Categories
мэдээ цаг-үе

Х.ЗАНДРААБАЙДЫ: Ринчен гуай Халхын Цогт хунтайжийн удмын хүн байжээ

Монгол Улсын төрийн шагналт, бичгийн сод хүмүүн, билгүүн номч Бямбын Ринченгийн мэндэлсний 110 жилийн ой өнөө жил тохиож байна. Уг ойн хүрээнд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнгээс нэрт эрдэмтний бүтээл туурвил хийгээд Монголын хэл шинжлэлд оруулсан гавьяат үйлстэй нь холбогдуулж олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан. Манай сонин Ринчен гуайн тухай соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Хоролын Зандраабайдытай ярилцсанаа хүргэж байна.

-Таны “Бадмаарсан зул” ботийн хоёрдугаарт Ринчен гуайн тухай нийтлэл орсон байна. Эл өдрүүдэд нэрт эрдэмтний 110 жилийн ой болж байна. Тантай Ри багшийн тухай тогтож хуучлах гэсэн юм?

-Би Ринчен гуайг шуудан холбооноос баахан сонин сугандаа хуйлан хавчуулаад Сүхбаатарын талбайгаар урт цагаан үсээ салхинд намируулан хүрэн тэрмэн дээлийнхээ өрөөсөн урт ханцуйг савчуулан алхаж явахыг тэртээ жаран оны хавар анх харж билээ. Харин ойртож яриа хөөрөөгий нь анхааран сонссон нь тэр жилийн намар Зохиолчдын хорооны нэгэн өрөөнд юмсан. Манай хороо Гадаад худалдааны яамны нэгдүгээр давхрын зүүн талын хэдэн өрөөнд байрладаг байлаа. Би “Соёл, утга зохиол” сонины газар жижүүрийн редактор гэдэг том нэртэй, сонин гаргагч хийдэг ухаантай. Самбуугийн Бадраагийн ч билүү, нэгнийх нь өрөөний хаалгыг татвал утаа майн дунд баахан хүн суух нь сууж, зогсох нь зогсоод, нэг хүний яриаг шимтэн сонсож байв. Шамбааралдсан хүмүүсийн дунд үзүүр нь шарласан цагаан сахалтай, шар царайтай, ногоон туяатай сэрэлгэнэсэн шар нүдтэй хүн, нэг гараар сахлаа шувтчин духуйн хараад, цаасан дээр монголоор баахан юм сараачаад сууж байх юм. Урьд нь холоос бараагий нь харах төдий болсон Ринчен гуайг мөн гэж танилаа. Мөнөөх цаасыг нь харвал, халдага гэсэн үг хамгийн түрүүнд харагдсанд хачирхан гайхаж ичих шиг ч болов. Тэр үгийн гарал үүслийг тайлбарлаж байгаа ажээ. Тэр, халд гэдэг үгийн үндэс нь халддаг дайрдгийг илэрхийлж байна. Түүнд хүч нэмэгдүүлэх га дагавар залгачихаар нөгөө сүрхий нэр чинь үүсэж байгаа юм гээд хөхрөв. Энэ үед хижээл насны хүүхэн орж ирээд “Ринчен гуай, таны сонин сэтгүүлд бичсэн зүйлийн шагнал” гээд бөөн мөнгө өгөв. Өвгөн духуйж хараад “Бизъяа гуай мэдээгүй юм байх даа. Мэдсэн бол энэ юу гэж байхав” гээд дундаас нь аравтын улаан дэвсгэрт сугалан авч духандаа хүргэснээ “Сонин авахад энэ хүрнэ. Бусдыг нь Ложоо гуай танд бэлэглэчихье” гэв. Сүүлд Ложоо гуайгаас учрыг лавлахад “Ринчен гуай бичсэн юмныхаа шагналыг авдаггүй юм. Түүнийг нь мэдчихээд Мөнгөний Бизъяа ирж авчих гээд байдаг юм” гэж билээ. Нэг өдөр Бадраа гуай “Ринчен багшийг сурвалжлаад ир” гэж үүрэг өглөө. Тэрээр сонины нарийн бичгийн дарга. Тавин долоон оны Зохиолчдын эвлэлийн хоёрдугаар их хуралд Ринчен гуай “Бадраа сүрхий авьяастай, үг найруулга сайтай, нямбай орчуулагч болно гэдгийг түүний орчуулсан Чеховын өгүүллэгээс уншсан хэн ч хэлэх байх” гэж тэмдэглэсэн байдаг.

-Ринчен багшийг сурвалжилсан сурвалжлага тэгээд юу болов?

-Айж бэмбэгэнэсэн, баахан цэрвэж хулчийсан амьтан очлоо. Тэднийх Улсын их сургуулийн баруун талд байдаг багш нарын байрны нэг давхарт байв. Миний очсон зорилго бол, эх орны дайны ялалтын ойд зориулсан сонинд гаргах сурвалжлага хийх. Дэлхийн хоёрдугаар дайны дараа, сэргээн босголтын ажил эхлэхэд Ленинград хоттой холбоотой газар газрын хүмүүс тус хотынхонд туслах хөдөлгөөн өрнүүлжээ. Энэ үед буюу 1946 онд Ринчен гуай маршал Чойбалсангийн нэрэмжит шагнал аваад байсан аж. Тэрээр шагналд хорин мянган төгрөг авснаа Ленинградын өнчин хүүхэд, өтгөс настангуудад бэлэглэн явуулсан байна. Эр хонь гурван төгрөгийн үнэтэй байсан гэхэд хорин мянга гэдэг манай ханшаар бузгай мөнгө бололтой. 1924 онд эрдэм ном сурахаар Орост очсон арван найман монгол сурагчийн нэг Ринчен гуай. Ленинград хотын Енукизегийн нэрэмжит Дорно дахины амьд хэлний дээд сургуульд суралцсан шүү дээ. Өөрийн нь бичсэнээр дөрвөн настайгаасаа цагаан толгой үзэж, орос хэл бичиг сурсан Ринчен шууд дээд сургуульд орсон байна. Орос Зөвлөлтийн алдарт эрдэмтэн Алексеев, Шерба Олденбург зэрэг хүмүүсээр ном заалгасан ачийг санаж тэдний төрөлх хотынхонд бүтээлч хөдөлмөрийнхөө шимээр тусалсан нь тэр байж. Түүнд баярласан хүүхдүүд тэдний асрагч, халамжлагч нар, хамаатан садан нь Ринчен гуайд үй түмэн захиа илгээж хасаг тэргэнд багтахгүй болсон гэдэг. Зарим захиаг нь Ринчен гуай нэр хаягтай нь цээжээр хэлж байлаа. Би нэлээд хэдэн зүйл тодруулж асуусан юм. Хүний нэр усыг зөв бичиж байгааг өнгийн харж, буруу бичсэнийг хуруугаараа зааж засч өгч байгаад “Хоёрны өдөр гэхгүй, хоёрон гэнэ шүү дээ. Зохиолч хүн байж ингэж хайхрамжгүй” гээд инээмсэглэж билээ. Надад “Зохиолч хүн” гэсэн үг содон сонсдож, айх эмээх зэрэгцсэн ч Ринчен гуайн амнаас тийм үг сонссондоо ихэд бэлгэшээдэг.

-Удам угшлынх нь тухай асууж байв уу?

-Өвгөнөөс “Та ямар овгийн хүн бэ. Буриад чинь арван нэгэн овог гэдэг байх аа” гэж сүрхий мэдэмхийрэн асуутал доогтойёо хөхрөөд “Би та нарын боддог шиг буриад хүн биш шүү. Халхын еншөөв овгийн хүн. Миний өвөг дээдэс ч бас эх оронч тэмцэгч улс байсан юм” гэв. Харин энэ үгийн учрыг би их хожуу ойлгож билээ. Ринчен гуай түүх намтрынхаа төгсгөлд Еншөөв овогт гээд үсгээ зурсныг хараад, тэр нь буриадын нэг овог юм байх гэж мунхарч байж. Тэгэхнээ нь тэр Еншөөв гэдэг нь манай Булган, Төв аймгийн залгаа нутгаар нутагладаг эртний зартай овгийнхон юм байна. Тэр овгийн цоохор Цогт гэдэг тайж, улааны шашинд орж шарынхантай харгалдаж, сүүлдээ нутагтаа байх суухын аргагүй хавчигджээ. Улааны шашныхан гэдэг шарын шашны дундаас үүссэн арай дэвшилттэй урсгалынхан. Тэд ертөнцийг бодитойгоор тайлбарлаж, амьдралд идэвхтэй хандсан учраас мухар сүсэгтэй шарынхантай зөрчилдсөн хэрэг. Ухаандаа, шарын шашны лам хүн эхнэр авч болохгүй бол улааны тарнийн шашны лам эхнэр авч найр наадам, зугаа цэнгэл хийж болно. Тэдний зөрчил Цогт тайжийн орон нутгаасаа зайлах болсон шалтгаан юм билээ. Тэр үед Монголын их хаадын сүүлчийн хаан Лигдэн хутагт Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцээд харийн ов зальтны мэхэнд орж урвасан ноёдоос болж хүчин мөхөсдөж байна. Түүгээр далимдуулж, Цогт тайж тэдэнд туслахаар отог омгийнхноо гэр малтай нь аваад Түвдийн Хөх нуурын зүг нүүжээ. Энэ бол 1630-аад оны үе. Түүний зорилго нь тэнд очиж, нутгийн монголчуудтай нийлж хүчээ хамтатган манжийн эсрэг тэмцэж Лигдэн хаанд туслах байж. Гэвч Лигдэн төдөлгүй далдын явуулгаар хордон бие барж, Цогтын зорилго биелээгүй ч зориг нь мохсонгүй, Түвдийг эзэлж аваад тэмцлээ үргэлжлүүлэхийг хүссэн ч нутгийн феодалууд түвдүүдтэй үгсэн хуйвалдсан учраас ялагджээ. Цогт тайж бол Батмөнх даян хааны отгон хөвгүүн Гэрсэнз жалайр хунтайжийн ач Баарай хошуучийн отгон хүү бөгөөд тэр үедээ эрдэм боловсролтой, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Манжийн эсрэг улс орноо нэгтгэхийн төлөө тэмцэгчдийн нэг дайчин баатар байсныг бид түүхээс мэднэ. Манжийн талыг барьсан нутгийн ноёд Цогтынхныг элдвээр хяхан хавчиж байжээ. Цогтын хөвгүүн Хонтгорын хүү Охин тайжийг “Цогтоос дор чөтгөр гарч ирээд нутгийн улсыг үймүүлж байна” гэж ад үзсэн учраас тэр хэсэг айлыг дагуулан Буриадын нутагт очжээ. Тэгтэл тэд бас ад үзсэн бололтой. Тэгээд Халхын хилийн орчмын сул газраар нутаглаж буриадуудтай холилдон байсаар сүүлдээ халх буриад нь ялгагдахаа болихгүй юу. Ринчен гуайн дээд өвөг нь мөнөөх Охин тайжийн угсааны, еншөөв овгийнхон байж. Сэлэнгийн Бул Сарай гэдэг газар 1905 онд буриад Бямбаевынд төрсөн боловч өөрийгөө би буриад биш еншөөв гэдгийн учир энэ.

