Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос ХДХВ-г ялжээ

Одоогийн байдлаар БНАСАУ-д ХДХВ-ийн халдвар авсан хүн бүртгэгдээгүй
байна. Энэ тухай тус улсын эрх баригчид уг
өвчинтэй тэмцэх өдөр буюу уржигдар мэдэгджээ. Тус улсын мэдээллийн агентлагийн уламжилснаар
“Дэлхийн маш олон улс оронд энэ өвчинтэй тууштай тэмцэж, таслан зогсоох арга хэмжээ
авсаар бйагаа. Энэ нь улс орны хөгжилд маш
чухал үүрэгтэй. Харин БНАСАУ-д ийм өвчний халдвар авсан нэг ч хүн бүртгэгдээгүй”
гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хорих 429 дүгээр ангид гэнэтийн шалгалт хийжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын баталсан удирдамжийн дагуу тус прокурорын газрын хяналтын прокурорууд, туслах ажилтнуудын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Таширын аманд байрлах ШШГЕГ-ын харьяа хорих 429 дүгээр ангид 2015 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө гэнэтийн шалгалт хийжээ.

Шалгалтаар тухайн хорих ангийн жирийн болон чанга дэглэмтэй ялтнуудын хорих байр, тусгаарлах тасалгаа болон сахилгын хорих байранд үзлэг хийж, ялтнуудын ял эдлэлтийн байдалтай танилцаж, хорих ангийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, хоногийн жижүүрлэлтийн бүрэдлэхүүн, телекамерийн хяналт, цахилгааны нөөц үүсгүүрийн ажиллагааг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгахаар прокуророос хорих ангийн удирдлагад тодорхой үүрэг чиглэл өгч, прокурорын шаардлага бичиж ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэргийн талаар тайлбар гаргалаа

Эрүүл Мэнд, Спортын сайд асан
Г.Шийлэгдамбыг өнгөрсөн сарын 4-ний шөнө АТГ-аас баривчлан, шалгаж
эхэлснээс хойш тус газраас албан ёсны мэдээлэл өгч байгаагүй билээ.
Тэгвэл АТГ-аас өөрийн вэб сайтдаа энэ хэргийн талаар тайлбарыг өнөөдөр
нийтэлсэн байна. Уг тайлбарыг хүргэе.

Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах
хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл Мэнд, Спортын
сайд Г.Шийлэгдамбыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн
268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн
байцаан шийтгэх хуульд заасан үндэслэлээр сэжигтнээр тооцон, мөрдөн
байцаалтын ажиллагааг эхлүүлсэн.

Г.Шийлэгдамбыг 2015 оны арваннэгдүгээр
сарын 4-ний өдөр сэжигтнээр тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68
дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн
хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны
арвандүгээр сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 2015 оны арвандүгээр
сарын 18-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга
хэмжээг авч, одоо Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан
хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байна.

Г.Шийлэгдамбад 2015 оны арваннэгдүгээр
сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар ял
сонсгон, яллагдагчаар татсан бөгөөд прокуророос гаргасан саналыг хянан
үзээд шүүхээс цагдан хорих хугацааг сунгасан. Цагдан хорих таслан
сэргийлэх арга хэмжээ авсан болон сунгасан талаар хуульд заасны дагуу
гэр бүлийн гишүүдэд болон өмгөөлөгчдөд тухай бүрт нь мэдэгдсэн.

Г.Шийлэгдамбыг цагдан хоригдох хугацаанд
сэжигтнээр болон яллагдагчаар гурван удаа байцаалт авсан, түүнтэй
төрсөн дүү Г.Шийлэгбат 2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр, нагац
эгч Д.Оюунцэцэг нь 2015 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдөр, УИХ-ын
гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр,
УИХ-ын гишүүн, Барилга, Хот Байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ 2015 оны
арваннэгдүгээр сарын 17-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2015 оны
арваннэгдүгээр сарын 24-ний өдөр тус тус уулзах хүсэлт гарган, уулзжээ.

