан.

Өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу. 12 жил загварын чиглэлээр ажилласан гэхээр их туршлагатай байж таарна. Хаана ямар сургууль төгсч байв?

-Би 2003 онд Дизайн урлагийн дээд сургуулийг Хувцас дизайнераар төгсөөд тэр жилийн хавраасаа эхлэн “Говь” компанид тасралтгүй ажиллаж байсан. 2015 оноос “Urban jeans” брэндтэй хамтран ажиллаж байна. Энэ компанид ажиллаад зургаан сар боллоо.

Олон жилийн турш ноолууран хувцсаар загвар урлаж байгаад жинс рүү ороход ямар байна?

-Мэдээж энэ хоёр компанийн хувьд өөр өөрийн онцлог, ялгаатай. Хэрэглээний чанар, хэрэглэх хүрээ, үнэ гээд. Ноолууран хувцас тансаг хэрэглээндээ ордог бол жинс маань илүү залуу стильний, тоглож болохоор, шинэлэг талбар. Ноолууран хувцсаар тасралтгүй 12 жил ажиллаж байгаад жинс рүү ороход миний хувьд шинээр сурах, мэдэх зүйл их гарч байна. Сонирхолтой ч байна. Жинс залуулаг, өдөр тутмын байнгын хэрэглээ байж чаддаг учраас хүмүүст хүргэх нь өөр л дөө.

-“Гоёл-2016” наадамд оролцох гэж хэр их бэлдэв?

-Бид нар “Гоёл”-д оролцоно гэж төлөвлөөгүй байсан. Сарын өмнө Монголын дизайнеруудын холбооноос оролцооч ээ гэсэн санал, танилцуулга ирээд шийдвэрээ гаргасан. “Денимон” компани маань 2009 онд байгуулагдсанаасаа хойш жинсэн материалаар “Urban jeans” брэнд гаргаад нэлээд олны танил болчихсон байна. Тэр үүднээс Монголынхоо загвар, урлалын хамгийн том наадамд оролцож өөрсдийгөө сорихоор шийдсэн. Манай дизайнер Дөлгөөн бид хоёр сарын өмнөөс загваруудаа бэлдэж эхлээд, тус тусдаа бие даасан хоёр коллекц, хамтарсан нэг коллекцоороо оролцсон. Манай брэндийн зүгээс бараг 60 гаруй коллекц танилцуулсан даа.

Ганцхан сарын хугацаанд тэр олон загварыг бэлдэж гаргана гэдэг нэлээд шаргуу хөдөлмөр шаардагдах байх. Бүх загваруудаа “Гоёл-2016” наадамд зориулж шинээр гаргасан уу?

-Бүгдийг нь шинээр гаргасан. Яагаад гэхээр “Urban jeans” брэндийн түвшинд хүрэхийн тулд дан ганц жинсэн өмд хийх бус нэр төрлөө олшруулж, бүх төрлийн үйлдвэрлэл явуулах ёстой. Манай компани голдуу өмдөөрөө дагнадаг, түүгээрээ монголчууддаа хүрээд эхэлсэн бол одоо цээж хувцас хийе. Яагаад жинсээр цамц, цув, пальто, куртка, үндэсний хувцас хийж болохгүй гэж. Шинэлэг содон загваруудаа “Гоёл-2016” наадамд танилцуулж, хүмүүст хүргэхийг зорьсон.

Жинсээр урласан үндэсний хувцас өвөрмөц байсан. Үндэсний хувцсыг хоёр гурван төрлийн материал хослуулж хийдэг бол дан жинсийг будганд оруулж зах, эмжээр, товч шилбэ хийсэн нь үзэгчдэд ч онцлог санагдсан байх…

-Энэ материалын бас нэг давуу тал нь будганд оруулж, өөрчилж болдогт байдаг. Бусад хувцсыг оёж дууссаны дараа индүүдээд, цэвэрлээд хэрэглэгчдэд хүргэдэг бол жинсээр хувцас хийхэд оёж дууссаныхаа дараа цайралт хийх, будах ажиллагааг явуулдаг. Зун наадмын үеэр үндэсний хувцасны нэг коллекц гаргаж байсан. Тэр маань хүмүүст их таалагдсан учраас цагаан сараа угтаад дахин үндэсний хувцасны коллекцоо “Гоёл” наадамд танилцуулсан. Торго дурдан хүнд арай овор нэмдэг бол жинсэн үндэсний хувцасны загвар арай залуулаг харагдуулж байгаа. Жинсээ өөрөөр нь эмжиж, цайруулж материалынхаа онцлог дээр тоглосон.

Их даргар материал болохоор шилбэ, эмжээр зэрэг нарийн ажиллагаа шаардсан хэсгүүдийг хэрхэн хийсэн бэ. Хүндрэлтэй байсан уу?

-Манайхан жинс гэхээр хуучны даргар зузаан жинс гэж боддог. Тэгвэл одоо үйлдвэрлэж байгаа техник, технологи нь хөгжчихсөн учраас торгоны холиотой жинс, силкэн жинс, нимгэн жинс гээд төрөл бүрээрээ гараад ирчихсэн. Материалынхаа шинж чанараар хооронд нь хослуулаад тоглочихож байгаа юм.

Торгоор урласан үндэсний хувцас нэлээд үнэтэй байдаг. Тэгвэл жинсээр захиалж хийлгэвэл арай өртөг багатай гарах болов уу?

-Бид үйлчлүүлэгчдийнхээ худалдан авах чадвар, зах зээлийн үнэ зэргийг судлаад боломжийн үнэтэй гаргаж байгаа. Наадмын загварууд маань 34-56 мянган төгрөгийн хооронд байсан. Энэ загварууд маань ч тэр хавьцаа гарах болов уу.

-“Гоёл-2016” наадамд орсон өдөр тутмын хувцас, гадуур хувцасны коллекцуудад 80, 90-ээд оны загварыг тусгаж өгсөн шиг санагдсан. Та өөрийнхөөрөө тайлбарлахгүй юу. Ямар онцлогийг тусгахыг хичээсэн бэ?

-Саяын өдөр тутмын хувцсаар шилдэг авсан загварууд маань “Confidence in blue”, “Цасан будраа” нэртэй хоёр загвар. Эхнийх нь классик стильний өдөр тутмын загвар. Сонгодог хувцас гэхээр пиджак, костьюм, цув, пальтогоор төсөөлдөг. Тэдгээр нь голдуу нимгэн даавуу, силк, драпан материалтай байдаг. Тэгвэл яагаад жинсээр сонгодог стиль гаргаж болохгүй гэж. Жинсээр сонгодог пиджак, костьюм хийснээрээ шинэлэг стилийг бүрдүүлж өгсөн. Мода дахин эргэх маягаар хөгждөг. Энэ загвар дээрээ яг одоо мода болоод байгаа 70, 80-аад оны буусан мөртэй стилийг оруулж өгсөн. Цасан будраа загвар нь 80, 90-ээд оны том мөртэй сул хэлхгэр пальтонууд, гадуур хувцасны коллекц. “Confidence in blue” классик стилийн загвар нь ажил хэрэгч залуусын жинсэн хослол байгаа.

Загваруудынхаа нэрийг тайлбарлаач?

-“Confidence in blue” гэдэг нь жинсээр сонгодог стилийн загвар урлана гэсэн утгатай. Харин намар өвлийн загварыг харуулсан “Цасан будраа “ коллекц нь деним бүтээгдэхүүний өнгө цайралтын шинэ технологийг туршин нэвтрүүлж, уламжлалт хэвшмэл цайралтын технологийг шинэ түвшинд харуулснаараа онцлог. Ингэж цагаан, цэнхэр өнгөний хослолоороо цас бударсан өвлийг санагдуулахыг хичээсэн.

Жинсээр урлахад тохиромжгүй хувцас гэж байгаа юу?

-Ер нь бараг байхгүй дээ. Хуучин сорочкан цамцыг, брюкин өмдтэй хослуулж өмсөнө гэх зэргээр хэвшмэл ойлголттой байсан бол одоо үед хольж өмсөх трэнд мода болчихсон байна. Сорочкан цамцыг сэмрэлттэй, сул жинсэн өмдөн дээр өмсдөг ч юм уу, брюкин өмдөн дээр сул ноосон цамц өмсөх жишээтэй. Жинснийхээ шинж чанараас хамаараад гоёлын даашинз ч хийж болж байна. Удахгүй “Urban jeans” маань брэндийнхээ түвшинд хөгжөөд нэр төрлөө олшруулаад ирэхээр яваандаа харагдана л даа.

Хүмүүс нэг хэсэг жинс өмсөхөө болиод классик хэв маягийн хувцас сонирхож байсан бол сүүлийн үед эргээд трэнд болох хандлагатай байна. Ялангуяа “Urban jeans”-ийн загварыг залуус их сонирхох болжээ. Монголдоо жинсний загварын шинэ чиг хандлагыг тодорхойлж байна гэж хэлэхээр болж?

-Баярлалаа. Бид нар яг энэ чиглэлээр л ажиллаж байгаа. Монголдоо өөрсдийн чадах хэмжээнд хувцас загварын ертөнцөд хувь нэмрээ оруулж, “Денимон” компанийн “Urban jeans” брэнд монголчуудаа хувцаслах соёлд байлдан дагуулах загварыг гаргахын төлөө л ажиллаж байгаа. Яг энэ чиглэлээр улирал тутамдаа өөрсдийн шинэ коллекцоо танилцуулж, трэнд болгох, загварын чиг хандлагыг тодорхойлдог байхаар зорилго тавин ажиллаж байна.

Та жинс гэхээр даргар бас торгон, силкэн гээд төрөл бүр байдаг гэж байна. Танайх тэгвэл материалаа хаанаас авдаг вэ. Түүхий материал аваад өөрсдөө боловсруулдаг уу?

-Монголд жинсэн материал хийдэг үйлдвэр хараахан алга. Бид Солонгос, Хятадаас татан авалтаа хийдэг. Түүхий жинс нь нэлээд хар бараан өнгөтэй ирдэг. Түүн дээрээ 3-4 өнгийг гарган авдаг. Арай цайвар, бүүр цайвар, цагаан, цагаан цэнхэр, цав цагаан гэх мэтээр гаргадаг даа.

Categories
мэдээ цаг-үе

Ой хүрээгүй хүүхдийг хувийн цэцэрлэгийн тогооч хэрцгийгээр зодсон хэргийн мөрөөр (II)

Дундговь аймгийн цагдаагийн хэлтсээс “Оюуны хөгжил” цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгсөд арван сартай хүүг хэрцгий догшин авир гаргаж зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Түүнийг эрүүгийн хуулийн 181.2.1-ээр буюу танхайрах төрлийн гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэх зүйл ангиар шалгаж байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Дээрх эрүүгийн хуулийн зүйл заалтаар шийтгэгдэх юм бол 3-5 жил хорих ялаар шийтгүүлэх аж. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байна. Сэжигтэн Ж.Отгонтөгсөөс арван сартай хүүг юуны учир зодож, хоол өгөхдөө тамлах болсон талаар мэдүүлэг авч байгаа гэнэ. Мөн “Оюуны хөгжил” цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг, гар утсан дээрээ бичлэг хийсэн багш Э.Янжинлхам нараас мэдүүлэг авчээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгт Ажлын хэсэг гарган хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн учир тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон байна. Харин өчигдөр Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүрэлдэхүүн хуралдаж тус цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан юм.

ОЮУНЫ ХӨГЖИЛ” ЦЭЦЭРЛЭГ ХИЙСЭН ШАЛГАЛТААР ОЛОН ЗӨРЧИЛ ДУТАГДАЛ ИЛЭРСЭН

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт хийсэн талаар улсын байцаагч Л.Ганбатаас тодруулсан юм. Тэрбээр “Дундговь аймгийн Сайнцагаан сумын долдугаар багийн нутаг дэвсгэрийн Нарлагийн 2-1 тоотод байрлах “Оюуны хөгжил” хувийн цэцэрлэгийн тогооч Ж.Отгонтөгс гэх эмэгтэй арван сартай С гэх хүүхдийг зодсон талаар бидэнд гомдол ирсэн. Хохирогч хүүгийн аав, ээж эмээгийн хамт ирж хүүг зодож байгаа бичлэгийг гомдлын хамт энэ сарын 2-нд өгсөн. Бид гомдлын дагуу яаралтай арга хэмжээ авч, тус цэцэрлэгт хяналт шалгалт хийсэн байгаа. Мөн хүүгийн ар гэрийнхнээс бидэнд ирүүлсэн бичлэгийг цахим ертөнцөөр олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс байршуулах шийдвэрийг манай байгууллагын удирдах бүрэлдэхүүн хуралдаж гаргасан. “Оюуны хөгжил” цэцэрлэг дээр гарсан тогооч эмэгтэй хүүхэд зодсон асуудал шиг зүйлс бусад цэцэрлэгт гарч байхыг үгүйсгэх аргагүй. Тиймээс эцэг, эхчүүд болон бусад төрийн байгууллагад сэрэмжлүүлэг хүргэх үүднээс тэр бичлэгийг цахим хуудастаа тавьсан юм. “Оюуны хөгжил” цэцэрлэгт шалгалт хийхэд цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг ерөнхий боловсролын сургуулийн химийн багш мэргэжилтэй, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр боловсрол эзэмшээгүй, мэргэжлийн багш байхгүй, туслах багш нь үндсэн багшаар ажиллаж байсан зөрчил илэрсэн. Мөн багш Э.Янжинлхам нь тогооч Ж.Отгонтөгсийг арван сартай С гэх хүүхдийг хэрцгийгээр зодож байхад таслан зогсоох арга хэмжээ аваагүй, удирдлагадаа тухайн үед мэдэгдээгүй, багийн орон тоо дутуу байснаас тогооч туслах багшийн ажлыг хамт хийсэн, ажиллагсад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хоолноос дээж авч тэмдэглэл хөтлөөгүй гэх мэт ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Тиймээс тус цэцэрлэгийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох улсын байцаагч нарын хамтарсан дүгнэлт гарсан” гэв.

