Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл-2016” наадам болж загварын шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн “Гоёл-2016” наадмын “Топ модель”-оор Х.Уянга шалгарсан юм. Ингээд шинэхэн топын сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэж байна.
–Танд энэ жилийн топ моделиор тодорсонд баяр хүргэе. Загварын тайзнаа алхаж буй хүн бүхэнд хүсээд ирэхгүй шагнал болов уу?
-Баярлалаа. Нэр хүндээсээ илүү асар их хариуцлага ирдэг юм байна. Тэгээд ч би топыг хариуцлагаас илүүтэйгээр амжилтад хүрэх боломж гэж харж байгаа.
–Сэтгэл хэр хөдөлж байна?
-Даль жигүүр байдагсан бол нисчихмээр тийм сайхан мэдрэмж төрсөн. Одоо хэр намайг эзэмдэж байна. Тайзан дээр тэгж их сандарна гэж бодоогүй. Үнэхээр их сандарсан. Энэ дашрамд Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” агентлаг болон найз нөхөд, хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. Мөн гэр бүл, найз залуудаа баярлалаа. Та бүхнийхээ дэмжлэгээр ийм хүндтэй шагналыг хүртсэн шүү.
–Та өмнө нь “Гоёл” наадамд оролцож байсан уу?
-Би 13 настайдаа “Гоёл-2000” наадамд оролцож байсан. Өнөөг хүртэл тасралтгүй 16 жил орсон байна.
–Биеийн харьцаа хэд вэ?
-Өндөр 180 см. Биеийн харьцаа 90:60:93.
–Топ болгон өөрийн онцлогтой гэгддэг. Таны хувьд…
-Гоё хөлтэй гэж ярьдаг. Дизайнерууд аль болох богинохон, хөл ил гарсан хувцсаа надад өмсүүлдэг ш дээ (инээв).
–Хэдэн онд төрсөн бэ?
-1988 онд Улаанбаатар хотод мэндэлсэн.
–Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Аав маань таван жилийн өмнө өөд болсон. Одоо ээж, ах, охин нартайгаа амьдарч байна. Ах, эгчтэй. Айлын хэнз охин. Ах, эгч хоёроосоо нэлээн хожуу төрсөн л дөө.
–Нутаг ус хаана вэ?
-Манай аав Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Ээж Увс аймгийн хүн.
–Ямар мэргэжлийн хүмүүс бол?
-Аав насаараа нам, улс төрийн ажил эрхэлж явсан. Харин ээж багш мэргэжилтэй. Манай ах социологич, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй.
–Таныг сурч байгаа гэсэн. Ямар мэргэжлээр сурч байна вэ?
-Олон улс судлалын дээд сургуулийг Олон улсын харилцаагаар төгссөн. Оюутан байхдаа санхүүгийн чиглэлээр ажиллах боломж гараад нэг байгууллагад хэсэг ажилласан. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахаас илүүтэйгээр санхүүгийн чиглэлээр ажиллах дуртай. Тиймээс одоо эдийн засаг, санхүүгийн чиглэлээр Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оройн ангид сурч байна.
–Аль агентлагт харьяалагддаг вэ?
-Анх “Шилмэл загвар” агентлагт орж топ модель Цолмон багшийн шавь болсон. Ер нь нэг их агентлаг дамжаагүй. 2005 оноос Монголын дизайнеруудын холбоонд харьяалагдах болсон.
–Загвар өмсөгч болох замнал хэрхэн тавигдаж байв. Мэдээж хүсэл мөрөөдлөөрөө тайзтай амьдралаа холбосон байлгүй?
-Тэгэлгүй яахав. Намайг 13 настай байхад аав маань дагуулж яваад “Шилмэл загвар” агентлагт оруулж байлаа. Аав их дэмжинэ. Ээж болохоор нас чинь арай бага байна. Боловсроогүй байна гээд хориглодог байсан. Тэгэхээр нь ааваасаа гуйна. Айлын хэнз охин учраас их эрх танхи. Аавыгаа дийлдэг л хүн байлаа. Миний аав охиныхоо үгнээс гарахгүй ээжээс нууцаар агентлагт бүртгүүлж байсныг одоо ч мартдаггүй юм.
–Аав тань байсан бол охиноороо бахархаж, хамгийн их баярлах байсан даа?
-Тэгэлгүй яахав. Тухайн үед охиноо өнөөдрийн энэ амжилтад хожим хүрнэ гэдгийг мэдээж бодоогүй байх. Эмэгтэй хүн биеэ аятайхан, зөв аваад явчихдаг болоосой гэсэн үүднээс л загварын агентлагт оруулсан болов уу. Өнөөдөр миний хажууд байсан бол надаас илүү баярлах хүн аав минь байх нь дамжиггүй.
–Танай ээжийн талынхан их өндөр, биерхүү хүмүүс гэж сонссон?
-Ээжийн удмынхан их өндөр хүмүүс бий. Их өндөр шүү. Ээж маань залуудаа их сайхан бүсгүй байсан. Би ээжийнхээ үргэлжлэл юм даа.
–Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай гуайтай ямар холбоотой юм бэ. Ураг төрлийн холбоо юу?
-Тийм ээ. Манай өвөө Жасрай ахын аав хоёр төрсөн ах дүүс.
–Аль дунд сургуулийг төгссөн юм бэ?
-“Монген” сургуульд сурч байгаад 54 дүгээр сургууль руу шилжсэн. 54 дүгээр сургуулийг төгссөн.
–Өндөр хүн спортод бас амжилт гаргах боломжтой байдаг. Яагаад заавал загварын ертөнцийг сонгов?
-Загварын тогоонд чанагдахаас өмнө их л гоё санагддаг байсан. Загварын ертөнцөд орж ирснээр мөрөөдөл маань зорилготой болж ирсэн. Цолмон багшийгаа л их шүтдэг байсан даа. Яасан гоё алхдаг, биеэ сайхан авч явдаг гээд л алхаж гишгэх тутамд нь биширнэ.
–Олон жил энэ наадамд оролцсон гэлээ. Жил ирэх тусам л топ болох хүсэл төрнө биз. Бас өөртөө багагүй найдлага тавьдаг байв уу?
-Олон жил тууштай ажилласан хөдөлмөр л байдаг. Миний хөдөлмөрийг үнэллээ гэж бодож байна. Үе үеийн топууд загварын тайзнаа дор хаяж таван жил ажилласан туршлагатай байдаг. Миний үеийнхэн ер нь одоо харахад топууд болчихсон байна. Би “Гоёл-2012” наадамд шилдэг эмэгтэй загвар өмсөгч болж байсан. Үүнээс өмнө би ямар ч шагнал горьдож байсангүй. Аль болох туршлага хуримтлуулж, их зүйл сурахыг эрмэлзэж ирсэн. Харин шилдэг авснаасаа хойш бас надад боломж байгаа юм байна, топ ойрхон байна гэж харна. Аливаа юмны үнэ цэн цаг хугацаагаар хэмжигддэг юм шиг санагддаг.
–Үе үеийн топ моделиудтай хэр дотно вэ?
-Сайхан найзууд. Сүүлийн үед залуу загвар өмсөгчид хүчтэй орж ирж байна. Манай загварынхан чинь өмнөх үеийнхэндээ их хүндэтгэлтэй ханддаг байхгүй юу. Би ч гэсэн өмнөх үеийнхнээ хүндлэх хүмүүжлээр өдийг хүрсэн.
–Олон улсын тэмцээнд оролцож байсан уу?
-Үгүй. Нэг их гадагшаа, дотогшоо тэмцээнд ороод байдаггүй. 2002 онд Өмнөд Солонгос улс руу анх удаа Монголоос гурван загвар өмсөгч явсны нэг нь би. Тухайн үед 100 хүн шалгаруулалтад орж байсан. Гурван сар мэргэжил дээшлүүлж, Солонгосын загварын ертөнцтэй танилцаж, туршлага солилцсон.
–Топ моделиудыг алтны магнат Ц.Мянганбаяр төрүүлдэг гэсэн яриа яг энэ үеэр сөхөгддөг. Хэр үнэний ортой вэ?
-Хоногийн дотор ийм ярианд өртлөө. Би өмнө нь энэ яриаг зөндөө л сонсч байсан. Гэхдээ нэг их ач холбогдол өгөхгүй байна. Намайг мэдэх хүмүүс нь мэднэ. Мэдэхгүй нэг нь өөрсдийнхөөрөө л бодно биз. Загвар өмсөгч бол мэдээж гоё сайхан харагдах ёстой. Гэхдээ миний харж байгаа өнцөг бол гоо сайхны мэдрэмжээрээ хүмүүст нөлөөлөхийг илүүд хүсдэг. Дээрх элдэв ярианаас илүүтэйгээр цаашдаа хийж бүтээх миний ажил хамгаас чухал. Би их эрх танхил өссөн. Аавыгаа үгүй болсноос хойш миний дэгдэж, дэрвэж явсан амьдрал эцэслэсэн дээ. Аливаад хандах хандлага ч өөр болчихдог юм байна. Их зөөлөн ч болж. Тийм болоод ч тэр үү хажуугаар өнгөрсөн сэтгэл гундуухан яваа нэгнийг хараад бага ч гэсэн туслах юмсан гэж сэтгэл зовнидог. Тиймээс нэг их мөнгө, төгрөг хүнд өгөөд байхаас илүүтэйгээр нийгэмд чиглэсэн сайн үлс дэлгэрүүлэхийг зорьж байна. Ингэхдээ хүүхдийн тал дээр нэлээд юм хийхийг хүсч байна. Өөрөө хүүхэдтэй болохоор нөлөөлж байгаа байх л даа.
–Охин тань сургуульд орчихсон бил үү?
-Тийм ээ. Найман настай. Охины маань аав хувиараа бизнес эрхэлдэг хүн. Охиныхоо ааваас тусдаа амьдраад удаж байна.
“Гоёл-2016” наадмын шилдгүүдийг танилцуулъя.
“Гоёл-2016” наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч: Б.Баяртогтох
“Гоёл-2016” наадмын шилдэг эмэгтэй загвар өмсөгч: А.Хулан
“Гоёл-2016” наадмын шилдэг make-up artist: Аззаяа, Марина
“Гоёл-2016” наадмын шилдэг үсчин: “Stylish” салон
“Гоёл-2016” наадмын шилдэг залуу дизайнер: “Эртний Монгол хийц” коллекциороо дизайнер О.Уранцэцэг
“Гоёл-2016” наадмын гоёлын хувцасны шилдэг дизайнер: “Отгон” салоны дизайнер Ц.Отгон
“Гоёл-2016” наадмын үндэсний хувцасын шилдэг дизайнер: “Mon Couture” урлангийн дизайнер Х.Батзаяа
“Гоёл-2016” наадмын Өдөр тутам чөлөөт хувцасны шилдэг дизайнер: “Урбан” жийнс брэндийн дизайнер Бямбасүрэн
“Гоёл-2016” наадмын шилдэг уран сэтгэмжит хувцасны дизайнер: СУИС-ийн багш, дизайнер Мягмарбүрэн, Батсүрэн
“Гоёл-2016” наадмын шилдэг загвар зохион бүтээх товчоо: “Говь” компани
“Гоёл-2016” наадмын Гранпри шагнал: “Шилмэл загвар” ордны дизайнер Д.Өнөболор
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН