Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн хуулиар зөвшилцөх шаардлагатай

УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт зохион байгуулдаг мэдээллийн “Морин цаг”-т УИХ-ын гишүүн Су.Батболд оролцлоо. Тэрбээр Сонгуулийн хуулийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Хуулийн төслийг хэлэлцэж батлах хуулийн хугацаа дуусахад 20 гаруй хоног үлдсэн. Тиймээс МАН, бусад намын төлөөлөлтэй хамтарч боловсруулсан хуулийн төсөлд тусгасан дөрвөн асуудлаар зөвшилцөж чадвал хуулийг хугацаанд нь батлах боломжтой гэнэ. Машинаар тоолсон саналын дүнг гараар хяналтын тооллого хийж баталгаажуулах. Ингэснээр сонгогчдын өгсөн санал үнэн зөв баталгаажихын дээр “хар машины” гэх хардлаганд цэг тавих ач холбогдолтой гэж үзжээ. Сонгуулийн мажоритар системийг нэг тойрог, нэг мандат болгох асуудлыг зөвшилцөх шаардлагатай аж. Ингэж нэг мандат бүхий жижигрүүлсэн тойрог болгосноор улстөрийн нэг намаас нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөхгүй болно гэж үзсэн байна. Намын жагсаалт гаргахдаа Монгол Улсыг бүсчилсэн байдлаар хувааж, 28 хүнийхээ нэрийг жагсаан сонгуулах хувилбарыг дэвшүүлж байгаа аж.

Тойрог, хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг дан ганц төрийн албан хаагчдаар бүрдүүлэхийг болиулж, 70 хувьд улстөрийн намын төлөөлөл оруулах. Ингэснээр сонгууль зохион байгуулагчид илүү шударга ажиллах боломжтой болно гэж үзжээ.

Эдгээр асуудал УИХ-ын гишүүн Су.Батболдын өргөн барьсан хуулийн төслийн үндсэн агуулга бөгөөд ИЗН, “Шударга ёс” эвсэлтэй хамтран боловсруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Б.Чойжилсүрэн гишүүн өөрийнхөө үүсгэн байгуулсан компанийг биологч залуугийн хэрэгт холбоогүй гэв

УИХ-ын
гишүүн Б.Чойжилсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр зарим сайтад гарсан
“Б.Чойжилсүрэнгийн компанийг хүн амины хэрэгт сэжиглэж болохоор
байна” гэсэн гарчигтай нийтлэлд байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад нас
барсан иргэн Т.Лхагвасүмбэрэлийн хэрэгт түүнийг болон үүсгэн байгуулсан
компанийг буруутгасанд харамсаж байгаагаа илэрхийлэв. “Өмнөговь аймгийн
Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Саус гоби коэл транс”
компанид миний бие 50 хувь эзэмшдэг. Дуулиан дэгдээх зорилгоор ийм гүтгэлгийн чанартай
мэдээлэл гарсан болов уу гэж таамаглаж байна. Би өчигдөр компанийнхаа хүмүүстэй
уулзаж ярилцлаа. Манай компанийнхан талийгаач болон орон нутгийн төрийн
байгууллагуудтай ямар нэг зөрчилд орсон зүйл байхгүй гэдгээ албан ёсоор
мэдэгдсэн. Хууль хяналтын байгууллагад очиж энэ талаар тайлбар өгөх шаардлагыг
компанийн удирдлагуудад тавьсан байгаа. Асуудлыг хууль хяналтын байгууллагаар
шалгуулна” гэж мэдэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглов

Өнөөдрөөс эхлэн 2016 оны гуравдугаар сарын нэгнийг хүртэл Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт мотоциклийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хоригложээ. Тус аймагт жил бүрийн энэ үеэр мотоциклийн хөдөлгөөнийг түр хорьдог аж. Зам дээр хальтиргаа ихэссэн энэ үед хоёр дугуйтай мотоцикль тэнцвэр муутай байдаг тул зам тээврийн осол аваарыг багасгах зорилгоор энэ арга хэмжээг авдаг байна.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн гүүрэн дээр автобус осол гаргав

Сүүлийн
өдрүүдэд нийтийн тээврийн автобусууд дараалан осол гаргах болов. Өнөөдөр
“Эрдэм Транс” компанийн Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж
явсан портерийн араас мөргөж осол гаргажээ. Яармагийн гүүрэн дээр гарсан энэ
ослын улмаар хэд хэдэн хүн гэмтсэний дотор өвс ачиж явсан портер машины жолооч
маш хүнд гэмтэл авсан хэмээн эх сурвалж мэдээлэв. Урьдчилсан байдлаар хурдтай
явж байсан автобус халтиргаатай замд хурдаа сааж чадалгүй дээрх ослыг гаргасан
бололтой.

Categories
мэдээ спорт

Монгол туургатны боксын анхдугаар их наадам болно

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”( World Mongolians Global Association) санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулах Монгол туургатны боксын анхдугаар их наадам энэ сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу оролцоно. Тэмцээн 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт 6 жинд явагдах бөгөөд жин тус бүрт Монгол Улсаас 4 бусад улсаас 1 тамирчин оролцоно.

Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай аж. Тухайлбал, зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардах бол жин тус бүрт эхний байруудад 1500-500 ам.долларын мөнгөн шагналтай.

Тэмцээнийг зохион байгуулах коммисийн даргаар Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Э.Бадар-Ууган ажиллаж байгаа юм. Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн боксын спортыг Монгол туургатан дор өргөн дэлгэрүүлэн хөгжүүлж, таниулан сурталчлахаар ийнхүү Монгол туургатны боксын анхдугаар тэмцээнийг хийх болсон талаараа зохион байгуулагчид онцоллоо.

Дэлхийн 196 орныг өөрийн холбоондоо нэгтгэсэн Боксын спортыг Монгол туургатан дор өргөнөөр дэлгэрүүлэн хөгжүүлэх, таниулан сурталчлах, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, шилдэг тамирчдын залуу халааг бэлтгэх улмаар Олон улс, Тив, Дэлхийн хэмжээнд болон “РИО 2016” мөн “ТОКИО 2020” Олимпийн наадмуудад тухайн орныхоо нэрийг мандуулахаас гадна МОНГОЛ ХҮН гэдэг нэрийг Дэлхийн хэмжээнд дуурсгаж Монгол туургатан хүн бүхнийг нэгэн сэтгэлд эвлэлдэн нэгдүүлэх зорилготой юм.

Хөтөлбөр:

12.11: Баг тамирчдыг хүлээн авна.

  • 20:00 цагаас Техникийн зөвөлгөөн

12.12:

  • 07.00-08.00 Нэгдсэн жин үзлэг
  • 09.00-10.00 Сугалаа
  • 13.00 Урьдчилсан тулаан 24 хос

12.13:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 15.00 Хагас шигшээ тулаан 12 хос

12.14:

  • 07.00-07.30 Жин үзлэг
  • 16.00 Шигшээ тулаан
  • * Хүрэл медалийн төлөө 6 хос
  • * Алтан медалийн төлөө 6 хос
  • 21.00 Үдэлтийн хүлээн авалт (Чингис хаан зочид буудал)

12.15: Зочдыг үдэн гаргах.

Тэмцээнд AIBA дүрмийн дагуу 1975-1996 оны хооронд төрсөн 19-40 насны тамирчид оролцоно. Мөн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Амьжиргааны түвшин өндөр өрхүүд хүсэлт гаргаж хүүхдийн мөнгө авна

Эдийн засгийн хямралтай холбогдуулан ирэх оны төсөвт хүүхдийн мөнгийг 200 гаруй тэрбумаас 144 тэрбум төгрөг болгон суутгасан. Ингэснээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн амжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгохоор болсон.