ХҮҮХЭД ЗОДОЖ БАЙГАА БИЧЛЭГИЙГ ИЛ ГАРГАСНААС БОЛООД ДАРАМТАД ОРСОН

“Оюуны хөгжил” цэцэрлэг нь аймгийн Засаг даргын захирамжаар 2013 оноос өнөөг хүртэл ажиллаж байгаа юм байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Ж.Оюунчимэг өөрийн төрсөн дүү болох Ж.Отгонтөгсийг тогоочоор ажиллуулж байсан аж. Эгчийнхээ цэцэрлэгт ажиллаж байсан Ж.Отгонтөгс цэцэрлэгийн багш нарыг дарамталж, цэцэрлэгт суралцаж байгаа хүүхдүүдийг удаа дараа зодож байсан гэнэ. Түүний ёс бусаар авирлаж хүүхдүүдийг зодож байгааг цэцэрлэгийн багш нар мэддэг байжээ. Дөрвөн минут гаруй хугацаанд арван сартай С гэх хүүг зодож, ам руу нь хоол халбагаар чихэж, газар асгасан хоолыг ам руу нь хийж, толгой руу нь олон удаа цохиж уйлуулан яргалж байхад тэдэнтэй хамт цэцэрлэгийн гурван багш байсан аж. Тэд бяцхан хүү зодуулж, бусдаас аврал эрэн чадах чинээгээрээ хашгирч байгаа дууг сонсоод зогсож байжээ. Багш нар хүүг тарчлааж байгаа эмэгтэйн гараас аврах ямар ч арга хэмжээ аваагүй аж. Бүгд л хүүгийн уйлах дууг сонсоод зогсож байжээ. Ж.Отгонтөгсөд зодуулж тамлуулсан хүүгийн бие тэр шөнөдөө өвдөөд хоносон байна. Хоёр сар гаруйн хугацаанд өвчиндөө шаналж, юунаас болоод өвдөж зовоод байгааг олох гэж эмнэлэгт хэвтэж, толгойг нь бариулж өвчин намдаах, халуун буулгах эм байнга өгч байжээ. Гэвч багш нар Ж.Отгонтөгс тогоочид зодуулсны улмаас бие нь өвдөөд байгааг хоёр сар гаруйн хугацаанд нуун дарагдуулжээ. Тэд юунаас болоод ноцтой хэргийг нуун дарагдуулж өнөөг хүргэсэн шалтгаан нь зөвхөн ажилтайгаа үлдэж, цалингаа бүтэн авч байх гэж нуусан бололтой. Ажлаа хийгээд цалингаа л авч байвал хүү өвдөж шаналж байх нь хамаагүй байжээ. Харин багш Э.Янжинлхам юуны учир бичлэг хийх болсон. Ангийнх нь хүүхэд багшдаа зодуулж байхад туслаагүй талаар түүнтэй ярилцлаа.

Оюуны хөгжил” цэцэрлэгт хэдийнээс ажилд орсон бэ. Хүүхэд зодож байгаа бичлэгийг ямар зорилгоор гар утсан дээрээ бичсэн бэ?

– Хувийн цэцэрлэгт багш авна гэсэн зарын дагуу 2015 оны гуравдугаар сард ажилд орсон. Тэгээд өнгөрсөн сарын 19-нд ажлаасаа халагдсан байгаа. Намайг ажилд орсон цагаас хойш тогооч эмэгтэй хүүхдүүдтэй зүй бусаар харилцаж загнадаг байсан. Удаа дараалан ийм зүйл гарч байсан. Эхлээд Ж.Отгонтөгс тогоочид хүүхдүүдийг загнаж болохгүй, зодож болохгүй гэж хэлдэг байсан. Төлбөр мөнгийг нь авдаг байж хүүхдүүдийн хоол ундны чанар илчлэг муу байна гэж удаа дараа хэлсэн. Миний үгийг огт хүлээж авахгүй уурлаад байдаг. Бүр дарамт шахалт үзүүлсэн юм. “Манай эгч энэ цэцэрлэгийн эрхлэгч. Тэгэхээр чамайг ажлаас халах үгүйг би мэднэ” гэж хэлдэг байсан. Ажил хийхэд үнэхээр хэцүү байсан. Манай гэр бүлийн хүн ажил хийдэггүй. Би гэр бүлийнхээ таван хүнийг тэжээдэг. Мөн манай хамгийн бага хүүхэд ой хоёр сартай. Манай хүүхэд манай ангид явдаг байсан. Ажилтай, дээрээс нь хүүхдээ ангидаа аваад хараад байх боломжтой байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Ж.Отгонтөгс хоёр ч удаа ангийн хүүхдүүдэд гар хүрсэн. Тиймээс үүнийг “Баримтжуулж авах хэрэгтэй юм байна, баримт нотолгоотой байж хүүхэд зодох асуудлыг таслан зогсоож чадна” гэж үзсэн. Тэгээд л бичлэг хийсэн юм.

Ангийнх нь хүүхдийг зодож байхад таслан зогсоолгүй хараад зогсож байсан. Бичлэг хийж баримтжуулж байгаа ч гэсэн хүүхдийг зодож байгаа үйлдлийг зогсоох байсан гэж таныг буруутгах хүн олон байна?

-Хүүхэд зодох үйлдэл гаргаад эхлэхээр нь гар утсаа бичлэг дээр нь тавиад цонхны тавцан дээр орхиод гараад явсан. Тэр хооронд л хүүхдийг аймаар хэрцгийгээр зодсон байна лээ. Анх тэр бичлэгийг үзээд үнэхээр их гайхсан. Бүр сэтгэл санааны хямралд орсон. Хэнд, хаана хандах учраа олохгүй хэсэг явсан. Манай ээж цэцэрлэгт насаараа ажилласан хүн байдаг. Тэр бичлэгийг эхлээд ээждээ үзүүлсэн. Ээж маань надад энэ бичлэгийг нуун дарагдуулж болохгүй. Хүүхдийн ээж, аавд үзүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тухайн үед надад энэ бичлэгийг цагдаад өгчихөөр намайг ажлаас халчих байх. Өвлийн хүйтэн болж байхад ажлаасаа гарчих юм бол хүүхдүүдээ яаж хоол ундтай байлгах юм бэ. Түлэх түлээгээ бэлдэж чадахгүй болно гэсэн зүйл бодогдсон. Тэгээд байж байтал цэцэрлэгийн эрхлэгч намайг дуудаж уулзсан. “Хүүхдүүдийн тоо яагаад цөөрөөд байна вэ. Бидний зүгээс эцэг, эхчүүд багшийн буруутай үйл ажиллагаанаас болоод хүүхдээ манай цэцэрлэгт явуулахгүй байна гэж ойлгож байна. Чи цагийн багш хийх үү. 09:00-12:00 цаг хүртэл ажиллаад 15.00-17.00 цагийн хооронд ирж дахин ажиллах маягаар явах уу” гэсэн санал тавьсан. Миний зүгээс цэцэрлэгийн эрхлэгчид хүүхдүүд юунаас болоод ирэхгүй байгаа талаар хэлж, төрсөн дүү Ж.Отгонтөгс хүүхэд зодоод байгаа талаар хэлсэн. Гар утсан дээрх бичлэгээ хүртэл үзүүлсэн. Тэгсэн эрхлэгч “Чи энэ бичлэгийг хүмүүст үзүүлэх юм бол өөрөө бас хариуцлагад унана. Чи залуу хүн, иймэрхүү аргаар амьдарч болохгүй гэж дарамталж эхэлсэн. Би ч хүүхдүүдийн аав, ээжид үзүүлнэ гэж хэлээд гарсан юм. Мөн ажлаасаа ч гарсан. Хэдийгээр цаг хугацаа алдсан ч гэсэн бичлэгийг аав, ээжид нь үзүүлсэн.