Categories
мэдээ нийгэм

Шинэ намуудыг бүртгэхээс татгалзав

Эрхзүйг эрхэмлэх намыг улсын бүртгэлд
бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Даш, Нэгдмэл Монгол намыг улсын
бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн нарын гаргасан
хүсэлтүүдийг Улсын дээд шүүх хянан хэлэлцлээ. Тус шүүхээс дээрх намуудын
хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн
бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн
хангаагүй гэж үзсэн байна. Тиймээс Дээд шүүх дээрх намуудыг улсын
бүртгэлд бүртгэхээс татгалзлаа. Эдгээр намууд нь баримт материалаа
хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин
гаргах боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баянгол дүүргийг 415 камераар хянана

Баянгол дүүрэгт 24 цагийн ажиллагаатай
камерын хяналтын нэгдсэн төвтэй болжээ. Тус дүүрэгт ажилладаг байсан
хяналтын камерын тоог 175-аар нэмж, теле камерын нэгдсэн хяналтын төвийг
өнөөдөр нээлээ.

Ингэснээр дүүргийн хэмжээнд байрладаг
415 камерыг нэгдсэн байдлаар 24 цагийн турш хянах боломжтой болж байгаа
юм. Шинээр суурилуулсан камерууд нь дүрс нягтралын хувьд өндөр чанартай,
өдөр шөнө алинд ч гэрэлтүүлэг шаардлагагүйгээр өнгөтөөр бичиж, цаг
агаарын эрс тэс нөхцөлд ажиллах бүрэн чадвартай аж. Нэгдсэн системээр
хяналтын төвөөс удирдаж, гэмт хэрэг илэрсэн тохиолдолд хэрэгтний царайг
татаж таних бүрэн боломжтой юм байна.

Мөн хяналтын нэгдсэн төвд 24 цагаар
үүрэг гүйцэтгэх алба хаагчдын орон тоог баталж, амжилттай ажиллах
болсноор 11 сарын дүнгээр 30 гаруй гэмт хэргийг илрүүлж, таслан
зогсоожээ. Тус арга хэмжээний төгсгөлд Цагдаагийн 1-р хэлтсийн дарга
цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “Энэхүү хяналтын төв нь нэмж 1024
камер, 128 сүлжээний төхөөрөмж нэмж суурилуулах боломжтой. Тиймээс өндөр
хөгжилтэй орнуудын камерын нэгдсэн сүлжээтэй дүйцэхүйц өндөр хөгжилтэй
болох суурь болж байна гэж ойлгож болно. Бид нийслэлдээ жишиг болж 100
хувь камержсан “Аюулгүйн гудамж”-ыг бий болгох, гэмт хэрэгтнийг хяналтын
камераар эрэн сурвалжлах зэрэг мөрөөдөл төдий байсан зүйлсийг бодит
болгох цаг ойрхон байна” гэж хэллээ.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно-2015”-д нэр дэвшигчид тодорлоо

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол ирэх сарын 25-нд Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “600” студид болно.
Оны шилдэг дасгалжуулагч, тамирчин, баг шалгаруулах тус арга хэмжээнд
Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 гаруй сэтгүүлч
саналаа өгөх боломжтой аж.

Өнгөрсөн жилээс олон улсын жишгийн дагуу эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван шилдэг тамирчин тодруулах болсон. Шилдгээр шалгарсан нийт зургаан тамирчнаас хамгийн олон санал авсан тамирчинд шилдгийн шилдэг өргөмжлөл гардуулах юм.
Энэ жилийн шилдэгт өрсөлдөх тамирчин, дасгалжуулагч, багийн нэрсийг
өчигдөр албан ёсоор зарлалаа. Нэр дэвшсэн шилдгүүдийг танилцуулж байна.

Шилдэг эрэгтэй тамирчин:

Эрдэнэбатын Бэхбаяр
(Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, ААШТ-ий алт, “Алтан гран-при”
тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, “Рио-2016” олимпийн наадмын эрх
авсан.

Жанцангийн Гантөгс (Байт харваа).
Тайланд улсад болсон олимпийн наадмын эрх олгох тэмцээнд мөнгөн медаль
хүртэж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрх авсан.

