Categories
мэдээ нийгэм

Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүр нээгджээ

ХААИС
болон харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтдийн оюуны бүтээлийг
худалдах Инновацийн бүтээгдэхүүний дэлгүүрийн нээлт өнөөдөр боллоо. Тус
дэлгүүрт мал эмнэлэг, мал аж ахуй, газар тариалан, ургамал хамгаалал, инженер
технологийн чиглэлийн 66 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж эхэллээ.

ХААИС-ийн
Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэдэх Инноваци, бизнес хөгжлийн төвөөс санаачлан
дээрх дэлгүүрийг нээж байгаа юм. Ингэснээр эрдэмтдийн оюуны бүтээл цаасан дээр
үлддэг гэсэн ойлголт ард хоцорч, судалгааны үр дүн бүтээгдэхүүн болон зах зээлд
нэвтрэх боломж нээгдэж байгаа юм.

Дэлгүүрт
нэг наст болон олон наст тэжээлийн ургамлын үр, малын эрдэст тэжээл, бэлчээр,
тариалангийн талбайг хортон шавьж, мэрэгчдээс хамгаалах ургамал хамгааллын
экологийн бодисууд, малын төрөл бүрийн өвчнийг анагаах, урьдчилан сэргийлэх эм,
биобэлдмэл, оношлуур мөн ХААИС-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн болон мах, махан
бүтээгдэхүүний цехэд үйлдвэрлэсэн цөцгий, тараг, хиам зэргийг худалдаж байна.

Categories
мэдээ улс-төр

М.Зоригт: Улаанбаатар Бусаны чиглэлд Боинг хөлгөөр нислэг үйлдэнэ

“Сайдын цаг” уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт оролцлоо. Зам, тээврийн салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Авто тээврийн тухай хууль, Авто замын тухай хууль, Төмөр замын тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, уг үзэл баримтлалын дагуу хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан УИХ-д өргөн барихаар зэхэж байгаа аж.

Тус салбарт хууль эрхзүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, агаарын тээврийн чиглэлээр БНСУ-ын талтай Улаанбаатар Бусаны чиглэлд Боинг агаарын хөлгөөр нислэг үйлдэхээр тохирсон байна.

2017 онд ашиглалтад орох Хөшигийн хөндийн нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаас 2.9 хувиар илүү явагдаж байна. АСЕАМ-ын зочдыг хүлээн авах бэлтгэл ажлыг хангах зорилгоор “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж, шинээр есөн агаарын хөлгийн нисч буух зурвасын 500 м бетон хэсгийн хүчитгэл мөн транзит заалны өргөтгөлийн ажлыг хийж ашиглалтад оруулаад байна.

Энэ онд шинээр эхлэх 488.5 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажлыг эхлүүлэхээс 245.18 км авто зам, 694.5 у/м гүүрийн ажил хийгдсэн. Өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 нь нийслэлтэй автозамаар холбогдоод байна гэв.

Өчигдрөөс Улаанбаатар Эрээний чиглэлд тохилог автобус үйлчилж эхэлсэн. Мөн БНСУ-ын Экзим банкны бага хүүтэй зээлээр нийтийн тээвэр, хот хоорондын зорчигч тээврийн компаниудын парк шинэчлэлтийг хийж том, дунд оврын 300 автобусыг оруулж ирэхээр болсон. Улс болон хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн хяналтыг сайжруулах зорилгоор 930 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулах ажил 90 хувьтай явж байна гэв.

Тавантолгойгоос Сайншанд хүртэлх 445 км төмөр зам барих ажлын хөрөнгө оруулалтад Японы хамтын ажиллагааны банк оролцохоор санамж бичигт гарын үсэг зурсан гэх мэдээллийг Зам, тээврийн сайд М.Зоригт хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Хамтын тэтгэврийн хуулийг батлах асуудлыг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Гэвч батлаагүй юм. Учир нь чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн тоо хангалтгүй, учраас үдээс хойш болгон хойшлууллаа.

Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан нөхцөлд 15-аас дээш жил хамтран амьдарсан, 20-оос доошгүй жил Нийгмийн даатгал төлсөн хоёр ахмадын нэг нь нас барсан бол үлдсэн нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм.

Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэнэ хэрэгжинэ. Жилд 21 тэрбум төгрөг шаардагдана. Тэтгэврийн хэдэн хувийг буцаан олгохыг тухайн үеийн Засгийн газар тогтоох юм.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээр гишүүд ийм байрь суурьтай байв.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Энэ хуулиар цэргийн албан хаагчдын тэтгэврийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгаа. Ардын нам малчдын тэтгэврийн насыг урагшлуулах хуулийн төсөл санаачилан УИХ-д өргөн мэдүүлсэн ч яагаад өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй байна вэ?.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:Хамтын тэтгэврийн тухай хуулиа Нэрийн дансны тухай хуультайгаа хэр уясан юм бэ. Төрөөс авах ёстой татаасаа ч авч чаддаггүй. 1.8 сая иргэн тэтгэврээ авах боломж нь хомсдох вий гэсэн болгоомжлол бий болсон. Сая С.Одонтуяа гишүүн ганц бие ахмад настны тэтгэврийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд энэ хуулийг санаачилсан гэлээ. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өнөөдөр 90 мянгад хүрсэн. Гол үндэслэл нь гэр бүлийн үнэт зүйл алдагдсан, хариуцлага алдагдсантай холбоотой. Тиймээс өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг Хамтын тэтгэврийн хуулиар шийдвэрлэнэ гэж бодож байгаа бол худлаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ: Иргэдэд ямар асуудал тулгарч байна, түүнийг УИХ шийдээд явах ёстой. Энэ хууль хэсэг бүлэг улстөрчдийн ашиг хонжоо олох хэрэгсэл биш. Хамтран амьдарч байгаа 2 ахмадын нэг нь үлдэхэд сэтгэл зүйн болоод бусад олон хохирол амсдаг. Тэдгээрийг шийдэхэд энэ хууль хэрэгтэй.

Categories
мэдээ соёл-урлаг

“Мартагдашгүй” тоглолт дахин тоглогдоно

Монголын рок поп урлагийн шилдэг эрэгтэй таван хамтлаг “Сүнс”, “Камертон”, “Номин талст”, “Салхи”, “Guys” нарын хамтарсан “Мартагдашгүй” тоглолт энэ сарын 18-нд дахин тайзнаа амилахаар болжээ.

Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй “CASTLE” клубын нээлтэнд зориулан тоглогдох “VIP” тоглолтонд таван хамтлагийн залуус маань үе үеийн хит дуунуудаараа үзэгчдийн сонорыг мялааж, дурсамжыг сэргээн хамтдаа дуулж бүжиглэж нэгэн оройг гайхалтай өнгөрүүлэх нь ээ.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн цонхоор орж хулгай хийжээ

Цэцэрлэгийн цонхоор орж хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ.

Сүхбаатар дүүргийн аравдугаар хорооны нэгэн цэцэрлэгийн нэг давхрын цонхыг түлхэн “Panasonic” /40”/ инчийн зурагт, “Toshiba” зөөврийн компьютер зэрэг эд зүйлсийг хулгайлж байсэн этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь барьжээ.

Ховд аймаг Мөст сумын харьяат тодорхой оршин суух хаяггүй эрэгтэй М, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд суугч эрэгтэй С, Ховд аймаг Жаргалант сумын Буянт багийн оршин суугч эрэгтэй Б нар бүлэглэн хулгай хийж байсныг илрүүлсэн байна. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэв.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргасан. Ингээд 2015 оны тавдугаар сарын 12-ны өдөр байнгын хорооны хурлаар хэлэлцэж чөлөөлөх тухай асуудал дэмжигдсэн байна. Чөлөөлөгдсөн гишүүдийн оронд долоон хүний нэр дэвшсэн байна. Тэдгээрийг сонгон шалгаруулах санал хураалтыг байнгын хороо нууц санал хураалтаар явуулж, нэр дэвшигч “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, “Тайж” группын ерөнхий захирал Л.Ганпүрэв нар олонхын санал авсан юм.

Ийнхүү УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцэж Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөллөө.

Харин Д.Ганбаяр 68,5 хувийн саналаар, Л.Ганпүрэвийг 75,9 хувийн саналаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилох тухай асуудал дэмжигдлээ.

Categories
мэдээ нийгэм

“Хархорин “захад мах хамгийн хямд байна

Энэ сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 70 төгрөг, хонины цул мах 50 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Номин”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Ханги-Мандал” боомтын үйл ажиллагаа идэвхитэй байна

Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Монгол, Хятадын “Ханги-Мандал” авто замын боомт арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хоёр талын байнгын үйл ажиллагаанд шилжсэн.

Тус боомт нь 2002 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр байгуулагдаж, эдүгээг хүртэл улирлын чанартайгаар зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж ирсэн юм.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар “Ханги-Мандал” авто замын боомтоор хоногт дунджаар 1000-1200 зорчигч, 150 гаруй тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж байна. Энэ нь “Замын-Үүд” авто замын боомтын ачааллыг тодорхой хувиар бууруулж, зорчигчдод шуурхай үйлчлэх боломжийг нэмэгдүүлэх юм.
Боомт байнгын үйл ажиллагаанд шилжсэнээр зорчигч, тээврийн хэрэгслийн урсгал, уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүний тээвэрлэлт нэмэгдэж бүс нутгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Шийлэгдамбын хэрэгт холбоотой байх магадлалтай хүмүүсийг шалгаж эхэлжээ

АТГ-ынхан Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамбад холбогдох хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн хүнээс мэдүүлэг авчээ. Тодруулбал, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байсан Ч.Чимэдцэрэнгээс АТГ мэдүүлэг авсан байна. Мөн “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн Ш.Адьшааг холбогдуулан шалгаж эхэлсэн мэдээлэл байна.

Г.Адьшаагийн Монгол Японы хамтарсан “Улаанбаатар мед” эмнэлгийг нийслэлд байгуулж байсан нь ЭМС-ын сайдтай холбогдох шалтгаан болсон бололтой.

Тэрээр гаалийн байгууллагад ажиллаж байхдаа авлига авсан хэргээр шалгуулж байжээ.

Categories
мэдээ нийгэм

УБ-Эрээн-УБ чиглэлд өдөр бүр автобус явдаг боллоо

Улаанбаатар-Эрээн-Улаанбаатар чиглэлд өдөр бүр нийтийн тээврийн автобус явах болсныг Автотээврийн үндэсний төвөөс мэдэгдлээ. Тодруулбал тус чиглэлд өдөр бүр Баянзүрх автовокзалаас 21:00 цагаас том оврын автобусаар үйлчлэх зорчигч тээврийн маршрут нээгдсэн юм.

Зорчих тасалбарын үнэ том хүн 55000 төгрөг, хүүхэд 27500 төгрөг. Зорчих тасалбарыг Баянзүрх, Сонгинохайрхан автовокзал, Нарантуул ОУХТ, Төмөр замын төв буудлын билетийн кассаар болон онлайнаар захиалах боломжтой аж.