-“Цогт тайж” хэмээх кино бичиж, Чойбалсангийн шагнал буюу төрийн шагнал хүртсэн нь цаанаа утга агуулгатай байж шүү?

-Яалт ч үгүй тэгж бодогдохоор байгаа. Монголын олон баатарлаг өвгөөс зөвхөн Цогт тайжийг сонгон авч киноны зохиол бичсэн нь еншөөвтэй холбоотойгоос гадна маргаан гарахгүйг бодсон байж магадгүй. “Цогт тайж” үр өгөөжтэй, нөлөөтэй бүтээл болсон нь тодорхой. Тэр кинонд авьяастай залуусыг олж тоглуулсан нь шинэ нээлт болсон бөгөөд хожмоо тэд манай урлагийн шилдэг зүтгэлтнүүд болсон юм. “Цогт тайж” үзэх тоолонд шинэ кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг нь үнэнхүү цагийг эзэлсэн бүтээл болсны гэрч. Ганц “Цогт тайж” ч биш, Ринчен гуайн хориод оноос хойш бичсэн олон зохиол нь Монголын шинэ утга зохиолд том байр эзэлдгийг бүгдээр мэднэ. Миний бие хүүхэд байхдаа

“Цоохор шар саран чавганц

Цоорхой үүлэн дээлээ хэдрээд

Туяан цагаан таягаа тулж

Тугал олон одон сүргээ туув

Үүлэн ноорхой дээлийг нь ноолон

Үеэл хөвгүүн салхи үлээн наадав” гэж уншихад сэтгэл сэргэдэг сэн. Анхных нь шүлэг юм гэнэлээ. Сэмжин үүлний цаана нэг ил гарч нэг далд ордог саран, үүр цайхад нээрээ л мал бэлчээртээ гарах мэт алга болдгийг урнаар дүрсэлсэн нь нүднээ харагдаад байдаг. Ринчен гуайн энэ мэт олон зохиол миний нүдийг нээсэн. Анх “Үүрийн туяа” романы эхний дэвтрийг уншихад, сонгодог бичгийн найруулга мэт нь төвөгтэй байсан ч хойш тавилгүй уншуулж дуусгадаг шид нь намайг олон жил хөтөлсөн. “Үүрийн туяа” гурамсан романыг нь шүүмжлэгч Г.Жамсранжав гуай “Энэ роман бол үндэсний үзэл нэвт шингэсэн зохиол” гэж дүгнэснийг үзээд зориг мохолгүй харин чиг ямар үндэсний үзэл шингэснийг нь ойлгохгүй мөртөө мэдэх гээд шимтэн уншиж байснаа мартдаггүй. Эл романыг дөрөв дэх удаагаа хэвлэв гэснийг харахад бах төрдөг юм. С.Бадраад нэгэнтээ “Үүрийн туяа”-гийн өмнө есөн роман бичиж залгана гэж хэлснээ хэрэгжүүлж завдаагүй байх. “Заан залуудай”-гаас эхлээд “Их нүүдэл”, “Напраас”, “Сандо амбан” гэх мэтээр нааш нь яваад “Үүрийн туяа”-тай залгана гэж ярьж байсан. Жаран хоёр оны Зохиолчдын эвлэлийн хурлын үеэр Ш.Гаадамба багш “Ринчен “Заан залуудай” романаа Сы Мацяний “Хүннү” романаас бараг хуулсан байна. Томчуул нь ингээд байхаар ямар хэрэг байх вэ” гэж шүүмжиллээ. Хурлын завсарлагаар Ринчен гуай Га багштай уулзаад “Чи бас түүнийг олоод уншчихаа юу. Балар эртний сэдвээр бичихэд үлгэр авчихаар юм түүнээс өөр ном олдоогүй шүү” гээд мушийж байхыг миний бие харсан. Ринчен гуай нэг өдөр хороон дээр ирээд “Би “Их нүүдэл”-ийнхээ нэг дэвтрийг бичээд хэвлэлд өгчихлөө. Одоо сүүлээс нь урагш явъя гээд “Сандо амбан”-ыг эхэлчихлээ” гэв. Тэрээр хурдан бичдэг, уйгагүй сууж их юм бүтээдэг хүн байлаа. Уран зохиолын хажуугаар, судалгаа, орчуулга хийнэ. Гэртээ гурван бичгийн машин зэрэгцүүлж тавиад сууна. Хэл шинжлэлийн зүйл машиндаж байснаа босоод уран зохиолоо үргэлжлүүлэн тачигнуулж гарна. Тэр бичих машиндахдаа маш хурдан, гар нь ухаанаа гүйцэхгүй байгаа юм шиг санагддаг сан.

Ингэж хурдан ажиллаж байхад гараас нь бүтээл гаралгүй яахав. Нэг л мэдэхэд “Сандо амбан” романы эхний дэвтэр хэвлэлээс гараад ирлээ. Ёстой нэг, чадал зааж бичсэн зохиол доо. Түүнд Сандог Халх руу явуулах гэж Манжийн хааны ордонд сургаж байгаа хийгээд Манж нарын үүх түүх болон төрийн бодлогыг нь яруу сайхан өгүүлдэг бөгөөд Хүрээнд суух амбан Богд хан уулын зүүн сугаар орж ирж байгаагаар дуусдаг юм. Дараахь дэвтэрт нь Сандо амбан хүрээнд ирж ажиллаад, Манжийн эсрэг бослогын дараа хөөгдөн мөнөөх уулын зүүн сугаар далдарч байгааг гаргана гэж ярьдаг сан. Түүний яруу найраг нь гойд сонин дүрслэлтэй байдаг нь, эрх мэдэлтэй, бусдаас өө согог хайдаг зарим хүний санаанд таардаггүй байсан нь нийтэд илэрхий шүү дээ. Тэрбээр шүлгүүдээ эмхэтгэн “Бэр цэцэг” нэрээр 1958 онд хэвлүүлээд алуулах шахав.

“Уудам сайхан манай нутгийн

Уул талаар өнгийн цэцэг олон

Онц л түүний дундаас бэр цэцэг

Олны сэтгэлд хайртай сайхан” гэх мөрүүд ч үндсэрхэх үзлийн илрэл хэмээн дүгнүүлж байлаа. Тэр үеийн Төв хорооныхонд ямар гэгчийн ад зэтгэр шүглэхээрээ, ийм яруу найрагчийг дайрч давшилсан юм, бүү мэд ээ. “Бэр цэцэг” номонд “Гашууны гудамж”, “Үдэш Невскийд” зэрэг эх орны дайны үеийн Москвагийн тухай, бас Унгарт аялж явахдаа бичсэн хэдэн хурц шүлэг орсон бөгөөд бүх шүлгээ монгол, орос хэлээр бичсэн.

“Эмэгтэйчүүдийн үс нь яасан ч шар юм бэ

Хүний зүрх сугалж сорсон юм шиг

Уруулаа гал улаанаар будсан шиг нь

Хээр тал нутагт минь тийм байдаггүйеэ” (“Үдэш Невскийд”),

“Хортобаажийн хөдөө талд нь, ховор эрдэнэ олсон мэт баярланхан

Ар монгол нутагтай эгээ адилхан агь ханхалсан аргал олж өвөртлөөд

Үдэш Дунай их буудалдаа, үнсний саванд утаа тавин асаадаг боллоо

Багын дадсан үнэр ханхлаад Монгол нутгийн үнэр ханхлах мэт сайхан санагдсан…” (“Хортобаажийн аргал”) гэж бичсэн нь эрх баригчдын хилэнг хөдөлгөж хамгийн түрүүнд “Бэр цэцэг” шүлгийн түүврийг ноцов. Мөн “Монгол хэл” хэмээх чухамдаа өөрийг нь таних тэмдэг болсон цуутай шүлэг байдаг.

“Чихнүү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвгөдийн маань өв их эрдэнэ…” гэсэн мөрийг “Чин зоригт өвгөд гэдэг хэн бэ, бодвоос Чингис хаан биз. Түүнийг далдуур магтсан нь тодорхой байна” гэж сэжиглэдэг байлаа.

-Ринчен гуайн хэлмэгдлийг хүмүүс бараг л мэднэ. Тэр үеийн сэхээтнүүд бүгд хэлмэгдэж, хоригдож цагдуулж ирсэн гашуун түүхтэй. Харин зохиолчид хоорондоо таарамжгүй байсан гэдэг. Тухайлбал Ринчен гуай Дашзэвэгийн Сэнгээ хоёр их үздэг байжээ. Тэр тухай ярихгүй юу?

-Ринченг шүүмжлэгдэж байхад түүний үзэг нэгтнүүд тэгтлээ хамгаалж байгаагүй шиг санагддаг юм. Д.Сэнгээгийн бичсэн дайрал шүлэг бол тэр талаарх том жишээ л дээ. Сэнгээ залуудаа Дотоод яамны төлөөлөгчөөр ажиллаж, хүмүүсийг баривчлан, нугалаа завхрал гаргахад албан үүргийн дагуу оролцож байжээ. Түүнийгээ ч ухаарч 1959 онд болсон МАХН-ын Төв хорооны бүгд хурал болон Ардын их хурлын чуулганд дамнуургаар хүргүүлэн очиж буруугаа хүлээн Монголын сэхээтнүүдээс хамгийн түрүүнд нам ард түмнээсээ уучлалт гуйсан хүн. Тэрбээр, яаманд ажиллаж байхдаа дайсантай тэмцэж, эх орондоо тусалж явна л гэж бодож байсан гэж хэлсэн байдаг. Үнэндээ, Сэнгээ бол тэр үед ташаандаа буутай, тархиндаа тангарагтай цэргийн хүн байсан болохоор хэлсэн, хийснээ төрийн төлөө хийж байна гэж бодож байсан гэдэг нь үнэн байх. Залуу насандаа алдаа гаргаж нүгэл хийж явснаа ойлгох чадвартан байна гэдэг ухаантай хүний шинж. Тэр нийгмийн идэвх сайтай, зохион байгуулах чадвартай, төгөлдөр авьяастай том зохиолч байлаа. Олонхи залуу уран бүтээлчийн адилаар Сэнгээ зохиол бүтээлдээ алддаг байсан нь мэдээж. Тавин дөрвөн онд “Далан настанд ч даруулга хэрэгтэй” дайрал шүлэг бичиж Ринчен гуайн дайснуудад өгөөш хаясан удаатай. Олон жилийн дараа Ринчен гуай “Сэнгээ тэр шүлгийг Төв хорооны үзэл суртал эрхэлсэн дарга Н.Лхамсүрэнгийн даалгавраар бичсэн үнэнээ хүлээсэн” гэж зохиолчдын дунд хэлж байхыг сонссоон. Тэр ярианы дараа Д.Намдаг багш “Ринчен Бямбаев хэцүү хүн. Сэнгээд айхтар өвчин тусаж бие нь муудаад байх үед байн байн очиж, биеийг нь асууж, сахлаа илбэн суудаг байсан. Энэ надад их аймшигтай санагддаг. Тэр олон эргэлтийг чинь хайр халамж гэх үү, хариугаа авалт гэх үү, хэлэхэд хэцүү л юм даа” гээд толгой сэгсэрч байж билээ. Нэг зүйлийг сонин болгож хэлэхэд Ринчен гуай ардын хувьсгалын хэрэгт арван тав, зургаатайгаасаа биеэр оролцсон хүн юм. 1920 онд Ардын намын анхны долоон хүн Орост одож, Дээд Шивээ, Эрхүү хотод нууцаар ажиллаж байхдаа Бямбаевынхантай танилцаж тэдний тус дэмжлэгийг их авч байжээ. Энэ талаар партизан цэргүүд болон Ринчен гуай өөрөө ч дурсан ярьж, бичсэн. МАН-ын анхдугаар их хурал 1921 оны гуравдугаар сарын 1-нд Оросын Дээд Шивээ хэмээх хилийн жижиг хотод хуралдахдаа Бямбаевын байшинг сонгож авчээ. Хожим тэр байшинд Монголын хувьсгалын музей нээсэн юм. Ринчен гуай “Манайд Сүхбаатар нар 1920 оны намраас үе үе ирдэг байснаа цагаан сарын дараахан олуулаа цуглаж хэдэн өдөр хуралдсан юмдаг. Би тэдэнд өглөө оройд данхтай цай оруулж өгдөг, захиа бичиг зөөдөг байлаа” хэмээн ярьдаг сан.

-Монголын хэл шинжлэл, соёлын нэг том уул байсан нь мэдээж. Тэр тухай баримт сэлттэй нэгд нэгэнгүй ярина гэвэл барагдах юм биш байх?

-Түүний “Нууцыг задруулсан захиа”, “Шүхэрч Буниа”, “Ану хатан”, “Мангаа До-гийн эцсийн зүүд” зэрэг тавиад оны сүүлчээр бичсэн өгүүллэгүүд уншигчийн сонирхлыг маш их татсан. Ринчен гуай энэ үед шаргуу бичиж, бичсэнээ зохиолчдын сонин сэтгүүлд авчирч гаргуулдаг байлаа. Өвгөн эрдэмтэн, шинэ үсгийн дүрмийг дандаа шүүмжилж, тодорхой санал дэвшүүлнэ. Зарим хүн нүүрэн дээр нь зүйтэй, зүйтэй гээд нүднээс нь далд “Ринчен дэмий юм ярих юм, хэрэгжүүлэх боломжгүй юм донгосч байна” гэнэ. Сонин, сэтгүүл, радиогийн хэл найруулгыг айхтар шүүмжилж “МОНЦАМЭ-гийн мохоо модон хэл, монгол хэлийг модны өт шиг идэж байна” гээд шүүмжилнэ дээ. Харин түүнийг бие барсны дараа сонин радиогийнхны чих амарч өөлж хэлэх хүнгүй болсонд баярласан байх шүү. Сурагч байхдаа М.Горькийн “Салхич шувууны дуун” хэмээх гайхамшигт зохиолыг орос монголоор уншихад сэтгэл хөөрөн онгод орох шиг болдог сон.

Categories
гадаад мэдээ

Бээжингийн утааг соруулж шүүгээд тоосго хийсэн байна

Бээжингийн агаарын бохирдлын хэмжээ арванхоёрдугаар сарын 1-нд хэвийн хэмжээнээс 40 дахин ихэссэн байна. Үүнээс үүдэн 2100 гаруй үйлдвэрийг хааж, автомашины дугаарын хязгаарлалт хэрэгжиж, зарим онгоцны нислэгийг цуцлахад хүрсэн тухай мэдээлсэн. Агаарын бохирдлоос үүдэлтэй зүрх, уушги, тархины цус харвах зэрэг өвчнөөр Хятадад өдөрт 4000 орчим хүн хорвоог орхидог гэх судалгааг байдаг аж.

Хятадын засгийн газар өнгөрсөн онд агаарын бохирдолтой “дайн” зарлаж байв. Бээжин хүлэмжийн хийг бууруулах зорилгод хүрэхэд 6.6 их наяд ам.доллар зарцуулна хэмээн НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээрт оролцогч албаны хүн мэдэгдэж байв.

Улмаар Хятад өнгөрсөн онд нийт 27 сая тонн төмөр боловсруулах хүчин чадал бүхий хуучирсан төмрийн үйлдвэрүүдийг хаажээ. Мөн 42 сая тонны хүчин чадал бүхий хуучирсан цементийн үйлдвэрүүдийг хаасан юм. .

Хятадын засгийн газраас нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд ирэх 10 жилд түүхий нүүрсний хэрэглээгээ хумих бодлого баримталж буй. Одоохондоо нүүрс Хятадын эрчим хүчний эх үүсвэрийн гуравны хоёрыг бүрдүүлсэн хэвээр. Харин 2020 он гэхэд тус улсын эрчим хүчний хэрэглээний 62 хувийг боловсруулсан нүүрс бүрдүүлэх гэнэ.

Тэгвэл Хятадын иргэн Ван Рензенг 2013 оноос хойш “нэг залуу-утааны эсрэг” кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн байна. Тэрбээр утаагаар тоосго бүтээж болно хэмээн өнгөрсөн долдугаар сард нэгэн рестораны эзэнтэй 10 мянган юаниар мөрий тавьсан аж. Үүний дараа Ван Рензенг Шанхайн цахилгаан барааны үйлдвэрээс 1000 ваттын хүчин чадалтай тоос сорогчийг захиалан өвлийн улирал эхлэхийг хүлээжээ. Өвөл болж саарал утаа Бээжинг бүрхэж эхэлмэгц тэрбээр агаар соруулах ажилдаа орсон байна. Бээжингийн хамгийн их бохирдолтой өтгөн саарал утаатай хэсгээр 100 хоногийн турш агаар соруулжээ. Үүгээрээ тэрбээр Бээжинд агаарын бохирдол хэрхэн дээд цэгтээ хүрснийг дэлхий дахинд маш тодоор нотлон харуулав.

Categories
мэдээ эдийн-засаг

МИК үнэт цаас гаргана

Монгол ипотекийн корпорацийн охин компани болох “МИК АКТИВ 7”-гийн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчээ. Иймд тус компани ирэх долоо хоногт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар болсон байна. МИК-ийн гаргаж буй долоо дахь удаагийн бондын нийт үнэлгээ нь 300 тэрбум гаруй төгрөг байх гэнэ. Мөн тус корпорац энэ ондоо багтаагаад “МИК АКТИВ 8” тусгай зориулалтын компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан дараагийн үнэт цаасаа гаргахаар төлөвлөж буй гэнэ. Өнөөгийн байдлаар МИК иргэдийн орон сууцны зээлийг багцлан зургаан удаагийн 1.9 орчим их наяд төгрөгийн бонд гаргаад байна. Энэ удаагийн бондын 90 хувь нь давуу эрхтэй, 10 хувь нь энгийн байх аж. Мөн хүү нь өмнөхтэйгээ адил юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гаалиар хориотой бараа тээвэрлэсэн 3-4 байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Авлигатай тэмцэх газраас Гаалийн ерөнхий газрын дөрвөн албан хаагчийг авлигын хэрэгт холбон шалгаж эхэлсэн гэнэ. Тэдний тоонд ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр, тус газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Ж.Баттогтох, гаалийн улсын байцаагч М.Дөлгөөн, н.Оргилмаа нарыг бусдаас хээл хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1, 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа гэнэ. Дээрх эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс батлан даалтад, гадуур шалгуулж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Оюундэлгэр, Ж.Баттогтох нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Харин Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч Ч.Насанбат нарын 3-4 хүнийг Монгол Улсын хилээр хориотой бараа бүтээгдэхүүн хууль бусаар оруулж ирсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн давхар шалгаж эхэлсэн гэнэ.

Одоогоор ГЕГ-ын нийт найман албан тушаалтныг хуулийнхан шалгаж байна. Зарим мэдээллийн сайтуудаар ГЕГ-ын дарга О.Ганбатыг АТГ-аас шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэрбээр дээрх мэдээллийг үгүйсгэж, албан ёсоор тайлбар өгөхдөө “Ажлаасаа халагдаж, гаалийн байгууллагын нэр хүндийг унагаж буй нэр бүхий хэдэн нөхөд намайг АТГ-т шалгуулна л гэж байсан. Тэд АТГ-д хандсан эсэхийг мэдэхгүй байна. Гэхдээ би АТГ-д шалгуулахад бэлэн байна. Надад хийсэн гэм, нүгэл байхгүй” гэлээ.

Өнгөрсөн хавар Гаалийн ерөнхий газрын дарга солигдож, шинэ даргыг дагаад тус байгууллагын орон тооны бүтэц данхайсан. 110 орчим албан тушаалтан хууль бусаар Гаалийн байгууллагад шингэсэн байсныг О.Ганбат дарга тайлбарлаа. Тэрбээр даргын суудалдаа буцаж ирээд дээрх төрийн албаны шалгалт өгөлгүй гаалийн байцаагчийн нэр зүүсэн 70 албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. О.Ганбат дарга энэхүү үйлдлээ хуулийн дагуу гүйцэтгэсэн гэж хэллээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар гаалийн байцаагчтай холбоотой 75 эрүүгийн хэрэг үүсгэгдэн, мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа гэнэ. Тэгвэл Захиргааны зөрчил 2800 гаруй бүртгэгдсэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ

Сайхан шүдтэй байх нь эрүүл мэнд төдийгүй гоо сайханд тустай. Хоол хүнс, эмийн буруу хэрэглээ, тамхи, кофе, шүдээ тогтмол угаадаггүй зэргээс шалтгаалан өнгө нь өөрчлөгддөг.

Энэ нь шүдний өнгийг өөрчлөхөөс гадна шүдний пааланг гэмтээж, шүд цоорох, буйл болон амны хөндийн элдэв үрэвсэлт өвчний эх үүсвэр болдог. Үүнийг дагаад шүд цайруулах бодисууд олноор үйлдвэрлэх болсон ч энэ нь сөрөг нөлөөтэй байх нь их. Иймээс сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимж, эрүүл сайхан шүдтэй явахад тань тус болох үүднээс гэрийн аргаар шүд цайруулах зарим энгийн аргыг хэлж өгье. Гадил жимсийг бид идэх дуртай ч хальсыг нь хэрэгтэй гэж огт боддоггүй. Тэгвэл гадил жимсний хальс шүд цайруулахад тустай. Идсэн гадил жимснийхээ хальсны дотор талын зөөлөн хэсгээр 2-3 минут шүдээ үрвэл өнгөр нь арилж цайрна.

С витаминаар баялаг гүзээлзгэнэ нэгээс гурван ширхэг, чимх давс, хагас цайны халбага хүнсний содтой хольж нухаад орой унтахын өмнө сойзондоо түрхэж таван минут орчим шүдээ угаавал үр дүн нь тун удахгүй мэдэгдэнэ. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээд байхад болно. Мөн нэг халбага хүнсний содыг бага хэмжээний ус юм уу нимэгний шүүстэй хольж найруулаад ооны оронд хэрэглэнэ. Нимбэгний шүүстэй хольсон бол нэг минут угаахад л хангалттай. Энэ нь шүдний бүрхүүлийг гэмтээхээс сэргийлж байгаа юм. Долоо хоногт нэг удаа энэ аргыг хэрэглэхэд сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Бас нэгэн арга. Өглөө нэг цайны халбага кокосын тосоор 10-15 минут зайлна. Үүнийхээ дараа усаар зайлахаа мартуузай. Тосоор зайлснаар аман дахь нянгийн тоо үлэмж буурдаг байна.

Хэрэв кокосын тос байхгүй бол ургамлын тосоор орлуулж болох юм байна шүү. За ингээд өөрт таалагдсан аргаа туршаад үзээрэй. Энгийн боловч үр дүнтэй. Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. Ил тодын хуулиар тайлан авч дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн талаар “Өдрийн сонин” онцолж “Өдрийн сурвалжлага”-аар бэлтгэн уншигчдад хүргэж байна. Та дэлгэрэнгүйг ХV нүүрнээс уншаарай.

Мөн МАН-ын дарга М.Энхболдын “Нам бол хэн нэгэн улстөрчийн фэн клуб биш” ярилцлагыг тэргүүн нүүртээ онцолж байна. Улс төрийн нөхцөл байдлын талаарх энэхүү томоохон ярилцлагын дэлгэрэнгүйг IV, XI нүүрээс унших боломжтой.

Түүнчлэн Улс төрийн нүүрнээ УИХ-ын чуулган, “Цэцийн цэцэн шийдвэр” зэрэг цаг үеийн мэдээ, мэдээллэл нийтлэгдсэн юм. “Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны нэгэн чиг зүг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл гарлаа. Харин “Баримт, үйл явдал” нүүрт өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн “Л.Гансүх эрүүл мэндээрээ хохирч байгааг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар мэдэж, хариуцлага хүлээх ёстой” ярилцлага хэвлэгдлээ.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх нүүрсний гэх хэрэгт холбогдож, улсад 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шийтгэгдсэн. Гэтэл түүний эрүүл мэндийн асуудал хүндэрч, бие нь муудсан гэх мэдээлэл гарсан юм. Тиймээс түүний өмгөөлөгчийн ярилцлагыг бид хүргэж байна. Йелийн их сургуулийн хуульчид “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн талаарх мэдээллийг өнөөдрийн дугаарт гарснаас гадна Тангадын Мандирын “Крилл бичиг бол монголчуудын оюун санааны дархлаа юм” ярилцлага, “Соёл, урлаг” нүүрт “Киви” хамтлагийн ахлагч Укагийн “Ханьдаа хэлэх гэсэн үг болгоноо Зүрхэн тэмдэг дуундаа шигтгэж өгсөн” ярилцлаа зэргийг манай сониноос уншаарай.

“Дэлхийн спорт” буланд “Кличкогийн хаанчлалд төгсгөл ирсэн гэж үү” нийтлэл болоод Биатлоны шинэ улирал Бьорндалены ялалтаар эхэллээ, Голден Стэйт Уорриоз-ын ялалтын цуврал үргэлжилсээр зэрэг мэдээллийг нийтэллээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Яагаад “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн агентлагийг шүүхэд өгсөн талаар уншаарай

“Өдрийн
сонин”-ы маргаашийн дугаараас “Харвони” эмийн асуудлаар АНУ-ын Хүнс, эмийн
агентлагийг Йелийн их сургуулийн хуульчид шүүхэд өгсөн талаарх мэдээллийг уншаарай.
Эмч нар, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд судлаачид “Харвони” эмэнд
“Америкийн Хүнс, эмийн агентлаг эмийн компанийн дарамт, лоббинд орж зөвшөөрөл
маш хурдан өгсөн” гэж сэжиглэж байгаа аж. Энэхүү эмийн үнэ бодитой эсэх,
клиникийн туршилтын үр дүн тодорхой бус байгаа талаар асуудал яригдаж байгаа
гэнэ. Эмийн үнийг яаж тогтоосон, туршилтын үр дүнгийн тухай эмч, өвчтөн аль аль
нь мэдэх эрхтэй гэхчилэн “Харвони” эмийн талаарх төдийлэн ил болоогүй
мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

Categories
мэдээ нийгэм

П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл хэвлэгдсэн байна

“Өдрийн
сонин”-ы маргаашийн дугаараас нийтлэлч П.Хашчулууны “Сонгуулийн сурталчилгааны
14 хоногт хүн, хонь хоёроо ялгаж чадах уу” нийтлэл хэвлэгдлээ Сонгуулийн шинэ
хуулинд сонгуулийн сурталчилгааг 14 хоног байх заалт тусгах гэж байна. Ийм
богино хугацаанд сонгогчид нь хүнээ таних эсэх нь эргэлзээтэй. Сонгуулийн
сурталчилгааны өдрүүдэд ард түмэн төр засгаа шинээр эмхлэн цэгцлэх боломж
гардаг. Гэтэл энэ хуулийг санаачлагчид сонгуулийн сурталчилгаа ямар чухал, үнэ
цэнтэй гэдгийг ойлгохгүй байгаагаар барахгүй сурталчилгаа хийхгүй бол ямар үр
дүн гарах талаар бодож үзсэнгүй бололтой. Ийм богинохон хугацаанд төр засаг,
парламентаа байгуулчихдаг улс гэж байдаггүй гэдгийг бодох нь зүйтэй. Сонгуулийн
хуулийн энэ мэт баримттай нийтлэлийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас
уншаарай.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-оос Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн ярилцлагыг уншаарай

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр
ажиллаж байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ 3.6 тэрбум
төгрөгийг завшсан хэмээн шүүхээс 4.6 жилийн ялаар шийтгэсэн. Цагдан хорих төвд
хоригдож байгаа түүний бие муудаж, улмаар хорихын эмнэлгээр эмчлүүлэхээс
татгалзсан гэсэн мэдээлэл гарсан. Өмгөөлөгчийнх нь ярьснаар түүний биеийн
байдал өнгөрсөн долоо хоногт бие муудаж, бөөр нь өвдөж нүүр нь хавагнасан байдалтай
байжээ. Өмнө нь хоригдох үедээ бөөрний дутагдалд орох эрсдэл үүсч байсан байна.
Ц.Цэрэнжээ өмгөөлөгч Л.Гансүхийн эрүүл мэндээрээ хохирч байгааг мөрдөн
байцаагч, прокурор, шүүгч нар мэдэж, хариуцлага хүлээх ёстой гэж үзэж буйгаа
илэрхийлсэн юм. Давж заалдах хурлын тов одоогоор гараагүй байгаа аж. Та энэ
талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншина уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүйг анхааруулж байна

Булган аймгийн Баян-Агт сумын Шарга
багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан 38-99 БУА улсын
дугаартай 5 тонны даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын
мөс цөмөрч усанд суусан байна гэсэн дуудлагаар /2015.11.24/ тус аймгийн
Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран
2015.11.28-ны өдрийн байдлаар машины чиргүүлийг салгаж мөсөн дээр
гаргасан. 2015.11.30-ны өдөр машин гаргах бэлтгэл ажил хийгдэж 4 тайль
/өргөгч/ бэхэлсэн. 2015.12.02-ны өдөр машины хойд тэнхлэгийг мөсөн дээр
гаргаж уг автомашиныг гаргахаар ажиллаж байна. Нуурын гүн 3 метр, мөсний
зузаан 15 см орчим байжээ.

Мөн Увс аймгийн Тариалан сумын Бургастай
багийн “Сэртгэр” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т, аймгийн
төвөөс 40 км-т/ иргэн Б 31-13 УВХ улсын дугаартай “Прадо-95” загварын
автомашинтай цасанд суусан, 8 хүнтэй бага насны 2 хүүхэд байна гэсэн
мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж,
зорчигчдод тусламж, үйлчилгээ үзүүлэн 2015.12.02-ны өдөр аймгийн төвд
хүргэн ирж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

2015 он гарсаар гол, нуурын мөс цөмөрч
автомашин суусан тохиолдол 12 удаа бүртгэгдсэн. Иймд, гол, мөрөн, нуурын
мөсбүрэн хөлдөөгүй байгаа тул Иргэд та бүхэн баталгаат зам, гүүрээр
зорчиж, гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай
зорчихгүй байх, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас
анхааруулж байна.