Энхтайваны Даваахүү (Буудлага). “Универсиад” наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.

Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, ААШТ-ий хүрэл медаль хүртсэн.

Сайнжаргалын Ням-Очир (Жүдо). ДАШТ-ий хүрэл медаль, “Их дуулга”, “Гран-При” тэмцээний мөнгөн медаль хүртсэн.

Доржнямбуугийн Отгондалай (Бокс). ДАШТ-ий шагналт байрт шалгарч, ААШТ-ий алтан медаль хүртсэн.

Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” Олимпийн эрх авсан.

Шилдэг эмэгтэй тамирчин:

Мөнхжанцангийн Анхцэцэг (Хүндийг өргөлт). ДАШТ-ий VIII байр эзэлж, улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн.

Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт
бөх). ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга “Рио-2016″ олимпийн наадмын
эрх авсан. “Иван Ярыгиний гран-при” тэмцээнд түрүүлсэн.

Отрядын Гүндэгмаа (Буудлага спорт).
“Дэлхийн цом”-ын тэмцээий хошой алт, хошой мөнгөн медаль хүртэж,
“Рио-2016” олимпийн наадмын эрх авсан.

Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, ААШТ, “Их дуулга”, “Гран-При” тэмцээнд түрүүлсэн.

Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, “Универсиад” наадам, “Мастерс”, “Гран-При” (3) тэмцээнд түрүүлсэн.

Хишигдоржийн Сүнжидмаа (Сонирхогчийн сүмо). ДАШТ-ээс алтан медаль хүртсэн.

Ганбагаагийн (Бодибилдинг). ДАШТ-ий атлетик физик төрөлд алтан медаль хүртсэн.

Сүхээгийн Цэрэнчимэд (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн.

Шилдэг баг:

Волейболын эрэгтэй шигшээ баг. Зүүн ААШТ-ий шагналт IV байрт шалгарсан.

“Альянс-Тех Харцага” баг (Сагсан бөмбөг). МҮСБХ-ны “Үндэсний Супер лиг”-т түрүүлсэн.

Шайбтай Хоккейн шигшээ баг. “Challenge Cup-2015” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн.

“Эрчим” клуб (Хөлбөмбөг). МХБХ-ны “Үндэсний Хүрхрээ лиг”, “Цомын тэмцээн”, “Супер цом”-ын тэмцээнүүдэд түрүүлсэн.

Шилдэг дасгалжуулагч:

Одвогийн Балжинням Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Цэндийн Баярсайхан ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ П.Өнөрбатын багш

Буяндэлгэрийн Батбаяр Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч

Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш

Ганхуягийн Наранбат Сүмо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч

Оюунбилэгийн Пүрэвбаатар ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Номингийн багш

Цэрэнбаатарын Хосбаяр ДАШТ-ий мөнгөн медальт С.Цэрэнчимэдийн багш

Авирмэдийн Энхээ ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Бэхбаярын багш

Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш

Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар “Бөртэ чоно” шагналд нэр дэвшжээ.

Categories
гадаад мэдээ

НАТО Туркийн агаарын хамгаалалтыг бэхжүүлнэ гэв

НАТО-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Йенс Штольтенберг хэвлэлийнхэнд хандаж хийсэн мэдэгдэлдээ НАТО-ийн эвсэл нь Турк улсын агаарын хамгаалалтыг үргэлжлүүлэн улам бэхжүүлэх болно гээд мөн цаашид авч хэрэгжүүлэх нэмэлт арга хэмжээнүүд ирэх долоо хоногоос эхэлнэ гэсэн байна. Мөн энэхүү төлөвлөгөө нь Оросын онгоцыг унагахаас өмнө гарсан байсныг дурьдаад, хоёр улсын хооронд үүсээд байгаа хурцадмал байдалд талуудыг “тайван хандаж, асуудлыг намжаахыг” уриалсан байна. Исламын Улс бүлэглэлийн үйлдсэн террорист халдлагад 130 хүнээ алдаад байгаа Франц улс тус бүлэглэлийн эсрэг тэмцэлд ОХУ-ыг хамтрах хэрэгтэй гэж байгаа бол АНУ-ын зүгээс тус бүлэглэлийн эсрэг гэхээсээ илүүтэйгээр АНУ болно Арабыг дэмжигч босогчдын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжиж байгаа нөхцөлд ОХУ-тай хэзээ ч хамтрах боломжгүй гэж үзэж байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сараас НӨАТ-ын цаасан падаан ашиглахгүй

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын цаасан падаан ашиглах шаардлагагүй болсон талаар татварынхан мэдээлэл хийлээ. Үүний оронд татварын албан ёсны төлбөрийн баримт хэвлэх цахим хуудасны туршилтын хувилбарыг өнөөдрөөс эхлэн энэ оныг дуустал нээн ажиллуулахаар болжээ. Ингэснээр татвар суутган төлөгч аж ахуйн нэгж, иргэд ebarimt.mn цахим хуудсанд нэвтэрч татвар төлөгчийн дугаараар бүртгүүлэн цахим төлбөрийн баримтын систем рүү нэвтрэх боломжтой юм байна.

Улсын хэмжээнд 27,000 НӨАТ төлөгч ААН, 11,000 кассын машин ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 39 аж ахуй нэгжийн 171 кассын машин татварын шинэ системд нэгдээд байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

”Шилэн” Цогоо ерөнхий аудиторыг шалгуулна гэв

“Шилэн” Цогоо дахин АТГ-т хандахаар болжээ. Тэрбээр энэ удаа Үндэсний аудитын газрын дарга А.Зангадыг шалгуулах хүсэлтээ ирэх баасан гаригт АТГ-т өгөх гэнэ.

“Шилэн” Цогоо өмнө төрийн байгууллагуудын шилэн дансны хөтлөлт болон зарим гүйлгээг АТГ-т өгч, шалгуулж байсан. Түүний зарим хүсэлт, аудитын байгууллагад шилжиж, шалгагдсан. Харин аудитын байгууллага түүний хүсэлтийг бүрэн шийдвэрлээгүй бололтой. Тиймээс л Ерөнхий аудитор А.Зангадын зарим шийдвэр болон эс үйлдлүүдийг шалгуулахаар болжээ.

Мөн энэ үеэрээ Шилэн дансны хяналтаар илэрсэн “Зөвлөх үйлчилгээнүүд”-ийг шалгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд нийслэлд барилгын 22 осол гарчээ

Энэ оны эхний арванхоёрдугаар сарын байдлаар нийслэлд барилгын 22 осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн мэргжийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хяналтын хэлтсээс мэдээллээ.

Дээрх ослын улмаас 13 хүн нас барж, 13 ажилтан хөнгөн гэмтсэн байна. Тодруулбал “Хурд группийн барилгад 4 осол, “Алтай констракшн” ХХК-д 2 осол, “Жигүүр Гранд” группийн барилгад 1 осол гарсан аж. Харин өнгөрсөн онд барилгын салбарт гарсан ослын улмаас 21 хүний амь нас эрсдэж байжээ.

Ослын шалтгааныг судлахад 80 орчим хувь нь уналт нуралт, онцгой ур чадвар шаардах ажилд мэргэжлийн хүн ажиллуулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй ажилласанаас үүдсэн байжээ. Түүнчлэн захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын дотоод хяналт сул, эрхзүйн зохицуулалтыг мөрдөж ажиллаагүйгээс шалтгаалж байна гэдгийг ХНХХХ-ийн дарга И.Баттөгс хэлэв онцолсон.

Харин И.Баттөгсөөс “Хурд” группийн барилга дээрээс хүн унаж нас барсан хэргийн талаар тодруулахад “Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Үйл ажиллагааг нь түр зогсоох акт гаргасан. Үүссэн нөхцөл байдлын зөрчлийг бүрэн арилгасан тохиолдолд гүйцэтгэлийн хяналт хийж, сэргээнэ” гэсэн хариултыг өглөө.