Тодруулбал, Монгол улсын нийт айл өрхийн амжиргааны түвшинг 20 бүлэгт хуваан үздэг. Үүнээс 1-17 дугаар бүлэгт хүүхдийн мөнгө ирэх онд хэвийн олгогдох юм. Эдгээр бүлгүүдэд нийтдээ 823 мянган айл өрх багтаж байгаа гэх тодруулгыг салбар яамнаас өгч буй. Харин 18-20 дугаар бүлэгт багтах амьдралын түвшин бүхий айл өрхүүд хүүхдийн мөнгө авах эрх эдлэхгүй. Гэхдээ хүүхдийн мөнгөө авахыг хүссэн тохиолдолд өргөдөл гарган өгснөөр эрх нээгдэнэ гэдгийг салбарын сайд нь онцолж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олжээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн харьяат иргэн, 26 настай, эрэгтэй С, 25 настай, эрэгтэй Б нар сумаас хойш 80 км зайд байх Хавцгайтын гол гэдэг газар хөдөө гэртээ очихоор арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагт “Ланд-77” маркийн машинтай гараад сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг энэ сарын 01-ний өдрийн 21:35 цагт аймгийн ОБГ-т өгснөөр тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга С-ээр ахлуулсан найман хүн, нэг автомашин, хөдөө гэрээс нь 30 км-т байх “Агь манангийн торомхон” ХХК-ийн алтны уурхайн кемпээс дөрвөн хүн, нэг автомашин, нийт 12 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр энэ сарын 01-ний 22:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Эрлийн ажиллагаа өнөө өглөө буюу энэ сарын 2-ны 05:40 цагт дуусч, сураггүй болсон иргэдийг тус сумын Тост багийн нутаг “Алтан-Уул” гэдэг газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ нийгэм

​“Буянт-Ухаа 2” хорооллынхон шинэ оноос өмнө байрандаа орно

“Буянт-Ухаа 2” хорооллыг хүлээн авахаар Улсын комисс ажиллаж эхэллээ

“Буянт-Ухаа 2” хороололд байр авахаар захиалга өгсөн иргэд шинэ оноо шинэхэн байрандаа угтах нь. Энэ жил “Буянт-Ухаа 2” хорооллын 2592 айлын 48 орон сууцны барилгын барилга угсралтын ажил бүрэн дууссан байгаа билээ. Энэ онд эхний ээлжийн 30 барилгын 1620 айлын орон сууцны барилга бүрэн ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын хуваарийг гаргажээ. Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар “Буянт-Ухаа 2″ хороололд баригдсан 1620 айлын орон сууцны Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах Улсын комисс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс газар дээр нь ажиллаж эхлээд байна. Долоо хоногийн эхний өдрүүдэд Улсын комиссын багийнхан “Буянт-Ухаа 2 ” хорооллын эхний долоон блок буюу 1001-1007 дугаартай орон сууцны барилга дээр ажиллалаа. Мөн өчигдөр 1008, 1019-1022, 1031-1032 дугаартай долоон блок орон сууцны барилга дээр ажилласан байна

Өнөөдөр улсын комисс “Буянт-Ухаа 2” хорооллын 1009-1018 хүртэл дугаартай орон сууцны барилгад ажиллах хуваарийг баталсан байна. Улсын комисс ажиллаж байгаа талаарх мэдээллийг албан эх сурвалжаас тодруулан удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Рейлбуст дайруулж амиа алджээ

Сүүлийн долоо хоногт том оврын автобусны жолооч осол гаргасаны улмаас хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гараад байна. Гэтэл өчигдөр дахин нэг иргэн Рейлбуст дайруулж амиа алджээ. Тодруулбал Баянгол дүүргийн 20-р хороонд рейлбуст хүн дайрагдлаа” гэсэн мэдээлийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад төмөр замын 399-р км-ийн 8-р зуутад Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд суух 30 настай эрэгтэй Б Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн Рейлбуст дайрагдаж нас барсан байжээ. Хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс таван толгой” 203 ажилтнаа үлдээхээр болжээ

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхын зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүссэн билээ. Улмаар 203 ажилтны төлөөлөл болсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулж удаа дараа ажил хаялт зарласан юм. Гэвч энэ нь үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж байдал хурцадсан. Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болсон байна. Өчигдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулжээ. Улмаар ажилтнуудаа компанидаа үлдээхээс гадна С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болсон байна. Мөн Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ.