2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 370 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 288 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 1 хүн нас барж 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 7 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 7, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Month: December 2015
Гадаад хэргийн яамнаас өчигдөр мэдээлэл хийж БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээний авто замуудаар онцын шаардлагагүй бол монголчуудыг зорчихгүй байхыг анхааруулж, сэрэмжлүүлсэн юм. Учир нь тус газруудад цас их хэмжээгээр орсон тул автозамууд хаагдаад байгаа юм байна.
УИХ сонгуультай холбоотой дөрвөн хуулийн төсөл хэлэлцэж байгаагаас Х.Тэмүүжин нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн нэг зүйл заалттай хуулийг батлаад байгаа. Одоо салангид гурван төслийг УИХ хэлэлцэхээр дэмжээд буй. Харилцан адилгүй, бүр зарим зүйл, заалтаараа нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн тэдгээр төслийг нэгтгэн боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ.
УИХ-ын даргын захирамжаар байгуулсан тус ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахлах аж. Ажлын хэсэг 10 гишүүнтэй бөгөөд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нар болон бүлэггүй ИЗНН-ыг төлөөлөн С.Оюун гишүүнийг багтаасан байна.
Бүлгийн удирдлагуудаас гадна М.Батчимэг, Н.Алтанхуяг, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар ч тус ажлын хэсгийн гишүүн юм. Өнгөрсөн баасан гарагт байгуулсан тус ажлын хэсэг одоогоор хуралдаагүй байна.
Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт,өнгө төрхтэйгээр найруулан тавигдсан билээ. Шинэ төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсон “Ромео Жульетта” Сонгодог жүжиг өнгөрөгч сард үзэгчдийг байлдан дагуулж чадлаа.
Тэгвэл энэ сарын 17, 18-нд 18:00 цагт 19, 20-нд 17.00 цагуудаас үзэгчдийн хүсэлтээр тоглохоор болжээ.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцэн баталлаа. 2016 онд нэг хуулийн этгээд, 19 барилга байгууламжийг хувьчилж, нийслэлийн төсөвт 46.0 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Хувьчлагдах хуулийн этгээд нь нийслэлийн өмчийн “Усан спорт сургалтын төв” НӨҮГ юм. Тус газрыг хувьчлахдаа үйл ажиллагааг нь 15 жилийн хугацаанд өөрчлөхгүй байх нөхцөлтэйгээр нээлттэй дуудлага худалдаагаар худалдах юм. Харин хувьчлах жагсаалтад оруулсан 19 барилга байгууламжийн ихэнхи нь ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлттэй, хөрөнгө оруулалт ихээр шаардагдах барилгууд юм байна. Тиймээс хувьчилж хувийн хэвшилд шилжүүлснээр тухайн барилгын ашиглалт нь сайжирч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм.
Мөн өмч хувьчлалын ажлыг ил тод, нээлттэй, нийгэмд үр ашигтай байхаар зохион байгуулж, хэрэгжүүлнэ. НИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаас баталсан нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна.
д/д | Байршил | Хувьчлагдах хуулийн этгээдийн нэр | Үйл ажиллагааны чиглэл | Хувьчлалын арга хэлбэр |
1 | Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо | “Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ | Спорт сургалт | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
д/д | Байршил | Хувьчлагдах эд хөрөнгийн нэр | Одоогийн ашиглалт | Хувьчлалын арга хэлбэр |
1 | Баянгол дүүрэг, 7 дугаар хороо | “Эрхэмжаргалан” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | ТББ байгууллага байрладаг. | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
2 | Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо | “Шар дэгд” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
3 | Баянгол дүүрэг, 20 дугаар хороо | 20 дугаар хорооны хуучин Цагдаагийн хэсэг байрлаж байсан барилга | Айл амьдарч байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
4 | Баянгол дүүрэг, 20 дугаар хороо |
20 дугаар хорооны 2 хүний халуун усны барилга | Түрээсийн гэрээтэй | ИХ-ийн 105 дугаар зүйлийн дагуу |
5 | Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо |
Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга | Дугуйлан | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
6 | Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо |
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын өргөтгөлийн барилга | Шүүх байрлаж байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
7 | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо |
Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
8 | Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо |
Нийслэлийн Соёлын төв өргөөний Г корпус | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
9 | Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо |
Хороо, цэцэрлэгийн хуучин 2 барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
10 | Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо |
Цагдаагийн 2 хэлтсийн хуучин барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
11 | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо |
Өмчийн харилцааны газрын барилга | Конторын зориулалттай | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
12 | Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо |
Нийслэлийн ЗДТГ-ын харьяа Спорт заалны барилга | Спорт заал | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
13 | Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо |
“Нандин хүсэл” Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга | Хадгаламж зээлийн хоршоо байрлаж байгаа | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
14 | Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо |
39 дүгээр сургуулийн хойно байрлах Өрхийн эрүүл мэндийн хуучин барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
15 | Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо |
“Үйлс нэгт” Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
16 | Хан-Уул дүүрэг, 13 дугаар хороо | 13 дугаар хорооны Захирагчийн ажлын албаны 2 барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
17 | Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо | 14 дүгээр хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Ашиглалтгүй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
18 | Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо | 2 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
19 | Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо | 3 дугаар хорооны хуучин Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга | Түрээсийн гэрээтэй | Нээлттэй дуудлагын худалдаагаар |
Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ.
Шинэ жилийн баярын үйл ажиллагааны хүрээнд нутаг дэвсгэртээ иргэд, олон нийтийг хамарсан нийтийн цэнгүүн зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт, шинэ жилийн баярын үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахад нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга Ц.Энхцэнгэлд үүрэг болгосон байна.
Төрийн ордонд өнөөдөр хуваарь ёсоор Төрийн байгуулалт, Төсөв болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаантай. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хороодын хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсох аж.
Намибийн Виндхук хотноо Юнеско-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж байна. Өчигдрийн хуралдаанаар Монгол Улсаас нэр дэвшүүлсэн өв болох “Ингэнд ботго авахуулах уламжлалт ёсон”-г ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвд бүртгэн авчээ. Дээрх ангилалд нийт найман өв нэр дэвшсэнээс тав нь бүртгэгдсэн байна. Ийнхүү Монголын 13 дахь соёлын биет бус өв Юнескод бүртгэгдсэнийг Юнескогийн Монголын үндэсний комиссоос албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр хуралдаан үргэлжлэх бөгөөд “Төлөөллийн жагсаалт”-анд нэр дэвшсэн өвүүдийг хэлэлцэх юм. Хуралдаанд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд Монгол Улс дээрх хорооны гишүүнээр 2013 онд сонгогдон ажиллаж байна.
Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн эхнэр Присцилла Чан амаржиж, охинтой болжээ.
Цукерберг өөрийн фэйсбүүк хуудастаа эхнэр, охинтойгоо авахуулсан зургаа нийтлэж, “Энэ бяцхан охиныг өгсөн бурхандаа баярлалаа” хэмээн бичжээ. Хосууд охиндоо Макс хэмээн нэр хайрласан байна.
Дашрамд сонирхуулахад Цукербергийг “Аавын амралт” авсан талаар түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Тус компани аав болсон ажилчиддаа гурван сарын цалинтай амралт өгдөг байна. Түүнчлэн Цукербергийн нийт хөрөнгө 45 тэрбум ам.доллар бөгөөд бүх хөрөнгөө охиндоо өвлүүлэх байх гэх яриа ч олны дунд гарсан байна.