Өмнө нь хоёр ч хүүхэд зодож байсан гэсэн үү?

-Өнгөрсөн аравдугаар сард С гэх хүүхдээс гадна хоёр ч хүүхэд зодсон юм. Хүүхэд уйлаад сууж байх юм бол “Чи яагаад уйлаад байгаа юм” гээд толгой руу нь нясалдаг. Инээгээд сууж байгаа хүүхдийг инээлээ гээд нясалдаг. Гар руу нь цохидог байсан. А гэх найман сартай хүүхдийг тархийг нь хөдөлтөл зодсон. Ээж нь над руу ярьж, яагаад уйлаад байгаа юм бол цэцэрлэг дээрээ байхдаа юмнаас уначихаагүй байгаа гэж асууж байсан. Б гэх хүүхдийг унтахгүй байна гээд хөнжилд боож байгаад хүртэл зодож байсан гэсэн. Б-г зодож байхад би байгаагүй юм. Ээж нь над руу утсаар яриад хүүхдийн хацар дээр улаан гөвдрүү болсон мөр гарсан байна. Яагаад ийм болчихсон юм бол гэж асуусан. Ажлынхаа хүмүүсээс асуусан мэдэхгүй гээд байсан. Туслах багш эмэгтэй хөнжилд ороож байгаад алгадаад байсан гэж надад хэлсэн.

Тогооч Ж.Отгонтөгсийг хүүхэд зодоод байгааг цэцэрлэгийн эрхлэгчид яагаад хэлээгүй юм бэ?

-Эрхлэгчийг цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг байнга хянаж байгаа гэж ярьдаг байсан болохоор мэдэж байгаа байх гэж бодсон. Тэгээд л хэлээгүй юм. Энэ бичлэгийг аав, ээжид нь өгснөөс болж надад маш их дарамт шахалт ирж байгаа. Цэцэрлэгийн эрхлэгчтэй таарахад над руу муухай хараад “Чамд баярлалаа” гээд занасан байдалтай хэлсэн. Ж.Отготөгс тогоочийн нөхрөөс бас айж байгаа. Цахим ертөнцөөр хүртэл заналхийлсэн зүйлс олон байна лээ. Санаатайгаар энэ хэргийг нуун дарагдуулаагүй гэдгээ хэргийг шалгаж байгаа цагдаа нарт хэлсэн. Гэмт хэргийг хэлэлгүй удаасан асуудалд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа гэв.

Дундговь аймгийнхан хувийн цэцэрлэгийн тогооч эмэгтэй хүүхэд зодсон бичлэг цахим ертөнцөд гарснаас хойш Нийгмийн хөгжлийн газар, хүүхэд гэр бүл хөгжлийн төв, Засаг даргын Тамгын газрын хамтарсан баг гарган ажиллаж байгаа юм байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх цэцэрлэгийн камержуулалтыг шалгах, хард дискний бичлэгийг хэрхэн хадгалах, цэцэрлэгүүдийн норм стандартын байдлыг шалгаж байгаа юм байна. Мөн эрүүл ахуй, багш нарыг бага насны хүүхдүүдтэй хэрхэн харилцаж, ойлголцох талаар сургалтад хамруулжээ. Хүүхдүүдийн аав, ээжид сэтгэл зүйн туслалцаа үзүүлсэн гэнэ. Мөн дээрх хэрэг юунаас болж гарсан талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаж, хувийн цэцэрлэгүүд ах, дүү хамаатан саднаа ажиллуулдаг. Үүнээс болоод дотоод хяналт шалгалт тогтмол хийж, алдаа дутагдлаа арилгахгүй байгаагаас ийм хэрэг гарсан гэж урьдчилсан байдлаар дүгнэлт гаргажээ.

Хүүхэд зодсон бичлэг олон нийтэд ил болсонтой холбоотойгоор Дундговь аймагт багш нар хүүхдүүдийг цэцэрлэг дээр нь бие засуулдаггүй, хяналтын камернаас нууц газар аваачиж байгаад хүүхэд зоддог, ерөнхий боловсролын сургуулийн багш хүүхэд зодож гэмтээсэн талаар иргэдээс мэдээлэл ирэх болжээ. Иргэдээс ирсэн мэдээллийг шалгаж, баталгаажуулах ажлыг хууль хяналтынхан хийж байгаа юм байна.