-ХЭРЭГ ЯВДАЛ БОЛСНЫ ДАРАА БИДНИЙ НЭГИЙГ НЬ Ч ДУУДАЖ ХУУЛИЙНХАН ТАЙЛБАР, МЭДҮҮЛЭГ АВААГҮЙ. ҮҮНД НЬ ГАЙХДАГ-
С. Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн саяхан Б.Булганыг дахин баривчилсан билээ. Энэ талаар хуулийн байгууллагынхан тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд ЦЕГ–ынхан “Б.Булганыг баривчилсан нь үнэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин олон нийт С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг гэнэт яагаад нийгмийн анхаарлын төвд орох болов. Энэ нь 2016 оны УИХ–ын сонгуультай холбоотой юм биш биз гэж хардаж буй нь нууц биш юм. Нөгөө талаар С.Зориг бусдын гарт амиа алдах үед хэргийн цорын ганц гэрч болох Б.Булганыг баривчилсан нь хуулийнхан баталгаатай эд мөрийн баримт олсных Гэвч хуулийнхан өнөөдрийг хүртэл ямар нэгэн баримт нотолгоо гаргаж, мэдээлэл өгч чадахгүй байгаа нь Б.Булганыг хэсэг хугацаанд хорьж байгаад “Буруугүй нь тогтоогдлоо” гээд суллавал яах вэ. Хуулийн байгууллагынхан тэгж мэдэх л улс гэж харж ч байна. Хэргийн эргэн тойронд ямар ч мэдээлэл байхгүй байгаа учраас бид Б.Булгантай ойр нөхөрлөж явсан хүмүүстэй энэ тухай ярилцаж, уншигч танд хүргэхийг хичээж байгаа билээ. Тэдний нэг нь УИХ–ын гишүүн асан Р.Нарангэрэл юм. Түүний ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.
–С.Зориг агсны эхнэр Б.Булгантай ойр байдаг хүмүүсийн нэг гэж таныг сонслоо. Түүнтэй хэдэн онд танилцаж байв. Энэ дурсамжаас хоёулаа яриагаа эхлэх үү?
-1996 оны өвөл шиг санагдаж байна. Санаа нийлдэг, хоорондоо нөхөрлөдөг найзууд Хандгайт явсан юм. Бид цанын баазад очсон. Тэгэхэд анх С. Зориг агсан Б.Булганыг авчирч бидэнд албан ёсоор танилцуулж байлаа. Тэр үед л Б.Булганыг харж байсан юм. Бид С. Зориг ямар хүнтэй хамт амьдарч байгаа юм бол. Тэр нь ямархуу хүн бол гэж битүүхэн харж, хүлээдэг байсан.
–Сүүлийн жилүүдэд та Б.Булгантай хэр их холбоотой байв?
-С.Зориг агсныг амиа алдсаны дараа Б.Булгантай илүү дотно нөхөрлөх болсон гэж хэлж болно. Хааяа уулзалддаг, юм ярина. Б.Булган чинь өөрөө их гоё хүн. Их нийтэч, хүмүүстэй зөв харилцдаг байсан. Бас ажилсаг, зүгээр сууна гэж байдаггүй. Тухайлбал, зун хөдөө гадаа явахад хоол унд хийгээд тэнд байгаа бүх хүнд үйлчилж, дайлдаг байсан. Бид байнга уулзах нь ч юу юм. Үе үе уулздаг байсан. С. Зоригийг амь үрэгдсэний дараа бид Б.Булганыг дэмжиж гэрт нь очиж илүү сайн таньдаг болсон. С. Зоригтой нөхөрлөж явсан найз нөхөд нь ээлж ээлжээр гэрт нь очиж Б.Булганд хань болох гэж хонодог байлаа. Б.Булганд сэтгэл санааны дэм өгөхийн тулд ээлжээр очдог байсан юм. Хоёр сар орчим бид ээлжээр очиж Б.Булганд хань болж байсан санагдаж байна. С. Зориг бусдын гарт амиа алдсаны дараа Б.Булган их хүнд байдалд байсан. Тэрнээс хойш найз нөхдийн харилцаатай явсан.
–Түүнийг саяхан дахин баривчиллаа. Та уулзав уу, яагаад баривчлагдчихав гэж асууж сурав уу?
-Б.Булганыг баривчлагдаад дөрөв хоносны дараа энэ тухай хэвлэлээс мэдсэн. Түүнийг баривчлагдсаныг сонсоод яаж уулзах вэ. Хэнтэй холбоо барих вэ гэж их бодсон. Үнэндээ надад энэ талаар асуучих барьцтай хүн олдоогүй. Тийм болохоор С.Зориг агсны ажил явдал болох үеэр Б.Булганы ээжийнд очиж байснаа санасан. Эрж хайж байгаад олж очсон. Ээжтэй нь уулзлаа.Тэдэнд ямар ч мэдээлэл алга байна.
–Ээж нь юу гэж байх юм?
-Ээж нь настай хүн учир хамаагүй юм ярихгүй байна. Ар гэр, ах дүү хамаатан садан муутай, түүний араас хөөцөлдөх хүн байхгүй байна уу даа гэж би бодсон. Б.Булган ээж дээрээ очиж, өдөр болгон хоолыг нь хийж өгч асардаг байсан. Ээж нь 80 гарсан сайхан хөгшин байдаг. Эмч мэргэжилтэй шиг санагдаж байна. Аав нь их эрт өнгөрсөн. Намын дээдэд олон жил багшилсан их сайхан хүн байсан юм. Б.Булган нэг эрэгтэй дүүтэй. Тэр нь л Б.Булганы араас санаа тавьж байгаа байх. Өмгөөлөгч авахаар хөөцөлдөөд явж байгаа бололтой юм билээ.
–С. Зориг агсныг амиа алдсан явдлыг та хэрхэн сонсож байв?
-1998 оны аравдугаар сарын 1-ний орой Гачууртад нэг сургалт болсон юм. Би тэнд хичээл заахаар очсон байв. Маргааш нь үүрээр С. Зориг бусдын гарт амиа алдчихжээ гэсэн мэдээллийг сонсоод хот руу буцсан. Тэгж л анх мэдсэн. Бид цуглаад Б.Булганы ээжийнд очсон. Хэрэг гарсны дараа Б.Булган ээжийндээ байсан юм.
–Тэд ямарх уу амьдралтай хүмүүс байсан бэ?
-С. Зориг, Б.Булган хоёр их даруухан, энгийн амьдардаг байсан. Янз бүрийн тансаг хэрэглээ байхгүй, тийм л амьдардаг байсан. Тухайн үед хэвлэлүүд ч бичиж байсан юм. Гэрийг нь нэгжэхэд 20-30 мянган төгрөг гарч ирсэн гэдэг. Тэд ямар нэгэн эдийн шуналгүй хүмүүс.
–С.Зориг агсан яагаад Б.Булгантай хамт амьдрах болсон юм бол. Б.Булганыг их халамжтай байсан гэдэг?
-Б.Булган үнэхээрийн их халамжтай. Зан араншин нь С. Зоригийн баримталдаг ерөнхий зарчмуудтай их төстэй гэх юм уу даа. Би бол тэгж л бодсон. Хоёр биентэйгээ сайн ойлголцож чаддаг байсан байх. Эхнэр хүн нөхрийгөө яаж халамжилж, хайрлах ёстой, хэрхэн хандаж харилцаж байх ёстой вэ гэдгийн сонгодог хувилбар нь Б.Булган байсан байх.
–Та тухайн үед С.Зоригтой нөхөрлөж байсан гэж ярьсан. УИХ–д хамт сонгогдсон гишүүд гэдэг утгаараа юу эсвэл улс төрийн үзэл баримтлал нэг байсан учир нөхөрлөдөг байсан юм уу?
-УИХ-д С. Зоригийн фракц гэж байсан. Энэ фракцид би ордог байсан юм. Тэгэхээр бид улс төрийн болон өөрсдийн үзэл баримтлалд тулгуурлан нэгдсэн хүмүүс гэж ойлгож болно.
–Нэг фракцийнхан байсан юм чинь түүнийг бусдын гарт амиа алдсан явдлыг тухайн үед юу гэж үзэж, харж байв?
-Хэргийн талаар би ёстой мэдэхгүй, мэдэх юм алга. Ямар ч ойлголт байгаагүй. Хачирхаж гайхаад, шоконд орсон байсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэг энэ олон жил болоход илрээгүй нь хэргийг гүйцэтгэсэн хүмүүс нь амьд биш байх гэж боддог. Сая Б.Булганыг баривчлахаас өмнө хоёр хүнийг баривчилсан гэж хэвлэлд мэдээлсэн байсан. Тэднийг ямар нотлох баримтаар тогтоож байна вэ гэдэг сонирхолтой байна. Нөгөө талаас Б.Булганыг найзын эхнэр гэж мэддэг, ханддаг учраас үнэн бодитой зүйл дээр хуулийнхан хөдөлсөн байгаасай л гэж бодож байна. Түүнээс С.Зоригийн хэргийг илрүүлж байна гээд буруугүй хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш биз гэж бас эмзэглэж, айж байна. Манай Монгол Улс чинь хууль, эрх зүйт ардчилсан орон. Хүний эрхийг дээдэлдэг. Гэмт хэрэгт холбогдолгүй, буруугүй хүнийг шийтгэж алдаа гаргах эрхгүй. Тийм учраас энэ хэрэгт яагаад Б.Булганыг дахин холбогдуулан хорив. Энэ хэргийг илрүүлэхээр ямар хүмүүс ажиллаж байгаа юм бол. Тэр хүмүүс нь бүх зүйлийг хууль дүрмийн дагуу, бодитой нотлогдсон баримттай шалгаасай, бусдыг битгий хохироогоосой гэж бодож байгаа.
–Нэг фракцид байсан юм чинь аллага болсны дараа хамтраад энэ хэрэгт ямар нэгэн арга хэмжээ авахыг, хөндлөнгийн хяналт тавихыг оролдож байв уу?
-Тухайн үед хуулийн байгууллагынхан нь яаж ажилласан юм. Бид мэдэхгүй. С. Зориг бусдын гарт амиа алдсан явдал нь санаанд багтамгүй, хүлээн зөвшөөрөхөд бэрх байв.Талбай дээр гашуудлын цуглаан болоход найз нөхдийг нь төлөөлж би үг хэлсэн. Хэрэг явдал болсны дараа бид хэдийн нэгийг нь ч дуудаж тайлбар, мэдүүлэг аваагүй. Бид ойр дотнын найзууд нь байсан. Тэгэхэд биднээс юу ч асууж сураглаагүй шүү дээ. Үүнд нь гайхаж л байсан. Хуулийн байгууллага нь өөрсдөө мэдээд ажлаа хийж байгаа юм байх л гэж бодсон. Хуулийнхан үнэн мөнийг тогтооно биз гээд хүндэтгэлтэй хандсаар ирсэн.
–Хэрэг илрээгүй болохоор олон нийт олон л таамаг хэлдэг. Нэг фракцийнх нь хүмүүст өөр таамаг байсан байж мэдэх?
-Хүмүүс юу гэж ярих нь сонин биш шүү дээ. Хүн болгон л янз бүрийн зүйл ярьдаг. Дэл сул яриаг би тоодоггүй. Хамгийн гол нь нотолгоо баталгаатай байх нь чухал. Ийм ул мөр байна,ийм нотолгоо байна гэвэл түүнд нь итгэхээс биш “Өө тэнд тэгж байна. Тэр тэгж хэллээ” гэдэг бол чухал биш.
–Тухайлбал, түүний амь насыг бүрэлгээгүй бол Ерөнхий сайд болох гэж байсан гэж их ярьдаг?
-Тийм, амиа алддаг өдөр УИХ-ын чуулганы хуралдаантай байсан юм. Өмнө нь Ерөнхий сайд болох хүний нэрийг зургаан удаа оруулсан. Ерөнхийлөгч Н.Багабанди зургаан удаа татгалзсан хариу өгсөн. Тэгээд дараагийн хүн хэн болох вэ гэсэн таамаг явж байхад “С. Зориг болно” гэсэн уур амьсгал давамгайлж байсан. Тэр үед өөр хувилбар ч байгаагүй юм. Чуулган тав дахь өдрийн 16 цагт дуусаж, залгуулаад “сайд нарын цаг” гэж болдог. Тэр өдрийг би сайн санаж байна. Тэгээд л ордноос гарахдаа бид чинь бие биедээ “За чи хаачих вэ, Би тийшээ явлаа” гээд байнга ярилцдаг байлаа. Бид чинь онцын ажилгүй бол амралтаа хамт өнгөрөөдөг байсан юм. Тухайн үед Шадар сайд асан Пүрэвдорж гуай өнгөрчихсөн, оршуулгын ажлын хэсгийн ахлагч нь С.Зориг байсан юм. С.Зориг тийшээ очих ажилтай байсан юм. Гэтэл С.Зориг шатар тоглоод өрөөндөө үлдсэн. Би тэр орой сургалт хийхээр Гачуурт явсан. Дараа нь сонсоход С. Зориг тэндээсээ гарч яваад оршуулгын ажлын хэсэг дээр очоод дараа нь гэртээ харихад нь л тийм зүйл болсон юм билээ.
–Ер нь талийгаач ардчиллынхнаас хэнтэй нь илүү нөхөрлөж байсан юм бэ?
-С.Зориг бол хэнтэй ч мууддаггүй. Маш ухаалаг, сайхан хүн байсан. Сөрөг намынхан нь ч С.Зоригтой сайн харилцаатай байсан. Бүх хүмүүстэй сайхан харилцана. Бусадтай эвгүй харилцдаггүй байсан. Тухайлбал, хоёр намынхан эсрэг тэсрэг байр сууринаасаа болж хоорондоо зөрчилдөж, нэг нэгтэйгээ дугарахгүй үе байдаг. Одоо ч тийм байдал УИХ-ын гишүүд дунд байгаа харагддаг. С. Зориг бол тийм биш. Бүгдээрэнтэй нь тэгш зөв харилцдаг байсан.
–Та ямар нэгэн байдлаар Б.Булгантай уулзах хүсэлтийг хуулийн байгууллагад тавьсан уу?
-Ээжээс нь асуухад хуулийнхан гэрийнхнийг нь ч уулзуулахгүй байгаа гэсэн. Юу болох нь вэ гээд хүлээгээд л сууж байна.
–Б.Булгантай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?
-Өнгөрдөг зун манай зуслан дээр ирсэн.
–Уулзахад ямархуу байсан. Юу гэж ярьж байна?
-Урьдын Б.Булган байдгаараа л байсан. Зусланд амрахаар очсон хүн ямар байх вэ дээ.
–Б.Булган сүүлийн үед ямар ажил хийж байсан юм бол?
-Ямар нэгэн ажил хийдэггүй байсан.Тэтгэвэр саяхнаас авдаг болсон.
–Тантай сүүлд уулзсан уулзалт ямар болов. Сэтгэл санааны хувьд ямар байсан юм бол ?
-Би мэддэгээ ярилаа. Чамд өөр ямар сенсаци хэрэгтэй байна. Юу хүсээд байгаа юм бэ.
–Уучлаарай, сэтгүүлч хүн болохоор таныг надад ярьснаасаа илүүг мэдэж байгаа байх гэж бодоод баахан асуулт тавьчихав уу?
-Сэтгүүлч хүний ажил хэцүү гэдгийг ойлгож байна. Болж буй явдлын араас хөөгөөд үнэн мөнийг олох гээд явж байгаа нь сайн хэрэг. Та нарт талархаж байна, гэхдээ би мэдэх зүйлээ л хэллээ.
–Талийгаачийн үхэлтэй холбогдуулан олон л таамаг байдаг. Нэг шалтгаан нь Эгийн голын усан цахилгаан станц гэж ярих юм билээ?
-Би огт сонсож байгаагүй юм байна.
–Тэгвэл та энэ хэргийн талаарх өөрийн бодлоо хэлж болох уу.Танд ямар нэгэн таамаг бас байдаг л байлгүй?
-17 жил би гайхаад л сууж байна. Тийм сайхан хүний амийг хөнөөх хэрэг хэнд ашигтай байсан юм бол. Энэ бол улс төрийн зорилготой хэрэг гэж боддог. Ардчилсан холбоо эвсэл засаг барьж байсан үед энэ эвслийн нэр хүндийг унагаах гэж хайртай удирдагчийг нь алсан байх гэж боддог. Дараа нь эвслийнхнийг С.Зоригийн амь насыг өөрсдөө хөнөөсөн байх гэдэг зүйл их явсан шүү дээ. Э.Бат-Үүлийг ч, Б.Булганыг ч баривчилсан шүү дээ. Чухам хэн яагаад ийм хэрэг үйлдсэн юм бол, би мэдэхгүй байна. Ардчилсан холбоо эвслийн нэр хүндийг унагаах гэж ийм зүйлийг хийсэн байх. Эсвэл бас цаана нь маш том эдийн засгийн ашиг сонирхол байсан байж болох юм.
–Өмнө нь Б.Булганыг шалгаж байгаагүй биш шалгаж байсан. Гэтэл яагаад УИХ–ын сонгууль дөхөөд ирэхээр энэ хэрэг сөхөгдөж Б.Булганыг дахин баривчлав. МАН–ынхан сонгууль дөхөхөөр энэ хэргээр шоу хийдэг. Тэгж байсан үе бий. Энэ бас 2016 оны УИХ–ын сонгуулийн шоу биш байгаа гэх болгоомжлол байна?
-Хамгийн гол нь энэ хэрэгт холбоотой гэдгийг нь нотол. Буруугүй байвал хүний эрхийг зөрчөөд улс төрийн ашиг сонирхлын үүднээс бусдыг хэлмэгдүүлж болохгүй шүү. Бид харж байна шүү дээ. Нэг хүнийг аваачаад буудаад алчихдаг, эсвэл юу болж байгаа нь мэдэгдэхгүй шоронд аваачаад хорьчихдог коммунизмын үе биш. Ямар үндэслэлээр яагаад баривчилгаа явуулснаа хуулийнхан тайлбарлах ёстой.
–Б.Булганыг хэсэг хорьж байгаад буруугүй юм байна гээд суллах вий дээ. Өмнөх сонгуулийн шоунаас ялгагдахгүй зүйл болох вий гэж айж байна. Эцэст нь тэр хүн бие сэтгэлээрээ хохироод үлдэх юм биш биз дээ?
-Хэргийг сайн магадлах хэрэгтэй. Энэ хэрэгт хуулийн байгууллага болон хөндлөнгийн байгууллагууд нь хяналт тавих хэрэгтэй. Тэгээд хүмүүст мэдээлэх хэрэгтэй. Гэтэл юу болоод байгаа нь мэдэгдэхгүй таг чиг байна. Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй хориод байгаа нь сонин. Энэ чинь ардчилсан улс шүү дээ. Хэрэв Б.Булган буруутай юм бол тэр хүн буруутай байжээ гээд шийтгэхээс өөр аргагүй. Гэтэл үнэхээр сонгуулийн шоу хийж, хэргийг илрүүлсэн болох гээд хүний эрх чөлөөнд халдаж, золиос болгож байгаа бол харамсалтай. Энэ хэрэг дээр маш их хянуур хандах учиртай. Үүнийг хатуухан хэлмээр байна. Бид Б.Булгантай найз учраас өмөөрөөд байгаа юм биш. Тодорхойгүй зүйл олон байна. Харин чухам асуудлын үнэн зөвийг олж, нотлох баримттайгаар хэргийг илрүүлбэл хүн болгон баярлана шүү дээ.